Wednesday, September 29, 2010

Рене Зеллвегер: Би “хямдхан загас” байхыг хүсэхгүй



Рене нууцаа дэлгэж байна. Сонирхолтой нь түүнд хэрэгт дуртай олны урт чих, хурц хараанаас нууж чадсан зүйл цөөнгүй бий гэнэ. Оскарын шагналт жүжигчин тэрбээр “Glamour” сэтгүүлийн сурвалжлагчид амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн үдшийн тухай сонирхуулж, амьдралынхаа сонирхолтой баримтуудыг дэлгэн, хайр дурлалынхаа нандин нууцыг хуваалцсанаар барахгүй уйтгарлахдаа л аз жаргалын амтыг мэдэрдэг хачирхалтай зангийнхаа тухай хуучилжээ. Сэтгэл татам гэдэг ойлголт орчин үед хэрхэн өөрчлөгдсөнийг мэдмээр байна уу? Шинэ зууны бүсгүйчүүдийн сэтгэл татам эсэхийг нь сонжихын тулд Ренетэй харьцуулахад л хангалттай гэж хэлж болно. Түүнийг дээд зиндааныхны бэлгэдэл болсон нэртэй загвар зохион бүтээгчдийн хувсаар гоёж, улаан хивснээ бардам алхдаг болохоор нь ийн дүгнэж байгаа юм биш шүү. Дэгжин хувцасны цаана нуугдсан хувь хүн нь гайхалтай хүн учраас магтаж байгаа юм. Тэр номын хорхойтон, сайн жүжигчин. Гадаад байдал нь эрчүүдийн харааг булаахаас гадна дотоод ертөнц нь гэрэлтдэг эл бүсгүй Техаст мэндэлсэн. Өдгөө 40 настай тэрбээр кино урлагаас хэсэгхэн зуур хөндийрөөд байгаа энэ үедээ л өөрийгөө шинээр нээсэн хэмээн сонирхуулж байлаа. Тэрбээр өдгөө Нью-Йорк дахь гэртээ тухлан хуучны дурсамжуудаа нэг бүрчлэн онгичиж, дурдатгал номоо бичиж суугаа. Энэ тухайгаа тэрбээр “Би тун уйтгартай ажил хийж байгаа шүү. Уйтгартайгаас гадна хэр баргийн хүн хийчихээргүй хүнд хэцүүг хэлэх үү. Гэхдээ тархиныхаа чадварыг шалгахын тулд дахиад цөөнгүй сар суухаас аргагүй байна” гэсэн юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тэр найман кинонд тоглож, хоёр удаа Академийн шагналд нэр дэвшин, нэгийг нь авчихаад байна. Түүнчлэн кантри дуучин Кенни Чеснитэй дөрвөн сар амьдарсны эцэст хоёр тийш болж, саяхнаас “NBC” телевизийн мэдээллийн албаны дарга Дан Абрамстай дотноссон. Нью-Йорк дахь нэгэн сушины зоогийн газар хооллох зуураа тэр өөрийн амьдрал дахь өөрчлөлт, сэтгэл татам дотоод ертөнцийнхөө нууцыг харамгүй хуваалцлаа. -Хамгийн сүүлд биднийг уулзахад та “Битлз”-ийнхний зурагтай богино ханцуйтай цамц өмссөн байсан. Бас үс тань бор өнгөтэй байсныг тод санаж байна. Олон талын авьяас тань таны сэтгэл татам чанарыг нэг гэж бодогддог юм. Харин та хэнийг сэтгэл татам, гайхалтай хүн гэж дүгнэж, түүнээс үлгэр дуурайл авч, өнөөдрийн Ренег “бүтээсэн” бэ?
-Би бүр багаасаа л Диане Сойерийг шүтдэг байлаа. Түүний дэгжин байдал нь намайг үүрээр босож киног нь үзэхэд хүргэдэг байв. Мөн Хиллари Клинтон намайг бишрүүлдэг. Бүсгүйчүүдэд үе чацуутныхаа сайн сайхныг тэр бүр олж хардаггүй дутагдал бий. Харин бүсгүйчүүдийн энэ өөдгүй чанарыг давж, үеийнхэндээ шагшигдсан хүн бол Хиллари. Түүнийг төрийн эрх барих ажилд оролцож байгаа нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Бас хувь хүнийхээ хувьд ч элгэмсүү, найрсаг, хөгжилтэй. Энд Мишель Обамагийн талаар дурдахгүй өнгөрөх аргагүй. Эрсэн ч өө олддоггүй гайхалтай эмэгтэйчүүдийн нэг бол Мишель. Түүнийг америк бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн нүүр царай болсон би их баяртай байдаг.
-Тэр америк эмэгтэйчүүдийн ямар хүчирхэг, дайчин болохыг харуулж байгаа талаар ярихын ч хэрэггүй байх. Тийм үү?
-Тийм шүү.
-Сүүлийн үед улс төрийн яриа ихэвчлэн эдийн засгийн тогтворгүй байдал руу хальтрах болжээ. Би ч бас энэ тухай танаас лавламаар байна. Эдийн засгийн хямрал танд нөлөөлсөн үү. Та ер нь хяр хямгач хүн бэ?
-Миний сонгосон ажил хувцас, гоо сайхандаа багагүй мөнгө зарцуулахыг шаарддаг онцлогтой. Гэхдээ үүнээс өмнө харьцангуй зарлага багатай ажил хийдэг байсан тул харсан болгоноо худалдаж авахыг чухалчилдаггүй. Харин сайн дарс, сушинд дуртай. Тэднийг хямдхан биш гэдгийг та мэдэх байлгүй дээ. Хэдийгээр дуртай зүйлсээ хэрэглэхийн тулд багагүй мөнгө зарцуулдаг ч би “хямдхан загас” болохыг хүсэхгүй байна. (инээв)
-Жүжигчин болсноор таны нийгмийн байдал эрс сайжирсан уу?
-Үгүй дээ. Хэдийгээр аав, ээж хоёр минь цагаачид байсан боловч бидний амьдрал тийм ч тарчиг хомс байгаагүй. Аав минь гэр бүлийнхнийгээ тэжээх гэж цаг наргүй хөдөлмөрлөдөг байсан тул бид идэж уух, өмсөх зүүхээр гачигддаггүй байсан. Бусдаас санхүүгийн туслалцаа хүсэж байсан удаа надад байхгүй. Түүнчлэн би дэлгүүр хэсэх зуршилтай охидтой адилгүй байсан. Хэрэглээ багатай. 16 нас хүрчихээд машинтай болох гэж яараагүй. Учир нь би чинь Техасын охин шүү дээ. Өөрийн чадлаар олсон мөнгөөр хэрэгцээгээ хангах нь миний баримталдаг гол зарчим.
-Тэгэхээр та их эрт бие даасан байх нь. Та их дур булаам, өөртөө итгэлтэй харагддаг. Ажлаасаа хөндийрсөн ч энэ байдлаа хадгалсаар л байгаа юу?
-Бие хамгаалагчгүй болчихсон болохоор их тамирдаж байна шүү. (инээв) Энэ байгаа байдал маань таалагдаж байгаа. Тиймээс өөрчлөгдөөгүй гэж бодож байна.
-Өөрчлөгдсөн зүйл бий юү?
-Байгаа. Цаг зав багагүй гардаг тул өөрийнхөө зорилгыг ухамсарлаж, цааш юу хийх ёстойгоо нарийн төлөвлөн зохион байгуулж амжих юм.
-Хэмнэл ихтэй амьдралаас нам гүм тайван байдалд шилжих уйтгартай байна уу?
-Хүмүүс миний тухай цоо шинэ зүйл олж мэдэж, тэр мэдээлэлдээ итгэж ядан гайхаж байгаа нь надад тун сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл амьдралд минь баяр баясгалан нэмдэг хамгийн сайхан зүйл бол хувийн амьдрал, Ренегийн тухай мэдээлэл нууц байх явдал.
-Тэгэхээр та хэнтэй болзож байгаагүй хэлэхгүй нь ээ?
-Хэлэхгүй ээ. Энэ тухай ярих нь тэнэг хэрэг шүү дээ. Хувийн амьдралын талаарх яриа зөвхөн уншигчдад л сайхан санагддаг байх. Тиймээс хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцлага өгч байгаа хүн бүрийг би энэ сэдвээс хол байхыг уриалж байна. (инээв) Ингэх нь нуруун дээрх хариуцлага гэсэн том ачаанаас бага ч атугай хөнгөлдөг юм.
-Та нэгэнтээ “Залуу, үзэсгэлэнтэй, амжилтад хүрсэн, ганц бие бүсгүйчүүдийг аз жаргалтай байж чаддаггүй” гэж хэлсэн. Таныг харахад тиймгүй л санагдах юм.
-Мэдэхгүй юм даа. Иргэдийн энгийн бус хүсэлтэй л энэ бүхэн холбоотой болов уу. Бусдын хүндлэлийг хүлээхүйц амжилт гаргасан бүсгүй яагаад хэн нэгнийг хайрлаж, сэтгэлээ тээж болохгүй гэж. Олонх хүн түүнийг үргэлж ганц бие яваасай гэж хүсдэг.
-Хэрэв зөв бодолтой, сайн залуу тантай учирвал ганц бие эмэгтэйн амьдралаа орхих уу?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ зөвхөн одоо байгаагаас дээр болсон нөхцөлд л гэрлэх шийдвэр гаргана. Учир нь би одоо ч жаргалтай, хөгжилтэй амьдарч байгаа.
-Танд ямар залуус таалагддаг вэ?
-Ухаалаг, нууцлаг, бас хэзээ ч уйдамгүй сонирхолтой байдал намайг өөрийн эрхгүй татдаг. Гэхдээ заавал романтик байна гэсэн үг биш. Мэдлэг мэдээлэл, сайн сайхан, инээд хөөр хөгжилтэй байдлыг эрхэмлэгчидтэй дотносож, тэднээс аль болох ихийг суралцахыг би хүсдэг.
-Залуу жүжигчид хайр дурлалын харилцааныхаа тухай их нээлттэй ярьдаг болжээ. Та энэ бүх нууцаа зөвхөн өөртөө л хадгалахад хэрхэн суралцсан юм бэ? -Энэ бол тухай хүний өсөж, хүмүүжсэн орчинтой л холбоотой байх.
-Та “Twitter” ашигладаг уу? -Өдөржин копмьютерийн ард сууж өөрийнхөө бодол санааг дэлхийн сая сая хүнд дэлгэхээс илүү аймшигтай зүйл байхгүй гэж бодогддог юм.
-Ажлын тухай яриандаа эргээд оръё. Та хэр удаан хугацааны амралт аваад байгаа вэ. Ном бичих ажил тань дуусах болоогүй юу? -Болоогүй ээ. Би бусдын хувцсыг өөрийн шүүгээндээ хадгалахыг хүсдэггүй. Тиймээс өөр зүйл сатааралгүй энэ ажлаа өөрийн гараар бүрэн гүйцэт хийхийг ойрын зорилгоо болгоод байна.
-Зохиол бичиж байгаагийн тань гол зорилго юу вэ? -Би суралцахыг хүссэн юм. Мэдлэгээ дээшлүүлж, салбар бүрийн талаар суурь мэдлэгтэй болохыг хүсдэг. Би их сониуч хүн. Гэхдээ сонирхож байгаа зүйлсээ судлах хангалттай зав олддоггүй тул кино урлагаас хэсэг хугацаанд хөндийрөхөөр шийдсэн.
-Таныг холын зайн гүйлтэд сайн гэж сонссон. Энэ авьяасаа дэлгэцнээ гаргаж амжсан уу? -Гүйх нь миний чаддаг зүйлсийн нэг болохоос сонирхол биш. Би дасгалжуулагчтай хамт бэлтгэл хийж, найзуудтайгаа хамт фитнесээр хичээллэгсдийн нэг биш. Ганцаараа байх боломж олддог тул хэрэгцээгээ хангах гэсэндээ л гүйдэг.
-Та бүх зүйлийг хийхдээ өөртөө их итгэлтэй байх юм. Цаг хугацаан ухраачихаад өнгөрсөн амьдралаа бага ч атугай өөрчлөхсөн гэсэн бодол төрдөг үү? -Бүхэлд нь өөрчилье гэж хүсдэггүй. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээж, цуглуулсан зүйлстээ би сэтгэл хангалуун байдаг. Мэдээж бүхэлд нь биш ч, жижиг сажиг өөрчлөхсөн гэж боддог зүйл гардаг. Гэхдээ л энэ чинь л амьдрал шүү дээ. Би амьдралыг алдаа онооны аль алинтайгаар нь хайрладаг.

Tuesday, September 28, 2010

Б.Батзаяа: Тооны олноор биш, ур чадвар, бүтээмжээрээ гаднын орнуудын залуусын өмнө гишгэнэ


“Өнөө цагийн хүүхдүүд өөр болжээ” гэх настнуудын үг үе үеийн залуусын чихэнд хадаатай хэвээр хэдэн зуун дамжсаныг бүү мэд. Ямартай ч шинэ цаг, шинэ үе, шинэ тутмын залуус хэзээд бусдаас онцгойрон ялгарч ирсэн нь илт. Ирээдүйн их түүхийг бичиглэх Шинэ монгол иргэд хэрхэн төлөвшиж, өөрлөгдсөнийг харуулах зорилготой “Шинэ зууны залуус” булангийн зочноор Б.Батзаяаг урилаа. Бакалаврын зэрэг горилох бүтээлээрээ химийн суурь судалгаанд нээлт хийсэн түүнтэй цахим сүлжээгээд дамжуулан хуучилснаа хүргэе.
-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу. -Намайг Бямбаа овогтой Батзаяа гэдэг. “Шинэ Монгол” ахлах сургуулийн анxны төгсөгчдийн нэг. 2003 онд сургуулиа дүүргээд Японы Чибагийн их сургуульд элсэн орсон бөгөөд одоо Токиогийн иx сургуульд Медикал инженерчлэлийн мэргэжлээр докторантурт сурч, нэг ширxэг эсийн тувшинд оношилж эмчилж чадаx медикал багаж төxөөрөмжтэй xолбоотой судалгаа xийж
байна.
-Японд очоод хэр удаж байна вэ? -Долоон жил болсон байна.
-Японы их дээд сургуулиудын шалгуур өндөр үү? -Токиогийн их сургуулийн хувьд Япондоо нэлээд нэр хүндтэй тул шалгуур нь ч өндөр. Би Чибагийн их сургуульд математик, хими, физикийн шалгалт өгч, эссе бичин эцэст нь ярилцлаганд орж байж тэнцсэн. Тухайн үед гадаад оюутнуудад зориулсан журмаар бусад арав гаруй оюутны хамт шалгалт өгсөнөөс ердөө хоёр нь л тэнцэж байлаа. Харин Токиогийн их сургуулийн докторантурт элсэхдээ ерөнхий мэдлэг, англи хэл, мэргэжлийн мэдлэгийн шалгалт өгч, судалгааныхаа ажлын талаар илтгэл тавьж байсан.
-Тэгэхээр Японы сургуулиуд цөөн гадаад оюутан элсүүлдэг байх нь ээ? -Үгүй ээ. Зөвхөн манай факультэтэд элсэхээр арав гаруй хүүхэд шалгалт өгсөн хэрэг. Яг Чибагийн их сургуулийн хэмжээнд хэдэн гадаад хүүхэд шалгалт өгсөнийг нь сайн мэдэхгүй. Сүүлийн үед Японд хүн амын өсөлт буурч байгаа тул их сургуульд элсэх япон оюутны тоо буурах хандлагатай болсон. Тиймээс эндэхийн сургуулиуд гадаад оюутан элсүүлэх сонирхол их. Гэвч барууны орнуудын оюутнууд энд суралцахаар ирэх тохиолдол ховор. Энд сурч буй гадаад оюутнуудын 90 хувь нь хятад, үлдсэн цөөн хувь нь солонгос, вьетнам голдуу бий.
-Японд монгол оюутан хэр олон байдаг вэ? -Сүүлийн жилүүдэд японд суралцдаг монгол оюутны тоо эрс нэмэгдэж байна. Зөвхөн Токиогийн их сургуульд гэхэд л бүртгэлтэй 24 монгол оюутан бий.
-“Токиог өртөг өндөр, хөлөө олоход амаргүй хот. Япончууд ч өөрсдөө их сургуульд элсэх гэж багагүй өндөр босго давдаг” гэдэг. Манай оюутнууд энэ шалгуурын ард хэрхэн шигшигдэн үлдэж байна вэ? -Эдийн засгийн бэрхшээл энд их бий. Тиймээс хувийн зардлаар энд суралцвал амжилт гаргах магадлал бага. Миний хувьд “Шинэ Монгол” сургуулийн удирдлага намайг тэтгэлэгт хамруулж өгсөн болохоор тэр талаар айх зүйлгүй байдаг. Харин элсэлтийн шалгалтын хувьд япончуудын толгойд “Их сургуульд орохгүй бол сайхан амьдарч чадахгүй” гэсэн сэтгэлгээ суучихсан байдаг тул элсэлтийн шалгалтад тэнцэхийн тулд бүтэн жил гэртээ давтах нь ч бий. Өрсөлдөөн их учир шалгуур ч өндөр. Гэхдээ гадаадын оюутнуудад төдийлэн өндөр шалгуур тавьдаггүй байж магадгүй.
-Манай оюутнууд сурлагын хувьд хэр байдаг вэ? -Сурлагын хувьд их сайн шүү. Япон оюутнууд шалгуурыг нь даваад, сургуульдаа тэнцчихсэн л бол болоо гээд хичээлдээ төдийлэн анхаарал тавьдаггүй.
Багш нар монгол оюутнуудыг их магтдаг. Оюуны чадамж өндөртэй гээд ам сайтай байдаг юм. Энэ жил Чибагийн их сургуульд гэхэд л манай нэг оюутан сурлагаараа гадаад оюутнуудыг тэргүүлсэн. Токио хотод ийм амжилт үзүүлсэн хоёр ч оюутан бий.
-Чамайг бакалаврын зэрэг горилох эрдэм шинжилгээний бүтээлээрээ нээлт хийсэн гэж сонссон. Яг ямар нээлт хийсэн юм бэ? -Яг шинэ нээлт гэж хэлж болохгүй байх. Эрүүл мэндийн шинжилгээний шинэ арга санаачилсан юм. Цус, шээсний гэх мэт шинжилгээ хийхэд хялбар, хурдан, өртөг бага арга байсан тул тэр даруй дэмжигдсэн хэрэг.
-Санаачилсан шинэ арга чинь хэзээнээс хэрэглэгдэх бол? -Эрүүл мэндийн салбан хүний амь настай шууд холбоотой байдаг тул олон жилийн судалгаа туршилт шаардагддаг юм билээ. Судалгаа бүрэн дуусаж, технологийн жишгийг тогтоосны дараа ч хамгийн багадаа долоон жил туршилт хийж, хүний биед сөрөг нөлөөгүй, амьдралд хэрэглэж болохуйц гэдгийг нь баталдаг юм билээ. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ хэрэгжихгүй арга. Одоогоор судалгаа үргэлжилж л байгаа.
-Энэ арга амьдралд хэрэгжээд эхэлбэл зохиогчийн эрхийг чи авах уу? -Би санаачилсан боловч үргэлжлүүлэн судлаагүй, одоогоор доод ангийнхаа оюутан залууд судалгааны ажлаа өгсөн тул надаар овоглохгүй. Гэхдээ хамтран бүтээгч гээд миний нэрийг дурдах л байх.
-Ер нь Японд суралцахад ачаалал хэр их их байдаг вэ? -Японд суралцагчдыг дэлхийн хамгийн их ачаалалтай оюутнууд гэх нь бий. Ер нь япончууд өөрсдөө их махруу, ажилсаг хүмүүс. Өдөрт 5-6 цаг л унтдаг. Ажил хөдөлмөр, хийж бүтээхэд алть болох олон цаг зарцууулах гэсэндээ тэр. “Workaholic” буюу ажлын хэнээтнүүд гэсэн нэр томъёо яг л энд ажиллаж, амьдрагсдад зориулсан мэт. Энд удаан амьдрахаар өөрийн эрхгүй тэр хэмнэлд нь уусчихдаг юм билээ. Би гэхэд л өдрийн 12 цагийг лабораторидоо өнгөрөөж, сургуулийнхаа танхимд хонох үе цөөнгүй гардаг. Ялангуяа миний судалгаа амьд биеттэй илүүтэй холбоотой байдаг учир өөрчлөлтийг харалгүй өнгөрөөчихгүйн тулд хажууд нь аль болох олон цаг байх шаардлагатай байдаг.
-Энэ их ачаалалд түүртэн шантарч “Нутагтаа л сурдаг байж” гэж бодох үе гардаг уу? - Судалгааны үр дүн санасанд хүрэхгүй үед шантардаг ч тэр тухай бодох зав ч гардаггүй гэхэд хилсдэхгүй.
-Өнгөрсөн хугацаанд япончуудаас юуг суралцав? -Тэд их хичээнгүй, урьдчилан нарийн төлөвлөж байж ажилладаг. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх гэж байгаа нь тэр. Энд ирээд удаагүй байхдаа өдөрт 8 цаг унтдаг байсан бол одоо 4-5 цагийг л амрахад зарцуулдаг болсон. Манай сургууль байрнаас нэлээд зайтай учир ирж, очихдоо 3 цаг зарцуулдаг.
-Тэр урт хугацааг яаж өнгөрүүлдэг вэ? -Аль болох л үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Япочуудаас сурсан бас нэг зүйл бол амьдралынхаа нэг минутыг ч алдахгүй, үр дүнтэй өнгөрүүлэх. Хэрэв та Токио хотод ирвэл тайван алхаж байгаа нэг ч хүн олж харахгүй. Бүгд л шогшиж, бараг л гүйлдэж байдаг. Дэлхий дахинд таргалалт нэмэгдэж байна гэдэг ч энд тарган хүн олоход хэцүү шүү. Бараг л байдаггүй гэж хэлж болно.
Түүнчлэн энд ажлын бүтээмж тун чухал. Нэг цагт ямар ажил амжуулдаг байсан түүнийг хагас цагийн дотор бүрэн гүйцэт хийж дуусгадаг болохыг л зорилгоо болгодог. Эл зарчим нь надад “халдчихаад” байгаа.
-Эх орондоо эргэж ирэх бодол бий юү? -Доктороо хамгаалмагц нутаг буцах төлөвлөгөөтэй байгаа. Миний мөрөөдөл бол техник технологиор бүрэн хангагдсан сайхан лаборатори Монголд байгуулах. Одоо ч тэр мөрөөдлөө биелүүлэхээр судалгаа хийж байгаа.
Юун түрүүнд эх орондоо судалгааг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах, тэр бүтээгдэхүүний ашгаараа эрдэмтдийн судалгаанд хөрөнгө оруулах гэсэн дэлхий дахинд жишиг болсон циклийг үүсгэхэд өөрийн хувь нэмрийг оруулах бодолтой байгаа. Манай оронд эрдэмтдийн бүтээл, хөдөлмөр оюутны гарын авлага болохоос цаашгүй байсаар л байна. Ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн гээд малын гаралтай түүхий эдээр баялаг орны хувьд юун түрүүнд энэ талын судалгааг түлхүү хийх нь санхүүгийн асуудлаа шийдвэрлэж, шинэ тогтолцооны суурийг тавих үндэс болж өгөх байх. Хэдийгээр шинэ зуун био, нано технологийн зуун боловч манай улсад энэ талын судалгаа хийх нь тохиромжгүй тул эх орондоо очмогц одоо хийж буй ажлаа орхиод малын гаралтай түүхийн эдийн судалгаанд ханцуй шамлана. Улсын ирээдүйг нуруундаа авч явдаг хүмүүс бол инженерүүд. Тиймээс технологичид Монголд олшроосой гэх бодол төрдөг.
-Чиний бодлоор шинэ зууны залуус хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байна вэ? -1990-ээд оны залуустай харьцуулахад XXI зууныхан хийж бүтээх ухамсар өндөр, мэдээлэл цуглуулах чадвар сайтай болсон санагдсан. Энэ цагт богино хугацаанд хэн их мэдээлэл цуглуулж байна тэр хүн хождог болсон. Техник технологи хөгжсөн тул манай залуус энэ чадварт их сайн суралцсан байна билээ. Түүнчлэн дэлхий дахин даяаршиж, “Хавтгай дэлхий” гэх сэтгэлгээ өнцөг булан бүрийн залуусын оюун тархинд суусан. Манай залуус ч түүнээс дутах юмгүй болжээ. Мөн сүүлийн жилүүдэд Японд оюутан болоод ирж байгаа хүүхдүүдийг харахад сэтгэлгээ нь их чөлөөтэй болсон байна. Тэр ч байтугай 2010 онд оюутан болоод ирж байгаа хүүхдүүд 2009 оныхноос эрс ялгаатай байгаа нь харагдаж байна.
Хаа сайгүй л хувьсал хурдтай явагдаж байгаа болов уу. Хятад, вьетнам залуус ч үсрэнгүй хөгжиж, боловсорсон нь илт мэдрэгдэж байна. Гэхдээ бидэнд гаднын орнуудын залуусыг тооны олноор гүйцэхгүй ч ур чадвар, ажлын бүтээмжээр гүйцэх боломж бүрэн бий.
-Үүний тулд алдаагаа засаж залруулах хэрэгтэй. Манайхныг гаргадаг нийтлэг алдааг чи ажигласан л байх. -Манайхан багаар ажиллах чадвар муутай байдаг нь амжилтаас нь багагүй хойш татдаг. Бусад орны залуусыг бодвол богино хугацаанд их ажил амжуулдаг, ажлын бүтээмж өндөр боловч тэр эрчээрээ нэгэн жигд ажиллаж чаддаггүй дутагдалтай юм шиг санагддаг. Нэг хэсэг дуу алдмаар сайн ажиллаж байснаа удалгүй юу ч хийхгүй суучихдаг. Харин солонгос, хятадууд бол ажлын бүтээмж бага ч түүнийгээ аажим аажмаар нэмсээр нэг л мэдэхэд бидний дээр гарчихсан байдаг. Энэ нь зорьсон зүйлдээ тууштай байж чаддаггүйтэй холбоотой болов уу. Эдгээр алдаагаа засчихвал монголчууд бид үсрэнгүй хөгжиж чадах нь гарцаагүй.
-Эцэст нь үеийнхээ залууст хандаж юу хэлэх вэ? -Шинэ Монголыг бий болгох хүмүүс нь бид. Тиймээс энэ үүрэг, хариуцлагаа ухамсарлаад хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж чадвал бид их зүйлийг цоо шинэ ертөнцийг цогцлоож чадна гэж хэлье дээ.

25 жилийн ойд зориулсан 20 асуулт

Мэдээллийн хэрэгслийн давуу талыг ашиглан дэлхийн мянга мянган хүнд нөлөөлөгсдийн нэг нь Опра Уинфри. Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй нэвтрүүлгээр дамжуулан тэрбээр өнгөрсөн 25 жилийн турш үзэгчдийн алжаал тайлахын зэрэгцээ урам зориг хайрлаж, гэрэл гэгээтэй хүсэл зорилгод хөтөлж буй. Дэлхий хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт тооцогдохуйц амжилтад хүрсэн энэ хатагтайн амьдралын зам хэрхэн өрнөж, өнөөдрийн өндөрлөгт хүрснийг “The Oprah Winfrey Show” 25 жилийн ойн баярын дугаартаа танилцуулжээ. Нэвтрүүлгийн хамт олон 25 жилийн дурсамжийг нь хуваалцаж, 20 асуултад хариу нэхэхээ ч мартсангүй.

Тэрбээр ахлах сургуульд байхдаа л сэтгүүл зүйн салбартай холбогдсон гэдэг. Нэшвиллийн дунд сургуульд суралцаж байсан тэрбээр “WVOL” радиод ажиллаж, удалгүй хотынхоо “WTVF-TV” телевизийн хамгийн залуу, мөн анхны африк гаралтай нэвтрүүлэгч болжээ.
Харин түүний нэвтрүүлгийг 1984 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Чикаго руу нүүсэн хатагтай Уинфри “WLS-TV” телевизийн “AM Chicago” өглөөний хөтөлбөрийг хөтөлж эхэлсэн даруйд л тус нэвтрүүлгийн нэр хүнд огцом өссөн байна. Түүнээс жил орчмын дараа тэр хөтөлбөрөө “The Oprah Winfrey Show” хэмээн нэрийг нь өөрчилж, өмчлөн авсан гэдэг.
Удалгүй нэвтрүүлэг нь орон даяар цацагдах болж Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлэг болж, 1988 онд тэрбээр “Harpo” хэмээх студи байгуулсан нь “Америкийн хэвлэл мэдээллийн ертөнцийн гурав дахь ноёгтой” гэх алдрыг авчирсан байдаг.
23 улирлын турш үзэгчдийн хүртээл болсны дараа “The Oprah Winfrey Show” нэвтрүүлэг хамгийн шилдэг ярилцлагын нэвтрүүлгээр шалгарчээ. Гэхдээ Опрагийн амжилт үүгээр зогссонгүй. Түүний студи “Harpo” продакшн болтлоо өргөжиж, 147 оронд цацагдах болсон бөгөөд зөвхөн нэгдсэн улсад гэхэд л долоо хоног бүр 42 сая хүн үздэг болсон байна.
Сэтгүүл, цахим ертөнц гээд мэдээллийн бүхий л салбарт хүч сорих болсон хатагтайн сэтгүүлийг сар бүр 2.35 сая хүн уншиж, 7.5 сая хүн цахим хуудсаар нь зочилж байна.
Ирээдүйн гэрэл гэгээ боловсролоос эхтэй гэдэг бат итгэдэг тэрбээр “Опра Уинфри сан”-гаараа дамжуулан боловсролыг салбарт анхаарлаа хандуулдаг. Түүний боловсруулан хүмүүжлийн зарчмаар мэдлэг боловсрол олж, амьдрал хөл тавьж байгаа хүүхдүүдийн тоо өссөөр л байна.

-Анхны нэвтрүүлгээ хөтлөхдөө сандарч байв уу?
-Үгүй дээ. Өөрийн нэвтрүүлэгтэй болж, түүнийгээ хөтөлсөн үдэш хүртэл би их урт зам туулсан болохоор огт сандраагүй. Би сэтгүүлдээ “Хэрэв амьдралд минь эрс өөрчлөлт гарвал боломж олгож байгаагийнх төлөө би бурханд баярлана” гэж бичсэн. Сандарч, айж түгших гэсэн өчүүхэн зүйлээс болж удаан хугацаанд хүлээсэн мөчөө баллачихгүй байх нь миний баримталдаг зарчим.
-Тэгэхээр та нэвтрүүлэг хөтөлж байхдаа огт сандардаггүй байх нь ээ?
-Бусдын л адил би өөртөө итгэлгүй, эргэлзэж тээнэгэлзсэн үедээ би сандардаггүй. Харин олны анхаарал надад хандана гэдэг сандрах шалтгаан болдоггүй. Харин ч энэ байдал надад ус, агаар шиг хэрэгтэй байдаг гэж хэлж болно. Өнгөрсөн 25 жил цацагдсан хэдэн зуун нэвтрүүлгийн туршид би ердөө гурван л удаа сандарч байсан. Нэлсон Мандела, Сидней Пойтиэр, Диана Росс нарын уригдсан нэвтрүүлгийн үеэр. Тэд миний хувийн амьдралыг дэндүү их сонирхоод байсан юм.
-Нэвтрүүлгийнхээ өмнө хэр их бэлтгэл, судалгаа хийдэг вэ?
-Хэрэв зочид маань киноныхоо нээлт, худалдаанд гарах гэж байгаа номынхоо танилцуулгыг хийх гэж байгаа бол шинэ уран бүтээлийг нь заавал судалдаг. Заримдаа бүр зочноо танилцуулах биш номыг нь сурталчилсаар байгаад нэвтрүүлгээ дуусгах тохиодол ч гардаг. Тийм үед өөртөө бухимдмаар санагддаг шүү.
-Шууд нэвтрүүлгийн үеэр бухимдаж байсан удаа бий юү?
-Хүүхдийн хүчирхийллийн тухай нэвтрүүлгийн үеэр би сэтгэл хөдлөлөө захирч чадаагүй. Гэхдээ тэр нэвтрүүлгийн үеэр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хэзээ ч харамсаж байсангүй. Шууд нэвтрүүлгийн үеэр өөрийгөө хянах чадвараа алдана гэдэг сайхан зүйл мэдээж биш.
-Том Крузийн оролцсон нэвтрүүлгийн үеэр та хоёрын сэтгэл багагүй хөдөлсөн байгаа харагдсан. Тэр бүр буйдан дээр үсрэн гарч бүжиглэж байсан шүү дээ. Нэвтрүүлийн дараа Том буйданг цэвэрлэх гэж оролдсон уу?
-Завсарлагааны үеэр би аль болох юм ярихгүй байхыг хичээдэг. Нэвтрүүлэг хөтөлсөн эхний жилээсээ л би шууд нэвтрүүлэг хөтөлж байхдаа баримталдаг эл зарчимд суралцсан юм. Харин тэр үед Томын сэтгэл их хөдөлсөн байсан. Тиймээс завсарлагааны үеэр ч надтай хууч хөөрсөөр л байсан шүү. Тэр бол манай нэвтрүүлгийн мартагдашгүй дугааруудын нэг. Харин тэр буйдан цэвэрлэх талаар нэг ч үг дурсаагүй. Тэр буйдангаа бид дуудлагаар худалдахаар төлөвлөж байгаа.
-Та нэвтрүүлгүүдээ үзэж амждаг уу?
-Бараг л үздэггүй. Тухайн үед төрсөн сэтгэгдлээ дахин амсаж чадах цөөн хэдэн дугаарыг эргэн харсан. Олон жилийн өмнөх дугаараа үзэх сонирхолтой байдаг юм. Бид хэрхэн өөрчлөгдсөнөө харахын тулд албан өрөөндөө цаг гарган ирж үзэх нь бий. Өнгөрсөн хугацаанд цацагдсан нэвтрүүлгүүд маань эргээд бидэнд багшлах нь ч бий. Харин би хүмүүсийн хэрхэн өсөж дэвшсэнийг харах дуртай.
-Нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа тантай дотно нөхөрлөсөн хүмүүс бий юү?
-Би өөрийгөө ододтой найзалдаг хүн биш гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр Жо Траволта, Жулиа Робертс нартай хамт хооллож байх зуур утсаа харвал Холли Бэрри, Стив Уондер, Диане Сойер нараас дуудлага ирсэн байх юм. Тэр үеэс л би өөрийгөө ододтой найз юм байна гэж бодох болсон. Ширээний ард хамт суун тахианы мах амтархан идэж байхдаа хэн ч “Бидний хэн хэн нь олны танил хүн юм байна шүү дээ” гэж боддоггүй. Мэдээж ярилцлагаас нөхөрлөлийн түүх эхэлсэн тохиолдол цөөнгүй бий.
-Найз нөхдөөсөө яриа авах нь танихгүй хүнтэй ярилцахаас ч хэцүү гэдэг үнэн үү?
-Миний хувьд найз нөхдөөсөө ярилцлага авах их хэцүү байдаг. Найз нөхдийн дунд хил хязгаар гэж үгүй. Харин телевизийн нэвтрүүлэгт маш олон дүрэм журам, хил хязгаар бий. Тэгэхээр хором тутам хүндлэл болон, найз нөхдийн дотно байдлыг тэнцвэрийг хадгалахад анхаарлаа хандуулах шаардлагатай болдог.
-Та нэвтрүүлгийн үеэр өмсөх хувцсаа сонгох болон нүүр будалт, үс засалтдаа хэр их цаг зарцуулдаг вэ. Зочинтойгоо хувцсаа зохицуулан сонгож байсан удаа бий юү?
-Нэвтрүүлгийн өмнөх нэг цагийг л өөрийгөө гоёж, будахад зарцуулдаг. Тухайн үед миний сэтгэл санааны байдал ямар байгаагаас шалтгаалан хувцсаа сонгодог. Тиймээс зочинтойгоо зохицуулан хувцаслаж байсан удаа байхгүй.
-Камерын өмнө суун ярилцахыг хүсэж байсан ч түүнийгээ биелүүлж чадаагүй, өнөө хэр ярилцлага авахыг хүсдэг хүн бий юү?
-Би бүр бага байхаасаа л Жэки Онасис, Элвис Прэсли нартай ярилцахыг хүсдэг байсан. Харин өдгөө амьд сэрүүн байгаа хэр нь уулзаж, ярилцаж амжаагүй хүн байхгүй. Эрхээ эдэлж, боловсрол эзэмшиж чадахгүй байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нэвтрүүлэгтээ оролцуулж, тэдний үгийг нэвтрүүлгээрээ дамжуулан дэлхий дахины сая сая үзэгчдэд хүргэхийг хүсдэг болсон.
-Зочин тань худал яриад байгааг анзаарвал та юу хийдэг вэ?
-Юун түрүүнд би тэдэнд үнэнээ хэлэх боломж олгохыг хичээдэг. Тэгээд л “Үнэн үү” гэсэн асуултаа тавьдаг даа. Тэгсэн ч үнэнээ хэлэхгүй байвал дараагийн алхам нь “Би харин энэ тухай огт өөр зүйл уншсан юм байна. Продюссер маань ч тэгж хэлсэн” гэсэн асуулт. Энэ үед ч тэр үнэнээ хүлээхгүй байвал би зүгээр л “Би танд итгэхгүй байна” гээд хэлчихдэг.
-Харин тэдний ярих сонирхол буурч эхэлбэл…
-Би ихэвчлэн өөрийнхөө туршлагыг, туулж ирсэн амьдралаа ярьдаг.
-Таны сэтгэлд хамгийн их нийцсэн дугаар аль нь байв?
-Саяхан цацагдсан хөхөвчний тухай нэвтрүүлэг л сэтгэлд их нийцсэн. Би яг тэр сэдвээр нэвтрүүлэг бэлдэхийг их хүсэж байсан юм. Нэвтрүүлэг цацагдсаны дараа олон арван бүсгүй надад шинэ хөхөвч худалдаж авсан тухайгаа сонирхуулж, нэвтрүүлэг өөрт нь их тус дэм болсныг дуулгасан. Танихгүй хүмүүсээс талархлын үг сонсох сайхан юм билээ.
-Зочноор урьсандаа харамсмаар хүн нэвтрүүлэг тань оролцож байв уу?
-Би оролцогчдынхаа хар балаан талыг гаргахыг хичээдэггүй. Бүх зүйл өөрийн гэсэн энергитэй гэж би боддог. Зарим үндэстэн хар энергийг Сатан гэж нэрлэх нь ч бий. Тиймээс би Сатаны талаар дурсахгүй, түүний үзэгчдэд харуулахгүй байхыг хичээдэг.
-Үзэгчид тань нэвтрүүлгийн зочинд уурлаж, бухимдаж байсан удаа бий юү?
-Олон жилийн өмнө тийм тохиолдол гарч байсан. Шерил Ричардсон нэвтрүүлгийн зочноор оролцож байсан юм. Тэр бичлэгийн үеэр үзэгчид илт бухимдаж билээ.
-Харин танд зочиндоо бухимдаж байсан удаа бий юү?
-Манай нэвтрүүлэгт 26 удаа оролцож, номоо сурталчилсан нэгэн эрийг 27 дахь удаагаа оролцоход нь би өөрийн эрхгүй бухимдсан. Тэр даруй л би ярилцлагаа зогсоож, “Та биднийг номын тань нэрийг мэдэж байгаа гэж бодож байна уу? Үзэгчид ээ, та бүхний дунд ямар нэртэй номын тухай яриа өрнөөд байгааг санаж байгаа хүн байна уу?” гэж асуухад минь хэн ч хариулаагүй. Тэгээд л би “Тэгэхээр энэ яриагаа цааш үргэлжлүүлэх шаардлагагүй бололтой” гээд нэвтрүүлгээ өндөрлөж билээ.
-Нэгэн цагт үзэгчдийн дунд сууж байсан хүмүүсээс зочин болон “дэвшигч” бий юү?
-Нэлээн олон жилийн өмнө манай нэвтрүүлэг үзэгчид дундааасаа зочноо сонгодог уламжлалтай байсан.
-Таны төлөвлөж байснаас огт өөрөөр бүтээгдсэн дугаар байдаг уу?
-Нэгэн эрийг эхнэр, нууц амрагийнх нь хамт нэвтрүүлэгтээ урьсан дугаар санаанд оромгүй зүйлсээр дүүрэн байсан. Нэвтрүүлгийн үеэр залуу нууц амрагийнхаа хөл хүнд болсныг нийтэд зарлаж билээ.
-Та нэвтрүүлгийнхээ аль дугаараар хамгийн их бахархдаг вэ?
-Телевизийн нэвтрүүлгийн түүхэнд эргэлт хийж, бүтэн цагийг тэр чигт нь нэг сэдэв, нэг зорилгод чиглүүлдэг болгосон дугаартаа би хамгийн их хайртай. Шоу гэдэг үзэгчдийн сайн сайханд хөтөл, мэдээллээр ханган, алжаалыг нь тайлж чаддаг, бас сайн гүйцэтгэлтэй байх ёстой.
-Нэвтрүүлгийн дараа ч тантай холбоотой байсаар ирсэн оролцогчид бий юү?
-Жоржиа мужийн Форсит Коунти надтай хэдэн өдрийн турш хамт амьдарсан. Тэрбээр хар арьстнуудыг өнөө хэр иргэд нь хүлээн зөвшөөрдөггүй хотод амьдардаг юм. Мөн 1987 онд ДОХ-оор өвчилсөн нэгэн залууг нэвтрүүлэгт урьсан маань өнөө хэр сэтгэлээс огт гардаггүй. Ер нь нэвтрүүлгийн маань үеэр сөхөгдсөн асуудал, түүх бүр сэтгэлд минь хадаатай хэвээр үлддэг.

Thursday, September 23, 2010

Б.Амархүү: Эх орондоо ирэхийг хүсдэг ч надад хүлээсэн үүрэг, хариуцлага бий

-Одоо л монгол дууны онцлог, хэв маягийг мэдэрч байна-
“Дуучин Б.Амархүү кино урлагт хүч сорих нь” гэсэн мэдээлэл “Херо” энтертайнментийн шинэ уран бүтээлийн гол сурталчилгаа болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч “Татар ажиллагаа”-тай холбоотой мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш сонин, хэвлэлийн хуудаснаас салаагүй биз. Ирэх сарын 10-нд нээлтээ хийх киноны зургийг хэдийнэ аваад дуусчихаж. Өнгөрөгч долоо хоногт Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү киноныхоо дууг бичүүлж, түүнийгээ дүрсжүүлэхээр хоёр хоногийн хугацаатай ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
Дэндүү шахуу цагийн хуваарьтай түүнийг “отож”, зураг авалтынх нь сиймхийгээр уулзана гэсэн төлөвлөгөөтэй “Найрамдал” зуслангийн зүг хөлгийн жолоо заллаа.
Биднийг очиход
…Хэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээ ч чи намайг орхихгүй
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэрхэвч гараас чинь тавихгүйг чинь… хэмээн Б.Амархүүгийн дуу цууриатна. Түүний дуучин Д.Батсүхтэй хамтран дуулсан шинэ уран бүтээлийн клип үзэгчдийн хүртээл болохоор дуншиж буй нь энэ. Тэрбээр 36 цагийн хугацаатай эх орондоо саатаж байгаа тул нар жаргахаас өмнө клипний зургаа авч дуусгахаар шамдаж байгаа залуусын ажлын цагаас хумслахыг хүссэнгүй. Өдөржин хүлээлээ. Орой 22.00 цагийн үед клипний зураг авах ажил дуусаж, арайхийн бидэнд ярилцах боломж олдсон.
“Өнөөдөр нэлээн шахуу цагийн хуваарьтай байгаа харагдлаа. Хэзээ буцах гэж байна вэ” гэсэн асуултад минь бугуйн цагаа харснаа “Яг 10 цагийн дараа ниснэ дээ” хэмээн хариулснаар бидний ярилцлага эхэллээ.

-Шинэ уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач.
-“Херо” энтертайнментийн хамт олны бүтээсэн “Татар ажиллагаа” инээдмийн киноны ажил дуусаж, нээлтээ хийхэд бэлэн болчихлоо. Ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Сайхан хамт олон, чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн баг ажилласан тул “Татар ажиллагаа”-г энэ оны хамгийн шилдэг уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Одоо бидэнд үзэгчдийн дүгнэлтийг хүлээх л үлдлээ.
-Энэ кинонд ямар дүр бүтээсэн бэ?
-Ядруухан айлын зовлон үзсэн залуугийн дүрд тоглосон.
-Зан араншингийн хувьд ямар залуу вэ?
-Надаас “Бүтээж байгаа дүр чинь тантай адилхан уу” гэж их олон хүн асуусан. Амьдралын зовлон жаргал, хатуу ширүүнийг амссан 33 настай залуу байгаа юм. Гэтэл би дөнгөж 23 настай. Тиймээс зан араншин төдийгүй амьдралын туршлага, өссөн орчин гээд бүхий л зүйлээрээ надаас огт өөр хүн.
-Тэгвэл танаас багагүй ур чадвар шаардсан байх нь ээ?
-Оногдсон дүрээ сайн гаргаж чадсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Түүнийг үзэгчид дүгнэх биз. Энүүхэндээ л гэж өөрийгөө магтахад найруулагч Б.Баатар намайг их сайн жүжиглэж байна гэж магтсан. Гэхдээ ингэж магтаал сонсож байгаа нь миний мундагийнх биш. Киноны багийнхан маань их чадварлаг, сайхан хүмүүс байсан болохоор намайг аваад явчихсан. Жүжигчин Г.Эрдэнэбилэг ах гэхэд л байнга надад тусалж, зааж зөвлөж байсан. Дэлгэцнээ сайн найзуудын дүрд тоглосон шигээ бодит амьдралд ч сайхан ах дүүс, найз нөхөд болж чадсан.
-Энэ таны тоглож байгаа анхны кино юу?
-Тийм ээ.
-Кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл хэр их гарсан бэ?
-Монголоор сайн уншиж чаддагүй тул кино зохиолтойгоо танилцахад хүндрэлтэй байсан. Тэр бүрт Эби ах “Яасан. Юу ойлгохгүй байна, миний дүү” гээд л гүйгээд ирдэг. Бусдаар төдийлэн бэрхшээл тулгараагүй гэж хэлж болно. Харин ч кинонд тоглосныхоо ачаар Монголд байгаагүйгээрээ удаж, сар гаруй болсон. Монгол хэлээр ч харьцангуй сайн ярьдаг болсон байгаа биз. Би дуулахын зэрэгцээ ая зохиодог. Үүнээс өмнө дандаа л орос хэв маяг ханхалсан дуу бичдэг байсан бол монголд удаан хугацаанд байж, монгол уран бүтээлчидтэй хамтран ажилласныхаа ачаар монгол дууны онцлог, хэв маяг, хэмнэлийг одоо л мэдэрч, ойлгож эхэлж байна.
Нөгөөтэйгүүр кино үзэж суухад зарим жүжигчид сайн жүжиглэх гэж дэндүү их хичээсэн нь хэт хиймэл, хуурай болчихсон харагддаг. Харин би жүжиглэх гэж хичээлгүй аль болох энгийн байхыг чухалчилсан.
-Таны уран санд монгол хэлээр дуулсан дуу олон бий юү?
-Цөөн хэд бий. Харин энэ жил зөвхөн монголчууддаа зориулсан цомог гаргахаар төлөвлөж байна. Киноны нээлтийн үеэр үзэгч, сонсогчдодоо давхар бэлэг баръя гэж бодож байсан боловч амжсангүй. Гэхдээ энэ ондоо багтаж цомгоо худалдаанд гаргана аа. Элэг нэгтнүүддээ барих шинэ оны бэлэг ч байж болох юм.
-Киноныхоо нээлтийн үеэр ирэх үү?
-Ирж амжих эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ирэхийг их хүсэж байна. Ямартай ч ажлаа зохицуулахыг хичээнэ дээ. Ирэх сард хамтлагийн маань (“Премьер министр” хамтлаг) тоглолт Испанид болох юм. Тиймээс киноны нээлтийн үеэр ажил ихтэй л байх болов уу.
-Испанид танай хамтлагийн бие даасан тоглолт болох юм уу?
-Тийм ээ. Бид өнгөрсөн 2009 онд АНУ-д тоглолт хийсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцэж, Испанид тоглох урилга хүлээн авсан.
-Гаднын орнуудад монгол дуучин гэдгээ зарлахад үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Гадаадын үзэгчид Монголыг сайн мэддэг юм билээ. Ялангуяа “Чингис” гэхээр анддаггүй. Гэхдээ нөгөө сайн мэддэг “Чингисийн Монгол” нь орчин үеийн дуу дуулахаар их гайхаж хүлээн авдаг.
-Монголын сонсогчид Б.Амархүүг дуучных нь хувьд сайн мэддэг ч, хувь хүнийх нь хувьд төдийлэн мэдэхгүй. Та өөрийнхөө зан араншинг хэрхэн тодорхойлдог вэ?
-Би уг нь өөрийгөө их тайван хүн гэж боддог. Гэхдээ ээж минь “Монгол хүний цусанд байдаг омголон, хурц ширүүн зан чамд байдаг. Яг аавыгаа дуурайсан” гэж хэлдэг юм. Орос хүнтэй харьцуулахад үе үе түргэн цочмог зан гаргадаг ч, өөрийгөө их тайван л гэж дүгнэдэг шүү.

Клипний зураг авахуулах үеэр л тэр дууныхаа алдаа, оноог дүгнэн, түүнийгээ хичээнгүйлэн цаасан дээр бичиж, ажил хэрэгч, аливаад нямбай хариуцлагатай ханддаг гэдгээ харуулсан. Харин биднийг ярилцах үеэр гарын үсэг зуруулахаар ирсэн бүсгүйд “Би сонинд ярилцлага өгч байна” гэж хариулсан нь энэ байдлаа баталчих шиг л болов.

-Амархүү шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
-Би “Шүүмжлэл хүнийг хурцалдаг” гэж үздэг. Тиймээс бусдын шүүмжлэлийг сонсож хэрэгтэйг нь тусгаж аван, алдаа дутагдлаа засахыг чухалчилдаг. Ялангуяа найз нөхдийнхөө шүүмжлэлийг байнга хүлээж авдаг. “Народный артист”-ийн ялагч болоод удаагүй байхад найзууд маань намайг “Их өөрчлөгдсөн. Олны танил болоод биеэ тоож байна” гэж шүүмжилж билээ. Тэр нь намайг бухимдуулах биш, харин ч “Үнэхээр би биеэ тоож байна уу” гэж өөртөө дүгнэлт хийхэд хүргэсэн. Би ер нь бялдууч хүнд дургүй. Тиймээс ч “Жинхэнэ найз гэдэг чамайг алдаа гаргаад бүдрэх үед “Ийм юм хүн бүрт л тохиолддог. Санаа зоволтгүй” гэж аргадах биш, “Хохь нь. Чиний л буруу шүү дээ” гээд хатуухан хэлчихдэг байх ёстой” гэж боддог.
-Амархүү амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Ээж минь надад “Ямар ч сайн хүнд дутагдалтай тал бий. Түүнийг нь буруутгах биш, сайн талыг нь харж сур. Түүний адил ямар ч муу хүнд давуу тал, сайн чанар бий. Түүнийг нь л олж хар” гэж сургадаг байсан. Тиймээс би хүмүүстэй харилцахдаа энэ зарчмыг баримталдаг.
-Олонх хүн “Бусдын итгэлийг алдах вий гэж” эмээдэг. Харин таны юунаас айдаг вэ?
-Урагш гишгэж байгаа алхам бүр тань зөв байвал бусдын итгэлийг алдах, эсвэл намайг хүмүүс буруугаар ойлгох болов уу гэж айх хэрэггүй болох байх. Тиймээс би зөв хүн байж, үйлдэл бүрээ зөв байлгахыг л хичээдэг. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа их олон талаас нь боддог. Монголчууд “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шүү дээ. Яг л тэр зарчмыг баримталдаг.
-Киноны зураг авч байх үеэр таныг хэд хэдэн удаа ирж, буцсан гэж байсан.
-Хоёр ч удаа Монголд ирж, сар гаруй байж байгаад буцсан. Энэ гурав дахь нь.
-Монголд ирэхэд ер нь ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Ер нь ямар ч уран бүтээлч ачаалал ихтэй ажилладаг болохоор замд явахад их ядардаг. Харин би эх орондоо ирэх дуртай. Энд ирээд ан хийгээд, хөдөө агаарт гараад буцах юу юунаас илүү сайхан амралт болдог. Монголчууд эртнээс л төрсөн газраа очиж хөрвөөвөл өвчин эмгэг эдгэж, эрч хүч авдаг гэлцдэг байсан. Түүний адил би Монголд ирэхээрээ ажиллах урам зориг, эрч хүчээр цэнэглэгддэг.
-“Эх орондоо амьдаръя” гэсэн бодол төрдөг үү?
-Эх орондоо амьдрахыг их хүсдэг. Гэхдээ надад эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Хэрэв би монгол хүн биш байсан бол “Народный артист” уралдаанд түрүүлэхгүй байсан гэж боддог юм. Эх орны минь заяа түшиж, тэр том тэмцээнд амжилт гарган, өнөөгийн өндөрлөгт хүрчихээд байгаа тул одоо би хариуг нь барих ёстой.
Тиймээс залуу, ихийг хийж бүтээх чадалтай байгаа үедээ өөрийн чадах хэрээр дэлхий дахинд Монгол орноо сурталчлахыг хүсэж байна. Үүний тулд шаргуу хөдөлмөрлөж, ихийг хийж бүтээх хэрэгтэй. Хэрэв би Монголдоо амьдарч, зөвхөн монголчууддаа зориулан уран бүтээл туурвиад байвал энэ үүргээ биелүүлж чадахгүй. Тиймээс ойрын хэдэн жилдээ Москвад байх болов уу. Гэхдээ зорилгодоо хүрч, тэтгэвэрт гарах цаг болоход эх орондоо ирж амьдарна аа.

Sunday, September 19, 2010

Фейсал Абдул Рауф: Мусульман шашинтнууд буурин дээрээ буцаж очихыг хүсэж байна


Хоёр хотын иргэд, магадгүй хоёр улсын хооронд маргаан дэгдээгээд байгаа зүйл бол Ихэр цамхагийн буурин дээр байгууламж барих тухай асуудал. Есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш “Төв цэг” хэмээн нэрлэгдэх болсон эл газар лалын шашны төв барих санааг “Фара” сүмийн тэргүүн Фейсал Абдул Рауф гаргасан. Тэрбээр Ларри Кингийн нэвтрүүлэгт уригдаж юуны учир ихэр цамхагийн буурин дээр лалын шашны төв барих санаа гаргасан болон өнгөрсөн хугацааны турш өөрийн байр суурийг илэрхийлэхээс татгалзан нам гүм байсныхаа учрыг тайлбарлажээ. Энэ нь түүний Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн анхны тохиолдол юм. Фейсал Абдул Рауф Манхэттэн дахь “Фара” лалын сүмийн тэргүүнээр 27 жил ажиллаж байгаа нэгэн.
-Таныг Дундад Азид хоёр сар байх үеэр Ихэр цамхагийн буурин дээр лалын шашны төв барих эсэх талаар ширүүн маргаан өрнөсөн. Энэ асуудал цөөнгүй хүнийг бухимдуулаад байгаа. Гэтэл та нэлээд удаан хугацааны турш нам гүм байсан атал гэнэтхэн ярилцлага өгөхөөр шийдсэн тань ямар учиртай юм бэ? -Хилийн чанадаас энэ талаарх байр сууриа илэрхийлэх нь тохиромжгүй санагдсан юм. Тиймээс гэртээ эргэн ирснийхээ дараа ярилцлага өгч байгаа нь энэ.
-Та яагаад “Төв цэг”-т лалын шашны төв барихыг хүссэн юм бэ? -Юун түрүүнд миний тэргүүлдэг сүм “Төв цэг”-ээс ердөө 10 байшингийн цаана байрладаг гэдгийг сануулъя. Би өнгөрсөн 25 жилийнхээ амьдралыг “Төв цэг”-ийн ойролцоо ажиллаж, амьдардаг хүмүүсийн сайн сайхны төлөө зориулсан. Есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш ч бид эл дүүргээс холдож чадаагүй. би энэ л дүүргийн иргэдэд үйлчилж, тусалсаар ирсэн. Харин халдлага болсон доод Манхэттэн дүүрэг, Нью-Йорк хотод, Америкт амьдарч байсан мусульман шашинтнууд буурин дээрээ буцаж очихыг хүсэж байна. Тиймээс л энд лалын шашны соёлын төв байгуулахыг хүссэн юм.
-Гэхдээ яагаад заавал “Төв цэг”-ийг сонгосон юм бэ?
-Үнэндээ яг Ихэр цамхагийн буурин дээр шинэ барилга барьж, түүнийг шашны төв болгох гэсэн ч юм биш. “Төв цэг”-ээс холгүйхэн нэг барилгыг соёлын төв болгохоор зөвшилцөж тохироод, хэдийнэ худалдан авчихаад байгаа юм. Найз Шариф Гамал маань энэ санааг гаргасан. Тэр манай сүмийг өргөтгөж, шашны төв болгох хэрэгтэй гэдгийг хамгийн түрүүнд анзаарч, “Төв цэг”-ийн ойролцоох барилгыг сонгосон байсан. Би тэр хавьд бараг 20 жил ажилласан учир байрлалыг нь ойрхон байхаар бодолцсон хэрэг. Тэгээд ч христ, мусульман, будда гээд аль ч шашны номлолд бурхнаа болон бусдыг хайрлаж, нигүүлсэхийг сургасан байдаг.
-Хэрүүлийн алим болсон энэ асуудал өдгөө маш олон америкчуудын бухимдлыг төрүүлээд байгаа. Цөөнгүй хүн “Мусульман шашинтнуудад Америкаас өөр амьдрах нутаг олдохгүй байгаа юм уу” гэж үзэж байна билээ. -Би хүмүүсийн юу бодож, ойлгож байгааг анзаарсан. Мэдээж үүнийг анхаарч үзэлгүй яах вэ. Бид есдүгээр сарын 11-ний халдлагад өртөж амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнтэй холбогдсоор байгаа.
-Энэ маргаан дэгдэхээс өмнө тэдэнтэй холбогдсон уу? -Тийм ээ.
-Амь үрэгдсэн бүх хүний ар гэрийнхэнтэй уулзсан уу? -Бүгдтэй нь холбогдож амжаагүй байна. Гэхдээ олонхтой нь уулзаж, өнөөг хэр харилцаж байгаа. Ялангуяа “Төв цэг”-ийн ойролцоо лалын шашны төв барих асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа хүмүүстэй уулзсан.
-Тэднийг ятгах гэсэндээ уулзсан хэрэг үү? -Үгүй дээ. Угтаа бол энэ санаагаа би 2009 оны арванхоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан. Энэ тухай мэдээлэл “The New York Times” сонины эхний нүүрэнд нийтлэгдэж байсан. Тухайн үед энэ асуудлыг хэн ч сонирхоогүй шүү дээ. Маргаан өнгөрөгч тавдугаар сараас л эхэлсэн. Тиймээс хэн нэгэн үүнийг улс төржүүлж байна гэдэг нь эргэлзээгүй.
-Тэгэхээр та энэ маргааныг хэн нэгний улс төрийн ашиг сонирхлоос үүдэлтэй гэж үзэж байгаа байх нь ээ? -Яг зөв. Ингэж улс төржүүлэх нь маш аюултай хийгээд эмгэнэлтэй хоёр шалтгаантай юм. Нэгт, Америкийн төр, шашин хоёр салангид байх ёстой гэсэн зарчмыг эвдэх.
-Гэхдээ америкчуудын 71 хувь нь ихэр цамхагийн суурин дээр лалын сүм болон бусад байгууллагуудыг багтаасан томоохон барилга барих нь зүйтэй хэмээн санал өгсөн байсан. Гэтэл эсэргүүцэж байгаа хүмүүс нь илүү мэргэн санаа дэвшүүлж байвал яах вэ? -Би иргэдийн үзэл бодлыг хүндэтгэж байгаа. Энэ асуудалд тун хариуцлагатай хандах ёстой гэдгээ ч ухамсарлаж байна. Хэрэв мусульман шашинтнууд энэ дүүрэг, хотыг орхивол байдал бүр ч дордоно гэдэг нь эргэлзээгүй. Энэ нүүдлийн дараа бусад орнуудад аж төрж байгаа мусульманчуудад өөрсдийн шашин нь шахагдаж, хүнд нөхцөл байдалд ороод байгаа гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрнө. Тиймээс би мусульман шашинтнуудаа өмгөөлөхөөс илүүтэй америкийн ард түмнийг хамгаалах гэсэндээ ийм санаа гаргасан.
-Тэгэхээр та “Төв цэг”-т лалын сүм барихыг эсэргүүцэгчдийн үзэл бодлыг сонсох сонирхолгүй байгаа гэсэн үг үү? -Үгүй дээ, би тэгж хэлэх гээгүй. Мусульман шашинтнууд өөрсдийгөө америкаас шахагдаж байна гээд ойлгочихвол манай орны үндэсний аюулгүй байдалд заналхийлэх магадлал өндөр.
-Халдлагын үеэр гэр бүлийнхнээ алдсан хүмүүсийн дуу хоолойг та төдийлэн сайн сонсоогүй юм шиг санагдлаа. Тэдний дунд “Тэнд барилга барьчихвал бид яах юм бэ. Би хүүгийнхээ шарилыг одоо болтол олоогүй байна. Хүүгийн минь байгаа газар тэд сүм барих гээд байна шүү дээ” гэж ярих хүн цөөнгүй байсан. -Ихэр цамхагийн буурин дээр барилга барих гээгүй гэдгийг дахин хэлье. Бид…
-“Төв цэг”-ээс хоёр барилгын цаана шашны төв босгох гэж байгаа. -Тийм ээ. Тэнд хэний ч шарил байхгүй. Хүмүүсийн энэ ташаа бодол надад их дарамт болж байна. Халдлагын үеэр амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнтэй уулзаж, байнга харилцах гээд байгаагийн учир нь тэр. Бид шашны төвдөө амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө босгохоор төлөвлөж байна. Гэхдээ барилгын эцсийн зураг төсөл одоогоор гараагүй байгаа.
-Халдлагын дараах аврах ажиллагааны үеэр нурангинд дарагдсан цөөнгүй мусульманчууд “Бидэнд тусламж үзүүлэхээс татгалзаж байсан” хэмээн гомдоллож байсан. Тэнд яг юу болсон юм бэ? -Тийм нөхцөл байдал үүссэн гэдэг нь эргэлзээгүй.
-Та мэдэж байсан хэрнээ энэ тухай олон нийтэд мэдэгдээгүй юм уу? -Бид байдлыг улам хурцатгаж, америкчуудын дунд зөрчил үүсгэхийг хүсээгүй юм.
-Нүүх эсэх асуудлаа хэлэлцээрийн ширээний ард суугаад шийдчихэж болохгүй байгаа юм уу? -Энэ хэлэлцээрийн ширээний араас шийдэх боломжгүй асуудал юм л даа. Гэхдээ бид энэ талаар зөвлөлдөж байгаа. Бид одоо ч хамгийн зөв, аюулгүй гарцыг хайсаар л байна.
-“Төв цэг”-ийн ойролцоо хоёр ч лалын шашны сүм байдгийг би мэдэх юм. Нэг нь бүр ердөө л 12 байшингийн цаана байрладаг. Нөгөө нь түүнээс хоёр байшингийн цаана бий. Тэгсэн атал дахиад нэгийг нэмж барихад яагаад дургүйцээд байгаа юм бол гэх бодол танд төрдөг үү? -Энэ бол америкийг лалын шашны эсрэг байр суурьтай болгох гэсэн цөөн хүний явуулга.
-Тэгээд яагаад заавал одоо энэ явуулгаа хийж байгаа юм бэ? -Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор америкчууд лалын цөөнгүй сүм рүү халдсаныг бид нүдээр харлаа. Маргаан зөвхөн “Төв цэг”-ийг тойроогүй гэдгийг энэ үйлдэл нотолж байна. Энэ бол лалын шашныг дэмжих үү, эсэргүүцэх үү гэсэн байр суурийг иргэдэд тулгах гэсэн болчимгүй алхам. Эцсийн зорилго нь лалын шашныг эсэргүүцэх үзлийг төлөвшүүлэх гэдэг нь илт байна.
Харин бид асуудалд бодитоор хандаж, хоорондоо зөвшилцөх шаардлагатай байна. Америкийг эрх чөлөөний орон гэдэг. Тиймээс ч манай улсад шашнаар ялгаварлан гадуурхах, аливаа сүмийг төрийн бодлогоор хавчих үзэгдэл огт гардаггүй. Тиймээс бид энэ яс хаясан явдлыг үл тоож, шашин болон эрх чөлөөгөө хэвээр авч үлдэх ёстой. Үүний тулд харилцан зөвшилцөх шаардлагатай байгаа юм.
-Террористуудын булаан эзэлсэн онгоц худалдааны төвийг мөргөсөн гэдэгт та итгэдэг үү? -Би юу?
-Энэ ч бас улс төрийн явуулга байсныг үгүйсгэх аргагүй. Харин таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Осама Бин Ладентай хамтран ажиллаж байсан үе надад бий. Гэхдээ түүний юу ярьж, юу хийхийг бид бүгдээр нүдээр харсан. Гэхдээ одоо бид өнгөрснийг ухаж төнхөх биш, ирээдүйд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
-Лалын шашны төвийн барилгад нэг зуун сая доллар зарцуулна гэсэн. Та энэ их мөнгийг хаанаас олох бодолтой байна вэ? -Одоогоор бид энэ асуудлыг шийдээгүй байгаа.
-Тэгэхээр та барилга барих мөнгөгүй байх нь ээ? -Бид мөнгөө хангалттай хуримтлуулж амжаагүй л байна.
-Тэгээд хэрхэн олох гэж байна вэ? -Бид боломжтой бүх сурвалжаас мөнгө олно. Голчлон хандиваар л санхүүгээ бүрдүүлэх болов уу.
-Танд хандив өгөх хүмүүс, байгууллагуудын нэрсийн жагсаалт бий юү? -Бий.
-“Хамас” бүлгийнхэн танд хандив өгвөл… -Мэдээж татгалзана.
-Тэгэхээр “Хамас”-т тусалдаг хэн ч танай сүмд хандив оруулах боломжгүй гэсэн үг үү? -Бид хамгийн аюулгүй гэсэн шийдлийг л сонгоно.
-Мусульман шашинтнууд хэт даврагсдын эсрэг байр суурьтай байдаг уу? -Бидний дунд маш олон хэт даврагсдын эсрэг байр суурьтай хүн бий. Олонх нь гэж хэлсэн ч болох байх. Гэхдээ тэмцэл байдлыг улам хурцатгана уу гэхээс тус болдоггүй. Тиймээс бид дайсагналцахаас илүү энхтайвныг хүсэж байна.
-Есдүгээр сарын 11-ний үйл явдал дахин давтагдах магадлал бий юү? -Энэ тухай бодохоос ч дургүй хүрдэг. Бүр жигшин зэвүүцэж байна.
-Гэхдээ та үндэсний аюулгүй байдал юу юунаас чухал гэж хэлсэн шүү дээ. -Бидний хэнд ч энэ зүйл чухал. Бид энэ үйл явдлыг давтагдуулахгүйн тулд шалтгааныг нь олох хэрэгтэй. Энэ явдаас хойш америкчууд мусульман шашинтнуудаас жийрхэх болсон. Бид энэ байдлыг өөрчлөхийн тулд ажиллаж байна. Бид харилцан ярилцаж, бие биенийхээ тухай илүү мэдээлэлтэй болохгүй л бол энэ нийгмийн буруу хандлагыг өөрчилж чадахгүй.
-Америкчуудын 71 хувь нь таны саналыг дэмжиж байгаа. Тэд лалын шашныг дэмждэг юм болов уу? -Үгүй дээ. Асуудлыг шийдэх гэсэндээ л тэд ийм шийдвэр гаргаж байгаа юм. Бид 25 жилийн турш айл хөрш явлаа. Энэ явдлын дараа ч найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх гэсэн хэрэг. Учир нь тэд бидний хэн бэ гэдгийг сайн мэднэ. Мусульман шашинтнуудад итгэл хүлээлгэхүйц ажлыг лалын сүмийнхэн хийж байсан гэсэн үг.

Tuesday, September 14, 2010

“Google”-ийг гар утасны зах зээлд хөтөлсөн “Application”

Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн огт мэдэхгүй үг, хэллэг Монгол хэлний үгийн санд хүч түрэн орж ирэх болсон Тэдний нэг нь “андройд”, “эппликэшн”. Үгийн сан төдийгүй, бизнесийн салбарт ч шинэчлэл авчирсан эл үйлдлийн систем, прогармм нь хэрэглээ төдий хүрээнээсээ хэдийнэ хальж, өөрийн гэсэн зах зээлтэй болоод амжжээ.
“Microsoft” компанийн туршилтын хэлтсийн дарга Л.Бат-Өлзийн “Эппликэшны бизнес дэлхийн зах зээлд хүчээ авч байна. Гэртээ сууж байгаад л “Apple” компанийн бүтээгдэхүүнд зориулсан эппликэшн зохиогоод сардаа нэг сая долларын орлого олчихдог болсон танил надад бий. Энэ бизнесийн Монголд нэвтрүүлэх юм сан гэсэн бодол төрдөг” гэсэн үг санаанд тод үлдсэн юм. Энэ санаа зөвхөн түүний толгойд эргэлддэг биш бололтой. Мэдээллийн технологийн салбарт хүч сорьдог цөөнгүй мэргэжилтнүүд энэ бизнесийг хараалчихаад байгааг анзаарсан юм.

Шинэ зах зээл үүсгэсэн шийдэл
Хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх, хэрэглээг илүү ойр болгоход чиглэгдсэн эрэл хайгуул гар утасны программыг үүсгэсэн нь гарцаагүй. “Application” (орчуулбал “хэрэглээ”) гэх нэр томъёо ч үүнийг батлах биз. Компьютерийн хэрэглээний программ гар утсанд зориулагдан зүсээ хувилгасан цагаас л “Мобайл эппликэшн” буюу “Гар утсанд зориулсан хэрэглээний программ”-ын түүхийн хуудсыг хүн төрөлхтөн бичиглэж эхэлсэн гэж хэлж болно.
Өдгөө дэлхийн сая сая үүрэн телефоны хэрэглэгчид компьютерийн энгийн программыг гар утсаа ашиглан хэрэглэж байна. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнесийн цоо шинэ зах зээл бий болгож, гар утасны программчлалаар ашиг олж болохыг хамгийн түрүүнд ухамсарласан компани бол “Sun Microsystem” юм.
Гар утас хэрэглэгчид одоогоор яг л компьютерийн “Windows” шиг зургаан төрлийн үйлдлийн систем ашиглаж байгаа. Үүнд:
1. Palm Web OS
2. Symbian
3. iPhone
4. RIMs BlackBerry
5. Windows Mobile
6. Android байна.
Гар утсанд зориулсан үйлдлийн систем бүр өөрийн онцлог давуу талтай. Тэднээс “Андройд”-ыг хамгийн хурдтайгаар тархаж байгаа хэмээн мэргэжилтнүүд тодорхойлдог.
“Андройд” үйлдлийн системийг хэдийгээр “Андройд инк” компани санаачлан бүтээсэн ч төдийлэн амжилт олоогүй гэдэг. Харин 2005 долдугаар сард “Google” худалдаж авчээ. Комапнийн удирдлагууд тэр даруй “Андройд”-ыг санаачлагчдын нэг болох Рубинээр ахлуулсан баг томилж, 2006 оны арванхоёрдугаар сард шинэ үйлдлийн системээ худалдаанд гаргаснаар гар утасны зах зээлд хүч түрэн орж ирсэн хэмээн тэмдэглэсэн байдаг.
Харин эл төрлийн үйлдлийн системтэй утас анх 2008 оны аравдугаар сарын 22-нд “HTC Dream” нэртэйгээр худалдаанд гарчээ. Тайваний “Ухаалаг зах зээл” институтын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2013 он гэхэд 31.8 сая “Андройд” системтэй утас, 126 сая “Андройд”-ын зөөврийн бүтээгдэхүүн борлогдоно гэсэн тооцоо бий. Тиймээс “Андройд”-ын зах зээл илүү өргөжиж, компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах гар утсанд зориулсан хэрэглээний программын худалдан авагчид ч тэр хэрээр өргөжнө гэж ойлгож болно.

Мэргэжилтнүүдийн хүрээнээс хальж нийтэд нээлттэй болсон бизнес

Хэдийгээр бид гар утаснаасаа “Word”, “Excel” зэрэг программ ашиглаж, дуу сонсон, элдэв бичлэг үздэг ч үүний цаана бизнесийн нэгэн зах зээл эргэлдэн хөвөрч байгааг анзаардаггүй. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад гар утасны хэрэглээний программын бизнесхүчээ авч байгаа гэнэ. Эл бизнест хөл тавих боломж мэдээллийн технологийн компаниудад л нээлттэй байсныг “Apple” компьютерийн анхан шатны мэдлэгтэй хүн бүр оролцож болохуйц болгон өөрчилсөн. Энэ нь гар утсанд зориулсан хэрэглээний программын хөгжлийг нэг шат ахиулсан гэж хэлж болно.
Энэ хөгжлийн ачаар программ хангамж сонирхогчид гэртээ суугаад л мэдээ мэдээлэл оруулах бүртээ мөнгө цуглуулж, бичил бизенс эрхлэх боломжтой болсон. Яг л блог хөтлөгч шиг. Харин оруулсан бичлэг, мэдээллээ цахим сүлжээ ашиглан борлуулж орлого олно. Энэ нь нэг талаас гар утас хэрэглэгчдэд сонирхсон мэдээллээ, сонголт арвинтайгаар авах боломжийг бүрдүүлдэг бол гар утасны бизнес эрхлэгч компаниудад мэдээллийн арвин сантай болж, тэгснээр хэрэглэгчдийнхээ тоог өсгөж, байр сууриа бэхжүүлэх ач холбогдолтой, харин мэдээлэл оруулагчид буюу залуусын хэлж заншсанаар “эппликэшн хөгжүүлэгчид” сонирхолтой аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээрээ орлого олох гээд аль ч талдаа ашигтай бизнес болон хувираад байгаа тул өдөр ирэх тусам эл шинэ зах зээлийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байгаа юм.
Интернэт сүлжээ ашиглах тул энэ бизнеси дэлхийн аль ч өнцөгт байгаа хүн хүч сорих боломжтой. Энэ нь эл бизнесийн гол давуу тал.
“Андройд”-оор жишээ татахад л тус үйлдлийн системийн хөгжүүлэгч нарт зориулж “Google”-ээс хэрэглээний шинэ программ зохиох уралдаан зарладаг уламжлал 2008 оноос тогтсон. Эхний уралдаан 2008 оны нэгдүгээр сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилж, 50 шилдэг оролцогчийг 25000 доллараар шагнаж байжээ. Харин хоёрдугаар шатны уралдаан 2009 оны тавдугаар сарын 27-ноос 2009 оны арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилж, шилдэг 200 бүтээлийн эзнийг шагнасан.

Эцэст нь залуустаа хандаж доорх цахим хуудсуудаар зочилж, “Андройд”-ын гадаад зах зээлд хэрхэн орох заавар зөвөлгөө болон зах зээлд оролцох эрхийг яаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
1. http://developer.android.com/index.html
2. http://www.android.com/market/
3. http://groups.google.com/group/android-beginners?pli=1
4. http://groups.google.com/group/android-developers/topics

Хөгжүүлэгчид дээрх болон бусад холбогдох сайтуудтай сайн танилцаж, хэлэлцүүлэгт оролцон өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд “JAVA” программын талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй байхад л болно.

“Gucci”-гээр гоёсон “Smart”

“Моод Монголоор дуусдаг” гэдэг үгийг үгүйсгэх олон баталгааны нэг нь “Gucci”-гээр гоёсон эл төмөр хөлөг. Нийслэлийн замын хөдөлгөөнд өнгө өнгийн машин сүлжилдэн давхих боловч, дэлхийд нэр хүндтэй брэндийн логогоор чимсэн нь үүнээс өөр байдаггүй юм билээ. Их хотын хөдөлгөөнд өнгө нэмэх уг авсаархан машиныг “Авто салон” буландаа онцолж байна.

“Daimler AG” компанийн “Ухаалаг” брэндтэй хэрэглэгчид 1998 онд Парист болсон шоуны үеэр анх танилцаж байсан гэдэг. Суурин газрын жолооч нарт л зориулагдсан автомат, механик хосолсон хурдны хайрцаг нь тухайн үедээ шинэчлэл болсон тул сурталчилгааг нь хийж эхэлсэн даруйд “Smart” автомашин сонирхогчдын анхаарлыг татсан байна.
Хотын түгжрэлтэй замд шатахуун бага зарцуулдаг атлаа холын замд хурд авах чадвар сайтайгаар хөдөлгүүрийг бүтээсэн нь “Ухаалаг” гэх алдар хүртэх боломж олгосон гэж хэлж болно. Тиймээс ч сүүлийн үед энэ брэндийн борлуулалт нэмэгдсээр байгаа юм.
“Daimler AG” компанийнхан Өдгөө Герман, Францад үйлдвэрлэж, дэлхий даяар борлуулж байгаа уг машины загварыг охин компани болох “Mercedes Benz”-ийн Калифорни дахь үйлдвэрийн зохион бүтээгчдээр хийлгэсэн тул “Smart”-ын бүтээгдэхүүн бүрт “Benz”-ийн логог байршуулсан байдаг. Тиймээс ч жолооч нар “Үйлдвэрлэгч нь чухам хэн бэ” хэмээн эргэлздэг гэнэ.
“Gucci”-гийн логогоор их биеэ төдийгүй салоноо гоёсон эл машин “Smart”-ийн анхдагчдын нэг.

Хөдөлгүүр: 0.6, 0.7, 0.8 литрийн багтаамжтай
Хурдны хайрцаг: Зургаан шатлалтай, автомат, механик хосолсон
Уртын хэмжээ: 2,5 метр
Өргөний хэмжээ: 1,51 метр
Өндрийн хэмжээ: 1,5 метр
Жин: 730 кг

С.Лхагвасүрэн: Би бага оврын жийпэнд дуртай

Саяхан нээлтээ хийж, кино театруудаар гарч байгаа “Миний муу аав” кинонд зах зээлийн шуурганд хөл алдсан эрийн дүр бүтээсэн С.Лхагвасүрэн “Toyota Rav4” хөлөглөдөг аж. Түүний сонголтын талаар сонирхохоор цөөн хором саатууллаа.

-Яагаад “Toyota Rav4”-ыг сонгосон юм бэ?
-Бүтээгдэхүүн нь эвдрэл гэмтэл багатай, жолооч зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан зэрэг үзүүлэлтээрээ олон мянган хэрэглэгчийн итгэлийг олж, хэдийнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн компани болсон тул “Toyota”-гийн машиныг сонгосон.
-Өмнө нь ямар машин барьдаг байв?
-Бас л иймэрхүү жийп барьдаг байлаа. Би ер нь бага оврын жийпэнд дуртай. Хотод түгжрэл ихтэй болохоор цаг хугацаатай өрсөлдөж ажлаа бүтээдэг бидэн шиг хүмүүст аль болох авсаархан унаа хэрэг болдог. Бас зам муутай тул өндөр машин унах шаардлага тулгарна. Тиймээс Монголын нөхцөлд бага оврын жийп илүүтэй тохирдог. “Rav4”-ийн хувьд сэлбэг нь олдоцтой гэх мэт давуу тал их бий.
-Гэхдээ таны машин хормойтой юм байна шүү дээ.
-Анх худалдан авахад л ийм байсан юм. Хормойг нь авахуулах гэтэл худалдаж байсан залуус нь “Муухай харагдана. Дэмий байх аа” гэхээр нь тэр чигт нь орхисон.
-Яагаад заавал хар өнгийн машин сонгосон юм бэ?
-Тухайн үед орж ирсэн нь хар өнгөтэй байж таарсан юм. Өөр сонголт байгаагүй болоод л хар өнгөтэйг нь авчихсан.
-Энэ машиныг хэр удаан унаж байна вэ?
-Жил орчим болох гэж байна даа.

Хэдийгээр “RAV4” нь анхны спорт загварын жийп байгаагүй ч машины загварт хувьсал хийсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. 1996 онд анх худалдаанд гарсан эл машиныг амжилт олно гэдэгт эл салбарынхан эргэлзэж байсан гэдэг. Гэсэн ч үнэ хямд, овор хэмжээ болон шатахуун зарцуулалт бага хэрнээ спорт загвартай нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн тул автомашин үйлдвэрлэгчид тэр даруй эл загварыг хуулбарлажээ. Ингээд л “Honda CR-V”, “Kia Sportage”, “Suzuki Grand Vitara”, “Subaru Forester” гэх загварууд ар араасаа төрсөн байдаг.
Хэдийгээр “RAV4” олон дүүтэй болсон ч бага оврын жийпүүдийг тэргүүлсээр л байна.

Хөдөлгүүрийн багтаамж: 2 литр
Хүч: 127 морь
Цилиндрийн тоо: 4

Г.Карина: Нүүр будалт бол хэрэглээнээс урлаг болтлоо хөгжсөн салбар

Бүсгүйчүүдийн гоё сайхан харагдах гэсэн хүслээс үүдэлтэй нүүр будах урлаг дэлхий нийтийн анхаарлыг татдаг болтлоо хөгжөөд байна. Үүний нэг жишээ нь “Эмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг нэр хүндтэй наадмуудад нүүр будалтын төрөлд шагнал олгодог болсон явдал.
Хэдэн мянганы түүхтэй нүүр будалтын урлаг Монголд хөгжөөд арваад жилийн нүүр үзэж байна. Үсчин гоо заслын мэргэжлийн холбоо байгуулагдсанаар монголчууд 2006 оноос Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байдаг. Хоёр жилд нэг удаа зохиогддог эл тэмцээн арваннэгдүгээр сарын 6-8-нд Францад болох гэж байгаа бөгөөд манай үсчин гоо сайханчид хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэлдээ хэдийнэ гарчээ. Эрэгтэй, болон эмэгтэй үс засалт, боди арт, нүүр будалт, хуримын будалт гэсэн төрөлд нийт арваад мэргэжилтнээ сойж байгаа Үсчин гоо заслын мэргэжлийн холбооны удирдлага ОХУ-аас хоёр дасгалжуулагч урьж, заавар зөвлөгөө авч байгаа аж. Тэдний нэг болох Европ болон ОХУ-ын аварга гоо сайханч Григорьянц Карина Эдуардовнатай уулзаж ярилцлаа.

Чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй нүүр будалт

-Та дасгалжуулагчаар ажиллаад хэр удаж байна вэ. Монголоос бусад орны үсчин гоо засалчдад зөвлөгөө өгч, дасгалжуулж байв уу?
-Нүүр будалтын дасгалжуулагчаар ажиллаад арван жил болж байна. ОХУ-ын харьяанд байсан бүхий л орны гоо сайханчдад зөвлөгөө өгч байсан. Харин Азийн орны мэргэжилтнүүдийг дасгалжуулж байсан удаагүй. Энэ анхных нь.
-Нүүр будах урлаг хэдийнээс үүсэлтэй юм бэ?
-Одоогоор нарийвчлан тооцоолсон зүйл байдаггүй ч, чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй хэмээн түүхчид үздэг. Зэрлэг хүмүүс ан авд явахдаа нүүрээ хар өнгөөр буддаг байсан гэдэг шүү дээ. Тэндээс л нүүр будалтыг үүсэлтэй гэж ойлгож болно. Удалгүй язгууртан хатагтай нар нүүрний өөгөө дарах гэж нүүрээ буддаг байсан нь он цаг улирах тусам энгийн хэрэглээ болсон хэрэг.
Харин урлаг болон хөгжсөн нь дэлхийн улс үндэстэн бүрт өөр өөр. Японд гэхэд л ший янгуу тоглодог үеэс нүүр будалтыг урлаг болон хөгжсөн гэдэг. Манай оронд бол 30 жилийн өмнөөс л бие даасан салбар болсон гэдэг. Тэгэхээр харьцангуй эртний урлаг байгаа биз. Гэхдээ сүүлийн үед эрчимтэй хөгжиж дэлхий нийтийн анхаарлыг татдаг болоод байна. Цаашдаа ч улам хөгжих чиг хандлагатай байгаа.
-Харин Монголд харьцангуй залуу салбарт тооцогдоно. Манай нүүр будалтын мэргэжилтнүүдийн ур чадвар ямар байна вэ?
-Саяхнаас хөгжиж эхэлсэн урлаг гэхэд харьцангуй сайн байна. ОХУ-ын үсчин гоо, засалчидтай харьцуулахад техникийн хувьд хоцорсон шиг санагдлаа. Энэ нь 2008 онд АНУ-д болсон дэлхийн аваргад оролцож чадаагүйтэй шууд холбоотой. Мэргэжилтнүүд нь тэмцээн уралдаанд оролцох тусам туршлагажиж, чангардгаараа үсчин, гоо сайхны салбар нэлээд онцлогтой. Учир нь жил бүр үс засалт болон нүүр будалт, гоо сайхны техник, тэр ч байтугай будалтын өнгө хүртэл моод дагаж, тухайн үедээ өөрчлөгддөг.
Танай гоо сайханчдын хувьд ур чадвар сайтайгаас гадна тун санаачлагатай юм. Тиймээс тав хоногийн хугацаанд бэлтгэл хийхэд надад ямар ч хүндрэл гарсангүй. Гол нь төрийн дэмжлэг үгүйлэгдэж байх шиг байна. 2008 оны Дэлхийн аваргад виз гараагүйн улмаас оролцож чадаагүй гэсэн.
-Танай улсад үсчин, гоо сайхны салбарт хэр төр засаг хэр анхаарал хандуулдаг вэ?
-Их анхаардаг шүү. Олон улсын тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргана гэдэг эх орноо сурталчилж, ямар хөгжилтэй гэдгээ харуулах бас нэгэн боломж болдог учраас биднийг гаднын орнуудад тэмцээн, уралдаанд оролцох үед бүхий л асуудлыг төрөөс хариуцдаг. Европын орнуудад сургалтад сууж мэргэжил дээшлүүлэхэд ч тусалж дэмждэг. Түүгээр барахгүй биднийг Засгийн газрын ордонд гоо сайхны шоу зохион байгуулах эрхтэй байдаг.


Хөгжингүй орнуудад үсчин, гоо сайханчдыг нийгмийн сор хэмээн ойлгодог

-Монголчууд нүүр будалтын урлагийн тухай ойлголт муутай. Ер нь нүүр будалтын урлаг хэр ач холбогдолтой вэ?
-Төр засаг дэмждэггүйгээс гадна Монголын гоо сайханчдад энэ урлагийг сурталчлах менежментийн ажил чухал шаардлагатай юм шиг санагдсан. Монголчууд нүүр будалтын урлагийн тухай ойлголт багатай байдаг нь үүнтэй холбоотой биз. Манай оронд бол гоо сайханчид томоохон салонуудад ажиллаж, оддод үйлчлэн, түүнээсээ олсон орлогоороо бэлтгэлээ ханган тэмцээн уралдаанд оролцдог арга түгээмэл. Харин сурталчилгааны хувьд голчлон гоо сайхны шоу зохион байгуулах замаар иргэдэд энэ урлагийн онцлог, давуу талыг мэдрүүлдэг. Ингэхдээ дэлхийд нэр хүндтэй брэнд хувцас худалддаг дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах санал тавихад тэд дуртайяа зөвшөөрдөг. Энэ мэтчилэн санхүүгийн бэрхшээлээ шийдэх гарц олон байдаг.
Дэлхий даяар энэ салбарт ихэд анхаарал хандуулах болсон өнөө цагт үсчин, гоо сайхны салбараа хөгжүүлэх нь багагүй ач холбогдолтой. Энэ урлаг хэдий чинээ хөгжиж, дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилт гаргана тэр хэрээр Монгол орны хөгжил ямар түвшинд явааг хөгжингүй орнуудад харуулж, өөрийн улсын зүг анхаарлыг нь татах боломжтой болно. Тэгээд ч нүүр будалт урлагийн бусад салбартай салшгүй холбоотой. Тайз болон дэлгэц, дуу хөгжим гээд ер нь урлагийн бүхий л салбарын хөгжилд нүүр будалт нөлөөлдөг.
-Тэгэхээр нүүр будалт үсрэнгүй хөгжиж чадвал тайз, дэлгэцийн урлаг дагаад нэг шат ахина гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Киноны нүүр хувиргалт тухайн бүтээлийг үзэгчдэд хүрэхэд нөлөөлдөг шүү дээ. Түүний адил хамтлаг дуучдын тоглолт, тайзны урлагт ч нүүр будалтыг ашигладаг.
-Хөгжингүй орнуудад үсчин, гоо сайханчийн мэргэжил хэр нэр хүндтэй байдаг вэ?
-Үсчин, гоо сайханчид гэдэг энгийн хүмүүс биш. Тэднийг хөгжингүй орнуудад мастер хэмээн үнэлдэг. Тэр хэрээр цалин хөлс, энэ салбарын хүмүүст хандах нийтийн хандлага өөр байдаг.
Бусад орнуудад эмч, сонгодог урлагийнхныг өндөр үнэлдэг шиг, Европт ялангуяа манай улсад бол үсчин, гоо сайханч гэдэг нийгмийнхээ сор болсон хүмүүс гэж ойлгодог.

Sunday, September 12, 2010

Ихэмсэг төрхтэй “ирвэс”-ийн түүх


-Хийсэн зүйлээрээ бахархаж байсан удаагүй. Би сайхан биш сайн хүн болохыг хүсэж байна-

Супермодель хэмээх эрхэмсэг алдраар 25 жилийн турш овоглож яваа Наоми Кэмпбеллийг ихэмсэг байдлаараа өөрийн гэсэн өвөрмөц нэрийн хуудсыг бүтээсэн хэмээн загварын ертөнцийнхөн тодорхойлдог аж. 14 настай бяцхан охиныг загварын агентлагийн менежер Лондонгийн гудамжнаас олсон гэх түүхийг өдгөө хүн бүр мэдэх биз. Өрсөлдөөн ихтэй өрнүүн их ертөнцөд шуурга дэгдээсэн бүсгүй Опрагийн нэвтрүүлэгт оролцжээ. Гэрлэлтийнх нь тухай шуугиан олон хүний чихийг дэлдийлгэж байгаа энэ цагт тэрбээр хувийн амьдрал болон ажил мэргэжлийнхээ тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Наоми бол “Vogue”, “Time Magazine” сэтгүүлийн хавтасны зургийг “чимсэн” анхны хар арьст бүсгүй. Магадгүй энэ нь төд удалгүй “Yves St. Laurent”, “Dolce & Gabanna” гэсэн нэртэй компанийн загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг сурталчлах албанд томилогдоход нь нөлөөлсөн биз. Түүний өөгүй биеийн галбир, загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн нь энэ салбарыг огт сонирхдоггүй хүмүүсийн анхаарлыг ч эрхгүй татсан гэдэг. Тэгээд л удалгүй попын хаан Майкл Жэксон, дуучин Жорж Майкл нарын клипнээ тоглож, олны анхаарлыг татсан эрчүүдтэй нэр холбогдох болж. Сонирхолтой нь тэр олны үг ортой гэдгийг батлах гэсэн мэт Роберт Дениро, Майк Тайсон, Ашер зэрэг алдартнуудтай учир ургуулаад амжсан.
Хэдийгээр тэр тайзаа орхиод удаж байгаа ч шуугиан дуулиантай амьдралаас хөндийрч чадаагүй. Түүний шүүхэд дуудагдаж, олон жилийн турш хар тамхины донтох өвчинтэй тэмцэж байгаа нь, шинэ оростой болзох болсон нь ч хэвлэл мэдээллийнхний хараанаас мултарсангүй.
Харамсалтай нь сүүлийн үед түүний тухай таагүй мэдээлэл сайнаасаа илүүтэй чих дэлсэх болсон. Бусдын биед халдсан, танхайрсан, утсаар заналхийлсэн гэх дуулианууд ар араасаа хөвөрч, шар сонинуудын хуудсыг чимээд амжсан. Харин өнөөдөр тэр ажил амьдралынхаа тухай болон энэ их уур бухимдлын ард үнэндээ юу нуугдаж байсныг ний нуугүй өгүүлж байна.

Сүүлийн арван жил зүй бусаар аашилж, хүмүүсийн дургүйцлигй төрүүлэх болсон Наомид ингэх шалтгаан үнэхээр байсан гэнэ. Түүний туслахаар ажиллаж байсан бүсгүй 2000 онд машиныг нь зогсоон, Наоми руу дайрч, утсаараа толгой түрүүгүй нүдэж байсан удаатай аж. Харин үүнээс зургаан жилийн дараа тэр дахиад л халдлагад өртсөн. Тэр бүрийд энэ тухай ганц ч мэдээ бичээгүй сонинууд биеэ хамгаалах бүрт нь нүүр дүүрэн нийтлэл бичихээ мартсангүй.
Гэхдээ мэдээж 100 хувь түүний зөв байсан гэвэл өрөөсгөл. Үүнийг Наоми өөрөө ч хэлдэг. Үйлчлэгч бүсгүйд уураа гаргаж, утсаар ярьж байхдаа загнаж, хашгичсандаа гэмшин “Опрагийн шоу” шууд нэвтрүүлгийн үеэр уучлал гуйж байсан.
Түүнийг тойрсон адал явдалт амьдрал үүгээр дууссангүй. Их Британи дахь онгоцны буудалд цагдаагийн ажилтнуудтай маргалдаж, биед нь халдсаныхаа төлөө тэрбээр 200 гаруй цаг хоригдов. 2010 онд Нью-Йорк хотноо жолоочид уурлаж, дайрч доромжилсны улмаас дахиад л шийтгүүлэв. Хэдийгээр энэ явдлаас хоёр хоногийн дараа мэдэгдэл хийж, олон нийтээс хүлцэл өчсөн ч, омголон араншин нь дарагдсангүй. “ABC” телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан түүнээс Либериягийн Ерөнхийлөгч Чарльз Тайсоноос бэлгэнд авсан цэнхэр очир эрдэнийнх нь тухай лавлахад гараа атган, зураглаач руу нударга далайж байсан гэдэг.
Харин тэр энэ удаад өөрийн алдааг үгүйсгэсэнгүй. Гэхдээ сэтгүүлчид хэрхэн давс хужир нэмж байсныг үнэн мөнөөр өгүүлэхийг хүсжээ.
Тэрбээр “Юуны өмнө “ABC” телевизийн нэвтрүүлгийн тухай тайлбар хийх хэрэгтэй байх. Би нэвтрүүлгийн студид гар далайх нь байтугай, гараа ч атгаагүй. Тэд компьютер графикийн арга ашигласан нь эргэлзээгүй. Тэр өрөөнд гурван камер байсан. Намайг студиэс гарахад нэг зураглаач нь дагаж гарсан юм. Гэтэл намайг гарсны дараа тэр өрөөнөөс дөрвөн ч камер гаргахыг би харсан. Тэгэхээр тэд урьдаас төлөвлөж, энэ дүрсийг хуурамчаар хийх гэсэн хэрэг” хэмээн тайлбарласан. Харин “Чарльз Тайсоны тухай асуултад хэрхэн хариулсан бэ” гэсэн Опрагийн асуултад тэр “Би тэр даруй л нэвтрүүлгийн студийг орхин гарсан” хэмээн хариулсан юм.
Наоми Либериягийн Ерөнхийлөгчтөй Нэлсон Манделагийн гэр зочилж байхдаа л ганц удаа тааралдсан байсан аж. Энэ тухайд тэрбээр “Үнэндээ Тайсоныг уриагүй байсан юм билээ. Тиймээс тэнд уригдсан бидний хэн нь ч түүний хэн гэдгийг гадарлаагүй. Удалгүй өөрийгөө танилцуулахад нь л Ерөнхийлөгч гэдгийг нь мэдсэн” хэмээн дурссан юм. Харин Тайсоны талаарх асуултад бухимдсан шалтгаанаа “Би түүнийг бараг л танихгүй тул энэ асуултад хариулах шаардлага байгаагүй. Тиймээс л би эгдүүцсэн юм” хэмээлээ.

Түүнчлэн 2010 оны гуравдугаар сард тэр ямар ч жолоочийн биед халдаагүй гэдгээ хэлсэн. Хэвлэлүүдэд бичсэнчлэн тэр “хохирогчийн” амыг мөнгөөр таглаагүй гэнэ. “Би хэзээ ч буруу үйлдлээ мөнгө, эрх мэдэлд дулдуйдан нуун дарагдуулж байгаагүй. Тэгээд ч хэн нэгний дарамт шахалт, заналхийлэлд амьдрах нь миний хэв маяг биш. Харин ч эсрэгээрээ намайг цохиж, биед минь халдахад би гэрчлэх баримтгүй тул зарга үүсгэлгүй өнгөрч байсан удаатай” хэмээн энэ явдлыг тэр тайлбарласан. Гэхдээ тэр огцом ууртай, хурц араншинтай гэдгээ үгүйсгээгүй. Үүний нэг жишээ нь гэрийн үйлчлэгчтэйгээ зохицсгүй харилцсан явдал.
“Үйлчлэгч бүсгүйн юмаа олохгүй мунгинаж байгаа нь миний бухимдлыг төрүүлсэн. Би түүний юу хэлснийг одоо санахгүй байгаа ч, утсаа түүн рүү шидчихсэнээ мартаагүй ээ. Мартахын ч аргагүй. Тийм бүдүүлэг авир гаргаснаа бодохоор ичмээр, гутамшигтай санагддаг. Тиймээс түүнээс дахин уучлал гуймаар байна” хэмээн тэрбээр гаргасан алдаандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Опра: Та буруу үйлдэл хийсэн даруйдаа түүнээс уучлал гуйсан уу?
-Тийм ээ. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрөөсөө их ичиж байна. Тэднийг буруутгах аргагүй. Харин ч ойлгож байна. Тэр даруйдаа л би “Би чинь юу хийчих вэ. Тэднийг өвтгөсөн байвал яах” гэж бодсон.
Удаа дараа өөрийг нь эвгүй байдалд оруулаад амжсан араншингаа тэрбээр уураа барих, өөрийгөө захирах чадвартай огт хамааралгүй гэж үздэг аж. Тэр тийм ч догшин хатагтай биш. Харин сэтгэл санааны хямрал, гэр бүлийнх нь орчин, өнөөдрийг хүртэл ганцаардаж байсан нь, өөрийг нь тойрон хүрээлсэн хүмүүсийн хуурамч зан ийм байдалд хүргэсэн гэж боддог гэнэ.
“Гэр бүл маань дүр эсгэх төдийд л байдаг. Тиймээс би хүмүүст бүрэн итгэж чаддаггүй. Бусдад хүйтэн хөндий ханддагийн минь учир тэр” хэмээн тэр хэцүү араншинтай өөрийгөө өмгөөлсөн.
Үнэндээ ч түүний бага нас тийм ч сайхан өнгөрөөгүй гэдэг.
Түүний ээж Валериа Моррис охиноо төрүүлэхдээ 19 настай байж. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явах насандаа өрх толгойлсон эмэгтэйн хүнд ачааг нуруундаа үүрсэн Валериа охиноо юугаар ч дутахгүй гэр бүлд өсөөсэй гэсэндээ орхин одож, өөрөө өөрөө балетийн жүжигчин болохоор дэлхий тойрсон аяллаа эхэлсэн гэдэг. “Би охиноо хаяж байгаа гэдгээ мэдэж байсан. Хүүхдэд эд материалаас илүү сэтгэл, элэг бүтэн гэр бүл, ээж нт хэрэгтэй байдаг гэж хүмүүс намайг буруутгах л байх. Гэхдээ зарим тохиолдолд сайн хүмүүст үлдээгээд явсан нь дээр байдаг” хэмээн ээжийгээ ярихад Наомигийн нүднээс нулимс дусалж байгаа харагдав. Опраг “Та яагаад нулимс унагав?” гэсэн асуултад “Мэдэхгүй юм даа. Ээж минь дэргэд суугаад энэ бүхнээ ярьж байгаа нь, маш олон зүйлийг золиосолсон гэдгийг би ойлгож байна. Харин миний хувьд би илүү сайн хүн болохыг л хүсдэг. Өнөөдрийг хүртэл хийсэн зүйлсээрээ бахархаж байсан удаа надад байхгүй. Зөвхөн амар амгалан газарт очиж, сайхан биш, сайн болохыг л хүсэж байна” гэж хариулсан.
Тэр буулт хийх, аливаад тайван уужуу хандахыг хичээдэг болсон гэнэ. “Итгэл гэдэг их үнэтэй, чухал зүйл гэдгийг би саяхнаас л ойлголоо. Би бүхнийг удирдаж, жолоодохыг хүсдэг. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Зарим үед хүн “Би энэ бүхнийг зүгээр л орхиж байна. Хөзрийг чиний гарт орхилоо” гээд бууж өгөхөөс аргагүй үе гардаг юм билээ. Харин миний хувьд ямар ч залуур, жолоодлогогүй асуудлыг зөнд нь орхино гэдэг хэцүү” хэмээн тэр өөрийгөө тодорхойлсон.
Уур бухимдал, хүлээцтэй, тэвчээртэй байх нь түүнд тулгараад байгаа цорын ганц бэрхшээл биш. Тэр 24 настайгаасаа кокайн хэрэглэх болсон тухайгаа “Гэхдээ би энэ зуршилтайгаа тэмцсээр ирсэн. Би гурван ажил давхар хийдэг байсан болохоор анх кокайныг хэрэглэх болсон. Гэхдээ хэзээ ч бусдад худалдаж байгаагүй юм шүү. Угаасаа хүн ам ихтэй ийм хотод хар тамхи олно гэдэг хэцүү ажил биш. Хар тамхийг нэг л хэрэглээд эхэлчихвэл сэтгэл ханадаггүй. Улмаар тэр байгаа бүхнийг чинь сүйтгэнэ. Ёстой л чөтгөрийн идээ байх даа” хэмээн тайлбарлалаа.
Тайвшрах гэж л хэрэглэдэг байсан мансууруулах бодис улмаар түүнийг эрсдэлтэй байдалд оруулжээ. Түүний найз Жианни Версачи 1997 онд хар тамхины улмаас нас барсан нь түүнд нэгийг бодогдуулж. “Тэр жил миний олон найз хар тамхинаас болж хүнд байдалд орсон. Би уй гашууд автахын зэрэгцээ хар тамхитай тэмцэх болсон” гэж тэр дурссан.
Зураг авахуулж байхдаа ухана алдан унасан Наоми тэр даруйдаа хар тамхины эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн. Тэр цагаас хоёр жил нам гүм байсан түүнийг хар тамхичидтай уулзаж байгаа зураг хэвлэлд нийтлэгдэж олныг шуугиулаад амжсан. Харин нэр төрд нь халдаж, хуурам зураг сониндоо тавьсан шар сониныхныг тэрбээр нүүхэд өгч ялалт байгуулсан юм.
Харин тэр өнөөдөр зургаан жил хар тамхинд, жил гаруйн хугацаанд архинд дотнсон тухайгаа ний нуугүй ярьж байгаа нь энэ.
Мэдээж энэ бүх таагүй ярианы төгсгөлд жинхэнэ хайртайгаа учирсан тухайгаа сонирхуулахаа ч мартсангүй. Тэрбээр Каннын кино наадмын үеэр оросын хөрөнгөтөн Владислав Доронинтой танилцсан бөгөөд тэд өдгөө Москвад амьдарч байгаа аж.
Энэ тухайгаа Наоми “Би дэлхийн олон улс орон, хотоор аялсан. Гэхдээ Москва бол миний хамгийн хайртай хот. Харин одоо бол миний гэр болж байгаа” гэлээ.
Сонирхолтой нь Влад өнөө хэр эхнэртэй хэвээр. Хэдийгээр тэд хууль ёсны гэр бүл боловч, тусдаа амьдраад арав гаруй жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Тиймээс Ноами найз залуугийнхаа эхнэр, хүүхдүүдтэй нь энгийн харилцаатай байдаг гэсэн.
Владтай танилцсанаасаа хойш Наоми олон талаар өөрчлөгдсөн. Тэр хэд хэдэн айдсаасаа салсны нэг нь усанд сэлж, цанаар гулгах. Хэдийгээр тэр цөөнгүй эртэй нэр холбогдож, тун удахгүй гэрийн эзэгтэй болох гэж байгаа ч залуус түүнд харц унагасан хэвээр. Энэ тухай түүний дотнын найз “U2” хамтлагийн дуучин Боно “Тэр төгс галбиртай. Тиймээс эрчүүд түүнийг анхаарахгүй өнгөрч чаддаггүй юм” гэж байжээ.
“Супермоделиул ямар эр хүнийг илүүтэй үнэлдэг бол” гэсэн Опрагийн асуултад тэр “Надад хүчтэй эр хүн хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа мэддэг, юу хийж байгаагаа ч ойлгож, аливаа шийдвэртэй хариуцлагатай хандаж чаддаг эр хүн таалагддаг. Хэдий чинээ сайн удирдагч байна төдий чинээ анхаарлыг минь татна гэсэн үг” хэмээн хариулсан.
Тэр болзож байсан залуустайгаа одоо ч найрсаг харилцаатай байдгаа “Би зоогийн газар экс найз залуутайгаа тааралдчихаад мэндийг нь мэдэж чадна. Учир нь тэдний хэнд ч нь би өс санаж, гомдож явдаггүй” гэсэн.
Харин төгс галбирынхаа нууцыг “Би цардуултай хүнс огт хэрэглэдэггүй. Жил гаруйн өмнөөс цагаан хоолтон болсон. Бас байнга дасгал хийдэг” хэмээн дэлгэсэн.
Гэхдээ л тун удахгүй 40 хүрэх гэж байгаа атал 25 настай бүсгүй шиг харагддагийнхаа нууцыг өөрөө ч мэддэггүй хэмээсэн юм.
Эцэст нь тэрбээр “Хөгшрөлт намайг тойроогүй, бусдын л адил дайрч байна. Гэхдээ би арьсандаа төдийлэн анхаарал тавьдаггүй. Дотроосоо эмчилж, арчлах нь чухал санагддаг. Тайван амгалан байхыг би илүүд үздэг. Магадгүй энэ нь гадаад үзэмжинд ч нөлөөлдөг биз” хэмээн нэмж өгүүллээ.

Монгол сэтгэхүйг ойлгоё гэвэл морин хуурын аялгууг сонс

Морин хуурыг ардчиллын ачаар л “амь орж”, айл гэрийн хойморт залрах болсон гэхэд хилсдэхгүй. Нэгэн цагт эх орондоо гологдож байсан ч, өдгөө дэлхий дахинд тоогдон, “Соёлын үнэт өв” болохоо таванд тивд тунхаглуулаад буй эл хөгжмийн онцлог, хөгжлийн тухай “New York Times” сонины Олон улсын хэвлэл “International Herald Tribune”-д нийтэлснийг “Өнөөдөр” уншигчдадаа хүргэе.

Нүд үзүүрлэгдэж байсан хөгжим нүүдэлчин монголчуудын үндэсний бахархал болжээ

Одоогоос яг 20 жилийн өмнө монголчууд ардчилсан төр байгуулж, тунхаглан зарласан тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор эдлэх болсон. Зөвлөлт холбоот улсад уусчихаад байсан тэд энэ үеэс л ул болсон зан заншил, үндэсний урлагаа сэргээж эхэлсэн гэж болно.
Энэ тухай тус улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Соёл яруу найргийн академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо “Сталин Оросын соёлыг манайд нутагшуулах замаар үндэсний урлаг, ёс заншлыг маань мартагнуулж, монголчуудын үндэсний үзлийг үгүй хийхийг хүсдэг байсан. Хэдийгээр тэр энэ хүслээ биелүүлж чадаагүй ч 1940-1990-ээд оны үед монголчууд уламжлалт соёл, урлагаасаа их холдсон. Бидэнд Чингис хааныхаа нэрийг ч дурдах эрхгүй болсон үе бий. Одоо ч бид орос үсэг хэрэглэж, түүхээ үнэн мөнөөр нь мэдэж чадаагүй л байна” гэжээ.
Монголчууд язгуур соёлоо сэргээж эхэлсэн нь үндэсний урлагаа дэлхий дахинд таниулах, хадгалж, хамгаалан үлдэх зэрэг олон талын ач холбогдолтой байсан ч бас үргэлж сайн үр дүнд хүргэж байгаагүй гэдгийг түүх харуулдаг. Цөөн хүн амтай тус улсын иргэд энэ цагаас л зөрчилдөж, хэд хэдэн бүлэгт хуваагдан мэтгэлцэх болсон байдаг. Уламжлалт соёлоо хадгалж, Их Гүрний үеийн уламжлал, дэг ёсыг баримтлах нь зүйтэй гэж үзэх хэсэг бүлэг байхад крилл үсгийг хэвээр нь үлдээх хүсэлтнүүд ч цөөнгүй гарч ирж. Энэ тэмцлийн дунд эргэлзээгүй дэмжсэн нэг зүйл бол морин хуураа дээдлэх. Үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан үндэстнийг нэгтгэсэн цорын ганц зүйл нь эл хөгжмийн зэмсэг ч байж мэднэ. Тиймээс ч засгийн газрынхны анхааралд өртөж, Ерөнхийлөгч нь дээдлэн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг баталсан биз. Үндэсний соёлоо сэргээх энэ их ажлын ачаар өдгөө тус улсын урлагийн сургууль бүр морин хуурч бэлтгэх ангитай болж, энэ төрлийн мэргэжилтнүүд хангалттай төрөх болжээ.
Нүүдэлчин үндэстний өв, бэлгэдэл болсон эл хөгжмийн зэмсэг морин толгой, хоёрхон чавхдаст хорвоогийн түмэн өнгийг багтаадгаараа бусад хуураас ялгардаг.
“Монголчууд морио эрхэмлэдэг. Харин хуур нь үзэл, сэтгэхүйг нь хөг аялгуугаар илэрхийлдэг болохоор тус үндэстний гол хөгжмийн зэмсэг нь морин хуур. Тиймээс тэдний дотоод сэтгэлийг ойлгож, мэдэрье гэвэл морин хуурын аялгууг сонсоход л хангалттай” хэмээн СУИС-ын декан Б.Баяраа хэлсэн байдаг.
Хэдийгээр морин хуурын үүсэл гарал тодорхой бус, энэ тухай баримт байдаггүй ч ард түмний ам дамжин яригдсаар ирсэн домог бий. Домог сайн морио алдсан адуучин эр хурдан хүлгээ санагдуулам хөгжмийн зэмсэг хийхээр шийдсэнээр эхэлдэг. Тэрбээр банз модыг авдарлан, мориныхоо арьсаар царлаж, дэл сүүлээр нь утаслан, орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. Ийнхүү сайн хүлгийнхээ дурсгалд морин хуурыг бүтээгээд уран эгшиг аяыг нь ч хурдан хүлгийнхээ мандах нарны туяанаар биеэ шилгээн сэгсэрч, үүрсэх дуу, нүд алдам ногоон талд алхаж гишгэх, арилжаа хатираа, төвөргөөнийг нь ч оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш монгол гэр бүрт морин хуурын аялгуу сонсогдох болсон юм гэдэг.

Монгол хөгжмийн зүрхэн тольт морин хуур


“Монгол айл бүрт морин хуурыг дээдлэн залах учиртай. Монгол хүн бүрийн бахархан, гайхуулах учиртай зүйлсийн нэг бол яах аргагүй морин хуур” хэмээн Монголын ДБЭТ-ын хөгжмийн зохиолч Б.Шарав хэлсэн байдаг.
Зөвхөн үндэсний уламжлалт баяр ёслолын үеэр төдийгүй ноос савах, ингэ хөөслөх, айраг исгэхэд зэрэг уламжлалт зан үйлд ч морин хуур эгшиглүүлдэг тул энэ хөгжмийн зэмсэг нүүдэлчин ахуйтай салшгүй холбоотой.
Өнөө цагт морин хуур урлах уламжлалт арга ухаан хувьсан өөрчлөгдөж, эл хөгжим сонгодог хэлбэрээ олсон хэмээн мэргэжилтнүүд үздэг. Өнөө цагийн хуурын хялгас илүү өтгөн болж, азарганы 105-130 дэл, сүүлээр хийдэг болсон. Харин их биеийг хонь, ямаа, эсвэл адууны арьсаар царлаж, ногоон өнгөөр буддаг нь бэлгэдлийн шинж чанартай.
“Морин хуур амьдралыг тэр чигт аялгуулан өгүүлэх чадалтай. Тиймээс айл бүр энэ хөгжмийг эгшиглүүлэх учиртай юм” гэжээ.
Зөвлөлт улсын “хараат” байхдаа монголчууд зөвхөн морин хуур гэлтгүй үндэсний бүхий л хөгжим, соёл урлагаасаа татгалзахаас аргагүй болсон. Үүнийг тус улсын цөөнгүй судлаач, эрдэмтэд ярьдаг. Тэдний нэг нь Хөгжим бүжгийн коллежийн гадаад харилцааны хэлстийн дарга Ц.Ариунболд “1930-аад оноос л бид үндэсний хөгжмийн зэмсгээсээ татгалзах болсон” гэсэн юм. Харин тус сургуулийн дэд захирал Н.Ганчимэг “Бид үндэсний хөгжмөө орхиод зогсоогүй түүнийгээ өрнийн сонгодог хөгжмөөр сольсон” хэмээн нэмж өгүүллээ.
Гэхдээ тэд морин хуураа бүр ч зөнд нь хаячихсан юм биш. Хөгжим бүжгийн коллежийн сургалтын хөтөлбөрт морин хуурын хичээл багтсан хэвээр байсан. Гэхдээ хийл, морин хийл, болон бусад дорнын хөгжимтэй хавсарч сургадаг байсан тул морин хуур Монголын хөгжмийн зүрхэн тольт гэдэг утгаа хэдийнэ алдчихаад байсан гэдэг.
Азаар ардчилал гарч үндэсний хөгжим аврагдаж, энэ урлаг ч дахин сэргэж, өнөөдөр цэцэглэн мандаж байна. Үүний нэг баталгаа нь 2002 онд Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг. “Зарлиг ёсоор айл өрх бүр морин хуураа хоймроо залж, дээдлэх ёстой” хэмээн Ц.Ариунболд сонирхуулсан. Түүгээр барахгүй төрийн ёслолд морин хуурыг эгшиглүүлэх тухай ч тусгасан байдаг юм билээ.
Хатагтай Н.Ганчимэг “Сүүлийн жилүүдэд морин хуур сурах сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Төрийн бодлого ч үүнд багагүй хувь нэмэр үзүүлж байна” гэсэн. Одоогоор тус сургуулийн үндэсний хөгжмийн ангид 170 оюутан суралцдагаас 50 буюу олонх нь морин хуурчийн мэргэжил эзэмшинэ гэсэн тооцоо байдаг.
Гэхдээ Ерөнхийлөгчийнхөө зарлигийг дэмжиж, морин хуураа сурталчлах үйлсэд хувь нэмэр оруулдаг нь ганцхан тус сургууль биш. СУИС ч бас энэ талаар ихээхэн ажил хийдэг байгууллага. “Монголын хөгжмийн зохиолчдын дунд өрнөдөг хамгийн том наадам болох “Алтан намар”-т зөвхөн морин хуурт зориулсан бүтээлээр өрсөлдөгчид ч олширч байна. Энэ нь морин хуурын хөгжил ямар түвшинд хүрснийг илтгэх биз. Тэр ч байтугай хоёр жил тутам болдог морин хуурчдын наадам олон улсын чанартай болсон. Энэ үеэр морин хуурчдын уралдаан, хурал чуулган, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон арга хэмжээ зохиогддог. Наадамд морин хуурчид төдийгүй хуур урлаачид ч оролцдог тул их өргөн цар хүрээтэй болдог гэж ойлгож болно” хэмээн тус сургуулийн декан өгүүлсэн.
Орчин үед морин хуур ширэн болон нийлэг материалан цартай болж, хэлбэр, бүтэц, өнгө зэрэг олон зүйлээ өөрчилсөн. Сонгодог хэлбэрээ олсон эл хөгжмөөр үндэсний аялгуу төдийгүй жааз, рок бүтээлүүд ч тоглодог болсныг та Улаанбаатарт зочилбол түвэггүй олж харж болно. Зарим нь бүр цахилгаан хөгжим болгон өөрчилсөн байх нь ч бий. Сэргэн мандлын замдаа шулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж, дэлхийн олон оронд дорнын соёлыг гайхуулан аялж явна.

Sunday, September 5, 2010

Билл Гейтс: Цоо шинэ салбар руу довтлох нь эрсдэл багатай -Гейст багадаа компьютер бүрэн ашиглаж чаддаггүй байсан-


“Хэрэв Билл Гейтсийн талаар хэзээ ч сонсож байгаагүй бол та өөр гаригаас ирсэн байж таарна” хэмээн Ларри Кинг хэлж байсан удаатай. “Microsoft” компанийн тэргүүн тэрбээр аавынхаа хамт ярилцлагын хааны нэвтрүүлэгт уригдсан аж. “Bill and Melinda Gates” санг үндэслэгч том Билл Гейтсийг хүмүүнлэгийн ажил үйлсээр нь америкчууд андаггүй. Тэрбээр “Амьдралын өгсөн бэлэг” нэртэй ном гаргажээ.
-Экологийн асуудалд багагүй анхаарал тавьдгийг тань мэднэ. Гэхдээ чухам ямар шалтгаанаар газрын тосны “British Petroleum”-ийн хувьцааг худалдан авсан юм бэ? Бага Гейтс: Заримдаа цоо шинэ салбар луу довтлох нь эрсдэл багатай байдаг юм. Бидний сонирхлыг үл харгалзан хүн төрөлхтөн газрын тосны нөөцийг шавхах нь гарцаагүй. Тиймээс хувьцаагаа буцааж зарах шийдвэр гаргасан.
Уг нь эрдэмтэд газрын тосыг бүрэн судалж чадаагүй байгаа. Одоо ашиглаж байгаагаас ч илүү их эрчим хүч газрын тосноос гарах боломжтой гэж би үздэг. Хэдийгээр бид амьд үлдэхийн тулд ийн газрын тос олборлож байгаа ч өөрсдийгөө тэжээхийн тулд эрсдэлгүй, бас байгаль орчинд ээлтэй аргыг хэрэглэх хэрэгтэй.
-Бид илүү нарийн тооцоотой хэрэглэх ёстой гэж үү? Бага Гейтс: 15 жилийн өмнөхтэй харьцуулахад бид эрчим хүчийг маш их хэмжээгээр хэрэглэх болсон. Тиймээс газрын тосны үнэ нэмэгдэхэд дэлхий даяараа чихээ сортойлгодог. Сонирхолтой нь хямдрах үед хэн ч анхаардаггүй.
Бидэнд импортын газрын тосноос харьяалагдахгүй байх боломж бий. Нөгөө талаар өрөмдлөгийг биднээс хэдий чинээ хол хийнэ тэр хэрээр аюул багасна. Тэгэхээр энэ асуудал их эмгэнэлтэй байгаа биз.
-Таныг эрдэмтэн биш гэж мэдэх ч энэ асуултыг тавимаар байна. Бид байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хэрхэн газрын тос олборлох вэ? Бага Гейтс: Мэдээж хүн төрөлхтний одоо хэрэглэж байгаа арга технологи харьцангуй боловсронгуй болсон ч байгальд хор хөнөөлгүй болж чадаагүй л байна. Газрын тосны олборлолт онгон байгаль, загас, далайн амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ эрдэмтэд хүртэл энэ хор хөнөөлийн талаар мэтгэлцсээр л байна. Зарим нь бүр цооног огт хор хөнөөлгүй гэж тодорхойлоод байгаа. Бид удаан хугацаанд эх дэлхийгээ оршин тогтнуулъя гэж бодож л байгаа бол энэ талаар арга хэмжээ авах хэрэгтэй.
-Та үүний төлөө зүтгэх үү? Бага Гейтс: Манайх шиг программ хангамж, мэдээллийн технологийн компаниуд арга, техникийг нь сайжруулж, боловсронгуй болгох талаар ажил хийх бүрэн боломжтой. Тэд энэ талаар багагүй ажил хийж, эхний үр дүнгээ ч үзчихээд байгаа. Туршилтын эхний загвар бэлэн болчихсон. Гэхдээ үүнийг далайн эрэгт турших хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч байна.
-Гейтсийн сан иргэдтэй тохиролцох талаар ямар нэг арга хэмжээ авч байгаа юу? Бага Гейтс: Үгүй дээ. Бид АНУ-ын боловсролын салбарт гол анхаарлаа хандуулдаг.
-Шинэ номоо бидэнд танилцуулаач. Том Гейтс (Билл Гейтсийн аав): Эхэндээ би дурсамж ном бичье гэж бодож байсан. Удалгүй үр хойчдоо зовсон сэтгэл минь тэр талаар бичихэд хүргэсэн. Тиймээс номдоо Гейтсийн гэр бүлийн туршлагадаа үндэслэн амьдралын үнэ цэнэ гэх том асуудлыг хөндсөн.
-Билл, би таныг “Эцэг” гэж дуудвал болох уу. Хүүгийн тань газрын тосны асуудалд анхаарлаа хандуулах болсон нь таныг гайхашруулсан уу? Том Гейтс: Гайхахгүй байж болно гэж үү.
-Таны хүүг Уильям Гейтс III гэдэг байх аа. Гэхдээ хүмүүс түүнийг “Дадар” гэх хочоор нь анддаггүй юм билээ. Гэхдээ миний санахаар тэр дөрөв дэх Уильям Гейтс биз дээ.
Том Гейтс: Тийм ээ.
-Бас түүний ээж таны анхны эхнэр байх аа?
Том Гейтс: Тийм ээ.
-Хоолны ширээний ард байхдаа хүүтэйгээ юун тухай ярилцдаг вэ. Бид Бага Гейтсийг индэрийн ард зогсон илтгэл тавьж байхаас нь өөр байдлаар хараагүй болохоор танд энэ асуултыг тавьж байна. Мөн түүнтэй хүн бүр хүндэтгэн авгайлан харилцдаг. Харин та хүүтэйгээ харилцахдаа хүндэтгэлийн үг хэрэглэдэг үү?
Том Гейтс: Үгүй дээ. Бид бусад аав, хөвгүүдийн л адил харилцдаг. Гэхдээ би хүүтэйгээ техник технологийн асуудлаар биш, дэлхий дахинд ямар асуудал тулгамдаад байгаа, гэр бүлд маань ямар асуудал өрнөж байгаа талаар ярилцдаг.
-Аав тань таны амьдралыг хэрхэн тодорхойлдог вэ?
Бага Гейтс: Би өөрийгөө тун азтай хүн гэж боддог юм. Учир нь аав минь надад хэрхэн ажиллаж хөдөлмөрлөхийг зааж сургахаас гадна хүсэл эрмэлзэл гэдэг ямар агуу хүчтэй зүйл болохыг ойлгуулсан. Та мэдэх байх л даа. Аав минь хуулийн байгууллагат ажилладаг байсан болохоор янз бүрийн л хүнтэй харилцдаг байсан.
Тиймээс олон арван улс төрчтэй дотно нөхөрлөж, кампанит ажилд оролцдог нь надад үлгэр дуурайл болсон. Мөн хэрхэн өөртөө итгэлтэй, өөрийөө таних талаар сургасан. 18 нас хүрмэгцээ би сургуулиа хаяж, бизнест хүч сорихоор шийдсэн минь ч үүнтэй холбоотой. Тухайн үед амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу атал би огт эргэлзэлгүй, эрс шийдэмгий хандсан. Аав минь надад тэр бүхнийг сургаагүй бол би бизнест амжилт олохгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна.
-Одоо та яг тэр жишгээр хүүхдүүдээ хүмүүжүүлж байна уу?
Бага Гейтс: Тэгэлгүй яах вэ. Эхнэр минь ч гайхалтай сайн хүмүүжүүлэгч. Биднийг бага байхад аав зурагт хэдэн цаг үзэхийг хүртэл нарийн тогтоочихдог байлаа. Тиймээс бид бүтэн өдөржин зурагтын ард суудаггүй байв. Одоо аавын тэр аргаар л хүүхдүүддээ хүмүүжүүлж байна.
-Бага Гейтс бага насны хамгийн таагүй дурсамж нь юу вэ?
Том Гейтс: Таагүй дурсамж аа? Тэр Вашингтоны их сургуульд байхдаа компьютер бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Тэр л юм болов уу. Би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан удалгүй сайжирсан юм даа.
-Харин та компьютерийг хэр их сонирхдог вэ?
Том Гейтс: Үгүй дээ. Би огт сонирхдоггүй.
-Харин та яагаад ингэтлээ их компьютерт дурлах болсон юм бол?
Бага Гейтс: Мэргэжлээ сонгоход орчин нөлөөлдөг байсан бол би математикч, эсвэл шинжлэх ухааны эрдэмтэн, багш болох байсан биз. Харин би их сайхан цаг үед өссөн. Компьютер ашиглана гэдэг хүссэн хүн бүрийн хийдэг ажил биш байлаа. Тэр тусам би компьютерт илүү дурладаг байв. Их сургуулийн компьютерийн лабораторид очиж бүхий л тоног төхөөрөмж, ном, гарын авлагыг сонирхон судална. Гэхдээ тэдгээр нь их өндөр үнэтэй. Харин шөнийн цагаар төлбөргүй байдал болохоор найз Пол Аллений хамт тэнд хонодог байсан.
Лаборатори эзгүй үед бид компьютер хэрхэн ашиглах, программ хэрхэн зохиох зэрэгт суралцана. Тэндээс л хүн бүр өөрийн гэсэн копьютертэй байж болох юм байна гэсэн санаа төрсөн.
-Та хэдэн настай байхдаа анх компьютер хэрэглэж байсан бэ?
Бага Гейтс:Би ахлах сургуульд байсан юм. 13 настай байсан санагдана. Тухайн үед багш нар компьютер ашигладаг болоод удаагүй байсан юм. Их өндөр үнэтэй компьютерээ хэрэглэж байгаад алдаа гаргамагц математикийн хичээлдээ сайн оюутан засаж чадна гэж бодож л дээ. Тэгээд намайг дуудсан.
-Анхны компьютерийг M1 гэдэг байсан байх аа. Тэр нь юу гэсэн үг юм бэ?
Бага Гейтс: Тийм ээ. Тэр нь “Mark 1” гэсэн үг.
-Ямархуу компьютер байсныг нь санаж байна уу?
Бага Гейтс: Аварга бичгийн машин л гэсэн үг. Тэгсэн мөртлөө их удаан. Гэхдээ тэр компьютерт утасны шугам ашиглан холбогдоно. Өндөр үнэтэй учир хүн бүрт компьютер худалдан авч өгөх боломж хомс байсан болохоор тэр.