Thursday, March 29, 2012

Хормогчтой өрхийн тэргүүн



Туулайд эвэр зохидоггүйтэй адил өрхийн тэргүүн гэх холбоо үг “хормогч”-той нөхөрлөх нь ховор. Угтаа үйлдвэрлэгчид хормогчийг зөвхөн бүсгүйчүүдэд зориулан бүтээдэггүй, дэлгүүрт ч энэ төрлийн бүтээгдэхүүн дундын тасагт байршдаг. Харин бодит амьдралд…

“Би яагаад заавал бүхнийг хийх ёстой юм бэ?” гэсэн бодол эзэгтэй нарын толгойд зурсхийн орж ирэхтэй зэрэгцэн, гомдож тунирхах сэтгэл сад асгарч, удалгүй уур цухал болон үерийн ус шиг гадагш түрэн гарна. Ингээд л тулаан эхлэх нь тэр. Үдэш орой найз нөхөдтэйгөө уулзаж, нэг хоёр лонх шар айрагны бөглөө мулталсан төдийхөнд л “үгийн сайнаар магтах” эхнэрүүдийн бухимдал үнэндээ өнөөх “Заавал би энэ бүхнийг хийх ёстой гэж үү” гэх бодол гижигдсэнхийх гэдгийг эрчүүд тэр бүр анзаардаггүй. Өдрийн ажилдаа түүртсэндээ бус, үдшийн цаг нар, цалин хөлсгүй, нэр хүндгүй ажил нь шударга бус санагдсанаас гэр бүлийн дайн дэгдэх нь түгээмэл болохыг олон судалгаа харуулдаг.
“Гэрлэлтийн шударга бус хуваарилалт мэдрэгдэх төдийд л дайн дэгдээх адын хүсэл төрдөг. Хүүхдүүдээ бага байхад би гэрээсээ ажлаа хийдэг байв. Орой 17.00 цагт хүүхэд асрагч маань гэртээ харьж, харин би халааг нь авдаг. Хүүхдүүдээ хооллож, усанд оруулан, унтах бэлтгэлийг нь хангах гээд л ажлууд ар араасаа ундарна. Толгой өндийлгөхгүй хөврөх гэр орны ажлаас болоод 18.00 цагийн үеэс л “Нөхөр маань одоо л гэртээ ирж, надад туслахгүй бол” гэсэн бодол толгойд эргэлдэж эхэлдэг. Энэ байдал нэг цаг үргэлжлэхэд өнөөх олон ажилд самгардсан байдал маань бухимдах болж хувирна. Тэгээд л “Би бүхнийг хийх ёстой гэж үү” гэсэн бодол төрж, түүнийг ирэх хүртэлх хором мөч бүр хэдэн мянган жил шиг санагдаж, түүний үүрэг, хийж гүйцэтгэдэг ажлыг өөрийнхтэйгөө харьцуулан хорвоогийн хамгийн шударга бустай нүүр тулж буй мэт санагддаг. Мэдээж энэ бүх бодол хаалга онгоймогц л нөхөр рүүгээ дайрч давшлахад хүргэдэг” хэмээх бүсгүйн яриа үүний нотолгоо. Цөөн үгээр хэлэхэд хөдөлмөрийн тэнцвэргүй хуваарилалт бол гэр бүлийн бэрхшээлүүдийн хамгийн чухал асуудал. Судалгаа ч үүнийг харуулна. Америкийн “Пью” судалгааны төвийнхний мэдээлж буйгаар гэр бүлийн амьдрал зохиосон судалгаанд оролцогчдын 62 хувь нь хормогчтой хийх ажлын зохицуулалтыг чухалд тооцжээ. Тэр ч байтугай гэр бүлийн тогтвортой байдал хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсийн жагсаалтад уг асуудал гуравдугаарт (хосуудын үнэнч байдал болон бэлгийн харилцаанд ханамжтай байх байдлын дараа) бичигдсэн байна. Монгол гэр бүлүүдийн хувьд ч хөдөлмөрийн хуваарилалтын асуудал хойш тавих зүйл биш гэдгийг судалгаа баталж буй. НҮБ-ын Хүн амын сан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Философи социологи, эрх зүйн хүрээлэн, Улаанбаатар их сургуультай 2010 онд хамтран хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайланд гэрийн ажлын оролцоо, өссөн гэр бүлийн орчин, эрхэлж буй ажил гэх мэт бүлэг асуудал гэрлэсэн хосуудад бэрхшээл учруулах шалтгааны гуравт орсон болохыг бичжээ.

Бүсгүйчүүдийг өмөөрөх нь

Гэрлэлт хэмээх хөдөлмөрийн тэнцвэргүй хуваарилалтад дөнгөлүүлчихээд, цалин хөлс, нэр хүндгүй гэр орны аар саар ажилд нухлуулсан ч ажил амьдралдаа түүртэлгүй урагшлах бүсгүйчүүдийг бахадъя.
Хэдэн мянган жилийн өмнөөс байр сууриа бат лав шигтгэсэн эцгийн эрхт ёсны улбаа, эсвэл нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг өнөө цагт ч ул мөрөө үлдээж, хормогчтой эр хүн гэх нэр томъёог үгүйсгэхэд хүргэж буйг судалгаа харуулна. Эмэгтэйчүүд гэр бүлийн дотоод асуудалд харин өрхийн тэргүүн орлого олох, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх зэрэгт л анхаарал хандуулдаг нүүдэлчдийн хэв маяг XXI зуунд ч амь бөхтэй зууралдсаар л байна. “Монгол гэр бүлийн харилцаны өнөөгийн байдал” судалгаанд оролцогчдын  63.1 хувь нь эзэгтэй нар гэрийн ажлыг хариуцдаг хэмээн хариулжээ.
Гэхдээ суурин соёл иргэншлийн авчирсан нэг томоохон өөрчлөлт бол гэрийн гаднах ажилд ч бүсгүйчүүд оролцдог болсон явдал. Харамсалтай нь энэ өөрчлөлт өнөөх хэрүүлийн сэдэл болсон гэр орны ажлаас хөнгөвчлөх хангалттай шалтаг болж чадахгүй байгаа тул орчин цагийн бүсгүйчүүдийн үүрэх ачаа хэд дахин хүндэрсэн нь гарцаагүй. Жендерийн асуудал хурцаар хөндөгдөх үед яригддаг их дээд сургууль төгсөгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг атал удирдах албан тушаалтнуудын дунд хүйсийн харьцаа тэнцвэргүй байсаар байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Цаг наргүй хөврөх их ажлын төлөө карьер, нэр хүндээс бүсгүйчүүд татгалздаг болохоор удирдах албан тушаалын орон тоог ихэвчлэн эрчүүд бөглөдөг. Судалгаанаас харахад бүсгүйчүүд ихэвчлэн нийгмийн амьдралд оролцох гол суваг нь гэж үздэгээс ажил эрхэлдэг аж.
Жендер гэх цоо шинэ нэр томъёо хэрэглэж, бүр гэр бүл төдийгүй улс төрд ч энэ асуудал хөндөгдөх болсон шинэ мянганд эцгийн эрхт ёсны үлдэгдэл болох шашин, мухар сүсэгтэй холбоотой дэг жаяг, уламжлалт ойлголтууд өдгөө ч байр сууриа тавиагүй л байна. Эр хүний хийморь лундаа доройтно гэх шинжлэх ухааны хэзээ ч тайлж чадахааргүй үр дагаварын ачаар эрчүүдэд хог асгах, гэр цэвэрлэх гэх ахуйн ажлууд цаазтай хэвээр.
Тэгэхээр “Louis Vuitton”-оор гангарч, “Ipad”-ыг өдөр тутмын хэрэглээ болгосон соёлт монголчууд тэгш эрхийн ойлголтыг сургуульд сурах, сонгуульд нэр дэвших болон санал өгөх эрх төдийхнөөр ойлгосоор байгаа гэсэн үг. Яг л 1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжсэн атал өдгөө ч бидний сэтгэлгээ халагдсан нийгмийнхээс ангижраагүй байгаатай адил.
Сонирхолтой нь гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарилалтад зөвхөн эцгийн эрх давамгайлсан орнуудын эзэгтэй нар сэтгэл дундуур байдаггүй аж. Энэ талаарх уртаас урт нийтлэлийг та барууны томоохон хэвлэлийн хуудаснаас харж болно. Гэхдээ бодит баримт огт өөр дүнг харуулдгаараа монголчуудаас ялгарна. Тэдний ажил болон гэр бүлдээ зарцуулж буй хугацаа нь төдийлэн зөрүүгүй байдаг гэсэн судалгааны үр дүн олон мянган америк эзэгтэй нарыг гайхашруулж байсан удаатай. Америкийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо бүртгэлийн товчооны 2010 онд гаргасан судалгаагаар гэр бүлтэй эрчүүд албан ажил болон гэрийн ажилд зарцуулах цаг нь өдөрт дунджаар 8 цаг 11 минут байсан бол хадамд гарсан бүсгүйчүүдийн өдөрт хөдөлмөрлөдөг хугацаа нь 8 цаг 3 минут байжээ. Бага насны хүүхэдтэй гэр бүлд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх хугацаа эрчүүдийнхээс ердөө л 20 минутаар илүү байдаг аж.
Тэгэхээр барууны гэр бүлийн асуудал хөндсөн нэвтрүүлгүүд, эсвэл барууны бүсгүйчүүдийн цахим ертөнц дахь сэтгэгдэл монгол эмэгтэйчүүдийнхээс хол зөрөхгүй ч, бодит байдалд барууны эрчүүд ахуйн ажилд эн тэнцүү оролцдог байх нь. Хиллари Клинтон Америкийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Маргарет Тэтчер, Юлия Тимошенко нар Ерөнхий сайдын алба хашиж байсны учир энэ ч байж болох.

Эрчүүдийг хаацайлах нь

Үдшийг зурагтын ард өнгөрүүлж, суваг солихоос өөр үйлдэл ховорхон хийдэг, хагас хэвтээ амьдралын хэвшилтэй эр хүн танайд ч бас бий юү? Гэхдээ тэднийг буруутгах гэж яарсны хэрэггүй. Тэднийг өмөөрөх шалтгаан ч хангалттай бий.
Юуны өмнө өнөөх эвдэгддэггүй ёс жаяг, уламжилж ирсэн ёс заншлаар өнгөлөн далдлалт хийсэн суртал ухуулга. Тэднийг ийм л байх ёстой гэсэн бодлыг бүр төрөхөөс нь эхлээд л төлөвшүүлчихэж. Гэр бүлийн хүмүүжлийн чухал нөлөө гэх иймэрхүү бэрхшээл үүсэхэд хамгийн их нөлөөлдөг болохоор хорвоог хамт туулах хүнээ сонгохдоо шалгуур болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Бүсгүйчүүдийг хамгийн их гайхашруулсан дараагийн шалтаг бол хэвтээ амьдралын хэвшилтнүүд гэрийн ажлыг хуваарилалт харилцаанд нь сэв суулгаж буйг огт анзаардаггүй явдал. Бостоны коллежийн гэр бүл судлалын сургуулийн эрдэмтэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн эрчүүдийн дунд судалгаа явуулахад 57 хувь нь сүүлийн гурван сарын турш ахуйн ажилд огт оролцоогүй хэмээсэн байна. Гэхдээ үүнийгээ өөрсдөө ч анзаараагүй явсан бөгөөд гэнэтийн энэ нээлт нь тэднийг гайхашруулж дөнгөсөн гэнэ. Гэрийн ажлаас “бултагчид” гэргийдээ туслаагүй шалтгаанаа “Гэрийн ажлыг эхнэртээ даатгая гэж боддоггүй ч, юуг хаанаас эхлэн хэрхэн хийхээ мэддэггүй” хэмээн тайлбарлажээ. “Хүүхдүүд өсөж томрохын хэрээр тэдэнд зарцуулах цаг багасаж, би ч ажлаа хийх болсон. Тиймээс нөхөр бид хоёр гэрийн ажлаа цагийн хуваарьтай хийж байгаа. Миний аргадаж, аашилж, гуйж гэрийн ажил хийлгэдэг байсан цаг ард хоцорч, нөхөр маань гэрийн дотоод асуудалд илүү анхаарах болсон. Бид хоёрын ам мурийх тоо ч цөөрч, би маргаан үүсгэгч байхаа ч больсон” гэх эзэгтэйн үг ч үүнийг гэрчлэх биз.
Америкийн Гэр бүл, ажил хөдөлмөр судлалын институтийн  судалгаа ч гайхмаар үр дүн харуулсан. Тэд гэр бүлтэй, бүтэн  цагаар ажилладаг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эрчүүдийн 60 хувь нь алба болон амины ажилдаа аль алинд нь цаг зарцуулж, хариуцлагатай ханддаг бол эмэгтэйчүүдийн 47 хувь нь л ахуйн ажилдаа анхаарал бүрэн хандуулж чаддаг хэмээн хариулсан байна. Эрдэмтэн Эллен Галинский “Эрчүүд гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэжээгч нь болж, сайн эцэг байж чадаж байгаагаараа бахархдаг. Тиймдээ ч илүү ажиллалаа гэж гомдоллодоггүй. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс их олон зүйл шаарддаг бол эрчүүд тэр олон арван шаардлагыг зөвхөн өөртөө л тавьдаг сэтгэзүйн онцлогтой” гэжээ. Тэрбээр хачирхалтай энэ тоон үзүүлэлт эзэгтэй нарын сэтгэл ханамжтай нийцэхгүй байгааг сэтгэл зүйн онцлогтой холбоотой гэж үзэж байгаа юм.
Тоо баримт хүүхдүүдээ асран гэртээ байгаа эмэгтэйчүүдийн хувьд ч эерэг үр дүн харуулахгүй байгаа. Ажил хийж байгаа эмэгтэйчүүдээс гэртээ суудаг бүсгүйчүүд гэрийн ажилд долоо хоногт 10 цагийг л илүү зарцуулдаг аж.
Түүнчлэн физиологийн онцлогоос шалтгаалаад эрчүүд гэр орны ажилд хойрго ханддаг. Гэхдээ энэ нь тэд юу хийдэггүй гэсэн үг биш гэнэ. Судалгаанаас харахад хүүхдээ асрах ажилд аавууд өдөрт дунджаар 53 минут зарцуулдаг байна. Харин албан хаагч ээжүүд нэг цаг 10 минут зарцуулдаг. Тэгэхээр гэр орны ажилд хосууд адилхан цаг гаргаж, хариуцлага үүрэн, үүргээ биелүүлдэг байх нь. Тэгвэл яагаад бүсгүйчүүдэд хөдөлмөрийн хуваарилалт шударга бус санагддаг юм бэ гэж үү? Эрдэмтэн Бианчи “Эмэгтэйчүүдийн цаг их зарцуулдаг ажилд эрчүүд ухаан сийлэн хялбархан ард нь гарчихдаг болохоор л тэгж санагддаг” хэмээн тодорхойлсон байдаг.

Tuesday, March 27, 2012

Янжуурыг магтан дуулах нь


Бодит ертөнцөд төгс төгөлдөр сайхан зүйл гэж байдаггүйтэй адил туйлын муу ч гэж үгүй. Алив юмс бүхэн хоёр талтай гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг хэрнээ өнөөх өглөө, үдэшгүй бөмбөгдөх мэдээллийн эх сурвалжууд жингийн туухайг өөрийн мэдэлгүй хазайлгахад хүргэдэг биз. Энэ л шалтгаанаар хэрэглэгчид бид амьдралын алив асуудлаас хэсэгхэн ч болов алслуулдаг янжуур тамхины хор хөнөөлийг цагаан толгойн үсэгнээс дутуугүй цээжээр унших атал давуу талыг төдийлэн мэддэггүй биз. 

Үнэндээ тамхи хэмээх “хорт” зуршил муу муухайн туйл биш аж. Тамхи татах зуршил нь 30 гаруй насны эрчүүдэд түгээмэл тохиолддог зүрх судас хатуурах өвчний гол шалтгаан байхаа больжээ. Тэр ч байтугай ажлын алжаал тайлж, амрах цаг зав олгодог, бухимдлыг мартагнуулж, бодлыг төвлөрүүлэх гэх мэт бидний тархиныхаа эд эс бүрийг тэмтчин байж олдог хуруу дарам цөөн давуу талаас гадна түүнийг магтан дуулах 10 шалтгаан бийг эрдэмтэд нотолжээ.

1. Никотин ой тогтоолт сайжруулдаг

Английн Ридин их сургуулийн Сэтгэл зүй судлалын сургуулийнхан энэ талаар судалгаа хийсэн бөгөөд үр дүнгээ тайлагнасан “Хүний ой тогтоолтод тамхи татах нөлөөлөх ба түүнд никотиний гүйцэтгэх үүрэг” эрдэм шинжилгээний бүтээл ч бий.

2. Тамхи булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг

Энэ талаарх судалгааг Лондонгийн их сургуулийн сэтгэл судлалын институтын эрдэмтэн Оконнер хийж, “”

3. Тамхичид илүү туранхай

Хэдийгээр тамхи тураах ид шидгүй хэмээн цөөнгүй эрдэмтэн мэтгэдэг ч бодит баримт огт өөр үр дүнг харуулдаг аж. Үл мэдэгдэх шалтгаанаар тамхичид тамхи татдаггүй хүмүүсийг бодвол туранхай байдаг бөгөөд энэ нь хоол хүнсний тэжээллэг чанараас ч үл хамаарч буйг харуулсан олон судалгаа байдаг.
Тэднээс ердөө хоёрыг нь дурдахад Луйзвиллийн их сургуулийн эрүүл мэндийн салбар сургуулийн эмч Маттераар ахлуулсан судалгааны үр дүн, Америкийн зүрхний холбооны эрдэмтдийн хийсэн “Янжуур ба дасгал сургуулилалт холестролд нөлөөлөх нь” судалгаа.

4. Шүдийг ч хамгаалдаг

Хэдийгээр тамхи татах нь шүдийг шарлуулж тамхичдын гоо сайхнаас хумсалдаг ч Бостоны эмч нарын холбооны эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад гоо сайхнаа үл хайхрагчдын шүд эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хор зуршлаас зайлсхийгчдийнхээс бага өвддөг гэнэ. Ялангуяа шүд сулрах, буйл үрэвсэх гэх мэт зовлон тэдэнд харьцангуй бага тохиолддог.

5. Титэм судасны нарийслаас сэргийлнэ

Ялангуяа мэс заслын дараах титэм судасны бөглөрлөөс сэргийлэхэд нөлөөлдөг болохыг Английн Гай эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн Жонс судалгаагаараа тогтоожээ.

6. Цусны даралт үгүй

Монголчуудад түгээмэл тохиолддог цусны даралт ихсэн өвчин тамхи татдаг хүмүүст төдийлэн хамаардаггүй гэсэн сонирхолтой судалгааг Шанхайн зүрх судасны өвчний институтын эрдэмтэн Чен хийжээ.

7. Цус алдалт багасна

Төрсний дараах цус алдалт тамхи татдаг бүсгүйчүүдэд харьцангуй бага байх магадлалтайг эрдэмтэд  танджээ. Австрали дахь Тасманийн их сургуулийн эрдэмтдийн баг судалгаагаараа уг таамгаа баталсан байдаг.

8. Тамхины утаа уушги руу довтолдоггүй

Эргэлзмээр үр дүн харуулсан дараагийн нэг судалгаа бол Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн “RBC ба тамхидалтаас үүдэлтэй өвчин”. Тэдний эхлүүлсэн судалгаа өдгөө ч үргэлжилж байгаа бөгөөд эхний байдлаар тамхи татдаг хүмүүсийн биед уушгийг хамгаалдаг глютатион бусад хүмүүсийнхээс илүү их хэмжээтэй байдаг аж.

9. Паркинсоны өвчнөөс хамгаалах шидтэй

Үхлийн аюултай зуршил хэмээгддэг янжуур паркинсоны өвчнөөс хамгаалдаг байна. Энэ талаарх судалгаа бүр 1980-аад оны сүүлчээс эхэлсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн судалгааны баг ажилласнаас Лос-Анжелесийн эрдэмтэн Карр судалгааны үр дүнгээ 1990 оны гуравдугаар сард шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн нь бий.

10. Ходоодны шархны буруутан нь тамхи биш

Ходоодны шархлаагаар өвчилсөн хүмүүс сэжигтнээр шууд л тамхийг дуудаж, гэрчийн мэдүүлэг, баримтгүйгээр ял тулгадаг. Үнэндээ ходоодны шарх тамхи татсанаас биш, тамхиа хаяснаас болж үүсдэг талаар “Хоол боловсруулах эрхтэн болон түүний эмгэгийн тухай сэтгүүл”-ийн 1989 оны арваннэгдүгээр сарын дугаарт нийтэлсэн байдаг.
Д.Лоруссо, С.Лео нарын хийсэн судалгаанаас тамхи татдаггүй хүмүүс ходоодны шархлаа тусах нь харин ч их байдаг болохыг харах боломжтой аж. Уг судалгааны өгүүлэл “Hepato-Gastroenterology” сэтгүүлийн 1989 оны наймдугаар сарын дугаарт нийтлэгджээ.

Tuesday, March 20, 2012

Анжелика Хьюстон: Би зүгээр л инээх байсан


Ярилцлагын хааны залгамжлагч Пирс Морганы “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэг цацагдсанаас хойш хэдийнэ нэг жил өнгөрчихөж. Энэ хугацаанд цөөнгүй сонирхолтой ярилцлага үзэгчдэд хүргэсэн тэрбээр энэ удаа нэгэн онцгой долоо хоногийг төлөвлөжээ. “The Piers Morgan Tonight” нэвтрүүлгийг долоо хоногийн турш алдартнууд хөтлөн явуулахаар болжээ. Тэдний анхдагч нь инээдмийн жүжигчин, зохиолч, нэвтрүүлэгч Рози О Доннелл. Тэрбээр зочноор алдарт Холливудад нэрээ мөнхөлсөн алдарт Хьюстоны гэр бүлийн гурав дахь үеийн жүжигчин Анжеликаг урьжээ. Түүний өвөө Уолтер Томас Хьюстон “Сиерра Мадрегийн баялаг” киногоор 1948 онд “Оскар”-т нэр дэвшиж, шилдэг туслах жүжигчний шагнал хүртсэн бол аав Жон Хьюстон нь найруулагч байсан бөгөөд 15 удаа академийн шагналд нэр дэвшсэнээс хоёр ч удаа “Оскар”-тай харьсан байдаг. Анжелика аавынхаа найруулсан “Приццигийн алдар нэр” (1985) кинонд тоглосон нь Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авчирчээ. 

Рози О Доннелл: Алдарт Анжелика Хьюстон ирээд байна. Та бүхэн түүнийг “Сүйрэл” хэмээх хит болоод буй телевизийн цувралаар нь мэдэх байх.  Анжелика та сайн биз дээ? 
-Тун сайн байгаа, Рози.
-Таны тоглосон шоу төгс болсон байна билээ. 
-Гайхалтай шоу болсон.
-Бродвэйн театрт хайртай хүн бүхний мөрөөдлийг биелүүлэх шиг л болсон. Үзэгчдэд театрын тайзны ард ямар их ажил өрнөж байдгийг харах боломж олгож байгаагаараа гайхалтай болсон болов уу. 
-Хөшигны цаагуур ормогцоо бид маш түргэн дараагийн дүрдээ хувирдаг болохыг та сайн мэднэ. Тэнд их зүйл өрнөдөг. Гэхдээ энэ бүхэн их хөгжилтэй санагддаг шүү. Бид бие биенээ дэмжиж, ойлгодог гайхалтай баг бүрдүүлж чадсан.
-Юу таныг гэр орноо орхин телевизийн цувралд тоглохоор Нью-Йорк хотноо ирэхэд хүргэсэн бэ?
-Юуны өмнө уг цувралын зохиол нь их сайн байсан. Тереза Ребекийн зохиол л доо. Тэр Нью-Йоркийн үзэгчдийн юу хүсэн хүлээдгийг сайн мэддэг, гайхалтай зохиолч. Ухаалаг, ажигч бүсгүй. Энэ бүх амжилтыг олоход түүнд нүд нь их тус болсон гэж боддог юм. Харин продюссерээр Стивен Спилберг ажилласан.
-Та Калифорни болон Венецид их олон жил амьдарсан болохоор таныг Нью-Йорк руу нүүлгэхийн тулд их том зүйл амласан байж таарна. 
-Би одоо ч энд амьдарч байгаа шүү дээ. Одоо би нөхрийнхөө надад зориулан барьж өгсөн байшинд амьдарч байгаа.
-Робертод бол хүн бүхний хүндлэлийг хүлээсэн сайн уран бүтээлч байсан. Тэр биднийг орхиод гурван жил болж байгаа байх аа?
-Тийм ээ.
-Нөхрөө алдсаны дараа танд их хэцүү байсан байх. Энэ бүхнийг хэрхэн давж туулсан бэ? 
-Их хэцүү байсан. Гэнэтийн энэ явдал надад их хүнд цохилт болсон. Бэлэвсэн эмэгтэйг тоож харах хүнгүй болж, бэлэвсэн эмэгтэй ч хүмүүстэй харилцахаас зайлсхийж, нийгмээс өөрийгөө тусгаарлан хана хэрэм босгодог байх гэж би төсөөлдөг байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эмгэнэлийн гивлүүр гэдэг муу муухайн туйл биш гэдгийг ойлгосон. Хамгийн чухал нь өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцэж сурдаг юм билээ. Яг л энэ ухаарлын үед “Сүйрэл”-д тоглох санал ирсэн.  Би эхэндээ шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзээд л байлаа. Тэгээд найз Сью Мингертэйгээ уулзаж, энэ талаар ярилцлаа. Би түүнд “Надад энэ дүрийг санал болгож байгаа нь гайхалтай хэрэг хэдий ч сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орсон байгаа учир тоглож чадахгүй байх гэж айж байна” гэлээ. Тэр ч бас кино ертөнцөөс завсарлага аваад нэлээд олон жил болчихсон байсан юм.
Тиймээс “Харин ч энэ чинь ид шид л гэсэн үг” гэж билээ.
-Тэгэлгүй яах вэ. Бурхны илгээсэн бэлэг л гэсэн үг. 
-Тийм шүү. Бэлэг байсан юм. Хэрэв хоёр жилийн өмнө надад ийм санал ирж, сандал дээр суун нүүрээ будуулаад, багийн гишүүдийнхээ адил инээлдэж, өглөө 05.00 цагт ажилдаа ирэхийг хүсвэл би зүгээр л инээх байсан.
-Ялангуяа тухайн үед та… 
-Надад инээх шалтгаан байсан болохоор тэр.
-Таны уй гашуу, сэтгэлийн шарх эдгээгүй байсан шүү дээ, тэр үед. 
-Яг үнэн.
-Тэр үед ямар нэг санал ирсэн бол та огт зөвшөөрөхгүй байсан байх нь ээ?
-Зөвшөөрөхгүй байх байсан.
-Танд нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэх боломж олдсон уу? Яагаад энэ асуултыг тавьж байна вэ гэхээр энэ харамсалтай явдал гэнэтхэн болсон шүү дээ. 
-Дэндүү хурдан юм шиг атал бас их удаан үрглэжилсэн. Эмч нар үе мөчний үрэвсэл нь эцсийн шатандаа орсон гэсэн онош тавьсан. Боб уг нь хувийн эмчтэй байсан л даа. Гэхдээ үрэвсэл нь хүндрээд хавдар болж байсан юм билээ. Энэ нэвтрүүлгийг үзэн суугаа хүн бүрт байн байн цусны бүтэн шинжилгээ хийлгэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Тэр минь цусны бүтэн шинжилгээ өгдөггүй байсан юм. Олимпийн наадмын үеэр буюу наймдугаар сарын 9-ний 03.00 цагт Бобыг зүрхний шигдээс болж, бөөрний дутагдалд орсон байсныг мэдсэн.
Харин тухайн үед надад юу болоод байгааг ухаарах сөхөө байгаагүй. Би түргэн дуудаарай гэж орилохоос өөр юу ч хийж чадахгүй байсан Тэгээд хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж, дараа нь нөхөөн сэргээх эмчилгээнд явсны эцэст нь гэртээ ирж билээ. Тэгээд дахиад л унасан. Харин энэ явдал бидэнд хоёр дахиа сургамж болсон. Тухайн үед хүмүүс тайвширчихаад байсан юм. Үнэндээ Бобын бие тэр үед бүр муудчихсан байсан юм билээ.
Амьдралдаа амсаж байсан зүйлүүдээс энэ явдал хамгийн хүнд хэцүү нь байсан. Аавын минь үхэл бас их хэцүү байсан. Харамсалтай нь өөрийн чадах хэрээр хайрлаж халамжлахаас өөрөөр үхлийн эсрэг бид юуг ч хийж чадахгүй.
-Миний мэдэх хүмүүсээс тэр хамгийн эелдэг нь. 
-Тэр минь гайхалтай сайхан хүн байсан.
-Урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн тань таныг энэ салбар руу эрхгүй түлхсэн үү? 
-Би бүр жаахан охин байхаасаа л жүжигчин болохыг хүсдэг байсан. Дөрөв билүү таван настай байхдаа л ирээдүйд жүжигчин болно гэж боддог байлаа.
Хожим нь гэлэнмаа, малын эмч болно гэж ярьдаг байсан ч дотоод ертөнцөд минь жүжигчин болохсон гэх хүсэл оргилсоор л байсан. Намайг 16 настай байхад аав минь намайг кино урлагт оруулсан. Яг тэр жил “Ромео Жульетта хоёр” киног хийхээр болж, кино багийнхан Жульеттаг тоглох охиныг сургуулиудаар явж хайж байлаа. Дунд сургуульд байхдаа аавтай хамтран нэг кинонд ажиллахаас аль болох зугтдаг байсан би тэр дүрд тоглохыг хүссэн юм.
Жаахан байхаас л элдэв шүүмжлэгчид, сонин хэвлэлийнхэн биднийг тойрон хүрээлдэг байсан болохоор тэр бүхнээс айсандаа ааваас зугтдаг байлаа.
Түүнээс нэлээн хэдэн жилийн дараа аавд хүндэтгэл үзүүлсэн үйл ажиллагааг Америкийн кино урлагийн институтээс зохион байгуулж, би гол ажлуудыг нь хийж гүйцэтгэсэн юм. Харин тэр үед би “Таны санал хүчинтэй хэвээрээ байгаа бол би зөвшөөрч байна” гэсэн. Тэгээд л бид “Приццигийн нэр алдар” кинонд хамтран ажилласан даа.
-Аав тань юу гэж хэлж байсан бэ? 
-Аав минь их баяртай байсан. Тухайн үед аав Мондриал зочид буудалд байрлаж байсан. Бие нь тааруу хүчилтөрөгчийн төхөөрөмж залгуулсан байсан болохоор шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй. Гэхдээ аав өөрөө ч бас шагнал гардаж чадаагүй болохоор жаахан сэтгэл нь гонсойсон гэж надад бодогддог юм. Учир нь аав өвөө хоёрын хамтран хийсэн “Сиерра Мадрегийн баялаг” кино “Оскар”-ын наадамд хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, аав шилдэг найруулагч, өвөө шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байсан юм.

Friday, March 16, 2012

Марк Уолберг: Надад тохирох хэв маяг биш гэдгийг ойлгосон



“Тулаанч” Марк Уолберг олон талын авьяастай нэгэн. Шоубизнесийн ертөнцөд анх “Marky Mark and Funky Bunch” хамтлагийн рэппер Марки Марк нэрээр хөл тавьж байсан бол удалгүй загварын ертөнц, кино урлаг, хожим телевизийн салбарт ч хүч сорих болжээ. 1990-ээд оны хамгийн дур булаам залуугаар тодорч байсан тэрбээр амьдрал, уран бүтээлийнхээ талаар ярилцахаар Пирс Морганы нэвтрүүлэгт зочилжээ. 

-Бостоны ядуусын хороолол дахь тарчигхан гэр бүлд өссөн жаал өдгөө 150000 долларын үнэд хүрсэн уран бүтээлч болоод буй. Түүний гаргасан цомог борлуулалтаараа тэргүүлж платиниум хэмээн өргөмжлөгдөж, удалгүй дотуур хувцасны сурталчилгаанд зургаа авахуулсан нь Таймс уулзварт томоор хадагдаж, харин тэр өөрөө тун удалгүй “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн. Хэдийнэ 40 гарсан ч тэр “ширүүн” гэх тодотголоо гээгээгүй л байна. Таныг ямар үнээр кинонд тоглодог тухай ярих үед хөмсгөө хөдөлгөж байхыг тань анзаарлаа. Би үнийг нь арай бага хэлчихэв үү? (инээв)
-Үгүй ээ. Чамд арай миний хөдөлмөрийн хөлсийг шилжүүлсэн баримт байгаа юм биш биз? (инээв)
-Тэгэхээр шоу бизнесийнхний тухай бичсэн энэ тоо баримтуудыг та худлаа гэж боддог хэрэг ү? 
-Ихэнхдээ. Гэр бүл цуцлуулсны нөхөн төлбөрийн тухай л биш бол…
-Гэхдээ таны тоглосон кино 1.5 тэрбум долларын ашиг олсон шүү дээ. 
-Сайн байна шүү.
-Та 40 нас хүрэхээрээ чөлөөндөө гарч, гольфчин болно гэж нэгэнтээ хэлж байсан. Харин одоо 40 хүрчихлээ. 
-Миний гольф тоглоно гэдэг хошин жүжиг л гэсэн үг. (инээв) Үнэхээр би их муу тоглодог. Тиймээс одоо бол хааяа нэг кинонд тоглочихоод ихэнх цагаа гэр бүлийнхэндээ зориулдаг болсон. Нэг газар суурин байж чадахгүй байна гэдэг их хэцүү шүү дээ. Та түүнийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тиймээс суурин байхын тулд ажлын ачааллаа эрс багасгасан. Харин чөлөөнд гарах тухайд 10 жилийн дараа энэ талаар асуугаарай. “50 нас гэдэг цоо шинэ 40 нас юм” гэдэг үг байдаг шүү дээ.
-Рэппер байсан үеээ эргэн санахад эвгүйцэх, ичих сэтгэгдэл төрдөг үү? Тухайн үед та дэгжин хувцаслаж, үсээ хүртэл содон засуулдаг байсан. 
-Тэр хэв маягийг бүрдүүлэхийн тулд их том баг ажилласан юм шүү. (инээв) Тухайн үед бага залуу байсан болохоор огт тэгж бодогддоггүй ээ. Харин ч би өөрийгөө их азтай гэж боддог.
-Тэгж бодогдож байсан удаа огт байхгүй гэж үү? 
-Мэдээж бий. Би цөөнгүй удаа дүр төрхнөөсөө ичиж байлаа. Ялангуяа гэр бүлтэй болохдоо, аав болсныхоо дараахан санаа зовдог байсан.
-Таны бага нас их хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэдэг. Би Бостоны Дорчестерт нэг удаа очиж үзсэн л дээ. Их хэцүү газар гэсэн сэтгэгдэл төрсөн. Одоо эргээд харахад тэр цаг үе үнэхээр хүнд байж дээ гэж бодогддог уу?
-Бага байхдаа гудамжныхаа ах нарыг хараад тэдэн шиг болохсон гэж боддог байлаа. Тийм нөхцөлд бусдын хүндлэлийг хүлээхийн тулд хууль зөрчсөн, аюултай их олон зүйл хийх хэрэгтэй болдог шүү дээ. Гэхдээ удалгүй би хэрэг түвэгтэй орооцолдохоо цэглэе гэж шийдсэн. Энэ бол надад тохирох амьдралын хэв маяг биш гэдгийг ойлгосон.
-Та 13 наснаасаа хар наймаалдаг бүлгийнхэнтэй орооцолдож, зодоон танхайн хэрэгт байнга холбогддог байсан.  Харин азаар нэгэн санваартантай танилцаж, тэр хүн таныг зөв замд хөтөлсөн гэдэг шүү дээ. Тухайн үед танд юу боддогддог байсан тухайгаа яриач. Учир нь тан шиг хөлөө олохгүй яваа олон мянган залуус бий. 
-Үнэндээ сонголтыг би өөрөө хийсэн юм биш. Яахаа мэдэхээ больчихсон байсан тэр үед итгэл найдвар минь л намайг тэжээж байсан. Бусдаас дутахгүй хүн болно гэсэн найдвар минь надад хүч чадал, урам зориг хайрлаж би ямар ч хүнд хүчир ажлыг даваад л гардаг байлаа. Амар олддог хоол гэж байдаггүй шүү дээ. Ялангуяа өөртэйгөө тэмцэлдэж, өөрийгөө ялан дийлэх гэж хичээж байх үед энэ тэмцэл хамгийн хүнд нь байдаг. Харин би хүмүүст бүхнийг өөрчилж чадна гэдгээ үг хэлээрээ бус үйлдлээрээ батлан харуулахын тулд бүхий л хүчээ дайчилдаг байлаа. Тиймээс л би хэдий нас залуу ч өөрчлөгдсөн гэдгээ батлахын тулд их шаргуу хөдөлмөрлөж, бүхий л салбарт хүч сорьж, хүмүүнлэгийн ажилд ч идэвхтэй оролцдог байсан. Хэдийгээр би хаанаас эхэлж энд ирсэн гэдгээ хэзээ ч мартах аргагүй ч, хэний ч туслалцаагүйгээр өнөөдрийн байр сууринд ирсэн гэдгээрээ бахархдаг.
-Хамгийн шоронд орох үед ямар сэтгэгдэл төрж байсан тухайгаа одоо санадаг уу? 
-Саналгүй яах вэ. Тэрийг хэрхэн мартах билээ. Тэр үед дөнгөж 17 настай 160 см өндөр, 50 гаруй кг жинтэй жаахан хүүхэд байсан. Тиймээс их аймшигтай санагдаж байсан.
-Та хэлэлцээр хийхэд хэцүү хүн мөн үү?
-Үгүй дээ. Харин миний менежер бол тийм хүн мөн байх шүү. (инээв) Би бол өдөржин л “Тэгье”, “Болно” гэж хэлдэг хүн. Би ер нь хүмүүст татгалзсан хариу өгдөггүй шүү.
-Гудамжны амьдрал таны сэтгэлийг татах үе тохиолдож байна уу?
-Үгүй дээ. Ялангуяа би дөрвөн хүүхдийн эцэг, үзэсгэлэнтэй хоёр охинтой болчихсон болохоор тэр тухай огт боддоггүй.
-Би таныг христийн шашинтнуудын цуглаан, мөргөлд өдөр бүр очдог гэж уншиж байсан. 
-Тийм ээ. Гэхдээ өдөр бүр сүмд очиж чадахгүй байх тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ өдрийг 15-20 минутын залбирлаар эхлэх нь миний амьдралын хэвшсэн хэв маяг болсон.
-Өглөө бүр залбирсны ач тус гэж байдаг гэж үү?
-Миний оюун бодлыг цэгцэлж өгдөг. Чухал зүйлст анхаарал хандуулж, буруу зүйлсээс хол байхад чиглүүлж өгдөг.
-Та залбирахдаа юу хүсдэг вэ?
-Намайг сайн эцэг, хань, хүү, дүү, хөрш, сайн удирдагч бас найз болгож өгөөч гэж хүсдэг.
-Гэр бүл тань таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Ажил бол гэр бүлийнхнийхээ төлөө хийж буй нэг зүйл юм.
-Энэ зүйлийн чинь эерэг болон сөрөг тал юу вэ? 
-Ажлаас болоод би хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг. Тиймээс тэд ажлыг минь үзэн яддаг. Ялангуяа ажил хэргийн шугамаар хүмүүс уулзах үед, томоохон үйл ажиллагаанд бид хамтдаа оролцоход тэд их дургүй. Папарацциуд, сэтгүүлчид гээд л… Та зовлонг нь мэднэ шүү дээ.
Гэхдээ гэр бүлийнхэн маань надаар их бахархдаг. Гэр бүлийнхэн, тэднийхээ ирээдүйн төлөө намайг хэрхэн зүтгэж байгааг эхнэр минь сайн ойлгодог. Магадгүй ойр дотнынхноос минь миний хийж буй ажил, амжилтаар минь хамгийн их бахархдаг хүн бол ээж минь. Аав минь ч өнгөрөхөөсөө өмнө надаар их бахархдаг байсан. Бас гэр бүлээ бүхний өмнө тавьдаг зан чанараар минь тэд их бахархдаг.
-Танай эхнэр кинонд загас наадуулсан хэсэгт жүжиглэхийг тань эрс эсэргүүцдэг гэсэн байх аа. 
-Тийм ээ.
-Харин таны дүр… 
-Би ч бас ийм хэсэгт тоглохыг хүсдэггүй.
-Гэхдээ таныг нүцгэн тоглох тухай гэрээ хийж байсан гэдэг. 
-Тийм ээ. Тэр талаар та хаанаас сонссон юм бэ? (инээв)
-Тэр гэрээний талаар яриач. 
-Энэ талаар би киноны найруулагчтай ярилцаад зогсож байтал тэр надад “Эхнэр чинь ч кинонд тоглож байсан хүн. Тэр хэн нэгэнтэй загас наадуулж байгаагаар тоглож л байсан байж таарна” гэж хэлсэн юм. Тэр үг нь намайг цочирдуулж, би их бухимдсан. Тэгээд л нүцгэн хэсгийг тун эв хавгүй тоглосон байх. Тиймээс тэр хэсгийг дараа нь өөр хэсгээр сольчихсон байсан.
-Харин энэ гэрээ эхнэрт тань таалагдсан уу?
-Тийм ээ. Би өөрөө үүнийг хийхийг хүсээгүй. Энэ бол ердөө л ажлынх маань нэг хэсэг болохоор тэр.
-Танд тоглохыг мөрөөдөж явдаг дүр бий юү? 
-Таны дүрд тоглохыг л их хүсдэг. (инээв)
-Танд асар их алдар хүнд авчрах дүрийн талаар яриад байгаа юм л даа. 
-Мэдэхгүй юм даа. Би тэр тухай огт бодож байгаагүй юм байна.
-Эхнэр тань таны хувьд хэр чухал хүн бэ? 
-Хамгийн чухал хүн. Тэр минь  гайхалтай ээж, гайхалтай сайн хань. Бүхий л анхаарлаа хүүхдүүддээ хандуулж, түүнийхээ хажуугаар надад тусална.
-Цаашид төлөвлөсөн зүйл бий юү? 
-Их олон төлөвлөгөө бий. Өөрийн гэсэн бизнес эрхэлж, кино болон телевизийн хөтөлбөрийн продюссерээр ажиллах гээд л шоу бизнесийн ертөнцөд хийхээр төлөвлөж байгаа зүйл цөөнгүй бий. Карьер гэдэг нас богино эд. Тиймээс гэр бүлийнхнийхээ нэрийг урт удаан хугацаанд олонд таниулах бизнес эрхлэх санаа бий. Уолбургерс нэртэй түргэн хоолны газар ажиллуулж эхэлсэн. Бас нэг зоогийн газар бий.
-40 настай хэрнээ эрүүл чийрэг, аз жаргалтай гэр бүл амжилт гээд л танд бүх юм байна. 
-Бурхны ивээлээр би их аз жаргалтай байгаа. Би өөрийгөө тун азтай хүн гэж бодож явдаг. Амжилт маань үгүй болсон ч би жаргалтай хэвээр байх болно. Учир нь надад сайхан гэр бүл байна. Миний хувьд гэр бүл маань хамгийн чухал.

Нохойноос дор амь



Хөгжингүй орнуудын хэрэглээнээс хэдийнэ гарч, өдгөө зөвхөн нохдод онцгой нөхцөл байдалд, хатуу хяналтан дор хэрэглэх болсон фенилпропаноламин хэмээх эмчилгээний бодистой эмийг манай улсын ямар ч эмийн сангаас жоргүйгээр авч болно.

“Урьдчилан сэргийлэх” гэдэг үг бидний хувьд вакцинаар л төсөөлөгддөг. Харин эмнэлгийн байгууллага эмчилгээ гэх ухагдахуунтай салшгүй холбоотой мэтээр хэдийнэ тархинд гүн бат байраа эзэлчихэж. Үгийн үндсээсээ эхлээд л энэ хоёр ухагдахуун ийн эвлэлдэн нэгдэж байгаа юм. Тиймдээ ч “Ниргэсний хойно хашгирав” гэгчээр өвдсөнийхөө дараа эмчилгээ хийлгэнэ. Бүр өвчин нь даамжирч, эцсийн шатандаа орсон хойно л гэнэт ухаарсан мэт эмчилгээ хийлгэх гэж адгадаг хачин уламжлалтай өвөрмөц үндэстэн. Түүгээр зогсохгүй эмчилгээгээ ч их өвөрмөц арга барилаар хийлгэхийг хүснэ. Цагаан нөмрөгтэй сувилагч бүсгүйн өглөөд авчирсан эмийн тоогоор эмчилгээг нь дүгнэчихдэг онцгой ойлголт одоо ч зарим нэгний толгойноос салаагүй явна. Цөөн үгээр хэлбэл бид эмэнд дуртай ард түмэн. Харамсалтай нь энэ л уламжлалт сэтгэлгээ эмийн хэрэглээнээс татгалзаж, урьдчилан сэргийлэх аргаар өвчинтэй тэмцэх болсон хөгжингүй орнуудаас гологдсон барааг нааш дуудах даллуур болоод байна.
Америк гэхэд л өнгөрөгч онд томуу, харшлын эсрэг 500 нэр төрлийн эмийг зах зээлдээ худалдах, хилээр нэвтрүүлэхийг хориглосон (жагсаалтын дэлгэрэнгүйг http://www.fda.gov/Drugs/GuidanceComplianceRegulatoryInformation/EnforcementActivitiesbyFDA/SelectedEnforcementActionsonUnapprovedDrugs/ucm245106.htm цахим хуудаснаас үзэх боломжтой)
шийдвэр гаргажээ. Хэдийгээр улс орон бүр өөр өөрийн хууль тогтоомж, мөрддөг стандарттай ч, АНУ болон Их Британид худалдахыг хориглосон эм, эмийн бүтээгдэхүүнээс ямар ч эргэлзээгүйгээр татгалзах ёстой хэмээн буурай орны иргэд үзэх болжээ. Ингэж үзэхээс ч аргагүй. Эм, эмийн бүтээгдэхүүний сөрөг талыг судлах ажлыг ихэвчлэн тус хоёр орны эрдэмтэд хийж, эмийн чанарыг тогтоон, харин буурай болон хөгжиж буй орнууд түүнийг нь амьдралдаа даган мөрдөх болсоор багагүй удсан.
Энэ төрлийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт жагсдаг атал замбараагүй, хяналтгүй эмийн борлуулалтаараа тэргүүлдэг Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд ч Америк, Их Британийн замаар замнахаар шийдэж, сүүлийн жилүүдэд эмийн худалдаа, үйлдвэрлэлд тавих хяналтаа чангатгах болжээ. Эм үйлдвэрлэгчдийн зах зээлийг хумих эл өөрчлөлтөд багагүй нөлөөлсөн зүйл бол Энэтхэгийн цахим хуудсуудад нийтлэгдсэн олонх орнуудад хориглосон атал Энэтхэгт худалдагдсаар буй эмийн жагсаалт бүхий мэдээлэл.
Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн дүгнэлт гаргадаг хэдий ч ямарваа эмийн төрлийг дэлхийн бүхий л орнуудад худалдахад хяналт тавих боломжгүй тул олон улсад хориглох шийдвэр гаргадаггүй байна. Харин дэлхийн олонх орнууд зах зээлдээ нэвтрүүлэхийг хориглосон учраас аналгинаар эхэлсэн уртаас урт эмийн жагсаалтыг энэтхэгчүүд сэтгэл түгшин хүлээн авчээ.
Өвчин намдаах зориулалтаар хэрэглэдэг метамизол буюу аналгин (алгозон, дипирон хэмээн нэрлэх нь ч бий) цусан дахь цагаан эсийг багасгах сөрөг нөлөөтэй гэдгийг Сан Паологийн их сургуулийн эрдэмтэн Энтони Вонгоор ахлуулсан судалгааны баг тогтоожээ. Гэхдээ метамизолийг хэрэглээнээс болж нас барах тохиодол саяд нэг удаа тохиох бөгөөд энэ нь зөвхөн сард нэгээс доошгүй удаа аналгинийг хэрэглэдэг хүмүүст л хамааралтай тул бусад эм, эмийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй бага тоо гэдгийг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулжээ. Түүнчлэн тус байгууллагаас хийсэн мэдэгдэлд аналгин, ибупрофен нь парацетамолоос сөрөг нөлөө багатайн дээр халуун бууруулах чадвар нь илүү болохыг дурджээ. Тиймээс Румын тэргүүтэй Европын орнуудад уг эмийн хориглосон  байдаг ч өнөө хэр америкчууд аналгин болон парацетамолыг жоргүйгээр эмийн сангуудаас худалдан авсаар л байгаа аж.
Хэдийгээр жагсаалтад олон оронд хориглоогүй, сөрөг нөлөөгөөр харьцангуй бага эмийн нэр байгаа ч, цааш сонирхвол бүр 1991 оноос хойш Америкт хэрэглэхээ больсон шингэн алдахад хэрэглэдэг фуразолидон болон ханид томуунд хэрэглэдэг фенилпропаноламингэх эмийн бодисны нэр байгаа нь эрхгүй эмээхэд хүргэж байна. Фуразолидон нь “Фуроксен”, “Депендал-М” нэртэйгээр худалдаанд гардаг бөгөөд хорт хавдар үүсгэх аюултай аж.
Хөгжингүй орнуудын хэрэглээнээс хэдийнэ гарч, өдгөө зөвхөн нохдод онцгой нөхцөл байдалд, хатуу хяналтан дор хэрэглэх болсон фенилпропаноламин хэмээх эмчилгээний бодистой эмийг манай улсын ямар ч эмийн сангаас жоргүйгээр авч болно. Учир нь уг бодис Индонезийн “Kalbe Farma” үйлдвэрийн “Mixagrip”, “Minigrip” түүнтэй ижил төстэй үйлчилгээтэй “Mixaflu”, “D'cold” зэрэг эмийн найрлаганд орсон байдаг.
“Mixagrip”-ийн найрлаганд өнөөх уушги гэмтээх аюултай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй парацетамол 500 мг, цус харвах, зүрхний шигдээс өвчин үүдэл болдог фенилпропаноламин25 мг орсон байдаг аж.
Парацетамолыг гэхэд л нэг дор 1000 мг, өдөрт 4000 мг-аас илүүгүй хэмжээгээр хэрэглэх ёстой бөгөөд согтууруулах ундаа уусан үед сөрөг үйлчилгээ нь улам ч нэмэгддэг болохыг эрдэмтэд анхааруулдаг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хор хөнөөл ихтэй хэмээн сэрэмжлүүлдэг уг бодисыг эмийн замбараагүй хэрэглээгээр тэргүүлдэг Энэтхэгт ч хориглосон фе-нилשּׁро¬паноламинтай хавсран хэрэглэдэг монголчуудын тоо хэд бол? Хамар шуухинаж, ханиалгах бүртээ эмийн сангаас худалдан авдаг эм маань үнэндээ хор байж.
Харин эдгээр хорондоо Энэтхэгчүүд хяналт тавиад эхлэхийн цагт өнөөх борлуулагддаггүй бараагаа тэд яах вэ. Тус улс 2020 он гэхэд эмийн үйлдвэрлэлээс 50 тэрбум долларын ашиг олно гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлээд буй, Дэлхийн эмийн зах зээлийн гол тоглогч тус улсын гадаад зах зээлд нийлүүлж буй эм, эмийн бүтээгдэхүүн жил бүр 10 хувиар нэмэгдэж байгаа. Үнэ хямдад нь дурлаж манай импортлогчид ч тус улсаас барааныхаа дийлэнх хувийг худалдан авч буй. Тиймдээ ч босго өндөр барууны орнуудтай харьцуулахад хяналтгүй шахам нэвтрүүлдэг манай оронд зах зээлээс шахагдсан өнөөх хар дансан дахь бүтээгдэхүүнүүд нэвтрэхгүй байх магадлал тун бага. Эм нэртэй хор ирээд иргэдийн эрүүл мэндийг залгиж, үндэстний аюулгүй байдалд заналхийлэхээс урьиаж энэ төрлийн бүтээгдэхүүнд тавих хяналтаа сайжруулж, иргэдийнхээ эрүүл мэндийг эмчлэх бус аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон баймаар. Хөгжингүй орнууд устгахыг шаардаж, хөгжиж буй орнууд ч татгалзах болсон хороор эрүүл мэнддээ анхаарал тавьсаныхаа төлөө хэдий болтол Индонези, Энэтхэгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсээр байх вэ.

Saturday, March 10, 2012

Митч Уайнхаус: Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэдэг


54 дэх удаагийн “Грэми”-ийн шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг бол өнгөрөгч зун нас барсан дуучин Эми Уайнхаусын уран бүтээл дуэт дууны төрөлд шилдгээр тодорч, хослон дуулсан Тони Беннет болон талийгаачийн аав ээж хоёр нь шагнал гардаж, охиноо дурсан үг хэлсэн явдал. Түүний “Back To Black” цомог 2006 онд хөгжмийн салбарт шуугиан тарьж, эзэндээ таван “Грэмми” авчирч, Их Британийн хамтлаг, дуучдын цомгууд дундаас  XXI зууны хамгийн борлуулалт сайтайгаар шалгарч байжээ. Нэвтрүүлэгч Пирс Морганы авьяаслаг уран бүтээлчийн аавтай ярилцсаныг орчуулан хүргэе. 

-Хөгжмийн ертөнцийг өөрчилж, гэнэтхэн гарч ирсэн шигээ харван одсон хүн бол Эми Уайнхаус. Түүний тухай ааваас нь илүү ихийг мэдэх хүн үгүй биз. Тиймээс бид ноён Митч Уайнхаусыг студидээ урилаа. Эмиг нас барснаас хойш танай гэр бүлд их хүнд байгаа байх. Та бүхэн энэ уй гашуугаа хэрхэн даван туулж байна вэ? 
-Их хүнд байна аа, Пирс. Азаар бид сайхан гэр бүлтэй, зовлон шаналалыг минь хуваалцах сайхан найз нөхөдтэй хүмүүс юм. Энэ л бидэнд уй гашуугаа давах хүч, зориг, сэтгэлийн тэнхээ хайрлаж байна. Мэдээж охиныхоо дурсгалд зориулсан сан байгуулж, түүнийхээ үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаа тул бага ч атугай тайвширч байна.
-Та түүний ямар их нэр хүндтэй, олон хүнд хүндлэгддэг болохыг мэддэг байсан уу. Эмигийн үхлийн шалтгааныг эргэн нягталсан уу? 
-Охиныхоо ямар олон хүнээр тойрон хүрээлүүлдэг болохыг би мэднэ. Түүнийг  20 сая цомог борлуулсан болохоор хүмүүс хүндэлдэг, хайрладаг гэж таамаглаж байсан ч, нас барсных нь дараа л ямар нэр хүндтэй байсныг нь өөрийн биеэр мэдэрсэн. Охины минь хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж, гэрэл гэгээтэй болгосон талаар бичсэн, түүнд хайртай болохоо илэрхийлсэн захидлууд хүлээн авсан.
-Охиныхоо үхлийн талаарх таагүй мэдээллийг анх сонсоод та хэрхэн хүлээн авсан бэ. Уурлаж бухимдаж байв уу, эсвэл гуниглаж, гашуудсан уу?
-Тэдгээр бүх сэтгэл хөдлөл нэгэн зэрэг төрсөн. Нэг талаараа Эмид уур хүрч, нөгөөтэйгүүр харамсаж, гашуудаж байв. Хэрэв би түүний дэргэд байсан бол болчимгүй үйлдлийг нь хорьж, алгадаад авах байлаа. Тиймээс энэ бүхэнд өөрийгөө буруутгах сэтгэл ч төрсөн. Хэдийгээр би охиноо ийм байдалд оруулах ямар нэг үйлдэл хийгээгүй хэдий ч өөртөө бурууг тохох бодол эрхгүй төрж байлаа.
-Энэ явдал болох үед та хаана байсан бэ?
-Би Нью-Йоркод байсан. Манхэттэнд амьдардаг үеэлийндээ зочлоод байлаа. Үеэл маань ихэр хүүхдүүдтэй болоод удаагүй байсан тул би шинэ хүмүүсийг нь эргэх гэж очоод байсан юм.
Ихрүүдийн нэгийг тэвэрчихээд авга ахтайгаа хууч хөөрч байлаа. Тэр надаас “Эми сайн уу?” гэж асуухад нь “Тэр сайн байгаа” гэж хариулчихаад түүний талаар ярьж байтал утас дуугарч, охины минь хамгаалагч уйлчихсан “Эми нас барчихлаа” гэж хэлж билээ.
-Түүнд яг юу тохиолдсон талаар бидэнд ярьж болох уу?
-Тэр өдөр бусдын л адил гайхалтай сайхан өнгөрсөн. Эми ээж болон Жэнис, Ричард нартай хамт өдрийг өнгөрүүлсэн. Тэр үед түүний сэтгэл санаа их өөдрөг байсан гэсэн. Тэгээд орой 01.00 цагийн үед амрахаар орондоо орсон. Унтахынхаа өмнөхөн бүр дуулж байсан гэдэг. Өрөөндөө байдаг бөмбөрөө тоглоод, дуулсан байгаа юм.
-Эмигийн өөрийнх нь бөмбөр үү?
-Тийм ээ. Харин орондоо орох үед тэр гэртээ ганцаараа байсан гэж тогтоосон. Харин би  найз Тайлерийг нь хамт байсан болов уу гэж боддог. 01.00 цагийн үед хамгаалагч нь түүнд “Бөмбөр тоглохоо больсон нь дээр байх. Хөршүүд удахгүй гомдоллоно” хэмээн сануулж л дээ. Тэгээд л Эми тоглохоо больж, цаг гаруй өрөөн дотуураа холхих чимээ сонсогдсон гэсэн. Тэгэхээр нь бие хамгаалагч нь унтах гэж байна гэж бодсон байна. Тэгээд 03.00 цагийн үед шалгахдаа түүнийг унтаж байна гэж бодсон байна. Дараа нь 08.00 цагийн үед шалгахдаа түүнийг зүгээр нэг унтаж байгаа юм биш байна гэдгийг анзаарч, түргэн тусламж дуудсан.
-Охиныхоо үхлийн талаар сонсоод сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлсэн бэ?
-Би биеэ их барьсан. Уйлж, орилж хашгичаагүй. Би ихрүүдийн нэгийг тэврээд зогсож байсан юм. Тэгээд л тэр тухай сонссон даруйдаа үеэлдээ хүүхдийг нь өгсөн. Энэ таагүй мэдээг дуулгасан хамгаалагчид нь уурлаж, бухимдаагүй. Түүний өөрийгөө зэмлэж, буруутгаж байгааг нь би хэлүүлэлтгүй мэдэж байсан болохоор тэр. Тиймээс түүнийг тайвшруулж, бас үеэл, авга ах гээд хамаатнуудаа ч тайтгаруулсан.
Угтаа би өөрөө цочролд орчихоод байсан. Тэгсэн хэдий ч түмэн бодол уралдуулан охиныхоо нэрэмжит сан байнуулах, түүний ухамсарт амьдралаа зориулсан хөгжим болон морь, хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй талаар эргэцүүлэн бодож байлаа. Эдгээр зүйлс түүний минь хувьд их чухал байсан юм л даа. Би түүнийг хүүхдээс илүү моринд анхаарал хандуулдаг гэж бодохгүй байна. Гэхдээ тэр морь, дуу хөгжим, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хайртай байсан.
-Та хэзээ нэгэн цагт ийм зүйл болно гэдгийг тааварлаж байсан уу?
-Үгүй дээ. Үнэнийг хэлэхэд бид энэ асуудлаар гурав, дөрвөн жилийн өмнө ярилцан, тохирч байлаа. Түүний хар тамхинд донтох болсны дараа бид энэ талаар ярилцаж байлаа. Гэхдээ охин минь сүүлийн гурван жил энэ зүйлээс хол байсан.
-Та түүнийг сүүлийн гурван жил хар тамхи хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байна уу?
-Тийм ээ.
-Харин согтууруулах ундааны тухайд юу хэлэх вэ?
-Согтууруулах ундаа бол огт өөр асуудал юм. Харамсалтай нь хүмүүс энэ хэрэглээ бусад муу зуршлуудыг араасаа дагуулдаг хор уршигтай гэдгийг ухамсарлахгүй юм. Яг л ийм зүйл охинд минь тохиолдсон. Хар тамхинаас татгалзсанаас хойш тэр их эрүүл амьдралын хэв маяг баримталдаг болсон. Өдөр бүр дасгал хийж, бүр гэртээ биеийн тамирын танхимтай болоод байлаа. Өдөрт гурваас дөрвөн цагийг дасгал хийхэд зориулдаг байсан.
-Та түүний хэрэглээг муу зуршлуудыг хэр их хорьдог байсан бэ?
-Харин та бусдын муу зуршилд хэр их анхаарал хандуулдаг вэ. Хүмүүс хорих хэрэгтэй, энэ асуудалд нь анхаарал хандуулж оролцохыг сануулах бүрт нь би “Эзгүй талд том байшинд хориод цонх, хаалгыг нь түгжиж нийгмээс тусгаарлавал яах вэ. Түүний муу зуршлыг хорино гэдэг шоронд хорьсноос өөрцгүй” гэж хариулдаг байлаа. Ийм аргаар бусдыг хүмүүжүүлэх боломжгүй гэж би үздэг.
-Өнгөрсөн хугацаанд танд харамсах сэтгэл төрж байв уу? Гэр бүлийнхэндээ зориулж ямар нэгэн зүйл хийх ёстой байж дээ гэж бодогдох үе байдаг шүү дээ.  
-Үгүй дээ. Би огт харамсаагүй. Манай гэр бүл гайхалтай халуун дулаан уур амьсгалтай, бие биенийхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Аав, ээж хоёр минь хоёул бурхан болсон. Тиймээс бид гэр бүлийн гишүүнээ, хамгийн дотно хүмүүсийнхээ нэгийг алдах зовлонг туулж байсан. Яг л тэр хэцүү үед буцаад оччих шиг болсон. Манай гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийнхнээ хайрладаг. Эми бол манай гэр бүлийн чухал гишүүн.
-Таныг олны өмнө үг хэлэх бүртээ биеэ их барьж байгааг би анзаарсан. Тэр байдлаас тань та хоёрыг их дотно байсан юм байна гэж дүгнэх болсон. 
-Тийм ээ, бид их дотно байсан. Гэхдээ бид үхлийн дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэг тул энэ үйл явдлыг харьцангуй тайван хүлээж авсан. Эми одоо ч бидэнтэй хамт байгаа гэдэгт манай гэр бүлийнхэн итгэдэг.
Ээж, аавыгаа алдахдаа би тэсэлгүй уйлж байсан. Угаасаа би сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй хүн. Гэхдээ охиноо алдахдаа би уйлаагүй. Түүндээ ч баяртай байгаа. Учир нь Эми минь намайг уйлах биш, нулимс унагахгүй байхыг л хүсэж байгаа. Уйлмаар санагдвал би одоо ч уйлах л болно. Түүнээс биш би уйлахаас ичсэн юм биш.

Алек Болдуин: Би их ичсэн


“Шулуун шударга, бодсоноо илэн далангүй илэрхийлчихдэг, хөгжилтэй”. Студидээ урьж, цаг гаруй ярилцсан Пирс Морган Холливудын чадварлаг жүжигчин Алек Болдуиныг ийн тодорхойлжээ. Тэд улс төр, уран бүтээл, хувийн амьдралын талаарх яриа өрнүүллснийг орчуулан хүргэе. 

-Хэрэв та Алек Болдуин байсан бол “Амьдрал ч сайхан байна шүү” гэж уулга алдах байсан нь гарцаагүй. “30 рок” кинонд тоглож, Нью-Йоркийн нэгэн радиод нэвтрүүлэг хөтөлж байгаа түүнд Нью-Йорк хотын даргад нэр дэвших ч зав олдохгүй байгаа гэнэ. 
Бодсон санаснаа эмээлгүй хэлчихдэг, тэр ч байтугай сэтгэлд нь нийцэхгүй бол онгоцноос үсрэхэд ч бэлэн найк Алектайгаа ярилцах боломж олдлоо. Алек студид маань тавтай морил. 
-Баярлалаа. Чамтай уулзах сайхан байна шүү.
-Юуны өмнө хоёулаа онгоцний нислэгээ цуцалсан тухайгаа Твиттер хуудсандаа бичсэн болон түүний дараа гадаад байдалдаа эрс өөрчлөлт хийж, дасгалын танхимд өнжихгүйгээр турсан тухай чинь ярилцъя. Одоо миний өмнө махлаг, дугуй царай Алек Болдуин биш, гоолиг залуу сууж байна. Чи их олон өөрчлөлт хийсэн байна шүү. 
-Он солигдсоны дараахан би ийм шийдвэр гаргасныг бас ийм үр дүнд хүрэх гэж багагүй хөдөлмөрлөснийг чи мэднэ шүү дээ. Гэхдээ би хүссэн үр дүндээ хараахан хүрээгүй л байна. Дасгал л сайн хийгээд байвал чиний юу идэх, идэхгүй байх чинь чухал биш гэсэн баримтлалаас би татгалздаг. Би чихэртэй хоол хүнс хэрэглэхээ больсон. Энэ бол миний хувьд маш том өөрчлөлт.
-Энэ өөрчлөлтийн тухай яриагаа түр хойшлуулаад нэгэн сэдвийг хөндмөөр байна. Эхлээд Ерөнхийлөгч Обамагийн илтгэлийн бичлэгт анхаарлаа хандуулъя. Тэр Америк хүчирхэг гүрэн хэвээрээ байгааг сануулах гэсэн болов уу. Хэдийгээр хүчирхэг байгаа хэдий ч үйлдвэржилт гэх мэт үндсэн асуудлуудад анхаарал тавих цаг болсон байх. 
(Бичлэг)
Барак Обама: Их хямралын үеэр Америкчууд Алтан хаалга гүүрийг барьж байлаа. Дэлхийн II дайны дараа бид мужуудыг холбосон хурдны зам барьсан. Демократ болон Бүгд найрамдах намынхан хэд хэдэн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж, тэдний үр дүнд нь баригдсан зам, байшин барилгуудыг бид өнөөдөр ч хэрэглэсээр байгаа.
-Бидэнд өмнө нь ийм хүнд үе олон тохиолдож байсан гэдгийг гол асуудлаа болгоод байгаа юм. Гэхдээ өнөөдөр Их хямралын үе биш. Бидэнд эдийн засгийн бэрхшээлтэй асуудлууд л тулгараад буй. Азаар байдал 1930-аад оных шиг хүнд болчихоогүй байна. Эх орондоо ажлын байр олноор бий болгох нь л хамгийн чухал асуудал болоод байх гэж би боддог. 
-Саяхан би Америкийн нэгдсэн улс бол яг л том далбаа шиг гэж ярьж байлаа. Бид сайн сайхан зүйлс хийвэл Америк ч зөв чиг рүү хандаж, бид ч тийм л хариу авна. Бид дайныг эсэргүүцсэний ачаар түрэмгийлэгчдийн хандлага ч намжиж, бид хэн нэгэнтэй сөргөөцөлдөн зогсох биш зөвхөн урагш тэмүүлдэг болсон.
1960-аад оноос хойш дайтаж, саяхныг хүртэл Ойрхи Дорнод руу халдсан нь хамгийн оновчтой шийдэл байсан гэж бодохгүй байна. Үүний ачаар хангалттай их хөрөнгө мөнгө, олон зуун америк хүний амьдрал, бас Ойрхи Дорнодын хэдэн мянган гэмгүй иргэдийн амь нас үрэгдсэн. 
-Чи Ерөнхийлөгчийг самбаатай хүн гэж дүгнэж байна уу? 
-Тийм байх гэж найдаж байна. Ерөнхийлөгч болон улс төрчид дараагийн алхмаа их ухаалаг, бодолтойгоор хийхгүй бол дахин сонгогдох боломжгүй болно. Хүмүүс хөзрөө цээжиндээ хэтэрхий наах юм. Конгрессийнхэн эхний жилүүдэд их найртай байдаг. Бүр ажлын үр дүн нь тэг хувийн үзүүлэлттэй байсан ч хамаагүй.
Харин дахин сонгогдсоныхоо дараа уралцаж эхэлнэ. Тэд дахиж сонгуульд өрсөлдөхгүй болохоор жинхэнэ мөн чанараа харуулж эхэлдэг.
-Асуултад минь шударгаар хариулаарай. Чи хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож байв уу? 
-Миний их олон жилийн өмнө бодож байсан зүйлсийн нэг байна. Гэхдээ энэ тоглоомонд оролцоход миний хувьд хэдийнэ оройтсон. Зөвхөн суусан онгоц минь тэр зүгт хөвбөл дагана гэж боддог байлаа. Гэхдээ миний бүхий л амьдралынхаа турш хүсэж, дурлаж ирсэн зүйл бол одоогийн эрхэлж буй ажил минь.
-Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын талаар ямар таамаглалтай байсан бэ? 
-Миний хайртай жүжигчид нэр дэвшсэн гэдгийг л би мэдэж байсан. Кино урлаг гэдэг амаргүй салбар. Амжилтад хүрэхийн тулд уулын орой руу өгсөөд л, өгсөөд л байдаг. Нэг тийм тогтсон тойрогтой л доо, энэ салбар. Зохиолтойгоо танилцана, текстээ цээжилна. Тэгээд л дараа нь киноны зураг авахуулж, шинэ бүтээл дэлгэцэнд гарна. Харин хүмүүс тасалбарыг нь худалдан авч үздэг. Заримдаа олон зуун тасалбар борлогдон тухай бүтээл нь хүмүүсийн анхаарал татаж, ийм аз тохиож, тохироо нь бүрдвэл шагналд нэр дэвшнэ.
Жорж Брэд хоёр бол кино урлагт их зүйл хийсэн хүмүүс. Би тэдний төлөө малгайгаа аван хүндэтгэл үзүүлнэ. Учир нь “Оскар”-т нэр дэвшнэ гэдэг санасны зоргоор хийчихдэг зүйл биш. Би 2004 онд туслах жүжигчний төрөлд нэр дэвшиж байлаа. Харин Тим Роббинс шагналыг авсан. Тэр үед нэр дэвшнэ гэдэг чинь л нэр хүндийн хэрэг гэж хүн бүр хэлж билээ. Гэхдээ хүн хэзээд ялахыг хүсдэг юм. (инээв) Би Тимийн өмнөөс баярлаж, түүнийг биширсэн. Энэ жил их олон сайхан гайхалтай уран бүтээл төрлөө. “Меланхоли” надад их таалагдсан. Руни Мара бол гайхамшигтай жүжигчин. Тэр үзэгчдийг ховсдчих шиг л болдог.
-Санал нэг байна. 
-Мэрилийн тоглосон “Төмөр хатагтай”-г үзлээ. “Мөнгөний бөмбөг”-ийг үзлээ. Жона Хилл ч гайхалтай тоглосон. Түүнийг нэр дэвшсэнд нь би их баяртай байгаа.
-Урьд шөнө би Мэрил Стрип та хоёрын загас наадуулж байхыг харлаа. 
-Би түүний төлөө их мөнгө төлөхөд бэлэн шүү.
-Чамайг хэдэн сая доллар төлөхөд бэлэн гэдэгт эргэлзэж байна шүү. “Ээдрээтэй” гэх киног чинь үзлээ.  Мэрил Стриптэй хамтран ажиллах ямар байсан бэ. Миний хувьд тэр домогт жүжигчин. Өдгөө амьд сэрүүн байгаа эмэгтэй жүжигчдээс шилдэг нь гэж би боддог. 
-Тэр чинь Мэрил шүү дээ. Түүний тухай шинэлэг зүйл нэгийг ч хэлж чадахгүй л болов уу. Тэр гайхалтай олон арван кинонд тоглож, сүүлийн гучин жилд Холливудад тэргүүлж буй эрэгтэй жүжигчидтэй бүгдтэй нь хамтран ажиллаж байсан.
Киноны гол баатрууд дотно харилцаа үүсгэдэг хэсэг л хүмүүсийн анхаарлыг илүү татаж, тэр талаар яриулахыг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Дүрийн маань хувьд эхнэрээсээ салсан ч санаж шаналсан, хайрласаар байгаа эр. Тиймээс тэр хувирлын гаргах гэж их ажилласан. Харин загас наадуулдаг хэсгийн зургийг авахад Мэрил Стриптэй хамт жүжиглэхэд их  хялбар байсан. Тэр гайхалтай хүн шүү дээ.
-Онгоцны нислэгийг саатуулсан талаар чинь ярилцъя л даа. 
-Хүмүүст хандаж зөвлөхөд онгоцонд орохоосоо өмнө утсаа унтрааж байгаарай.
-Тэгж хэлэх гээгүй биз дээ, Алек?
-Би олон жилийн турш зорчигч тээврийн компаниар үйлчлүүлж байгаа. Харин тэр үед нислэг 45 минутаар хойшилсон нь миний эгдүүцлийг хүргэсэн юм. Тэгээд л эсэргүүцлээ илэрхийлсэн хэрэг. Харин тэд зөвхөн гар утсаар шалтаглан намайг буруутгаж, өөрсдийн алдаа дутагдлыг хаацайлах ёсгүй байх.
-Зорчигч тээврийн компанийн ажилтнууд утсаа унтрааж онгоцонд суух талаар элдэв лекц унших үед чамд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Уур чинь хүрч байв уу, эсвэл ичсэн үү?
-Би их ичсэн. Эргэн тойронд суусан зорчигчид миний элдэв шог зохион ярьж эхлэх болов уу гэж бодоод би онгоцноос буусан. Гэтэл тэр үед өөр дөрвөн ч хүний утсаараа Твиттер хуудсаа шалгаж байсан.
-Хэдэн удаа жинхэнэ хайртай учирч байсан бэ?
-Хамгийн сүүлийн учрал нь миний амьдралд толбо үлдээгээд л дууслаа. Одоо гэх цагт надтай хамт байгаа бүсгүйг л би жинхэнэ хайр гэж хэлнэ. Харин одоо бол өнгөрсөн бүх зүйл хүүхдийн тоглоом байжээ л гэж бодогдож байна. Гэхдээ энэ нь намайг чин сэтгэлээсээ хайрлаж, дурлаж байгаагүй гэсэн үг биш шүү.
-Хүүхэдтэй болох талаар бодож байна уу? 
-Дахиад хүүхэдтэй болох бодол бий юү гэж үү?
-Тийм ээ.
-Тэгвэл сайхан байх шүү. Бүр гайхалтай байх болов уу. Найзууд маань энэ талаар зөвлөдөг юм. Эртхэн хүнтэй суухгүй бол нас ахих тусам коллежийн насны дагавар хүүхэдтэй хүнээс өөр бүсгүй олдохгүй гээд л…
-Ганц бие байхдаа гайхалтай цаг мөчийг мэдэрч байв уу? 
-Тэгж санагдаж байсан үе цөөн боловч бий шүү.

Марио Лопез: Би хүүхэмсэг биш, гэхдээ тийм байж чадна


Шоу бизнесийн ертөнцийн дур булаам залуусын нэг бол Марио Лопез. Хүүхэд байхаасаа л кино урлагт хөл тавьсан түүнийг “Ододтой бүжиглэе”, “Америкийн шилдэг бүжгийн хамтлаг” шоуг хөтөлдгөөр нь, басхүү дуучин Женнифертэй овог нэгтэй гэдгээр нь үзэгчид илүүтэй мэднэ. Мариог царайлаг, өв тэгш биетэй залуу гэсэн тодотгол цаг үргэлж дагаж явдаг. Тиймдээ ч Эллен Деженерес нэвтрүүлгийнхээ үеэр хувцсыг нь тайчиж, “People” сэтгүүл хамгийн дур булаам гоонь эрээр өргөмжилсөн биз. 

-Жүжигчин Марио Лопез цагаачлал болон хайр дурлалынхаа түүхийг ярихаар студид маань ирээд байна. Та CNN телевизийн нэвтрүүлэгт уригдан ирээд байгаа. 
-Намайг урьсанд баярлалаа.
-Тиймээс хоёулаа ажил хэрэгч яриа өрнүүлье. Ер нь Марио хэр ажил хэрэгч хүн бэ? 
-Би өөрийгөө багагүй ажил хэрэгч хүн гэж боддог. Улс төрийн талаарх мэдээ мэдээллүүдийг унших дуртай, бас таны нэвтрүүлгийг үзэх дуртай.
Тиймээс энэ удаа цагаачлал хуулийн өөрчлөлтийн талаар ярья гэж бодлоо. Нэгдсэн улс дахь бүхий л латин америкчууд цагаачид биш, түүний адил бүх цагаачид латин америкчууд байдаггүй. Латин америк цагаачдын талаар амтай болгон ярьдаг атал Канадаас хэдэн мянгаараа ирж, шоу бизнесийн салбрынхны ажлыг булаацалдаж байхад хэн ч энэ талаар дурсахгүй юм.
Миний бодлоор цагаачлалын системд гажуудал гарч энэ байдал эдийн засагт нөлөөлөөд байх шиг. Харин эрх баригчид бодит байдлыг олж харахгүй байна. Бүр зарим хотуудын шинэчилж, латин америк иргэнгүй болгох талаар санал гаргаж байх юм. Гэхдээ нэгдсэн улсанд амьдарч буй хэдэн сая латин америкчуудыг буцаах аргагүй. Тэгэхээр нарийн тооцоолж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Цагаачлалын систем гажуудсантай хүн бүр санал нийлэх болов уу.
-Аав, ээж хоёр чинь цагаачдын анхдагчид байх аа? 
-Тийм ээ. Тэд цагаачилж ирсэн. Гэхдээ цагаачдын эхний үе надаар эхлэх байх.
-Та Сан Диегод өссөн байх аа?
-Тийм ээ. Хүн бүр л Сан Диегог нарлаг, үзэсгэлэнтэй газар гэж боддог. Би өмнөд Сан Диегогийн Чула Вистад өссөн л дөө. Мексик өмнөд хил орчимд байдаг юм. Өдгөө ч манай хамаатнууд тэнд амьдарч байгаа. Манайхан их өнөр өтгөн. Аав маань арван ах, эгч дүү нартай. Харин ээж минь эхээс есүүлээ.
-Аав тань хотын захиргаанд ажилладаг байсан билүү?
-Аав минь хотын захиргаанд, ээж минь нэгэн холбооны компанид ажилладаг байсан. Мэдээж манайх баячуудын тансаг хороололд амьдардаг байгаагүй л дээ. Манай хорооллынхон элдэв асуудал, гэмт хэрэгт орооцолдох нь жирийн л үзэгдэл. Тиймээс ээж минь намайг аль болох завгүй байлгах гэж хичээдэг байлаа. Тиймээс надад чөлөөт цаг гэж бараг байдаггүй байсан. Хичээлээ тармагцаа би бөх, каратэ, бүжгийн дугуйланд хичээллэдэг байсан.
-Тэд танд ихэвчлэн юу гэж захидаг вэ?
-Шаргуу хөдөлмөрлөхийг л. Тэд намайг зөв хүн болгоход л хамаг анхаарлаа хандуулдаг.
-Тэд яагаад Америк руу цагаачилж ирсэн юм бэ? Хүмүүс Америкийг мөрөөдлийн орон мэт санах юм. Гэхдээ энэ байдал нэгдсэн улсын эдийн засагт дарамж учруулж байна. Тиймээс цагаачлалын асуудал сүүлийн үед хурцаар яригдах боллоо. 
-Өдгөө ч Америк боломжоор дүүрэн орон хэвээр байгаа. Бас дэлхийн хамгийн агуу гүрнүүдийн нэг. Тиймээс тэр боломжийг ашиглан шаргуу хөдөлмөрлөхийг хүссэн хүмүүс л хөрш зэргэлдээ орноос цагаачлан ирж байгаа юм. Цөөнгүй латин америкчууд рэп урлагт хүч сорьж, төдийлэн амжилт гаргахгүй хэрнээ таагүй мэдээ дуулгаж, бас ял эдэлж буй хүмүүсийн дунд латин америкчууд олон байгаа нь хүмүүст латин америк цагаачид муу хүн гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байх.
Гэхдээ тэдний зэрэгцээ олон мянган хүн үнэнчээр шаргуу хөдөлмөрлөж, гэр бүлийнхнээ тэжээхийг хүсэж энэ орныг зорьж ирдэг. Ээж аав хоёр минь ч тэдний нэг. Эгч бид хоёр тэднийг гайхалтай сайн ажилласан гэж боддог. Тиймээс ч би аав, ээж хоёроороо бахархдаг.
-Та одоогийн Ерөнхийлөгчийг хэр их дэмждэг вэ?
-Би түүний шүтэн бишрэгч. Учир нь бид цөөнгүй удаа уулзаж ярилцаж байсан. Манай нэвтрүүлэгт оролцож байсан удаатай.
-Африк гаралтай Ерөнхийлөгчтэй болсноор нэгдсэн улсад арьс өнгөөр ялгаварлах байдал хэр өөрчлөгдсөн бол? 
-Миний бодлоор “Тусламж” кино арьс өнгөөр ялгаварлах байдлыг өөрчилсөн. Ялангуяа өмнөд мужуудад. Харин Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны талаар байдал муу тал руугаа хэлбийсэн гэж бодогдохгүй байна.
-Марио “H8R” нэртэй шинэ нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байгаа. Ододтой өөрсдийг нь үзэн яддаг хүмүүсийг уулзуулдаг байх аа? 
-Тийм ээ. Цахим хуудсуудад оддыг муулсан шүүмжилсэн сэтгэгдлүүд олон байдаг шүү дээ. Харин тэр хүнтэй зэрэгцэн суугаад “Бид хэзээ ч уулзаж байгаагүй шүү дээ. Тэгсэн атал та яагаад намайг шүүмжлээд байдаг юм бэ” гээд ярилцвал ямар байх вэ гэж бодогдсон. Тэндээс л нэвтрүүлэг хийх санаа төрсөн. Өртөг багатай хэрнээ үзэгчдийн сонирхлыг татсан нэвтрүүлэг хийх санаа. Ижилхэн бие биенээ шүүмжилж, дургүйцэж байгаа хүмүүс ямар хандлага гаргах нь сонин шүү дээ. Энэ байдлыг хөгжилтэй болгохыг бид хичээдэг.
-Таны тухай бичсэн таагүй мэдээлэл сэтгэлийг чинь шархлуулж байсан тохиолдол бий юү? 
-Намайг биш гэр бүлийнхнийг минь илүүтэй зовоодог.
-Хамгийн таагүй мэдээлэл нь юу байв?
-Азаар тийм ч аймшигтай биш шүү. Намайг үргэлж л эмэгтэйчүүдтэй холбоотой элдэв асуудалд оролцсон хэмээн бичдэг. Би бараг бүхий л хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр “Марио хүүхэмсэг залуу”, “Марио ижил хүйстнээ сонирхдог” гэсэн мэдээлэл гарч байхыг харсан.
-Та аль аль нь байх л даа. 
-Би тийм биш л дээ. Гэхдээ тийм байж чадна.
-Таны хувийн амьдралын талаар ярилцъя л даа. Хүүхнүүдийг судалсаар л байгаа гэж хэлсэн байсан. 
-Яагаад тийм яриа гарсныг би ер ойлгохгүй байгаа. Уг нь би “Нөгөө хагас” гэдэг нэртэй нэвтрүүлэгт оролцож байхдаа  “Тэвчээртэй байж сурч байгаа” гэж л хэлсэн юм.
-Та аав болсон байх аа. 
-Тийм ээ. Харин таныг гурван хүүхэдтэй гэдгийг би огт мэдээгүй явсан байна шүү.
-Гэрлэх бодол бий юү?
-Удахгүй гэрлэнэ ээ.
-Тийм гэж үү? 
-Жиа Франческа гэдэг бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн.
-Та өмнө нь гэрлэж байсан байх аа?
-Тийм ээ. Гэхдээ төдийлэн удаагүй.
-Хоёр долоо хоногийн дараа цуцлуулсан билүү?
-Тийм ээ.
-Би хүний мууд дурлах гээгүй юм шүү. Гэхдээ яагаад тийм хурдан гэрлэлтээ цуцлуулах болсноо яриач. 
-Тухайн үед би залуу байсан болоод л тэр байх. Хэзээ ямар алхам хийвэл зөв шийдвэр гаргахыг ойлгодоггүй байж. Эргээд харахад гэр бүл авч явах хэмжээнд боловсроогүй байж дээ гэсэн бодол төрдөг. Энэ явдал 10 жилийн өмнө болсон шүү дээ. Түүнээс хойш би их өөрчлөгдсөн. Тухайн цаг үед болох ёстой учрал байсан юм болов уу даа.
-Таны тухай их олон цуу яриа гардаг. Тэдний хэдэн хувь нь үнэн бэ? 
-Арав орчим хувь нь.
-Таныг Форест Гамп шиг байсан гэдэг. 
-Би холын зайд гүйдэг байсан.