Thursday, April 12, 2012
Бид хоцрогдсон улс биш
“Америкт нээлтээ хийсэн даруйдаа л Iphone 4G Монголын хилийн дээс алхсан. Аа гэхдээ аналоги нь гарахгүй хагас жил болсон” хэмээн та үгүйсгэх гэж байна уу. Тэгвэл түр азна. Би ганцхан ишлэлээр Монгол соёлын хоцрогдолд орсон улс биш гэдгийг баталъя. “Microsoft” компанийн Windows C++ програм хангамжийн тестинг хэлтсийн дарга Л.Бат-Өлзий: Мэдээллийн технологийн хөгжлөөр Монгол улс хоцрогдохгүй байгаа гэдгийг долоон жилийн дараа эх орондоо ирснийхээ дараа мэдэрлээ. Саяхан нэгэн танилынхаа гар утас руу залгатал “Таны залгасан дугаарыг хэрэглэгчийн утас тэжээлээс салсан байна” гэж байна. Өнөөдөр ч барууны хөгжингүй орнуудад үүрэн телефоны операторууд нь хэрэглэгчийнхаа гар утас холбогдох боломжгүй байгаа шалтгааныг ийм дэлгэрэнгүйгээр тайлбарладаг үйлчилгээ нэвтрүүлээгүй байгаа.
Дунд сургуульд үздэг түүхийн хичээл, танин мэдэхүйн сувгуудаар хаа нэг гарах хөдөөгийн эгэл боргил амьдралаар Монголыг төсөөлөх гадаадуудын адил эх орныхоо хөгжил дэвшилд эргэлзэгчид, уран зохиолын хичээлийн багшийн уншиж өгч байсан Д.Нацагдоржийн өнгөрөгч мянганы эхээр бичсэн “Соёлыг гайхав” өгүүллэгээр элэг нэгтнүүдээ барагцаалагчдын үзэл бодлыг үгүйсгэх олон жишээ би дурдаж чадна. Тэднээс саяхныхыг нь онцолбол IPTV.
Хэдийгээр ABC телевизийн “World News Now” нэвтрүүлэг 1994 онд интернэтээр хэрэглэгчдэд хүрч, цахим сүлжээ телевизийг нэгтгэсэн цогц шинэ үйлчилгээний суурийг тавьсан хэмээн түүхийн хуудаснаа бичсэн байдаг ч өдгөө энэ салбарын луухгаруудын нэг болоод буй AT&T гэхэд 2006 оноос л “Өргөн зурвасын сүлжээний телевиз” буюу IPTV-ийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн байдаг. Харин энэ үйлчилгээ Монголд нэвтрээд хэдийнэ нэг жил болчихож.
Яагаад заавал IPTV гэж?
Хөгжингүй улс орнуудын иргэд анхдагч хэрэгцээндээ төдийлэн санаа зовохоо больж. Тиймээс ч сүүлийн үед тэд суурин соёл иргэншлийн өвчин хэмээгддэг стрессээс ангид байх арга, тав тух гэх асуудалд анхаарал хандуулах болсон. Түүний нэг илрэл нь IPTV. Кабелийн үйлчилгээ байхад бид олон орны мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хүссэн зүйлээ зурагтаар үзчихээд л байдаг. Гэхдээ хүссэн үедээ зогсоож, ухрааж, хэдийнэ гараад өнгөрсөн нэвтрүүлэг, хөлбөмбөгийн тэмцээний алтан гоолуудыг дахин үзэх, гэнэтийн арга хэмжээнээс болоод үзэлгүй өнгөрөөсөн дуртай цувралаа нөхөж үзэх боломжоор хязгаарлагдмал. Хэрэв цуврал тань маргааш нь давтдаггүй, хайртай багийн чинь амжилтыг спорт нэвтрүүлгүүд тоймлон харуулахгүй бол бүр боломжгүй гэсэн үг.
Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн. Яагаад ч юм бэ дуртай киноныхоо төгсгөлийг тэсэн ядан хүлээж суух өдөр амьдралын нөгөө гэнэтийн зүйлсийнх нь нэг отож байсан юм шиг л гарч ирэх тохиолдол цөөнгүй. Зарим үед бүр сонирхол татсан киноны тэр л хэсгийг үзэх оролдлого хоёр, гурван удаа ч бүтэлгүйтэх нь бий. Хүмүүсийн энэ л хэрэгцээнд тулгуурласан IPTV хүчээ авч, телевизийн технологийн шинэ ололт шуурга шиг л түгэж буйн учир тэр.
Амралтын өдрөө дуртай киногоо үзэж алжаал тайлахыг илүүд үзэгчид олон. Цахим ертөнц дэх зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэлд хатуу хяналт тавих болсон өнөө цагт HD формат бүхий кино, нэвтрүүлэг зэрэг видео контентуудыг хүссэн үедээ ашиглаж болдог нь IPTV-ийн бас нэгэн давуу тал. Зөвхөн дүрс төдийгүй дууны хувьд ч Dolby Digital форматтай тул та гэртээ гэрийн кино театртай бол кино театрт байгаагаас ялгаагүйгээр зурагтаа үзэх боломжтой.
Өглөө гараад л замын түгжрэл, утаа гээд суурин соёл иргэншлийн өвчинд тань нэмэр хачир болох зүйлс дээр дуу, дүрсний чанар муутай сувгууд дахин бүү нэрмээс болог. Видео сан дахь бичлэг сайтай контентуудын адилаар телевизийн сувгуудыг ч нүдээ өвтгөхгүй үзэж, бүр зарим сувгуудыг гурван хэмжээст форматаар дэргэдээ байгаа юм шигээр үзэх боломжийг “Univision” танд олгож буй. Одоогоор “Fashion” телевиз гурван хэмжээст дүрслэлээр нэвтрүүлгээ цацахаар бэлтгэлээ хангачихаад өдрийн тодорхой цагуудад үзэгчдийг загварын ертөнцтэй 3D дүрслэлээр танилцуулж байгаа. Цаашид томоохон сувгууд ч энэ жимээр үзэгчдэд хүрэхээр хэдийнэ ханцуй шамлачихаж.
Яагаад заавал “Univision” гэж?
Одоогоор IPTV үйлчилгээг эрхэлж буй цорын ганц компани бол “Univision”. Тэд сүүлийн үеийн дэвшилтэт шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжуулан интернэт, суурин утас, телевизийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлдэг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл хотын газар доогуур хилийн урттай тэнцэх хэмжээний (2.7 сая метр) шилэн кабель татсан өгөгдөл дамжуулах хүчин чадал өндөр тул интернэтийн хурдны хязгааргүй эрх чөлөө, өндөр нягтралтай сувгуудыг дамжуулахад ямар ч алдагдал хүлээхгүй байх чадвартайгаараа ойролцоо үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас онцгойрч байгаа юм.
Тиймдээ ч суурин утсаараа дүрсээ харж ярих төдийгүй мессеж бичиж, дуудлага хадгалах, “Unimusic”-ийг ашиглах зэрэг гар утсанд байдаг өргөн хэрэглээний нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой. Кабелийн телевиз, интернэтийг зэрэг ашиглах боломжтой үйлчилгээнүүд зах зээлд шинээр нэвтэрсэн ч, IPTV-тэй адил хүссэн үедээ нэвтрүүлгүүдийг зогсоох, бичих, өмнөх өдрүүдийн кино, нэвтрүүлгийн нөхөж үзэх нэмэлт үйлчилгээг зөвхөн “Univision”-оос авах боломжтой.
Сар бүр хувьсан шинэчлэгдэх мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг цаг алдалгүй үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорилго болгон ажиллаж буй компани байгаа болохоор бид хоцрогдсон улс биш. Цаашдаа ч хөгжингүй орны хэрэглэгчдээс үл хоцрон мэдээ мэдээлэл, технологийн дэвшлийг хүлээн авах болно. Тэд амласан.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих өнөөх л улиг болсон уриа лоозонг дахин нэг хадъя. Угтаа эх орон нэгтнүүдээ дэмжихийг үнэ цэнийг хэдийнэ анзаарчихсан болохоор улиглал биш, урагшлал гэж хүлээн авах болсон. Тиймдээ ч үндэсний гэсэн тодотголтой үйлчилгээ нэгээр нэмэгдсэнийг алга ташин хүлээн авах биз. Монгол инженер, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлээр гэрийн тань хойморт гэрэл гэгээ нэмэх тус компанийг онцлохын учир тэр.
Цахим сүлжээний хувьд ч утаснаас хараат бус нэг дор хэдэн ч төхөөрөмжөөр интернэтэд холбогдож болдог Wi-Fi орчныг үүсгэдгээрээ танд гэрийнхээ хаана ч тухлан ажлаа амжуулан, виртуал ертөнцтэй холбогдох боломжийг олгож буйгаараа давуу. Зохиогчийн эрхийг дээдэлж, телевизийн сувгуудыг албан ёсны зөвшөөрөлтэй нэвтрүүлж байгаа гээд тус компанийн давуу талыг дурдвал багагүй урт жагсаалт гарах тул онцлох, хэрэглэгчдийн эрэлтэд хамгийн их нийцэх давуу талуудыг л онцоллоо.
Анхдагчид харьцангуй их эрсдэл хүлээдэг. Тиймдээ ч анхдагчдад хэзээд хүмүүсийн сэтгэлд ойр байдаг биз. Нийслэл хотын дэд бүтцийн асуудалд нэмэр болж, Монгол Улс зохиогчийн эрхийг дээдэлдэг гэдгийг харуулсан, телевизийн технологийг тоон системд шилжүүлэх эхлэлийг тавьж, энэ салбарын хөгжлийг дэлхийн жижигт хүргэсэн гээд “Univision” компанийн ололт олон байх. Долоо хэмжиж, ганц л огтолсон анхдагчид тэдний араас олон олноор төрөн гарах болтугай. Анхдагчид мандтугай.
Супер хүнс өндөг
Зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хэмээн ад үзэж байсан кофе харин ч эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд баталж, кофены рейтингийг эрс өсгөсөн. Түүний араас өндөг орж мэдэх нь. Харшил сэдрээдэг хэмээн эмч нарын ихээр идэхгүй байхыг сануулдаг байсан өндөг харин ч хамгийн ашигтай хүнс байж мэдэх юм хэмээн Их Британийн эрдэмтэд сануулж байна.
Амин дэм, эрдэс бодис уургаар баялаг өндөг үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэгэхээр амархан муудаж, хордлогын эх үүсвэр болдог хэмээн ад үздэг байсан өндөг супер хүнсний жагсаалт руу анги дэвших цаг ойрхон байж мэдэх нь.
Та ч бас миний адил өглөөний хүнсэндээ өндөг хэрэглэдэг юм биш биз? Ялангуяа шарыг нь шүүрхий болгож, зөөлөн гал дээр чанасан өндөг хамгийн тэжээллэг, амин дэмтэй хоол тул та энэ зуршлаа цаашид орхихгүй байхыг зөвлөе.
Холестрол ихтэй, зүрхний өвчин тусах үндэс болдог, сальмонелл нян агуулдаг гээд л тахианы өндгийг жижигхэн цагаан тэсрэг бөмбөг адил үздэг байсан цаг саяхан. Британийн эрдэмтэд сальмонеллийг аюултай нян биш хэмээн тогтоосон 1998 оны судалгаанд алга таших нь зүйтэй. Энэ цагаас л өндгийг жижигхэн тэсрэх бөмбөг гэх ойлголтыг өөрчилж эхэлсэн. 2010 онд насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулахад өндөг бие дэх холестролын хэмжээг нэмэгдүүлдэггүй болохыг нотолсон. Ялангуяа түүнийг тэжээллэг, амин дэм, эрдэс бодис ихтэй болохыг баталсан ар араасаа хөвөрсөн нээлтүүд хүн төрөлхтнийг өндөгний талаарх бодлоо эргэн тунгаахад хүргэсэн юм. Тиймдээ ч XXI зуунд цагаан хоолтнуудаас бусад нь өндгийг бөмбөг биш бэлэг хэмээн талархан хүлээн авах болжээ.
Тэгэхээр одоо хоолны цэсэн дэх өндөгтэй хоолыг супер хоол гэх ангилалд багтааж болно. Өндгөнд агуулагдах эрдэс, амин дэм цэцэгт байцаа, нэрс, бразил самартай адилхан. Дундаж хэмжээтэй тахианы өндөг 6.8 гр уураг агуулдаг. Тэр ч байтугай өндөгний шар болон цагаан дахь уураг эмэнд найрлагад ордог бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. В амин дэм, фолийн хүчил, төмрөөр баялаг гэх тодорхойлолт ч түүнд хамаатай. Хамгийн чухал нь ногоон дахь амин дэм гүйцэт болгосны дараа үйлчилгээ нь алдагддаг бол сайтар болгосон өндөг тэжээллэг чанараа огт алддаггүй байна. Тэгэхээр түүхий өндгөн дэх эрдэм бодис болсон хойноо ч хүний биед сайн шимэгдэж, жимс ногооноос илүү үр дүн үзүүлдэг аж.
Түүгээр барахгүй найрлаган дахь антиоксидант нь нүдний болорыг хамгаалдаг, үрэвслээс сэргийлдэг болохыг саяхны судалгааны үр дүн харуулж байна. Эрдэмтдийн баталснаар маалингын үрээр хооллосон тахианы өндөг өөхний хүчил ихтэй байдгаас гадна бидний тэр бүр хүнсэндээ хэрэглэдэггүй загасны тостой найрлагаар ижил байдаг учраас загастай төстэй амттай байдаг гэнэ.
Хэргийн эзэн цай
Долдугаар сарын 17-нд нээлтээ хийх Олимпын наадмыг зохион байгуулагчдыг Британийн эрдэмтдийн судалгааны үр дүн тэвдүүлээд байна. Хэдхэн хоногийн өмнө нийтэд үр дүнгээ танилцуулсан уг судалгаа ногоон цай допингийн шинжилгээний хариунд нөлөөлөх магадлал өндөр болохыг харуулжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар ногоон цай ууснаар цусан дахь тестостерон дааврыг “нуудаг” аж.
Цайг Хятад болон Энэтхэгийн хойд хэсгээс гаралтай хэмээн түүхчид үздэг ч яг хэдийнээс хүн төрөлхтөн эм болсон энэ идээг хэрэглэж ирснийг өнөө хэр нарийн тогтоож чадаагүй байна. Одоогоор олдсон баримтаас харахад цайг хүн төрөлхтөн НТӨ 10 зууны үед хэрэглэж байжээ. Тэгэхээр Тан гүрний үед нийтийн хэрэглээ болсон цай бидэнтэй багаар бодоход 3000 жил нөхөрлөсөн байх нь.
Сонирхолтой нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрт цагаан, ногоон, шар, хар гэх төрөл бүрээр тархаж, өдөр тутмын хэрэглээ төдийгүй эмийн жор найрлагад багтсан цайны ид шидийг бид өнгөрсөн гурван мянганы хугацаанд бүрэн тайлж чадаагүй байх юм. Тиймдээ ч гэнэтийн энэ нээлт Лондоны Олимп зохион байгуулагчид, тэр дундаа Допингийн асуудал хариуцсан багийнхныг сандаргаж дөнгөжээ.
Одоогоор туршилт зөвхөн лабораторийн нөхцөлд л ийм үр дүн харуулж байгаа бөгөөд Британийн эрдэмтэд хүн бүрт ижил нөлөөлөх эсэх тодорхой хэлж чадахгүй байгаа ч, цөөнгүй мэргэжилтнүүд Олимпын шинжилгээний аргыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хөгшрөлтийг удаашруулж, дархлааг сайжруулан, хавдар, зүрхний өвчнөөс хамгаалах шидтэй цайг Лондон дахь Кингстоны их сургуулийн Деклан Наутоноор ахлуулсан багийнхан судалж эл дүгнэлтийг гаргасан аж. Тэд ногоон болон цагаан цайг тестостерон даавар дээр нэмсэний дараа сорил хийсэн байна. Сонирхолтой нь сорилын дүнд допингийн шинжилгээ хийхэд ашигладаг энзим дааврын хэвийн хэмжээтэй байна хэмээн тогтоожээ. Тэдний тогтоосноор цай тестостероны хэмжээг гучин хувь бууруулан мэдээллэсэн ч, дааврын үйлчилгээ мөн хувиар багасахгүй байгаа нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийнхны анхаарлыг татжээ. Энэ талаар тус агентлагийн шинжлэх ухааны хэлтсийг хариуцсан эрдэмтэн Оливер Рабин “Согтууруулах ундаа болон зарим хоол хүнс шинжилгээний хариунд нөлөөлдөг ч хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг цай ийм үр дүн харуулна гэдэг их сонирхол татаж байна. Эл судалгааны үр дүнгээс харахад бид шинжилгээний аргаа шинэчлэн сайжруулах хэрэгтэй болжээ. Түүнчлэн допинг илэрсэн хэмээн яаран мэдээллэхээс өмнө сорилын хариунд хоол хүнс, бэлтгэл сургуулилалт, өвчин эмгэ биеийн онцлог нөлөөлөв үү гэдгийг сайтар судлах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэжээ. Түүнчлэн лабораторийн судалгаа төдийгүй мэрэгч амьтдад хийсэн ижил төрлийн туршилт ч ижил үр дүн харуулсныг тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.
Эрдэмтдийн мэдээлж буйгаар допинг хэрэглэсэн хүний цусанд тестостерон дааврын хэмжээ 200-300 хувиар нэмэгддэг байна. Тиймээс Лондоны Кингс Коллежийн эмийн судалгааны төвийн эрдэмтэн Эндрью Кикмэн “Эл судалгааны дүн цайг хэрэглэхээ боль хэмээн анхааруулж буй хэрэг биш. Тэгээд ч допингийн сорилд нөлөөлөх байх хэмээн найдан цай ууж азаа турших тэнэг тамирчин үгүй байх гэж бодож байна. Хэрэв би тамирчин байсан бол тэмцээний өмнө есөн аяга цай уун гэдсээ цэрийлгэж, амжилтаа хойш нь татахгүй байх байсан” гэжээ.
Харин сонирхолтой судалгааныхаа талаар эрдэмтэн Наутон “Тестостероны сорилд нөлөөлдөг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн нь цай гэж үзэх үндэслэл алга” хэмээн сорилын багийнханд анхааруулж буй.
Пенсилванийн их сургуулийн допингийн шинжээч Чарльз Йесалис ч судалгааны үр дүн Олимпол нөлөөлөх эсэх талаар огт өөр бодолтой яваагаа мэдэгджээ. Тэрбээр “Тамирчид клиник туршилтын үр дүнг хүлээхгүй л болов уу. Тэд хэдийнэ ногоон цайны үр дүнг шалгахаар туршилт хийгээд эхэлчихсэн гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ. Йесалис тэргүүтэй допингийн талаар судалгаа хийдэг эрдэмтэд цаашид ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн сорилын хариуд нөлөөлдөг болохыг нийтэд зарлахгүй байх талаар санал гаргажээ. “Бидэнд тамирчдын юу идэхийг зааж өгөх хэрэг байхгүй” хэмээн тэрбээр ярилцлагадаа дурдсан байна.
Тэд ядарсан уу, задарсан уу
“Саарал ордны арын цэцэрлэгт нэгэн оюутан мөлхөж байхыг харсан сайд “Энд юу хийж яваа юм бэ” хэмээн асуухад оюутан “Өлсөөд өвс идэж байна” гэжээ. Тэгтэл сайд халааснаасаа бутархай мөнгө гарган сарвайж “Май энэ автобусны мөнгө. Зайсанд оч. Тэндэхийн өвс илүү шимтэй” гэв” Энэ мэтчилэн ядарсан оюутны тухай эртний онигоог эмхэтгэвэл хуруу зузаан ном элбэг болох биз. Азаар ч гэх үү, эзээр ч юм уу тун удахгүй шилжилтийн үеийн ширүүнд тэмцэж гарсан оюутнуудын тухай онигоог ойлгох хүн үлдэхгүй нь бололтой. Ядарсан оюутан гэдэг үг ядмагхан онигоо болж ч мэдэх нь.
Төрийн албан хаагчийн тухай хуульд гэр бүлийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах заалт бий.
Мэдээж урьдчилгаа мөнгө төлж, зөрүүг хичээлийн жилийн дундуур буцаан олгодог эл тэтгэлгээр ядарсан оюутнуудын сурах нөхцлийг бүрэн хангаж байгаа хэмээн дүгнэх аргагүй. Түүнчлэн төрөөс олгодог оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл зэрэг суралцагчийн идэвх чармайлтаас үл хамаарах тодорхой нөхцөл байдал шаарддаг зээл, тусламж, тэтгэлгээр ч нийт оюутны эрх ашиг хамгаалагдлаа гэж хэлэх үндэсгүй. Гэхдээ өнөөгийн нийгэмд залууст суралцах боломж хомс, гэр бүлийн эдийн засгийн чадавхи тэдний сурах эрхийг боомилж байгаа гэвэл үнэнээс хол зөрсөн үнэлэлт болох юм.
Ерөнхийлөгчийн нэрэмжит, улс хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээн дэх гадаадын засгийн газрын тэтгэлэг, “Зориг”, “Хөх сүлд соёл” тэргүүтэй оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг сангуудын тэтгэлэг. Тэдний араас “Оюутолгой”, “Голомт”, “Хаан”, “Хас” банк гээд томоохон байгууллага компаниуд ч эх орны ирээдүй хэмээгддэг залууст боловсрол мэдлэг олгох их үйлсэд хөрөнгө оруулалт хийдэг болсоор цөөнгүй жилийн ардаа үдлээ. Товчхондоо бол ядарсан оюутнуудыг халамжлахад бүхий л байгууллага хүчин чармайлт гаргаж, хичээх л юм бол гэр бүлийн эдийн засгийн байдлаас үл хамааран хүн бүр хүссэн мэргэжлээ эзэмших боломжтой болж. Төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын олгодог тэтгэлэг ар өврийн хаалга, авилга хээл хахуулиас ангид байдаг, цөөн хөтөлбөрүүдийн нэг. Тиймдээ ч сурлага сайн, нийгмийн ажилд идэвхтэй хүн бүрт эл тэтгэлгүүд нээлттэй байдаг учир шинэ зууны оюутан залуусыг нийгэм суралцах бүхий л биш юмаа гэхэд сургалтын төлбөрийн асуудалд шаналахгүйгээр суралцах боломжийг бүрдүүлчихсэн гэж дүгнэж болно.
Бүтэн жилийн сургалтын төлбөртэй тэнцэхүйц мөнгө, эсвэл сар бүр тодорхой хэмжээний мөнгийг олгох гээд тэтгэлгийн хэмжээ, нөхцөл харилцан адилгүй ч дийлэнх тэтгэлэг оюутны жилийн сургалтын төлбөртэй тэнцдэг. Тэр ч байтугай тэтгэлгийн нөхцөлд өөр байгууллагын тэтгэлэгт хамрагдаагүй байх заалт төдийлэн тусгагддаггүй тул нэг жилд оюутан хэдэн ч тэтгэлэгт хамрагдаж болох давуу талтай.
Автобусаар зорчиход хөнгөлөлт үзүүлж, элдэв зээл, тэтгэлэгт хамруулж, эцэст нь бэлэн мөнгөөр шагнах шийдвэр өнгөрөгч онд гарч шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эхний 70.000 төгрөгөө хүртсэн оюутнуудын идэвх чармайлт хэрхэн нэмэгдсэн бол?
Улс төлбөрийг нь төлж, эцэг эхчүүд ахуйн хэрэглээг нь хангаж байхад улсаас өгч буй тэтгэлэг илүүц зардал болж байгаа гэдгийг цалинтай оюутнууд өөрсдөө ч үгүйсгэхгүй байгаа. “Тэтгэлэг тараасан даруйд найз нөхөд маань цуглан, наргиж бүтэн сарын турш хэрэглээндээ зарцуул хэмээн төрөөс олгосон мөнгө нь ердөө нэг үдшийн дотор алга болсон” гэх хариу олон оюутны амнаас сонстох вий.
МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн төгсөх ангийн оюутан “Улсаас өгч буй тэтгэлэг оюутнуудад нэмэр болж байгаа зүйл алга. ХААИС-д сурдаг танилын маань ангийнхан гэхэд л тэтгэлгээ аваад амралтын газар руу явсан байна билээ” хэмээсэн. Залуусын хамгийн өргөн хэрэглэдэг Facebook нийгмийн харилцааны сүлжээнд тавьсан санал асуулгад ч “Тэтгэлгээ би хичээлийн хэрэгсэл, хичээлд шаардлагатай ном, сурах бичиг авахад зарцуулсан” хэмээн нүүр бардам хэлэх оюутан олдохгүй байх юм. Тэгэхээр 94 сургуулийн өдрийн ангийн 171 мянган оюутанд улсаас тарааж буй тэтгэлгийн 70,000 төгрөг хааш урсаж байна вэ?
МУИС тэргүүтэй хэд хэдэн сургууль оюутнуудад тэтгэлгийг нь олгохдоо ирцийг шалгуур болгохоор тогтсон ч үнэндээ их сургуулийн ирц биш, эргэн тойрноо цэнгээний газруудын ирц л нэмэгдсэн байх юм. “Оюутнуудад сар бүр олгож байгаа тэтгэлгийг ердөө ганцхан удаа олгоод байгаа ч уушийн газар, зочид буудлуудын орлогын багагүй хувиар нэмэгдсэн. Ялангуяа тэтгэлэг тарааснаас хойшхи хоёр, гурван хоногт үйлчлүүлэгч ихтэй байлаа” гэх уушийн газар ажиллуулагчийн яриа үүнийг батална. Хавтгайруулан тараасан мөнгөний ачаар байр орон сууцы булан тохой дахь билъярд, теннисний газрууд ачааллаа даахаа больсныг ч та анзаарсан л байх.
Кредитийн мөнгөө хэл ам, явдал чирэгдэл багатайгаар олж авах боломж олгосон шийдвэрийг дэмжих сургуулийн ажилтнууд, шахааны номоо санаа зоволтгүй тараахыг нь хөхүүлэн дэмжсэн мэт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан журмыг хаацайлан тэтгэлгийн ачаар оюутны ирц илт нэмэгдсэн хэмээх багш нар байхад “Тэтгэлэг оюутны ирц, идэвхид огт нөлөөлөөгүй” гэх багш нар олонх нь байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш энэ талаар “Оюутнууд тэтгэлгийн мөнгөө авахдаа эхлээд багш нараасаа анкет аван бөглөөд түүнийгээ банкинд өгч, мөнгөө авч байгаа. Өнгөцхөн харахад энэ нь оюутнуудын ирцэд нөлөөлж байгаа мэт харагдавч бодит байдалд хичээлдээ суух нь байтугай одоо ч анкетаа аваагүй яваа оюутнууд байгаа. Тэгэхээр тэтгэлэг ирцэд нөлөөлж байгаа гэж хэлж болохгүй” гэх тайлбар өгсөн.
Гэхдээ байдал тэгтлээ дордчихоогүй л байгаа. Оюунтан гэсэн хүндтэй алдар зүүсэн хүн бүр зугаа цэнгэлд автаж, цалингаа үр дүнгүй салхинд хийсгээд байгаа юм биш. Дээрх багшийн өгүүлснээр 70.000 төгрөг өгөх сургаар багш нар оюутнуудыг хамаг мөнгөө шар айрагт үрэх байх хэмээн таамаглаж байсан нь өрөөсгөл болж. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудын дунд гэхэд гурав дөрвөөр нийлэн дундаа хэд хэдэн уран зохиолын ном худалдан авч, түүнийгээ дамжуулан унших шинэ үзэгдэл бий болсон гэнэ.
Өнөөх “Тэнгис”, “Өргөө” кино театрууд руу хөвөрч, сүүлийн үед үзэгчдийг шуугиулж буй киног үзэн, түүнийхээ тухай өөрийн сэтгэгдлийг хуваалцаж, цаг үеэсээ хоцрогдоогүй гэдгээ баталдаг байсан нэгэн цаг үеийнхний халааг Л.Өлзийтөгсийн номын талаарх үзэл бодлоо хуваалцах шинэ цагийн залуусынхаар солигдох хандлагатай болж, оюуны амин дэмээ төрөөс хандивлаж буй “орд”-ын ачаар худалдан авах моод ч дэлгэрч мэдэх нь. Гол нь түүнийг түгээн дэлгэрүүлэх арга нарийн байх хэрэгтэйг баримтууд гэрчилж байна.
Харамсалтай нь шинэ цагийн залуусын энэ гоц үзэгдэл төдийлэн олныг хамарч чадахгүй байгаа бололтой. Томоохон их сургуулиудтай хаяа дэрлэн үйл ажиллагаагаа явуулах “Интерном” их дэлгүүрийн ажилтан “Оюутны тэтгэлэг олгож эхэлснээс хойш оюутнууд үйлчлүүлэх нь ихсэх хандлага одоогоор ажиглагдахгүй байна” гэсэн.
Хөгжингүй орнуудад оюутныг сургалтын төлбөрөөс тодорхой хувиар чөлөөлөх тогтолцоо бий. Гэхдээ дэлхий нийтэд бэлэн мөнгө тарааж, хийж бүтээх оргилуун хүслийг нь бэлэнчлэх сэтгэлгээгээр солих тогтолцоо үгүй. Тэр ч байтугай монгол залуусын мөрөөдөл болсон Америкт нийгмийн ажилд идэвхтэй оролцож, сургалтдаа амжилт гаргасан оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөхөөс биш, нэр хүндээ өсгөх гэсэн далд бодлого, гүн агуулгатай “цалин” өгдөггүй. “Хүний хөгжлийн сан” гэх чихэнд чимэгтэй нэр, тодотголтой 21.000 төгрөгийн балаг арилаагүй байхад араас нь архидалт, ажилгүйдэлд уриалсан бас нэгэн хишиг түүхийн нэгэн үеийнхний хүсэл эрмэлзлийг бөхөөж, хөгжлийг арагш татах нь.
Залууст хийж бүтээх, амьдралыг босгох гэсэн зориг, итгэл дүүрэн бий. Харин түүнийгээ хэн нэгний нэр төрөө аврах гэж сэдсэн арчаагүй аргаар булингартуулчихгүй юмсан гэх ухаалаг сэтгэлгээ хэвшиж эхэлж байна. Тиймдээ ч “Би ШУТИС-ийн хоёрдугаар ангийн оюутан хэдий ч оюутнуудад бэлэн мөнгө тараахыг эсэргүүцэж байна. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, сургалтын төлбөртөө нэмэр болдог миний адил мянга мянган оюутан бий. Тэд сурах, мэргэжил эзэмшихийн үнэ цэнийг мэддэг. Харин улсаас тарааж буй мөнгө залуусын бэлэнчлэх сэтгэлгээг дэврээж, диплом сугавчилсан хоосон толгойтой боловсон хүчний тоог нэмэх байх” хэмээх бэлэн мөнгө тараах бодлогоос татгалзах оюутнуудын дуу хоолой хүчтэй байгаа биз.
“Louis Vuitton”, “Chanel”-тай тоногоороо ижилссэн Монгол цүнх
“Microsoft”, “Yahoo”, “Facebook” тэргүүтэй дэлхий дахинаа нэр нь түгэж, хэрэглэгчидтэй болсон компаниудад монгол хүн дунд шатны удирдах албан тушаалд ажиллана гэдэг хэдхэн жилийн өмнө мөрөөдөл төдий байсан бол тэр зүүд зэрэглээ мэт мөрөөдөл биелсэн талаарх таатай мэдээлэл элэг нэгтнүүдэд нь том зорилго өвөртлөн түүнийхээ төлөө зоригтой тэмцэх хүсэл мөрөөдөл авчирсан. Харин өнөөдөр “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent” гээд л дэлхийд хүндтэй брэндүүдтэй зэрэгцсэн Монголын брэнд төрөн гарсныг талаар дуулгая.
Эмээх сэтгэлээс ургасан этгээд нэртэй брэнд
Америкт суралцдаг Айко Сүзүки бүсгүйд зуныхаа амралтыг Азийн орнуудаар аялж өнгөрүүлэх боломж олджээ. Солонгос, Хятадаас эхэлсэн аялал Камбож, Лоасоор дайрч, Монголоор дууссан аж. Зүүн өмнөд азийн орнуудын зүдрүүхэн амьдралтай танилцсан хэдий ч Монгол багачуудын нүдэнд хургасан гуниг, амьдралын хар барааны сүүдэр буусан төрх түүнд айдас, харуусал төрүүлсэн байна. Ингээд 1999 онд хийсэн оюутан ахуй цагийн аялал, аяллаас үлдсэн сэтгэгдэл япон бүсгүйг Монголын төлөө, ирээдүй болсон хүүхэд багачуудыг нь гэрэл гэгээтэй амьдралд хөтлөх нэг ч атугай тустай зүйл хийхсэн гэсэн хүсэл нь дэлхийн акулуудтай өрсөлдөхүйц Монгол брэнд төрүүлэх шийдэл болон биеллээ олжээ.
Арваад жилийн турш хадгалсан санаагаа хэрэгжүүлэхээр Монголд ганцаар ирэн суурьшиж, орон сууцны подвальд монгол уран гартнуудыг цуглуулан цүнх, түрийвчний үйлдвэр байгуулсан нь өнөөдөр хэдийнэ өөрийн гэсэн зах зээл, хэрэглэгчидтэй болоод буй “Танилаг” брэндийн үүсгэн байгуулагдсан түүх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний Япон, Англид борлуулж байсан тус компани өнгөрөгч оны сүүлчээр Монголд дэлгүүрээ нээсэн.
Аугаа юм бүхэн өчүүхэн жижгээс
Тиймээс ч тус үйлдвэрийн ажилтнуудад бүтээгдэхүүнийхээ өчүүхэн жижиг хэсэг, бүр нүдэнд үл харагдах хэсгүүдэд анхаарал хандуулан, нягт нямбай гүйцэтгэдгээрээ хэрэглэгчдийн таашаал хүртсэн байх юм. Гар хүрсэн бүх зүйлдээ сэтгэлээ шингээх япончуудын сэтгэлгээ монгол брэндэд ийн биеллээ олсон нь тэр.
Арьсан эдлэл, аксессуарын “Танилаг”, ноолууран алчуурны “Slouny” зэрэг брэндүүд үйлдвэрлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн тус компани цүнх, түрийвчээ японы “YKK” брэндээр тоноглодог. Дэлхийн цахилгааны зах зээлийн 90 хувийг дангаар хангадаг тус компанийг салбартаа тэргүүлэгч гэдгийг цүнх, түрийвч, хувцас үйлдвэрлэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч “Louis Vuitton”, “Chanel” зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд бүтээгдэхүүнээ “YKK”-ээр тоноглодог байна.
Хэрэв хүсвэл тэд дэлхийн загварын чиг хандлагад шинээр хүч түрж буй цахилгааных шүд бүр өөр өнгөтэй байхаар цахилгааныг нь захиалан хийлгэж, цүнхийг тань гоёж ч болох аж.
Чанарыг эрхэмлэгчдийн таашаадаг матар, могойн арьс төдийгүй тэмээн хяруулын арьс зэрэг өндөр технологиор боловсруулдаг арьсан цүнх, түрийвчийг БНСУ дахь салбар үйлдвэрт нь урладаг бол Солонгос болон Монголын савхин бүтээгдэхүүнийг Монголд дахь оёдолчдод даатгадаг гэнэ.
Дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэх “Танилаг”
Монголын брэндийг дэлхий дахинд таниулж, хөгжингүй орнуудын өндөр шалгуур хангасан бүтээгдэхүүнийг монголчууд ч үйлдвэрлэх чадвартай гэдгийг батлах зорилготой тус үйлдвэр чанар төдийгүй маркетингийг чухалчилдгаараа Монголын бусад брэндүүдээс ялгардаг. Брэнд бүтээгдэхүүн худалдаалагддаг өндөр зэрэглэлийн “Isetan” их дэлгүүрийн дэд захирал тус брэндийн зөвлөхөөр ажилладаг тул Монголд үнэгүйдээд буй брэнд гэх үгийн утга агуулгад бүтээгдэхүүнээ хэрхэн нийцүүлэх аргаар “Танилаг”-ынхан ажиллаж буй. Үүнийхээ ачаар хоёрхон жилийн хугацаанд хэрэглэгчдийн дунд нэр хүнд олж, Монгол брэндийн үнэ цэнийг хэдийнэ мэдрүүлээд буй.
Өөрийн брэндтэй болох нь загвар зохион бүтээгч бүрийн мөрөөдөл. Тиймдээ ч Японд өөрийн хэрэглэгчидтэй болно гэдэг дэндүү эрсдэлтэй алхам. Өрсөлдөөн ихтэй уг ертөнцөд брэндийнхээ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг каталогт байршуулна гэдэг насных нь мөрөөдөл байсаар өнгөрөх тохиолдол ч цөөнгүй. Нэг удаагийн шалгаруулалтанд 1000 гаруй бүтээгдэхүүн өрсөлддөг “Kateigahou” бүтээгдэхүүн захиалгын каталогит цүнх, түрийвчнийхээ танилцуулгыг хэдийнэ байршуулаад буй нь тус үйлдвэрийн хамт олны ажил хэр амжилттай байгааг батална. Түүгээр барахгүй нэр хүндтэй брэндүүдийг цахим сүлжээгээр худалдаалдаг босго өндөртэй цахим дэлгүүрт “Танилаг”-ын бүтээгдэхүүн “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent”-ынхтай мөр зэрэгцэж буй.
Үр дүнтэй үйлчилгээний шинэ тогтолцоо
Өнгөрөгч онд болсон арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос тодруулдаг оны шилдгүүдэд өрсөлдөж, “Шилдэг цүнх үйлдвэрлэгч”-ээр шалгарсан тус компани бүтээгдэхүүний чанар төдийгүй үйлчилгээний нөхцөлд анхаарал хандуулдаг брэндүүдийн бодлогыг ч үйл ажиллагаандаа тусгажээ.
“Хэрэглэгч та хаан” гэх хэтийдсэн уриа лоозон хадчихсан атал “Авахгүй бол үзүүлэхгүй” гэсэн үеэ өнгөрөөсөн зах зээлийн тогтолцооны үед ч байгаагүй өвөрмөц хууль биччихээд суух үйлчилгээний байгууллагуудын хэдийнэ тогтсон жишгийг халах нь “Танилаг”-ын бас нэг зорилт.
“Maxmall” дэлгүүр дэх лангууныхаа гэрэлтүүлгийг нэмж, худалдан авагчдын ая тухыг хангахуйц болгон зассан нь зэргэлдээх дэлгүүрийнхэнд ч нөлөөлж, тус их дэлгүүрийн арьс ширэн эдлэлийн тасаг бүхэлдээ гэгээ татах болсон. Тэгэхээр хэрэглэгчийг дээдлэх тогтолцоог бий болгох төлөвлөгөө нь хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж. Өнөөх брэнд гэх нэрийн цаана нуугдах өргөн цар хүрээтэй бодлогын нэг нь энэ.
Монголынх гэсэн бүхэн үнэтэй
“LV”-ийн лангуунд байгаа түрийвч толгой эргэм олон тэгтэй байхад гайхаж, шагшрах хүн тэр бүр байхаа больсон. Нэг үгээр хэлбэл сая гаруй төгрөгийн үнэтэй түрийвч дэлгүүрийн шилэн хоргонд байх нь хэвийн л зүйл гэдгийг моодноос хоцордоггүй, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гээгддэггүй дэгжин монголчууд хэдийнэ мэддэг болчихсон.
Харин “Монголын брэнд яагаад хямд байх ёстой юм бэ?” гэсэн бодол одоохондоо хэрэглэгчдийн дунд хэвшиж чадахгүй л байгаа. Тиймдээ ч “Танилаг”-ын бүтээгдэхүүнийг сонирхогчид “Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ” гэх асуултыг олонтаа тавьдаг аж. Харин “Танилаг”-ынхан “Монголын бүтээгдэхүүн гэхээр л яагаад хямдхан байх ёстой юм бэ” хэмээн асуух дуртай.
Акулуудтай өрсөлдөхүйц том зорилго тавьсан учраас зөвхөн зардал, өртгөөс бус нэр хүнд, маркетингийн бодлого гэх бас нэгэн хүчин зүйлээс шалтгаалах үнийг тогтоосон нь тэр аж.
Стивен Сигал: Би тулааны урлагаа орхиогүй
Японы уламжлалт бие хамгаалах урлаг болох айкидогоор хичээллэсэн анхны харин хүн бол Холливудын жүжигчин Стивен Сигал. Шоу бизнесийн ертөнцийнхөн ихэвчлэн жүжигчин, дуучин, продюсер зэрэг энтертайнмент ертөнцийн салбаруудад хүч сорьдог бол тэрбээр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, амьтны эрхийг хамгаалагч, байгаль орчин хамгаалагч тэргүүтэй олон алба хашдаг. Бүр хууль сахиулагчаар ажилладаг. Тиймдээ ч америкчуудын чихийг сортойлгоод буй Трэйвон Мартин гэх өсвөр насны хөвгүүнийг буудсан хэрэг дээр ажиллаж байгаа түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ.
-Стивен Сигал бол тулаанч киноны нэрт төлөөлөгч төдийгүй хууль сахиулагч. Тэрбээр саяхнаас туслах цагдаагаар ажиллах болсон. Тиймээс нэвтрүүлэгт маань Холливудын ертөнц төдийгүй Трэйвон Мартины хэрэг болон бусад сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхээр ирээд байна. Өсвөр насны хар арьст хүү ямар нэгэн зэвсэггүй явсан хэрнээ бусдад хорлогдсон хэдий ч одоогоор сэжигтнийг хамгаалсаар байна.
-Тийм ээ.
-Харин та энэ хэргийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Харамсалтай нь хавтаст хэрэгтэй би нарийн танилцаагүй. Би 20 гаруй жил цагдаагийн офицерээр ажилласан. Энэ хугацаанд олон ч гэмт хэрэг дээр ажиллаж байлаа.
Хэрэг гарах үед хохирогчийг хөршийнх нь хүн цонхоороо харж байсан юм билээ. Хөрш залуу нь Мартиныг нэг эр дагаад байхыг анзаарчихаад, хүүг тайван орхихыг анхааруулсан боловч тэр залуу огт тоогоогүй байна. Гэхдээ энэ бүхэн худлаа ч байж мэднэ.
Та надад энэ хэргийн талаар яривал би тантай өөрийн үзэл бодлоо хуваалцъя.
-Ядахдаа сэжигтнийг саатуулах хэрэгтэй байх гэж би бодож байгаа. Хэн нэгэн амиа алдчихаад байхад…
-Миний бодлоор…
-Тэгэхдээ бүр зэвсэггүй явсан хүү бусдын гарт амиа алдсан байгаа шүү дээ.
-Миний танд хэлж чадах цорын ганц зүйл бол зөвшөөрөлгүйгээр манай залуусын хэн нэг нь түүнийг баривчлах юм бол торны цаана ч сууж мэднэ.
-Биеэ хамгаалах тухайд та ямар бодолтой байдаг вэ? Та тулаант кинонд тоглодог хүн шүү дээ. Энэ талаар илүү сайн мэдэх байх.
-Хүн бүр биеэ хамгаалах ёстой. Тийм эрх ч бий. Гэхдээ биеэ хамгаалах үйлдлийг хариу цохилт, сөргүүлсэн давшилт болгон хувиргаж болохгүй. Түүнээс аль болох зайлсхийх ёстой. Хамгийн чухал зүйл бол тэр.
Жишээлбэл нэг хүн намайг элдвээр хэлж, ээжийг минь хүртэл дурдаад өнгөрч болно. Түүний хариуд та өөр өнцгөөс харж чадсанд баяртай байна гэж хэлээд л цааш явах хэрэгтэй юм. Харин бүр эсрэгээр хэн нэгэн этгээд ирээд гар далайж, эсвэл хүйтэн зэвсэг гаргаж ирээд элдэв авир гаргавал байдал өөрөөр эргэнэ. Тэр үед л өөрийгөө хамгаалах ёстой. Хүн бүр үүний ялгааг сайн мэдэх байх.
Флоридагийн хууль бол хэрүүл маргааны эзнийг олох явдал биш. Ямар ч тохиолдолд сөргөлдөөнөөс зайлсхийх ёстой гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Амь нас, эрүүл мэнд тань аюулд орсон үед л өөрийгөө хамгаалах ёстой гэсэн үг. Үүнд л хуулийн гол утга агуулга, амин сүнс нь оршиж буй.
-Харин одоо кино урлагийн талаар ярилцъя. Таны тоглосон “Отолт” кино 160 сая долларын ашиг олж, таныг дэлхий дахинаа таниулсан. Гэхдээ түүнээс хойш хит болсон кинонд огт тоглосонгүй. Энэ байдал таныг зовоодог уу эсвэл кино од болоход ганцхан хит кино байхад хангалттай байдаг юм уу?
-Бурхан намайг ивээж, нэг гайхалтай кинонд тоглох завшаан олгосон юм. Гэхдээ миний дотор одоо ч гадагшаа төрөн гараагүй олон арван сайхан киноны бүтээл бий. Бурхан таалбал би боломж олдсон үед тэднийгээ кино болгоно. (инээв)
-Америкийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор өнөөдрийн байдлаар нэн түрүүнд анхаарах ёстой асуудал бол хилийн аюулгүй байдал. Вашингтон дахь эрх баригчид үүнийг нээлттэй байдал гэж үздэг байх. Гэтэл хилийн байдал тун хүнд байна. Зөөлрүүлж хэлэхэд тэнд ямар ч хараа хяналт алга.
-Учир нь та Аризонад амьдардаг шүү дээ.
-Тийм ээ. Сүүлийн үед хил орчим гарч буй зөрчлөөс болоод 50.000 хүн амиа алдаад байна. Афганистан болон Иракийн үймээнд ч ийм олон хүний золиос болоогүй.
Би шериф Жое Арпайогийн туслахаар ажиллаж байгаа. Ажиглаад байхад тэнд зөвхөн арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагаачлалын асуудал биш улс орны аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа юм. Аливаа улсын хил хяналт, шалгалттай байх ёстой.
-Та хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд би бүр тээнэгэлзчихээд байна. Миний бодлоор Обамаг эсэргүүцэж байгаа хүмүүс тийм ч зөв зүйтэй юм ярихгүй байна.
-Таны шинэ нэвтрүүлэг “Жинхэнэ шударга ёс” нэртэй. Өнгөрөгч сарын 30-наас цацагдаж эхэлсэн нэвтрүүлгийнхээ талаар товчхон танилцуулаач.
-Цагдаагийн офицерээр ажиллаж байх хугацаандаа болон найз нөхдөөсөө сонссон хэргүүд дээрээ үндэслэн би реалити шоу хийж байсан. Харин энэ нэвтрүүлэг маань арай өөр байх юм.
-Танд өөрт тань таалагдаж байгаа юу?
-Их таалагдаж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд таны биелүүлэлгүй орхисон хамгийн том зорилго юу байв?
-Сүүлийн хэдэн сар би Абу Дабид амьдарсныг та мэдэх байх. Би тэнд их шударга хүмүүстэй хамтран ажиллаж байлаа. Тэд телевизийн нэвтрүүлэг болон кино хийх их том баг байгуулах талаар ярилцаж байх юм.
Хэрэв надад боломж олдвол би хүн бүр өөрийн түүхээ хүссэнээрээ кино, нэвтрүүлэг болгох боломжтой тийм л байгууллага Холливудад байгуулах байсан. Тэр бол миний мөрөөдөл.
-Та тулалдсаар л байгаа юу?
-Би тулааны урлагаа орхиогүй.
-Тэгэхээр аюултай хэвээр байгаа байх нь ээ?
-Ммм… (инээв) Миний шавь нарын дунд дэлхийн аваргын бүс хүртсэн залуус цөөнгүй бий. Учир нь би тэдэнд заасан юм шүү дээ. (инээв)
-Тантай гудамжинд тааралдчихаад хүч үзэхийг хүссэн хүн цөөнгүй учирсан гэдэг. Энэ үнэхээр үнэн юм уу?
-Нэг хоёр удаа тийм тохиолдол гарч байсан. (инээв)
-Тэгээд тэдэнд юу тохиолдсон бэ?
-Их таагүй зүйл. (инээв)
Subscribe to:
Posts (Atom)