Saturday, May 21, 2011

“Би рок попын маамаанууддаа хайртай”

Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион, “Харанга”-ын Н.Пүрэвдаш, “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр тэргүүтэй рок попын одод “цугласан” урлан IV хороололд бий. Олны танил хүмүүс тэр дундаа рок попынхны хөрөг зурдаг гэх өвөрмөц тодотгол нь түүний урланд зочлох шийдвэр гаргахад хүргэсэн юм. Хаалгаар нь оров уу үгүй юу зузаан ултай шаахай өмсгөөд, “Миний урлан гэж нэг ийм л бөөгнөрсөн газар даа” хэмээн яриагаа эхлэх зураач Ц.Болдбаатар үг дуу цөөтэй, өтгөн сахал, урт үстэй зураач нараас тэс өөр нэгэн.
Хүүгийнхээ өрөөнд өлгөсөн рок попынхны хөргийг үзүүлэнгээ “Би саяхан “Нисванис” хамтлагийн Амгаагийн зургийг зурж, тоглолтынх нь үеэр бэлэглэсэн юм. Зургаа гардуулахдаа “Би рок попын маамаанууддаа хайртай. Тиймээс ч тэднийгээ зурах дуртай. Гэхдээ яагаад ч юм дандаа эрчүүдийг нь зурсан байдаг юм. Зурсан нэгийнхээ хөөрхөн, сайхныг нь гайхаад л дараа уулзахдаа тэвэрч үнсдэг хүн. Гэхдээ би гей биш шүү” гэчихсэн. Тоглолт үзэж байсан залуус миний хэлэхийг сонсоод инээлдэж байна билээ. Бодвол яасан задгай яриатай ах хүү вэ” гэж бодсон биз” хэмээн асуулт тавих завдал ч өгөлгүй өөрөө яриад эхлэх нь тэр.

-Та аль сургууль төгссөн юм бэ?
-Би мэргэжлийн зураач биш ээ. Бор зүрхээрээ зураач болсон хүн. Уг нь тухайн үеийн Багшийн дээд сургуулийг шугам зургийн багш мэргэжлээр төгссөн юм.
-Тэгээд яаж яваад зураач болчихсон юм бэ?
-Сургуулиа төгсөөд техник мэргэжлийн сургуулиудад шугам зургийн багшаар ажилладаг байлаа. Удалгүй ТМС-үүд татан буугдаж, би “халтуур” хийдэг болсон. Байгууллагуудын дотоод заслыг голчлон хийнэ. Дотоод засал гэдэг хүнд ажил. Зурна, будна, хадна, оёно гээд бүхий ажил хийдэг болохоор тэр. Тийм юм хийгээд ирэхээр залуудаа үзэж байсан зүйлс аяндаа сэргээд ирдэг юм билээ. Тэгээд л зураач болсон доо. Зургаа долоон жил зурж байна. Томоохон үзэсгэлэнгүүд зургийг минь тоож авдаг болсныг бодоход одоо л гайгүй уран бүтээлч болж байгаа юм болов уу. Үзэсгэлэнд зураг багтана гэдэг амаргүй л дээ. “Хавар” гэх мэт томоохон үзэсгэлэн гаргах сургаар зураачид 700-800-аад бүтээлээ илгээдэг. Тэднээс 150 орчмыг нь л шигшиж үлдээдэг болохоор тийм үзэсгэлэнгийн үзвэрт багтана гэдэг олон шалгуур давсан чанартай уран бүтээл болсон байна гэсэн үг. Гэхдээ л би өөрийгөө сайн болсон гэж бодох биш, дотроо “Арай болоогүй байна аа, чи” гэж чамладаг юм.
-Хөрөг зурна гэдэг хэцүү байх, тийм үү?
-Хүн харахад танигдахаар дүрийг нь гаргаад л орхивол амархан л даа. Гэхдээ хөрөг зураг гэдэг тухайн хүний дотоод ертөнц, араншинг нь гаргадаг болохоор хамгийн хүнд төрөл гэж би боддог. Бусад зураач хэрхэн зурдгийг мэдэхгүй ч миний хувьд гэхэд л нэг хөрөг зурахын тулд тухайн хүнийхээ дотоод ертөнц рүү орчихдог.
-Тэгэхээр хөрөг зураач хүн сайн сэтгэхүйч байх шаардлагатай байх нь ээ?
-Олон жил багшилсан маань тухайн хүний дотоод ертөнцийг харцнаас нь олж харахад тус болдог шиг байгаа юм. Би ер нь хүмүүсийн харцыг хараад л ямархуу хүн бэ гэдгийг нь тодорхойлчихдог.
-Нэг зургийг их удаан зурдаг уу?
-Ямар ч төрлийн зургийг зурж дуусдаггүй шиг байгаа юм. Бусдад танигдахаар төрхийг нь гаргаад орхиход хоёр цаг л шаардлагатай. Харин дотоод ертөнцийг нь илэрхийлэхийн тулд их удаан бодно. Би ихэвчлэн үүрээр зурдаг. Эхнэр хүү хоёрыгоо орой ирэхэд нь хоол нэхэж идчихээд, хаалгаа хаагаад л унтчихна. Тэгээд л үүрээр сэрээд өрөөн дотуураа холхин, тамхи баагиулаад гэрийнхнийгээ унтуулахгүй зовоочихдог юм.
-Холхидог нь ямар учиртай юм бэ?
-Бодно. Би ер нь зүгээр сууж чаддаггүй хүн. Өдөржин энэ өрөөн дотроо холхичихдог болохоор шаахайн ул тэсдэггүй юм. Гэхдээ өдөржин гадуур явбал орой хөл хөшөөд, тамирдчихдаг. Тиймээс өглөөд гарч гүйснийхээ дараа эхнэрийгээ ажилд нь хүргэж өгчихөөд л гэртээ бүгчихдэг. Угтаа бол өрөөндөө холхихдоо гадуур явсанаас хэдэн арав дахин хол алхаж байгаа.
-Тэгээд яагаад гэртээ холхихоороо ядардаггүй юм бол?
-Нэг л сайхан өнгө тавьчихад сэтгэл сэргээд, хамаг ядаргаа гарчихдаг юм. Зураачдыг “Дуртай ажлаа хийж байгаа азтай хүмүүс” гэж ярьдаг шүү дээ. Ямар ч стрессгүй ажилладаг. Ер нь зураачдыг ажиглаад байхад дандаа цагаан цайлган, гэгээлэг ертөнцтэй хүмүүс байдаг. Хэрэв атаач, муу санаа агуулдаг хүн байвал хэзээ ч сайн зураач болохгүй байх.
-Яагаад заавал рок попынхны зурдаг болсон юм бэ?
-Би нэлээн хэдэн жилийн өмнө гурван том зураг зурсан юм. Нэг нь улстөрчдийн, нөгөө нь урлагийнхны, гурав дахь нь рок попынхны хөрөг. Урлагийнхны хөргийг Ерөнхийлөгч худалдаад авчихсан. Харин рок попынхны хөргийг Долгионд үзүүлэхээр утас цохилоо. Долгион ч уриалгахан хүлээж авч байна. Зургийг минь үзээд их үнэлж, түүнээс хойш бид хоёр их дотно нөхөрлөх болсон. Тэгээд л энэ рок попын маамаануудыг хөргийг зурдаг болсон. Гэхдээ би тэднээс үнэ өртөг нэхдэггүй, зүгээр л бэлэглэчихдэг юм. Ганхүү харин “Хүний бүтээлийг юу гэж зүгээр авах вэ” гээд худалдаж авч байлаа. Түүнээс бусдыг эздэд нь дурсгачихсан. Уг нь жааз нь гэхэд л 50 гаруй мянган төгрөгийн өртөгтэй гээд нэг зураг зурахад миний хөдөлмөрөөс гадна багдаа 150 мянган төгрөг зарцуулчихдаг. Гэхдээ л тэднээс үнэ хөлс нэхэхийг хүсдэггүй. Дуртай ажил маань болохоор тэр. Манай эхнэр гэр орноо тохижуулмаар байна гээд үглэдэг л юм. Тэр бүрт нь би манай ханаар дүүрэн капитал байна гэчихдэг. Энэ өрөөнөөс гаргаад хаях зүйл нэг ч байхгүй юм чинь.

“Дүрслэх урлагт хөл тавихдаа л рок попынхныг зурж эхэлсэн. Үхэхдээ ч зураад л үхнэ гэж боддог” хэмээн ярилцлагынхаа төгсгөлд тэр онцолсон.

Monday, May 16, 2011

Түймэр мэт дэгдэх түйрэн хаанахынх вэ


“Анхаараарай, анхаараарай. Малчид, ард иргэдийн анхааралд. Ойрын хоногуудад зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай” гэсэн сэрэмжлүүлэг үе үехэн мэдээллийн хөтөлбөрийн дундуур явдагийг бид сайн мэднэ. Яг л үүнтэй ижил сэрэмжлүүлэг мэдээ барууны цахим хуудсуудад гарах болоод багагүй хугацааг үджээ. Өчигдөр гэхэд л “Хятадын өмнөд хэсгээр хур тунадас орж, хойт хэсгээр түйрэн шуурна” гэсэн мэдээлэл www.english.cri.cn цахим хуудаснаа гарсан байх юм. Морин хуур, хөөмий, наадамтай барьцан Монголоор овоглох болсон түйрэн гэх байгалийн үзэгдлийн тухай монголчууд бид өөрсдөө ч мэдээгүй байхад хятад, япон, солонгос төдийгүй барууныхан ч андахаа больж. “Sandstorm” буюу “Duststorm” хэмээн нэрийдсэн эл үзэгдэл үнэндээ Монголынх мөн үү.
Эртний танил шар шороон шуурга
Урин дулааны цагтай уралдан дэгддэг түйрэн үнэндээ хүн төрөлхтний шинэхэн танил биш. Түйрэнгийн тухай анхны тэмдэглэл бүр ХТӨ 524 (Христийн тооллын өмнөх) онд бичигдсэн байх юм. Түүхчдийн таамаглаж буйгаар Египетийн Сива хэмээх газар Персийн хунтайж хоёрдугаар Камбисесийн арми түйрэнд өртөж багагүй хохирол амссан байна. Түүнээс хойш 1930 онд Америк, Канадад, 1934 онд Канадад гарсан гэх түүхэн хуанли ч бий. Тэднээс хамгийн алдартай нь 1935 оны “Хар баасан гариг” нэрт түйрэн. Дөрөвдүгээр сарын 14-нд Калифорни мужид дэгдсэн түйрэн 26.8 м/сек хурдалж, 300 мянган тонн газрын хөрсийг тэнгэрийн хаяанд босгосон түүхтэй.

Суурин соёл иргэншлийн үр дагавар
Түйрэнг суурин соёл иргэншлээс үүдэлтэй хэмээн үзэх эрдэмтэд ч цөөнгүй гардаг. Ингэж үзэхээс ч аргагүй шалтаг тэдэнд бий. Сул хэмээн эндүүрдэг говийн хөрс ч өнгөн хэсэгтээ түйрэн дэгдээчихээргүй хатуу байдаг. Энэ нь газар тариалан, хүн машүины хөлд талхлагдах гэх мэт гаднын нөлөөллөөр суларсны улмаас хүчтэй салхи дэгдэх үед жижиг ширхэг бүхий шар шороо агаарт дэгдэж, түйрэн үүсгэдгээс тэр. Агаарт дэгдсэн шар шороо амархан буудаггүй тул түйрэн нэг нутгаас нөгөө рүү дүрвэсээр хэдэн зуун мянган км нүүдэллэх нь ч түгээмэл. Энэ л учир шалтгааны улмаас өнөөх “Монголоор” овоглосон түйрэн америкчуудыг бухимдуулж, хэвлэлийн баатар болчихдог аж.

Түйрэн Монголынх биш
Хэдийгээр түйрэнгийн тухай европ, азиудын хийсэн судалгаа багагүй байдаг ч бурууг бусдад тохох гэсэн санаа түймэр мэт түргэн дэгдэх түйрэнг Монголоор овоглох шалтгаан болдог талтай.
Үнэндээ цаг уурын эл үзэгдэл Сахарын цөл, Азийн говь, цөлөөс эхтэй хэмээн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг. Тэр ч байтугай Иран, Пакистан, Энэтхэг, Хятадын шуурга Номхон далайд түйрэн дэгдээдэг гэсэн тодотгол ч тайлбар тольд тэмдэглээстэй бий.
“Тэгвэл яагаад дэлхий нөгөө бөөрөнд дэгдэж буй шар шороон шуургыг Монголоор овоглоод байгаа юм бэ” гэсэн асуулт эрхгүй төрж байгаа биз. Өдрөөс өдөрт нүүж буй өмнө зүгийн цөлжилт сүүлийн жилүүдэд гарч буй түйрэнгийн гол шалтгаан болоод буй. Хятадын баруун нутаг, Монголын баруун өмнөд нутгаас боссон шар шороо, Япон, Солонгос, цаашилбал Америк хүрч байгаа нь энэ ярианы эх үүсгэвэр болоод байгаа юм.
Бидний дунд сургуульд үзэж байсанчлан агаарын даралтын өөрчлөлтөөс бий болсон хүчтэй салхи, шуурга суларсан газрын хөрсийг 1.6 км өндөрт хөөргөж чаддаг шидтэй. Бас түүнээс хэдэн зуун мянга дахин хол газар зөөнө. Тиймээс түйрэнгийн гол буруутныг тогтоох амаргүй. Гэхдээ л “Муу л бол хойт овоохой” гэдэгчлэн түмэнд түвэг удсан түйрэнг Монгол руу түлхэхийг зөвшөөрлийг эрдэмтэд олгоогүй л байна. Тэр ч байтугай БНСУ, Монгол эрдэмтдийн хамтарсан судалгааны багийнхан Хятад, Монголынх гэж ялгах биш, Азийн гэх нь зүйтэй гэдэгт санал нэгдээд буй.

Америкийн алдарт байшингийн эзэд



“The Oprah Show” нэвтрүүлгийн 25 жилийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай дугаарын зочдоор Барак болон Мишель Обама оролцжээ. Тэд анхны бөгөөд сүүлийн удаа зэрэгцэн суун ярилцлага өгч буйгаараа түүхэн үйл явдал болсон хэмээн тус нэвтрүүлгийнхэн онцолж буй. Цагаан ордны эзэд энэ удаа улс төрийн амьдралаас түр завсарлага авч, Чикаго дахь гэртээ ярилцлага өгөхөөр шийджээ. “Бид Чикагод байхдаа тун сэтгэл хангалуун байдаг” хэмээн Ерөнхийлөгч Обама яриагаа эхэлж “Гэртээ харих шалтаг гарах бүрт бид баярладаг. Чикаго бол дэлхийн хамгийн сайхан хот” хэмээн үргэлжлүүлэв. Тэр ч байтугай тэргүүн хатагтай, охидын хамт Америкийн хамгийн алдартай байшинд амьдардаг атал Чикаго дахь байшингаа өөрийн гэр хэмээн нэрлэсэн хэвээр гэнэ. Ердөө л ганцхан цагийн өмнө Цагаан ордонд төрсний гэрчилгээгээ танилцуулж суусан Ерөнхийлөгчийг Америкт төрөөгүй гэх цуу яриа газар авч багагүй шуугиан дэгдээгээд буй. Тиймээс ч Опра энэ тухай асуултаар ярилцлагаа эхлүүллээ.

-Та яагаад одоо л төрсний гэрчилгээгээ гаргаж ирж байгаа юм бэ?
Барак Обама: Энэ цуу яриа хоёр долоо хоногийн өмнөөс л дэгдэж эхэлсэн. Энэ яриа намжихыг хүлээсэн боловч, эсрэгээр улам даамжирч, хариуцлагатай байгууллагууд намайг Хавайд төрсөн гэж мэлзсэн учир аргагүйн эрхэнд төрсний гэрчилгээгээ нийтэд танилцууллаа. Одооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илүү ач холбогдолтой зүйлд анхаарал хандуулах байх гэж найдаж байна. Бид тун хариуцлагатай үед аж төрж байна. Шинэ зууныг тодорхойлох гол гүрэн болох боломж Америкчуудад одоо л ирж байна гэж бодогддог. Тиймээс бид хэн хаана хэрхэн төрснийг шалгах биш, газын үнэ нэмэгдсэн, ажлын байрны тоо буурсан гэх асуудалд анхаарал хандуулах ёстой болов уу. Байсхийгээд л ийм утгагүй цуу яриа гарч, олныг үймүүлэх болсон нь шоу бизнесийн ертөнц болон улс төрийн амьдралын зааг арилж буйтай холбоотой.
-Та долоо хоногийн өмнө “Facebook”-ээр дамжуулан ирсэн иргэдийн асуултуудад хариу өгөхдөө “Миний амьдралын хамгийн үймээнтэй үе ирээд байна” гэж тодорхойлсон байсан. Яагаад тэгж хэлсэн бэ?
Барак Обама: Учир нь дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Техник технологи хөгжихийн хэрээр даяаршиж, дэлхий нөгөө өнцөгт юуг болж буйг бид тэр даруй олоод мэдчих боломжтой болсон.
-Тэр ч сайхан хэрэг шүү.
Барак Обама: Тийм ээ, сайхан хэрэг. Гэхдээ тэр хэрээр бидний асуудал хувийн биш нийтийн шинж чанартай болж байна. Ливид болж буй үйл явдал манай улсад газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна.
-“Энэ бүх ажлыг амжуулна гэдэг ямар хэцүү юм бэ” хэмээн бодогдож, өөртөө урам хугарч байв уу?
Мишель Обама: Тийм байдалтай байгааг нь харах үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ Барак олон жил сенатчаар ажилласан туршлагатай хүн тул ардчилсан нийгэмд ажиллахын амтыг сайн мэднэ. Манай улсын хамгийн гайхалтай зүйл нь ардчилал юм. Би хүмүүсийг улс төрийн бодлогын тухай гомдоллох үед нь дандаа л “Бид чинь хамгийн ардчилсан улсад амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Бид Барак бол дарангуйлагч биш. Тэр чинь л их том амжилт” хэмээн хошигнодог юм. Хэдийгээр ардчилсан ёс улс гүрний маань хамгийн агуу зүйл ч зарим үйл явцыг улам бэрхшээлтэй болгож, хөгжлөөс нь хойш татдаг ч талтай.

Өнгөрөгч сарын эхээр л Ерөнхийлөгч Обама дараагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин энэ тухайгаа тэр “Мишель энэ тал дээр хатуу байр суурь баримталж байгаа” хэмээн тайлбарласан.
-Нөхрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь эргэлзэж байв уу?
-Сонгуульд өрсөлдөж, нэр дэвшиж байна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Бид үүнийг их хариуцлагатайгаар ухамсарлаж байсан.
Ерөнхийлөгч тэргүүн хатагтай нарын нэн түрүүнд тавьдаг зорилт бол иргэдийнхээ амьдрал, ажиллах орчныг дээшлүүлэх явдал аж. Тиймээс аливаа ажилд тун ажигч гярхай хандах ёстой. Америкийн өнцөг булан бүрт явахдаа иргэдийн ахуй амьдрал, нөхцлийг судалж явдаг хэдий ч өөрсдөө бол хөөсөн дээр амьдарч байгаа юм шиг санагддаг тухайгаа Ерөнхийлөгч нуусангүй.
-Өөрсдөө хөөсөн дээр амьдарч хүмүүст энгийн иргэдтэй харилцах боломж олддог уу?
-Хэд хэдэн арга зам бий. Би үдэш бүр хэдэн зуун захидал хүлээн авдаг. Бүгдийг нь уншиж, аль болох олон захидалд хариу илгээхийг хүсдэг. Иргэдийн илгээсэн захидал, амьдралын түүхээ хүүрнэсэн хуудас бүр надад их эрч хүч, урам зориг өгдөг.
Мишель Обама: Харин нөгөө арга нь мужуудаар явж өөрсдийн биеэр иргэдтэй уулзах явдал. Иргэдтэй зэрэгцэн сууж, зовлон жаргалыг нь сонсох миний хувьд ямар их ач ахолбогдолтой болохыг туслахууддаа байнга сануулдаг. Би зөвхөн танилцаад зураг авахуулаад өнгөрөх биш, ямар ч камер, хэвлэл мэдээллийнхэнгүй орчинд бүсгүйчүүдтэй хууч хөөрөн сууж, өөрийгөө цэнэглэхийг хүсдэг.
“Ерөнхийлөгч болон түүний гэр бүл байна гэдэг өнгөцхөн харахад нэр хүндтэй, олны хайр халамжинд өлгийдүүлэн амьдардаг юм шиг харагдах боловч хариуцлага өндөр ажил. Хэдийгээр машин барьж чаддаг ч машиндаа суун, өөрөө жолоо барьж болохгүй. Тэр ч байтугай явган зугаалахыг ч хориглодог. Охидтойгоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, зайрмаг худалдан авч, номын дэлгүүрээр ордог байсан үеэ би их үгүйлдэг. Хүн өөрт үгүй болсон цагт л аливаа зүйлийн үнэ цэнийг сайтар ухаарах юм даа” хэмээн тэр Ерөнхийлөгчийн ажлын хүнд бэрх үүргийг танилцуулав. 18 жилийн амьдралаа холбосон бүсгүйгээ л хамгийн их хүндэлж явдгаа тэрбээр “Амьдрал гэдэг бартаат зам. Тиймээс тэр хэцүү бэрхийг хамт туулж байгаа ханийгаа хүндлэхээс аргагүй. Тэгж байж л бодит харилцаа үүснэ” хэмээн тайлбарласан. Түүнчлэн энэ их ажлыг амжуулах эрч хүчийг гэр бүлийнхнээсээ олж авдгаа “Гэртээ ирэхдээ л миний юу хийж бүтээснээс үл хамааран ямар ч үед намайг хайрлах хүмүүс бий гэдгийг мэдэрдэг. Тэд бүдэрч унах үед л хаалга тогшино. Ажилдаа хариуцлагагүй хандсан ч намайг үл орхино. Мишель бол зөвхөн тэргүүн хатагтай төдийгүй намайг хурцалдаг билүү юм. Би үүнийг өдөр бүр мэдэрдэг” гэв.

Тэнгэр баганадсан барилгын “тусгай салааныхан”

Үдийн цайны цагаар, эсвэл уулзалт товлох үеэр гээд зоогийн газрыг зорих шаардлага бидэнд бишгүйдээ л гардаг. Гэхдээ хоолны амт чанарыг голох, үйлчилгээний болхи удааныг гайхахаас өөрөөр арын албаныхны ажилд анхаарал хандуулдаг хүн тэр бүр үгүй. Зоогийн газрын амин сүнс нь хэмээгддэг ч хүмүүсийн тэр бүр мэдэхгүй энэ ертөнцийнхний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар шийдлээ.
Нийслэл хотын зүрхэн тольтод байрлах тэнгэр баганадсан барилга хэдхэн жилийн өмнө сүр дуулиантай ашиглалтад орсон. Брэндүүдийн цуглуулга гэмээр энэ байшингийн нэгдүгээр давхарт “LV”, “Emperio Armani” гээд дэлхийд нэр хүндтэй дэлгүүрүүдийн салбар байрладаг бол зулайд нь “Monet” зоогийн газар, “Sky lounge”, “City Club” гэх гурван үйлчилгээний газар бий. Хоолны амт чанар, үйлчилгээгээ дэлхийн стандартад нийцүүлж, дээд зэрэглэлийн гэх ангиллаар хэрэглэгчдийн анхаарлыг багагүй татаж буй тус хамт олны, тэр дундаа ерөнхий тогооч Ц.Батдаваагийн ажилтай танилцах хүсэлтэд минь тус байгууллагын маркентигийн менежер нааштай хариу өглөө.

08.30 Цас бударч, хацар жиндүүлсэн хаврын сүүл сарын нэгэн өдөр “Central tower”-ыг зорилоо. Үйлчилгээний газрууд хэдийгээр үдийн хоолны цагтай уралдан үүд хаалгаа нээдэг ч дотоод ажил нь 08.30 цагт эхэлдэг аж. Тэр дундаа ерөнхий тогооч хамгийн эртэч нь. Хөргөгч, хөлдөөгч, плитка, шарах шүүгээ гээд бүхий л техник хэрэгслээ шалгах үүрэгтэй тул тэр ийн тогооч, бэлтгэгч нараас ч өмнө цасан цагаан халат, малгайгаа өмсөөд ажилдаа гарлаа.
Америкийн алдарт реалити нэвтрүүлэг болох “Тамын гал тогоо”-г санагдуулам галын өрөө бол тус байгууллагын бахархал. Яг л барууны кинонд гардаг шиг өрөө гэж эндүүрэм томоос том хөлдөөгч, хөргөгч, хальтирдаггүй шал, салат, хөнгөн зуушинд зориулан хэрчиж, бэлдсэн ногоо, мах хадгалах шургуулган хөргөгч гээд л эрүүл чанартай бүтээгдэхүүн тэдний гол зорилго гэдэг нь илт.
09.00 Гал тогооны эзэд хэдийнэ цуглачихаж. 30 орчим ажилтантай ч хоёр ээлжээр ажилладаг тул энэ удаагийн өглөөний хуралд 14 хүн ирсэн харагдана. Хурлын үеэр өмнөх өдрийн алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж, хэн юу хийхдээ алдсаныг анхааруулахын зэрэгцээ шинэ өдрийн захиалгыг танилцуулж, өнөөдрийн цэсний онцлогт тохируулан “алба” тус бүрийн ажлыг хуваарилдаг аж. Тус байгууллагын гал тогоо хэд хэдэн албатай. Үндсэн галын өрөөний үүдний хэсэгт шөл бэлтгэж, цаашилбал салат хөнгөн зууш, түүний цаана десертний тогооч нарын ажлын байр бий. Харин баруун хэсэгт далайн хоол, мах шарах хэсэг, хачир бэлтгэх газрууд хаяа дэрлэнэ.
09.20 Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр. Албан хаагчдын хувьд бол амралтын өдрөөс ялгаагүй хөл хөдөлгөөн багатай эл өдөр үйлчилгээний байгууллага, тэр дундаа зоогийн болон уушийн газруудын ачаалал эрс нэмэгддэг гэнэ. Тиймээс ч эхний захиалга бүр өмнөх өдөр л тодорхой болчихож. “City Club”-ын “Алтай” хэмээх VIP өрөөнд 12.00 цагт 14 зочин үйлчлүүлэх захиалга өгчээ. Тэдний захиалгыг танилцуулаад өглөөний хурал дуусаж, бүгд бэлтгэх ажилдаа шамдлаа.
09.40 Өглөөгүүр бэлтгэх тогоочдын ажил ид ундарна. Загас цэвэрлэж, мах шулж, машиндах, ногоо цэвэрлэх гээд л… Бас ажилчдын хоолыг бэлтгэх даалгавар ч оногдоно. Тэднээс ялгаагүй ачаалал ихтэй алба бол десертний тогоочид. Бялуу, амттан төдийгүй хоолны хачирт өгөх талхыг энэ “урладаг” тул өглөөгүүр үндсэн өрөөнөөс төрөл бүрийн кекс, бялууны арааны шүлс асгаруулам үнэр сэнхийнэ.
10.00 Үүнтэй зэрэгцэн бэлэн болдог уран бүтээл бол өдрийн онцлох шөл. Цайны цагаар үйлчлүүлэгчдийн цаг, хэтэвчин дэх хэдийг нь хэмнэдэг олон давуу талтай ланч меню буюу өдрийн хоолны цэсний шөлийг ерөнхий тогооч бэлтгэнэ. Өнөөдрийн онцлох шөл бол “Тахианы мах, наргил модны жимстэй шөл”. Өдрийн онцлох шөл хэд хэдэн онцлогтой. Мэдээж бүх хүнсэнд тавигддаг “эрүүл зөв хоол” гэсэн шалгуураас гадна цайны цагаараа ирсэн үйлчлүүлэгчдэд л зориулсан “Хэзээд бэлхэн” гэсэн шаардлагад бүрэн нийцэх ёстой. Тиймээс ч ачаалал ихтэй 11.00-14.00 цагт бага хэмээр үргэлжлүүлэн буцалгахад өтгөрч, амт чанараа алдахгүй байх нь чухал.
11.00 Албан газруудын цайны цаг 13.00-т эхэлдэг бол гал тогооны өрөөний эздийнх 11.00-11.30 цагт амжих ёстой. 12.00 цагт үйлчилгээний танхим үүд хаалгаа нээж, арын албанд ачаалал эрс нэмэгддэгээс тэр.
Үйлчлүүлэгчдээс захиалга ирээгүй үед өдөржин зүгээр суудаг болов уу гэсэн төсөөллийг минь үгүйсгэх шиг гал тогооны өрөөнд нэг ч сандал харагдсангүй. Үдийн цайны цаг болоход өрөөний голд тогооч нар орлуулж болох зүйлсээр сандал хийж, босон суун хоолоо идэж харагдах. Өдрийн их ачаалалдаа бэлдэж, хүч сэлбэж байгаа нь тэр.
11.40 Өрөөний голд байрлуулсан ширээн дээр өглөөнөөс хойш чимээгүй хэвтэж байсан утас гэнэтхэн хангинах нь тэр. 17 дугаар давхарт байрлах гурван ч үйлчилгээний газрын хоолыг бэлтгэдэг тул цаг хугацаа хэмнэхийн тулд дотуур утас суурилуулсан гэнэ. “Алтай” өрөөнд захиалга өгсөн зочид хэдийнэ ирснийг зөөгчид сануулж, ерөнхий тогоочид үүрэгдлээ. Түүнчлэн гурван тусгай өрөө гурвуулаа захиалгатай бөгөөд “Алтай”-гаас бусад өрөөнд захиалга өгсөн зочид хоолоо сонгож амжаагүйг сануулсан аж.
Өглөөхөн бөөрөнхий байцаа, бөндгөр сонгино байсан хүнсний бүтээгдэхүүнүүд “Monet” зоогийн газрын нэрийн салат болон тавагнаа заларч, “Алтай” өрөөг зорилоо.
12.00 Амттан урлаачдын дэргэд амирлангуй байсан принтер жингэнэн дугарлаа. Яг л ерөнхий тогоочийн хэлсэнчлэн зоогийн газраар үйлчлүүлэгчдийн эхний захиалга үд дунд ирж буй нь энэ.
Эхний захиалга ирмэгц ерөнхий тогооч чихэнд дасал болоогүй хэлээр хоолны нэрс ар араас нь уншиж дуусмагц бүх албадын тогооч нар нэгэн дуугаар “Yes, Chef” буюу “Гүйцэтгэе, ерөнхий тогооч оо” хэмээн хариу өгөх нь тэр. Тогооч ажилд авах зарын тодорхойлолтод “Англи хэлний зохих мэдлэгтэй” гэсэн өгүүлбэр байвал битгий гайхаарай.
“Алтай” өрөөний захиалгыг амжуулах үеэр өнөөх жижигхэн хар принтер хэдэнтээ дугарч, галын өрөөний тайван намдуу байдлыг орвонгоор нь эргүүлчихэв. Ар араасаа ирсэн олон захиалга арын албаныхныг хурдны галт тэрэг мэт хөдөлгөөнд оруулчихлаа. Баруун хэсэгт мах шарж, зүүн эгнээнийхэн зууш бэлдэн, галын өрөөний өнцөг булан бүрт ажил ундарна. Яг л “Тамын гал тогоо”-ных шиг. Гэхдээ энд хэн ч хэнийг ч загнаж, хараахгүй. Үе үехэн “Хөвсгөлийн цагаан загас хоёр минутын дараа. Хачир” гэсэн битүү дохио өгч, хариуд нь хачрын тогооч “Yes” хэмээнэ. Төдөлгүй төв хэсэгт байрлуулсан таваглах тавцан дээр газрын гаваас гараад ирэв үү гэлтэй жижигхэн хайруулын тавагтай шарсан мах, ногоо цуглалаа. Түүний ерөнхий тогооч урьдаас бэлдсэн тавган дээр тавиад, чимэглэж дуусмагц хонх жингэнүүлэн дарна. Захиалсан хоол бэлэн болсныг мэдэгдэж байгаа нь тэр.
Өглөө хаалгыг нь татахад багахан спортын талбай гэлтэй том харагдаж байсан үндсэн өрөө үдийн хэрд хөл гишгэх зайгүй болон ажилтнууд нь бужигналдаж эхлэв. Хаанаас хэн авчирсныг нь ч анзаарч амжимгүй хоолны хачир, үндсэн мах, шөл нэг л мэдэхэд таваглах тавцан дээр бэлэн болно. Арын албаныхны ажлыг сурвалжлахаар зогсох ганц хүнд ч гишгэх зайгүй болсон галын өрөөг дээрээс нь харсан бол эвдүүлсэн шоргоолжны үүр шиг л харагдаж байсан биз.
Ганцхан хоолны захиалга ирсэн ч хачир, мах, десертний гээд бүх л тогоочид оролцдог тул зоогийн газар тэр дундаа дээд зэрэглэлийн зоогийн газрын хамгийн чухал зүйл нь хамтын ажиллагаа. Тийм ч учраас тогооч нар байсхийгээд л бие биенээсээ “ам асууна”. Тэр бүрт хоёр эсвэл гурван минут гэсэн хариулт өгч, таваглах тавцанд “цаг болзоно”.
14.00 Арайхийн амсхийх боломж гарч байгаа нь үдийн цайны цаг дууссаны дохио. Энэ хугацаанд 20 гаруй захиалга ирсэн байна. Их ажлын ард гарсан тогооч нар энэ зуур ажлын үр дүнгээ сонслоо. Үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдлыг зөөгч нар ерөнхий тогоочид уламжилж, тэдэнд хэн ямар дүн тавьсныг анхааруулав.
14.20 Үйлчилгээний танхим эзгүйрч, захиалга дууссан ч галын өрөөнийхний ажил завсарласангүй. Алба бүр оройн хоолны хүнсээ базаан бэлтгэл ажилдаа ахиад л орлоо. Гурван цагийн турш үг солих завгүй нааш цааш холхисон ерөнхий тогоочоос асуулт асуух цаг арайхийн гарах нь гэж бодтол түүний бичиг хэргийн ажил эхэлж байгааг зарлан, цагаан халааттай бүсгүй өрөөний хаалга татан орж ирлээ. Гэсэн ч Ц.Батдаваа тайлан бичих, шинэ хоолны цэс гаргах гэх мэт ажлаа энэ удаа түр хойш тавьж, ажлаа танилцуулахаар боллоо.

-Одоо 18.00 цаг хүртэл ерөнхийдөө ачаалал бага, захиалга бараг өгдөггүй. Ажил тарах үеэр дахиад л оволзчихдог юм. Гэхдээ өдрийнх шиг шахуу хугацаанд олон захиалга ирэхгүй. Тиймээс өдрийн хамгийн ачаалалтай үе нь дуусчихсан гэж ойлгож болно. Гэхдээ өглөө хэрчиж бэлдсэн хүнс өдрийн хоолны үеэр дуусчихдаг болохоор оройн хоолонд хэрэглэх зүйлсээ одоо хэрчиж, болгоно. Бас амралтын өдрүүдээр хэрэглэх хүнсээ ч урьдчилан зэхнэ.
-Танай гал тогооныхон хоорондоо яагаад англиар ярьдаг юм бэ?
-Манай зоогийн газар европ стандартыг мөрддөг. Тиймээс түүнд дасгах гэж англиар заавар өгч байгаа юм.
-Европ стандарт мөрддөг гэхээр хоолны цэсэнд дандаа европ хоол бий гэсэн үг үү?
-Сүүлийн үед контемпорари буюу холимог урсгал нэлээд моодонд ороод байгаа. Тэр нь ази болон европ бүхий л үндэстний онцлогийг шингээсэн цогц зүйл гэсэн үг. Энэ урсгал хоолны урлагт ч эрчээ аваад буй. Манай зоогийн газар ч бас энэ зарчмыг баримталж байгаа.
-Хоолны захиалгыг танилцуулах үед тогооч нар нэгэн дуугаар хариу өгөх юм. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Гал тогоо гэдэг хагас цэргийн зохион байгуулалттай газар. Хүнс гэдэг их чухал зүйл. Түүгээр дамжуулан хүнийг анагааж бас хордуулж болох тул хоол тогооч нар тун хариуцлагатай байх ёстой. Тиймээс бүр олон жилийн өмнөөс гал тогооныхон хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн.
-Та яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ?
-Англид би зоогийн газар ажилладаг байсан юм. Тус зоогийн газрын эзэд нь намайг Англид нэлээд нэр хүндтэй тогоочийн коллежид суралцуулах санал тавьсан. Тэр дагуу долоо хоногт нэг удаа хичээлдээ суугаад бусад өдөр нь гал тогоондоо ажилладаг байлаа.
-Английн ямар зоогийн газар ажиллаж байсан юм бэ?
-“Тамын гал тогоо” нэвтрүүлгийн тогооч Гордон Рамсигийн сүлжээ зоогийн газрууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Англид гэхэд л хоёр ч салбар бий. Тэнд ажилладаг байсан.
-Рамси өөрийн зоогийн газрын гал тогоондоо хоол хийдэг үү?
-Их том сүлжээ зоогийн газар болохоор тэр бүр өдөр тутмын ажилд өөрөө хутгалдахгүй. Тухайн салбарыг нь хариуцаж байгаа тогооч нар өөрөөс нь дутахгүй ур чадвартай хүмүүс байдаг. Тэдэндээ л даатгачихдаг юм билээ. Сардаа нэгээс хоёр удаа ирж, үйл ажиллагааг нь шалгадаг байсан.
-Гордон Рамси нэвтрүүлгээр гардаг шигээ их ууртай, ширүүн хүн үү?
-Мэдээж шоу нэвтрүүлэг болохоор нэмж хачирласан зүйл их бий. Гэхдээ уг зан төлөв нь их ширүүн. Түүнээс гадна 1980-аад онд тогооч нар их ууртай, догшин байх моод дэлгэрсэн юм билээ. Түүнтэй ч холбоотой биз.

Биднийг ийн ярилцах зуур үндсэн гал тогоонд банш чимхэж, ногоо хэрчих, төмсний нухаш бэлтгэх ажил өрнөсөөр л… Ажилчдын цагийн бүртгэлээ бичиж дуусмагцаа ерөнхий тогооч цэргүүдийнхээ ажлыг шалгаж, зааж зөвлөх үүргээ биелүүлэхээр гал тогоо руу орлоо. Загас хэрхэн цэвэрлэхийг, ногооны шанзтай баншийг хэрхэн чимхэхийг, шоколадаар бүрсэн бялууг хэрхэн зүсэхийг зааж, түүний хажуугаар өөрөө ногоо шарж, сүмс бэлдэж зогсоо харагдав. Удалгүй тогтмол хэмд халуунаа барьдаг таваглах тавцан дээр таваг тавьж, хоол аягалав. Үүрэгдэх дуртай принтерээс дохио ирээгүй атал хэнд юу бэлдэж байгаа юм бол хэмээн гайхширч зогстол маркетингийн менежер ирж тавагласан хоолноос амсан, дүн тавьсны дараа л тэр шинэ цэсэнд санал болгож буй хоол хийсэн гэдгээ тайлбарлалаа. Үг хэлээр бус үйл хөдөлгөөн, үр дүнгээр ажлаа тайлагнаж сурсан нь галын өрөөний тусгай салааныхны дадсан зан бололтой.
16.00 Дахиад л хоол. Гэхдээ энэ удаа бусдад биш өөрсдөдөө зориулсан хоолоо дүгнэнэ. Үдийн өмнөх хоолтой харьцуулахад энэ удаагийн харьцангуй тайван. Өдрийн хамгийн их ачаалалтай үеэ давж, үнэлгээгээ авчихсаны дараа л хоолоо сэтгэл амар идэж болохуйц. Гэхдээ бүрэн тайвшрах болоогүй. Оройн ээлжний ажил эхлэхэд хоёр цаг дутуу.
16.20 Оройн ажил өрнөхөөс өмнө нэмэгдэл хүч ирлээ. Энэ үеэр ээлж солигдож, хоёр ч ахлах тогооч ирсэн тул ерөнхий тогоочийн ажил харьцангуй хөнгөрдөг гэнэ. Үдээс өмнө ажиллаж байсан урчуудаас амттаны болон хачрын тогооч солигдсоноос өөрөөр төдийлэн өөрчлөлт гарсангүй. Бэлтгэл тогоочид л бүгд амрахаар харьж харагдсан.
17.30 Өдрийнх шиг уулзалт, тэмдэглэлт үйл явдлын захиалга үгүй тул оройн ажил харьцангуй тайван эхлэв. Зоогийн газраар үйлчлүүлэхээр ирсэн зочдын захиалга санасныг бодвол цөөн ирж, хоол удсан тохиолдолд байн байн жингэнэж, банга хүртээдэг хар утас ч нам жим.
18.40 Олон боловч захиалгууд харьцангуй хол зайтай ирж байгаа тул оройн ээлжний ажил өдрийнх шиг үймсэнгүй. Гэхдээ гэрлэх санал тавихаар захиалга өгсөн залуугийн болзоо арын албанд ажиллаж байсан хүн бүхний сэтгэлийг үймүүлээд амжсан. Өдөр хөл хөдөлгөөн бага байсан амттаны хэсэгт энэ өдөр урьд урьдынхаас илүү олон хүн цуглаж, оройн онцлох үйл явдлын эздийг ямар бялуу чимэхийг хүн бүхэн сонирхоно. Нэгдүгээр хоолыг нь хүргэж өгөх үед л “Will you marry me” гэсэн бичигтэй бялуу бэлэн болж, сүйт бүсгүйн бөгжийг оройд нь шигтгэв.
20.00 Уг нь ерөнхий тогоочийн ажлын цаг албан хаагчдынхтай адилхан байдаг ч тэр орхиод явчихаж зүрхэлдэггүй. Ахлах тогооч нарт ажлаа хүлээлгэчихээд амрах эрхээсээ татгалзан орой 21.00 хүргэх тохиолдол ч цөөнгүй гардаг гэсэн. Гадаа хэдийнэ гэгээ тасарсан хойно л гараа угаан хувцсаа солилоо. Өдрийн турш хоол урлахдаа үйлдэл бүрийнхээ дараа гараа угааж байсан тэрбээр энэ ажилд их цаг алддаг хэмээн сонирхуулж байсан.

Дэлхийн стандартад нийцсэн гэх нэр томъёо бараг л моод болоод буй өнөө цагт зоогийн газруудад стандарт гэх үг хэвшихгүй хэвээр л… Харин тус хамт олон дээд зэрэглэлийн гэх барууны киноноос л олж хардаг үйлчилгээг хэвшүүлснээрээ төрийн өндөрлөгүүд төдийгүй элчин сайдуудад үйлчилж, Монголын үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болж буй.
“Эрүүл хүнс” гэх үгийг уриа болгож, шинэ, чанартай гэсэн бүхнээр үйлчилж, хадгалалтын горимыг чанд сахин, хоол бүрээсээ дээж аван хадгалж, түүний мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлдэг гээд олон талаараа үйлчилгээний газруудад үлгэр дуурайл үзүүлж байгаа цөөн газруудын нэг нь “Monet”.

Tuesday, May 10, 2011

Майкл Дуглас: Олны хайранд өлгийдүүлж яваагаа мэдэрлээ

Цацраг туяа болон химийн эмчилгээ хийлгэн, сар гаруй тэмцсэний эцэст тэр хоолойн хавдраасаа бүрэн ангижирчээ. Гэсэн ч түүний зовлон ингээд л эцэслэчихсэнгүй. Эхнэр нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн, харин ууган хүү нь холбооны хорих ангид ял эдэлж буй. Ар араасаа ундарсан олон бэрхшээлтэй зэрэгцэн хуучин эхнэр нь түүнээс хөрөнгө салган авахаар шүүхэд өргөдөл гаргаад байна. Эмгэнэлт киноны зохиол шиг сонсогдох энэ түүх Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Майкл Дугласт тохиожээ. Түүний амьдралын хүнд үед сэтгэлийн дэм өгөхөөр Опра түүнийг нэвтрүүлэгтээ урьжээ.


Дэлгэцийн урлагийн домогт жүжигчин хэмээгддэг Кирк Дугласын хүү Майкл бүр жаахан байхаасаа л аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийджээ. Аавынхаа алхам гишгэм бүрийг дуурайх тэрбээр 20-иод насандаа кино урлагт хөл тавьсан байдаг. Опрагийн хамгийн дуртай кино болох “Хөхөөний үүрэнд дээгүүрх нислэг” киногоор тэрбээр 1975 онд анхны “Оскар”-аа хүртсэн. Түүнчлэн Холливудын ертөнцөд шуугиан тарьсан “Төрөлх зөн совин”, “Үхэл дагуулсан тоглоом”, “Уолл стрит” кинонуудад тоглож, ааваасаа дутахгүй авьяаслаг нэгэн гэдгээ баталж байв. “Уолл стрит” киноны гол дүрээр тэр 1987 онд “Оскар”-ын кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан.
Харин түүний хувийн амьдрал уран бүтээл шиг нь олны анхаарлын төвд байсангүй. Диандра гэх бүсгүйтэй гэрлэж, 23 жил хамт амьдрахдаа тэр гэр бүлийнхнийгээ шар хэвлэлийнхнээс сайтар нууц чадсан боловч, 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан нь хүссэн хүсээгүй олны анхаарлыг татаж, шар хэвлэлийн баатар болоход хүргэжээ. Тэр ондоо Майкл өөрөөсөө 25 насаар дүү жүжигчин Кэтрин Зета Жонстой дэр нэгтгэсэн нь элдэв яриаг бүр ч даамжруулж орхив. Гэхдээ олны таамаглаж байсан шиг түүний хоёр дахь сонголт түр зуурын, эсвэл Холливудын бусад хосуудынх шиг хэдхэн сарын настай байгаагүй. Тэд 2010 оны арваннэгдүгээр сард 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм.
Түүний бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн нэг болох “Уолл стрит” киноны Гордон Геккод дахин тоглох санал 2010 онд иржээ. Киноны шинэчилсэн хувилбарын зураг авч дуумсагц Майкл Дугласын бие мууджээ. Тэр энэ тухайгаа “Би хоолойгоо шархалчихаж л гэж бодож байлаа. Зураг авахуулж байх үед хоолойгоо ч хянах аргагүй болж, огт өөр хүн яриад байх шиг санагдах үе ч гарч байсан” гэв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний өвчин бүр л хүндэрчээ. Удалгүй буйл, чихний уг руу нь өвдөх болж, хавдар бүр л томроод байж. Хавдартай болсноо ч мэдэлгүй Нью-Йорк хотын цөөнгүй чих, хамар хоолойн эмчид үзүүлсэн боловч хэн нь ч оношыг нь олж тогтоосонгүй. Удалгүй Канадад аялж явахдаа нэгэн мэргэжилтэнд ханджээ. Тэнд л түүнийг өвдсөн, тэр ч байтугай оношийг нь олохгүй удвал аминд ч халтай өвчин туссан байх магадлалтайг анх тогтоосон байна. Тиймээс ч Канадын эмчид үзүүлснээ тодоос тод санадаг тухайгаа Майкл “Би тэр мөчийг хэзээ ч мартахгүй байх. Тэр хэлийг минь дарж удаан ажигласан. Харин би түүний нүд рүү хараад л байлаа. Тэр үзэж дуусмагцаа бага зэрэг ухарснаа “Танд нарийн шинжилгээ хийх шаардлагатай юм байна” гэж билээ” хэмээн өгүүлсэн.
Анхны онош гарсан өдрөөс хойш Майкл их олон талаараа өөрчлөгдсөн гэнэ. “Найзууд, гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр дотно байх болсон. Би тэднийхээ ямар үнэ цэнэтэй чухал хүмүүс болохыг тэгэхэд л ойлгосон” гэж хэлэхдээ тэр нулимс унагав. Майклын хавдартай болсон гэх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдсэн даруйд ажлаасаа чөлөө авахыг шүтэн бишрэгчид нь хүсэх болжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс түүний төлөө санаа зовон залбирч байгаа олны хайр, хүндэтгэл эрүүл энх болоход тус болсон гэдэгт тэр итгэж яваагаа “Аав минь еврей, ээж минь англи хүн тул би шүтлэггүй нэгэн. Хэдий тийм ч тэр олон зуун хүний мөргөл, залбирал надад багагүй тус болсон гэж итгэдэг. Намайг хурдан эдгэхийг хүссэн олон зуун захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирж байлаа. Тэр үед л олны хайранд өлгийдүүлж яваагаа мэдэрлээ дээ” хэмээн илэрхийлэв.
Түүнийг арайхийн эдгэтэл эхнэр Кэтрин Зета Жонс нь сэтгэл хэт хөөрөх эмгэг тусчээ. Энэ өвчний үед сэтгэл хэт хөөрч, эсвэл хямардаг бөгөөд депресс буюу сэтгэлийн хямрал даамжирсны улмаас ийн эмнэлэгт хүргэгдсэн болохыг эмч нар тогтоожээ. Майклын өгүүлснээр хавдар бол тухайн өвчтөн төдийгүй гэр бүлийнхнийх нь хамтын хичээл зүтгэл, тэмцлийн үр дүнд эдгэдэг өвчин гэнэ. Үүнийг Кэтрин Майкл нар биеэрээ мэдэрчээ. Энэ тухайгаа Майкл “Хэдийгээр ууган хүү маань хоригдож, анхны эхнэр маань надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж, би өөрөө хавдар туссан ч Кэтринд “Би сэтгэлийн хямралд орчихоод байна” гэж хэлж зүрхлээгүй. Учир нь тэр ч бас зовлонг минь хуваалцаж, шаналж байсан. Намайг бодвол тэр тун сэтгэлийн хаттай хүн. Эргээд бодоход энэ бүх асуудлыг Кэтрин л зохицуулж байжээ” гэж ярив. Одоо түүний бие сайжирч байгаа бөгөөд тун удахгүй шинэ киноны зураг авахуулахаар Нью-Орлеаныг зорих гэж байгаа аж.
Бусад аавуудын л адил Майкл хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөлд хамгийн их санаа тавьдаг. Өдгөө түүний ууган хүү Камерон 32 настай бол дунд хүү Дилан нь 10, охин Кэрис нь найман настай.
-Та ууган хүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг байв. Камеронд чухам юу тохиолдсон юм бэ?
-Юуны өмнө тэр одоо ч зөв хүмүүжил, үзэл бодолтой хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Тэр хийсэн зүйлийнхээ хариуцлагыг л хүлээж байгаа. Хэдийгээр ял эдэлж байгаа ч тэр сайн байгаа. Цаашдаа сайн жүжигчин болж, бас өөр бусад зүйлийг ч амжуулж чадна гэж бодож байна. Тэр энэ бүхнийг чадна гэдгээ олон жилийн өмнө баталчихсан. Намайг энэ шоунд оролцох гэж байгаад Камерон тун сэтгэл хангалуун байсан. Таны нэвтрүүлгийг хорих ангийн сонсогчид ч их үздэг юм билээ.
Майкл Опрагийн нэвтрүүлэгт оролцохынхоо өмнөхөн Камероныг эргэсэн аж. Майкл хүүхдүүдтэйгээ тун дотно харилцаатай байдаг. Нэрт жүжигчин Кирк Дуглас ч бас амжилт олох, алдах бүхий л үедээ Майклыг дэргэдээ байлгаж, амьдралын ухаанд сургадаг байжээ. Энэ тухай Майкл “Тэр амралтын өдрүүдээрээ аль болох зав гаргаж бидний дэргэд байхыг хичээдэг байлаа. Гэхдээ кино урлаг гэдэг ачаалал ихтэй ажил. Амралтын өдрүүдээр дуудагдан ажиллахаар болсон үедээ тэр их гэмшдэг байсан. Гэхдээ л бид их дотно байлаа” хэмээн дурссан. Аавынхаа баримталдаг энэ зарчмыг Майкл ч мөрддөг.
Яг л аав шигээ тэр амьдралынхаа ихэнх хугацааг шоу бизнест зориулж байгаа нэгэн. Харин хэн нэгний үйл хэргийг залгамжилна гэдэг тийм ч амаргүй болохыг “Хэрэв та гэр бүлийнхнийхээ мэргэжлийг өвлөн авсан бол хүмүүс үргэлж аавтай чинь жишиж харьцуулах болно. Харин “Оскар”-ын шагнал гардаж авсан үе бол аавынхаа сүүдэр биш, бие даасан жүжигчин болсон гэдгээ мэдэрсэн хамгийн дурсгалтай мөч байсан” хэмээн илэрхийлсэн.

“Boxoffice”-ийн хатан хаан


Овог, нэр: Мэри Луйз Стрип
Төрсөн он, сар, өдөр: 1949.06.22
Төрсөн газар: АНУ, Нью Жерси, Саммит
Биеийн өндөр: 168 см
Гэр бүл: Нөхөр Дон Гаммер, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг
Хүндэлдэг жүжигчин: Леонардо Дикаприо

“Хөгшин хатагтай нарт хөл тавих газар үгүй”. Холливудын бичигдээгүй хууль болсон энэ журам ганцхан хүнд л үйлчилдэггүй. Мэдээж тэр хүн нь Мерил Стрип. Хэдийнэ 60 нас хүрсэн ч борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг “boxoffice”-ийн хатан хаанаар өргөмжлөгдсөн нь олон хүний гайхшийг төрүүлж байсан. Гэхдээ түүнд энэ эрхэм алдрыг өгөхөөс ч аргагүй гурван шалтгаан байж.

Нэгдүгээрт: Түүний гол дүрд нь тоглосон “Мамма Миа” мюзикл 2008 онд нээлтээ хийж, 601 сая ам.долларын ашиг олсон.
Хоёрдугаарт: Мөн онд “Чөтгөрүүд л Прада өмсдөг” кино дэлгэцнээ гарч, 324 сая ам,долларын ашиг олсон байдаг. Эл кинонд тэр хувцас загварын сэтгүүлийн эрхлэгчийн дүрд тоглосон юм.
Гуравдугаарт: 2010 оны эхээр “Жули, Жулия хоёр” кино 121 сая ам.долларын ашиг олжээ. Сонирхолтой нь продюссерүүд нь ч бүтээлээ ийм их ашиг олно хэмээн тооцоолоогүй байсан гэдэг.

Идэр насныханд ч Холливудын хаалга хаалттай

Ялангуяа эмэгтэй жүжигчид 40 хүрэхээсээ өмнө л өөрийн байр суурийг эзлэхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тэр байтугай хэдийнэ дээд зэрэглэлд бичигдэж, хамгийн орлоготой жүжигчин болсон байлаа ч нас ахиж, үрчлээ нэмэхийн хэрээр найруулагчдаас ирэх урилгын тоо цөөрнө гэсэн үг. Холливудын ертөнцийн энэ хатуу чанд зарчмыг эвдсэн хуруу дарам цөөн жүжигчдийн нэг нь Мерил Стрип. Тиймдээ ч тэрбээр “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Гайхалтай юм шүү. Би хэдийнэ 60 нас хүрчихсэн. Гэсэн ч хайр дурлалын сэдэвтэй инээдмийн кинонд тоглосоор л байх юм. Магадгүй Холливудынхнаас авсанд орох хүртлээ ажлаа хийсээр байсан цорын ганц эмэгтэй жүжигчин нь Бетте Дэвис байх” хэмээн онцолж байжээ.
“Ахимаг эмэгтэйчүүдийн өмнө үргэлж хаалттай байдаг амжилтын хаалгыг тэр л эвдсэн. Кино урлагийн түүхэнд хэн ч өмнө нь ийм амжилт гаргаж байгаагүй юм” хэмээн найруулагч Майк Николс өгүүлсэн байдаг. Гэхдээ түүний амжилтын нууц нь зөвхөн хүч хөдөлмөр, авьяас чадвар байсангүй. Тэр хаана, ямар шийдвэр гаргахаа мэддэг нэгэн.

“Эмгэнэлт кинонд тоглуулбал түүний ямар чадварлаг жүжигчин болохыг анзаарах болно”
Энэ үгийг хэзээ ч юм бэ нэгэн цагт, хэн ч юм бэ нэгэн хүн хэлж байж. Үнэхээр ч ингэж хэлэх үндэслэл байсан юм. “Алтан бөмбөрцөг”, “Оскар” гээд кино урлагийн бүхий л нэр хүндтэй шагналуудыг эмгэнэлт киноны дүрээр авч байсан жүжигчин түүнээс өөр үгүй биз. Мэдээж түүнд гэрэл гэгээтэй түүхийг өгүүлсэн кинонд бүтээсэн дүр цөөнгүй бий.
Эмгэнэлт киноны баатраас инээдмийн кино руу тэр нэлээд хожуу урваж. Түүний бодит жишээ нь “Жули, Жулия хоёр”. Энэ кинонд тоглосон тухайгаа тэрбээр “Би энэ кинонд тоглохын тулд мөнгө төлөхөөс ч буцахгүй байсан. Учир нь би бүр жаахан охин байхаасаа Жулиягийн номыг уншдаг байлаа” гэжээ.
Ашиг орлого ба алдагдал

Зах зээлийн дийлдэшгүй хатуу зарчим бол алдагдлаас хол байж, ашиг орлого нэмэх явдал. Тиймээс ч ахимаг насны бүсгүйчүүд шоу бизнесийн ертөнцөөс өөрийн эрхгүй шахагддаг жамтай. Дөч гарсан л бол түүний тоглосон кино ашиг орлого магадлал бага. Үндсэндээ ахимаг эмэгтэйчүүдийг гол дүрийн жүжигчнээр сонгох нь тэр чигээрээ эрсдэл. Тиймдээ ч энэ насныханд төлөх үнэ хөлс ч харьцангуй бага байдаг аж. Гэхдээ л Мерил энэ хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан баатарлаг эмэгтэй. Түүний тоглосон “Мамма миа” хагас тэрбум гаруй долларын ашиг олж, “boxoffice”-ийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоосон байдаг. Энэ тухай хатагатай Стрип “Үзэгчид хэзээ ч муу кино үзэх гэж мөнгө төлдөггүй. Тиймээс би кино маань ашиг орлого их олсонд сэтгэл тун хангалуун байгаа. Гэхдээ би зөвхөн мөнгөний тухай ярьж байгаа юм биш шүү. Амьд яваадаа би бурханд талархаж байна. Найзуудын маань олонх нь тэнгэрт хальж, үлдсэн хагас нь өвчтэй гэртээ хэвтэж байна. Гэтэл би энд ярилцлага өгөөд сууж байна гэдэг юу юунаас илүү хувь тохиол биш гэж үү” гэж ярьжээ.
30 жилийн турш сонин сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтлүүлж буй Стрипийн гоо сайхан, гадаад төрх ч бас үзэгчдийг гайхашруулдаг. Энэ талаарх сурвалжлагчийн асуултад тэр “Гоо сайхан гэдэг бол бүх зүйл. Зөвхөн гадаад үзэмж төдийгүй хөгжилтэй, эрч хүчтэй, ухаалаг байдал цогцолж байж гоо сайхныг бүрдүүлдэг” гэж хариулсан бол гэрэл зурагчин Брижит Лакомбе “Мэрил бол сонирхолтой, хөгжилтай, ухаалаг эмэгтэй” хэмээн тодорхойлсон байдаг. Ихэвчлэн хөрөг зураг авч, дэлхийн олон орноор аялдаг тэрбээр Стрипийг зураг авахуулах дуртай нэгэн гэж огт бодоогүй явсан тухайгаа ч сонирхуулжээ. Тэр “Түүнтэй хамт ажилласан хэдхэн цагийн хугацаанд олон зүйлийг ажигласан боловч хамгийн их анхаарал татсан нь ердөө л энэ. Камерын өмнө хэдэн цаг сууна гэдэг хүсэх зүйл биш гэдгийг би сайн мэднэ. Ялангуяа тэр хүн нь олны танил, алдартай нэгэн бол түүнд бүр ч залхуутай санагдах нь гарцаагүй. Тиймээс би хатагтай Мерил Стрипийг залхаж, ядарсан бол түвэггүй ойлгох байсан. Гэтэл тэр харин ч эсрэгээр камерын өмнө зогсон зураг авахуулахдаа тун сэтгэл хангалуун байсан. Гэхдээ тэр бусдын адил илүү сайхан, гоё харагдах гэж огт хичээгээгүй ” хэмээсэн байна.

Монгол эрийн магтуу


“Хүний хүүхэд” гэсэн цаанаа л хүйтэн хөндий нэртэй киноны сурталчилгаа телевизийн нэвтрүүлгүүдийн дундуур цацагдах болсоор багагүй хугацаа өнгөрч. “Эс ти” студийнхний уран бүтээл болох эл кино нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болоод арав гаруй хонож буй. Амьдралын симфони гэсэн содон тодотгол, хүн чанар, хүнлэг сэтгэлийн тухай гэсэн мэдээлэл нь анхаарал татсан тул Монголын кино ертөнцөд мэндэлсэн шинэхэн уран бүтээлийг сонирхохоор кино театр зорилоо.

Үзэгчдийн хуураагүй үнэн түүх
Коммершл буюу ашгийн төлөөх кино бүр өөрийн гэсэн сурталчилгааны бодлого, үзэгчдийг татах зальжин аргатай. “Татар ажиллагаа” гэхэд л тухайн үед нууцлаг байдлаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Амархүү, загвар өмсөгч Э.Одгэрэл нарыг тоглуулж, Монголын кино урлагийн түүхэнд ховорхон төрсөн тулаант гэсэн төрөл жанраар “түрий барьсан” бол, “Хоёр хоёрын тав”, “Намрын синдром”, “Болсон явдал” зэрэг бүтээлүүд чихэнд хоногштол сурталчилгаагаа цацан, уран бүтээлчид нь нийтээр хошуурах болсон хайр дурлалын сэдвийг сонгож, нэрийг нь ч чих сортойлгом содноор өгсөн байх жишээтэй.
Харин “Хүний хүүхэд” тэднээс тэс өөр. Цаанаа л хүйтэн хөндий сонсогдох нэрэнд нь татагдан эл киног үзсэн хүн байхгүй гэдэг нь эргэлзээгүй. Түүнчлэн сэтгэл зүйн бүтээлүүд тэр бүр хүмүүсийн сонирхлыг татах цөөн. Тэр тусмаа тулаант, адал явдалт, зөгнөлт, инээдмийн гээд үйл явдлын хурц шийдэл, өгүүлэмж, агуулгаараа бүх наснынхны анхаарлыг татдаг бүтээлүүд хэдэн арваар төрж байхад сэтгэл зүйн драмын дэлгэцийн бүтээл үзэгчдийн байлдан дагуулж, ашиг орлого олох нь ховор. Гагцхүү бодит явдлаас сэдэвлэсэн гэх тодотгол нь л муугүй пи ар болж мэднэ. Гэхдээ энэ бүх эрсдлээс эмээлгүй цаг хорин минут үзэгчдийг дэлгэцийн ард суулгана хэмээн зориг гаргасны учрыг тайлъя.

Амьдралын симфони хэрхэн эгшиглэдэг вэ?
Үлгэр ингэж эхэлдэг. 1970 он, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуухан бүсгүй Нарангэрэл хөл хүнд болсноо мэднэ. Харамсалтай нь түүний сэтгэлт залуу сураг чимээ тасарсан тул бутач хүүхэд төрүүлэн, хэрэгт дуртай олны ярианы гол сэдэв болохоос эмээхдээ амиа егүүтгэхээр шийдэх боловч ангийн найз Анхбаяр нь тааралдсанаар шийдвэрээ өөрчилнө. Цэргээс халагдаад удаагүй байсан Анхбаяр хөөрхий бүсгүйд туслан, хайр сэтгэлгүй боловч түүнтэй гэрлэж, хүүг нь харж халамжлахаар тохиролцсоноор кино өрнөв. Харамсалтай нь тэдний амьдрал санасан шиг нь сайхан өрнөсөнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ дассан ч “хүний хүүхэд”-ийн хүйтэн сэтгэл тэдний хооронд томоос том хана хэрэм босгосноор үйл явдал туйлдаа хүрдэг.

Цагаа олж төрсөн бүтээл
“Жинхэнэ монгол эр хүн” гэх өгүүлбэр нэгэн цагт бахархал болж байлаа. Эр хүнийг магтан дуулсан уран бүтээлүүд ар араасаа хөврөн гарч байсан бол сүүлийн арваад жилд эмэгтэйчүүдийн бие даасан байдал, эрх чөлөөг магтсан уран бүтээл хит болж байх жишээтэй. Эр хүнийг үнэлэх үнэлэмж буурч, тэднийг адлах болсны захын жишээ энэ. Чухам яг энэ үед эр хүний ноён нуруу, ууч сэтгэл, холч ухаан, сэтгэлийн хатыг магтан дуулсан тул “Хүний хүүхэд” кинонд “А” гэсэн үнэлгээ өгөх нь зүйтэй. Зохиолын гол өгүүлэх санаа энэ байсан ч жижиг хэсгүүдээс өнөө цагийнханд үлгэр жишээ болохуйц олон зүйлийг харж болно. XXI зууны бүсгүйчүүдэд инээд наргиа мэт санагдах эмэгтэй хүний журамтай, үнэнч байдлыг эл кинонд тод дүрслэх бөгөөд, зөвхөн нэг насны амьдралаа холбох хүнтэйгээ л дотно харилцаа тогтооно гэсэн хатуу чанд үзлийг ч тод гаргажээ.
Киноны бас нэгэн сонирхолтой шийдэл бол зохиолд хурц зөрчил, эсрэг дүр гэж үгүй. Амьдралын эрхээр хайрт бүсгүйгээ хөл хүнд байхад нь орхисон Очироо ч киноны төгсгөлд хүүгийнхээ ирээдүй, Анхбаярын сайхан сэтгэлийг өөрийн жаргалаас илүүд үзэж байгаагаар энэ кинонд хоёр ч эр хүний уужуу холч ухаан, сэтгэлийн хатыг харуулжээ.
Мэдээж кино төгс сайн байгаагүй. Хэлэх гэсэн санаа, агууламжийн хувьд сайн байсан ч хийц, жүжиглэлт муутай байсныг дурдах нь зүйтэй.

Зохиогч, найруулагч: Б.Амарсанаа
Гол дүрүүдэд: Гавьяат жүжигчин Б.Дашдондог, жүжигчин Т.Ариунбулаг, Д.Сүхээ
Төрөл: Сэтгэл зүйн драм
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 20 минут

Tuesday, May 3, 2011

Саймон Коуэлл: Франкштейн болчихсон юм шиг санагдах юм


“Бардам, их зантай атлаа үнэ цэнэтэй” гэсэн тодотголоор нь америкчууд түүнийг андахгүй. “Авьяаслаг америкчууд”, “Америкийн шүтээн”, “X Factor” тэмцээний шүүгч Саймон Коуэллээс ихэнх оролцогч эмээдэг. Харин тэр юунаас эмээдэг бол. Энэ тухай болон түүнийг “Америкийн шүтээн” нэвтрүүлгээ яагаад орхих болсон гээд олон сонирхолтой асуултад хариу авахаар Пирс Морган түүнийг нэвтрүүлэгтээ урьжээ.

-Намайг телевизэд хөтөлсөн хүн бол яах аргагүй Саймон Коуэлл. Тиймээс ч бид өмнө таны хэзээ сонсож, уншиж байгаагүй зүйлсийн тухай ярилцах гэж байна. Соймон Коуэллийг олон хүн “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь мэднэ. -Энэ гайхалтай биш гэж үү?
-Миний үгийг таслахгүй байж болох уу? -За за тэгвэл нэвтрүүлгээ дахиад эхэлье.
-Энэ таны студи биш, миний нэвтрүүлэг шүү. -Дуугаа өндөрсгөх хэрэггүй ээ. Дахиад нэг эхэлчихье. Гурав, хоёр, нэг.
-Та мангасуудыг бэлтгэдэг гэдгээ мэдэх үү. Таныг байгаагүйсэн бол би өдийд энд сууж байхгүй байсан. -Намайг мессеж бичсэний дараа телевизэд ажиллахаар шийдсэн гэж үү. Тэр чинь нэг жилийн өмнө байх аа.
-Үгүй ээ. Түүнээс ч өмнө телевизийн сэтгүүлч болохоор шийдсэн. “Авьяаслаг америкчууд” шоу ид шуугиан тарьж байх үед та надад шүүгчээр ажиллах санал тавьж байсныг би огт мартдаггүй. Тэр үед хэн ч намайг таньдаггүй, мэдэггүй байсан хэдий ч та надад боломж олгосон. Эхний хэдэн нэвтрүүлгийн дараа та над руу мессеж бичиж, “Франкштейн болчихсон юм шиг л санагдах юм” гэсэн. -Тэр үнэн шүү. Яг л мангас шиг.
-Та анх нэвтрүүлгүүдээ Их Британид цацсан. Яагаад заавал америкийн шүтээнийг эрсэн юм бэ. Эндэхийнхэн юугаараа ялгаатай вэ? -Яг нэвтрүүлгийн гүнд нь орохгүй бол нарийн ялгааг нь ойлгохгүй л дээ. Би өөрөө ч үгээр илэрхийлж чадахгүй байна. Үзэгчид ч энэ ялгааг анзаардаггүй байх.
-“X factor”, “Америкийн шүтээн” хоёр юугаараа ялгаатай юм бэ? -“X factor”-ийн оролцогчид 12 настай байж болно. Эсвэл бүр түүнээс ч хөгшин байхыг зөвшөөрдөг. Энэ нэвтрүүлгийн оролцогчдод насны хязгаар гэж үгүй. Бид бүр нэг удаа 100 настай оролцогчийг хүлээн авч байсан. Бас оролцогчдын хувьд нэг хүн, эсвэл хамтлаг, бүр бүлгээрээ оролцсон ч болно. Түүнчлэн шүүгчдийн хувьд зөвхөн үнэлгээ тавиад зогсохгүй зөвлөх, багш нь болдгоороо “Америкийн шүтээн”-ээс ялгаатай.
-Таны нэвтрүүлэг Их Британид богино хугацаанд их зүйлийг өөрчилсөн. Бүр “Америкийн шүтээн”-ий гаргаагүй амжилтыг үзүүлсэн. Америкт “X factor” нэвтрүүлгийг явуулах бодол бий юү? -Энэ нэвтрүүлэг “Америкийн шүтээн”-ээс их өөр. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Би нэг удаа Шотландад хийж үзсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө юм байна. Нэвтрүүлгийн хувьд ялгаагүй л ширээний ард гурван шүүгч сууж, оролцогчид авьяасаа сонирхуулах жишгээр үргэлжилсэн. Гэхдээ тэнд огт амжилт олоогүй. Тиймээс би тэр даруй нэвтрүүлгээ хаасан даа. Тиймээс би дахин ийм оролдлого хийхгүй гэж бодож байна. Энэ бол хэтэрхий аз туршсан, үргүй зардал гаргасан явдал гэдгийг тэгэхэд бүрэн ухаарсан учраас тэр.
-Нэвтрүүлгийн тань гол зорилго юу вэ? -Амьдралдаа хэзээ ч тайзан дээр гарч байгаагүй хүмүүсийн анхны тоглолтыг хийх нь бидний гол зорилго. Тиймээс нэвтрүүлгийн зураг авалт бүрт 3000-4000 оролцогч цуглачихсан, шуугилдаж байдаг. Энэ нь тухайн нөхцөл байдлыг сонирхолтой болгодог ч олон хүн үүнийг жинхэнэ гамшиг гэж боддог юм билээ. Хэрэв та Даниел Жонсоны клипийг үзсэн бол миний зорилго хэрхэн биеллээ олж байгааг ойлгох болно. Тэр жирийн л нэг иргэн байсан бол одоо уран бүтээлч бүр дуулиан дэгдээж, олны анхаарлыг татсан нэгэн болж хувираад байна.
-Та анх харсан даруйдаа л оролцогчдоо дуучин болж чадах уу үгүй юү гэдгийг тодорхойлж чаддаг уу? -Оролцогчдоо сая сая үзэгчдийн анхаарлыг татсан тоглолт үзүүлж чаддаг нэгэн болгохыг л бид хүсдэг. Тиймээс бид юун түрүүнд барианд хэрхэн хүрэх вэ гэдгийг нь чухалчихдаг. Үзэгчдийн байлдан дагуулах чадвар. Энэ бол хамгийн чухал хүчин зүйл. Хэчнээн авьяастай ч үзэгчдийг байлдан дагуулах чадваргүй гэсэн шалтгаанаар бид их олон, магадгүй хэдэн мянган удаа “Тэнцэхгүй” гэсэн хариултыг өгсөн байх.
-Хэн ч мэдэхгүй нэгнийг дуучин болгож, өөрийн хөрөнгөөр тоглолтыг нь зохион байгуулна гэдэг их аз туршсан хэрэг. Олон хүн таныг хөрөнгөө багтааж ядсан нэгэн гэж үздэг болсон. Та яагаад ийм зүйл хийдэг юм бэ? -Би их хөрөнгө цуглуулсан хүн. Та ч үүнийг мэднэ. Бас их хөрөнгө зарлагаддаг. Үүнийг өнгөрсөн есөн жилийн турш хийсэн ажил маань харуулах байх. Гэхдээ би хөрөнгөө багтааж ядсандаа биш, продюссер гэдэг миний хамгийн дуртай ажил болохоор л үүнийг хийдэг юм.
-Их хөрөнгө төлсний эцэст хэнд ч хэрэггүй сармагчинд зарцуулснаа мэдэх хамгийн гунигтай хэрэг байх, тийм үү? -Тийм шүү. Гэхдээ би тэр тухай удаан бодож өөрийгөө шаналгадаггүй.
-Үгүй дээ. Миний хэлэх гэсэн санаа бол та заримдаа өөрийгөө ч удирдах чадваргүй болсон харагддаг. Та яг л амьтны хүрээлэн дэх сармагчин аашилж байгаа харагддаг. Гэхдээ хамгийн ухаантай сармагчин нь л даа. -Би хэзээ ч хэлэх ёсгүй үг сонсчих шиг боллоо.
-Харин би хэлэх ёстой гэж бодож байна. Та яг л сармагчин шиг аашилдаг шүү дээ. -За яах вэ би сармагчин болъё.
-Миний хэлэх гэсэн санааг та ойлгож байгаа шүү дээ. Та “Авьаслаг америкчууд”, “X Factor”, “Авьяаслаг британичууд”-ыг шүүж байх үедээ удирдлагаа алддаггүй. Харин “Америкийн шүтээн”-ийг шүүж байхдаа их хачин авир гаргаад байдаг. -Тэр чинь л надад тулгардаг гол бэрхшээл байсан юм. Миний хувийн зан араншин дэндүү их гарчихдаг болохоор “Америкийн шүтээн”-ийг шүүх надад анхнаасаа огт таалагдаагүй. Гэхдээ үүнд нэвтрүүлгийнхний буруу байхгүй л дээ. Би өөрөө л арай өөр зүйл харуулахыг хичээдэг байсан болов уу.
-Таны дэлхийн хэмжээний од болгосон нэвтрүүлгийг орхих мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ? -Миний сэтгэл их шаналсан шүү. Би тэгнэ гэж огт бодоогүй. Сайхан дурсамж бүхнийг минь шингээсэн нэвтрүүлгээ орхиход сэтгэл их өвдсөн. Их олон хүн “Нэвтрүүлгээ хөндлөнгөөс үзэж суухад ямар байна вэ” гэж асуусан. Харин би тэр бүрийд “Би одоо ч нэвтрүүлгийнхээ нэг хэсэг байсаар л байгаа” гэж хариулдаг. Келли Кларксоныг нийтэд танилцуулж, Керри Андервуд студид орж байсан гээд л энэ нэвтрүүлгийг амжилтад хүргэсэн их олон мөчийг би бүтээлцсэн. Тиймээс би одоо ч энэ шоуны салшгүй нэг хэсэг хэвээр. Тиймээс хааяа нэвтрүүлгээ үзэж байгаа.
-Тэр шөнө нулимс унагасан уу? -Унагасан.

Эрх чөлөөний төлөөх эргэцүүлэл




Америкийг өөрчилсөн номын жагсаалтад аман хүзүүддэг номын зохиогч Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжиг Монголд анх удаа. Та ч бас үдэш бүр телевизийн нэвтрүүлгүүдийн завсраар цацагдаж буй эл сурталчилгааг үзсэн байх. Өвөрмөц сурталчилгаа, гүн ухааны гэсэн тодотгол нь өөрийн эрхгүй “Од” театрыг зориход хүргэлээ.

Философичийн “философигүй” бүтээл


Нэгэнт л гүн ухааны жүжиг үзэх гэж байгаа тул бэлтгэл хэрэгтэй. Ашгийн төлөөх, үзэгчийг зугаацуулах төдий үүрэгтэй бүтээлүүд алжаал тайлдаг бол сэтгэл зүй, гүн ухааны жүжгүүд ар араасаа хөвөрсөн бодолд хөтөлж, амраах биш ядраачих талтай. Гэхдээ мэдээж энэ нь үзэгчийн хэрхэн хүлээж авах, зохиолч, найруулагчийн хэлэх гэсэн санааг хүлээн авах бэлтгэл хэр хангагдсан байгаагаас хамаарна. Гүн ухааны бүтээлүүдийн коммершлоос ялгарах гол хүчин зүйл нь тэр ч байж мэдэх юм.
Зохиолч, философич Айн Рэнд буюу Алиса Зиновьевна Розенбаум “Эх сурвалж” болон “Мөр дарсан Атлант” зохиолоороо дэлхий дахинаа танигдсан байдаг. Санкт-Петербург хотноо төрж, амьдралынхаа ихэнх хугацааг Америкт өнгөрөөн, Нью-Йорк хотноо нас барсан тул түүнийг дээрх хоёр орон “өмчилдөг”. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг гүн ухааны бүтээл туурвихад зориулсан түүнийг өөд болсноос хойш “Айн Рэндийн залуу нас” гэх ном эмхэтгэн гаргасан бөгөөд “Сайтар эргэцүүл” жүжгийн зохиол уг номонд багтсан байдаг аж. Жүжгийн зохиолыг нь нууцлаг аллагын тухай хэмээн тодотгосон философич Леонард Пейкоффт тэрбээр “Нууцлаг зүйл тэр тусмаа учир битүүлэг аллага гэж байх боломжгүй. Учир нь хохирогч юуны золиос болсныг хэзээ нэгэн цагт хүмүүс олоод мэдчихдэг. Тиймээс миний жүжгийн зохиолд нууцлаг зүйл үгүй” хэмээн тайлбарласан байдаг. Үүгээрээ зохиолч өөрийн бүтээлээ гүн утга агуулгатай жүжиг биш хэмээн зарласан байдаг.

Инээд дагуулсан үхэл

Нээлтээ хийснээс хойш арав гаруй хоносон ч үзэгчдийн суудал хэдийнэ дүүрчихсэн байв. 200 орчим хүний багтаамжтай болов уу гэмээр “Од” театрын үзвэрийн танхимыг улаан өнгөөр гоёж, тайзыг XVIII зууны Европын байшин болов уу гэлтэй засчихаж. Үзвэрийн танхим зай багатай ч үзэгчдэд жүжгийг алган дээр тавьсан мэт тод харах боломж олгож байгаа нь давуу тал гэмээр. Тэр тов тодхон харагдах тайзан дээр зохион бүтээгч, физикч Уолтер Брекенрижийн төрсөн өдрийн баярын арга хэмжээ өрнөснөөр нэгдүгээр үзэгдэл эхэлнэ. Өнгөн дээрээ эелдэг зөөлөн аашлах боловч угтаа өөрийнхөө төлөө бусдын эрх ашгийг хохироож, авьяас, хөдөлмөрийг нь шулан мөлжиж буй физикчийн үнэн төрх жүжгийн үйл явдал өрнөх тусам тодорхой болж, удалгүй буун дуу тасхийн, ноён Брекенриж цэцэрлэгтээ бусдын гарт амь үрэгдсэнээр жүжгийн үйл явдал өрнөнө. Түүний төрсөн өдөрт эхнэр Хелен, туслах Стив Ингальс, найз Сергей Сукин, өргөмөл хүү Билли болон түүний багш, харуул Харвей Флеминг, театрынх нь жүжигчин Адрин Ноулэнд, Тони Годдард нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэд бүгд аллагад сэжиглэгдэнэ.
Үхлийн талаарх мэдээ сонссон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Сонирхолтой нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, хүн төрөлхтний төлөө өөрийн бүтээл, мэдлэгээ зориулсан гэх ноён Брекенрижийн үхэлд Сергей Сукинээс бусад нь үл харамсана. Зарим нь бүр дуу аялж, инээд алдан, гэмт хэрэгт холбогдох гэж буйгаа ч үл хайхран баярлаж байгаагаа бусдаас үл нууна.

Тайлал, төгсгөл… Тэгээд бас эргэцүүлэл

Хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн олонх нь ноён Брекенрижийг хороох боломжийг алдахгүй байснаа ам уралдан ярих нь мөрдөгчийг бүр ч төөрөгдүүлж орхино. Тэр эртний танил Стив Ингальс нь энэ хэрэгт холбогдсон байх магадлалтайг илчлэх эд мөрийн баримт олох хэдий ч түүнийг ийм гэнэн алдаа гаргахгүйг мэдэх тул алуурчныг хайсаар л… Эцэст нь тэр эцсийн шийдэлд хүрч, Сергейг үхэлд буруутгах боловч, коммунист тагнуулч тэрбээр амиа егүүтгэснээр хэрэг хаагдав.
Энэ хэрэг хоёр ч хүний амийг авч одсон боловч Уолтероос болж тэргэнцэрт насаараа хадагдах дөхсөн Билли, өөрийн авьяасыг хий дэмий үрэхгүйг хичээх боловч эелдэг дөлгөөн зангаар халхавч хийж, дайснуудаа өөртөө үл ойртуулах ноён Брекенрижийн хүслээр хэнд ч хэрэггүй хүн болон хувирсан Адрин, хүсэл мөрөөдөл, хүүг нь хүртэл өөрийн болгосон физикчид насаараа зүтгэж буй Харвей, чадварыг нь зөвхөн өөрийн тусын тулд ашиглаж, зорилгыг нь салхинд хийсгэж буй эзэндээ хорсох Томи зэрэг олон хүнийг баярлуулна.
“Төгс аллага гэж үгүй. Хурууны хээтэй буугаа хохирогчийн дэргэд орхиж, татсан тамхины ишээ ч тэнд хаясан нь хэрэгтэн хэчнээн гэнэн, болхи хүн болохыг батална” хэмээн дахин дахин давтаж байсан мөрдөгчийн үг тодоос тод санагдсаар байх жүжгийн төгсгөлийн үзэгдэл. Стив Ингальс хайрт бүсгүй Адриндаа хэргийн бүх учрыг тайлж, “Болхи бүдүүлэг байдал энэ аллагыг төгс болгосон юм. Хүн төрөлхтний төлөө хамгийн хямд эрчим хүч нээсэн, түүнийгээ нийтийн өмч болгоно хэмээн цээж дэлдэж байсан ноён Брекенриж үнэндээ зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн хүн төрөлхтнийг мөхөлд хүргэхээс ч буцахгүй аюултай алхам хийх гэж байсан” хэмээн хийсэн нүглийнхээ учрыг тайлбарлана.

Эрх чөлөөний үнэ цэнэ

Сайтар эргэцүүл. Эрх чөлөө гэж чухам юу юм бэ. Эрх чөлөөний үнэ цэнэ юунд байдаг вэ. Хүний мөс, хуурамч төрх, эелдэг зан гэдэг хэчнээн аюултай зэвсэг болохыг ноён Брекенрижийн үйлдлээр дамжуулан гаргасан зохиолч Айн Рэнд эл жүжгийн зохиолоороо үхэл амьдрал, үнэн худлын зааг, нинжин сэтгэл, нийтийн хэвшмэл ойлголт гээд л олон талт асуудлыг хөндсөн. Харин гавьяат жүжигчин, тус жүжгийн найруулагч Д.Сосорбарам эрх чөлөөний үнэ цэнийг илүүтэй харуулахыг зорьсон гэдгээ төгсгөлд нь онцолсон.