Wednesday, June 30, 2010

“Луйварчин” Болдвин



Луйварчин гэхээр л хар буруу санаатан сэтгэлд буудаг. Хачирхалтай нь америкчууд хэд хэдэн луйварчны дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Алек Болдвинд илүү хайртай байдаг гэнэ. Нас тавь гарсан ч уран бүтээлийн ургац арвинтай байгаа түүний хамгийн том айдас нь тэтгэвэрт гарах хэмээн “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчтай уулзахдаа өгүүлжээ. Түүний тухай нийтлэлийг “Өнөөдөр” орчуулан хүргэж байна.

Түүний сэтгэлийн хаалга дэлгээтэй хэвээр Жүжигчин Алек Болдвин хэрхэн бидний хайр хүндлэлийг хүлээгээд байдаг юм бол гэсэн бодол намайг ээрсээр л... Заримдаа бүр тэр үзэгчдийг сонгосон юм уу, эсвэл үзэгчид түүнийг сонгосон юм уу гэх эргэлзээ төрдөг юм. Тэр тийм л авьяаслаг, бусдын сэтгэлийг соронзон мэт татагч залуу. Тиймдээ ч 2010 оны хамгийн дур булаам цагаан хоолтноор шалгарсан биз.
Түүнээс гадна түүний элгэмсүү, найрсаг зан нь америкчуудын төдийгүй дэлхий дахины олон мянган үзэгчдийн хүндлэл хүлээхэд хүргэдэг биз. Хэрэв та түүний ертөнцөд зочлохоор шийдсэн бол тэр хэзээ ч татгалзахгүй. Цаг үргэлж найр тавих угтах вий. Би ч түүнээс ийм л хандлагыг мэдэрсэн.
Ноён Болдвинтэй уулзахын өмнө түүний тухай материал цуглуулахаар сонин эргүүллээ. Эрж цөхөх зүйл байсангүй. “The New York Times” сонины эхний нүүрэнд л түүний Нью-йоркийн нэгэн их сургуулийн фондод сая доллар хандивлаж байгаа талаарх мэдээлэл томоос том гарчигтай байж байх юм.

Савангийн дууриас Холливуд руу
Цагаан хоолтнуудын эгнээнд нэгдэж, зөв хооллолтын төлөөх “аян дайнд мордож” байсан түүнийг хүдэр эрчүүд шүүмжилж байсан цаг саяхан. Гэхдээ тэрбээр дуучин робин Уилльямс шиг ухарч няцаагүй. Өөрийн байр суурь үзэл бодолдоо үнэнч явсаар өдгөө хүмүүсийн талархлыг хүлээгээд буй. Гэхдээ тэр өөртөө огт барддаггүй юм билээ. Эрдэж бардах шалтаг хэдэн арваараа байсан ч тэр. Савангийн дууриас (Тэрбээр “Эмч нар”, “Бэрхшээл” цувралд тоглож байжээ) Холливудын дээд зэрэглэлийн жүжигчин болтлоо өсөж дэвшинэ гэдэг амаргүй.
Түүнээсээ Бродвэйн театрын тайзнаа заларна гэдэг бүр ч хэцүү.
“The Marrying Man” киноны зургийг авч байх үеэр тэрбээр ирээдүйн эхнэр үзэсгэлэнт бүсгүй Ким Бэсинжертэйгээ учирчээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт тийм ч удаан үргэлжилсэнгүй. хатагтай Бэсинжер нөхрөө Жэк Райнтай үнсэлцэхийг хармагцаа шүүхэд өргөдөл гаргаж, гэрлэлтээ цуцлуулснаар барахгүй, тэдний гэр бүлийн хэрүүл хэвлэлийн нүүр дамжсан удаатай.
Идэр залуу цагийн амьдрал ээдрээтэй байснаар барахгүй бага нас нь гунигт дурсамж дүүрэн өнгөрсөн хэмээн тэрбээр дурсдаг.

Кино урлагаар амьсгалсан бага нас
Лонг-Айландад өссөн түүнийг ах нь урлагийн замд хөтөлсөн гэдэг. Судсаар нь урлагийнхны цус гүйж байгааг ойлгосон тэрбээр ах дүү нарынхаа толгойгоо даах ч тэнхэлгүй болтлоо бэлтгэл хийхийг нь харж өссөн нь түүнд багагүй нөлөөлсөн ч байж мэднэ. “Аллага” хэмээх мөрдлөгийн тухай киногоороо үзэгчдийн танил болсон дүү Даниэл Болдвин нь хар тамхины хэргээр баримвчлагдсанаас хойш уран бүтээлээсээ хөндийрсөн бол бага дүү Стефен Болдвин нь “Эргэлзээ” киноны мэргэн буудагчийн дүрээрээ амжилт олсон.
Болдвины уран бүтээлийн замыг залуу Эльвис, дунд эргэм насны Эльвис хэмээн ангилж ч болохуйц. Залуу Эльвис байхдаа Болдвин самнаас салдаггүй, хараа дээгүүр нуруу тэнэгэр залуу байсан хэмээн Холливудын хууччуул ярьдаг.
Харин тэрбээр өөрийгөө дур булаам үнсэлт, яруу найраг уншиж байгаагаараа үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хэмээн баталдаг. “Хорсол” кинонд задлан шинжилгээний өрөөнд бүх үнэнийг илчилж байгаа мэс засалчийн дүрийг гайхалтай бүтээснээр кин судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Элвистэй ижилссэн залуу нас
Идэр Элвисийн үед ирэхдээ тэр зузаарсны зэрэгцээ залуу цагийнхаасаа илүү хашир туршлагатай болж, тэр хэрээр буурь суусан, хашир анжгайн дүрд тоглох болсон. Түүний “Орголт” кинонд цуутай банкны дээрэмчин Док МакКойгийн дүрийг бүтээсэн нь цөөнгүй уран бүтээлчийн сэтгэлийг хөдөлгөж, шүүмжлэгчдээс “Болдвин гайхалтай ухаалаг залуу. Түүний инээдмийн төрөлд илүү амжилт олно гэдэгт би итгэдэг” гэсэн магтаалын үг сонсоход хүргэж байсан нь кино бүтээгчдийн толгойд нэгийг бодуулсан бололтой.
Үнэхээр ч Алек Болдвин ухаалаг залуу байсан, байсаар ч байгаа, байх ч болно гэдэгтэй би санал нэгдэж байна. Түүний “Бямба гаригийн үдэш”, “Уилл Грейс хоёр” харин одоо “Рок 30” гэсэн бүтээлүүд нь амжилт олж байгаа учраас тэр.
Ухааны ураар дүр амилуулагч Болдвин
Болдвины санаанд оромгүй үйлдлүүд нь луйварчдын түүхийг өгүүлэх кинонд гайхалтай нийцдэг. Түүний нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний өөрчлөлт нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татдаг нь ч энэ төрлийн кинонд тоглох бас нэгэн шалтгаан болдог аж. Хэрэв та анзаарсан бол Болдвиний тоглосон кино бүрт найруулагч, жүжигчнээс нарийн уран сэтгэмж шаардсан байдаг. Тэр бүрт түргэн сэтгэж, ухаалаг шийдвэр гаргах чадварыг бүрэн эзэмшсэн нь Болдвиныг Холливудад “алт” болох шалтгаан болсон гэдэг.
Харин хөдөлгөөний эв дүй нь “Рок 30” цувралд коктэйлд найруулагч эрийн дүрд тоглох эрхийг олгосон гэнэ. Тэр бүр амарч хэвтэхдээ ч гараараа ямар нэгэн зүйл хийж, зарим үед сэтгэхүйн тоглоом тоглож байдаг хэмээн найруулагчид нь гайхширдаг. Харин би дүрүүдээс нь эрч хүч, эрх мэдэл “ханхалдаг” гэмээр байна. Мэтгэх хүн гарахгүй биз.
Тэтгэвэрт гарахын өмнөх бяцхан гомдол
Энгийн нүдээр харахад тэр хэзээ ч гал цогтой уран бүтээлч шиг харагддаггүй ч гараас гарсан уран бүтээл нь чанартай, сэтгэл татам байдаг нь хачирхалтай. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Миний карьер бүхэлдээ бүтэлгүйтсэн” гээд “Рок 30” цувралын дараа кино урлагаа бүр мөсөн орхиж, тэтгэвэрт гарах гэж байгаа гунигтай мэдээ дуулгасан. Яг л бусдын тусыг чамласан эрх жаал шиг санагдаж байгаа биз. Үнэндээ тэр үзэгч болон шүүмжлэгч,судлаачийн байр сууринаас кинон урлагийн хэтийн төлөвийг хэдийнэ тольдчихсон нь тэр. Өөрийгөө үнэлэхгүйдээ биш, “Хорсол” эсвэл “Орголт” шиг бүтээл кино урлагийн ертөнцөд моодноос гарчихсан гэдгийг анзаарч, зайгаа тавьж байгаа аж. Кино урлагийн түүхийг гуч гаруй жил бичилцсэн тэрбээр тэтгэвэрт гарахын өмнө бяцхан гуниглалаа зүрхэндээ тээгээд намайг үдлээ.

Sunday, June 27, 2010

Кристен Стюарт: Роб гайхалтай сайн дуучин. Бүр зүрх шархуулагч Роберт Пэттинсон: Тэр бол онцгой охин. Түүн шиг хүнтэй олон учрахгүй


Кино урлагийн ертөнцөөс өөрсдийгөө олж, мөн чанар, үнэн төрхөө мэдсэн хүмүүс бол яах аргагүй “Twilight” цувралын залуус. Энэ сарын 30-нд нээлтээ хийх “The Twilight Saga: Eclipse” (Бүрийн тууль буюу Сар хиртэлт)-д ямар үйл явдал гарах тухай болон дэлгэцнээ төдийгүй бодит ертөнцөд үерхэх болсон Роберт Пэттинсон, Кристен Стюарт нарын тухай сонирхолтой баримтыг “Harper’s Bazaar” сэтгүүл дэлгэжээ.
“Twilight” киноны гуравдугаар ангийн зураг авалтын турш Роб, Кристен нар Ванкуверийн Шератон нэртэй зочид буудлын зэргэлдээ өрөөнд амьдарсан. Тэд яг л хүүхэлдэйн кинонд гардаг цайзад хоригдсон Рапунзель гүнж шиг амралтынхаа ихэнх цагийг өрөөндөө өнгөрүүлдэг. Аргагүй дээ, тэдэнд өөрийн хүссэнээр гадуур зугаалах эрх чөлөө хомс юм чинь. Тиймээс хэдэн цагаар хаалгаа хаагаад л өөрсдийгөө зугаацуулах элдэв зүйл бодож олон, түүнийгээ хэрэгжүүлдэг аж. “Энэ байшингаас гарах 15 өөр гарц бий” гэсэн ганцхан өгүүлбэрээр Кристен зураг авахуулахаас бусад үед папараццичдаас зугтах гэж аргаа бардаг тухайгаа ойлгуулаад амжлаа. Түүнчлэн “Роб харин тэднээс зугтахдаа надаас хамаагүй дээр. Тэр 23 настай, харин би ердөө л 19 настай болохоор энэ нь аргагүй биз. Тэр надаас илүү олон жил насанд хүрсэн хүний эрх чөлөөг мэдэрсэн. Харин би одоо л дөнгөж өөрийнхөөрөө байх гэдэг үгний үнэ цэнийг ухаарч, өөрөөсөө огт ичилгүй гудамжаар явж чаддаг болоод байна” хэмээснээ хэсэг бодолхийлж, “Гэхдээ энэ бүх тэнэг зүйлийн тухай ярьж байгаа минь ямар гунигтай юм бэ” хэмээн энэ талаар дахин ярилцахыг хүсэхгүй байгаагаа товч бөгөөд тодорхой мэдэгдлээ.
Робертод ч бас энэ тухай ярих зүйл цөөнгүй байгаа бололтой. Зочид буудлын цонхоор харж нэлээд удаан зогссоныхоо дараа “Бид гадаа суугаад ярилцлагаа хийнэ гэхээр танд төсөөлөгдөж байна уу?” хэмээх асуултаар тэр яриагаа эхэлсэн юм. Гэхдээ тэр дотоод ертөнцөө уудлах гэж яарсангүй. “Салхинд гарахсан” гэсэн хоёрхон үгнээс ямар давчуу ертөнцөд залуу насаа үдэж байгааг нь би төвөггүй ойлголоо. Үнэндээ биднийг уулзсан өдөр зэврүүн, бүрхэг байсан юм. Гэхдээ түүний эрх чөлөөг жаахан ч атугай амсах гэсэн хүслийг нь хэрхэн хориглож зүрхлэх билээ. Зочид буудлаас гарч ирэхдээ тэр зөвхөн папараццичидтай нүүр нүүр тулгардаггүй аж. Түүнийг орилж хашгиран, гараа сарвалзуулсан охид ч угтан авдаг. Өнгөрсөн зун болсон “Remember Me” зураг авалтын үеэр түүнийг хэрхэн хатагтай нараас зугтаж байсныг нь Нью-Йоркчууд өдгөө ч мартаагүй биз. Энэ тухайгаа Роб “Хэцүү ч гэлээ энэ бүхэн нэг талаараа надад туршлага болж, цоо шинэ зүйлийг өгч байна. Хүмүүсийн орилолдох нь надад хэвийн зүйл шиг л сонсогддог болоод байна. Заримдаа тэнд эх зах нь олдохгүй замбараагүй байдал үүсэж, яг л дайны талбар шиг болчихдог. Юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй хүмүүсийн дундуур гүйж, араас хөөцөлдөх олноос зугтах сонирхолтой санагдах үе ч тохиолддог шүү” хэмээлээ.
“Сар хиртэлт” хэмээх гуравдугаар ангийн нээлт хаяанд тулсан эдгээр өдрүүдэд хүн бүр ганцхан асуудалд анхаарлаа хандуулаад байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Тэр нь “Белла Эдвард хоёрын хайрын түүх хэрхэн төгсөх бол?” гэсэн асуултын хариу. Харин би энэ удаад цус сорогч болон залуу бүсгүйн хайрын түүхээс илүүтэй тэднээс дутахгүй дотноссон Роб Кристен нарын үерхэлд анхаарлаа хандуулаад байлаа. “Та хоёрын хэн нь илүү романтик вэ?” гэсэн асуултад минь Кирстен “Роб гэж хэлмээр байна. Миний хувьд бол хайр сэтгэлийн харилцаан дахь хамгийн чухал зүйл бол үнэнч байдал. Тухайн хүн хэдий чинээ сэтгэлдээ, хайртай хүндээ үнэнч байна тэр хэрээр өөрийн зэвсгийг хүчирхэгжүүлж байна гэсэн үг” хэмээн хариулсан бол Роб асуултыг минь сонсмогцоо инээмсэглээд “Мэдэхгүй юм даа. Кристен юу гэж хариулж байна вэ?” гэлээ. “Чамайг илүү романтик гэсэн” гэвэл “Үгүй дээ. Би дүр эсгэхдээ л сайн хүн” гэж хариулж дуусмагцаа л инээдэндээ хахаж цацан хэдэн хором суулаа.
Тэд анх 2007 онд болсон “Twilight”-ын зураг авалтын үеэр танилцсан гэдэг. Анхандаа тэдний хэн нь тоглож байгаа киногоо амжилт олж, 380 сая долларын ашиг олно гэж таамаглаагүй гэдэг. Тэр ч байтугай энэ бүтээлийн ачаар тэд өөрсдийн нэрийн “Barbie” хүүхэлдэйтэй болсон. Тэдний унтлагын өрөөнд тэврэлдэн хэвтдэг хэсэг тун гайхалтай болсон хэмээн судлаач, шүүмжлэгчид үнэлдэг. Кристен энэ тухайд “Зүгээр л хамт хэвтэж байсан юм биш. Биднийг үл мэдэгдэх нэгэн зүйл холбоод байгааг би мэдэрсэн” гэв. Харин Роберт “Би тэр үед их тайван болчихсон. Киноны тэр хэсэгт Кристен бид хоёр муугүй бүтээчихсэн шиг байгаа юм. Хожим нь яг тиймэрхүү зураг авахуулсан боловч ер олигтой болоогүй. Кристен миний бодож байсан Беллагаас тэс өөр хүн байсан. Сүүлдээ би түүнээс эмээж эхэлсэн шүү” хэмээлээ.
Зугаа цэнгэлийн хот хэмээгддэг Лос-Анжелест төрж, өссөн болохоор Кристен тун хурц, шийдэмгий бүсгүй. Дуулгаваргүй хар үс нь түүний дотоод ертөнцийн нэгэн илэрхийлэл мэт харагддаг. Үүнийхээ ачаар цус сорогчийн найз бүсгүйн дүрээ сайн гаргасан гэж дүгнэх хүмүүс ч бий. Хайнга зассан үс нь түүний тавгүй , зөрчилтэй дотоод ертөнцийг харуулж байгаа хэрэг. Харин “Сарны хиртэлт” ангид түүнд хиймэл үс зүүлгэсэн нь Беллад бага ч атугай амрах боломж олдсны бэлгэ тэмдэг. Олны анхаарлыг татсан үснийхээ засалтыг тэрбээр “Хачин сонсогдож мэдэх ч би энгийн байдлаараа л гоо сайхныг бүрдүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг хүн. Гэхдээ үс маань урт ургаж, сэгсийсэн нь намайг инээдтэй харагдуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнө” хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна тэр яг л усан цэрэг бүхнийг жин тан, бүр 200 хувь гүйцэтгэхийг эрмэлздэг нэгэн. Харин үүнийг нь Роб тун их таашаадаг бололтой. “Тэр бол онцгой охин. Та түүн шиг хүнтэй олон учрахгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн магтсан юм. Өнөөдөр ч тэр жийнсэн өмд, цагаан майк, энгийн юүдэнтэй цамц өмссөн байсан бөгөөд хувцаслалтынхаа тухай “Би хэзээ ч нүд гялбам тод өнгөтэй цээживч, эсвэл яагаан өнгөтэй ямар нэгэн хувцас өмсөхгүй” хэмээлээ. Харин улаан хивснээ алхахдаа өмсдөг гаж загвартай хувцсаа тэрбээр “Би тэднийг худалдан аваагүй. Хэзээ ч тийм зүйл худалдан авахгүй” гэж тайлбарласан юм. Ихэвчлэн өмд өмсдөг тэрбээр өөрийгөө эмэгтэйлэг гэж тодорхойллоо. Учир нь тэр “Chanel” брэндэд дуртай. Даашинз өмсөхийг хичээх болсон. Үүний тод жишээ нь энэ оны эхээр болсон “Teen Choice Awards” үеэр өмссөн хадаастай даашинз. Гнайхалтай даашинзаа тэрбээр “хүн бүрт л таалагдсан шүү дээ. Хүмүүс бүр “Хараач ээ, хадаастай даашинз байна” гэж байсан” хэмээн магтахаа ч мартсангүй. Бас хүмүүсийн ташаа бодлыг залруулахыг хүсэж, “Хүмүүс намайг дэггүй охины дүр эсгэх гэж хичээдэг гэж боддог юм билээ. Үнэндээ бол тэр бол миний төрөлх араншин. Би олон нийтийн дунд бусдын сэтгэлд нийцтэй харагдахын тулд хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээ их цэнэдэг. Гэхдээ надад байгаа байдал маань таалагддаг” гэх тайлбар хийв.
Үүнийг нь батлах гэсэн мэт Роб “Кристен зүгээр сууж огт чаддаггүй юм. Тэр буудлагын спортод дуртай. Бүр түүнээсээ салддаггүй. Надад бол их хэцүү юм шиг санагддаг” гэж ярилаа. Түүнчлэн тэр Кристенийг өөрөөс нь сайн жүжигчин гэж боддог болохоо “Би хэрхэн жүжиглэх аргаа олдоггүй юм. Би зүгээр л аливаа зүйлийг таамаглаж, тэр дагуугаа хийдэг. Харин тэр надаас тэс өөр. Хийж байгаа үйлдэл бүхэндээ тун итгэлтэй байдаг” хэмээн илэрхийлсэн.
Тэднийг сүй тавьсан тухай шар хэвлэлүүдээр шуугих болсоор нэлээд удлаа. Үнэндээ тэд биш цус сорогч найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тэд сүй тавьж байгаа тухай гуравдугаар ангид гардаг аж. Гэхдээ энэ нь тэдэнд биенээ эхнэр, нөхөр хэмээн дуудах сайхан боломжийг олгож байгааг тэмдэглэх хэрэгтэй.
-Та хоёрын хэн нь үсэндээ илүү олон цаг зарцуулдаг вэ?
Кристен: Роб.
Роб: Би бие хүний тухайд их өвөрмөц үзэл бодол баримталдаг хүн. Жишээлбэл, миний орон зайд хэн нэгэн зөвшөөрөлгүй нэвтрэхийг төдийлэн таашаадаггүй.
-Өрсөлдөөнд хэн нь илүү дуртай вэ?
Кристен: Бас л Роб. Тэр яг л жаахан хүүхэд шиг аашилдаг юм. Бүр алхам тутамдаа шүү. Би танд нэг нууц задлах уу? Аливаа тэмцэлд ялалт байгуулсан үед Робын хоолойны өнгө тэс өөр, яг л таван настай жаалынх шиг болчихдог юм.
Роб: Би бол энэ асуултад тань бидний хэн хэн нь жаахан шартай, ялалтын төлөө улайрдаг гэж харилумаар байна. Харин Кристен намайг гэж хэлсэн байх нь ээ? Ялалт надад яг л… (Кристенийн зөв бололтой. Түүний хоолой яг л таван настай жаалынх шиг сонсогдож байлаа)
-Хамгийн хөдөлгөөн ихтэй нь хэн бэ?
Кристен: Өөрийгөө л нэр дэвшүүлмээр байна. Роб олсон дээгүүр арай ядан үсэрдэг юм. Тиймээс би түүнийг “Flippy” гэж хочилдог. Түүнийг бэлтгэл хийж байгааг нь харахаар яг л болхи оцон шувуу шиг харагддаг учраас тэр. Гүйж байгаа нь бүр ямар инээдтэй гээч.
Роб: Кристен. Кино үзэхэд л энэ асуултын хариу тодорхой харагдана. Тэр надаас илүү хөдөлгөөнтэй харагддагийг үзэгчид анзаарсан биз.
-Хамгийн аминчхан нь хэн бэ?
Кристен: Би түүнийг гэж хэлнэ ээ. Гэхдээ энэ тухайгаа тэр өөрөө дэлгэрэнгүй ярих биз. Тэр байнга л толины өмнө эргэлдэж, үсээ имэрч, засдаг. Заримдаа түүнийг үсийг новш гэж хараамаар санагддаг шүү. Үүнийг ёж үг гэдэг утгаар нь ойлгоорой.
Роб: Бид бараг л адилхан байх. Бидний хэн хэн нь өөрөөрөө бахархаж болохуйц амжилтад хүрсэн. Гэхдээ түүний биеэ тоох хандлага нь минийхээс ч илүү. Харин миний өөрийгөө үнэлдэг үзэл нь түүнийхээс илүү байх. Гэхдээ би энэ үзэлдээ тууштай хандаж чаддаггүй. зөвхөн харц маань л ямар ч үед бардам, ихэмсэг байж чаддаг. Заримдаа бүр “Сайн уу” гэх өнгө аяс илэрхийлсэн минь “Би ч догь залуу шүү” гэсэн юм шиг харагддаг гэсэн.
-Та хоёрын хэн нь өөрийнхөө тухай мэдээллийг илүү их “Google”-ээс эрдэг вэ?
Кристен: Роб.
Роб: Тэр мэдээж намайг л гэж хэлсэн байх. Гэхдээ би түүнийг гэж бодож байна. Үүнийг мөрдөхөөс нааш тогтоох аргагүй байх аа. Магадгүй гагц бурхан л үнэнийг нь мэдэж байгаа биз. Заримдаа миний тухай материалууд хэр эрэлттэй байгааг харахаар би “Google” хайлтын системд нэвтэрдэг. Түүний үнэлгээ минийхээс байнга өндөр байдаг юм. Тиймээс би түүнийг өөрийнхөө тухай материал хайдаг байх гэж таамагладаг.
-Хэн нь хамгийн сайн дуучин бэ?
Кристен: Роб. Тэр гайхалтай сайн дуучин. Бүр зүрх шархуулагч гэж хэлсэн ч болно.
-Харин хамгийн их гадуур зугаалдаг нь?
Роб: Мэдээж би. Гэхдээ миний гадуур зугаалдаг цаг Кристенийхийг нэг их хол давахгүй байх. Тэр сүүлийн үед их нээлттэй болоод байгаа шүү.
-Спортод хэн нь илүү авьяастай вэ?
Кристен: Хэн нь авирч чаддаг билээ. Мэдээж би шүү дээ. Тэр их эмзэг, өвчлөмтгий залуу.
-Хэн нь илүү мухар сүсэгтэй вэ?
Кристен: Роб.
Роб: Би кармад итгэдэг. Гэхдээ энэ нь ямар ч бодлогогүйгээр сүсэглэхээс огт өөр зүйл гэж боддог.

Ярилцлагаа дуусгаад амьдрал буцалсан өрөөнд нь тэднийг үлдээлээ. Харин эцсийн үг болгож Роб “Би хүмүүс миний тухай юу гэж ярьж байгааг нь тагнуулдаад мэдчихдэг. Тэд энэ бүхнийг сонсоод намайг үзэн ядаж мэдэх юм. Гэхдээ зүгээр ээ” гэсэн бол Кристен шулуухан л “Гудамжаар өөрийнхөөрөө алхахыг хүсэж байна” гэлээ.

Лэйди Гага: ХЭВЛИЙД БАЙХААСАА ДУУЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙЛАА



-Би тайзан дээр амьсгал хураахыг илүүд үзнэ-

Хөгжмийн ертөнцөд хөл тавиад удаагүй ч аль хэдийнэ 15 сая цомог, 40 сая дуу борлуулаад амжсан Лэйди Гагаг дэлхийн хэмжээний супер од хэмээн үнэлэхээс аргагүй. Түүний клипүүд youtube.com сайтын дээд амжилтыг эвдэж, зөвхөн өнгөрсөн тавдугаар сард гэхэд л таван ч шагнал хүртсэн байна. Загварын ертөнцийн үлгэр дуурайл болсон тэрбээр тайзны ар дахь амьдралынхаа нууцыг дэлгэжээ.
-Таны эцэг эхээс хайрласан нэрийг Стефани гэдэг байх аа. Яагаад заавал Лэйди Гага хэмээх нэрийг сонгосон юм бэ? -Үнэдээ Лэйди Гага бол миний хоч. Нью-Йоркт байхад найзууд минь надад ийм нэр өгсөн юм. Би тус хотод байхдаа жижигхэн тоглолтуудад оролцдог байлаа. Тэр үед “Queen” хамтлагийн “Radio Gaga” дуу ид моодонд орж байлаа. Тэгээд л хүмүүс намайг Гага гэж дуудах болсон.
-Яг хэдийнээс дуучих болохыг хүсдэг болсон бэ? -Хэвлийд байхдаа л. (инээв)
-Энэ хорвоод ирсэн цагаасаа эхлээд л үү? -Тийм ээ. Энэ хорвоод бүрэлдэн бий болсон цагаасаа л дуучин болохыг хүсдэг байлаа. “Би бол дуулахын төлөө төрсөн хүн” гэж хэлүүлэх гээд байх шиг байна. Тийм ч байэ болох юм. Би бүр багаасаа зоогийн газар зочны өрөөндөө жижигхэн тоглолт зохион байгуулж, гэр бүлийнхэндээ сонирхуулдаг байлаа. Тэр байлаас өнөөдрийн хөгжмийн төлөө амьдралаа зориулсан эмэгтэй болтол явж чадсан би азтай хүн. Тиймээс би хөгжмийн ертөнцийг орхихыг зөвшөөрлийг хэзээ ч өөрөтө олгохгүй. Хэсэг зуур хөндийрч, амарч болох ч дал модны сүүдэр дор нүд анихаас тайзнаа амьгсал хураахыг илүүд үзнэ.
-Дуучин болохын өмнө та ямар ажил хийдэг байсан бэ? -Би олон жилийн турш зөөгч, барменээр ажилласан. Яваандаа бүжигчин болж, Нью-Йорк хотоор үзүүлбэр үзүүлж мөнгө олдог болсон. Нью-Йоркод амьдрахад өртөг ихтэй тул би долоо хоногт хамгийн багадаа 20 доллар зарлагаддаг байлаа. Тэгээд л 15 насандаа ажилд орсон. Гудамжны жижиг үйлчилгээний газруудад ажиллаж олсон мөнгөө жааз тоглолт үзэхэд зориулахаас хэзээ ч татгалздаггүй байлаа.
-Хүмүүс “Үлгэр дууриал болсон хүн” гэдэг үгийг хэрэглэхээс эмээдэг юм шиг ээ. Харин Та өөрийгөө үлгэр дууриал болохуйц хүн гэж боддог уу? -Үгүй дээ, би тэгж бодож байгаагүй. Харин нас барсныхаа дараа бусдад үлгэр дууриал болсон бахархмаар хүн байж дээ гэж хэлүүлэх байх гэж найдаж байна.
-Харин та хэнээс суралцдаг вэ? -Ээжээсээ, бас эмээгээс. Би Диана гүнжийг их хүндэлдэг. Ээж минь ч түүнийг шүтдэг байсан юм. Тиймээс түүний хийсэн үйлдэл бүр миний амьдрал, төлөвшилд нөлөөлсөн гэж ойлгож болно. Түүний хэрхэн амьдралд хөл тавьж, гэрлэсэн, олон нийтэд тустай ажил хийдэг байсан нь миний гайхшийг төрүүлдэг байв. Би түүнийг насаараа бишрэх байх. Гүнжийн таалал төгссөн өдрийг би одоо ч тод санадаг юм.
-Таныг урлагийн хүн болно гэхэд гэр бүлийнхэн тань хэр дэмжсэн бэ? -Их дэмжсэн. Ээж минь залуудаа мюзикл театрт ажилладаг байсан. Харин аав минь “Bruce Springsteen” хэмээх хамтлагт олон жил дуулсан. Тиймээс тэд намайг байнга дэмждэг. Аав, ээж минь намайг урлагт хөтлөхөөс гадна хөдөлмөрч байдалд сургасан. Тиймээс би толгой өндийхгүй ажилтай байхыг хүсдэг. Ажлын ачаалал их байна гэдэг миний хувьд эхвийн зүйл. Энэ байдал амжилтад хүрэх бас нэгэн хүчин зүйл болсон байх. Хэрэв би залхуу, хойрго байсан бол дуучин болохыг хүсэхгүй байж ч мэднэ.
-Таны цөөнгүй тоглолтод үхлийг бэлгэдсэн үзүүлбэр гардаг. Та үхлийн тухай боддог юм уу? -Тийм ээ.
-Ердөө л 24-хөн насандаа юу? -Би элдэв зүйлийн тухай төсөөлөн бодох дуртай хүн. Тиймээс л энэ тухай боддог байх.
-Попын хаан Таныг “This Is It” тоглолтдоо урих хүсэлтэй байсан нь үнэн юм уу? -Би удтал энэ тухай ярихгүй байсан нь бусдын хувийн нууцыг дэлгэхээс сэрэмжилсэн хэрэг юм шүү гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Харин одоо энэ нууцыг задалж болохуйц болсон болов уу. Би Майклын аялан тоглолтын нээлтэд оролцох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Тэр ч зөвшөөрч, бид бүр бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн байсан. Мэдээж надаас өөр олон арван уран бүтээлч түүнтэй хослон дуулж, нээлтэд оролцох гэж байсан болов уу. Тэр бол хүн төрөлхтөний түүхийн нэгэн үед нөлөөлсөн агуу хүн шүү дээ.
-Танд ийм гайхалтай хувцас зохион бүтээх санаа хэрхэн төрдөг юм бэ? -Загвар зохион бүтээгчийнхээ зөвлөгөө дээр суурилан хувцасныхаа хэв маягийг тогтоодог. Хэрэв та анзаарсан бол би ихэвчлэн 1970, 1980-аад оны загвараар хувцасладаг. Гэхдээ хувцасны маань олонх элемент эмэгтэйчүүдийг илэрхийлдэг тогтсон хэв маягаас эрс өөр. Гэхдээ үүгээр намайг эршүүд гэж дүгнэж болохгүй. Харин ч би их эмэгтэйлиг. Зүгээр л би хил хязгаарыг өөрийн чадах хэрээр давахыг хүсдэг. Тиймээс өөрийн хувцаслалтдаа сэтгэл хангалуун байдаг шүү.
-Танд давахыг хүсддэг хил бий юү? -Энэ асуултын хариуг авахын тулд хүлээх л хэрэгтэй болох байх даа. Үнэндээ би тодорхой хэлж мэдэхгүй байна. Би хүчирхийллийг эсэргүүцэгч. Мөн мухар сүсэгтэн, хөгжмийн эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийг үзэн яддаг.
-Та 2008 онд өгсөн ярилцлагадаа “Just Dance” дуу амьдралыг минь аварсан гэсэн байсан. Уран бүтээл тань хэрхэн Таныг аварсан юм бэ?
-Хүмүүс чих дэлдиймээр хариулт өгсөн ярилцлагад дуртай байдаг шүү дээ. Хөгжмийн ертөнцөд нэг шат ахих боломж олгосон болохоор би яльгүй хэтрүүлэгтэйгээр амьдралыг минь аварсан гээд хэлчихсэн юм.
-Та хар тамхийг дахин хэзээ ч хэрэглэхгүй гэсэн байсан. Гэнэтхэн ийм шийдвэр гаргах хэцүү байв уу?
-Үгүй дээ. Хар тамхи амьдралыг минь сүйтгэж байсан учраас орхих цаг нь болсон гэж бодох болсон. Тиймээс хэцүү байгаагүй.
-Британийн хэвлэлийнхэн Таныг Бирмингэм дэх жижигхэн уушийн газар шар айраг ууж, тэнд байсан хүн бүрийг уух юмаар дайлсан гэж бичсэн байсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Найзууддаа шар айраг авч өгөх буруу зүйл гэж үү? (инээв)
-Хэрэв та шоу бизнесийн ертөнцөд хөл тавиагүй бол юу хийж явах байсан бол?
-Үхэх байсан биз.
-Энэ хорвоог орхино гэж үү?
-Үгүй дээ. Дуучин болоогүй бол шоу бизнесийн ертөнцөд өөр ямар нэгэн алба эрхэлж байх байсан болов уу. Хүмүүс надаас иймэрхүү асуулт их асуух юм. Зарим нь “Та ганцаараа байхдаа юу өмсдөг вэ?”, “Та энгийн өмд ноосон цамц өмсөж үзсэн үү” гэж асуудаг. Энэ бүхнийг ажиглаад байхад шоу бизнесийн талаарх хүмүүсийн ойлголт үгүй болчихсон юм уу даа гэж бодогддог. Майкл гэхэд л шатсан мэт дүр эсгэж түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэр олныг гайхашруулсан гялтганасан бээлийтэй гараа өргөж гайхуулдаг байсан. Энэ чинь л шоу бизнес шүү дээ.
-Та амжилтынхаа нууцыг гажиг байсны үр дүн гэдэг. Үүнийгээ тайлбарлаач. Таны бодлоор хүн бүр гажиг уу?
-Би сургуульд байхдаа л өөрийгөө бусдаас өөр, гажиг гэж боддог байсан. Надад бараг л найз нөхөд гэж байгаагүй. Цөөн хэдэн дотнын найзтай байлаа. Би бусадтай адил охин байгаагүй. Би өдөр бүр дэггүйтэн өөрийгөө баясгаж, бусадтай адил хувцаслахыг ч хүсдэггүй байсан. Бас охидоос илүү хөвгүүдтэй амархан ойлголцдог байлаа.
Тэгээд өөрийгөө гаж хэмээн оношилж, урлагаас өөр очих газаргүй гэж бодох болсон. Хэрэв би урлагийн хүн болчихвол фэнүүд минь миний хувцаслалтыг голохгүйгээр барахгүй дуурайж хувцаслах болно гэж боддог байсан.
-Хөгжмийн ертөнцөд хөл тавиад удаагүй байхдаа Та Мадоннаг санагдуулдаг байсан. Түүний тухай ямар бодолтой байдаг вэ?
-Тэр бол гайхалтай уран бүтээлч. Бас сайхан эмэгтэй. Бид шаргал, хар, хүрэн, цагаан гэх мэтээр үснийхээ өнгийг сольж, гей залуустай холбогддогоороо адилхан байж мэдэх юм. Түүнтэй адилхан гэх бас нэгэн шалтгаан бол ээж минь яг л Мадонна шиг. Би нас ахих тусам ээжтэйгээ адилхан болж байна. Тиймээс заримдаа Мадоннатай адилхан төрсөн нь миний буруу биш шүү дээ гэж хашгирмаар санагддаг.
-Та там эсвэл диваажин байдаг гэдэгт итгэдэг үү?
-Би үхсэнийхээ дараа диваажинд очно гэдэгтээ итгэдэг.
-Та “Poker Face” дуугаа өөрийнхөө бисексуал байдлын тухай өгүүлсэн гэсэн. Таны хувьд эрчүүд чухал уу, эмэгтэйчүүд чухал уу. Та гэрлэхийг хүсдэг үү?
-Би хайр дурлалын тухай асуудалд бусадтай л адил ханддаг. Одоохондоо надад фэнүүдээсээ өөр хүнд зарцуулах цаг хомс байна.
-Та хүүхэдтэй болохыг хүсдэг үү?
-Тийм ээ. Хэзээ нэгэн цагт хүүхэд гаргана. Гэхдээ хэвлий минь хүүхэд тээхэд бэлэн бус байна. Тиймээс үрийн зулай үнэрлэх өдөр их хол байна.

МИК ЖАГГЕР: Татварын дарамт биднийг эх орноосоо урвахад хүргэсэн


Хар шуурга мэт шоу бизнесийн ертөнцөд дөчин жилийн турш хөл алдалгүй явсан хамтлаг бол “Rolling Stones”. Тэд “Exile on Main Street” цомгоо дахинхэвлүүлж, худалдаанд гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэрхэн олны анхаарлын төвд байсаар ирсэн нууцаа дэлгэхээр дуучин Мик Жаггер Ларри Кингийн ярилцлагын нэвртүүлэгт зочилжээ.

-Өнөөдөр манай нэвтрүүлгийн 25 жилийн ой тохиож байна.
-Гайхалтай юм аа.
-Энэ хугацаанд “Нэвтрүүлгийн зочноор уриач” хэмээн үзэгчдээс хамгийн олон хүний санал авсан хүн бол Мик Жаггер. Эцэст нь бид үзэгчдийнхээ хүсэлтийг биелүүлж, түүнийг нэвтрүүлэгтээ оролцуулж байна. Тэд үзэгчдийн сэтгэлд хэдийнэ хүрсэн хуучин дуунуудаа сонсогчдын хүртээл болж байгаагүй шинэ хувилбараар дуулж, “Exile on Main Street” цомог гаргаж байгаа. Түүнчлэн дөчин жилийн түүхээрээ “Stones in Exile” нэртэй баримтат кино бүтээж байгаа. Энэ удаад тэд гайхалтай, бас нэлээд том нээлт хийх байх.
-Тийм ээ. Их том.
-Фрэнк Синатра нэгэнтээ мөнхийн бүтээлийн талаар надад хэлж байсан юм.
-Үнэн хэрэгтээ бидэнд сонголт гэж үгүй гэж үү?
-Тийм ээ.
-Таны амьд эсвэл өөд болсон эсэхийг үл харгалзан сонголт үлддэггүй.
-Харин та “Stones”-ийн мөнхийн амжилтыг юу гэж дүгнэх вэ?
-Миний бодлоор бид их азтай хүмүүс. Ер нь хүнд байнга л аз хэрэг болдог шиг байгаа юм. Бид зөв цагтаа, зөв газраа байсан учраас л ингэж амжилт олсон гэж надад бодогддог. Мөн бидний уйгагүй, шантралгүй хөдөлмөрлөсөн нь үүнд нөлөөлсөн биз.
Гэхдээ энэ бүхэн цогцоороо байж чадаж байж амжилтад хүрнэ. Учир нь энэ хорвоо дээр алжааж ядрахыг ч умартан хөдөлмөрлөж байгаа хэдэн мянган хүн байгаа. Гэхдээ зөвхөн уйгагүй хөдөлмөрлөснөөр тоглож байгаа салбартаа амжилт олохгүй. Энд аз гэдэг зүйл чухал шаардлагатай.
-Харин энэ хатуу ширүүн талбарт удаан хугацааны турш хөлөө олон байгаагаа хэрхэн тайлбарлах вэ?
-Мэдээж үүний тулд арга ухаан, урьдчилж нарийн төлөвлөсөн тактик хэрэгтэй. Энэ салбарт хөлөө олно гэдэг хөлбөмбөг, эсвэл өөр ямар нэгэн спорт тоглоомтой адилгүй. Хэрэв түргэн сэтгэж чадахгүй л бол энэ тоглоомонд хэзээ ч амжилт олохгүй. Тиймээс ухаалаг байх хэрэгтэй.
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнадаг энэ салбарт нас ахих тусам аливаад ухаалаг, илүү хэрсүү хандах шаардлагатай болдог. Тиймээс би тактикаа байнга өөрчилдөг.
-Энэ ертөнцийн амьдрал байнга л буцалж, оргилж байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Ажил байнга л ундарч байдаг газар. Хэрэв аялан тоглолт эхэлбэл ажилд дарагдчихна л гэсэн үг. Та мэдэх байлгүй дээ. Энэ салбарт хүч сорьж байгаа бол анхаарал, мэдрэмж хамгийн чухал нь. Яг л уран зураг үзэж байгаа хүн шиг. Тэр зургийг ямар ч хазайж, хэлбийлгэлгүй зөв өнцгөөс, өөрийн хүссэнээр биш зураачийн сэтгэлийг олж харах ёстой болдог.
-Энэ их ажлыг амжуулах эрч хүч хаанаас гардаг юм бэ?
-Урам зориг. Хэрэв уран бүтээлчид урам зориг, мэдрэмж, байгаа бол сонсогчдод илүү ихийг өгч чадна. Мөн энд нөгөө л арга барил, тактикынхаа тухай ярих хэрэгтэй болно.
Ер нь уран бүтээл гэлтгүй амьдралын бүхий л зүйлд биднийг урам зориг хөглөдөг. Танд үеийнхнээсээ хэт хоцорч, час өдөр тань тохиосон юм шиг санагдаж, эсвэл ганцаардаж байгаа бол уйтгарлах хэрэггүй. Урам зоригоор дүүрэн байвал тун удахгүй энэ бүхний ард гарна.
-Хөгжмийн ертөнцөд хөл тавьж байх үед хүнд байв уу? Энэ үед “Stones”-ийнхэн ганц ч сонсогчгүй байсан байх.
-Үгүй дээ. Бидэнд цөөн тооны сонсогчид байсан.
-Шөнийн цэнгээний газруудад уу?
-Жижиг клубүүдэд. Гэхдээ бид жижиг газах тоглодог ч байсан ч тун гайхалтай сонсогчидтой болсон байсан. Тэд бидний хэрхэн биеэ авч явааг хүртэл дуурайдаг байлаа.
-Шинэчлэгдэн сонсогчдын гарт очиж байгаа “Exile on Main Street” цомгийнхоо түүхийг сонирхуулаач.
-Манай цомгуудыг хэвлүүлж, худалдах эрх “Universal Records”-т бий. Тиймээс тэд эл цомгийг цоо шинэ хувилбараар гаргаж, хэвлүүлэхийг хүссэн юм. Тэд "Exile"-ийг манай хамтлагийн хамгийн сайн уран бүтээл гэж үздэг юм билээ. Тэгээд л сонголтоо хийсэн. Би цомгийнхоо дууны аяыг гурван жил хайсан. Дараа нь гурван жил бичүүлсэн.
-Та бүхнийг төгс байлгахыг хүсэгч мөн үү?
-Магадгүй ээ. Би өөрийн чадах хэрээр урагш тэмүүл гэсэн зарчмыг баримтлагч. Үүний төлөө хичээл, зүтгэл их хэрэгтэй. Амьсгал хураахын өмнө би ямар ч байсан чадах бүхнээ хийсэн гэж ам бардам байхыг хүсдэг.
-Танайхан татварын асуудалд холбогдож байсан. Гэхдээ энэ түүхийг хүмүүс бараг мартчихсан байна билээ.
-Тийм зүйл болж байсан. Гэхдээ тийм ч сонирхолтой ярианы сэдэв биш байх. Ялангуяа манай хамтлагийнхны хувьд.
-Тэр үед “Stones”-ийнхэнтэй адилхан шалтгаанаар нэлээн олон хамтлаг урлагаа орхисон байх аа?
-Бидэнд зөвлөгөө өгөх хүн байгаагүй болохоор алдсан явдал тохиолдол бий. Гэхдээ бид урлагт бүхий л анхаарлаа хандуулаад байснаас биш, хэзээ ч ашиг хонжоо харж байгаагүй.
-Мөнгө зорилго тань байгаагүй гэж үү?
-Байгаагүй. Бид зүгээр л амжилтад хүрэхийг хүссэн. Тэр дагуу нэлээд амжилт олсон ч, менежмент муутай байсны уршигаар татварын асуудалд орооцолдсон хэрэг. Английн татвар их өндөр учраас бид тэндээс явсан юм. Тэд бидний орлогын 90 хувийг нь авдаг.
-Та 100 фунтын орлого олбол тэд 90-ийг нь авдаг байсан байх нь ээ?
-Яг зөв. Ийм байдалд бид урагшлах аргагүй болсон. Нэг ёсондоо татварын дарамт биднийг эх орноосоо урвахад хүргэсэн. Хэрэв тэд 50 хувийг нь авдаг байсан бол бид өнөөдөр ч Англид уран бүтээлээ туурвиж байх байсан гэдэгтээ итгэлтэй байна.
-Францад амьдрах ямар байсан бэ?
-Бид энэ түүхийг баримтат кинондоо гаргах гэж байгаа. Франц орон их сайхан. Цөөнгүй англичууд Франц руу дүрвэсэн байдаг гэдгийг та мэдэх байлгүй.
-Тэнд муугүй байсан хэрэг үү?
-Муугүй байсан шүү. Хүмүүсийн олонх нь Франц улсад очиж амьдрах хүсэлтэй байдаг шүү дээ. “Хууль зөрчсөн хүмүүсийн хувьд нарлаг сайхан газар бол Франц” хэмээн Сомерсет Моэм нэгэнтээ хэлсэн байдаг.
-Эх орноо орхих хэцүү байгаагүй гэж үү?
-Хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ залуу хүний овиргон бодлоор шийдсэн болохоор анхандаа тийм ч хэцүү санагдаагүй. Гэтэл хэсэг хугацааны дараа эх орноо, англи хоолоо санаж эхэлсэн.
-Мик Жаггерийг хар тамхины хэргээс болж баривчлагдаж байсныг мэдэхгүй хүн үгүй. урлагийнхны олонх нь ийм асуудалд орооцолдож байх юм аа.
-Энэ чинь цөөнгүй хүнийг хамарсан том салбар шүү дээ. Тэд амжилт олохын тулд машины хөдөлгүүр шиг л ажилладаг. Амжилт олж эхэлмэгц зугаа цэнгэл хүссэн хүсээгүй үр дагавар нь болдог сөрөг талтай. Энэ чухал мөчийг алдахгүйн тулд сонголтгүйгээр элдэв арга хэмжээнд оролцсоор байх болно. Харин энэ явцад өөрийгөө жолоодож чадахгүй бол хөл алддаг юм. Нэг ёсондоо урлагийн амьдралын хэмнэлээ сонгох биш, амьдралын хэмнэл нь уран бүтээлчдийг сонгодог гэсэн үг. Хамгийн гунигтай нь энэ.
-Та зүгээр л сэжиглэгдэж байсан уу?
-Марихуаны хэргээр байцаагдаж байсан.
-Тэгээд ямар нэгэн ял шийтгэл сонсож байсан уу?
-Цагаачдын хуулиар тодорхой газруудаар явах эрхээ хасуулсан.
-Хуульч Лэнни Брюс нэгэнтээ “Хар тамхийг хуулиар зөвшөөрөх цаг ирнэ. Учир нь хуулийн сургуулийн оюутан бүр үүнийг хэрэглэдэг юм” гэсэн байдаг.
-Миний бодлоор энэ бүтэшгүй зүйл.
-Хар тамхи татах нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Хэдэн мянган жилийн өмнөөс л хүн төрөлхтөн архи, мансууруулах бодис, тамхи гэх хорт зуршлыгн хэрэглэх болсон. Яг хэдэн мянган жилийн өмнө гэдгийг нь мэдэхгүй ч би маш олон жилийн өмнө гэдгийг нь таамаглаж байна. Хүмүүс энэ зүйлсийг хүссээр ирсэн. Сайхан мэдрэмж төрүүлдэг болохоор нь тэр. Надад ч бас тийм л мэдрэмж төрүүлдэг.
Гэхдээ хар тамхи гэдэг хүчирхийлэл дагуулж, хүмүүсийн амьдралыг сүйрүүлдэг болохоор өнөөг хэр хуулиар хориглосоор байгаа юм. Тиймээс хуулиар зөвшөөрдөг болно гэдэг бүтэшгүй зүйл.
-Таныг санаанд оромгүй газар бичлэгээ хийлгэдэг гэж сонссо.
-Байнга биш л дээ.
-Шатны доорх хөндийд дуугаа бичүүлж байсан гэдэг байх аа?
-Францад нэгэн байшин хөлсөлж байхдаа тэгж бичүүлж байсан.
-Тэнд дуугаа бичүүлэх ямар байсан бэ?
-Гайхалтай. Их олон талаараа шүү. Мэдээж студийн дуу бичлэгийн өрөөтэй адилгүй л дээ. Гэхдээ л сайхан санагдсан.
-Та тэгээд акустикаа хэрхэн зохицуулсан бэ?
-Мэдээж зориулалтын бус газар болохоор акустик муутай байсан.
-Яагаад студид бичүүлээгүй юм бэ?
-Тухайн үед өмнөд Францад студи байдаггүй байлаа. Тэгээд л бид өөрсдөө студи байгуулсан. Бид өөрсдийн ачааны машиндаа жижигхэн бичлэгийн студи байгуулж байлаа.
-Гурван жил гэдэг урт хугацаа шүү.
-Бид Францад гурван жил байгаагүй шүү дээ. Зургаа, долоон сар л болсон байх.
-Орчин үед техник хэрэгсэл үсрэнгүй хөгжжээ. Одоо бол шатны хөндийд дуугаа бичүүлэх шаардлагагүй болсон биз?
-Тийм ээ. Бас бүхээгт тэрэгний ч хэрэг үгүй болсон.

Б.Баасансүрэн: Үлээвэр хөгжмийг хоёр цаг тоглоход л тамирддаг


Орчин үеийн эвэр бүрээ тавин жилийн түүхтэй гэдэг. Харин сургалт нь гучин жилийн уламжлалтай ч өдгөө гарын арван хуруунд багтахуйц цөөн мэргэжлийн уран бүтээлч бий гэдэг юм билээ.
Сүүлийн үед гадныхны сонирхлыг ихэд татах болсон энэ хөгжимтэй танилцах хүсэлдээ хөтлөгдөн Хөгжим бүжгийн коллежийн Ардын хөгжмийн тэнхмийн эвэр бүрээ хөгжмийн багш, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч Б.Баасансүрэнтэй хөөрөлдлөө.

-Олон жил нөхөрлөсөн хөгжмөө танилцуулаач.
-Юун түрүүнд би чуулгынхаа талаар товч тайлбар хиймээр байна. Урлагийн байгууллага дотроос хамгийн отгон нь болох манай чуулгын үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хориод хүний бүрэлдэхүүнтэй. Найралд маань үндэсний үлээвэр хөгжим түлхүү орсноороо бусад чуулгаас ялгарах юм. Уншигчид ҮДБЭЧ-ын найрал, Төрийн их найрал, Морин хуурын чуулга зэрэг найрлууд байсаар атал дахин найрал байгуулах нь ямар ч хэрэггүй гэж бодож болох юм. Угтаа урлаг гэдэг өрсөлдөөн дунд хөгжин дэвшиж, шинэчлэгдэж байдаг. ОХУ-ын найрал гэхэд л 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Хагас нь эх орондоо тоглолт хийж байхад, үлдсэн хөгжимчид нь гадаадаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байх жишээтэй. Тиймээс найрал цөөдөхгүй болов уу.
Аль ч улс оронд аж ахуйн онцлогтойгоо холбоотой эврээр хийсэн үндэсний хөгжмийн зэмсэг байдаг. Манайд гэхэд л Чингис хааны үед эвэр бүрээг ашигладаг байсан гэдэг. Мөн Хубилай хааны үед төрийн их найралд эвэр бүрээ хөгжмийн эртний хувилбар багтдаг байсан гэх баримт ч байдаг. Харин орчин үеийн эвэр бүрээ өнгөрсөн гуравдугаар сард 50 нас хүрч, Хөгжим бүжгийн коллежид эвэр бүрээч хэмээх мэргэшсэн хөгжимчин бэлтгэж эхэлсний гучин жилийн ой болсон. Орчин үеийн эвэр бүрээ ҮДБЭЧ байгуулагдах үед үүссэн. Тухайн үед үндэсний хөгжмийн найралд шаардлагатай хөгжмүүдийг Л.Мөрдорж гуай урлаачдад үндэсний хэв шинжийг хадгалсан иймэрхүү дугаралттай хөгжим хийлгэмээр гэж санал тавьж, эвэр бүрээ хөгжмийн анхны загварыг нь гаргуулсан юм билээ. Харин хөгжмийн механизмийг нь төрийн шагналт Д.Индрээ гэдэг хүн сайжруулан гаргасан байдаг.
-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хэдэн мэргэжлийн уран бүтээлч бэлтгэгдсэн байдаг вэ. Ер нь эвэр бүрээч монголд олон бий юү?
-Жилд хоёр л оюутан элсүүлж авдаг байсан болохоор өнгөрсөн хугацаанд 60 орчим хүн эвэр бүрээчийн ангид элсэн орсон гэсэн үг. Гэхдээ тэднээс мэргэжлээ эзэмшиж, төгссөн нь 20 гаруй л байдаг. Тэднээс арав гаруй нь гадаадад ажиллаж байна.
-Мэргэжлээрээ юу?
-Үгүй ээ. Эвэр бүрээч мэргэжлээр гаднын орнуудад ажиллах боломжгүй байдаг.
-Гадныхан эвэр бүрээг их сонирхох болсон гэдэг. Дээл, хөөмийн араас орчихгүй байгаа гэсэн бодол Танд төрдөг үү?
-ЮНЕСКО-д бүртгүүлэхийн учрыг би хэн нэгний өмч болгон, хав дарж хадгалахдаа биш, харин ч тэгж бусдаас нууж, булж дарж байгаад устгачих вий гэсэндээ хамгаалалтад авч байгаа хэрэг гэж ойлгодог.
Гадныхан эвэр бүрээг сонирхож байгаа нь үнэн. Хэдэн зуун жилийн түүхтэй сонгодог хөгжмийн энд тавин жилийн түүхтэй эвэр бүрээ дөхөж очсон болохоор тэгж байгаа хэрэг. Түүнчлэн өвөрмонголд ч бас манайх шиг хөгжмүүд бий. Тэд найрал тоглох гэхээр нэг хөгжмөөс нөгөөд шилжихэд шаардагддаг эвэр бүрээ шиг жийрэг хөгжим дутагдаад байгаа юм. Тиймээс ийм төрлийн хөгжимд анхаарлаа их хандуулах болсон. Төрөөс нь ч энэ талаар арга хэмжээ их авч байна. Манай яг тэднийх шиг хариуцлага тооцох асуудлыг өндөржүүлэх шаардлагатай байгаа юм. Улсын зардлаар өчнөөн олон жил сурчихаад эх орондоо хийж бүтээлгүй тэндээ үлдчихдэг хүмүүс олон бий.
-Эвэр бүрээг тоглоход хэцүү юу?
-Эвэр бүрээ төдийгүй бүхий л үлээвэр хөгжим бусад хөгжмийн зэмсгийг бодвол тоглоход хүнд. Ердөө хоёр цаг л үлээхэд хоол шингэж өлсөөд, бүр тамирдчихсан байдаг. Тэгэхээр үлээвэр хөгжимчид биеийн хүчний ажил хийж байна гэсэн. Бусад хөгжимчид бол зөвхөн оюуны хөдөлмөр хийдэг байхад үлээвэр хөгжимчид биеийн болон оюуны хүчний ажил давхар хийдэг. Тиймээс ч хөөмийч, үлээвэр хөгжимчид, цохивор хөгжимчид 20 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгодог. Гэхдээ тэглээ гээд бусдаас илүү цалин авдаггүй учир энэ салбарт хөл тавих залуусын зориг мохоод байх шиг санагддаг.
-Бусад үлээвэр хөгжмөөс ямар ялгаатай вэ?
-Суурь өнгөтэй хөгжим. Эвэр бүрээнээс арай өтгөн дуутай нь их бишгүүр. Аливаа хөгжимд дугаралт тэнцүүлэх шаардлага гардаг. Түүнд тохируулан хөгжмөө сонгодог.
Сонгодог үлээвэр хөгжмүүд шулуун байдаг бол эвэр бүрээ тахир учир матах шаардлагатай болдог. Тиймээс бусад хөгжмийг бодвол ур хийц их шаарддаг. Хэлбэрийн хувьд онцлог гэж хэлж болно.
-Үндэсний үлээвэр хөгжимд ямар хөгжмүүд багтдаг юм бэ?
-Хубилай хааны үед байсан төрийн найрал 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд 130-аад хөгжмийн зэмсэг байсан гэх Ж.Бадраа гуайн судалгаа байдаг. Гэхдээ тэрэн дунд эвэр бүрээ нэрээр тэмдэглэгдсэн хөгжим байхгүй ч хэлбэр дүрс, дугаралтын хувьд төстэй. Сонирхуулж хэлэхэд тэр жагсаалтад бишгүүр хөгжим багтсан байдаг юм. Хожим эзэнт гүрэн задарч, бутрахад мартагдсан гэдэг. Хожим нь шарын шашныхан монголчуудын сэтгэлийг татах зорилгоор бишгүүрийн ашигласныг хүмүүс шашны хөгжим гэж ташаа ойлгосон байдаг. Үндэсний хөгжмөө нарийн судалбал энэ мэт сонирхолтой баримтууд олон бий.
-Эвэр бүрээг цаашдаа хэрхэн сурталчлах бодолтой байгаа вэ?
-Энэ хөгжмийн гоцлолд зориулсан аялгууг хөгжмийн зохиолчдоор бичүүлэх нь хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй арга гэж бодоод бид ажилдаа орсон байгаа. Сонгодог бүтээл тоглохоор гаднынхан сонсчихоод барууны хөгжимтэй эндүүрээд байдаг юм билээ. Тиймээс үндэснийхээ хөгжмөөр өөрсдийн зохиолчдын Монгол хэв маяг шингэсэн аялгууг тоглобол илүү үр дүнтэй болов уу.
-Найрал хөгжимчин байх, гоцлооч байхаас юугаараа ялгаатай вэ?
-Гоцлооч хөгжимчин өөрийн сэтгэлийг найрлын дэмжлэгтэйгээр хөгжмөөр илэрхийлдэг. Тиймээс гоцлол хөгжимчинд өнгө цэвэрхэн гаргах ур чадвар, техник зэрэг заавал эзэмших олон зүйл байдаг. Гэхдээ гоцлооч болох авьяас, чадваргүй нь найрал хөгжимчин болдог гэж ойлгож болохгүй. Манайхан тийм ойлголт түгээмэл байдаг юм билээ. Үнэндээ хамгийн чадварлаг хүмүүс нь найрал хөгжимчид байдаг. Гоцлооч удирдаачтайгаа харилцан зөвхөн өөрийн санаа, сэтгэлээ илэрхийлдэг. Харин найрал хөгжимчин гоцлол хөгжимчнийхээ санааг ойлгож, тэр дагуу хөгжмөө тоглох ёстой байдаг тул зарим үед бүр илүү чадвар, мэдрэмж шаардагдах тохиолдол ч гардаг.

Thursday, June 24, 2010

Оппозит: Хип хоп аль хэдийнэ моодноос гарчихсан

Хачин өвөрмөц өнгө аяс дуунуудаас нь мэдрэгддэг “Оппозит”-ын уран бүтээл бусдаас тэс өөр. Тиймээс ч залуусын дунд “Эзэд нь ямар хүн бол?” гэсэн асуултын хариуг эрэгчид цөөнгүй байдаг юм билээ. Би ч бас тэдний нэг. Харамсалтай нь тэд яг л уран бүтээл шигээ нууцлагдмал. “В” продакшнд харьяалалтай байхдаа шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулж байсныг нь эс тооцвол нэгэн сонин, хэвлэл, телевизэд ярилцлага өгч байгаагүй. Гэхдээ л цахим хуудсуудаар шагайвал чамлахааргүй нэр хүндтэйг нь төвөггүй олоод мэдчихэж болно. Өөрийн дотоод ертөнцөө өвөрмөц хөг хэмнэл, шүлгээр илэрхийлдэг Г.Энэрэл, А.Гантулга нартай хип хоп сонирхогчдоо уулзуулъя.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач.
-Анхны цомгоо бэлэн болгочихсон. Ирэх сард хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод цомог хэвлүүлэх ажил жаахан саатсан.
-Цомог ямар онцлогтой вэ?
-Дууных нь аяыг миний дүү зохиож, бид өөрсдөө шүлгийг нь бичсэн. Тиймээс ямар ч дуурайж, хуулбарлаж, хулгайлсан дуу багтаагүй гэдгээрээ ялгарна. Түүгээрээ ч бахархаж байгаа. Хэв маягийн хувьд ч бусдаас огт өөр. “Оппозит”-ийн чиг хандлагыг мэдрүүлнэ.
-Хулгайн дууны асуудал хип хопчдын дунд их байдаг юм шиг ээ?
-Ер нь аль ч төрөлд бий л дээ. Хип хоп урлагийг монголчуудад таниулсан ууган хамтлагууд хулгайн ая ашигладаг байсан нь ийм ойлголт төрүүлсэн байх. Тухайн үед биттэй хип хоп дууны аяыг зохиох чадвар, мэдлэгтэй хүн байгаагүй учраас тэгэхээс ч аргагүй. Ер нь нийтийн дуунаас өөр хулгайн биш аятай уран бүтээл Монголд ховор.
-Та хоёрыг дууныхаа санааг хулгайд алдсанаас болоод “B” продакшнаас гарсан гэх яриа байдаг. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Бидний санааг Quiza хулгайлаад “Амьдралын гол дүр” дууг зохиочихсон. Ер нь Quiza-гийн бүх дуунууд хулгайнх. Тэгсэн хэрнээ л монголчууд түүнийг нь өмөөрөөд “Чадаж байгаа юманд арга байхгүй. Та нар битгий атаарх” гэсэн байдлаар ханддаг. Гэтэл дэлхийн ямар ч буурай оронд огт хулгай хийддэггүй уран бүтээлчид байна шүү дээ. Энэтхэгчүүд гэхэд л өөрсдийн хэв маягаар дэлхий дахинд танигдчихаад байна. Тэд бусдын аяыг хулгайлдаггүй атал баруунынхан одоо энэтхэг дууг дуурайх боллоо.
-Танай хамтлагийн дуу бусдаас их өвөрмөц агуулга, хэв маягтай байдаг. Ялангуяа нийгмийн дутагдал, хар бараан амьдралын сүүдэр илүү туссан санагдсан. Энэ нь үзэл бодолтой холбоотой юу?
-Нийгмийн тэр хар барааныг хараад л тийм дуу хийх санаа төрдөг. Сэтгэл өвтгөсөн, зовоосон зүйлүүд хараад тэр тухайгаа хэнд ч хэлэхгүй дуугүй суугаад байхаар хүн багтардаг. Яг тийм сэтгэгдэл төрсөн үедээ л бид хоёр дуугаа зохиож, тайвшралыг олдог.
-Та хоёрын хувьд дуу гэж юу вэ?
-Дуу бол сэтгэл. Бид дотоод сэтгэлээ дуугаар илэрхийлж, бас дуугаар дамжуулан сэтгэлээ хүмүүст хүргэж байгаа хэрэг.
-Олонх хип хопчид дууг “Үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг” гэж тодорхойлдог байх аа?
-Дайчин, эрэлхэг хүмүүсийн хувьд тийм байдаг байх. /инээв/
-Хип хопчид ер нь ихэвчлэн ямар зан араншинтай байдаг вэ?
-Шогч.
-Яагаад?
-Рэпперүүд аливаа зүйлийг хошноор, ёгтлон өгүүлж байж сонсогчдыг татдаг.
-Хип хопчдыг өргөн өмд, гинж, юүдэнтэй цамцаар л гоёдог гэж бодож байлаа. Та хоёрыг гаднаас чинь хараад рэпперүүд гэж хэлэх аргагүй юм.
-Хип хопчид гэхээр л өргөн хувцас өмсдөг гэж ойлгож болохгүй. Өөрийн хүсэл, сонирхлоор юуг ч өмссөн болно. Өргөн хувцас 1990-ээд оны үед л хип хоп сонирхогчдыг байлдан дагуулж байсан. Хип хоп хөгжиж байх үед бол рэпперүүд нарийн өмд л өмсдөг байсан шүү дээ.
-Хувцаслалтаас гадна биеэ авч яваа байдал, үг яриа чинь ч энгийн. Ийм байдал хип хоптой хосолж болно гэж үү?
-Яг тийм. Бид энгийн байхыг л илүүд үздэг. Тиймээс манай цомог ч тун энгийн. Миний бодлоор зөвхөн хип хоп гэлтгүй урлаг бүхэлдээ ямар нэгэн хүлээсэнд баригдах ёсгүй. Уран бүтээлч хүн өөрийн сэтгэлийг дуу, уран зураг гээд сонирхсон төрлөөр илэрхийлж байгаа болохоор түүнд ямар ч тогтсон зүйл байхгүй.
Ер нь хип хопыг юутай ч хослуулж болно. Гэхдээ хэлбэр хөөх хэрэггүй. Сүүлийн үед хип хопчид хар арьстнуудыг хэтэрхий дуурайх болсон нь утгагүй санагддаг. Хувцаслалт төдийгүй үг яриаг нь ч хуулбарлаж, бие биенээ “Хөөе хар аа” гэж дууддаг болсон байна билээ.
-“Айс топ”, “Дижитал” зэрэг хуучны хамтлагуудыг уран бүтээл туурвихаа больчихоор Монголын хип хоп урлаг зогсонги байдалд орчихсон гэж дүгнэх болжээ. Та хоёр үүнтэй санал нийлэх үү?
-Тэд хип хопыг Монголд анх үүсгэн байгуулсан болохоор үнэлдэг хүмүүс олон. Ер нь ямар ч хүн өөрийнхөө үеийг л илүү сайн, сайхан байсан гэж дүгнэдэг. Угтаа бол Монголын хип хоп урлагийг 2000 онтой харьцуулахад эрс хөгжиж, шат ахисан.
-Магадгүй энэ нь хип хоп дуу телевиз, fm-ийн шилдгүүдэд багтаж чадахгүй байгаатай холбоотой байх. Гэсэн ч цахим хуудсуудад танай хамтлагийн дуу их эрэлттэй байдаг.
-2000 онд бүх нийтээрээ fm сонсдог байсан бол одоо түүнийг интернэт орлож байна. Fm-үүдийг сонсогчгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс телевиз, fm-ийн санал асуулга бодит үр дүнг харуулдаггүй. Олонх нь найз нөхдийнхөө дууг рекламдах хэрэгсэл болчихсон.
-“Universe best song”-д хип хопчид төдийлэн амжилт үзүүлсэнгүй. Энэ нь нөгөө л рэпперүүдийг гадуурхах үзэл үү?
-Рэпперүүд хэзээ ч ямар нэгэн тэмцээн уралдаанаар гарч ирж байгаагүй. Тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр, өөр хэн нэгний дууг дуурайж дуулах биш, өөрсдийн дотоод сэтгэлээ дуугаар илэрхийлэн олонд танигддаг. Тиймээс энэ тэмцээнд жинхэнэ рэпперүүдийг өрсөлдөөгүй байх. Гэхдээ өнөөдөр монголд үглэж, рэппер болохын төлөө төрсөн хүн алга. Магадгүй өнөөдрийн арван настнуудын дунд тийм хүн бэлтгэгдэж байгаа биз.
-Жинхэнэ рэппер хүн тэгээд ямар байх ёстой гэж?
-Үгээ хурдан бөгөөд цэвэр тод хэлдэг. Гэхдээ зөвхөн үглэх ур чадвартай байлаа гээд хол явахгүй. Толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Ухаалаг, мэдрэмжтэй байж л амжилтад хүрнэ. Түүнээс гадна залуусыг бид ном зохиол сайн уншиж, үгийн баялагтай болоосой гэж боддог. Өнөөдөр сүүл холболт гэдэг зүйл бараг л нэг хэвд цутгасан мэт болчихож. Боллоо, оллоо, голлоо гээд л хамтлаг, дуучид бүр дуулж байна. Үүнийг эвдэх хэрэгтэй байгаа юм.
-Баруунд хип хопын хөгжил ямар түвшинд хүрээд байгаа вэ. Монголчууд тэр түвшинд нь хэзээ хүрэх бол?
-Баруунд урлагийн бүхий л төрөл хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн байх. Тиймээс ч хип хоп аль хэдийнэ моодноос гарчихсан. Түүний оронд транс, дэнс урсгалын дуу сонсогчдыг байлдан дагуулж байна. Харин монголын хип хоп урлагийн хөгжил Америкийн 1990-ээд оныхтой л дүйх байх.
-Харин манайд хэзээ моодноос гарах вэ?
-Ямарч байсан ойрын арван жилдээ моодноос гарахгүй.
-Тэр үед та хоёр юу хийх вэ?
-Бид хоёр гадаад руу явна. Тэнд уран бүтээлээ туурвиж, чадвараа сорино.
-Монголд хавчигдаж байна гэж үү?
-Үгүй ээ. Бидний хүсэл мөрөөдөл болсон зүйл тэнд байгаа.

Тэд дахин давтагдашгүй байхыг хүсдэг. Тиймээс ямар ч уран бүтээлчийг давтахгүй гэсэндээ “Эсрэг” буюу “Оппозит” гэдэг нэрийн дор нэгдэх болсон гэдэг.

Wednesday, June 23, 2010

Монголын рок попын ертөнц дэх “Эвтэй дөрөв”

Өнөөдөр зургадугаар сарын 24. Жилийн хамгийн урт өдрүүд үргэлжилж байгаа энэ үед залуусын дунд бяцхан хүлээлт үүсчихдэг юм билээ. Залуу насны гэнэн, гэрэл гэгээтэй, нандин дурсамжийг нь сэргээх уран бүтээлийн эзэд энэ өдөр нэгдсэн болохоор тэр.
Одоогоос арван таван жилийн өмнө томдсон хослолтой дөрвөн залуу “18 нас” гэх ахадсан дууг эвлэгхэн дуулж, охидын зүрх сэтгэлийг булгилуулж, шүтэн бишрэгчдийн галзуурал гэдгийг монголчуудад жинхэнэ утгаар нь мэдрүүлж байлаа.
2005 онд арван жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, бие даасан цомгоор фэнүүддээ бэлэг барьж байсан “Камертончууд” энэ удаад хэрхэн бол гэх сонсогчдын асуултын хариу болгож тэд ойн арга хэмжээний нээлтээ энэ сарын 30-нд “АПУ” компанийн асарт амьд хөгжимтэй үдэшлэг зохион байгуулахаа мэдэгдэж байна. Харин ойн тоглолт наймдугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Автобус зогсохоос өмнө амжиж харихаар яарч байсан 15 жилийн өмнөх түүх

-“Камертон” хамтлаг анх байгуулагдаж байсан түүхийг сонирхуулаач.
Д.Болд: Тухайн үед хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан “Boyz 2 men”, “Take six” зэрэг акапелла хамтлагийн дууг сонсоод энэ урсгал, хэв маягийг Монголд дэлгэрүүлэхсэн гэсэн хүсэлдээ автаж, хамтлагаа байгуулахаар шийдсэн. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байсан маань ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз. Гэхдээ бид олны танил алдартан, од болно гэж огт бодож байгаагүй.
-Акапелла хамтлаг Монголд анх байгуулах санааг хэн гаргасан юм бэ?
Б.Эрдэнэбат: Биднийг долоо, наймдугаар ангид байх үед хөгжим бүжгийн оюутнуудын дунд төгөлдөр хуур, гитар тоглонгоо дэлхий дахинаа хит болсон дуунууд болон дээд үеийн ах нарын дууг дуулдаг моод дэлгэрээд байлаа. Яг л тэр жишгээр манай Болд, Мээдээ хоёр ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй хамтран хамтлаг байгуулчихсан, Ганаа бид хоёр бас нэг хамтлаг дуулахыг оролддог байсан юм. Гэтэл гармоны хичээл дээр хоолойн зохицлын тухай үзээд, эрэгтэй дөрвөл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л 1995 зургадугаар сарын 24-нд бид дөрөв уулзаад, хамтран дуулбал ямар байх вэ гэдгийг домогт “Битлз” хамтлагийн “Yesterday” дууг дуулан, туршиж үзтэл дөрвөн хоолойн дуугарах ёстой шаардлагад яг л нийцэж байсан.
Г.Мэнд-Амар: Зуны амралт эхэлсэн байсан нь сайхан завшаан болж, бид шууд л маргаашнаас нь бэлтгэлдээ орж, зунжин сургуулилсан. Хэдийгээр бид хөгжмийн анги байсан ч Хөгжим бүжгийн коллежийн бүх сурагчид дууны хичээл ордог юм. Тиймээс дуулах тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан боловч бүрэн гүйцэт сурч хараахан амжаагүй байлаа. Өглөө бүр 09.00 цагт цуглаж, 12 цагийн бэлтгэл хийж, их ачаалалтай байсан учир Ганаа, Эба хоёрын маань хоолой сөөснийг бид даарч, халуунд хүйтэн юм ууснаас боллоо гэж зэмлэж, хүчээр дуулуулж байсан үе ч бий.
Б.Эрдэнэбат: Бидний бэлтгэлийн анхны өрөө бол Хөгжим бүжгийн коллежийн найман тоот танхим. Тухайн үед орос хэлний танхим байсан юм. Тэндээ гэрээсээ кассетний хөгжим болон өсгөгчийг нь ашиглах зорилгоор пянз тоглуулагч авчран бэлтгэл хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр сургуульд хулгай орж, бид хамаг техник хэрэгслээ алдчихсан. Азаар “АПУ”-гийн П.Батсайхан ах бидний анхны тоглолтыг ивээн тэтгэхээр болж, хөгжим шаардлагатай техник хэрэгсэл авч өгсөн. Сургуулийнхан маань ч биднийг их дэмждэг байсан учир бид тэр урамшиж, дороо бэлтгэлийнхээ өрөөг томруулан урлагийн заалны хажуугийн 10 номерийн танхим руу шилжсэн. Тэр өөрөөгөө өөрсдийн хөрөнгөөр дрож авч дэвсэн, хаалгыг нь сольж, хэрэндээ л тохижуулсан.
-Тэгэхээр бэлтгэлээ нэлээд шахуу хийдэг байсан байх нь ээ?
Б.Эрдэнэбат: 1995 онд бид нар орой 21.30 цаг хүртэл бэлтгэл хийдэг байлаа. Автобус зогсохоос өмнө амжиж харих гэж байгаа нь тэр. Олны танил болохоосоо өмнө бид дандаа л автобусаар явдаг байлаа.
-Анхны “Камертон” ямар бүрэлдэхүүнтэй байсан юм бэ?
Д.Болд: Мээдээ бид хоёроос гадна “Спайк” хамтлагт дуулдаг байсан Мөнхтуяа, Маралгуа, бас нэгэн манай ангийн охин гээд таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. 1994 онд болсон урлагийн үзлэгт оролцохоор эл хамтлагийг байгуулсан юм. Энэ бүрэлдэхүүнээрээ сурагчдын дунд болсон “Сүүлчийн хонх” нэртэй тэмцээнд оролцож, түрүүлж байсан түүхтэй.


Орчны нөлөөнөөс үл хамааран цэвэр өнгөөр, 440 герц дуугардаг камертон

-“Камертон” гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
Г.Мэнд-Амар: Манай Болдын ээж дуурийн дуучин Ж.Цэцгээ эгч маань энэ нэрийг өгсөн юм.
Б.Эрдэнэбат: Хүмүүс мэдэх байх. Дунд сургуульд байхад физикийн хичээлээр камертоны тухай үздэг шүү дээ. Дэлхийн бүх найрал, бүх хөгжмийг камертоноор хөглөдөг.
Д.Болд: Бас ля өнгөөр дуугардаг. Хамгийн тунгалаг авиа гаргадаг багаж учраас бид түүн шиг хамгийн цэвэр аялгуугаар дуулна хэмээн бэлгэдэж энэ нэрийг өгсөн юм.
Г.Мэнд-Амар: Хэрэв анзаарсан бол камертоныг манай хамтлагийн бэлгэ тэмдэгт дүрсэлсэн байдаг. Сэрээ хэлбэрийн багаж, Түүний хатуу биетэд цохихоор ля өнгөөр, 440 герцээр дуугардаг юм. Сонирхолтой нь ямар ч хүйтэн нөхцөлд, эсвэл бүр галд барьж улайтгаж байгаад дуугаргасан ч энэ өнгөө алддаггүй.
-Камертоны бэлгэ тэмдэг ямар агуулгатай юм бэ?
Д.Болд: Юун түрүүнд бид эв найрамдалтай, нэгдмэл байх ёстой гэж үзсэний үндсэн дээр эв найрамдлын бэлгэдлийг дүрсэлсэн. Нөгөө нь камертон. Хамтдаа, бие биенээ ойлгож, дэмжиж байхаас гадна цэвэр аялгуугаар хамгийн сайхан уран бүтээлийг сонсогчдодоо барина гэсэн бэлгэдлийг агуулж байгаа юм.
Б.Эрдэнэбат: Бид анхны бэлгэ тэмдгээ гуулиар цутгаж хийлгүүлж байсан. Гэтэл тоглолтын үеэр Мээдээ бүжиглэж байтал хүзүүнд нь байсан эл зүүлт ойгоод шүдийг нь эмтэлчихсэн.
-Санааг нь хэн гаргасан бэ?
Б.Эрдэнэбат: Санааг нь манай Болд гаргасан. Манай хүн чинь ер нь тал талын авьяастай.
Д.Болд: Бид дөрөв энэ зүүлтээ их олон янзаар хийлгэж, өөрчилж байсан шүү. Мээдээгийн шүдийг эмтэлмэгц нь түүнээс нь санаа авч, арай хөнгөнөөр хийлгэсэн. Бас алтаар бүрүүлсэн зүүлт хийлгэтэл тоглолтын үеэр хүзүүнээсээ алдчихаж байсан удаатай.
Г.Мэнд-Амар: Манай Болд биднийг бодвол өвөрмөц, гоё бөгж цуглуулж, их зүүдэг байсан. Эв найрамдлын бэлгэдэл бүхий бөгж ч нэлээн олон байсан байх. Тэгээд л тоглолт болоод л дуусахад хүмүүс гар барьж үедээ л хамаг бөгжийг нь мултлаад авчихсан байдаг байсан.
Д.Болд: Тухайн үед туранхай байсныг нь хэлэх үү. Зүүсэн бүх бөгж тоглолтын дараа алга болчихсон байдаг байсан.

Сүнстэй байшин буюу фэнүүдийн цуваа

-Шүтэн бишрэгчдийн хөлд хэр их дарагддаг байв?
Д.Болд: Тухайн үеийн фэнүүд одоогийнхоос их өөр байж. Сэтгэл хөдлөл ихтэй. Тоглолтын эхлэхийн өмнө арын хаалганы гадаа бидний тосчихсон, тоглолт дуусмагц бас л шавчихсан. Машин явах боломж олдоггүй байв. Тэр ч байтугай тоглолтоо тарчихаад “Найрамдал” зусланд амрахаар очиход дагаад ирчихсэн байдаг байлаа.
-Та дөрөв нэг хэсэг хамт амьдарч байсан байх аа?
Г.Мэнд-Амар: 1995 оны намраас хойш онд жил гаруй цуг амьдрахдаа бид “Амин нутаг”, “Уйлахдаа ухаар” гэх хоёр цомог гаргаж, хоёр тоглолт хийсэн байдаг.
Д.Болд: XIII хорооллын ганц арван давхар болох долдугаар байранд амьдардаг байсан. Тэр байрныхныг ч залхаасан даа.
-Өдөржин дуулдаг байсан юм уу?
Д.Болд: Дуулна. Бас фэнүүд байнга ирнэ. Орцны хана туурга дурсгалын дэвтэр шиг л байдаг байлаа. Тухайн үед СӨХ байсан бол бид байрнаасаа хөөгдөх байсан биз.
-Фэнүүд хаалга тогшдог байсан биз?
Д.Болд: Тогшдог байсан. Сүнстэй байшин шиг л байсгээл хаалга тогшино. Очоод онгойлгохоор хэн ч байхгүй. Заримдаа бялуу, чихмэл тоглоом, захиа үлдээчихсэн байдаг байлаа.
-Тэдгээр захидлыг хадгалдаг уу?
Д.Болд: Манай хамтлагийн архивт бий.
-Танай архив хэр том бэ. Дотор нь сонин содон зүйлс их л байгаа байх даа?
Д.Болд: Маш том.
Г.Мэнд-Амар: Үүцээ гучин жилийнхээ ойгоор л задална даа.

Ах нараасаа “хулгайлсан” “18 нас”

-Анхны дууныхаа бүтсэн түүхийг сонирхуулаач.
Д.Болд: Бидний анхны уран бүтээл болох “18 нас” дууны санааг “Никитон” хамтлагийн Батчулуун ах олж, өөрөө аяыг нь зохиосон. Уг нь “Титэм” хамтлагийн ах нараар дуулуулах санаатай байсан юм билээ. Харин бидний дуулсныг тус хамтлагийн ах нар маань сонсоод бидэнд өгөхөөр шийдсэн.
-Тухайн үед хэдэн настай байсан бэ?
Д.Болд: 18 хүрээгүй хүүхдүүд байсан.
-Клип нь хэрхэн бүтсэн бэ?
Д.Болд: Тухайн “Харанга”, “Хөх тэнгэр” хамтлаг, Сараа эгчийн клип болон дуучин Бат-Оргилын “Аж Богдын харуул” гээд цөөн дуу клиптэй болоод байсан үе. “On and Off”, “Freeline” гэх хоёр студиэс өөр клип хийдэг газар байдаггүй байлаа. Харин бид дөрөв ундаа, жигнэмэгхэн барин, гуйж байж тухай үеийн Монгол телевизийн уран бүтээлчдээр хийлгэж байсан.
Г.Мэнд-Амар: “18 нас” дууг дүрсжүүлсэн нь тухайн үед залуучуудад зориулсан нэвтрүүлэг хийдэг Ганзориг, Мөнхбаяр гэдэг хоёр залуугийн болон бидний анхны клип болсон. Харамсалтай нь Мөнхбаяр маань бурхан болж, Ганзориг өөр салбарт хүч сорьж байгаа.

Бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэлгүй 12 жил болж байна

-Та дөрвийн хувьд хамтлагийн төрсөн өдөр илүү чухал байдаг уу?
Д.Болд: Бид жил бүрийн зургадугаар сарын 24-ны өдөр тоглолт хийж чаддаггүй ч хамтлагийнхаа төрсөн өдрийг заавал тэмдэглэдэг. Харин энэ удаагийнх 15 жилийнх, уран бүтээл туурвилгүй завсарлаад таван жил болсон учир томоохон арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн юм.
Бидний амьдрал зорилго, үзэл бодол, хөгжмийг үзэх үзэл гээд амьдралын минь бүхий л чухал зүйлс хамтлагтай холбоотой учир хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэх нь илүү сайхан байдаг.
Г.Мэнд-Амар: Бид дөрөв өөрсдийнхөө төрсөн өдрөөс ч илүү хамтлагийнхаа төрсөн өдөрт л санаа тавьдаг. 1996 онд Болд, 1995 онд Эба, 1998 онд минийхийг тэмдэглэж байснаас хойш дахин нэг ч удаа бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглээгүй.
-Өнгөрсөн 15 жилийн түүхээр чинь баримтат кино хийвэл юуг нь заавал оруулаасай гэж хүсэж байна вэ?
Д.Болд: Гол нь эв найрамдал, зорилго, мэргэжил, хөдөлмөр, хайрыг харуулаасай гэж бодож байна. Кино эхлэхэд “Эвтэй дөрвөн амьтан”-ы зураг гараасай гэж хүсэж байна.
-Хэн нь тагтаа вэ?
Д.Болд: Бид дөрвийн байр байнга солигддог юм. Анх байгуулагдаж байхад Ганаа заан, Мээдээ туулай, Эба сармагчин, би тагтаа байлаа. Гэтэл “Төгсөшгүй” цомог гарах үеэр би заан, Ганаа тагтаа болчихсон. Харин одоо бол гурван заантай болоод байна.
-Хамтлагийнхаа гишүүдийн үүрэг, зан аашийг тодорхойлбол…
Г.Мэнд-Амар: Акапеллаг бүрдүүлэхийн тулд дөрвөн өөр өнгө хэрэгтэй. Миний суурь өнгө болдог юм. Харин Ганаа, Болд хоёрынх дээд өнгө, Эбагийн тэднийг холбодог. Яг л тэр хоолойны өнгө шигээ зан араншинтай гэж дүгнэж болно.