Tuesday, April 26, 2011

Хүүхдийн гэсэн бүхэнд хүйтэн сэтгэлээр хандсаар байх уу

Хүүхдийн жүжиг гэх нэр томъёо үгийн сангаас хасагдахад ойрхон байна. Уг нь урлагийн боловсролын анхан шатны мэдлэг, үзэгчийн соёлын төлөвшлийг багачууд хүүхдийн жүжгээс л олж авдаг. Дунд эргэм насныхан “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эцсийн тушаал”, “Миний чин зоригт бяцхан найз” зэрэг бүтээлийг үзэж байсан тухайгаа дурсдаг. Харин 1980-1990-ээд оны залуусын олонх нь Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театрт орж үзэх нь байтугай тийм нэртэй байгууллага байдаг эсэхийг ч мэдэлгүй хүүхэд насаа үдсэн гэх эмгэнэлтэй түүхийг бид хэдийнэ биччихэж.
Нэгэн жарны түүхтэй Хүү хэд залуучуудын театрт 1960-1970-аад онынхны хүүхэд насны гэгээн дурсамж хадгалагдаж үлдсэн. Гавьяат жүжигчин Ё.Цог “Монголын урлагийн хэдэн үеийг хүмүүжүүлсэн байгууллага бол Хүүхэд залуучуудын театр” хэмээн тодорхойлсон нь ч бий. Нэгэнт үүдээ барьж, банкинд байраа мэдүүлсэн эл театр үгүй болсноос хойш “хүүхдийн” гэх тодотголтой үлдсэн ганцхан театртаа анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон баймаар.
Үүдээ барих дөхөөд байсан Хүүхэлдэйн театрын удирдлага солигдсоноос хойш энд их зүйл өөрчлөгдсөн. Үзэгчгүй, үгүйлэх хүнгүй болоод байсан театрт эл хуль оргиж, түймэр гарч, ус алдсан гэхээс өөрөөр олон нийтийн анхаарлыг огт татахаа болиод байсан цаг саяхан. Ц.Хулан 2010 онд захирлаар томилогдсоноор эл театр амь тариатай залгасан гэхэд хилсдэхгүй. Арай гэж өнгө төрхөө засаж, үзвэрийн танхимдаа шинэчлэл хийн, бага насныханд зориулсан тайзтай болон, гэрэл дууны техник тоног төхөөрөмжөө бүхэлд нь шинэчилсэн гээд шинэ захирлын хийсэн зүйл их. Гэхдээ улс хүүхдэд зориулсан ганц театрынхаа удирдлагыг солих төдийхнөөр халамж анхаарлаа хязгаарлачихна гэвэл эндүүрэл. Угтаа эл театрын эрс шинэчлэлд улсаас оруулсан хувь нэмэр бараг үгүй. Үзвэрийн танхимын засвар, тохижилтын хөрөнгө мөнгийг Ц.Хулан захирал хувийн компаниудтай хамтарч ажиллах хүсэлт гаргасны ачаар “Номин”, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй байгууллагууд гаргасан. Гэрэл дууны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг ч тус театрын удирдлагууд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрт хандсанаар л шинэчилсэн. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос хамаарч театрууд их, бага тайзтай байх нь дэлхийн жишиг. Хэт чанга дуу авиа, харанхуйд хурц гэрэл огцом тусгах зэрэг нь багачуудын айж, түгшээдэг тул бага тайзыг цэцэрлэгийн бага насныханд зориулан тусгайлан бэлтгэдэг зарчмыг бүр хэдэн арван жилийн өмнөөс мөрдөж эхэлж. Энэ стандартад нийцүүлэн бага тайзыг байгуулж, өнгөрөгч хавар нээлтээ хийсэн нь алтан гахай, хувьтай хулгана жилийн багачуудын үзэж харах ганц зүйл болоод буй.Хэдийгээр энэ мэт олон асуудлаа шийдсэн ч багачуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн театр болсон гэж дүгнэхэд эрт байна.
Хүүхдийн их урлагтай танилцах анхны хичээлийг заадаг хүүхэлдэйн театрт хөгжингүй орнууд багагүй анхаарал хандуулдаг. Их Британид гэхэд л гүнлиг бүрт нь томоохон театр байх бөгөөд тус бүр дэргэдээ музей, дэлгүүр, зарим нь бүр хүүхэлдэйн үйлдвэртэй. Харин манай театрын үйлдвэр анги ердөө л гурван хүнтэй. Тэд оёдол эсгүүрээ ч хийж, баримал мужаанаа ч хослуулдаг ёстой л “юниверсал” ажилчид. УДЭТ, ҮДБЭЧ, ДБЭТ зэрэг мэргэжлийн байгууллагууд жилдээ хоёроос доошгүй шинэ уран бүтээл толилуулдаг байхад Хүүхэлдэйн театр 2009 онд “Алтан хөрш” жүжгийг тавьсанаас хойш их тайзнаа зориулсан шинэ бүтээл дахин төрөөгүй л байна. Энэ нь нэг талаас үйлдвэр анги хүч муутайгийнх. Орхон-Уул аймгийн хүүхэлдэйн театр гэхэд л 60 ажилтантай байхад Улсын гэх тодотголтой ганц театрын боловсон хүчний тоо 30 байх юм. Тус театрын цалин хөлс, ажилчдын нийгмийн хангамжийн асуудал гологдсоноос өнөөдөр энэ тоо цөөрсөөр л байгаа. Өнгөрөгч онд гэхэд л найруулагч нь ажлаасаа гарч, өдгөө тус театр мэргэжлийн найруулагчгүй болсон нь үйл ажиллагаанд нь нөлөөлж буй хамгийн том бэрхшээл. Түүнчлэн соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог театрын зохиолчийн ажлаа хүлээлгэн, түүний араас тус театрын гэрлийн тоног төхөөрөмжийг хариуцаж буй цорын ганц мэргэжилтэн чөлөөнд гарах гэж байна.
Боловсон хүчний асуудлаас гадна тус театрт тулгамдаж буй бас нэгэн бэрхшээл бол байр. Өөрийн гэсэн байргүйгээс 40 жилийн түүхтэй хүүхэлдэйнүүд, агуулахын өрөөнд чихэлдэн, олонх нь ор сураггүй алга болж, өдгөө тус театрын жүжгүүд цааснаа л тэмдэглэгдэн үлдэж. Багачуудын сэтгэлд хоногшсон жүжгүүдээс сэргээн тавья гэсэн ч дүрүүд нь бүрэн бүтэн үлдсэн жүжиг нэг ч үгүй гэж ажилтнууд нь халаглан суух аж. Олон улсын жишгээр бол хүүхэлдэйн театрууд дэргэдээ музей байгуулан уран бүтээл бүрээ архивлаж, баатруудыг нь шилэн хоргонд залдаг гэнэ. Багачууд ч жүжгээ үзэхийн зэрэгцээ эх орныхоо хүүхэлдэйн урлагийн түүхтэй танилцаад гарах зэрэг олон талын ач холбогдолтой.
Хүүхэлдэйн театр, хүүхдийн жүжигт халамж анхаарал үгүйлэгдэх болсны тод жишээ нь энэ сарын 27-нд болсон “Гэгээн муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд хоёрхон жүжиг нэр дэвшсэн явдал. Тэгэхдээ бүр тэр хоёр нь орон нутгийн театрын уран бүтээлчдийнх байх юм. Аргагүй дээ, хүн хүч, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хүүхэлдэйн театрт өнгөрөгч онд шинэ бүтээл төрөөгүй юм чинь. Өнгөрөгч сард нээлтээ хийх ёстой байсан “Тусгаар тогтнол буюу 13 модон хүний үлгэр” ч энэ л шалтгаанаар Ардын хувьсгалын ойн баяр хүртэл хойшилсон.
Алтан гахай, хувьтай хулгана жилийн багачууд өсөж торнисоор л… Харамсалтай нь ертөнцийн юм бүхнийг сониучирхах бяцхан үрсээ дагуулан явж үзүүлж, харуулах зүйл метрополис гэх сүржин тодотголтой нийслэл хотод маань үгүй. “Мулан” шиг монголчуудыг илт дайрч доромжилсон, “Наруто” шиг хүчирхийллийг сурталчлан ашгийн төлөө бүтээсэн киногоор хуурч аз туршихгүй юм сан.
Нэгэнтээ зохиолч Оскар Вилде “Хүүхэлдэй их олон давуу талтай. Тэд хэзээ ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Урлагт яг тохирсон дүр төрхтэй. Бас тэдэнд хувийн амьдрал гэж огт байдаггүй” гэсэн байдаг. Хүүхдийн ертөнцөд нэвтэрч, тэдэнд ертөнцийн түмэн өнгийг таниулах шидтэй хүүхэлдэйг, тэдэнд уран бүтээлээ туурвих боломж олгодог театрыг нь зохиолчид хэдэн зууны тэртээгээс өндрөөр үнэлсээр ирсэн. Харин бид хүүхдийн гэсэн тодотголтой ганцхан театртаа хүйтэн сэтгэлээр хандсаар л байх гэж үү.

Sunday, April 24, 2011

Деми Мур: Гэрт маань хайрын үгтэй зурвас хаа сайгүй бий


Нэгэн цагт өөрөөсөө үе мултарсан залуутай дэр нэгтгэсэн хэмээн багагүй шүүмжлэл хүртсэн жүжигчин Дэми Мур зөв сонголт хийсэн гэдгээ өнгөрсөн найман жилийн турш баталсаар ирсэн. Тиймдээ ч тэднийг Холливудын үлгэр жишээ хос хэмээн өргөмжлөх болсон биз. 50 гаруй кинонд сэтгэл татам дүрээ мөнхөлж, гэр бүлээрээ Холливудын дээд зэрэглэлд багтсан хос ховор.
-Хүний наймааны золиос болж буй мянга мянган хүүхдүүдийн төлөө ажиллаж буй хос манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочин. Холливудын дээд зэрэглэлийн жүжигчид гэвэл яах аргагүй тэднийг нэрлэнэ. Дэми Мур, Эштон Качер нар энэ удаа чин сэтгэлийн яриа өрнүүлэхээр манай студид хүрэлцэн ирээд байна. Тэд анх удаа хамтдаа ярилцлага өгөх гэж байгаа нь энэ. Би та хоёрыг үүнээс өмнө зэрэгцэн суугаад ярилцлага өгч байсан гэж бодохгүй байна. Миний зөв үү? Мур: Тийм ээ. Бид хамтдаа ярилцлага өгч үзээгүй.
-Та хоёр анх удаа хамт ярилцлага өгч байгаа болохоор юуны өмнө гэрлэлтийн чинь тухай ярилцъя гэж бодлоо. Үнэндээ яг юу хүсэж гэрлэснийг чинь би сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн үед хүмүүс сайнаар яриахгүй байсан санагдана. Мур: Зөвхөн яриад зогсохгүй тэд бичиж байсан. Олон нийтийн анхаарал татсан явдал болсон шиг байгаа юм. Тэгээд бүр удаан хугацааны турш олны хэл ам огт тасраагүй.
Качер: Нэлээд удсан шүү.
-Та хоёр дотносоод хэр удаж байгаа билээ? Мур: Найман жил.
-Тухайн үед элэглэн шоолж байгаа хүмүүс амаа барина гэдгийг та хоёр мэдэж байв уу? Качер: Сүй тавьж, нэг насны амьдралаа холбохоор шийдсэн хүн бүр л тэгж боддог байх. Хэн ч сална гэж сууддаггүй.
-Өмнө минь сууж байгааг харахад та хоёрын насны зөрүү анзаарагдахгүй байна л даа. Гэхдээ Качер, өөрөөсөө ахимаг бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай байх ямар санагддаг вэ? Качер: Яг л таны харж байгааг би өдөр бүр толинд хардаг.
Мур: Үнэндээ тэр дотоод ертөнцдөө үргэлж л миний үеийнх байсан гэж санагддаг.
-Шоу бизнесийн ертөнцөд гэр бүлийн харилцаагаа тогтвортой байлгах хэцүү гэдэг. Та хоёрын нууц юунд байв? Мур: Миний бодлоор харилцаагаа нэгдүгээр тавих нь хамгийн их ач холбогдолтой. Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ гэр бүлдээ ч халамж анхаарал тавина гэдэг амаргүй л дээ. Харин бид хоёр биенээсээ хол байдаггүй нь л өнөөдрийг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдрахад тус болдог болов уу.
Качер: Бас нэг салбарт ажилладаг нь бидний давуу тал байж ч мэднэ.
-Качер хэр романтик вэ? Мур: Гайхалтай роматик залуу.
-Миний бодлоор тэр романтик гэхээсээ илүүтэй гэр амьтай, зоогийн газар биш гэртээ оройн хоол идэхийг илүүд үздэг нэгэн юм шиг. Мур: Тийм тал ч бас бий шүү. Гэхдээ би түүнийг романтик хүн гэж хэлнэ. Хэрэв та манай гэрт очсон бол хайрын үгтэй зурвас хаа сайгүй үлдээсэн байхыг олж харах болно.
Качер: Очир эрдэнийн шигтгээтэй бөгжнөөс хамаагүй хямд тусдаг юм. (инээв)
-Таны санаанд хамгийн тод үлдсэн зурваст юу гэж бичсэн байдаг вэ? Мур: Би түүний үлдээсэн бүх зурваст дуртай. Гэхдээ хамгийн их таалагдсан нь саяхан үлдээсэн нэг зурвас бий.
-Та их уяхан хүн юм аа даа? Мур: Тийм шүү.
Качер: Өөрсдийнхөө нууцыг олон нийтэд дэлгээд хэрэггүй байх аа. Энэ хүрээд зогссон нь дээр.
-Та хоёрыг хүний наймааны эсрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэр ч байтугай “Жинхэнэ эр хүн охидыг худалдан авдаггүй” гэсэн кампанит ажил зохион байгуулж байгааг бид мэднэ. Мур: Нийтэд хүний наймааны эсрэг бодлыг төлөвшүүлэх зорилгоор бид энэ кампанит ажлыг эхлүүлсэн. Гэхдээ бид энэ ажлаа эхлүүлснээс хойш иргэдийн олонх нь бодит байдлын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголттой болсныг анзаарсан. Харамсалтай нь хүн төрөлхтөнд тулгараад буй эл асуудалд хүмүүс тэр бүр ач холбогдол өгөхгүй юм. Магадгүй шийдэх гарцыг нь олчихвол хүмүүс дорвитой алхам хийж эхлэх байх л даа. Тиймээс бид энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга боловсруулан хүн бүр жаахан хүч гаргавал хүний наймаа гэгч аймшигтай зүйлтэй дорвитой тэмцэж чадах юм байна гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт энэ ажилд хүн бүр бага хэмжээний мөнгө хандивлах. Хоёрдугаар нисэх буудлын аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм боловсруулах.
Харамсалтай нь манай улсад 4-5 муж л хүний наймааг ноцтой гэмт хэрэг гэж үздэг юм билээ.
Качер: Хуульд байдаг бас нэг цоорхой бол насны ангилал тогтоосон явдал. Хэрэв хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нэг залуу шүүхийн танхимд дуудагдвал “Өө би түүнийг насанд хүрээгүй гэж мэдээгүй юм” гэж хэлээд л ялаа хөнгөрүүлэх, цаашилбал мултрах жишээтэй. Секс хийхийн төлөө мөнгө төлдөг хүн үгүй болчихвол хүн наймаа үгүй болох юм. Тиймээс бид энэ кампанит ажлаараа нийтэд энэ үзлийг төлөвшүүлэхийг зорьж байгаа.
-Хэрэгтнүүд зохих ял шийтгэлээ хүлээхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг улам даамжруулж байна гэсэн үг байх нь ээ. Гэхдээ хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авдаг биз дээ? Мур: Хэрэгтнүүд тун сайн жүжигчид байдаг юм шүү. Би танд нэг жишээ хэлье л дээ. Миний танил нэг охиныг 11 настай байхад нь хулгайлсан байдаг. Гэмт хэрэгтэн түүнийг “McDonald's” болон их дэлгүүрээр удаан хугацаанд дагуулж явсан байдаг. Төөрүүлэхийн тулд тэгж явсан хэрэг. Эцэст нь түүнд өдөр бүр 1500 доллар өгч байна гэж хуурч, Вегас руу дагуулж явсан байна. Ингэхдээ ачааны машины чингэлэгт авч явсан гэсэн.
-Ингэхэд уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгаач. Качер: “Шинэ жилийн үдэш” киноны зургийг авахуулаад саяхан дууслаа. Удахгүй кампанит ажлаа ч дуусгах байх. Тэгээд л ажилдаа шамдана даа.
Мур: Миний хувьд “LOL” нэртэй кинонд тоглосон маань удахгүй нээлтээ хийх байх. Одоо дуучин, жүжигчин Майли Сайристай хамтран “Холын дуудлага” кинонд тоглож байна. Бас тун удахгүй “Бас нэгэн баярт өдөр” кинонд тоглохоор гэрээгээ хийгээд байна.

Ферги: Миний дотоод ертөнцөд юунд ч үл няцах агуу хүч оршдог


Гоо сайхан, хувцасны загвар, зөвлөгөө, оддын нууцыг бүсгүйчүүдэд дэлгэдэг “Glamour” сэтгүүл жил бүр оны шилдэг бүсгүйчүүдийг тодруулдаг. Өнгөрөгч оны шилдэг бүсгүйчүүдийн нэгээр “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги тодорсон. Түүний Грэммигээс авсан шагналууд, шинэ цомог, өөрийн нэрийн үнэртэн худалдаанд гаргасан зэрэг нь Холливудын нэгдүгээр ангиллын жүжигчин Жулия Робертс, загвар зохион бүтээгч Донателла Версачи, Йорданы хатан хаан Раниа нартай зэрэгцэн шилдгүүдийн жагсаалтад багтахад нөлөөлсөн гэнэ. Калифорнийн бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийхөөр тус сэтгүүлийн сурвалжлагч Кэти Курик ярилцсаныг орчуулан хүргэе.

Та Фергигийн шүтэн бишрэгчдийн нэг юм биш биз. Би ч бас түүнийг хүндэлдэг. Караокед түүний “I Gotta Feeling” дууг нь дуулахад охин минь өөрийн эрхгүй бодогддог юм. Тэр аравхан настай атлаа Фергигээр бараг “өвчилсөн”. Гэхдээ яагаад болохгүй гэж. Цээлхэн хоолойтой атал хамтлагийнхаа гоцлол дуучин болохын төлөө огт тэмцэлддэггүй чанар, ДОХ болон хавдрын эсрэг хүмүүнлэгийн аяны эн тэргүүнд зогсдог нь хүүхдүүдэд үлгэр дуурайл болох учраас тэр. Өнгөрөгч онд хамтлагаараа “Грэмми”-ийн наадмаас зургаан ч шагнал хүртэж, өөрийн нэрийн үнэртнийг худалдаанд гарган, жүжигчин Жорж Дюхамелтэй гэрлэсэн гээд Фергигийн ажил, амьдрал амжилтаар дүүрэн байсан.

-26 долоо хоногийн турш шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж, зургаан “Грэмми” өвөртөлж, аялан тоглолт хийгээд л хамтлагийнхан тань уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Шагнал гардах үед ямар сэтгэгдэл төрж байв? -Яг одоо өмнөөс тань хараад сууж байгаа шиг л хүлээж авсан. Би угаасаа амархан баярлаж догдолдог хүн биш л дээ. Аав ээж хоёр минь бас хойт аав маань тайзан дээр гарах үедээ биеэ барихыг Жош бид хоёрын хэн хэнд нь их захисан юм. Яг шагнал гардах үед тэд ирж чадаагүй л дээ. Тайзан дээр гараад шагнал авах үед “Энэ бүхнийг би л хийсэн” гэж цээжээ дэлдэх хүсэл сонирхол огт төрдөггүй юм билээ. Би их сэтгэл хөдлөл багатай хүн.
-Чухам юунаас болоод сэтгэл хөдлөл багатай хүн болон төлөвшсөн юм бол? -Гэр бүлийн хүмүүжлээс. Гэхдээ би эрс өөрчлөлт хийх бодолтой байгаа. Саяхан хувцасны шүүгээгээ цэвэрлэлээ. Гэтэл бүр зургадугаар ангид байхдаа өмсөж байсан цамц ч байж л байх юм. Их өвөрмөц хүн байгаа биз. Тэгээд “Би яагаад одоо болтол үүнийг хадгалж байгаа юм бол?” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Энэ тухайгаа сэтгэл зүйчтэйгээ ярилцаад өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Бага байхад ээж минь миний хувцаснуудыг сүмд хандивладаг байсан юм. Тиймээс олон жилийн өмнөх хувцсаа ч хадгалах зуршил тогтчихож.
-Шоу бизнесийн ертөнц хоёрдмол шинжтэй гэдэг. Нэг нь тухайн тойрогт орсон хэн бүхнийг сэтгэлийн дарамтад оруулж чаддаг байдал. Уран бүтээл нь амжилт олохгүй бол бүр ч хүнд тусдаг гэдэг. Харин та энэ бүхнийг хэрхэн даван туулж байна вэ? -Азаар би бүр жаахан охин байхаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг байсан. Тиймээс сэтгэл гонсойж, урам хугарсан ч би зорилгоосоо буцаж, шантардаггүй. Миний дотоод ертөнцөд юунд ч үл няцах агуу хүч оршдог. Би бол амьдрал, хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч.
-Аяллыг адал явдалтай байх тусам амттай болдог гэж үздэг цөөнгүй хүн бий. Та тэдний нэг мөн үү? -Эргэлзээгүй мөн. Аав минь намайг бүр жаахан байхаас “Амжилт бол аялал” гэж сургадаг байлаа. Харин энэ сургаал нь аялан тоглолтын үеэр ядарч, тамирдсан үед хүч сэлбэдэг байсан.
-Гэхдээ таныг бие муутай гэж сонссон. Гэсэн атал хэрхэн энэ бүхнийг амжуулсан юм бэ? -Зогсолтгүй ажиллаад л…
-Би тоглоогүй байна аа. -Би зүрх муутай, бас биеийн дархлаа их сул. Тиймээс өдөр бүр иог хийдэг. Бас явган аялах дуртай. Аялан тоглолтынхоо үеэр ч би дасгалжуулагчтайгаа хамт явдаг. Үүнийг би өөрийнхөө төлөө хөрөнгө оруулж, өөрийгөө хайрлаж байгаа явдал хэмээн хүмүүст тайлбарладаг юм.
-Аав, ээж хоёр тань багш байх аа. Харин та их сайн сурлагатай оюутан байсан гэдэг. Тэдний мэргэжил танд нөлөөлсөн үү? -Бүр их нөлөөлсөн. Боловсрол гэдэг манай гэр бүлийн хувьд тун чухал зүйл. Би бүр хоёр настай байхдаа л уншиж сурсан. Ээж минь намайг жоохон байхад дэргэдээ суулгачихаад хамт ном уншдаг байлаа.
-Та бас хүүхэд байхдаа л шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Гэхдээ тэдний олонх нь онохоосоо илүүтэй алддаг. Харин гэрийнхэн тань таныг хэрхэн жолооддог байв? -Юуны өмнө гэрийнхэн маань миний хөдөлмөрлөж олсон мөнгөнд огт гар хүрдэггүй байсан. Намайг мөнгөө дэмий зүйлд үрж, буруу зам руу орох вий гэхээсээ итүүтэй тэд надад итгэдэг байсан нь намайг зөв зүгт жолоодох түлхүүр болсон.
Нэг удаа би ээжтэйгээ хамт дэлгүүр хэсэж байлаа л даа. Нэлээд үнэтэй, тансаг хэрэглээний зүйлс зардаг дэлгүүрт ороод хүрэм авах гэтэл “Сүмд хувцсаа хандивладаг жаахан охин минь ийм том болчихсон юм уу” гэж билээ. Тэр үг надад их том сургамж болсон. Хэрхэн энэрэнгүй, өгөөмөр байхыг би ээжээсээ сурсан.
-Биеийн галбирын тухай ярилцъя л даа. Би саяхан нэг аймшигтай тоо баримт сонссон. Эмэгтэйчүүдийн ердөө л хоёр хувь нь гадаад байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. -Биеийн галбир, царай зүсээ голох гэдэг асуудал бараг л энгийн үзэгдэл болж. Их гунигтай байдал шүү. Өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй бүсгүйчүүддээ “Та энэ хорвоо дээр ганцаараа биш шүү” гэж хэлье. Хэрэв та зөв сонголт хийж чадвал өөрийнхөө сайн сайхан, давуу талыг өдрөөс өдөрт илүү мэдрэх болно.
-Нөхрийн тань тухай асуумаар санагдлаа. Та хоёр гэрлээд хоёр жил гаруй болж байна. Эхэндээ хэвлэлийнхэн та хоёрын тухай үнэн, худал мэдээлэл их бичдэг байсныг би тод санаж байна. Энэ үеийг хэрхэн даван туулав даа? -Бид хүмүүсийн бодож байгаагаас ч илүү бат бөх хайр сэтгэлийн харилцаатай гэдгээ сайн мэддэг байсан. Бусдын хазгай гишгэхийг хүлээж байдаг ертөнцөд бид амьдардаг. Энэ бол шоу бизнесийн ертөнцийн нэг тал. Би хэвлэлийнхний анхаарлыг татах дуртай. Заримдаа огт нүүрээ будалгүй гудамжаар явган алхдаг. Явган аялал хийх дуртай ч нөгөө талаас папараццичдын анхаарлыг татах нь бизнест ч тус дөхөм болдог.

Tuesday, April 19, 2011

Дуу эх барих тасаг

Их хотын шуугиант амьдрал хэдийнэ эхэлжээ. Гудамжаар машинууд сүлжилдэж, ажилдаа яарсан олны цуваа үл тасарна. Долоо хоногийн эхний өдрийн дүр зураг хэзээд л ийм байдаг. Шинэ долоо хоног эхлэхтэй уралдан хүмүүс их ажлын эхлэлийг тавьж, эмнэлэг бараадахдаа ч энэ өдрийг сонгодог хачин зуршилтай. Тиймээс даваа гаригийн өглөөгүүр гудамжнаа хүний хөл эрс нэмэгдчихдэг. Хаврын яг ийм нэг хөл хөдөлгөөн ихтэй өглөө “Uр” продакшныг зорилоо. Өнгөрөгч оны аравдугаар сард эрийн цээнд хүрч 21 жилийн ойгоо тэмдэглэсэн “Харанга” хамтлагийн аргил гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбатын нэг өдрийн амьдралтай танилцахаар ам алдуулсан учраас тэр. Үнэндээ бүтэн өдрийн ажлыг нь сурвалжлах хүсэлтэд минь тэрбээр яг таг зөвшөөрсөн хариу өгөөгүй боловч, бас татгалзаагүй. Тиймээс түүнийхээр утсаар ярьж байгаад уулзахаар товлосон өдрийн өглөө 10.00 цагийн үед ажил дээр нь очлоо. Продакшн нь эзгүй, утас нь салгаатай. Хамтран зүтгэгч Н.Халиун руу нь утас цохилоо. “11.00 цагийн үед ажил дээрээ очих ёстой” гэсэн хариу сонсоод хүлээхээр шийдэв.

11.20 Ингэхэд бид гавьяат жүжигчин Ц.Чулуунбатын тухай юу мэдэх билээ. “Харанга” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, өдгөө хөгжмийн зохиолч, продюссер, найруулагч гэх олон ажил нэгэн зэрэг амжуулж яваа тэрбээр 2008 онд “Миний гудамж” нэртэй тоглолт хийх үеэрээ сэтгүүлчдэд ярилцлага өгч байж. “Бага тойруугийн буюу Соёл урлагийн их сургууль хавийн гудамж бол “Чукагийн гудамж” байгаа юм. Би тэнд төрж, өсөж, бас дурлаж хайрласан. Анх тэр л гудамжинд би урлагтай учирсан. Залуухан ч байж дээ, тэгэхэд. Одоогоос 30 жилийн өмнө гэсэн үг. Бас хайрттайгаа учирсан. Барилгачдын соёлын ордны тэр хавьд байлаа. Хайрын сэтгэл чамдаа шүү, чамдаа Хайрт минь чи итгээрэй…” гэдэг дуугаа тэр охинд зориулан 30 жилийн өмнө гудамжиндаа бичиж байлаа. Тэр гудамжинд миний 30 жилийн амьдрал, 30 жилийн дурсамж үлдсэн байна” хэмээн ярилцлагынхаа үеэр дурссан байна. Түүнд дурсах зүйл их. Гэхдээ л тэр бүр хэвлэлийнхэнд ярилцлага өгдөггүй. Нэг тийм уриалгахан атлаа нуугдмал нэгэн гэх дүгнэлт хийлээ. Урлагт чин сэтгэлээ зориулсан гэдгийг нь хэдэн арваны түүх гэрчилнэ. Зохиосон хөгжмийн аялгуу нь цаанаа л уянгалаг. Магадгүй энэ уриалгахан зантай нь холбоотой биз.

11.30 Ийн дүгнэлт хийж дуусаад тэсвэр алдан 9911…. дугаарт дахин залгалаа. Өглөөнөөс хойш залгах бүрт хариу өгч байсан бүсгүйн “Таны залгасан дугаар…” гэх ярианы оронд дийд, дийд… Тэр зуслангаасаа ирж яваагаа дуулган, бас өдөржин студидээ өнжихөө сануулаад, өдрийн ажлаа танилцуулахаар тогтлоо.

12.00 Үд дунд бид гавьяатын гэрийн гадаа очлоо. Урлагийнхны амьдрал их өвөрмөц. Өглөөгүүр тэр бүр ажил эхлэхгүй ч, шөнө тарахаа мэдэхгүй. Тиймээс уншигч та “Үдийн цайны цаг дөхөж байхад гэрээсээ дөнгөж гарч байгаа нь энэ үү” хэмээн гайхах хэрэггүй. Дуучдын хоолой өглөөгүүр “унтаж” байдаг гэдэг. Тиймээс дуу бичлэгийн ажил үдээс өмнө, тэр байтугай үд дунд эхлэх нь ч ховор. Гэхдээ Чука ажлынхаа онцлогийн тухай тайлбар огт хийсэнгүй. “Манай ажил их аажуу эхэлдэг” гэх нь тэр. Олон таван үггүй товч бөгөөд тодорхой ярихыг чухалчилдаг аж. Түүний оронд “Би ч сонин хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн дээ” гэсээр машиныхаа хаалгыг онгойлгож өглөө. Цайны цагаар хувийн ажлаа амжуулах гэж яарсан хүмүүсийн цуваа түгжрэл үүсгэчихдэг. Гэсэн ч замын хөдөлгөөний ачаалал, гарцгүй газраар машины урдуур ухасхийн гүйх явган зорчигч, дүрэм зөрчин хажуугийн эгнээ рүү шахах жолоочийн үйлдэлд огтхон ч бухимдсан шинжгүй машинаа барьсаар л… Энэ завсар түүний утаснууд завсар зайгүй тачигнана. “Би яг 25 минутын дараа ажил дээрээ очно” хэмээн хариулж байгаагаас нь харахад ажилдаа хэзээ очихыг нь асууж, уулзалт товлож байгаа хүмүүс бололтой. “Хөгжмийн зохиолчийн төмөр хөлөгт ямархан аялгуу эгшиглэдэг бол?” гэсэн бодлыг минь уншсан мэт хөгжмөө асаалаа. Майкл Бублегийн “Feeling good” эгшиглэнэ.

12.20 Түүний төлөвлөж байснаас яг таван минутын өмнө бид хуучнаар “Centerpoint”-ын гадаа ирлээ. “Зогсоол олдох нь уу. Заримдаа би машинаа тавих гэж энд 30 минут болдог” гэсээр жолоогоо эргүүлтэл ашгүй сул ганц зогсоол үлдэж.
12.25 “Canon” төвийн наймдугаар давхарт “Up” продакшн “Apple” зоогийн газартай зэргэцэн байрлана. Хаалгыг нь татмагц цагааныг ногоонтой хослуулсан модерн маягийн засалтай хүлээлгийн өрөө. Баруун гар талд хөгжмийн найруулагч Н.Халиун, зүүн талд нь найруулагч Ц.Чулуунбат гэсэн хаягтай хаалга харагдана. “MN 25 дугаар суваг” телевизээр гарч буй “Making the band” нэвтрүүлгээр харж байсанчлан Чука ахын өрөөний үүдний хэсэгт цагаан өнгийн буйдан, цонхон тушаа төгөлдөр хуур тавьжээ. Үүдний хэсгийн паркетан шал толь шиг гялалзаж, хоймор хэсэгт цагаан хивс дэвссэн нь ширхэг ч толбогүй нь эзнийхээ тун цэвэрч, няхуур нямбай гэдгийг түвэггүй хэлээд өгнө. Унтраалганаасаа “16-99 УБК” гэсэн машины дугаар өлгөчихөж. Сонирхон учрыг нь лавлавал “Анх машин автал танил маань ямар дугаар авах хүсэлтэйг минь асуулаа. Тэр үед л энэ дугаарыг авсан. Би хоёрдугаар сарын 16-нд төрсөн. Харин арын 99 гэсэн тоог монголчууд есийн тоог эрхэмлэдэг учраас сонгосон” хэмээн тайлбарлалаа.
Уг нь түүний ажил өдөр тутмын сонин уншихаас эхэлдэг гэнэ. Биднийг хүлээлгэчихсэн тул яарч байгаад сониноо мартчихсан аж. Тиймээс энэ удаа өрөөгөө цэгцэлж, ноотны цаасаа бэлдэхээс ажлаа эхэллээ.

12.40 Ширээн дээрх зүйлсээ эмхэлж цэгцэлж дуусахтай зэрэгцэн продюссертэй уулзах гэсэн эхний зочид ирлээ. Рок попын ертөнцөд цоо шинэ төрхтэй охидын хамтлаг бэлдэж байгаа түүнд шалгуулахаар олон охид хандсанаас нэвтрүүлгийн хамт олон шигшиж, нэгийг нь шалгуулахаар авчирчээ. Түүнийг Г.Уянга гэх бөгөөд ШУТИС-д сурдаг гэнэ. Өөртөө итгэлгүйхэн дуулсны дараа бас бүжиглэж үзүүллээ.
Чука ах надад “Манай рок попын ертөнцөд нэг бол бүжиглэдэг, эсвэл сайн дуулдаг охидын хамтлаг байна. Харин би сайн ч бүжиглэдэг, сайхан ч дуулдаг хамтлаг бэлдэхийг л чухалчилж байна. Зарим хүмүүс хамтлагийн маань охидыг царай зүсээр нь голж байна гэсэн. Бид ямар миссийн тэмцээн явуулж байгаа биш дээ” хэмээн тайлбарласан. “Та охидоо ямар шалгуураар сонгосон юм бэ?” гэж асуувал “Сайн дуулдаг, бас аливааг амархан тусгаж авдаг байх хэрэгтэй” гэв.

13.00 Г.Уянгыг шалгуулж дуусаагүй байхад дараагийн хүн уулзахаар ирсэн нь “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат. Тиймээс Чука ах тэр даруй дараагийн уулзалтаа эхлүүллээ. “Алтан ураг”-ийнхан энэ онд цуврал дөрвөн тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнийхээ менежментийн ажлыг даатгах хүсэлтэйгээ дуулгахаар иржээ. Б.Эрдэнэбатыг ардын хөгжмийг рок поп болон сонгодог урлагтай хослуулж, мөн нийтийн дуучидтай хамтарч болон дан язгуур хөгжмийн гэсэн дөрвөн тоглолт хийх бодолтойгоо танилцуулсны дараа продюссер Ц.Чулуунбат хэд хэдэн зөвлөгөө өгснөөр тэдний уулзалт дуусав.

13.35 Ажил хэргийн яриа өрнөж байх зуур “Anemone” хамтлагийн охид ирчихсэн хөгжмийн найруулагчийн өрөөнд шинэ уран бүтээлээ сургуулилалж байв. Охидтой мэндэлж, бэлтгэл сургуулилалтынх нь тухай асууж, лавлаж дуусаагүй байтал дараагийн зочин ирлээ. Энэ удаагийн зочин продюссер Ц.Чулуунбаттай биш, Урлагийн гавьяат зүтгэлтэнтэй уулзахаар ирсэн аж. Зураач Ц.Болдбаатар улс төр, урлаг соёлын алдартнуудын хөргийг зурдаг нэгэн. Өнгөрөгч онд барималч Ж.Энхтүвшинтэй хамтран “Алга дарам газар” үзэсгэлэн гаргаж байсан тэрбээр “Харанга”-аар овоглодог хоёр ч хүний хөргийг зурж амжсанаа дуулгаад, шууд ажилдаа орлоо. Олон жилийн өмнө хөрөг зураачид хөштөл нь суулгадаг байсан бол орчин цагт зургийг нь авчихаад түүнийгээ өнгө, будгаар ялган зурдаг болсон гэнэ. Тиймээс тэрбээр хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатыг төгөлдөр хуурынх нь ард харандаа бариулан суулгаад зургийг нь авлаа. Ингэхдээ “Аль болох өөрийнхөөрөө чөлөөтэй суу. Энэ хөөрхөн булцгар гараа ил гаргачих” хэмээн зааварлана. Хариуд нь “Шинэ дуугаа сонсгохоор төгөлдөр хуур тоглон дуулж суухад хүмүүс над руу биш гар луу л хараад байдаг. Булцгар болохоор их содон харагддаг шиг байгаа юм” гэв. Гурван ч зураг дарсан зураач ажлаа дууссаныг мэдэгдэж, бид дараагийн ажилдаа орлоо.

14.00 Уг нь дараагийн ажил охидын шинэ дууны бичлэгийг хийх байсан юм. Студийн өрөөнд “Making the band” нэвтрүүлгийн зургийг авч байсан тул хүлээлгийн өрөөнд охидын бүжгийн бэлтгэл хэр хангагдсаныг шалгаж байгаа нь хугацаа хожиж байгаа хэрэг.
Түргэн хэмнэлтэй, хурц шийдэлтэй бүжгээ тэд анхны дуугаа дүрсжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.
Бүжгийн бэлтгэл шалгах ажил дуусаагүй байхад захирал Ц.Чулуунбатыг сурагласаар нэгэн бүсгүй орж ирсэн нь Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хариуцсан байцаагч. Энэ сарын 15-нд эхэлсэн тооллого ид өрнөж байгаа бололтой.

14.30 Үдийн цайны цаг үргэлжилж байхад хамтлагийнхны бичлэгийн ажил эхэллээ. Студид продюссер Ц.Чулуунбат, хөгжмийн инженер Н.Наранбаатар, хамтлагийн охидоос гадна “Making the band” нэвтрүүлгийн редактор, хөтлөгч, хоёр зураглаач иржээ. Энд дуу бичлэгийн ажилтай зэрэгцэн, нэвтрүүлгийн зураг авах ажил өрнөнө.
Шинэ залуу дуучдын хоёр дахь дууны бичлэг санасныг бодвол удаан үргэлжиллээ. Эхний хоёр мөрийг л гэхэд дахин дахин дуулсны эцэст хагас цагийн дараа бичиж дуусгав. Энэ хооронд продюссер хаана, хэрхэн нугалаа хийхийг, дууны аль хэсгийг охидын хэн нь дуулахыг зааварлана. Бас дуулж байхдаа ямар алдаа гаргаж байгааг хэлж, анхааруулна. Тэр бүрийд охид алдаагаа дор нь засаж, продюссерийнхээ зааврыг яг таг биелүүлэх аж. “Аливааг амархан тусгаж авах ёстой” гэсэн шаардлагад тэнцсэн охид болохоор тэр.

16.30 Нар хэдийнэ гудайж, албан хаагчид ажил тарах цаг хүлээн цаг руугаа байн байн хяламхийдэг үе. Харин “Up” продакшны студид ажил ид өрнөнө. Студийнхэн хоол ирэх үеэр л арайхийн амсхийх зав гаргав. Гэхдээ хоолоо ч бүрэн идэж амжилгүй шинэ дууны дахилтыг бичихээр ханцуй шамлалаа. Утсанд нь дуудлага ирэх үед “Би яг одоо бичлэгтэй байна. Хамаг анхаарал тийш төвлөрчихсөн байгаа болохоор ярьсныг чинь сайн ойлгосонгүй. Дуусмагцаа залгая” гэж хариулж байгаа нь аргагүй л ажилдаа шимтсэнийх. Гэхдээ түргэн дуусгах гэж хичээгээгүйг нь удалгүй мэдсэн юм.
Үгийг нь анхааралтай сонсох охиддоо продюссер Чука хатуу үг хэлж, зандрахаас илүүтэй жишээ аван тайлбарлаж, ойлгуулахыг хичээнэ. “Дууг хоол гэж үзвэл хөгжмийн зохиолч, яруу найрагчид таваг, үндсэн бүтээгдэхүүнийг нь бэлдэж харин дуучид чимэглэдэг юм. Тиймээс сэтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хөгжмөө мэдэрч дуул. Мэргэжлийн дуучдад бол үүнийг дуундаа ор гэж хэлдэг” хэмээн тайлбарлалаа.

20.00 Охидын шинэ дууг бичих ажил үргэлжилсээр л… Энэ хооронд завсарлах эрх ганц л удаа өгсөн боловч таван минут ч болоогүй байхад бүгд л ажилдаа эргэн шамдсан. “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээж ээ” хэмээх шинэ дуу дуншсаар л байх. Хэдийгээр дууны дахилтын бичлэг жигдэрсэн боловч, өнгө салгах бичлэг дөнгөж эхлэв. Залуу дуучдын хувьд энэ хамгийн хүнд хэсэг нь бололтой. Нэг мөрийг дахин дахин давтана. Толгойд цээжлэгдэж, чихэнд хоногштол дуулна. Гэхдээ л дуу бичих ажил дуусах нь байтугай дундраа ч үгүй гэнэ. Багагүй ядарсан охид 20.00 цагт эхлэх нэвтрүүлгээ үзэхээр хүлээлгийн өрөөг зорьж, харин продюссер, хөгжмийн найруулагч болон хоёрдугаар бадгийг бүтнээр дуулах хамтлагийн шинэ гишүүн А.Халиун нар студид хоцорлоо.

21.00 Энэ өдөр хоёр ч дуу бичнэ хэмээн Чука ах ажил эхлэхийн өмнө дуулгасан боловч ажлын цаг хэдийнэ дуусчихаад байхад дараагийн дуучин ирээгүйд гайхан суутал дуучин С.Наран ирлээ. Охидыг бодоход олон жил дуугаа бичүүлж, туршлагажсан дуучны бичлэгийн ажил шулуухан үргэлжилсэн. Гэхдээ төсөөлж байсан шиг хурдан дууссангүй.

21.45 Албан байгууллагууд үүдээ барьж, ажлын цаг дууссан цагаар ажлын энэ өдрийн сүүлийн зочид айлчиллаа. “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Буриадын гавьяат жүжигчин Амархүүгийн аав тэргүүтэй таван хүн. Тэд бүгд хөгжмийн зохиолчид дууны захиалга өгөхөөр ирсэн гэнэ. Уулзалт продакшны дэргэдэх зоогийн газар үргэлжилж, энэ үеэр охидын анхны дууг дүрсжүүлэх талаар ч тохиролцоод амжив.

01.30 Хотын гудамжинд хөл хөдөлгөөн эрс татарч, айлуудын цонхоор хаа нэг гэрэл ёлтойно. Их хотын үдэш нам гүм. Урин цаг ирснийг сануулах мэт бүлээн салхи үлээсэн үдэш продюссер, хөгжмийн зохиолч, захирал, аргил гитарчин, дуучин гэсэн бүх ажлаа орхиод өрхийн тэргүүн Чулуунбат гэр лүүгээ яарлаа.

Ева Лонгория: Миний хамгийн чухал брэнд бол хайр



“Яахаас ч буцахгүй эзэгтэй” Еваг Лонгорияг кино сонирхогчид төдийгүй спортын хорхойтнууд ч андахгүй. Сагсан бөмбөгч Тони Паркертай дотносон, 2007 оны долдугаар сарын 7-нд шоу бизнесийн ертөнцийн хамгийн сүр дуулиантай хурим хийсэн учраас тэр. Өнгөрөгч долоо хоногт гэр бүлээ цуцлуулж, шар хэвлэлүүдэд түүний тухай мэдээлэл багагүй хэвлэгдэх болсон. Тиймээс хатагтай Лонгория хувийн амьдрал болон сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сониноо дуулгахаар “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ.

-Ева Лонгориягийн тухай тайлбар хийх нь илүүц биз. Хэрэв та түүний тухай сонин хэвлэл, зурагтын нэвтрүүлгүүдээс хангалттай мэдээлэл гэж бодож байгаа бол түр азнаарай. Бид таныг гайхашруулах олон арван нууцыг дэлгэх болно. -Сэтгэл зүрхэндээ юу тээж явдаг болон Ева Лонгория гэгч үнэндээ ямар хүн болохыг энэ ярилцлагаас мэдэх болно.
Пирс, та энэ ярилцлагыг шимтэн үзэхүйц болно гэдэгт надаас ч илүү итгэлтэй байгаа байх аа?
-Бид өнөөдөр шоубизнес болон улс төр болон түүний хайр дурлал, хувийн амьдралын тухай ярилцах юм. -Магадгүй нэг цаг бидэнд хангалтгүй байх.
-Тантай ярилцахын өмнө өөрийн чадах хэрээр Ева Лонгорияг тодорхойлохыг оролдлоо. Гэтэл сайн продюссер, жүжигчин, найруулагч, бизнес эрхлэгч, загвар өмсөгч гэх дүр зураг бууж байна. Та хувийн зоогийн газар, шөнийн цэнгээний газартай, бас улс төрд сонирхолтой, нигүүлсэнгүй нэгэн. Тэгээд л эцэст нь бурхан минь түүний авьяас гэж шавхагдашгүй юм аа хэмээн дуу алдсан. -Тийм ээ, яг тан шиг жагсаалт гаргавал миний цөөнгүй зүйл хийдэг болохыг анзаарах болно.
-Гэхдээ пасспорт дээр чинь таны мэргэжлийг хэрхэн бичсэн байдаг вэ? -Мэдээж жүжигчин.
-Амралт бол агуу үйлсийг бүтээхэд нөлөөлөх чухал зүйл. -Гэхдээ миний хувьд бол амралт гэдэг сонирхон дурладаг зүйлээ хийх явдал.
-Өнгөрсөн хугацаанд юу таны завийг ийм хүчтэй түрж байв аа? -Сургууль маань. Одоогоор би магистрийн зэрэг хамгаалахаар сурч байгаа. Сурахын сайхныг илүү их мэдэрч байгаа болохоор арай залуу байхдаа сурсан ч болоосой гэж бодогдох болсон. Хүн нас ахих тусам мэдлэг, боловсролын үнэ цэнийг мэдрэх юм. Сониуч зан маань ч үүнд түлхэц болж байна.
-Та ямар мэргэжлээр сурч байна вэ? -Чикано судлал болон улс төр судлаач.
-Чикано судлал гэдэг нь юу гэсэн үг вэ? -Америк, Мексикийн улс төр, түүхийн тухай судалдаг.
-Тэгэхээр Испани хэл сурах шаардлага гарч байна уу? -Тийм ээ. Үүнээс өмнө бас франц хэл сурсан.
-Шал дэмий зүйлд цаг гарздаж байгаа юм шиг санагдахгүй байна уу? -Үгүй дээ. Гадаад хэл сурна гэдэг их чухал зүйл. Миний бодлоор АНУ бол даяаршлыг дэмжиж буй цорын ганц улс. Тиймээс энэ орны иргэд олон хэл сурсан байх хэрэгтэй биз дээ.
-Та цагаачлалын тухай ямар бодолтой байдаг вэ? -Энэ их том асуудал л даа. Хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээс болоод хүмүүс энэ асуудалд хэт өрөөсгөл хандах гээд байдаг. Латин Америкчуудыг гэхэд л зөвхөн мексикчүүдээр төлөөлүүлж, Мексик гаралтай хүн бүр хууль бусаар цагаачилж ирсэн гэсэн ойлголттой байх жишээтэй. Гэтэл үнэндээ бодит байдал үүнээс тэс өөр шүү дээ. Хэн ч хууль бусаар цагаачлахыг хүсдэггүй.
-Та Холливудын бусад жүжигчнээс их өөр. Дийлэнх жүжигчин өөрсдийнхөө рейтингийг өсгөх гэж л хүмүүнлэгийн ажилд оролцдог. -Хүмүүнлэгийн ажилд оролцох, нийгэмд идэвхтэй байх эсвэл нигүүлсэнгүй байх гэдэг хоорондоо тэс өөр зүйлс. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл сонирхол бий. Тиймээс би өөрийгөө дөвийлгөх ч юм уу, бусдын хийж буй ажлыг дорд үзэхийг хүсэхгүй байна.
-Суусан сандал нь тухгүй байна хэмээн гомдоллож байсан хүнийг би л хувьдаа мэдэхгүй юм. -Яагаад гэдгийг нь та мэдэх үү? Үнэндээ би юм бүхэнд гомдол гаргадаг ямбатай хүн биш. Энэ сандал дээр суухаар заавал нуруугаа цэх болгон суух хэрэгтэй болчихоод байна. Харин би бөгтийж суугаад тантай тухтай, илэн далангуй ярилцмаар байна.
-Та яг л Опрагийн жижиг хувилбар шиг харагдаж байна. -Тийм үү. Үнэндээ би түүнийг биширч, үлгэр дууриал болгодог. Тиймээс ч түүний хийсэн бүхнийг нь дагахыг хичээдэг. Би өөрийн продакшнтай, буяны үйлс хийдэг. Бас өөрийн нэрийн үнэртэй ус, хоолны жор бүхий ном гаргасныг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш олон зүйлийг би түүнээс суралцсан. Гэхдээ түүний хийсэн зүйлсээс надад юу нь илүү таалагддаг гээч. Түүний брэндүүд.
-Тэр брэндийн тухай хэнээс ч илүү мэдэх байх. -Тийм шүү.
-Опрагийн брэндүүдийг хүн бүр мэднэ. Харин Ева ямар брэндтэй вэ? -Магадгүй Опрагийнхтай адилхан байх. Хэдийгээр би өөрийн нэрийн үнэртэй ус гаргаж, зоогийн газар, шөнийн цэнгээний газар ажиллуулдаг ч Опрагийн адил миний хамгийн чухал брэнд бол хайр. Мэдээж бас шударга ёс, итгэл найдвар, хүсэл сонирхол.
Би өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээр энэ бүхнийг илэрхийлэхийг л чухалчилдаг. Продюсерлэж, найруулсан кинондоо, эсвэл хийсэн хоол, тоглосон дүрдээ ч энэ үзлээ нэвт шингээхийг хичээдэг.
-Та аливаа асуудлыг бөөрөнхийлж тойруулах дургүй нэгэн юм шиг ээ. -Тийм ээ. Би элдэв замбараагүй асуудалд дургүй нэгэн.
-Тийм байна. Та аливаа асуудлыг шулуухан хэлчихдэг, харцаараа л өөрийгөө илэрхийлчих юм. -Яг үнэн.
-Сэтгэл хөдлөлөө ч ний нуугүй илэрхийлэх юм. Хүмүүс тэр бүр тан шиг байж чаддаггүй. -Дийлэнх хүн аливаа асуудлыг шулуухан ярьж, сэтгэл хөдлөл, бодол санаагаа шууд илэрхийлж чаддаггүй. Харин би ийм байдлыг үзэн яддаг. Зөөлөн гар атган мэндчилдэг хүмүүст би дургүй. Муухан гар барихаас илүү таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл гэж үгүй.
-Хэн танд үүнийг сургасан юм бэ? -Гэр бүлийнхэн маань. Хүүхнүүдийн ертөнцөд өсөж хүмүүжсэн гэдгийг минь та мэдэх байх. Би есөн авга эгчтэй. Бас эгч дүү дөрвүүлээ.
-Тэд бүгд их тэсвэр тэвчээртэй, төмөр шиг л хатуу бүсгүйчүүд байх, тийм үү? -Тийм ээ. Тэсвэр тэвчээртэй, чанга хүүхнүүд бий. Би ахлах сургуулиа төгсчихөөд коллежид сураагүй. Хэдийгээр маш их хүсэж байсан боловч коллежид орж чадаагүй. Гэхдээ гэртээ байхдаа их зүйлийг сурч мэдсэн. Аав минь их чанга, хатуу хүн. Харин ээж минь өрөвч, зөөлөн нэгэн.
-Танд алдар хүндтэй байх таалагддаг уу? -Сайхан асуулт байна. Алдар нэр надад ажлаа сайн хийх боломж олгодог. Ялангуяа нийгмийн ажил хийхэд энэ зүйл их тус болдог шүү. Үүний ачаар олон мянган хүн миний дуу хоолойг сонсож, ажилд минь анхаарал хандуулдаг.
-Өөрийнхөө тухай мэдээллийг шар хэвлэлээс уншихад ямар сэтгэгдэл төрдөг вэ? -Хөгжилтэй санагддаг.
-Шар сонинд арав, хорь дахин гарсан мэдээлэл үнэн хэрэгтээ ор үндэсгүй худал гүтгэлэг байх нь ч бий. -Тийм шүү. Би өмнө нь их нээлттэй, илэн далангуй ярилцлага өгдөг байсан. Хувийн араншин минь болохоор тэр. Гэрлэлт, хайр дурлалын асуудал гээд бшх зүйлээ дэлгэдэг байсан. Харин худал мэдээлэл нийтлэгдэх болсон нь намайг улам нууцлаг, хаалттай хүн болгож хувиргасан. Магадгүй шоу бизнесийн ертөнц дэх хүн бүр тэгж өөрчлөгддөг байх.
-Та Тони Паркерийг амьдралыг хамт туулах цорын ганц хүн гэж итгэж байсан шиг санагдсан. -Тийм ээ, би итгэж байсан. Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Биднийг хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулахаас өмнө “Хэрвээ салахаас аргагүй болвол эхлээд түүнийг ална” гэж хошигнодог байлаа.
Гэхдээ хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй юм байна. Олон хүн түүнийг үзэж ядаж, амьдралыг нь сүйтгээсэй гэж хүсдэг байсан. Харин би үүнийг хүсээгүй. Би түүнд зөвхөн сайн сайхныг л хүсэж байсан. Хайр сэтгэл минь хөрөөгүй байсан болохоор тэр. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгоогүй.
-Энэ бүхэн дуусахад танд ямар сэтгэгдэл төрж байв? -Сэтгэл өвдсөн. (уйлав) Би анх удаагаа олон нийтэл энэ тухай ярьж байгаа болохоор биеэ барьж чадахгүй байна. Уучлаарай.
Үүнээс хойш хатагтай Паркер гэж дуудуулахгүй болсондоо зүрх минь их шаналж байсан. Түүнгүйгээр би хэн юм бэ гэсэн бодол толгой ээрч байлаа.

Sunday, April 10, 2011

А.Ганчимэг: Урлагийн ариун сүмийн босгыг давж амжаагүй л байна

А.Ганчимэг гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Зулаа гэвэл хүмүүс түүнийг андахгүй. Өнгөрөгч хавар СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч түүний тоглосон цөөнгүй үзэгчдийн хүртээл болоод амжсан. Кино урлагт шинэ үе хүч түрэн гарч ирж байгааг баталсан залуусын давалгаанд уухай нэмэх УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг шинэ зууны Жульеттагаар сонгогдоод байгаа билээ.
Уулзах цаг товлохоор утас цохих бүрт тэр дуугаа намсган шивнэж “Би завгүй байна аа” гэнэ. Жүжгийн бэлтгэл, киноны зураг авахуулаад завгүй байгаа нь тэр. Маргааш нээлтээ хийх “Домогт Ану хатан” жүжгийн олны хэсэгт тоглож байгаа түүнтэй завсарлагааных нь үеэр уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо дуулгаач.
-Хоёр ч киноны зураг авахуулаад саяхан дууслаа. Нэг нь “Wizard” продакшны “Нэг хоёрын гурав аа” нэртэй инээдмийн кино, нөгөө нь “Рашаантын 18” нэртэй бүтээл. Тун удахгүй нээлтээ хийх болов уу.
-Бас “Домогт Ану хатан” маргааш нээлтээ хийх гэж байгаа болохоор нэлээд завгүй байгаа байх нь ээ. Энэ бүхнийг яаж амжуулж байна даа?
-Залуу байхдаа л их зүйл хийж амжуулахгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй шүү дээ. Хийх юмгүй гиюүрч явсанаас ачаалал ихтэй байх нь надад илүү сайхан байдаг. Хүн ачаалал ихтэй байх тусам ажлаа илүү амжуулдаг гэдэг шүү дээ.
-Ер нь Ганчимэгийн нэг өдрийн ажил хэд хүртэл үргэлжилдэг вэ?
-“Нэг хоёрын гурав аа” киноны үеэр бол өдөр нь ажлаа хийчихээд, шөнө нь киноны зургаа авахуулдаг байсан. Гэхдээ хэдэн өдөр нойргүй явахаар сүүлдээ бүр нойр хүрэхээ больчихдог юм шиг байна лээ. Зураг авахуулж байх үеэр нүдний ханиад нэлээд тархсан байсан. Нойргүй хонож байсны дээр нүдний ханиад тусчихаад нүд улайгаад хавдчихсан байсан ч хүйтэн усаар шавшчихаад л шөнөжин зургаа авахуулна. Унтах ч завгүй ажилласан хийх юмгүй сууснаас тэр нь илүү амттай байсан. Тухайн үед юу ч хийгээгүй зүгээр суусан бол эргээд дурсах юу ч үлдэхгүй шүү дээ. Хэдий ядарч, нойр алдсан ч эргээд санахад дурсамж, хийж бүтээсэн зүйлсээр дүүрэн, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлсэн гэж бодохоор сэтгэлд илүү өег байдаг.
-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүр л драмын театрт орохыг хүсдэг. Урлагийнхан “Ариун сүм” хэмээн хүндэтгэдэг энэ байгууллагын босгыг өндөр гэдэг. Харин Ганчимэг сургууль төгсмөгцөө орчихсоныг бодоход ахмадууд ирээдүйтэй жүжигчин гэж дүгнэсэн байх нь ээ?
-Драмын урлагийн алдартнууд бүгд л энэ театраар дамжиж, хоёр дахь гэрээ болгосон байдаг. Тиймээс ч жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүр энэ ариун сүмийн босгоор алхахыг хүсдэг байх. Драмын театрын үндсэн жүжигчин болохын тулд хоёр ч шалгалт өгдөг. Эхний шалгалтад тэнцсэн хүмүүс жил сонсогч жүжигчнээр ажиллаад, дахин шалгалт өгөөд тэнцвэл үндсэн жүжигчин болдог журамтай. Тиймээс босгыг нь өндөр гэдэг болов уу. Миний хувьд одоохондоо сонсогч жүжигчнээр ажиллаж байгаа тул урлагийн ариун сүмийн босгыг давж амжаагүй л байна. Ирэх сард дараагийн шалгалтаа өгөх байх.
-Одоохондоо түүнийг сайн мэдэхгүй л байна. Өөрийнхөө дүрийг хальсанд мөнхлөх хамгийн том боломж бол дэлгэцийн бүтээл гэж бодогддог. Харин тайзны урлаг бол хэдэн арван кинонд тоглосноос илүү нэр хүндтэй болов уу.
-Ганчимэгийн ойрын зорилт, хэтийн зорилгыг сонирхвол…
-Хүн бүрт олон арван зорилго, хүсэл мөрөөдөл байдаг. Би ч бас их олон зүйлийг мөрөөдөж, түүнийгээ хэтийн зорилго болгосон. Харин ойрын зорилтын гэвэл театрынхаа хоёр дахь шалгалтад тэнцэж, үндсэн жүжигчин болохыг л хичээж, өөрийгөө дайчлан ажиллаж байна.
-Тоглосон дүрүүдээс үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн нь аль нь вэ?
-“Хэцүү анги” киноны Зулаа л байх. Гадуур явж байхад хүмүүс “Зулаа явж байна. Билгүүн хааччихсан юм бэ” гэж их асуудаг.
-Зулаа Ганчимэг хоёрт ижил төстэй зан араншин бий юү?
-Ер нь бид хоёр их олон талаараа адилхан.
-Зулаа бол илэн далангуй, шулуун, нүүрэмгий охин. Ганчимэг ч бас тийм гэсэн үг үү?
-Үе үехэн ямар ч бодлогогүй худал хэлчихдгээс бусдаараа бол адилхан байх шүү. Магадгүй Зулаа намайг бодвол арай л нүүрэмгий охин байх.
-Олны танил болохын хэрээр элдэв цуу үг, худал яриа их гардаг. Ганчимэг энэ бүхэнд хэрхэн ханддаг вэ?
-Анх өөрийнхөө тухай элдэв цуу яриа сонсоод их гомдож байсан. Одоо ч гэсэн “Яагаад намайг ингэж хэлж байгаа юм бол” гэх бодол төрөхүйц зүйлс хүмүүс бичсэн л байдаг. Ер нь би бусдын алдаа дутагдал, өө сэвийг биш амжилт, давуу талыг нь урьтаж харахыг хичээдэг. Хүмүүсийг ч бас тийм байгаасай, хөдөлмөрлөж, ихийг хийж бүтээх гэж зүтгэж байгаа нэгэндээ дэм болж, өөлж гоочилдоггүй байгаасай гэж боддог. Хэрэв өө дутагдал ажиглагдвал хов жив болгох биш өөрт нь хандаад хэлчихэж болно шүү дээ.
-Ганчимэг бусдын дутагдлыг шулуухан хэлж чаддаг уу?
-Хэлэх ёстой хүндээ бол хэлж чаддаг. Түүнээс биш надаас олон оймс элээж, туршлага суусан нэгэнд би дутагдлыг нь хэлэх утгагүй шүү дээ. Тэгэх эрх ч надад байхгүй.
-Өнөөгийн залуусын талаарх бодол хоёр хуваагдаад байх шиг. Нэг хэсэг нь юм уншдаггүй, хэт их зугаа цэнгэл хөөсөн гэж буруутгадаг бол зарим нь боловсролтой, мэдлэгтэй болсон гэдэг. Ганчимэг харин энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Би үеийнхээ залуусыг өмөөрөх дуртай. Юм бүхэнд залуусыг буруутгадаг үзэл байсаар л байна. Мэдээж зугаа цэнгэл хөөсөн, идэвх, санаачлагагүй залуус бий л дээ. Гэхдээ тэднээс илүүтэй боловсрол, мэдлэгтэй, эх орондоо ихийг хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй залуус олон болсон байна. Хориод жилийн өмнө гэхэд л гуравдагч оронд гарч мэргэжил эзэмшдэг, эзэмшихийг хүсдэг залуус өнөөдрийнх шиг ийм олон байгаагүй. Нөхцөл боломж хомс байсан байж болох л доо. Гэхдээ өнөөдөр дунд сургуулийн сурагчид ч хөгжингүй орнуудад мэргэжил эзэмшиж, түүнийхээ үр шимийг эх орондоо гаргахсан гэж ярьдаг, хүсдэг болсон байна. Тэгэхээр Монголын залуус хөгжөөд, дэвшээд л байна гэж би хувьдаа боддог.

Их хотын завгүй амьдралын хэмнэл түүний ярианы өнгөнд ч нөлөөлчихсөн гэмээр. Зогсолт, сул үггүй түүний сэтгэлийн үгс ар араасаа ундарна. Товчхон бөгөөд тодорхой. Ачаалал ихтэй, бага цагт ихийг амжуулагчдын нийтлэг дүр төрх шингэсэн бүсгүйтэй уулзсан минь энэ.

Жанет Жексон: Үнэндээ би дуучин болохыг огт хүсээгүй


Барууны шоу бизнес тэр дундаа поп хөгжмийн ертөнцөд 25 жилийн турш үнэ цэнээ алдахгүй яваа уран бүтээлч бол Жанет Жескон. “Forbes” сэтгүүлийн судалгаагаар шоу бизнесийн ертөнцөийн хамгийн баян бүсгүйчүүдийн нэгээр тодорч байсан тэрбээр хувийн амьдрал, сүүлийн үеийн уран бүтээл, дотоод ертөнцийнхөө нууцыг дэлгэхээр Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ.
-Беверли Хиллсээс “Piers Morgan Tonight” нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн болоод байна. Энэ бол дэлхийн хамгийн сэтгэл булаам газар. Харин би хамгийн сэтгэл булаам хүмүүсийн нэгтэй уулзах гэж байна. Тэр хэдийнэ 100 сая гаруй хувь цомог борлуулж, тоглолт, тоглосон киноных нь тасалбар түүнээс ч олон тоогоор зарагдаж байсан нэгэн. -Сайн байна уу, Пирс? Тантай танилцахыг тэсэж ядан хүлээж байлаа.
-Дэлхийн хамгийн нэр хүндтэй гэр бүлээс гаралтай тэрбээр хувийн амьдрал болон уран бүтээлийнх нь тухай юу хүссэнээ асуух эрхийг надад олгосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх танд ямар санагддаг вэ? -Би ярилцлага өгөх дуртай хүмүүсийн нэг биш л дээ.
-Яагаад? -Би илэн далангуй хүн биш. Хэн нэгэнтэй ярилцах шаардлага гарвал би сонсохын илүүд үздэг. Тухайн хүнд юу тохиолдсон бэ гэдгийг үг дуугүй сонсох нь надад илүү таалагддаг юм.
-Та энэ тухайгаа номондоо дурдсан байсан. Би таныг ямар нууцлаг хүн болохыг номноос тань олж мэдсэн. -Тэгж хэлэхийг тань сонсоход их хөгжилтэй байна шүү. Учир нь хүмүүс бүгд л тэгж хэлдэг юм. Ялангуяа “Velvet Rope” цомгоо гаргасны дараа хүн бүр тэгж ярих болсон. Гэхдээ би номондоо зүгээр л өөрийн амьдралын туршлага, туулж өнгөрүүлсэн бүхнээ бичсэн. Энэ нь надад огт өөр ертөнцөд алхам хийх боломж олгосон.
-Номыг тань уншиж суухад таны дотор огт өөр хоёр ертөнц оршдог юм шиг санагдсан. Нэг нь тайзнаа гялалзсан, авьяаслаг уран бүтээлч байхад нөгөө нь бүрэг, ичимхий, дуу цөөтэй, ганцаардмал Жанет хэмээх залуухан хатагтай. Өнөөдөр хэн нь надтай уулзаж байна вэ? -Мэдэхгүй юм даа. Магадгүй хоёулаа таны өмнө зэрэгцэн сууж байгаа болов уу.
-Тэгэхээр таны дотор хоёр хүн байдаг байх нь ээ? -Тийм ээ. Миний бодлоор хүн бүр л дотоод ертөнцдөө тэс өөр хоёр хүнийг агуудж байдаг. Би үүнийг “Velvet Rope” цомогтоо өгүүлэхийг хичээсэн. Бидний дотор нэгэн зэрэг тэс өөр араншин оршиж байдаг. Харин бид ямар нөхцөлд, хэнтэй уулзаж байгаагаас шалтгаалан тэднийхээ алийг нь ил гаргахаа сонгодог.
-Та их хачирхалтай амьдралтай хүн. Таныг төрмөгц л алдар нэр дагаж, ямар ч сонголт үлдээгүй гэдэг. Бүр гурав дөрөвхөн настай байхдаа тайзнаа гарсан байсан. Хэрэв танд сонголт байсан бол хэний ч мэдэхгүй Жанет болж, энгийн амьдралаар амьдрах байсан уу? -Би амьдралдаа хоёр л зүйлийг маш их хүсэж ирсэн. Нэг нь тав зургаан настай байхаасаа уралдааны морь унадаг хүн болох.
-Тийм гэж үү? -Тийм шүү. Би тоглоогүй байна. Би таван настай байхдаа морь унаж сурсан. Тэр цагаас л уралдааны морь унадаг хүн болохыг хүсэх болсон. 14 настай байхдаа анхны гэрээгээ байгуулсан юм. Үнэндээ би дуучин болохыг огт хүсэхгүй байлаа. Түүний оронд сургуульд сурч, бизнесийн хуульч мэргэжил эзэмшихийг, тэгээд түүнийхээ зэрэгцээ жүжигчин болохыг хүсдэг байлаа.
-Тэгэхээр та гэр бүлийнхнийхээ сонголтоор дуучин болсон байх нь ээ. Энэ бол танай гэр бүлийн бизнес байсан учраас… -Үүнийг аав минь хүсэж байсан юм. Гэхдээ л би түүнд их баярлаж, талархдаг.
-Та бусад хүмүүс шиг энгийн амьдралаар амьдарч чадаагүйдээ харамсаж байсан уу. Хэрэв танд боломж олдвол нэр хүндтэй байхаас татгалзах уу? -Би энэ тухай огт бодож байсангүй. Мэдээж надад “Намайг хэн ч таньдаггүй байсан бол” гэж бодогдох үе байсан л даа. Гэхдээ би энгийн байж чадаагүйдээ их харамсдаг гэж хэлж чадахгүй. Учир нь би тэр энгийн амьдрал үнэндээ ямар жаргал, зовлон дагуулдгийг мэдэхгүй шүү дээ. Үзэж хараагүй, туулаагүй амьдралаа үгүйлнэ гэдэг утгагүй хэрэг. Ах дүү нар минь бүгд алдар хүндтэй байхад би өөрийгөө камерын өмнө ч гарч үзээгүй байхыг зөвшөөрөхгүй. Би бүр жаахн охин байхаасаа л гэр бүлийнхээ асуудалд бүхий л анхаарлаа хандуулж ирсэн.
-Амьдралынхаа ихэнх хугацааг энгийнээр өнгөрүүлэх боломжгүй байна гэдэг их хэцүү. Жирийн хүмүүс үүнийг тэр бүр ойлгодоггүй гэсэн. Тэд шилэн хорго дахь алтан загасны зовлонг ойлгохгүй. Гэтэл танайхан гэр бүлээрээ ийм зовлон эдэлж ирсэн. -Гэхдээ миний хувьд бол энэ энгийн амьдрал шиг болтлоо дасал болчихсон. Намайг хоёр настай байхад ах нар маань хэдийнэ нэр гарчихсан байсан нь намайг энэ бүхэнтэй багаасаа дасан зохицоход хүргэсэн. Харин ч би өөрийгөө азтай хүн гэж боддог. Эцсийн эцэст энэ их алдар нэрийн ачаар л өнөөдрийн сайн муу, сайхан муухай бүрдсэн Жанет гэдэг бие хүн бий болсон шүү дээ.
-Таны бөгж нүдэнд их туслаа. Гавлын хэлбэртэй юм. -Надад гавал таалагддаг.
-Тийм гэж үү? -Их чамин харагддаг юм.
-Таны цуглуулганд жинхэнэ гавал байгаа юм биш биз? -Үгүй дээ.
-Та номондоо цөөнгүй удаа хоол хүнсний асуудлыг хөндсөн байсан. -Би бүр жаахан байхаасаа эл асуудалтай тэмцэж ирсэн болохоор тэр.
-Таныг хоол хүнсний асуудал зовоодог гэхэд итгэмээргүй юм. Мансууруулах бодисноос ч татгалзаж, ямар их сэтгэлийн тэнхээтэй хүн болохоо харуулсан биз дээ. -Гэхдээ хоолгүйгээр амьдрах аргагүй шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Хоол хүнсийг бид өдөр тутам хэрэглэдэг. Хүн бүр л амьдрахын төлөө иддэг. -Тиймээс би хоол хүнснээс бүр татгалзах аргагүй. Амттан, дуртай хоолноосоо би татгалзаж огт чаддаггүй нэгэн. Одоо ч тэр зангаа тавьж чадахгүй л байна. Харин энэ зан биеийн галбираа барихад хамгийн аюултай дайсан болдог гэдгийг та мэдэх байх. Тиймээс би ямар үед дуртай хоол хүнсээ идэж, өөрийгөө зовоохгүйгээр биеийн галбираа хадгалахад суралцсан.
-Опра бухимдсан үедээ хоолны дэглэм барьж чаддаггүй гэсэн. Харин та яадаг вэ? -Бухимдсан үедээ дуртай хоол зүйлсээ идэх ямар сайхан гээч.
-Яг юу идвэл уур гардаг юм бэ? -Юу ч байж болно. Шарсан төмс, пицца гээд өөрийн хүссэн зүйлээ л… Харин би чихрээр бүрсэн алим идэх дуртай.
-Бүрсэн алим ч сайхан шүү. -Гол нь аливаа зүйлийн жин банг тааруулах хэрэгтэй. Зөв хооллоно гэдэг их чухал. Гэхдээ түүнийхээ хажуугаар зүй зохистойгоор дуртай зүйлсээ идэж яагаад болохгүй гэж. Би одоо ч бзрсэн алимаа идсээр л байгаа.
-Гэхдээ та хоол хүнсээ хянаж чадахаа больсон үеэ амьдралынхаа хамгийн аймшигтай нь гэж тодорхойлсон байсан. Та өөрийгөө үзэн ядаж, сэтгэлээр унан хямарч эхэлсэн гэсэн байсан. Юу таныг өөрийгөө хянаж чадахаа больж гэж дүгнэхэд хүргэсэн юм бэ? -Толинд харах үед л би биш, огт өөр хэн нэгэн өөдөөс минь хараад зогсож байх шиг болдог. Тэр үед л би өөрийгөө ч хянах чадваргүй идэж байгаагаа ойлгодог. Гэнэтийн энэ ухаарал намайг сэтгэлийн хямралд оруулж байсан хэрэг. Гэхдээ одоо бол энэ бүхэнд хэрхэн хандахаа мэддэг болсон.

Monday, April 4, 2011

Чарли Шин: Амьдралын минь сүүлчийн мөч эмнэлэгт өнгөрөх вий


Сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаас салахаа больсон жүжигчин Чарли Шиний нэр үргэлж таагүйгээр дурсагдаж байгаагүйг инээдмийн кино сонирхогчид сайн мэднэ. Түүнд эхнэр Денис Ричардстайгаа хамт улаан хивсний ёслолын хамгийн хүндтэй зочид, кино наадмуудын гол баатар болж явсан үе бий. Тиймээс ч сүүлийн үед хар тамхи, архинд донтож, ажлаасаа халагдан, нэр хүнд нь өдрөөс өдөрт унаж байгаа түүнийг дотроо юу бодож явааг мэдэхийг хүссэн хүн цөөнгүй. Тэрбээр энэ тухай ярихаар Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ.
-Та чухам ямар шалтгаанаар манай нэвтрүүлэгт оролцох болсноо сонирхуулаач. -Нэвтрүүлэгтээ урьсанд тань талархаж байгаагаа юуны өмнө хэлье.
-Та энэ ярилцлагаараа дамжуулан үзэгчдэд юу хэлэхийг хүссэн юм бэ? -Юуны өмнө надтай хэрхэн танилцсан тухайгаа үзэгчдэд ярьвал илүү сонирхолтой байх болов уу.
-Бид 1990-ээд оны эхээр танилцсан байх аа? -Тийм ээ.
-Колорадогийн Аспен хотод танилцсан. Та “Planet Hollywood” зоогийн газар сууж байсан. Хүн бүр л танаас ярилцлага авахыг мөрөөдөж байсан тэр үед би ч бас тантай ярилцахыг тун их хүсэж байлаа. Харин та тун завгүй яваагаа тайлбарлаад ярилцлага өгөхөөс татгалзсан. -Яг үнэн.
-Харин би тэр үед “Хэрэв та надтай уулзаж ярилцвал насаараа танд талархах болно. Таны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага бүрийг би уншиж, үздэг” гэж байсан. -Тэгсэн.
-Хүмүүсийн хандлага таны нэвтрүүлэг болон хувийн амьдралд тань нөлөөлж байна уу? -Нөлөөлөх л юм даа.
-Би таны хүссэн сэдвээр ярилцана. Гэхдээ галзуу хүн шиг зүйл ярихаас аль болох зайлсхиймээр байна. -Тэгэлгүй яах вэ. Би ямар ч ухаангүй үйлдэл хийхгүй. Та санаа зовох хэрэггүй. Хэвлэл мэдээллийн салбарт цунами болж байна. Би тэр талаар л ярих гэж энд ирсэн юм. Харин би тэр цунамигаас зугтан, амьд мэнд үлдэх гэж хичээж буй сурфингийн тавцангаас зуурсан жирийн л нэг этгээд. Гэхдээ би хийсэн бүхнээ цагаатгаж, өөрийгөө өмөөрөх гэсэн юм биш. Аймшигтай алдаа гаргасан гэдгээ би мэднэ. Түүнийхээ үр дүнд албадан эмчилгээнд явж, бусдаас шүүмжлэл сонсон, нэвтрүүлэг маань зогсоод байна. Хүмүүс бодит үнэнийг миний амнаас сонсох хэрэгтэй байх гэж бодлоо. Тиймээс л танай нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн хэрэг. Энэ бүхэн эхэлснээс хойш би хором мөч бүрт үхэж байх шиг санагдах боллоо. -Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа нэвтрүүлэг гэнэтхэн хаагдана гэдэг Холливудад тийм ч түгээмэл тохиолдол биш.
-Тийм ээ.
-Нэг бол рэйтинг нь унахад, эсвэл тодорхой үр дүнд хүрч, үзэгчдийн сонирхолд нийцэхгүй байх үед л хаагддаг. -Тэр үнэн.
-Харин таны хувьд байдал тэс өөр. Та тоглоомын сүүлийн шатанд хүрчихсэн байсан. Саяхныг хүртэл та Америк төдийгүй дэлхийн хамгийн үнэ цэнэтэй жүжигчин байсан. Тэгэхээр CBS сувгаар цацагддаг нэвтрүүлэг тань хаагдах бодитой шалтгаан үгүй мэт санагдах юм. -Тэднийг яагаад ийм шийдвэр гаргасныг нь би одоо ч сайн ойлгодоггүй. Тэр өдөр мягмар гариг байсан санагдана. Хэдийгээр нэвтрүүлэг төлөвлөснөөс жаахан гажсан ч боловч тийм ч муу болоогүй. Мэдээж би гайхалтай сайхан болсон гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ үзэгчдийг хөгжөөж чадаж л байсан. Хэрэв та сонирхогч бол ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй, текстээ үзэгчдэд хүргэж чадахгүй, хошин урлагт хүч сорино гэдэг бүр ч бүтэшгүй зүйл гэж урлагийнхан ярьдаг. Энэ чинь хөлбөмбөг, эсвэл сагсан бөмбөгийн тоглоомоос тэс өөр шүү дээ. Харин би үүнийг чадсан. Тэгэхээр хэргийн учир энд байхгүй гэсэн үг. Мягмар гаригийн нэвтрүүлэг дуусмагц телевизийнхэн надтай уулзаж, нэвтрүүлгээ хаахыг сануулсан. Хэдийгээр би “За, би ойлголоо” гэж хэлсэн боловч, энэ өөрчлөлтөд бэлэн биш байгааг та одоо ч харж байгаа байх.
-Таны хувийн амьдрал тун замбараагүй байгааг үзэгчид сайн мэднэ. Энэ байдал ажилд тань нөлөөлсөн юм биш биз. Та зураг авахуулах цагаасаа хоцорч, хамтрагчдаа бухимдуулж байсан удаатай юу? -Нэг бус удаа хоцорч байсан. Гэхдээ шууд нэвтрүүлэг бус бэлтгэл сургуулилалтын үеэр. Би хэзээ ч ямар ч студи продакшнд бэлдэж амжаагүй нэвтрүүлгээ нөхүүлэхээр мөнгө төлж, хариуцлага алдаж байгаагүй. Нэг ч удаа нэвтрүүлгийнхээ дугаарыг өнжүүлээгүй. Тэр чинь мөнгө шүү дээ.
Би долоо хоногт хоёр удаа төлбөртэй цагаар нэвтрүүлгээ цацдаг. Хүндэтгэх шалтгаантайгаар цаг хугацааг нь урагшлуулж, хойшлуулж байсан тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд би нийт 177 дугаар нэвтрүүлсэн байна. Харин намайг телевизийнхэн хэтэрхий их турж бас цайрч байна гэж шүүмжлэх болсон. Үнэндээ жилийн өмнө би жаахан хавантай байсан хэрэг. Арьсны өнгө ч цайваро байснаа борлосон гэсэн.
-Би таныг их сайн бизнесмэн гэж боддог. -Би тэрийг харин сайн мэдэхгүй шүү.
-Та их ашиг олдог байсныг би санаж байна. Өдөрт 1.8 сая долларын ашиг олоход ямар санагддаг байв? -Харамсалтай нь түүнийгээ ер хадгалаагүй.
-Та түүнийгээ үрэхдээ Чарли гэж хэн бэ гэдгээ харуулсан. -Хадгалахгүйгээр.
-Та бизнесийнхээ тухай бидэнд яриач. -Бид “Gillette”, “Target”, “Wal-Mart”, “Volvo”-той хамтарч ажиллаж байсан.
-Тэгээд яагаад ийм байдалд орчихов оо? -Мэдэхгүй юм даа. Магадгүй хариултыг нь та надаас илүү сайн мэдэж байгаа биз.
-Энэ бүхний эцэст та хар тамхи, архинд донтох болсондоо өөрийгөө огт буруутгахгүй байх шиг. -Үгүй дээ. Би үүнийг бодож, өөрийгөө зэмлэж байгаа. Амьдралын минь сүүлийн мөч эмнэлэгт өнгөрөх вий гэж бодогдох болсон.
-Тагадгүй та рок хамтлагийн дуучин байсан бол хэн ч таныг буруутгахгүй байх. Тэднийг хар тамхигүйгээр төсөөлөхийн аргагүй мэт ойлголт хүмүүст хэвшчихэж. -Тийм шүү.
-Хэрэв та Мик Жаггер, Кэйт Ричардс шиг рок од байсан бол хар тамхинд донтох болсны чинь төлөө хэн ч таныг нүд үзүүрлэхгүй байх байсан. -Яг үнэн.
-Энэ л таны нэвтрүүлгээрээ дамжуулж үзэгчдэд хэлэх гэсэн санаа юу? -Тэгэлгүй яах вэ.
-Та өөрийгөө үүрэг хариуцлагаа ухамсарладаг хүн гэж бодож байна уу? -Маргаангүй тийм.
-Энэ бүхний эцэст танд өөрөө буруутай юм шиг санагдах үе гарч байна уу? -Энэ бүхний эцэст би өөрийгөө буруутгаж байгаа. Магадгүй хэн ч над шиг ийм байдалд орчихоод архинд толгойгоо мэдүүлэн суухгүй байсан биз. Эсвэл хэн ч ийм сайхан амьдралаа архиар солихгүй байх байсан.

Sunday, April 3, 2011

Э.Болормаа: Өрсөлдөгчөө өрөвдөөд анхны тулаандаа ялагдаж байлаа

-“Fighting” буюу дүрэмгүй зодоон хэмээдэг спортын төрлийн тухай монголчууд төдийлэн мэдэхгүй. Үнэхээр тамирчид дүрэмгүй тулалддаг хэрэг үү?
-Үгүй ээ. Мэдээж өөрийн гэсэн дүрэмтэй. Бокс, жүдо, самбо, чөлөөт бөхийг хослуулсан спорт гэж ойлгож болно. Босоо болон хэвтээ гээд аль ч байрлалаас тулалдаж болдог. Гэхдээ нимгэн бээлийтэй тулалддаг тул тамирчид бэртэл гэмтэл авах нь их.
-Яагаад заавал энэ төрлийг сонгосон юм бэ?
-Би багаасаа спортоор хичээллэдэг байлаа. Жүдогоор хичээллэдэг байхад прореслингийн дасгалжуулагч Ёшида багш тамирчид сонгон шалгаруулж, клубтээ авахаар Монголд ирсэн юм. Түүнд нь шалгуулж тэнцээд, 2007 онд Японд очиж байлаа. Прореслингийн спортоор гурван жил хичээллэсэн. Харамсалтай нь жил гаруйн өмнө клуб маань татан буугдаад, дүрэмгүй зодоон руу “урвасан”.
-Энэ хугацаанд нийт хэдэн удаа тулалдав?
-Гурван удаа. Нэг ялагдаж, хоёр ялсан. Уг нь гуравдугаар сарын 11-нд английн тамирчинтай тулалдах ёстой байсан юм. Тэмцээн болох хот руу явахаар ачаа тээшээ бэлдээд гэрээсээ гартал газар хөдөлсөн. Тоглолт Токто хотод болох байсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа.
-Тэгээд л нутагтаа ирэв үү?
-Тийм ээ. Ямар ч байсан ойрын хэдэн сардаа тулаан болохгүй тул дасгалжуулагч багшаасаа чөлөө аваад, амрахаар гэртээ ирээд байна.
-Уг нь английн тамирчин Японд оччихсон байсан уу?
-Тулаан болохоос нэг өдрийн өмнө ирээд, жингээ үзүүлэн бүх бэлтгэлээ хангачихсан байсан.
-Харин та тэмцээн болох газраа очсон уу, эсвэл зам нь эвдэрчихсэн байв уу?
-Үгүй ээ. Угаасаа клуб рүү галт тэргээр очих ёстой байсан юм. Цаг гаруй галт тэрэг хүлээж зогссон боловч ирээгүй. Тэгээд л “Би очиж чадахгүй байгаа юм чинь үзэгчид яаж очих билээ дээ” гэж бодоод буцсан.
-Тэмцээн хойшилсныг хэрхэн мэдсэн бэ. Зохион байгуулагчид нь утсаар мэдэгдсэн үү?
-Үгүй ээ. Тэр өдөр интернэтээс бусад харилцаа холбооны бүх шугам тасарсан.
-Японд дүрэмгүй зодоон хэр хөгжсөн байдаг вэ?
-Баруунаас тэр дундаа Америкаас гаралтай тул Америкт бол харьцангуй өндөр түвшинд хөгжчихсөн. Тамирчин эмэгтэйчүүд нь гэхэд л эр хүнээс огт ялгарахгүй бие бялдартай болсон байх жишээтэй. Ер нь дэлхий дахинд энэ спорт хоёр туйлдаа хүрчихсэн. Японд дөнгөж хөгжиж эхэлж байхад Америкт хөгжил нь туйлдаа хүрчихсэн. Нэг ёсондоо хөгжлийн хоёр заагт байна гэсэн үг. Тиймээс сүүлийн үед аваргуудтай ч ана мана үзэлцчихдэг, эхлэн суралцагчдад дийлээд байдаггүй дунд түвшний хөгжилтэй тамирчдыг бэлтгэх бодлого баримталж байна. Үүний нэг жишээ нь Английн хоёр тамирчин Японд ирж, тулалдах болсон явдал.
-Японд болдог дүрэмгүй зодооны тэмцээнийг клубүүд нь зохион байгуулдаг уу?
-Ер нь ихэвчлэн хувийн компаниуд зохион байгуулдаг юм. Харин сая цуцлагдсан тэмцээнийг Японд ганц байдаг эмэгтэйчүүдийн fighting-ийн клуб зохион байгуулсан.
-Тэмцээнд оролцох тамирчдаа хэрхэн сонгож авдаг юм бэ. Ер нь Японд энэ төрлийн спортоор хичээлэдэг хэдэн эмэгтэй байдаг бол?
-Нарийн тоог нь би сайн мэдэхгүй. Намайг бэлтгэл хийхээр ойролцоох клубт очих үед 20 гаруй эмэгтэй тамирчин ирж, хамт бэлтгэл хийдэг. Тиймээс багагүй тоо гарах байх гэж бодож байна. Тэднээс тэмцээнд оролцох тамирчдаа тухайн зохион байгуулагчид нь өөрсдөө сонгодог.
-Тамирчдаа сонгохдоо юуг нь шалгуур болгодог вэ?
-Тухай байгууллага багагүй хөрөнгө гаргаж, гадаадын тамирчдыг урьж авчирч байгаа тул зардлаа нөхөх хэрэгтэй болно. Үүний тулд мэдээж үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй тулаан үзүүлэх хэрэгтэй. Тиймээс хэр сонирхолтой тоглолт үзүүлэх вэ гэдгийг нь голчлон шалгуур болгодог.
-Тэгэхээр дүрэмгүй зодоон прореслинг шиг бага зэрэг шоу маягтай байх нь ээ?
-Үгүй ээ. Прореслингийн 50 хувь нь зодоон, 50 хувь нь үзүүлбэр байдаг. Харин fighting бол ямар ч үзүүлбэргүй жинхэнэ тулаан.
-Тэгэхээр эмэгтэй тамирчид бие биенээ жинхнээсээ цохиж, зоддог гэсэн үг үү. Анхны тулаанд хэр сэтгэл өвдөж байв. Адилхан бүсгүй хүнийг цохих хэцүү биз дээ?
-Анхны тулаанд өрсөлдөгчөө өрөвдөөд цохиж ч чадаагүй. Тэгсээр байгаад л ялагдсан. Тэгээд өөртөө их урам хугарч, сэтгэлээр унаж байлаа.
-Энэ спортыг сонгосондоо юу?
-Үгүй ээ. Нэгэнт л шийдвэр гаргасан атал өрөвч сэтгэлээсээ болоод ялагдсандаа их гутарсан. Хэдийгээр би өрсөлдөгчөө өрөвдөн гар хүрч чадахгүй ч, тэр хүн намайг боломж гарвал цохихыг л хүсэж байгаа. Ялагдсаныхаа дараа л энэ спортоор хичээллэж байгаа хүн дэвжээн дээр гармагц өрөвч зангаа ор тас мартах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Тэгээд дараагийн тулаандаа өрөвч зангаа ор тас мартаад амжилт гаргаж чадсан уу?
-Чадсан. Өрсөлдөгчөө эхний хоёр раундад гурван удаа накаутад оруулсан. Эмэгтэй хүний хувьд гурван удаа дараалан накаутад орно гэдэг хүнд. Тиймээс тэр тулааны дараа өрсөлдөгч маань зодог тайлж байлаа.
-Бэртэл гэмтэл авах нь магадлал өндөр энэ спортоор хичээллэх хэцүү биш үү. Шийдвэр гаргахдаа хэр халширч байв?
-Анх энэ спортоор хичээллэхээр шийдэхдээ огт халширч, эргэлзээгүй. Энэ спортоор хичээллэх боломж өмнө нь хоёр гурван удаа олдож байсан боловч эрс шийдвэр гаргаж чадахгүй яваад байсан юм. Гэтэл прореслингийн клуб татан буугдсаны дараа үдэлтийн үдэшлэг хийх үед ирсэн зочдын нэг нь намайг дүрэмгүй зодоонд хүч үзэх санал тавьсан. Тэгээд л хэд хоногийн дараа очиж шалгуулаад, амжилт гаргах магадлалтай юм гэсэн дасгалжуулагчийнхаа үгэнд урамшиж, эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Монголчууд эмэгтэйчүүдийг зодоон байтугай жүдо, самбогоор хичээллүүлэх дургүй байдаг шүү дээ. Энэ шийдвэрийг тань танай гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Дагсалжуулагчдаа шалгуулсны дараа гаргасан шийдвэрийнхээ тухай аавдаа утсаар дуулгасан. Өмнө нь хоёр ч удаа аавдаа дүрэмгүй зодооны тухай хэлж байсан юм. Тэр бүрт аав “Эмэгтэй хүн ийм хүнд спортоор хичээллээд дэмий юм биш үү” гэдэг байлаа. Харин намайг эрс шийдвэр гаргасныг сонсоод “Өөрөө л мэд” гэсэн.
Би энэ спортод зөвхөн өөрийнхөө хүч чадлыг сорих биш, эрчүүд сүмочдоор нь монголчуудыг дүгнэх болсон Япончуудын сэтгэлгээг өөрчлөх гэж л орсон. Монгол эмэгтэйчүүд ч тэсвэр хатуужилтай, хүчирхэг болохыг ойлгуулах нь миний бас нэг зорилго.
-Хэдий хүртэл дүрэмгүй зодооноор хичээллэх бодолтой байна вэ?
-Энэ тарлийн спортоор хичээллэдэг тамирчид харьцангуй эрт зодог тайлдаг. Японд гуч гарсан хэрнээ зодолдоод явж байгаа тамирчид байдаг л даа. Гэхдээ амжилт олох магадлал бага. Би одоо 25 настай. Тэгэхээр гурав дөрвөн жил бүх хүчээ дайчлах шаардлагатай гэсэн үг.
-Есүй одоо ямар нэг клубт харьяалагдаж байна уу?
-Одоогоор харьяалагдсан клуб байхгүй.
-Тэгээд тулаанд хэрхэн сонгогддог вэ?
-Зохион байгуулагчид өөрсдөө тамирчдаа сонгодог гэж өмнө нь хэлж байсан. Тэд өөрсдөө ямар тамирчин хамгийн сонирхолтой тулаан үзүүлж байгааг хараад товлочихсон байдаг. Тэгээд л дасгалжуулагчид маань саналаа хэлж, тулаанд оролцуулдаг. Ер нь манай дасгалжуулагч л миний тулааныг зохицуулдаг даа. Гэхдээ сүүлийн нэг жилд над шиг гурван тулаанд дараалан орсон эмэгтэй тамирчин байхгүй байх шүү.
-Ямар нэгэн клубт харьяалагддаггүй болохоор санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Өглөө нь бэлтгэлдээ яваад, үдээс хойш ажил хийгээд л болгодог. Байр, хоол болон тэмцээнд оролцоход зарцуулах мөнгөө олохын тулд үдээс хойшхи бэлтгэлээ таслаад ажил хийж байгаа.
-Ажил хийхээр бэлтгэлийн цагаас хумслаад амжилтаас чинь хойш нь чангаах юм биш үү?
-Мэдээж хойш чангааж байгаа. Хоёр жилд үзүүлэх байсан амжилтаа дөрвөн жилд гаргах гэх ч юм уу хугацаа нь хоёр дахин сунаад байх шиг санагдсан.
-Японд хүчээ авч байгаа спортод эх орныхоо нэрийг гарган амжилттай яваа тамирчныг дэмжих Монгол компаниуд алга уу?
-Танил тал байхгүй болохоор энэ талаар хөөцөлдөж амжаагүй л байна. Уг нь ивээн тэтгэгчтэй болчихвол ажилд сатаарахгүй зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулаад байвал гаргах амжилт ч илүү сайжрах байх.

Бага тайзнаа амилах бяцхан үзэгчдэд зориулсан “Тумбааш”

Бараг айл бүрийн хананд “Тумбааш”-ийн зураг өлгөөтэй бий. Хүүхэлдэйн кино, сийлбэр, уран зураг гэх мэт урлагийн бүтээл болж байсан “Эвтэй дөрвөн амьтан”-ы үлгэр өнөөдөр Хүүхэлдэйн театрын бага тайзнаа жүжиг болон амилах гэж байна. Заан, сармагчин, туулай, тагтаа дөрвийн түүхээр эв найрамдал, ахас ихсээ хүндлэх ёсыг өгүүлэх үлгэрийг тус театрын найруулагч М.Ариунтуяа таягт жүжиг болгон өөрчилжээ.

Театрын ягаан байрны баруун хаалгаар орвол хүүхдүүд шуугилдан, хүмүүсийн хөлд дарагдчихаж. Хүүхэлдэйн театрт “Гэгээн алсын одод” хэмээх телевизийн нэвтрүүлгийн бичлэг хийж байгаа нь энэ. Тэдэнтэй зэрэгцэн бага тайзнаа нээлтээ хийх гэж буй “Эвтэй дөрвөн амьтан” жүжгийн уран бүтээлчид бэлтгэлээ базаан тун завгүй. Өдөр нь авьяаслаг бяцхан сурагчдын алдрын замд хүрэх гараа болон хувирах бага тайз оройн цагаар бяцхан үзэгчдийн мэлмийг мялаах шинэ уран бүтээлийн талбар болон үүргээ гүйцэтгэнэ.
“Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв амьдран суудаг байжээ” хэмээн эхлэх үлгэрийг “Тумбааш” гэх нь бий. “Тумбаши” хэмээх төвд гаралтай үг угтаа эв найрамдлыг илэрхийлдэг бөгөөд хожим нь эл үлгэрийн төвд нэр болон хувирсан болохыг хэл судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэтхэг ардын үлгэрт эв найрамдалтай байхын ач тус болон ахас ихсээ хүндлэх ёсыг голчлон харуулдаг бол таягт жүжгээр энэ санааг өгүүлэхээс гадна ажилч хичээнгүй, хөдөлмөрч байхыг багачуудад үлгэрлэх аж. Уул ус, ургамал цэцэг жигдэрсэн талд тагтаа модны үр авчран суулгасны дараа заан түүнийг нь услан, туулай газар малтан үндсийг нь төлжүүлж, харин сармагчин ургасан модны мөчир нахиаг нь арчилж, тагтаа өт хорхойноос хамгаалан тэмцэх гэх мэтээр жүжгийн дүр тус бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөсний ачаар алимны мод удалгүй цэцэглэн, үр жимсээ өгч буйгаар энэ санаагаа харуулах гэнэ.
Жүжгийг М.Алтантуяа найруулж, заанд П.Эрдэнэзаяа, сармагчинд М.Батзориг, туулайд С.Ганчимэг, тагтаад Я.Мөнхтуул тоглон, жүжгийн дууг тус театрын дууны инженер Э.Базарханд зохиожээ. “Эвтэй дөрвөн амьтан” жүжгийн онцлогийн тухай найруулагч М.Ариунтуяа, гол дүрд тоглож буй жүжигчин Я.Мөнхтуул, М.Батзориг нараас асууж тодрууллаа.


М.АРИУНТУЯА: Ажилч хичээнгүй байдлыг жүжгээрээ үлгэрлэнэ

-Бага тайзнаа тавьж байсан “Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” зэрэг жүжгүүдээс юугаараа онцлогтой вэ?
-Цэцэрлэгийн насныханд зориулсан бага тайзнаа бид ихэвчлэн сургамжит үлгэрээс сэдэвлэсэн жүжиг тавьдаг. Энэ нь бага насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохируулан эв найрамдалтай, тусч, энэрэнгүй байх гэх мэт санааг өгүүлэхээс гадна араатан амьтдын онцлогийг танин мэдүүлдэг ач холбогдолтой. Хүн бүрийн мэдэх эвтэй дөрвөн амьтны түүхийг өгүүлж буйгаараа “Эвтэй дөрвөн амьтан” бага тайзнаа тавьж байсан жүжгүүдээс ялгаатай. Түүнчлэн үлгэрийн ерөнхий санаан дээр ажилч хичээнгүй байдлыг үлгэрлэх санааг нэмж багахан өөрчилснөөрөө онцлог.
-Уг жүжигт хэдэн уран бүтээлч оролцож байгаа вэ?
-Хүүхэлдэйн жүжиг гэдэг их онцлогтой. Тэнд гарах мод, нэг алим хүртэл баатар болж, түүнийг нэг уран бүтээлч хариуцан хөдөлгөж байдаг. Тиймээс “Эвтэй дөрвөн амьтан” жүжигт зөвхөн дөрвөн уран бүтээлч тоглосон гэж ойлгож болохгүй. Манай театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Гэрэл, дууны инженерүүд, үйлдвэр ангийнхан хүүхэлдэйгээ урлан, тайз заслыг хийх гэх мэтээр бүх хүн оролцсон.
-Хүүхэлдэйн жүжиг тэр дундаа таягт хүүхэлдэйнх бусад төрлүүдээсээ их ур чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ. “Эвтэй дөрвөн амьтан” таягт хүүхэлдэйн жүжиг байх аа?
-Тийм ээ. Манай уран бүтээлчид драмын жүжигчидтэй харьцуулбал их тэсвэр тэвчээртэй, хамт олонч, дуу оруулах чадвар сайтай, залуу сэтгэлгээтэй байдаг. Учир нь драмын жүжигчид өөрийн биеэр тайзнаа гарч зохиолын утга санааг жүжиглэн харуулдаг бол хүүхэлдэйн театрын жүжигчид амьгүй биетийг амь оруулан тэр бүхнийг илэрхийлдэг. Таягт хүүхэлдэйнүүд их хүнд байдаг. Хүн зүгээр л гараа өргөөд удаан зогсоход гар чилдэг бол манай жүжигчид цаг орчим тэр хүнд хүүхэлдэйнүүдийг өргөж зогсдог. Зөвхөн өргөөд зогсохгүй түүнийгээ хөдөлгөж, дуу хоолойгоороо жүжиглэнэ. Дуу хоолой гэдэг хүүхэлдэйн жүжигчний хувьд тун чухал. Зөвхөн үг хэлээр бус дуу хоолойныхоо өнгөөр дүрийнхээ зан араншинг илэрхийлдэг учир тэр. Туулай хүний хэлээр ярьдаггүй ч жүжиг учир юм ярих шаардлагатай болно. Ингэхдээ бас бандгар тарган туулай байвал яаж ярих бол жижигхэн бага насны туулай бол ямар өнгөөр ярих вэ гэдгийг мэдэрч, тийм өнгөөр ярих хэрэгтэй. Түүнчлэн нэг таягт хүүхэлдэйг гурав дөрвөн хүн хөдөлгөх нь бий. Тиймээс бие биенээ сайн мэдэрч, яг л нэг хүн шиг ажиллах хэрэгтэй болно. “Эвтэй дөрвөн амтьан” жүжигт нэг баатрыг нэг л хүн хөдөлгөж байгаа. Гэхдээ ийм үед ч бас амьгүй биетигй хөдөлгөн амь оруулж, түүгээрээ бас нэг амьгүй биеттэй харилцах учир жүжигчид хоорондоо их сайн ойлголцох хэрэгтэй. Харин залуу сэтгэлгээтэй байдгийн учир нь хүүхэд гэдэг жүжгийн баатруудаас хөдөлгөөн ихтэй, цог жавхаатай байхыг шаарддаг сэтгэхүйн өвөрмөц онцлогтой үзэгч. Түүнд нь тохируулан жүжиглэх, бас орчин цагийн хүүхэд юуг хүсэж, юуг илүү сонирхож байна гэдгийг мэдэрч ажиллах шаардлага өөрийн эрхгүй хүүхэлдэйн жүжигчдэд тавигддаг.

М.Батзориг: Би хамгийн зөрүүд нь

-Жүжгийн дүрүүд ямар онцлогтой вэ?
-Би сармагчны дүрд тоглож байгаа. Энэ жүжгийн хамгийн зөрүүд амьтан нь би. Хэдийгээр насаар бага, модны үрийг суулгаж, үндсийг нь арчлаагүй ч өөрийгөө модны эзэн хэмээн бат итгэсэн цорын ганц амьтан бол сармагчин. Тэгээд л модыг өөрийн эзэмшлийнх гэж зөрүүдэлсээр эцэст нь бодит байдлыг ойлгодог. Харин заан хамгийн отгон нь. Насаар бага болохоор гэнэн, цайлган. Туулай их яаруу. Түүний илэрхийлэл мод хэнийх байх нь чухал биш ямар нэгэн аргаар үр жимсийг нь хурдан боловсруулах гэж хичээж байгаа явдал.

Я.Мөнхтуул: Зөрүүд тагтаа байсан бол хурдан хурдан ярих байсан

-Жүжиг эв найрамдлыг илэрхийлдэг. Харин тагтааны дүр ямар үүрэгтэй вэ?
-Тагтааг энх тайвны бэлгэдэл гэдэг. Тэр ч утгаараа энэ жүжгийн эв найрамдлын илэрхийлэл нь тагтаа. Бас хамгийн ахмад настай нь учир их намбалаг. Дуу хоолой, ярианы хэмнэлийн хувьд ч үүнийгээ илэрхийлсэн онцлог.
-Тэгэхээр дүрийнхээ дууны өнгийг гаргахдаа амьтны араншингаас гадна дүрийнхээ онцлогийг илэрхийлдэг юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Хэрэв зөрүүд тагтаа байсан бол хурдан хурдан ярьж, чанга дугарсан тагтаа байх байсан. Харин миний дүр бол намбалаг, тайван тагтаа.
-Хүнээр бол нас тогтож, ухаан суусан хүн байх нь ээ?
-Ер нь тийм л байх байсан.