Sunday, October 31, 2010

Тайз эзэгнэсэн авьяастнууд


Тайзнаа гарсан даруйдаа л дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлыг татаж, шуугиан дэгдээгчид ар араасаа мэндэлсээр л… “Нугасны муухай дэгдээхэй” хочит дуучин Сюзан Бойл хоолойн чадвараар сонсогчдод хүлээн зөвшөөрөгдсөн бол “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн хоёрдугаар байрын шагналтан бяцхан дуурийн дуучин түүний шийрийг хатаахаар цомгоо хэвлүүлээд байна. Дэлхий дахиныг бишрүүлсэн авьяастнуудыг Опра нэвтрүүлэгтээ урьжээ.
Гурван минутын дотор амьдрал нь өөрлөгдсөн бүсгүй Гуравхан минутын дотор амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдол үүнээс өөр үгүй ч байж мэднэ. Ховорхон тохиох эл аз завшаан Сюзан Бойлд олдсон юм. 2009 оны нэгдүгээр сарын 21. Шотландын сүмийн сайн дурын ажилтан Сюзан Бойл “Авьяаслаг британичууд” нэвтрүүлгийн тайзнаа анх гарав. Үзэгчид, шүүгчдийн өмнө тэрбээр мэргэжлийн дуучин болох гэсэн мөрөөдөлдөө хүрэхээр зориглон зогсож буй нь энэ. Үзэгчдийн дунд жуумалзан инээх хүн цөөнгүй байх бөгөөд зарим нь бүр эвэртэй туулай харсан мэт нүд нь эргэлдэн сууна. Гэсэн ч Сюзан тэр бүхнийг үл ойшоон “I Dreamed a Dream” дууны эхний бадгийг уянгалуулан дуулах үед үзэгчдийн басамжлал алга ташилт болон өөрлөгдөв.
Тэр тоглолт гэж юу байдгийг британичуудад ингэж л харуулснаар барахгүй нэвтрүүлгийн дугаар телевизээр цацагдсан даруйд 120 сая хүн түүний дуулж байгаа бичлэгийг YouTube цахим хуудаснаас үзэж, сонирхсон байдаг.
“2009 онд болсон хамгийн содон үйл явдлыг нэрлэ гэвэл би Сюзан Бойлын үзэгчдийг байлдан дагуулсан тэр мөчийг заавал дурдана” хэмээн Опра энэ талаар өгүүлсэн юм.
Энэ үйл явдал болохоос өмнө түүний амьдралд содон, гайхалтай зүйл бараг л тохиолдоггүй байж.
Найман ч хүүхэдтэй Бойлын гэр бүл бага охин Сюзаныгаа хожим нь дэлхий дахиныг гайхашруулсан дуучин болох нь байтугай эсэн мэнд өсөж торнино гэдэгт нь ч эргэлздэг байсан гэдэг. Учир нь Сюзан бүтэлттэй төрснөөс гадна жиндээ ч хүрэхгүй бяцхан амьтан байсан аж.
Тэр тэмцэл дунд өнгөрсөн бага насаа “Би тийм ч нийтэч хүүхэд байгаагүй. Хүмүүстэй танилцаж, дотносох арга эвээ огт олдоггүй байв. Түүгээр барахгүй хэнд ч итгэдэггүй, хэн нэгэнтэй үгш сольвол намайг шоолон инээх байх гэсэн айдаст автсан зожигдуу охин байсан. Харин тэр бүх таагүй байдлаас ангижирахад хөгжим л тусалдаг байв” хэмээн дурслаа.
Мэргэжлийн дуучин болохыг тэр бүх насаараа мөрөөджээ. Гэхдээ ээж нь 2007 онд өөд болоход энэ мөрөөдлөө орхисон байна. “Ганцаардал намайг нөмрөн авах шиг болсон. Ээж минь намайг зорьсон зорилготой байхыг хүсдэг байсан ч телевизийн нэвтрүүлэгт санамсаргүй оролцох хүртлээ би тэр тухай эргэцүүлэн бодох сөхөөгүй болчихсон байсан” хэмээн тэр хэрхэн нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа сонирхууллаа.
Хэдийгээр олон мянган үзэгчдийг алмайруулсан боловч тэр “Авьяаслаг британичууд” нэвтрүүлгийн тэргүүн байрыг шагналыг өөр хүнд алдчихсан. Гэсэн ч энэ байдал түүний урмыг мохоосонгүй. Тэр шилдгүүдийн жагсаалтыг хэдэн арван долоо хоногийн турш тэргүүлсэн цомгоо хэвлүүлсэн юм.
2009 оны арваннэгдүгээр сард “I Dreamed a Dream” нэртэй анхны цомгоо худалдаанд гаргасан нь найман сая хувь борлогдож, бүх цаг үеийн эмэгтэй дуучдын борлуулалтаараа тэргүүлэгч цомгийн амжилтыг эвдэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ тухайгаа тэр “Цомог маань тийм их амжилт олсонд би бүр мэл гайхсан. Үнэндээ ямар ч гойд зүйлгүй энгийн л бүтээл байсан шүү дээ” гэж ярив.
Дэлхий дахиныг шуугиулсаных нь дараа Сюзаны амьдрал ч, гадаад байдал ч эрс өөрчлөгдсөн. Үүнийгээ тэр “Нэвтрүүлгийн бичлэгт орохоос өмнө амьдрал минь бусдаас ялгарахгүй зүйлгүй, нэгэн хэвийн үргэлжилж байсан. Харин нэвтрүүлгийн дараа гудамжинд тааралдсан огт танихгүй хүн ч надтай мэндэлж, хүндэтгэл үзүүлэх болсон. Энэ бүхэн өөрийгөө мэргэжлийн дуучин болсон мэт санаж, өөртөө итгэлтэй болоход их урам, эрч хүч өгсөн” гэж дурссан.
Өдгөө ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс байсаар л байгаа тул Сюзан одооноос үсчин, гоо сайханч, нүүр будалтын мэргэжилтэн, стилист хөлслөн гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах болсон. Үүнийгээ тэрбээр “Миний хуучин хэв маяг Блэкбурны тэнэмэл хүнийхээс тийм ч их дээрдэхгүй. Харин стилистүүдийн маань бүрдүүлсэн шинэ төрх намайг мэргэжлийн дуучин байдалд дөхүүлж, жавхаатай харагдуулж байгаа” хэмээн тайлбарлав.
Хэтэрхий хурдан нэр хүндийн оргилд хүрсэн тэрбээр саяхнаас л цаг наргүй ажилтай атал, олны анхаарлын төвд байдаг оддын байдалдаа дасаж эхэлж байгаа аж. Тэр 2009 онд ядаргаанаас болоод гурван өдрийн турш Лондоны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан удаатай. “Ядаргаа гэдэг эрүүл мэндийн байдлаас болоод эцэж тамирдах, ажлын ачааллаас болоод ядрах гэсэн хоёр төрөл байдаг юм байна. Надад ачаалал ихтэй завгүй ажил таалагдаж байгаа. Ажилдаа түүртэж байсан үе надад бий. Гэхдээ одоо бүх юм зүгээр. Өнгөрснөөрөө амьдрах утгагүй шүү дээ” гэж дурслаа.
Нэгэн үе ганцаардаж цорын ганц хүсэл мөрөөдлөөсөө ч татгалзахад хүрч байсан Сюзан одоо зоригтой, хатуужилтай болж өөрчлөгдсөн. Тэр ч байтугай тэр хэзээ ч ганцаардахааргүй болсон тухайгаа “Ээжийн минь сүнс намайг өнөө хэр дагаж байгаа гэдэгт би итгэж байна. магадгүй одоо ч ээж минь энэ өрөөнд зогсон, намайг харж, надаар бахархаж байгаа биз. Хэн нэгэн намайг “Сюзан амжилт хүсье. Зоригтой байгаарай” хэмээн урам хайрлаж байгааг би мэдэрдэг. Мэдээж тэр хүн бол миний ээж” гэв.

Хосгүй дуурийн дуучин

Өнгөрсөн зун “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн шүүгч, үзэгчдийг гайхашруулсан нэгэн үйл явдал болсон нь 10 настай охин мэргэжлийн дуучдаас дутахгүй дуурийн дуу дуулсан явдал.
Жэки Еванкогийн алдартан болох анхны алхам 90 хормын бичлэгээс үүдэлтэй. Еванкогийн гэр бүлийнхэн охиныхоо дуулж байгаа бичлэгийг www.youtube.com цахим хуудаснаа энэ оны наймдугаар сард байрлуулсан нь хүмүүсийн анхаарлыг багагүй татаж, түүнийг “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлэгт урилгаар оролцох эрх авчирчээ. Түүний бэлдсэн дуугаа дуулж дуусмагц, шүүгч Хови уулга алдан “Бидний хүсэн хүлээж байсан авьяастан, үзэхийг хүсэж байсан тоглолт бол яах аргагүй энэ. Манай нэвтрүүлэгт чам шиг авьяаслаг хүн оролцож байсан түүх үгүй. Чи нэг зүйлийг мэдэх үү? Чи бол жинхэнэ од” гэж байжээ.
Энэ явдлаас ердөө л нэг долоо хоногийн дараа Жэкид таван ч хөгжмийн зохиолч хамтран ажиллах санал тавьж, 16 сая хүн төгсгөлийн шатны шалгаруулалтын нэвтрүүлгийг үзэхээр захиалгаа өгч, үзэгчийнхээ тоогоор нэвтрүүлгийн дээд амжилт тогтоосон байна.
Тавдугаар ангийн сурагч охин хэдийгээр хоёрдугаар байрт шалгарсан боловч шагналаасаа ч илүүтэй алдар хүнд, амжилтыг нэвтрүүлэгт оролцсоноороо олсон. Тэрбээр түүхэн дэх дуурийн хамгийн бяцхан дуучин хэмээн дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Энэ тухайгаа Еванко “Нэвтрүүлэгт оролцсон минь надад их том туршлага болсон. Би их баяртай байгаа” гэсэн байна.
Жэки өөрийн хоолойг бурхны илгээсэн бэлэг гэдэгт итгэдэг. Тиймээс ч үдэш бүр бурханд “Ийм сайхан хоолой заяасанд тань талархаж байна” хэмээн гурвантаа залбирдаг аж.
Долоо хоног бүрийн хэдэн мянган үзэгчдийн өмнө дуулах хүндхэн ачааг балчирхан биедээ үүрсэн ч нэвтрүүлгийн үеэр тэр огт сандраагүй тухайгаа “Хэдийгээр том тайзнаа гарч байгаа ч үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Би өөрөө л үүнийг хүссэн учир сандарч тэвдэх зүйл огт байхгүй гэсэн бодол намайг тайвшруулдаг байсан” гэж ярилаа.
“Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын аялан тоглолтын үеэр тэр хэзээний дуучин шиг микрофоны ард хэвлүүхэн зогсож, дуу дуулж байгаа харагдсан. Тэр ч байтугай тэр цаашид хэнтэй хамтран ажиллах тухайгаа ч төлөвлөөд амжиж. Энэ тухайгаа тэр “Би мөрөөдлийн баг бүрдүүлэн ажиллах болно. Би Жош Гробан, Шарлот Чюрч, Андреа Боселли нартай хамтарна. Харин хамгийн сүүлийнх нь миний хэв маягт төдийлэн нийцэхгүй ч би түүнтэй хамтран ажиллах болно. Тэр хүн бол Лэди Гага” гэжээ.

Saturday, October 30, 2010

Т.Хангэрэл: Хэнд ч хэрэггүй ярилцлага нийтлүүлж, сонины хуудас бөглөхийг хүсдэггүй


“Намрын налгар өдрүүдийн сүүл мушгих эл гэгээн өдөр эрхэм уншигч авхай таны амар мэндийг эрье”. “Номин талст” хамтлагаар овоглосон дөрвөн залуугийн нэг болох Хаазаа буюу Т.Хангэрэл сэтгүүлч байсан бол ийм өгүүлбэрээр нийтлэлээ эхлүүлэх байсан даа. Тэр багагүй цааргалж, сар гаруй “гуйлгасны” эцэст арайхийн ярилцлага өгөхийг зөвшөөрөхдөө “Одоохондоо ярьж сонирхуулах зүйл хийж бүтээгээгүй байгаа тул юугаа ч ярихав дээ. Нэгэнт уулзахаар тохирч байгаа юм чинь их сайхан, уншигчдад өгөөжтэй ярилцлага хийе” гэж хэлснээс үндэслэн тийм бодол төрсөн юм. Тэрбээр уулзангуутаа л өөрийгөө “Хангэрэл” хэмээн танилцуулж, “Хүмүүс нэрийг минь тэр бүр мэддэггүй юм. Хаазаа гэдгээр нь илүү сайн таньдаг” хэмээн тайлбарлалаа.
-Хэдийнээс Хаазаа гэдэг нэртэй болсон юм бэ?
-Яг хэдийд гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л ийм нэртэй болчихсон байсан.
-Гэрийнхэн тань тэгж авгайлдаг байсан юм уу? -Үгүй ээ. Хамтлагтаа орсны дараа л ийм нэртэй болсон. Нэг ёсондоо тайзны нэр юм.
-Хаазаа сүүлийн үед ямар ажил хийгээд явна вэ? -Хувиараа бизнес эрхэлж байна. Яг одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй байгаа тул дэлгэрэнгүй тоочоод яах вэ. Хийж бүтээснийхээ дараа түүнийгээ тайлагнах сайхан шүү дээ. Ингэхэд бид хоёрын ярилцлага ямар буланд орох бол, хоёулаа яг юун тухай ярих вэ?
-Амралтын өдрийн дугаарт “Бямбын ярилцлага” буланд орох тул хоёулаа элдэв сэдэвт баригдалтай чөлөөтэй ярилцвал болох уу? -Амралтын өдрийн өглөө тайван унтаж амарчихаад, 09.00 цагийн үед босоод цай ууж суух зуураа бидний ярилцлагыг унших юм байна. Тэгвэл хоёулаа гэгээлэг зүйлийн тухай ярилцъя. Манайхан хотын утаа, машины түгжрэл гэх мэт таагүй мэдээ, нийтлэл хангалттай уншиж байгаа. Амралтын өдрөөр нь харин нэг ч гэсэн гэрэл гэгээтэй нийтлэл хүргэсэн нь дээр болов уу.
-Өнөөдөр ямар ажил амжуулав даа? -Би ойрд спортоор хичээллээд байгаа юм. Тэгээд өглөө дасгалаа хийчихээд хоёр гурван хүнтэй уулзаж, ажлаа амжуулчихсан.

Би уг нь түүнийг үд өнгөртөл гэрээс гарахгүй дээ гэж таамаглаж байсан юм. Биднийг уулзахын өмнөх орой Багануурт ажлаар явж байсан бөгөөд үүрээр наашаа гарсан байсан юм. Гэтэл өглөөний хурал дуусахтай зэрэгцэн утас хангинаж, тэрбээр товлосон цаг хэдийнэ болчихсоныг сануулсан юм.
-Ер нь ажлын ачаалал хэр их байна вэ? -Харьцангуй бага. Өдөрт товлосон ганц хоёр ажлаа амжуулаад л болчихдог.
-Ажлаа дуусгачихаад ихэвчлэн юу хийдэг вэ? -Гэртээ харина. Гэртээ хариад сайхан хоол унд хийж иддэг. Би сүүлийн үед хоол хийх их дуртай болоод байгаа. Телевизийн сувгуудаар ч хоолны тухай нэвтрүүлэг их гардаг болж. Тэднийг харж байгаад л гэрийнхээ хоолны онцлогт тохируулан жорыг нь жаахан өөрчлөөд туршиж үзнэ дээ. Заримдаа ч зутан шиг заваан юм болох нь бий.
Нэг хэсэг би коктейль хийхийг их сонирхсон. Тэгээд л таамаглаж байгаад л хэдэн уух юм хольж, хутгаад л сэгсэрч үзээд байв. Нэг их амжилт олохгүй болохоор нь коктейльний тухай ном аваад унштал хийх арга барил, жор гээд л миний туршиж байснаас тэс өөр зүйл байдаг байгаа. Мэргэжлийн барменууд миний коктейль хийж байхыг харсан бол элэг нь хөших байсан биз. Одоо бол ойр зуурын коктейль хийчихдэг болсон.

Тэр бодож байснаас, миний уулзаж, ярилцаж байсан урлагийнхнаас ч энгийн хүн. Тиймдээ ч хоол хийх дуртайгаа хуучлангаа “Чи дараа зав гарвал манайхаар ирээрэй. Хоол унд хийлгэж идээд сайхан зочуулаарай” хэмээн хэзээний танил шиг урьсан юм. -“Номин талст”-ынханд дахин уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү? -Нэлээд дээхнэ бид “Номин талст”-ын хэв маяг шингэсэн дор хаяж хоёр, гурван уран бүтээл хийе гэж ярилцсан. Гэхдээ яг хэдийд хийх талаар цаг хугацаа товлоогүй байна.
Эргээд бодоход өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид зүгээр суугаагүй, бас ч гэж бусдад чамлагдахаар бага зүйл хийгээгүй юм уу даа гэсэн бодол төрдөг. “Номин талст” хамтлагийн сонсогчид бид дөрөвтэй зэрэгцээд л нас ахиж байгаа боловч уран бүтээл огт хөгширдөггүй юм шиг санагдсан. Бидний 17 настай хөвгүүний хоолойгоор дуулж байсан бүтээл тэр хэвээр сонсогчдын сэтгэлд хоногшиж, тухайн үеийн дурсамжийг нь шингээж үлддэг. Дуу гэдэг тийм агуу зүйл. Миний бодлоор “Номин талст” хамтлагийн хувьд хийх зүйлсээ хийсэн. Тиймээс одоо зөвхөн сонирхлоороо ганц нэг дуу гаргах болов уу. Зарим хүн хамтлаг гэхээр л насаараа хамт байж, урлагт зүтгэх юм шиг санадаг. Харин би энэ ойлголттой санал нийлдэггүй.
-Та яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ? -Би тэгж шийдээгүй шүү дээ.
-Тэгвэл санамсаргүй урлагт хөл тавьсан хэрэг үү? -Санамсаргүй ч биш л дээ. Одоо ч би урлагийн хүн болно гэсэн шийдвэр гаргаагүй байгаа. Би чинь тэс өөр мэргэжилтэй хүн шүү дээ. Манай гурав харин мэргэжлийн уран бүтээлчид.
-Тэгээд яаж “Номин талст” хамтлагт гишүүнээр орчихсон юм бэ? -Тэр тухай ярина гэвэл “Хүүхдийн зусланд хамтлагийнхантайгаа танилцаж байлаа” гээд нөгөө л улиг болсон түүхээ эргэн сөхнө шүү дээ. Тухайн үед “New Kids On The Block”, “Backstreet boys”, “Take That” гээд л хөвгүүдийн хамтлаг ид моодонд орж байлаа. Тэдний хараад л гэгэлзэж, хамтлаг байгуулахаар шийдсэн хэрэг. Хүүхдийн оргилуун үе байдаг даа. 16, 17 настай бид яг л тийм байсан үе. Элдвийг мөрөөдөөд л, тэдэн шиг болж, амжилтад хүрэхсэн гэсэндээ дуулж эхэлсэн юм. Тэр мөрөөдлөө ч биелүүлсэн.
Би тавдугаар арван жилийг төгссөн. Манай ангийнхан дуу хөгжимд их сонирхолтой хүүхдүүд байлаа. Анги даасан багш Батцэнгэл маань залуу хүн байсан болохоор бидэнд их нөлөөлсөн байх. Сургуулийнхаа цахилгаан хөгжмийг тоглож, урлагийн элдэв арга хэмжээнд оролцож, явсаар хамтлагийнхаа гуравтай танилцаж, гишүүнээр орсон доо.
-Та ямар мэргэжил эзэмшсэн юм бэ? -Хамтлаг байгуулах үед би төгсөх ангид байсан. Сургууль төгссөн эхний жилүүдэд мэргэжил эзэмших талаар огт боддоггүй байв. Удалгүй хүн ямар нэгэн мэргэжил зайлшгүй эзэмших шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэр манай хамтлагийнхан Санхүү эдийн засгийн дээд сургуулиас урилга ирж, бидний зарим нь банк, санхүүгийн мэргэжлээр тус сургуулийг төгсөж байлаа.
Гэхдээ мэргэжил эзэмшинэ гэдэг түүнийгээ бусдад гайхуулахын тулд, эсвэл диплом өвөрлөхийн тулд биш гэдгийг залуус маань ойлгоосой гэсэн бодол төрдөг. Санхүүгийн хувьд гэхэд л айл өрх бүр л өөрийн гэсэн төсөвтэй. Түүнийг барьж, зарцуулан, хянаж байдаг нэг санхүүч айл бүрт байдаг шүү дээ. Түүний адил ямар ч уран бүтээлчид санхүүгийн анхан шатны мэдлэгтэй байх шаардлага тулгардаг. Цомог гаргах боллоо гэхэд л түүнд зарцуулах хөрөнгө мөнгө, болон олсон орлогоо тооцох гээд л санхүүгийн асуудалд өөрийн эрхгүй оролцох болдог. Тиймээс бидэнд багагүй туршлага байсан учир сурахад илүү дөхөм байлаа. Эрдмийн зэрэг горилох ажлаа ч тэр туршлагатаа үндэслэн бичиж байлаа.

Цонхоор ширтэн бодлогоширч, үгээ зөөн ярьж суусан Хаазаа гэнэтхэн “Би их азтай хүн” гэх нь тэр. Гэнэтийн энэ яриа нь анхаарлыг минь татаж би “Яагаад?” гэсэн асуултаар ярилцлага үргэлжлүүллээ.
-Бодоод байх нь ээ би өөрийгөө их азтай хүн гэж дүгнэдэг. Аз хэмээн хэвлэлээр дамжуулан зарлах гэсэндээ биш л дээ. Надад тийм л бодол төрдөг. Би 11 настай байхдаа Япон руу тэмцээнд оролцохоор явж байлаа.
-Юуны тэмцээнд? -Бейсболлын. Би бейсболлоор хичээллэдэг байсан. Гэтэл аз таарч Японд болох тэмцээнд оролцох боломж олдсон юм. Тэгээд хожим нь “Номин талст” хамтлагтаа орсон. Одоо сайхан ханьтай, үр хүүхэдтэй болчихоод, аав, ээж минь эсэн мэнд элэг бүтэн сайхан амьдарч байна.
-Та хувь заяанд итгэдэг юм аа даа? -Итгэдэг. Хүн бүр тэр байтугай аливаа биет хувь заяатай гэж бодогддог. Хэдийгээр чи араас дахин дахин залгаж, бид хоёр уулзан, ингээд ярилцаж суугаа боловч энэ ч бас хувь заяаных болов уу. Би сүүлийн үед шашин шүтдэг болоод байгаа.
-Яагаад тэр вэ? -Тэр талаар их судалж, унших болсон. Тэгээд л тэр.
-Үр хүүхэд гэснээс охин тань хэдэн настай вэ? -Охин маань ой дөрвөн сартай. Нэг их ажилтай хүн бий дээ. Өдөр, шөнөгүй л элдэв ажил хийгээд л нааш цааш гүйгээд байна. Орой болохоор эхнэр бид хоёр унтуулах гээд бүх гэрлээ унтрааж, “шөнө болгоод”, дуугаа хураан суудаг юм. Охиноо унтуулах гэж байгаа байдал нь тэр.
-Охид аавтайгаа илүү дотно байдаг. Танай ажилсаг охин бас тийм үү? -Тийм шүү. Өглөө дагаад л сүйд болдог.
-Таны ярилцлага сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байх нь ховор. Та яагаад сэтгүүлчдээс тэгж их дөлдөг юм бэ? -Ярих зүйл байхгүй болохоор ярилцлага өгөхөөс цааргалдаг юм. Хийсэн ажилтай, ярих зүйлтай бол гуйлгахгүй, харин ч өөрөө ярилцлага аваач гээд гуйгаад очно. Хэнд ч хэрэггүй ярилцлага нийтлүүлж, сонины хуудас бөглөхийг хүсдэггүй. Хэдийгээр би мундаг амьтан биш ч ярилцлага минь уншигчдад нэг ч гэсэн зүйлээр өгөөжтэй наалдацтай байгаасай л гэж боддог юм.
-Таныг тэр бүр ярилцлага өгдөггүй болохоор Хангэрэл гэдэг ямар хүн бэ гэдгийг уншигчид төдийлэн мэддэггүй. Та өөрийгөө нэг тодорхойлооч. -Би олиггүй хүн. (инээв) Би өөрийгөө яаж дүгнэх вэ дээ. Чамтай ярилцаад суухад ямар хүн болох нь зах зухаасаа мэдрэгдэж байгаа биз дээ.
Би завгүй байх дуртай. Өдөржин хийх юмгүй суувал тэр хамгийн аймшигтай зүйл гэж боддог хүн. Тиймээс залуусыгаа ч өөртөө зорилго тавин цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй гэж боддог. Энэ долоо хоногт би ийм зүйл хийх ёстой гэж өөртөө зорилт тавин өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр л дор бүрнээ хичээгээд байвал улс хөгжиж, хөгжингүй орнуудтай зэрэгцэхэд хэцүү зүйл байхгүй. Манай хамтлагийнхан анх байгуулагдчихаад ямар ч хийх ажил байхгүй байсан ч бүжгийн бэлтгэл зарлан гишүүдээ цуглуулж, өөрсдөдөө ажил нэмдэг байлаа. “Номин талст” гэхээр Батсүх, Хаянаа, Дээгий, Хаазаа дөрвөөр төсөөлж болохгүй л дээ. Бид чинь бүжигчидтэй, эмэгтэй гишүүдтэй, биднээс гадна хоёр ч дуучинтай байсан. Зайлшгүй шалтгааны улмаас дөрвүүлээ болсон хэрэг.
-Хамтлагтаа та ямар ажлыг хариуцан хийдэг байв? -Тоглолт, цомгийн ажил ундармагц л хуваарилчихдаг байсан. Тиймээс янз бүрийн л ажил хийдэг байлаа. Би өөрийгөө аливаа ажлыг хагас сар хийгээд л сурчихдаг, эв дүйтэй хүн гэж үнэлээд байдаг юм.
-Коктейль хийсэн ч номыг нь уншаад, шашин шүтэхдээ ч судалгаа хийгээд л… Та аливааг их судалж, цааш нь ухах дуртай хүн юм аа даа? -Тийм байж мэднэ.
-Багадаа хэр дүрсгүй байсан бэ? -Дүрсгүй хүүхэд байсан. Элдэв зүйл ургуулан бодчихоод түүнийгээ заавал биелүүлж байж санаа амарна. Үр дагаврыг нь ер нь анзаарахгүй. Тэгээд л багш нартаа загнуулна.
-Хичээлийн эрхлэгчийн өрөөнд дуудагдаж байв уу? -Олон дуудагдаж байсан. Сургуулиас хөөнө гэж айлгадаг байсан шүү дээ, намайг.

Ярилцаж суух зуур Хаазааг их сониуч, аливааг ажиглах дуртай хүн юм гэж дүгнэмээр санагдлаа. Тэр цонхоор ширтэн, гудамжаар алхах хүмүүсийг ажиглаж, хажуугийн ширээнд суух залуусын ярианд ч чих тавина. Гэхдээ түүний эл зан, бусдад сайн сайхныг хүссэнийх гээд хэлчихвэл өрөөсгөл болохгүй болов уу. Түүний хамгийн их санаа зовдог асуудал нь өдрөөс өдөрт холдож, хөндийрч байгаа хүмүүсийн харилцаа. Энэ талаар “Хүмүүс энгийн харилцаанд хүртэл ашиг хонжоо хардаг болж. Хэдхэн жилийн дараа бид өнөө маргаашийн талхны мөнгөнд санаа зовохгүй, материаллаг хэрэгцээгээ хангачихаж сурна. Тэр цагт хүнд харилцаа гэдэг ямар чухал зүйл гэдгийг ухаарах боловч алдаагаа засах аргагүй болчихсон байх вий дээ” хэмээн халаглаж суусан. Элдэв маяг, хуурамч төрхгүй, энгийн нэгэн залуутай ярилцсан минь энэ.

Sunday, October 24, 2010

Б.БААТАР: Аз бол амьдрал гэдэг тестийг зөв бөглөсний бонус

Яагаад ч юм найруулагч гэхээр л хөмсөг зангидсан, ширүүн харцтай хүний дүр нүдэнд буудаг. Тэр ч яах вэ мэргэжлийн онцлогтой нь холбоотой биз. Харин Б.Баатар найруулагч төсөөлж байснаас минь тэс өөр хүн байсан. Би түүнтэй Д.Батсүх, Б.Амархүү нарын “Би чамд итгэдэг”
дууны клипний зургийг авч байх үеэр танилцаж байлаа. Дуучин Б.Амархүүгээс яриа авахаар очтол Б.Баатар найруулагч “Цаадах чинь их ааш муутай шүү. Таалагдахгүй асуулт тавьбал тасхийтэл алгадаад авчихаж ч мэднэ” хэмээн хошигнож билээ. Яг л анх төрүүлсэн сэтгэгдэл шигээ энгийн, эртний танил шиг дотно гэртээ тэр биднийг урьсан юм.
Харамсалтай нь гэрийн эзэгтэй Ч.Ундрал биднийг очиход байсангүй. УДЭТ-ын маркетингийн албыг хариуцан аваад удаагүй байгаа тэрбээр “Саран хөхөө” жүжгийн нээлтэд оролцох гээд зав зай муутай явсан аж.

-Хэдийнээс клип хийж эхэлсэн бэ?
-Уг нь би хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй хүн. Хүүхэлдэйн киноны “Боролдой” студид зураачаар ажилладаг байлаа. Хүмүүс загалмайлсан эцэг гэж ярьдаг даа. Намайг урлагт хөтөлж, загалмайлсан хүн бол “Боролдой”-н С.Мягмар ах. Хамгийн анх дуучин Э.Минжинсорын “Хүүхэлдэй” дууны клипийг хийж байлаа. Мөн “Хар тас” хамтлагийн “Бүрхэг тэнгэр” клипийг хийхэд оролцож байв. Тухайн үед видео хэмээх урлаг манайд дөнгөж л хөгжиж байсан.
-Боролдой студид байхдаа ямар хүүхэлдэйн киноны зураачаар ажилласан бэ?
-“32 модон хүний үлгэр”, “Барын хүү бамбар” зэрэг цуврал хүүхэлдэйн киноны зургийг зурсан.
-Тэгэхээр та анх зураач байснаа удалгүй зураглаач болж, одоо найруулагчийн ажил хийж байгаа байх нь ээ?
-Ерөнхийдөө энэ гурван ажил хоорондоо их төстэй. Дүрслэх урлаг гэдэг сэтгэлгээний урлаг учир найруулагчийн ажилд их дөхөм. Өөрийгөө бүтээлээрээ илэрхийлэх техник нь адилхан учир нэр хүндтэй найруулагчдын олонх нь зураач, эсвэл жүжигчин мэргэжилтэй байдаг.
Гэхдээ би өөрийгөө найруулагч болчихсон гэж боддоггүй. Энэ ажлыг чадан ядан хийж л сууна. Найруулагч гэдэг агуу үг. Найруулагч гэж дуудуулах түвшинд хүрсэн үү, үгүй юү гэдэг ч хялбар шийдэх асуудал биш.
-Найруулагч хүн тал бүрийн мэдлэгтэй байх ёстой юу?
-Үгүй, би тэгж бодохгүй байна. Мэдлэгтэй биш, мэдрэмж сайтай байх ёстой. Гайхмаар авьяастай байх ч албагүй болов уу. Харин гайхамшигтай авьяастай хүмүүсийг нэгтгэж чаддаг байх ёстой. Сайн зураач, сайн зураглаач, сайн эвлүүлэгч гээд энэ салбарын бүхий л сайчуулыг олж, нэгтгэж, нэг баг болгож байж л сайн бүтээл төрнө. Нөгөөтэйгүүр найруулагчийн гүн ухаан кинонд тусгагддаг тул тун хариуцлагатай ажил. Гэхдээ гүн ухаан гэхээр л сюрреализм гэх мэт бодит амьдралаас ангид зүйл өгүүлээд байж болохгүй л дээ. Амьдралаас хол хөндий, далд агуулгатай байх тусам үзэгчид бүтээлийг нь хүлээн авахдаа их ядардаг. Тиймээс уран бүтээл нь их энгийн байх хэрэгтэй. Аливаа зүйл энгийн байх тусмаа сонирхолтой болдог. Би энгийн зүйлийг урнаар өгүүлэх нь их том урлаг гэж боддог.
-Таны зургийн цомогт гадаадын орнуудаар аялсан зураг их олон юм. Аялал таны хообий юу?
-“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Аялал гэдэг их том сургууль. Сониноос уншихад төрөх мэдрэмж очиж үзэхэд төрдөгөөс тэс өөр байдаг. Мөн аялал олон хүнтэй уулзаж, тэднээс эрч хүч, шинэ уран бүтээл хийх урам авах боломж олгодог.
Хэдийгээр дэлхий их уудам, том юм шиг боловч Холливуд тийм хол биш л байхгүй юу. Хэрэв бид хийе, бүтээе гэж хүсвэл Холливудад өрсөлдөх боломж байна. Харин манайхан хэзээ ч бүтэхгүй зүйл юм шиг санаж хичээх нь байтугай оролддог ч үгүй. Тэр л бидний алдаа юм.
-Загас барихад юунд нь дурладаг юм бэ? (Тэр зургийн цомгоо үзүүлж байхдаа нэгэн цагт загас барих хообийтой байснаа сонирхуулсан юм)
-Урлагийн хүн тэр дундаа найруулагч юм юм үзэх ёстой юм шиг санагддаг. Тэгээд нэг хэсэг Чука ахтай хамт загасчлахаар явдаг байлаа. Загас барихын тулд хоёр ч амьтны амийг таслах нь энэрэнгүй бус санагдсан учир энэ хообийгоо орхисон. Гэхдээ яг дэгээнд загас орох үеийн мэдрэмжл хамгийн сайхан нь. “Чи үлдэх үү, би ялах уу” гээд уургаа татаж байх үед юун нөгөө энэрэнгүй үзэл, амьтны амь тасалж болохгүй гэж бодохтой манатай болдог юм билээ. Ан хийхэд ч мөн ялгаагүй.
“Амьтны амь тасалчих вий дээ” гэж ярьж явсан атал амьтан гараад ирэх үед эр хүн шууд л буугаа шүүрч, гохоо дарсан даруйд өөрийн эрхгүй оносон байгаасай гэж бодогддог. Гэхдээ буудчихсаныхаа дараа амь тавьж байгаа амьтны хараад “Би юу хийчих вэ” гэх бодол төрнө. Надад цөөнгүй удаа тэгж бодогдсон учир дахин ан хийнэ гэж бодохгүй байна.
-Спортоор хичээллэдэг үү?
-Хүндийг өргөлт, боксоор хичээллэдэг байсан. Гэхдээ би спортод хөл тавьсан цагаасаа л өөрийнхөө авьяасгүй гэдгийг мэдэрдэг байлаа. Спортын авьяас гэдэг генээр удамшдаг шиг байгаа юм. Гэтэл манай удамд ч спортод гарамгай хүн байхгүй. Үеийн хүүхдүүд боксын тэмцээнд ороод алт, мөнгө, хүрэл медаль авч байхад би эхний тойрогт толгойгоо хөдөлгөж байх жишээтэй.
Гэхдээ тэвчээр, хатуужлыг суралцдаг болохоор эрэгтэй хүн спортоор хичээллэх хэрэгтэй. Намайг хүндийг өргөлтийн спортод хөтөлж, анх дасгалжуулсан хүргэн ах Ундрах, мөн Бокс цааж байсан Цацаа ахдаа их баярладаг. Намайг хатуужуулж, спортоор хүмүүжүүлсэн нь миний өдий зэрэгтэй яваад их тус нэмэр болсон. Ер нь эр хүн бүр хат суусан байх ёстой. Тиймээс ч надад эр хүн бүр цэрэгт явах ёстой гэсэн Солонгосын хууль зүгээр санагддаг юм. Цэрэгт явснаар эх оронч сэтгэлгээ төлөвшиж, хатуужилтай, тэсвэр тэвчээртэй жинхэнэ эр хүн болдог.
-Спорт, зураг, клип, кино гээд бүхий л салбарт хүч сориод амжсан байх нь ээ?
-Үгүй дээ. Спортоор хичээллэж байхдаа би авьяасгүй гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг байсан. Тиймээс амжилт гаргаж тамирчин болох гэж спортоор хичээллэдэг байгаагүй. Харин зураг зурахад авьяастай гэдгээ мэдэрдэг байсан. Түүнээс биш салбар салбарт хүч сорьсон хэрэг биш.
Гэхдээ багш маань бидэнд “Хүнд эвсэл, хөдөлмөр, хувь заяа гэсэн гурван зүйл зэрэг байсан тохиолдолд амжилтад хүрдэг” гэж сургадаг байсан. Эвсэл гэдэг зүйлийг аав, ээж маань надад жаахан ч гэсэн заяасанд би их баярладаг. Гэхдээ эвсэлтэй мөртлөө аз завшаан тохиолдоогүй бол бас хэцүү. Өмнөговьд малчин айлд төрчихсөн бол миний энэ эвсэл хэнд ч хэрэггүй болно. Надад урлагт хөл тавих завшаан “Тахиа” гэдэг нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Долгорсүрэн эгчийн нэвтрүүлэгт оролцох үеэр тохиосон юм. Тухайн үед намайг Мөрөн гэдэг эгч олж хараад, тэндээс улбаалаад би хүүхэлдэйн киноны салбарт орсон юм. Тэгээгүй байсан бол би өдийд урт үстэй зураач л байх байсан биз. Тиймээс Долгорсүрэн, Мөрөн эгч нартаа их баярлаж явдаг.
“Боролдой” студид зураачаар ажиллаж байх үед С.Мягмар ах намайг “Энэ залууг найруулагч болгоно оо” гэдэг байж билээ. Тухайн үед өөрийгөө их гайгүй зураач гэж тоодог байсан би тэр үгэнд нь их гомдоно. Саяхнаас л найруулагч гэдэг үнэхээр миний хийх ажил байж дээ гэдгийг ойлгож Мягмар ахад их баярлах болсон.
Мөн Балжинням найруулагчид их баярладаг. “Би чамд хайртай” гэх агуу киноны II ангийг хийх боломж олдоно гэдэг их аз. “Татар ажиллагаа” кинонд “Аз бол амьдрал гэдэг тестийг зөв бөглөсний бонус” гэж хэлдэг. Энэ текстийг манай дүү зохиосон л доо. Бодоод байхад их зөв үг шиг байгаа юм. Зөв явж, зөв амьдарвал түүний чинь бонус нь аз байх болно. Харин бусдыг гомдоож, муу зүйл хийвэл аз харина. Манай киноны ерөнхий санаа ч энэ.
-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Уран бүтээл хийж байгаад л… Дуучин Оюунбилэгийн клипэнд Ундраа тоглох үед бид анх танилцаж байлаа. Анх хараад ямар муухай их зантай охин бэ гэж бодож билээ. Энэ хүний нөхөр болох тухай бодол огт төрөөгүй. Гэхдээ бас таалагдсан л даа. Удалгүй татагдаж, үерхээд, тэгээд л суусан даа.
-Үерхэж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн байна вэ?
-Арваад жил болж байна. Саяхан амьдралын минь утга учир болсон хөөрхөн хүүтэй боллоо. Миний амьдралдаа туурвисан хамгийн гайхамшигтай уран бүтээл.
-Хүүгээ төрж байх үед юу бодогдож байв?
-Би дэргэд нь хамт байсан. Хэдийгээр өмнө нь ажлын шаардлагаар, уран бүтээл хийхээр төрөх үйл явцыг харж байсан боловч өөрийн эхнэр амаржиж, хүүхэд төрнө гэдэг амаргүй юм билээ. Уйлмаар санагдаж байсан. Хожим нь ч гэсэн хүүгээ жаахан уйлагнаад л бие нь өвдчихөөр орилмоор санагдаад л шуугиан дэгдээнэ шүү дээ.
Хүүгээ төрөх үед л эмч нарын зовлон жаргалыг ойлгосон. Хүү маань жаахан хүндрэлтэй төрсөн юм. Тэр үед эмч шиг муухай хүн байхгүй, цохиод авмаар санагдаж байсан хэрнээ хүүгээ төрсний дараа эмч шиг сайхан бурханлиг хүн байхгүй мэт бодогдсон. Эмээ маань эмч хүн байсан. Надад ч эмч болно гэж бодогддог байсан үе бий.


“Аз бол амьдрал гэдэг тестийг зөв бөглөсний бонус юм”. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад байгаа “Татар ажиллагаа” киноны гол дүрүүдийн нэг болох Тулгын хэлсэн эл өгүүлбэрээр ярилцлагаа гарчигламаар санагдсан. Хэдийгээр энэ дүүгийнх нь бодож олсон мэргэн үг боловч Б.Баатар найруулагчийн баримталдаг зарчим, үзэл бодлын нэг гэдэг бодол ярилцлагын үеэр төрж байлаа.

Лиза Мари Пресли: Майкл хэрхэн шуугиан дэгдээхээ сайн мэддэг нэгэн байсан




Нас барсан хойноо ч хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, орлогоороо тэргүүлэгчдийн жагсаалтад нэгдүгээрт бичигдсэн хүн Майкл Жексоноос өөр үгүй биз. Хэдийгээр попын хаан жил гаруйн өмнө таалал төгссөн боловч өнөөг хэр түүний ээдрээтэй амьдралын тухай яриа амнаас ам дамжиж, хэрэгт дуртай нэгний ярианы сэдэв болсоор буй. Харин түүний амьдралын үнэн мөнийг өгүүлэхээр Лиза Мари Пресли Опрагийн нэвтрүүлэгт зочилжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэдэн арван ярилцлага өгч байсан боловч энэ удаагийнх шиг хувийн амьдралынхаа нууцыг дэлгэрэнгүй нэгд нэгэнгүй тоочсон нь үгүй.
2009 оны зургадугаар сарын 25. Эл өдрийг “Амьдралын минь хамгийн аймшигтай өдөр” хэмээн Лиза Мари Пресли тодорхойлсон. Үнэндээ ч тэр өдөр урьдынхаас тэс өөр өнгөрсөн гэнэ. Өдөр бүр нэгэн хэвийн үргэлжилдэг амьдралынх нь хэмнэл тэр л өдөр эвдэгдчихэж. Ажлаа дуусмагц гэр рүүгээ яардаг хатагтай Пресли тэр өдөр студиэр ямар ч зорилгогүй ороод гарсан гэдэг. Түүнийсэн хийсэн хачирхалтай үйлдлүүд үүгээр дууссангүй. Гэрийнхээ босгыг давмагц л нулимс нь хацар даган урссаны учрыг тэр өөрөө ч ойлгосонгүй. Шалтгаангүйгээр уйлсаар хоолоо арайхийн дуусгасан тухайгаа тэр “Болзолт рефлексээрээ л хоолоо зажилж байсан. Тэр үед юу идэж байгаагаа ч анзаарах сөхөөгүй уйлаад л суусан” хэмээлээ. Оройхон хэрд өөрийгөө хүчлэн байж тэр уйлахаа больж, унтахаар хэвтсэн боловч нойр нь хулжих тул зурагтаа асаажээ. Үүнээс цаг гаруйн дараа дотнын анд Жон Травольтагаас зурвас ирж, нөхөр Майклынх нь таалал төгссөн тухай эмгэнэлт мэдээллийг дуулгасан гэдэг.
Үүнээс жил гаруйн хугацаа өнгөрч, Лиза Мари Пресли хүмүүсийн анхаарлыг татсан хайр сэтгэл, гэрлэлт, салалт болон домогт дуучны үхлийн талаар анх удаагаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна.
Энэ удаагийн ярилцлага өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байсантай огт адилгүй болохыг Лиза Мари “Өмнө нь хувийн амьдралын тухай асуултад аль болох хариулахгүй байхыг хичээж, ярианы сэдвийг огт өөр зүгт хандуулдаг байлаа” гэсэн. Харин энэ удаад хувийн амьдралын нууц болон бусдад буруугаар ойлгогдох болсон хайр сэтгэлийнхээ тухай үнэн мөнийг өгүүлэхээр шийдсэн нь энэ юм.
“Та 2005 онд манай нэвтрүүлэгт оролцохдоо “Бид үнэхээр бие биедээ хайртай. Бусдын нүдийг хуурах гэж, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар гэрлэсэн юм биш. Бидний гэрлэлт жинхэнэ” гэж байсан удаатай” хэмээн Опраг яриагаа эхлэхэд Лиза Мари “Олны төөрөгдлийг би энэ удаагийн ярилцлагаараа өөрчлөх гэсэн юм” гэлээ.
Хэдийгээр домогт дуучны охин, попын хаан хоёрын гэрлэлт олны нүдийг хуурах төдий зүйл биш байсан боловч Майкл хэвлэлийнхний толгойг эргүүлэхдээ гарамгай нэгэн байсныг тэр үгүйсгэсэнгүй.
“Гэрлэлтээ гэрээнийх юм шиг харагдуулах санааг тэр анх гаргасан. Уран бүтээлийнх нь эгзэгтэй үе таарсан тул тэгэхээс ч аргагүй байсан биз. Майкл хэрхэн шуугиан дэгдээж, утсан хүүхэлдэйг удирдахаа сайн мэддэг нэгэн байсан” хэмээн гэрлэлтийнхээ тухай тэр дурслаа.
Заримдаа бүр толгой эргүүлсэн олон мэхэнд нь Лиза Мари уначих дөхдөг байсан гэдэг. Энэ тухайгаа тэр “Тэр үргэлж л гэрлэлт, хайр сэтгэлээ ашиг сонирхлынх мэт харагдуулах арга хайдаг байлаа. Энэ байдлаас нь болоод түүний надад хайртай эсэхэд эргэлзэх үе ч гардаг байв Харин одоо түүний энэ байдлыг хэзээ хэзээнийхээс ч илүү сайн ойлгодог болсон. Хэдийгээр бусдыг, бас намайг төөрөгдүүлсэн ч энэ бол түүний өөрийгөө аврах арга байсан юм” гэв.
Хэдийгээр задлан шинжилгээний хариу “Пропофоль болон тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас…” хэмээн гарсан боловч Лиза Мари түүнийг хар тамхинд донтож байсан гэдэгт эргэлздэг гэнэ. Ямартай ч хамт амьдрах хугацаандаа хар тамхи хэрэглэдэг байгаагүй гэдэгт бат итгэлтэй байдаг тухайгаа хатагтай Пресли өгүүлсэн.
1995 онд Майклын бие гэнэ муудаж, эмнэлэгт хүргэгдсэн явдлыг олонх хүн хар тамхинаас болсон гэж сэжиглэдэг. Харин энэ талаар Лиза Мари “Яг юу болсныг дэлгэрэнгүй яриад хэрэггүй болов уу. Харин хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болоогүй гэдгийг баттай хэлж чадна. Түүний онош “Шингэний дутагдал, цусны даралт багассан, ядаргаа, А вирус” гэж гарсан байсныг би тод санаж байна” гэлээ.
Майклын амьдралын талаарх бас нэгэн сэжиг бол түүний Элвисийн охинтой гэрлэсэн явдал. Өнөө хэр хүмүүс түүнийг нэр хүнд, ашиг хонжоо харж, зарим нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ нуухын тулд Лиза Маритай гэрлэсэн хэмээн харддаг. Харин энэ тухайд Лиза Мари огт өөр түүхийг өгүүлсэн юм.
Тэр “Бидний хамтдаа өнгөрүүлсэн хором, мөч бүр бусад гэрлэсэн хосуудын л нэг адил. Бид нээлттэй, их дотно харилцаатай байсан. Майклын нойр хулжсан үед би хань болж, элдэв зүйлийн тухай хууч хөөрдөг байлаа. Гэхдээ тэгж суух нь надад сайхан байсан. Би түүнийг халамжлахдаа их жаргалтай болдог байж билээ. Бидний хувьд бүх зүйл өөгүй сайхан байсан тул амьдралын минь хамгийн жаргалтай үеийг би Майклтай хамт байсан цаг гэж хэлнэ. Бид нэг гэр бүл, нэг цогц болж чадсан. Тиймээс ч түүнтэй өнгөрүүлсэн мөч бүрээ өчигдрийнх юм шиг тод санаж байна. Майкл миний амьдралд тийм л гүн дурсамж үлдээсэн” хэмээн дурссан юм.
Харамсалтай нь хоёр жилийн дараа л тэдний энэ сайхан байдал үгүй болж, эхнэр нөхөр гэх нэрнээс цаашгүй болсон гэдэг.

-Салах шийдвэрийг ч мөн л Майкл гаргасан. Надаас болсон уу, эсвэл хар тамхинаас уу гэдгийг би мэдээгүй. “Цус сорогчдоос” ч болсон байж мэднэ. Ямартай ч тэр намайг өөрөөсөө түлхсэн.
-Цус сорогч гэнэ ээ? -Нэг тийм хүмүүс байдаг даа.
-Бялдуучилж, бусдыг хөдөлмөрийг цус сорогч шиг л сордог уу? -Тийм ээ. Бялдууч.
-Тэр танд хайртай гэдгээ батлахын тулд үхэж чадах байсан болов уу? -Чадах байсан гэж бодож байна.
-Түүнийг өөд болсны дараа л өөрт тань үнэхээр хайртай гэдгийг нь ойлгосон хэрэг үү? -Харамсалтай нь тийм. Бид хамт байхдаа үнэхээр жаргалтай хос байж чадсан. Удалгүй бид бие биенээсээ хөндийрч, бүр бие биенээ үзэж ч чадахгүй байдалд хүрчихсэн байлаа.
Хар тамхи хэрэглэх болж, эмч нар ч байсхийгээд л манайхаар “зочлох” болсон нь Майклыг орхихоос аргагүй байдалд оруулсан. Гэхдээ л бид гэрлэлтээ цуцлуулснаасаа хойш дөрвөн жил хамт амьдарсан.
-Тийм гэж үү? -Салаад л, буцаж нийлээд л байсан хэрэг. Тэгээд нэг л өдөр тэр энэ бүхнийг төгсгөл болгох шийдвэр гаргасан.
-Харин та түүнийг хайрласан хэвээр байв уу? -Бүр маш ихээр хайрлаж байлаа. Тиймээс ч “Битгий намайг орхиоч” гэдэг үгийг мөн ч их хэлсэн дээ.

Wednesday, October 20, 2010

А.ХАЯНХЯРВАА: Тавилга дамжин үсчдэг сахилгагүй хүүхэд байлаа



Хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд бизнест хүч сорьсон болохоор А.Хаянааг сэргэлэн, овсгоотой нөхөр гэсэн бодол эрхгүй төрдөг. Цөөнгүй сурталчилгаанд гэр бүлийн хамт тоглоод амжсан нь хүмүүсийн эл бодлыг улам л лавшруулсан биз. Гэхдээ түүний уянгалаг хоолой, намбалаг төрх энэ байдалтай нь зөрчилдөнө. Сүүлийн үед хувийн бизнестээ анхаарал хандуулж, уран бүтээлээсээ түр хөндийрсөн түүнтэй уулзаж ярилцлаа. Гэхдээ уран бүтээлч Хаянаа биш, гэрийн эзэн, бизнесмэн А.Хаянхярваагийн дотоод ертөнц рүү өнгийх гэж хичээв. Бид нам гүм, бусад хүмүүс саад болохгүйг нь бодолцож түүний машинд яриа өрнүүлсэн юм. Авсаархан, энгийн загвартай түүний төмөр хөлгийн гадар ч, салон нь ч тун цэвэрхэн. Усны хоосон сав эсвэл хөглөрсөн бичиг цаас, ядаж шүдэнзний хайрцаг, асаагуур гэх дэл сул зүйлс юу ч байсангүй. Цаг наргүй ажилтай урлагийн хүн тул хэрэгцээт бүхэн нь гарт ойрхон байхаар замбараагүй гэмээр орчинд амьдардаг болов уу гэж төсөөлж байсан тул энэ байдал тун содон санагдав. Бүртийх ч тоос үзэгдэхгүй хянах самбарын хэсэг, эрээд ч толбо олохооргүй суудлын бүрээс нь түүний ямархан чамбай, зарчимч хүн болохыг бүрэн илэрхийлэх биз.
-Хаянаа сүүлийн ямар ажил хийгээд явна вэ? -Хувийн ажлаа хийгээд л явж байна даа.
-Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байна уу? -Хөндийрөөгүй ээ. Саяхан Халиун ахын “Up” мюзик продакшнд шинэ уран бүтээлүүдийнхээ бичлэгийг хийлгэлээ. “Анхны захидал” нэртэй цомог 2008 оны эхээр гаргаснаас хойш дуулсан хэдэн дуу байдаг юм байна. Тэдгээр дуунаас гадна шинэ 5, 6 дуу бичүүлж шинэ цомог гаргах бодолтой байна.
-Сүүлийн үед урлагийнхан тэр дундаа рок попынхон бүгд л бизнес эрхлэх болжээ. Та тэр жишгийг дагаж байгаа хэрэг үү. Эсвэл манай шоубизнесийн зах зээл хумигдах болов уу? -Залуу байхад уран бүтээлээс олсон орлого дажгүй хүрэлцчихдэг л байлаа. Тухайн үед ганц бие байсан болохоор тэр. Одоо бол зөвхөн өөрийгөө биш, ар гэрийнхэн, эхнэр хүүхдээ авч яваа болохоор хангалттай хүрэлцэж чадахгүй болж байна. Түүнээс биш шоу бизнесийн зах зээл хумигдсан гэж хэлж болохгүй.

Ийн хуучилж суутал дэргэд зогссон машин хөдлөн явахтай зэрэгцэн А.Хаянаа ч машинаа асаангаа “Шахаад зогсчихъё. Жолооч нарын хөдөлгөөнд саад болж, уур уцаарыг нь бараад яах вэ” гэв. Үнэндээ тэр зогсоолд машинаа байрлуулсан байсан тул энэ үйлдэл нь гайхаш төрүүлэв. Магадгүй өнөөх л нямбай зан чанартай нь холбоотой биз.
-Хамтлагийнхаа ямар ажлыг хариуцдаг байсан бэ? -Гадуур явж, мөнгө санхүү цуглуулах, ивээн тэтгэгч олох гэх мэт ажлыг л голдуу хариуцдаг байсан.
-Тэгээд л харьцангуй эрт бизнест хөл тавьсан байх нь ээ? -Эрт биш ээ. (хэсэг бодолхийлэв) Бизнес гэдэг хамарч байгаа цар хүрээ, үйл ажиллагаанаасаа хамаараад том, жижиг янз бүр бий. Хувцасны дэлгүүр ажиллуулах гэх мэт жижиг бизнес эрхэлж эхэлсэн гэвэл 2000 оноос юм байна. Тэгэхээр бас эрт гэж хэлж болох юм аа.
-Таны сургуульд сурч байгаа гэсэн. Үнэн үү? -Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байна.
-Суралцахын зэрэгцээ бизнес эрхэлж, уран бүтээл туурвиад багагүй ачаалалтай байгаа юм байна даа. Хэдэн цагт харьж байгаа вэ? -Ойрд ачаалал их л байна. Оройдоо 20.00 цагийн үед заримдаа 23.00 цаг хүргэж харих нь ч бий.
-Хариад ихэвчлэн юу хийдэг вэ? -Заримдаа төгөлдөр хуурынхаа ард сууж, ая зохиох гэж үзнэ. Хоолоо идэж, хүүхдүүдийнхээ хичээлийг шалгана. Гэхдээ манай охин ч тэр бүр хэлүүлж, үглүүлээд байдаггүй. Өөрөө л хичээлээ давтчихдаг юм. Би сургуульд орохоос нь өмнө мэдлэг олох, сурах арга барилыг нь заагаад өгчихсөн юм. Тиймээс хичээлээ ойлгосон л бол даалгавраа хийхгүй ч байсан болно гэж хэлдэг.
-Хаянаа гэр орныхоо ажилд хэр их оролцдог вэ? -Боломжоороо оролцохыг л хичээдэг. Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ хоол хийж өгнө.
-Хүмүүс аав нь ерөнхийлөгч, ээж нь ерөнхий сайд, хүүхдүүд нь ард түмэн гэж хошигнодог шүү дээ. Хаянхярваагийнх хэр ардчилсан гэр бүл вэ? -Ардчилсан гэр бүл гэж л тодорхойлох байх даа. Манай гэрийн ерөнхийлөгч нь хүү маань, ерөнхий сайд нь би, сангийн сайд нь хатагтай Уранзаяа, охин бол бүхий л салбарт хүч соригч. (инээв)
-Танай “ерөнхийлөгч” хэдэн настай вэ? -Таван настай, охин аравтай.
-Танай хүү, охин хоёрын хэн нь илүү аавтайгаа адилхан бэ? -Хоёулаа л царай зүсээрээ ч тэр, ааш зангаараа ч тэр надтай их адилхан. Ойр дотнынхон, хамаатнууд маань манай хоёрыг харчихаад “Хаянаа багадаа яг ийм сахилгагүй хүүхэд байсан даа” гэлцдэг юм. Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Хөргөгч, шүүгээ, шкаф гээд л тавилга дамжиж дүүлдэг байсан гэсэн. Шкафнаас ор руу үсэрч цөмлөнө, мебель тавилгынхаа нүүрэн хэсэгт элдэв юм нааж, хадаас хадаад л гэрийнхээ тавилгыг тэсгээдэггүй хүүхэд байж.
-Тэр үед мебель тавилга их үнэтэй байсан биз дээ? -Тийм л байх. Гэхдээ гэрийн тавилгаа аав маань өөрөө хийчихдэг байсан. Манай аав их ажилсаг, зүгээр сууж чаддаггүй хүн.
-Тэр зан чанар танд өвлөгдсөн үү? -Мэдээж бага хэмжээгээр ч болтугай байлгүй яах вэ. Гэрийнхээ жижиг сажиг зүйлсийг засаж янзалчихдаг.
-Хаянаа дуулахаас өөр ямар авьяастай вэ? -Өөрийгөө юм юманд адтай юм болов уу л гэж тоодог шүү дээ. Спорт, нийгмийн харилцаа гээд л…
-Урлагийнхан баярлаж гомдох нь амархан гэж хүмүүс ярьдаг. Та ч тийм зан араншинтай юу? -Хүмүүс тэгж ярьцгаадаг ч тухайн хүнээсээ л шалтгаалах болов уу гэж би боддог юм. Би өөрийгөө харьцангуй тайван, тэвчээртэй гэж дүгнэдэг.
-Амьдралдаа голчлон ямар зарчим баримталдаг вэ? -Бизнес эрхэлдэг болохоор ч тэр юм уу хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж их хичээдэг.
-Та ер нь хэр олон захиа авч байсан бэ? -Бараг захиа авч үзээгүй гэж хэлж болно.
-Уран бүтээлчдэд фэнүүдээс нь цөөнгүй захидал илгээдэг биз дээ? -Хамтлагийн захидал бол бий бий. Хайр дурлалын захидал гэж ойлгоод байлаа. (инээв)
-Хайр дурлалын захидал тэгээд авч байгаа хэрэг үү? -Ганц хоёр бий. Гуравдугаар ангид байхдаа анх захидал аваад их л балмагдаж билээ.
-Та ер нь хэр романтик хүн бэ. Эхнэрээ яаж баярлуулдаг вэ? -Тэр талаар бол их маруухан хүн шүү, би. Бид хоёр гэрлээд 15 жил болж байна. Тийм ч бага хугацаа биш байгаа биз. Сүүлийн үед ажил ихтэй байх болсон учир эхнэр минь ч тэр байдлыг сайн ойлгодог юм.
-Дуу цөөтэй хүмүүс ганцаараа сууж, элдэв зүйлийг эргэцүүлэн бодох дуртай байдаг. Та ч бас тийм хүн үү? -Дандаа гадуур явж ажил хөөцөлдөх биш. Ажлынхаа өрөөнд ганцаараа суух үедээ элдэв зүйлийг эргэцүүлэн боддог. Ажлаа төлөвлөнө, ар гэрийн асуудлаа ч бодно.
-Бас дүгнэлт гаргадаг байх. -Аливаа ажлаа дүгнэж бодохдоо тусгайлан цаг гаргадаггүй. Тухайн үед нь л дүгнээд, юунд алдаж, оносноо тунгаачихдаг. Түүнээс биш өнгөрсөн алдаагаа дахин дахин бодоод л суухыг хүсдэггүй.
-Уурлахаараа яаж тайвширдаг вэ? -Тухайн нөхцөл байдлаас л шалтгаалдаг. Ихэвчлэн дуугаа хуураачихдаг. Угаасаа ч дуу цөөтэй хүн юм. Би их яриа хүн биш. Хаана, юу ярихаа мэддэг л болохоос биш хамт явахад ханьтай, зугаатай хүмүүс шиг биш. Мэдээж холын замд явахдаа дүлий дүмбэ оргиод, хар цагаан дуугүй суугаад байхгүй л дээ. Гэхдээ хэтрүүлэгтэй ярьдаг хүн биш.
-Тиймээс асуултад маань товч бөгөөд тодорхой хариулж байгаа юм уу? -Тийм. Угаас дэл сул ярианд дургүй гэх үү дээ. Гэхдээ “ер нь” гэдэг сул үг их хэрэглэдэг юм байна билээ.
-Бас хэлэх үгээ цэнэдэг, “Долоо хэмжиж нэг огтлох” гэсэн зарчим баримталдаг уу? -Эсвэл нэг хэмжээд нэг огтолж ч болно. Юм бүхэн хоёр талтай. Хүн бүхэн л хэлэх үг, хийх үйлдлээ цэнэдэг байх.
-Гэхдээ ямар ч бодолгүй ярьчихдаг хүмүүс бий шүү дээ. -Тэгээд сүүлд нь харамсдаг уу. Бас бодолгүй ярьчихаад сүүлд нь амаа барьдаггүй хүн ч байна. (инээв)
-Та хэр шүтлэгтэй вэ. Хойд насандаа ямар амьтан болохыг хүсэх вэ? -Шүтлэгтэй. Хойд нас байдаг гэдэгт ч итгэдэг. Гэхдээ хойд насандаа хүн болж төрөхийг, тэр дундаа дахин Монголдоо төрөхийг хүсэж байна. Заавал амьтан болох шаардлагатай бол арслан л болох байсан болов уу. Би арслангийн орд, зан араншингийн хувьд ч төстэй байж мэдэх юм.
-Яагаад заавал Монголд төрнө гэж боддог юм бэ? -Эх орон минь сайхан байна шүү дээ. Залхууралгүй хөдөлмөрлөж чадвал ажлын байр хангалттай байна. Наанадаж л нэг байгууллагын гаднах талбайг цэвэрлэе, хөлсийг нь өгөөч гээд удирдлагад нь хандвал дургүйцэх хүн гарахгүй л байх. Тиймээс эх орондоо л дахин төрнө дөө.


Түүнийг ганцхан үгээр тодорхойл гэвэл би удаан бодолгүй “Хашир” гэж хэлнэ. Цаг гаруй ярилцаж суухад төрсөн сэтгэгдэл минь энэ. Гэхдээ тэр яриа өрнүүлж суухдаа хаширлаж, цааргалсан юм биш. Харин ч төсөөлж байснаас ч энгийнээр яриа өрнүүлсэн. Дурсамж, дотоод ертөнцөө нээсэн сонирхолтой ярианаас нь би тэгж дүгнэсэн юм.

Tuesday, October 19, 2010

Ц.Цэгмэд: Будаг нь хатаагүй зургаа харахад бусдынх юм шиг сэтгэгдэл төрдөг

“Урлагийн бүтээл бүхэн ариун байх учиртай”. Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдтэй уулзаж ярилцсаны эцэст ийм бодол толгойд гүн суулаа. Эх орныхоо тавцангаас халин Азид үнэлэгдэж, Японы Фукуока хотод байрлах Азийн урлагийн музейн удирдлага хоёр ч зургийг нь өндрөөр үнэлэн сандаа худалдан авч, урландаа урьж ажиллуулж байсан гэдэг өгүүлбэр л түүний ямархан авьяаслаг, ховор уран бүтээлч болохыг батлах биз. Төрд бүтээлээ үнэлүүлж, Азид авьяасаа гайхуулсан зураачийн урлангаар зочиллоо.

-Яагаад заавал дүрслэх урлагийг сонгосон бэ?
-Би дөрвөн настай байхдаа нэг машин зурж л дээ. Түүнийг цэцэрлэгийн багш маань үзээд “Ямар гоё машин зурдаг хүү вэ” гэж магтсанд урамшиж, баярлан хөөрч түүнээс хойш үргэлж л зураг зурах болсон гэсэн. Түүнийг эмээ минь анзаарч намайг дөрөвдүгээр ангид байхад Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн Энхболд багшид шавь оруулж билээ. Тэгээд л наймдугаар ангиа төгсгмөгц Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэж, дүүргээд Москва хотноо Цюриковын нэрэмжит Уран зургийн академид орсон.
-Та ямар урсгал чиглэлээр уран бүтээл туурвидаг юм бэ?
-Бэлгэдэл, симболизмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Сэдэв, агуулга, дүрс, өнгө, галбир, орон зайн бэлгэдэл зэрэг бүхий л бэлгэдлийг агуулдаг тул төгөлдөр бэлгэдэлтэй урлаг гэж нэрлээд байгаа.
-Монголчууд эрт цагаас бүхий л зан үйл хийхдээ бэлгэдлийг чухалчилж ирсэн. Энэ урсгалыг сонгосон тань ч үүнтэй холбоотой юу?
-Би хадны сүг зураг судалж, сонирхдог. Хадан дээр байгаа сүг зургууд бүгд ямар нэгэн бэлгэдлийг агуулж байдаг. Тиймээс сүг зураг намайг энэ урсгал чиглэлд хөтөлсөн гэж хэлж болно.
-Сүг зураг сонирхохоосоо өмнө ямар арга барилаар зурдаг байсан бэ?
-Сэдвийн бэлгэдлийг уран бүтээлдээ ашигладаг байсан. Бэлгэдлийг онцлох болсон минь Уран зургийн академийг театрын зураач мэргэжлээр төгссөнтэй холбоотой. Тайзны уран бүтээлийн зурагт жүжгийн санааг гаргахын тулд бэлгэдлийг чухалчилдаг. Зохиолчийн санааг баяжуулж, түүнийг зургаар илэрхийлэн гаргадаг тул энэ төрлийн зургийг урлагийн бүтээл биш дизайн, урлал гэж ойлгож болно.
-Урлагийн бүтээл биш гэнэ ээ. Тэгвэл жинхэнэ урлагийн бүтээл ямар байх ёстой юм бэ?
-Зураачид өөрийг нь тойрон хүрээлж байгаа сүнслэг орчин, эрчим хүчний санааг дамжуулж цааснаа буулгадаг. Тэр сүнслэг эрчим хүч зураачийн биед бууж санаагаа дамжуулж байгаа агшинг онгод орох гэж нэрлэдэг. Тэр онгодоор хөглөгдөн зурсан зургийг л уран зураг гэнэ дээ. Урлаг гэдэг бол тэнгэрлэг эрчим хүчний илэрхийлэл юм.
Бөө, удганууд бөөлж байх үед биед нь онгод бууж, огт өөр хүний дүрд хувирчих шиг болдог шүү дээ. Яг л түүн шиг зураачийн онгод орсон үед биед нь огт өөр эрчим хүч бууж, уран бүтээлийнх нь санааг өгдөг гэсэн үг. Харин тэр санааг хэр чадварлаг буулгаж байгаагаас зургийн сайн эсвэл муу болох нь шалтгаалдаг.
-Уран бүтээлчид өөрсдийн үзэл бодлоо, тухайн агшинд төрсөн сэтгэгдлээ цааснаа буулгадаг гэж ярьдаг шүү дээ. Гэтэл таны уран бүтээлүүд санаанаас тань төрөөгүй байх нь ээ?
-Зураачид өөрийн санаа гэж эндүүрдгээс тэгж ярьдаг юм. Тэд толгойд буусан санаа нь сүнслэг эрчим хүчнийх гэдгийг өөрсдөө ч анзаардаггүй. Гэхдээ тэгж ярьж байгаа хүмүүс дунд үнэхээр өөрсдийн санаагаар зурсан уран бүтээлчид ч бий. Харин тэдний зургийг урлаг гэж хэлж болохгүй. Урлал эсвэл дизайн л гэх болов уу. Нэг ёсондоо тэд уран бүтээл туурвиж байхдаа огт сэтгэл гаргахгүй байна гэсэн үг.
Эрдэмтдэд шинэ нээлтийн санаа гэнэтхэн төрсөн тухай түүх олон бий шүү дээ. Тэр чинь л сүнслэг эрчим хүч тэр хүнийг сонгож санаагаа дамжуулж буйн бодит жишээ. Мэдээж аливаа нээлтийг зөвхөн сүнслэг эрчим хүчний үр дүн гэвэл хэт өрөөсгөл болно. Тухайн эрдэмтний мэдлэг оюун ухаан боловсролоос гадна сүнслэг эрчим хүч нээлт хийхэд нь тус болж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр сүнслэг эрчим хүч санаагаа дамжуулах хүнээ эрдэм чадал, мэдлэгийг нь харгалзан сонгодог.
-Тэгвэл уран бүтээлчдийг ч сүнслэг эрчим хүч өөрөө сонгодог байх нь ээ?
-Өөрийнх нь гаргах гэж байгаа санааг илэрхийлэх чадвартай эсэхийг нь харгалзан үзэж байж сонгодог.
-Таны онгод, санаа хэдийд орж ирдэг вэ?
-Санаа хаана ч, хэзээ ч хамаагүй төрж л байдаг юм. Заримдаа бүр төрөхгүй байх нь ч бий.
-Тэр үед нь хүчээр төрүүлэх үү?
-Хүчээр биш ээ. Бийр, будгаа бариад суухад анхаарал төвлөрч, орчны эрчим хүчийг илүүтэй мэдэрдэг юм. Тиймээс санаа төрөхгүй байгаа үед цэг тавих, эсвэл ямар нэгэн амьтан зурах зэргээс сэдэл төрүүлдэг. Энэ үед зөвхөн уран бүтээлд анхаарал төвлөрдөг тул орчноо, сүнслэг эрчим хүчийг илүү сайн мэдэрдэг.
-Сүнслэг эрчим хүчний санааг дэлхий нийтэд хэр хүлээж авдаг юм бэ?
-Тэр бүр хүмүүс энэ тухай ярьдаггүй л дээ. Н.К.Рерихийн бүтээлийг эерэг эрчим хүч ихтэй, анагаах увидастай гэж ярьдаг шүү дээ. Энэ талаарх судалгаа ч бий. Америкийн эрдэмтэд түүний бүтээлийг эмнэлгийн нэг өрөөнд байрлуулж туршиж л дээ. Тэгтэл Н.К.Рерихийн зургийг байрлуулсан өрөөнд хэвтэж эмчлүүлсэн өвчтнүүд бусад өрөөнд хэвтэгсдээс илүү түргэн эдгэж байсан гэдэг. Уран бүтээлд шингэсэн тэр эрчим хүч бол өнөөх сүнслэг эрчим хүч байгаа юм.
-Тэгвэл үзэгчид зургийг ойлгохгүй байна гэдэг тухайн эрчим хүчийг мэдрэхгүй байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ ямар ч хүн зургийг зэрвэсхэн хараад ойлгож, мэдэрч чаддаггүй. Түүнийг анхааралтай удаан харж, харилцаа үүсгэх тусам эрчим хүчийг нь ойлгодог. Тодорхойгүй шалтгаанаар тухайн зурганд татагдаж байна гэдэг эрчим хүчийг нь хүлээн авч байгаа гэсэн үг.
-Зохиолчид голдуу оройн цагаар уран бүтээл туурвидаг. Харин таны хувьд…
-Би бас голдуу оройн цагаар зургаа зурдаг. Тэр үед тайван, анхаарлаа төвлөрүүлэхэд илүү дөхөм байдаг юм. Тэр үед лаагаар л хань хийдэг дээ.
-Яагаад заавал лаагаар хань хийдэг юм бэ?
-Зураг бүхэн өөрийн эрчим хүчтэй байдаг гэж би өмнө нь дурдсан. Хүн бүрийн эргэн тойронд сайн муу элдэв эрчим хүч хүрээлэн байдаг. Тэр эрчим хүч нь зургаа зурж байх үед дамждаг тул сөрөг эрчим хүчийг холдуулах гэж лаа асааж байгаа хэрэг. Гал гэдэг алив бүхнийг ариусгадаг шүү дээ.
-Тэгээд л таны урланд их олон лаа байсан юм байна, тийм үү?
-Их олон ч биш ээ. Том зураг зурах үед хоёр талд нь нэг нэгийг асаадаг юм. Бусад үед голчлон нэг лаа л асаадаг.
-Зураг сонирхогчид бэлэг дурсгалын дэлгүүрт байгаа гоёмсог жаазтай зургаас илүү уран бүтээлчдийн урланд нуугдсан зурагт дурладаг нь ч эрчим хүчтэй холбоотой байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Тиймээс зураг худалдан авахдаа эрчим хүчийг нь их сайн судалж, мэдэрч байж сонгох хэрэгтэй. Орост зургаас болж олон хүний амь сүйдсэн эмгэнэлтэй явдал болсон байдаг шүү дээ. Сүмд байсан зургийн гоё сайханд нь татагдаж нэгэн хүн худалдан авсан байж л дээ. Худалдан авагч нь өөд болж, дараа нь эзэмшсэн олон хүн өвдөж, зовсон гэдэг. Хожим нь судалтал тэр зургийг өмөн үү өвчтэй зураач өөд болохын өмнөхөн зурсан байсан гэдэг.
-Зарим хүн уйгагүй хичээл зүтгэл гаргавал санй зураач болж чадна гэж үздэг. Сүнслэг энергийн онолоор бол энэ боломжгүй юү?
-Боломжтой. Дахин давтаж зурах тусам тухайн хүний анхаарал төвлөрч орчны энергийг хүлээн авах чадвар нь сайжирдаг. Тиймээс дадлага хийх тусам мэдрэмж нь сайжирна гэсэн үг.
-Та ямар бүтээлээр Төрийн соёрхолт хүртсэн бэ?
-“Мөнх тэнгэрийн эдийн чуулган” зургаараа 1995 онд хүртсэн. Чингис хааны сүнслэг эрчим хүч хүрээлэн байгаагаар зурсан юм.
-Дор нь байгаа сүг зургууд ямар учиртай вэ?
-Сүг зургийн тамга тэмдэгүүд үү. Чингис хааны байлдан дагуулалтад эртний түүх соёлын уламжлалт нөлөө байгаа гэдгийг илэрхийлсэн. Зурж байх явцдаа би юуг ч төлөвлөж чаддаггүй. Тиймээс зурж дууссаныхаа дараа энэ зураг нь тийм учиртай, тийм бэлгэдэлтэй юм байна ухаардаг.
-Тэгэхээр зурж дууссаныхаа дараа харахад огт хүний бүтээлийг дүгнэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байх нь ээ.
-Тийм ээ. Будаг нь ханхалсан зургаа хараад би өөрийн биш, бусдын бүтээлийг харж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
-Та шавь нартаа уран бүтээлч хүн юун түрүүнд ямар байх ёстой гэж сургадаг вэ?
-Уран бүтээлч хүний нэн түрүүнд мөрдөх зарчим бол хөдөлмөрч байдал. Бүтээлч болон илэрхийлэгч чадварыг хоёуланг нь эзэмшиж байж сайн зураач болдог. Бүтээлч чадвар гэдэг нь миний яриад буй эрчим хүчийг хүлээж авах чадвар, нэг ёсондоо авьяас юм. Илэрхийлэх чадвар гэдэг нь тухайн санаагаа илэрхийлэх чадвар, мэдлэг, хөдөлмөр зэргийг хэлж байгаа юм. Бүтээлч чадвар сул бол урлагийн бүтээл биш, урлал төрнө. Түүний адил дан ганц бүтээлч чадвараар уран зураг зурж болохгүй. Илэрхийлэх чадвар сул, зөвхөн бүтээлч чадвараар зурсан зургийн тод жишээ бол бага насны хүүхдүүдийн зураг.

Хэдийгээр тэрбээр “Би ямар нэгэн сэдэв дагнадаггүй. Миний хувьд тодорхойгүй нэг зүйл зурж байгаад тэр нь ямар болохоос шалтгаалан цааш нь хөгжүүлэн зурсаар бүтээлээ туурвидаг” хэмээж байсан ч урлан дахь бүтээлүүдийнх нь олонх нь байгаль, түүхийн сэдэвтэй. Магадгүй энэ нь эх орноо, байгаль дэлхийгээ хайрладгийн нэгэн илэрхийлэл биз ээ.

Monday, October 18, 2010

Улаан хивсээр халхавч хийсэн улаан булангийн ёслол


“MTV video awards”-ын Монгол хувилбар. Долоон жилийн өмнө “UBS music awards”-ыг зохион байгуулах үед үзэгчид ийм л сэтгэгдлээр хүлээн авч байсан. Үнэндээ ч видео урлагийн ертөнцийнхний ажлыг дүгнэчихдэг өөр наадам байхгүй тул ингээд хэлчихэж болмоор. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд анхдагч, цорын ганц гэсэн сүрлэг гуншингаас цааш гавихгүй болж, энэ удаад “Mongolian music video awards” хэмээн нэрээ өөрчилсөн наадам өнгөрөгч ням гаригт Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

Үнэ цэнээ алдсан үзвэр, үзэгч нь цөөдсөн ажиллагаа

Угтаа өрнө дахинд улаан хивсний ёслол гэгч сүрлэг арга хэмжээ цар хүрээ, оролцогчид, зохион байгуулалт гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн гайхуулдаг нүсэр арга хэмжээ болохыг монголчууд хэдийнээс мэдэх болсон. Тэр ч байтугай алдартнуудын улаан хивсний ёслолын ажиллагаанд ямар хувцсаар гоёж ирэхээс шалтгаалан ирэх улирлын загварын чиг хандлага тодорхойлогдох нь ч бий.
Харин манайхан “Улаан хивс” гэх нэр томъёоны үнэ цэнийг хэдхэн бор төгрөгөөс өгчихөж байх шиг. Урлагийн үйл ажиллагаа бүхэн л сурталчилгааны бодлого төдийхнөөр “Улаан хивсний ёслол” гэх сүржин нэртэй даржин ажиллагаа хийдэг болсон нь нууц биш. Энэ удаагийн ёслол ч тэр зарчмаас төдийлэн холдож чадсангүй. Нөгөө л улаанаа дэвсэж, нэргүй хэдэн “оддоо” алхуулах төдийхнөөр ёслолын эхлэл болсон ажиллагаа өндөрлөх нь тэр. Увж цувж ирсэн оддын дунд урдаа барьчихдаг томчууд нь ч алга. Рок попын хууччуулаас Б.Сарантуяа, С.Наран, “Никитон” хамтлагийн Б.Батчулуун гээд л жагсаалт дуусчих нь тэр. Аль эртнээс зарласан арга хэмжээнд акулууд оролцоогүй нь нэр хүнд нь унасан ёслолыг тоосонгүйнх үү, үнэхээр үүнээс илүү чухал ажил байсных уу. Ямартай ч рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй “Л гуардс”, “Мотив”, “Hotspot” зэрэг шинэковууд голдуу харагдав.
Үзэгч нь цөөдсөн арга хэмжээ болсон гэвэл зохион байгуулагчид багагүй бухимдаж, мэтгэх биз. Үнэндээ цагаасаа жаахан хожимдоод очиход ч тасалбар нь зарагдаж дуусаагүй байсан нь энэ удаагийн арга эрэлт муутай байсныг гэрчилнэ. Зэрвэсхэн харвал танхим дүүрэн үзэгчтэй харагдах хэдий ч тэдний олонх нь шалгаруулалтад оролцогчид, нэр дэвшигчид болон тэдний ойр дотнынхон байсан учир ийн дүгнэхэд буруудахгүй.

Ивээн тэтгэгчдэд “бурантаглуулсан” наадам

“UFC үзүүлж байна…” гэсэн сурталчилгаа бараг зүүдэнд ортол телевизийн хөтөлбөрүүдийн дундуур цацагдсан. Үнэндээ ч сурталчилгаа, маркетингаасаа эхлээд л зохион байгуулалт тааруухан үйл ажиллагаа болох нь ажиглагдаж байсныг нуух юун. Тиймдээ ч үзэгчдийн суудал дүүрээгүй биз.
Наадмын номинаци бүрээ байгууллагуудад худалдчихсан “Mongolian music awards” эхлэлээс эцсээ хүртэл сурталчилгаа, пиараар үзэгчдийг залхаасан. Шагнал гардуулах хүндтэй үүрэг хүлээсэн хүн бүрт тус номинацийг ивээн тэтгэсэн байгууллагын төлөөлөгчийг дагалдуулах мэргэн санааг “Mongolian music” продакшныхан олчихож. Компанийн менежерүүд ч яах вэ олдсон завшааныг ашиглан бараан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад дадчихсан хүмүүс. Тэднийг үзэгчдийн үнэт цагаас хумслан хүсээгүй мэдээлэл хүчээр өгч байгааг уучлан хэлтрүүлье гэтэл хөтлөгчид, тэр ч бүү хэл шагнал гардсан уран бүтээлчид ч сурталчилгаа, пиарыг сурамгай гэгч нь хийж байгааг яалтай билээ.

Шоу бизнесийг содноор шинжихүй

Шоу бизнес Монголд эрчээ авч байгаа өнөө цагт үзэгчдийг хэрхэн хөгжөөх, гэнэтийн бэлэг барих аргад найруулагчид мэргэшиж байгаа гэж хэлж болно. Харин энэ удаагийн арга хэмжээ үнэ цэнэ, үзэгчдийг үл хүндэлсэн гээд аль ч талаараа шоубизнес гэх ангилалд багтаж чадахааргүй болов.
“Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, “Никитон”-ы Б.Батчулуун гэх үеэ өнгөрөөсөн дуучдын үзэгдэхээ больсон үзүүлбэр, нэрнээс цаашгүй уран бүтээлчдийн нийтэд хүрээгүй дуунууд, тайзны соёл, үзэгчидтэй харилцаа үүсгэх тал дээр туршлага дутмаг хамтлаг, дуучид гээд л сумын улаан буланд л тохирмоор тоглолтуудыг нь рок попын гал тогоо эзгүйрснийг гэж зөвтгөж болох юм.
Үнэндээ үзэж харах зүйл хомс ёслол болсон нь үзэгчдийн алга ташилтаас л анзаарагдаж байлаа.

Энэ үдшийн сор нь бүсгүйчүүд

“Эмоушн”-ы бүсгүйчүүд энэ үдшийн тоглолтуудын сор нь болсон. “Санахын аялгуу” дуугаа ам барилгүй дуулж, хоолойн цараагаа гайхуулсан тэд тайзны соёл гэж ямар зүйл байдгийг залууст заагаад өгчих шиг л болов.
Түүнчлэн “Сонирхогчдын шилдэг клип” номинацийн тэргүүн байрыг н.Цагаадай нэрээр уран бүтээлээ илгээсэн охин эзэлсэн нь энэ үдшийн бас нэгэн чимэг байв. Шагнал хүртсэн клип хийгчид байтугай нэр дэвшигчдийн дунд ч эмэгтэй уран бүтээлч байгаагүйгээр. Үнэхээр ч зураглаач, эвлүүлэгч мэргэжлээр, компьютер графикийн салбарт эмэгтэйчүүд цөөн байдаг тул энэ номинацийн шагналыг гардуулах мөч үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байв.

Энэ жилийн ололт

2009 оны шагнал гардуулах ажиллагааг “Киви” хамтлагийн бүсгүйчүүдээр хөтлүүлсэн нь үзэгчдийн таашаалд төдийлэн нийцээгүй тул энэ удаад тэд мэргэжлийнхнийг сонгосон байв. Алдаанаасаа суралцаж, мэргэжлийн уран бүтээлчдийн чадварыг илүүд үзэж, үнэлсэн нь энэ жилийн арга хэмжээний бас нэгэн ололт хэмээн дүгнэж болно.
Үнэхээр ч тэднийг нүдээ олсон шийдвэр гаргасан гэсэн шиг хөтлөгчид үзэгчдийг уйдаалгүй, гэнэтийн мэдээнд сандран ээрч будилсан нэгнийг нь эвлэгхэн хөтлөөд явж байсныг энд дурдах нь зүйтэй.

Үнэн үг хэлсэн хүнд ноён, үхэр унасан хүнд нохой өстэй

Өнгөрсөн жилийн ёслол үзэгч, шүүмжлэгчдийн хэлийг загтнуулж, үзгийг амраагаагүй нь “Mongolian music” продакшныханд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулсан бололтой. Хатуухан шүүмжлэлд хариу барих гэсэндээ энэ жил харуул, хамгаалалтдаа илүүтэй анхаарал хандуулсан нь илт. Арваадхан хоногийн өмнө ёслолын ажиллагаагаа сурталчлуулах гэж сэтгүүлчдийн наана, цаана гүйж байсан менежерүүд нь гэнэтхэн л нүүрээ бууруулж, мандат, урилга өгөх нь байтугай гэрэл зургийн сурвалжлагчдыг танхимд оруулахаас татгалзаж, тас хорьж байх юм.




Шилдэг санаа:
“Жонон” хамтлаг - “Тань руу нүүж явна” (“SITSA” продакшн)
Шилдэг продюссер:
Б.Ангирмаа
Шилдэг найруулагч:
Б.Баатар - “Гурван охин” хамтлагийн “Дачих уу”, Д. Болдын “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Шилдэг зураач:
Т.Аянга - “Парисын дарь эхийн сүм”( “А Плас” студи)
Шилдэг зураглаач:
Н.Болор - “Киви” хамтлаг “Яагаад” (“Лемон” продакшн)
Шилдэг график, эвлүүлэг:
Д.Болд - “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Шилдэг дебют:
Т.Эгшиглэн, Б.Одбаяр -“Яг одоо яамаар байна” (“Кросс” энимешн)
Шилдэг имиж бүрдүүлэлт:
“Киви” хамтлаг - “Өөрийгөө мэдэх үү”
Шилдэг дүр бүтээлт:
Э.Энхзол, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Уянга - “Би эр хүнд хайртай” (“Хувьсал” продакшн)
Транс, электро уран бүтээлчдийн шилдэг клип:
Астро - “1001 шөнөөр” (“Лизард” студи)
Олны таашаалд нийцсэн шилдэг клип:
“Мотив” хамтлаг - “Чамдаа” (“Лорд” студи)
Сонирхогчдын шилдэг клип:
Цагаадай -“Сүүлчийн захидал”
Поп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип:
Д.Болд - “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Хип хоп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип:
Н.Цэцэнбилэг - “Diss to 76” (“ТиЖи” энтертайнмент)
Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип:
“Лемонс” хамтлаг - “Ядаргаа” (“Саспенс трансмишнс” студи)

Sunday, October 17, 2010

Тэрбум долларын эр


“Терминатор”, “Титаник”, “Аватар” гэхээр л хэний тухай ярих гэж байгааг кино сонирхогчид анддаггүй. XX, XXI зуунд шуугиан тарьсан бүтээлүүд түүгээр овоглодог. Тиймээс ч Опра нэрт найруулагч Жэймс Камероныг нэвтрүүлгийнхээ зочноор урьсан биз.
Компьютерийн график, эффект ашиглан, эрэлхэг дайчдын бяцхан ертөнцийг бүтээж, дэлгэцнээ амилуулсан нь үзэгчдийн хүртээл болсон эхний сардаа л 1.5 тэрбумын орлого олсон болохоор найруулагч Жэймс Камероныг ийн тодорхойлсон юм. Түүгээр барахгүй түүхэн дэх хамгийн их орлого олсон кинонуудын хоёрдугаарт “Титаник” бичигддэг нь мөн л түүний бүтээл.
Пандора гаригийнхны түүхийг өгүүлэх кино гурван цаг үргэлжилдэг. Тус киноны хором бүрийн үйл явдал нь Камероны төсөөллөөс үүдэлтэй. Тэрбээр төсөөллөө 10 мянган компьютер ашиглан, 3000 хүний бүрэлдэхүүнтэй компьютер графикийн багийнхантай хамтарч, дөрвөн жил гаруй уйгагүй хөдөлмөрлөсний эцэст дэлгэцнээ бодит ертөнц болгон буулгасан гэдэг. Пандораг бодит гариг мэт сэтгэгдэл төрүүлэхэд гурван хэмжээст дүрслэл зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс ч тэр хөрөнгө мөнгө хайрлалгүй зарцуулсан нь энэ.
Жеймс Камерон бол өөрийн төсөөллийн ертөнцөө бодитоор бий болгохын тулд гурван хэмжээст дүрслэлийг кино урлагтай нягт холбох гэж улайрсан нэгэн. Гэхдээ түүний хүсэл мөрөөдөл талаар болсонгүй. “Аватар” нээлтээ хийсэн даруйдаа л шуугиан тарьж, түүний араас төрсөн кино бүр гурван хэмжээст зураглалаар үзэгчдийн хүртээл болох болсон нь үүний тод илрэл юм.
“Аватар” түүний өмнө нь хийж байсан кинонуудаас олон талаараа ялгаатай хэмээн Камерон дүгнэж байсан удаатай. Энэ тухайгаа “Би киногоо үздэггүй. Хийж байх явцдаа хэсэг нэг бүрийг нь цээжилтлээ харсан болохоор тэр. Нээлтийн би уран бүтээлээ дүгнэх гэж биш, бусдын дүгнэлтийг сонсох гэж л үзэгчдийн суудалд суудаг. Харин “Аватар”-ыг би эхнээс нь дуусах хүртэл нь нэг бүрчлэн үзсэн. Учир нь би эвлүүлэг хийх үеэр, төсөөллийн хэсгийн зурагавах үеэр дэргэд нь байгаагүй юм. График, эффект их орсон учир түүнийг мэддэг, чаддаг хүмүүст нь даатгачихсан байлаа. Тиймээс “Аватар”-ыг бусад үзэгчдийн адил сэтгэл догдлон үзсэн” хэмээн ярилцлага өгч байжээ.
Дэлхий нийтийг цэнхэр өнгөөр амьгалахад хүргэсэн бүтээлийн үзэгчдэд хүргэх гэсэн гол санаа бол хүн төрөлхтөн байгаль орчны уялдаа холбоо. Тиймдээ ч сая сая үзэгчдийн сэтгэлийг огшоож чадсан биз. Энэ тухайгаа тэр “Би бүр багаасаа л байгалийг их хайрладаг байсан. Жаахан хөвгүүн байхдаа байшингийнхаа ойролцоох модод дунд өнжиж, мэлхий цуглуулаад л… Сонирхол минь ч бусад хүүхдийнхээс тэс өөр байв. Усанд шумбагч болсныхоо дараа байгаль эх ямар уран болохыг бүр ч илүүтэй ойлгосон. Тэр мэдэрсэн зүйлсээ л киногоороо гаргахыг хүссэн юм” хэмээжээ.
Тэр байгалийн гоо үзэсгэлэнг зураглахын тулд ургамал судлаач хөлсөлж, Пандора гаригийн ургамал нэг бүрийн хэлбэрийг нарийвчлан гаргуулсан нь түүний байгалийг хайрлах сэтгэлийг улам ч бадраасан аж. Камерон “Би одоо моддыг огт өөр нүдээр хардаг болсон. Киногоо хийж эхэлснээс хойш би ургамал хараад л “Ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэж уулга алддаг болсон. Би өмнө нь тэр сайхныг нь олж харж чаддаггүй байсан хэрэг” гэсэн байна.
Түүнчлэн Камерон хүмүүсийн хоорондын харилцаа холбоо ямар чухал болох талаар ч бүтээлдээ нарийвчлан тусгахаа ч мартсангүй. Үүнийгээ “Бид адилхан хэлтэй. Нэг л зарчмаар энэ эрхтэнээ ашиглан ярьдаг. Гэсэн атал хоорондоо үл ойлголцох явдал байгаа нь хачирхалтай гэдэг санааг би бүтээлээрээ гаргахыг зорьсон. Бид байгаль эхтэй холбогддогтой адил шижмээр өөр хоорондоо холбогддог гэдгийг харуулах гэж хичээсэн юм. Жүжигчин Зое Салдана “Аялгатай ярина гэдэг мэдэхгүй хэл сурахаас ч хэцүү юм” гэж хэлж байсан. Энэ хэлний бэрхшээл бидэнд хэрхэн түвэг удаж байгааг харуулах тод жишээ болох байх” хэмээн тайлбарлажээ.
Хэрэв та “Аватар”-ын үзсэн бол найруулагч Камерон энэ киногоо бүтээх гэж ямар уйгагүй хөдөлмөрлөснийг анзаарсан байх. Гэхдээ гайхах хэрэггүй. Энэ бол түүний бүхнийг төгс хийх гэж хичээдэг зангийн илрэл. Хэдийгээр түүний нягт нямбай ажиллагаа бүтээлээс нь ажиглагддаг ч, ямар тууштай, тэвчээртэй болохыг нь Опраг асуухаас өмнө хүмүүс төдийлэн мэддэггүй байсан. Тэр өдөржин зураг авалтын талбайд ажилладаг тухайгаа “Би өөрийгөө их зөөлөн найруулагч гэж боддог. Гэхдээ надтай хамтран ажилладаг хүмүүс юу гэж дүгнэдэг юм бол доо. Би өглөө шүршүүрт ороод л эрч хүчээр цэнэглэгдчихдэг. Би гүйж харайхад ч бэлэн болчихсон байдаг. Тэгээд л багийнхныхаа хамт ажилдаа гарна. Нэг л тэгж цэнэглэгдсэн бол тасралтгүй 16-18 цаг ажиллахаас буцдаггүй” гэж ярив.
Тэр Пандора ертөнцийг бүтээхийн тулд таван жил яг л ийм зарчмаар ажиллаж ирсэн тухайгаа “Аватар”-ыг хийж байх хугацаандаа би хагас өдрийн гахайн ханиаднаас болж алдсан. Хэдийгээр халуурч байсан ч маргааш нь шууд л ажилдаа орж байснаа тод санадаг юм” гэжээ.
Ажлын бус цагаар тэр дугуй унаж, далайн гүнд шумбадаг. Гэхдээ юу юунаас илүүтэй гэр бүлийнхэнтэйгээ хамт байх дуртайгаа “Хүүхдүүдтэйгээ хамт “Lego” тоглох л хамгийн сайхан байдаг юм. Охин минь бяцхан эрдэмтэн л гэсэн үг. Бид жижиг лаборатори, тоног төхөөрөмж хийж цагийг өнгөрөөдөг. Халуун ам бүлээрээ байхын сайхныг та мэдэх байлгүй дээ” гэж илэрхийлсэн.
“Аватар”-ын шүтэн бишрэгчид “Хоёрдугаар анги нь хэзээ гарах вэ” гэсэн асуултад хариу авахыг хүсдэг. Харин тэр “Хангалттай хөрөнгө мөнгө хуримтлуулсныхаа дараа л “Аватар”-ын үргэлжлэлийг хийж эхэлнэ дээ” хэмээн хариулав.
Кино ертөнцийн түүхэнд ердөө л таван кино тэрбум долларын ашиг олсон хэмээн тэмдэглүүлсэн байдаг. Тэдний хоёр нь Жеймс Камероны бүтээл. Тиймдээ ч түүний арга барил, сонирхдог зүйлс, намтар үзэгчдийн сонирхлыг эрхгүй татдаг тул Опра кино сонирхогчдын хүсэлтийг харгалзан хэд хэдэн асуулт тавьжээ.

-Та ямар кинонд дуртай вэ? -“The Wizard of Oz”. Би бүр жаахан байхаасаа л энэ кинонд дурладаг байсан. Тиймээс саяхан хүүхдүүдээ үзүүлсэн. Энэ киног 1939 онд хийсэн боловч түүнээс хойш төрсөн бүтээлүүд дунд сонирхлыг минь татсан кино ер гараагүй.
-“Аватар”-ын хоёрдугаар ангийн тухай сонирхуулаач. -Олон санаа толгойд ордог ч одоогоор наринй төлөвлөсөн зүйл алга. Бид нэгдүгээр ангийнхаа амжилтад дулдуйдан үзэгчдийг хуурахыг хүсэхгүй байна. Би зохиолоо ч бичиж эхлээгүй байгаа. Одоогоор толгойд минь киноны үргэлжлэлийн ерөнхий санаа гарчихсан, хэн үлдэж, хэн үрэгдэх нь тодорхой болчихсон байгаа ч энэ талаар тодорхой яриад хэрэггүй болов уу. Бүтээл болон төртлөө багагүй цаг хугацааг туулах учир.
-Хэдэн жилийн дараа “Аватар”-ын дараагийн анги үзэгчдийн хүртээл болох бол? -Бид дөрвөн жил гаруй ажиллаж байж “Аватар”-ыг бэлэн болгосон. Гэхдээ ийм кино хийх санаа түүнээс арван жилийн өмнө төрсөн байсан. Тэгэхээр 15 жил дуншсан байгаа биз. Бүр “Титаник”-аас ч өмнө “Аватар”-ыг хийх санаа надад төрсөн.
-Таны хоёр ч бүтээл тэрбум долларын орлого олсон. Гэхдээ тэд тэс өөр агуулга, утга санаатай. Гэхдээ Boxoffice-ийн амжилтыг эвдэхэд нөлөөлсөн нэг л хүчин зүйл “Аватар”, “Титаник”-ийн аль алинд байгаа байх. Тийм үү? -Сонирхолтой асуулт байна. Үнэндээ ийм асуулт тавина гэж огт төсөөлж байсангүй. Үүнийг би зөвхөн өөрөөсөө л асуудаг байлаа. Угтаа энэ хоёр кино хүн төрөлхтнийг аливаа асуудалд ухаалаг, бодолтой ханд гэсэн санааг өгүүлж буйгаараа нийтлэг. Харин орлогоороо тэргүүлж буйн хувьд үзэгчдэд төрүүлсэн сэтгэл хөдлөлөөр төстэй байж мэдэх юм. Цоо шинэ ертөнц дэх аялал ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Харин “Аватар” ч тэр, “Титаник” ч тэр үйл явдал нь аялал дунд өрнөдөг шүү дээ. Жейк Пандора хэмээх мэдэхгүй гаригт аялдаг бол, Рөүз хөлөг онгоцонд сууж, тэндээ Жэк хэмээх залуутай танилцан, амьдралын цоо шинэ замд гарч байгаа.
Мөн ямар ч насны хүн үзэж болохуйц гэдэг нь бас нэг давуу тал байх. Энэ хоёр киноны аль алийг нь найман настай жаалхүү наян настай өвөөтэйгөө зэрэгцэж суугаад үзэх боломжтой.

Алдартнуудыг цуглуулж, алга ташилтад умбасан “Атга нөж”

Ягаан байрны өмнө талбай жигтэйхэн гоёчихож. Зуны сүүл сард засвар хийж байгаа харагдсан машины зогсоолоо ашиглалтад оруулж, ёстой л нөгөө дэлхийн жишигт нийцүүлэн тохижуулсан бололтой. Шинэ зогсоолын талбайдаа жил бүр дэлгэдэг улаан хивсээ дэвсэж, өсгөгч, хоёр ч дэлгэц байрлуулсан харагдана. Их театр 79 дэх жилийн нээлтээ хийх гэж байгаа нь энэ. Ирэх онд 80 жилийн ой нь тохиож байгаа УДЭТ-ын хамт олон энэ жилийн нээлтээ сан хөмрөг дэх үндэсний түүхэн сэдэвтэй жүжгүүдээр нээхээр товлосон. Тэдний салхийг хагалж, Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” бүтээл театрын жаврыг үргээлээ.

Шинэ Монголын шинэ сонголт

Цагаасаа жаахан саатаж эхлэн, урлагийн тоглолтоор үргэлжилсэн цомхон ёслол дуусмагц үзэгчид дотогш нэвтрэх эрхтэй болсон. Эрхтэй болсон гэж онцлохын учир нь намар оройн жаварт жиндэж, улаан хивсний ёслол гэсэн сүрлэг нэртэй цомхон арга хэмжээнд урам хугарсан үзэгчид цөөнгүй байсан.
Театрын ахмад, дунд үеийн уран бүтээлчдийг эс тооцвол үзэгчдийн олонх нь залуучууд байсан нь шинэ Монголчуудын шинэ сонголт драмм, сонгодог урлаг тийш зүглэх болсны нэг тод жишээ. Тэд үзэгдэл бүрийн дараа нижигнэтэл алга ташин, уран бүтээлчдэд урам хайрлахаа ч умартаагүй. Түүхэн сэдэвт бүтээлд, жүжигчдийн авьяас чадварт бахдан сэтгэл хөдлөл нь цээжин дотроо бахдаж ядан байгаа нь илт.
Саяхан нэгэн танилаасаа сонсож байсан “Өнөө цагийн залуус ч цэнгээний газраас өөр тийш зүглэх биш дээ” гэсэн үг дэндүү өрөөсгөл болохыг нүдээр үзлээ. Их театрын гадна тасалбар барин дугаарласан үзэгчдийн олонх нь залуус байсныг дахин сануулъя. Шинэ цагийн залуусын сонголт шинэчлэгдсэн гэдгийн баталгаа нь энэ.

Үе үеийнхнийг нэгтгэсэн бүтээл

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан бүтээж байсан “Атга нөж” сэдэв төдийгүй, үйл явдал, далайц цар хүрээний хувьд томоохон тул театрын үе үе уран бүтээлчдийг нэгэн дор тайзнаа гаргасан онцлог, ач холбогдолтой жүжиг. Тиймдээ ч театрын удирдлага нээлтийн өдөр тоглуулахаар шийдсэн биз.
Жил бүрийн намар театрын алтан үеийнхэн, ардын болон гавьяат жүжигчид, ахмад уран бүтээлчид гээд л тайзны уран бүтээлтэй ажил амьдралаа холбосон алдартнуудыг нэгэн дор цуглахыг нь харах ховор боломж олгодог үйл явдал бол УДЭТ-ын өвөл цагийн үзвэрийн нээлт. Энэ удаад ч гавьяат жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, У.Уранчимэг нар нээлтэд хүрэлцэн ирээд зогсохгүй “Атга нөж”-ийг амилуулж, үзэгчдийн алга ташилтад умбасан. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Урнаа, Д.Ганцэцэг, Л.Дэмидбаатар, Ц.Баясгалан, М.Түвшинхүү, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, Д.Баттөмөр, Э.Батхүү, Б.Отгонбат гээд дунд үеийнхэн төдийгүй театрын босго даваад удаагүй Б.Тамир, А.Ганчимэг нар ч тоглосон нь жүжигчдийн ур чадварыг харьцуулж дүгнэх боломж олгож байсан.

Хос Чингистэй нээлт

“Уран бүтээлчид “Монголын нууц товчоо”-г ноортол нь ашигласан болохоор би эл жүжгээрээ Их хааныг уйлахдаа уйлж, инээхдээ инээдэг хүн гэдэг талаас нь харуулахыг хичээсэн” хэмээн зохиогч жүжгээ тодорхойллоо. Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд гэргийн хамт, “Esquire” сэтгүүлийн нэрлэсэн гоо бүсгүй О.Гүндэгмаа нараас гадна Өвөрмонголын нэрт жүжигчин Д.Баасан хүрэлцэн ирж, “Би энэ жүжгээр Чингис хаан болон Монголын тухай их олон зүйлийг мэдэж, сурч авлаа” хэмээж, “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай уулзаж, тайзнаа зэрэгцэн гарсан нь энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлог байсан.


Гурав хоногийн турш үзэгчдэд хүрсэн “Атга нөж”-ийн дараа буюу энэ сарын 20-21-нд “Саран хөхөө”, 22-24-нд “Сарны цагаан цус”, 27-31-нд “Тамгагүй төр” жүжиг тоглоно.

Холливудын хоёр дахь Том Круз




18-хан насандаа 7.5 сая доллараар авьяас чадвараа үнэлж, америк охидын мөрөөдлийн ханхүү болсон залуу бол Тэйлор Лаутнер. Хүн чоныг моодонд оруулж, хамгийн үнэтэй залуу жүжигчнээр шалгарсан түүний дэгжин хувцаслалт эгээ л Холливудын алдартнуудынх шиг дэгжин. Тиймээс ч “GQ” сэтгүүлийнхэн түүний зургийг нүүр хуудсандаа гаргахаар шийдсэн биз. Тус сэтгүүлийн сэтгүүлч Мики Рэпкиний нийтлэлийг “Өнөөдөр” орчуулан хүргэж байна.

Эрийн цээнд хүрч яваа залуугийн амжилтыг ердөө 30 хормын дотор л дурдаад өнгөрчихөж болох юм. Гэхдээ түүх хаанаас эхэлснийг хүмүүс илүүтэй сонирхдог. Тэйлорын түүх түүнийг Мичиган дахь каратегийн сургуульд байх үеэс эхэлсэн гэдэг. Түүнийг долоон настай байхад сургуулийнх нь захирал Кентакийн Луйзвилл хотод болж буй урлагийн тэмцээнд оролцох санал тавьжээ. Хэдийгээр тэр тэмцээнд төдийлэн амжилт гаргаагүй ч өөрийг нь кино урлагт хөтөлсөн жүжигчин Майк Чаттай танилцсан байна. Тэрбээр Лаутнерийг Лос-Анжелест болох сонгон шалгаруулалтад оролцохыг санал болгожээ.
Түүх ингээд л дуусаж мэдэх байлаа. Учир нь энэ үеэр Тэйлорын аав сонгон шалгаруулалтын үеэр нислэгтэй байсан аж. Азаар аав нь үүрээр амжиж гэртээ ирсэн бөгөөд тэр даруй Лос-Анжелесийг зорьж, Лаутнер “Herman Miller” продакшнтай гэрээ байгуулсан байна. Түүнийг амжилтад хүргэсэн хамгийн анхны бүтээл бол “Аварга загас хүү, лав охинд тохиолдсон адал явдал” нэртэй гурван хэмжээт кино байв.
Мэдээж түүний дараагийн том алхам бол “Бүрэнхий” киноны Жэкоб. Хэдийгээр тэр 2008 онд үзэгчдийн хүртээл болсон эхний ангид ердөө л дөрвөн л удаа үзэгдээд өнгөрдөг. 2008 оны арванхоёрдугаар сарын 21-нд болсон нээлтийн дараа гол дүрийн жүжигчид болох Роберт Пэттинсон, Кристен Стюарт нарын тухай мэдээллийн хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Гэвч Лаутнерийг бараг л дурссангүй. Тэгэхээс ч аргагүй. Киноны хэвлэлийн хурлын үеэр тэр эзгүй байсан юм. Хожуу ухаарсан кино багийнхан киноны хоёрдугаар ангид хамгийн чухал үүрэг гүйцэтгэх Лаутнерийн талаарх мэдээллийг нийтэд хүргэхээр шургуу ажиллаж эхэлсэн гэдэг. Гэхдээ тэдний ажил танилцуулга төдийхнээр дуусчихсангүй. Зохиолын дагуу Жэкоб “Тэргэл сар” хэмээх хоёрдугаар хэсэгт хүн чоно болон хувирах ёстойн байснаар барахгүй туранхай жаалхүүгээс 180 гаруй см өндөртэй, хүдэр залуу болон өсөх ёстой байлаа.
Харин энэ Лаутнерийн хувьд том бэрхшээл байв. Өөртөө эргэлзэж, сэтгэлээр унасан ч тэр шантарсангүй. Дасгалжуулагч хөлслөн биеийн тамирын танхимд өнжих болсон гэдэг. Энэ тухайгаа тэр “Би тэнд бараг л амьдарч байлаа. Ном уншиж, дүрийнхээ тухай судалгаа хийж, бэлтгэл сургуулилалтаа ч өнөөх л зааландаа базаана. Ядарч тамирдах бүртээ өөртөө “Би энэ дүрд тоглохыг үнэхээр их хүсэж байна. Би энэ дүрдээ хайртай. Тиймээс алдахыг хүсэхгүй байна. Би хэнээс ч илүү сайн тоглож чадна. Тиймээс дасгалаа үргэжлүүлэх ёстой. Учир нь би Жэкоб Блэк шүү дээ” гэж хэлдэг байлаа. Би хоёр цаг тутам хоол иддэг байв. Бие бялдраа хөгжүүлэхийн тулд хоол хүнсээрээ дамжуулан уураг их хэмжээгээр авах шаардлагатай тул махан хоол голдуу иднэ. Сүүлдээ аав ээж минь машиндаа хөргөгч байрлуулж, тэндээ хийсэн хоолоо хадгалдаг болсон” гэж дурссан юм. Туршилтын зураг авах үед тэр хэдийнэ 13 килограммаар жин нэмсэн байсан гэнэ. Ингээд л хүн чонын дүрд тоглох эрх олжээ. “Тэргэл сар” киноны нийт орлого 270 гаруй сая доллар хүрсэн нь Тэйлор Лаутнерийн ач гавьяа хэмээн дүгнэгчид цөөнгүй. “Тэргэл сар” амжилтад хүрэхэд Тэйлор багагүй үүрэг гүйцэтгэсэн бол түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тус киноны оруулсан хувь нэмэр ч багагүй.
Магадгүй энэ кинонд тоглож, охиндын хайрыг булаах болсны ачаар “Гэгээн Валентиний өдөр” кинонд туслах дүрд тоглосон биз. Ахлах сургуулийн залуугийн дүрийг түүнд зориулан бичсэн юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг. Тэр хоёр ч кинонд хагас нүцгэн байдалтай зургаа авахуулж багагүй шуугиан дэгдээгээд амжсан тухайгаа “‘Гэгээн Валентиний өдөр” кинонд намайг хагас нүцгэлэх гэж л тоглуулсан байх гэж таамаглаж байлаа. Гэтэл зохиолд бичсэнээр бол найзын Уиллигийн хамт сургууль руугаа алхаж явтал тэр цамцаа тайлж, харин би уулга алдах ёстой байдаг юм. Харин “Тэргэл сар” кинонд зохиолын дагуу л цамцаа тайлсан. Энэ хооронд багагүй ялгаа байгаа биз” хэмээн тайлбарласан.
Хэдийгээр тэр цөөн хэдхэн дүрд тоглож, багагүй авьяаслаг гэдгээ харуулсан ч тулаант кинонд тоглож байж Холливудын босгоор давна хэмээн зарим шүүмжлэгчид дүгнэж буй. Магадгүй хүдэр чийрэг биетэй жүжигчид тулаант кинонд тоглох ёстой гэсэн ойлголт тэднийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн биз. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Тэр тулааны урлагт хэр авьяаслаг болохоо тун удахгүй харуулна. Яг л Борн шиг зохиолтой “Хүний хулгай” киноны гол дүрд тоглож, зургаа авахуулж байгаа.
Энэ бол түүнд олдож буй жинхэнэ кино од мөн эсэхээ батлах сайхан боломж. Тэр Том Круз шиг болохыг хүсдэг. Яг л түүний хэв маягаар Холливудад хөл тавьж, амжилтад хүрэх нь түүний зорилго. Баатарлаг түүхээр гараагаа эхэлсэн түүнд зорилгоо биелүүлэх боломж их.
Биднийг ярилцлагаа өндөрлөх үед тэр “BMW”-гийн тав дахь цуврал болох спорт загварын машиндаа үсрэн суумагцаа “Миний анхны машин” хэмээн танилцуулахаа ч мартсангүй. Цонхыг нь хар тениэр бүрснээ тэд “Папараццичдаас нуугдах гэсэн юм” хэмээн тайлбарлалаа.
Тэр “Арав гаруй машинтай зурагчид гэрийн гадаа отож, өглөө сэрсэн даруйд л араас мөшгиж, алхам тутам араас дагах ямар аймшигтай байдаг гээч. Валенсиад нүүж ирсний дараа байдал харьцангуй дээрдсэн. Мэдээж тэднээс бүр мөсөн зугтах аргагүй л дээ” хэмээн санаашрангуй өгүүлж байлаа.

Б.Хосбаяр: Дэлхийн тавцанд хүч үзэх чадал манайханд бий

“V” студийг дуу хөгжим сонирхочгид анддаггүй. Хайртай хамтлаг, дуучных нь уран бүтээлийг дүрсжүүлэн нийтэд хүргэдэг болохоор тэр. Клипний ертөцнөд зургаан жил хүч сорьж байгаа тус хамт “UBS video awards 2009” наадмын “Шилдэг санаа”, “Шилдэг поп клип”, “Олны таашаалд нийцсэн клип”, “Шилдэг зураглаач” гэсэн дөрвөн төрөлд шилдгээр шалгарч, клипний ертөнцөд цахиур хагалагчид гэдгээ баталж байсан удаатай. Ирэх ням гаригт болох “Mongolian music awards”-т тоосоо өргөхөөр бэлтгэлээ базааж байгаа “V” студийн найруулагч, зураглаач Б.Хосбаяртай уулзаж ярилцлаа.

-Студийнхээ тухай товчхон танилцуулаач.
-2004 онд байгуулагдсан. Хамгийн анх “S&I” хамтлагийн “Намайг сэргээсэн хайр” дууг дүрсжүүлж байлаа. Одоо клип, зар сурталчилгааны видео гэсэн хоёр төрлөөр дагнан ажиллаж байна.
-Түүнээс хойш зургаан жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “UBS video awards”-т хэдэн удаа оролцож, шагнал хүртэж байсан бэ?
-Анхны бүтээлээрээ 2004 онд нэр дэвшиж байсан. Түүнээс хойш 2005 онд “Шилдэг дебют студи”, 2006 онд Quiza-гийн “Олуулаа” клипээр “Шилдэг санаа” шагналын эзэн болж байлаа. Түүнээс хойш хэсэг завсарлаж байгаад 2009 онд дахин оролцсон.
-Яагаад заавал энэ салбарыг сонгосон бэ?
-Би уг нь яг өөртэй чинь адилхан сэтгүүлч мэргэжилтэй хүн. Дадлага хийж байх хугацаандаа миний хийх ёстой ажил биш юм байна гэдгийг ойлгож, шантарч эхэлсэн. Тэгээд л залуу байсан болохоор дуу хөгжимд дурлаж, тэр хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд энэ салбарыг сонгосон хэрэг.
-Энэ удаагийн наадамд уран бүтээлээ сойж байгаа юу?
-“Sweetymotion” хамтлагийн хоёр клип, залуу хип хоп у бүтээлчдийн “Хакуна матата”, BX-ийн “Зөв бай” гэсэн дөрвөн клипээ сойгоод байна.
-Клип хийх нь сурталчилгаа, кино хийхээс ялгаатай юу?
-Ялгаа гэхээр зүйл ч нэг их байхгүй дээ. Ажлын хувьд эхлээд ямар утга санаа агуулж байгааг, тухайн уран бүтээлч дуугаараа юуг илэрхийлэхийг зорьсоныг ойлгох гэж дуугаа дахин дахин сонсдог. Эхэндээ дуундаа дурлана, хийж байх явцдаа дуунаасаа залхана. Эцэст клип ч бэлэн болж, би ч тухайн дуунд дургүй болчихдог. (инээв) Нэг дууг хэдэн өдрөөр завсарлагагүй давтаж сонсохоор тэгдэг байх.
-Уран бүтээлчид клипнийхээ санааг олох гэж багагүй цаг, хүч зарцуулдаг байх, тийм үү?
-Санаагаа олчихвол ажлынхаа 80 хувийг нугалчихлаа л гэсэн үг. Санаа олохоос гадна гаргасан санааныхаа дагуу, дүр болон, зураг авах газраа сонгоно гэдэг клип бүтээх ажлын хамгийн хүнд хэцүү нь.
-Энэ салбарт зургаан жил зүтгэсний хувьд Монголын клипний хөгжлийг хэрхэн дүгнэх вэ?
-Биднийг клип хийж эхэлж байсантай харьцуулахад энэ салбар өнөөдөр харьцангуй сайн хөгжсөн гэж хэлж болно. Сүүлийн үед 20-иод настай залуус хүч түрэн орж ирж, сайн уран бүтээлээрээ олны анхаарал татан, томоохон компаниудаас сурталчилгаа хийлгэх санал хүлээн авч байна шүү дээ. Студийнхээ тоног төхөөрөмжийг худалдан авахаар гадаадын орнуудад явж байхдаа өөрийгөө зураглаач гэж танилцуулахаар их гайхдаг юм. Интернэтээр бичлэг хараад сууж байхад над шиг 30 орчим насны, эсвэл манайд цахиур хагалаад байгаа 20 хүрэхгүй насны залуус зураг авч, найруулагчаар ажиллаж байгаа харагддаггүй. Видео бичлэгийн сайтуудад клипний ард гэсэн ангилал байдаг шүү дээ. Тэндээс туршлага судалж байхдаа би нэг ч залуухан зураглаач, найруулагч хараагүй. Бүгд л 40 гаруй насныхан байдаг. Тиймээс өөрийгөө зураглаач гэж танилцуулахаар гайхаж байгаа нь тэр. Магадгүй энэ нь амьдралд эрт хөл тавьдаг манай үндэстний онцлогтой холбоотой байх. Барууны орнуудад 25-27 насныхан дөнгөж сургуулиа төгсөн амьдралд хөл тавьж байдаг бол манайд 20 гараад л хүнтэй гэрлэн, өрх толгойлж, амьдрал зохиодог. Тиймээс гэр бүлээ тэжээхийн тулд эрт мэргэшиж, нийгэмд эзлэх байр суурь нь ч тэр хэмжээгээр их эрт төлөвшдөг.
-Энэ нь эртнээс тухайн эзэмшсэн мэргэжилдээ дадлагажиж, туршлагажих гэсэн давуу талтай байх. Тийм үү?
-Мэдээж тийм давуу тал бий. Хөгжингүй орнуудтай харьцуулахад ур чадвар сайн л байвал 17 настай залуу ч хамгийн нэр хүндтэй дуучны дууг дүрсжүүлэх боломжтой тул Монголын видео урлагийн салбар илүү нээлттэй. Баруунд бол залуухан зураглаач, найруулагч одуудад клипийг нь хийх санал тавих нь байтугай уулзаж, утсаар ярих ч боломж хомс байдаг биз.
-Тэгэхээр одоо 20 настай хэрнээ цахиур хагалж байгаа залуус арван жилийн дараа видео урлагийн салбарт мэргэшиж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уран бүтээлчид болох нь ээ?
-Арван жил гэлтгүй хоёр жилийн дараа л манай уран бүтээлчидтэй хөгжингүй орнуудын клип бүтээгчидтэй өрсөлдөхүйц болж чадна гэж бодогддог. Манай уран бүтээлчид ур чадварын хувьд дэлхийн түвшнээс тийм ч их хоцорчихоогүй. Таван зургаан жилийн өмнө манай уран бүтээлчид барууны клипийг хараад ямар тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ийм дүрс хийснийг нь төсөөлж ч чаддаггүй байлаа. Одоо бол дүрсийг нь хараад л ямар камер, гэрэлтүүлэг ашигласныг нь хэлчихдэг болсон. Энэ бол үсрэнгүй хөгжил. Гэр бүлийн хэрэглээний камераар клип бүтээдэг байсан цаг саяхан шүү дээ. Бид техникийн асуудлаа шийдчихвэл өөрсдийн онцлогт тохирсон видео бүтээлээ дэлхийн жишигт нийцүүлэн хийх бүрэн боломжтой.
-“Камертон”-ы клип “MTV”-ээр цацагдаж байсан. Тухайн үед манай хамтлаг, дуучид тус хөгжмийн сувгаар бүтээлээ цацах гэсэн боловч төдийлэн амжилт олоогүй. Үүнд дуучны ур чадвар биш, клипний хийц нөлөөлсөн тал бий юү?
-Тийм байх магадлал их. Учир нь тухайн үед дэлхийн клипний техник хэрэгсэл оргилдоо хүрчихсэн байсан бол манайх энэ салбарт дөнгөж л хөл тавьж байсан. Тэд мэргэжлийн камераар дүрс авч байхад манайхан гэр бүлийн камер ашигладаг байв. Тиймээс яах аргагүй клипний хийц гологдсон. Одоо клип хийхэд шаардлагатай бүх хэрэгсэл нь 350 мянган долларт багтаж байгаа. Түүнийг худалдаад авчихвал манай уран бүтээлчид Эминемийн клипийг хийхээ байг гэхэд “MTV”-гийн шаардлага хангахуйц бүтээл хийж чадна.
-Солонгосын уран бүтээлчдийн клип богино хэмжээний кино шиг үйл явдалтай байдаг. Харин манайхных ямар онцлогтой байдаг вэ?
-Нэг үе солонгосууд үйл явдал ихтэй клип их хийж байсан. Одоо түүнээсээ татгалзаж дуучныхаа уран бүтээл, дууны онцлогийг гаргасан клип хийдэг болсон байна билээ. Манайханд ч бас тэр жишгээр нэг хэсэг богино хэмжээний кино хийчихдэг байсан үе бий. Гэхдээ кино урлаг гээд бүхэл бүтэн салбар байхад бид тэдэнтэй зэрэгцэж, барьцах хэрэггүй гэдгийг ойлгодог болсон байна. Одоо бол дуучныхаа сэтгэлийн хөдөлгөөн, дууны утга, шүлгэнд тохируулж уран бүтээлийг нь дүрсжүүлэх болсон.
-Бусад видеоны төрлүүдтэй харьцуулахад клип график дүрслэл илүү шаарддаг төрөл мөн үү?
-Тийм тал бий. Гэхдээ манайд график дүрслэлийн хөгжил харьцангуй муу байгаа тул манай студийнхэн графикаас аль болох татгалздаг. Гэхдээ энэ салбар их хурдацтай хөгжиж байна. Тиймээс хойшдоо бидний төсөөлж байгаа эффект, дүрсийг бүтээж чадахуйц чадварлаг уран бүтээлчид байвал бид хамтран ажиллахаас татгалзахгүй. Сайн зураглаач, сайн санаа, дээр нь шилдэг графиктай байвал клипний урлаг төгс болох байх.

Monday, October 11, 2010

Театруудыг эзэгнэсэн “Татар ажиллагаа”

Зуунд нэг тохиох 2010 оны аравдугаар сарын 10-ны өдрийг цөөнгүй байгууллагууд онцолж, бараа бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхтэй зэрэгцэн кино урлагийг нэт шат ахиулахаа амласан уран бүтээл нээлтээ хийлээ. Сурталчилгаа, пи ар нь хавраас эхэлсэн “Татар ажиллагаа” киноны нээлт “Тэнгис”, “Өргөө” кинотеатрт нижгэр болж, уран бүтээлчид, кино сонирхогчид төдийгүй төрийн түшээдийг ч цуглуулаад амжлаа.

Театрын хаалганд амралт олгож, үзвэрийн танхимийн даац хэтрүүлсэн нээлт
Товлосон цагтаа театрыг зоривол залуус нааш цааш хөлхөн амрах чөлөө олгодоггүй хаалгаа тасхийтэл хаачихаад, хоёр ч хүнээр мануулчихсан байх юм. Нээлтийн үдэшлэг зарлаж, тасалбараа ч бусад үзвэрүүдээс үнэтэй буюу 10 мянган төгрөгөөр тогтоосны учир энэ аж. Барууны жишгээр нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр, нэр хүндтэй болгох гэсэн зохион байгуулагчдын зорилго биелсэн нь илт. Урлаг соёлын алдартнуудаас эхлээд улс төрийн зүтгэлтнүүд ч цугласан театрын хаалгыг татахад л “Яг татарууд шиг” гэх танил болсон сурталчилгаа цуурайтна. Хөл гишгэх зайгүй хүлээлгийн танхимд болсон нээлтийн арга хэмжээ цаг гаруй сунжирч, “Гурван охин” хамтлагийнхны ая дууны мэндчилгээгээр өндөрлөлөө. Цугласан олон уйдсан, залхсан нь илт байсан тул театруудын бүхий л танхимийг эзэгнэсэн “Татар ажиллагаа”-ны нээлтэд зохион байгуулалтад муу дүн тавимаар санагдсан. Эхний үзвэрийн хуваарь ч санаанд хүртэл сайн болоогүй гэвэл үгүйсгэх хүн үгүй биз.
Тасалбарын үнээрээ жишиг тогтоож чадсан ч үзвэрийн танхимд хахаж цацсан олон цуглана гэдгийг тооцоолоогүй байсных уу, театруудын хаалганы нарийн, тасалбар шалгагчийн цөөний буруугаас уу суудлаа эзлэх гэж яарсан үзэгчид сунжирсан дараалалд цаг алдаж, багагүй бухимдаж байгаа харагдсан. Зуны гурван сар сурталчилгаа, пи араар бөмбөгдүүлж, тархиа угаалгасан үзэгчид эхний үзвэрийг хүлээж байсан нь илт.

Амласнаа биелүүлсэн нь амжилт


“Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын ардын жүжигчин Д.А.Певцов, топ модель Э.Одгэрэл, гардан тулааны дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх нар тоглоно”. Энэ бол “Татар ажиллагаа” киноны хамгийн том сурталчилгаа. Залуусын сонирхол, анхаарлыг багагүй татдаг хүмүүсээр жүжигчдийн багаа бүрдүүлэх нь Н.Баатар найруулагчийн үзэгчдийг татах арга барил тактик гэхэд хилсдэхгүй. Үүнээс өмнө бүтээсэн “Би чамд хайртай 2” кино ч энэ л зарчмаар шуугиан тарьж байсан.
Түүний тактик үзэгчдийн анхаарлыг татах давуу талтай ч, мэргэжлийн уран бүтээлчид, жүжиглэлт үгүйлэгдэх дутагдалтай гэдэг нь кино үзэх явцад илт анзаарагдаж байсныг нуух юун. Киноны гол дүрд тоглосон Б.Амархүү, Д.Батсүх нарын жүжиглэлт анхных гэхэд харьцангуй сайн ч, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн жүжиглэлттэй харьцуулахад тааруу, мэргэжлийн ур чадвар дутагдаж байлаа.
Монголд тулаант киноны хөгжил харьцангуй сул. Энэ нь тулааны хэсгийн техник муу байдагтай шууд холбоотой. Тиймээс ч “Татар ажиллагаа” киноны найруулагч герман мэргэжилтэн урьж, хамтран ажилласан биз. Тулааны хэсгийн найруулагч буюу перотехникч Л.Фолкерийн ачаар энэ киноны үзэгчдийн анхаарал татсан өрнөлтэй хэсгүүд амилжээ. Гол дүрүүдийн хийсвэр төсөөллийн ертөнцөд өрнөх буудалцаан, зодоон бодитой, үнэмшилтэй болсон тул “Татар ажиллагаа” энэ төрлийн киноны хөгжлийг нэг шат ахиулсан гэж дүгнэж болохуйц.
Түүнчлэн дэлхийн жишигт нийцсэн “Red one” тоон системийн камерийг багагүй өртөг гаргаж, залсаны хэрэг гарч, кино дүрсний хувьд чанар сайтай болсныг дурдах нь зүйтэй. Кино зохиолын хувьд барууны инээдмийн кино, адал явдалт киноны арга барил зарчмаас төдийлэн гажаагүй, шинэлэг зүйл багатай. Харин түүнээ дэлгэцнээ амилуулсан шийдлийн хувьд уламжлалт арга барилаас өвөрмөц, шинэлэг болж чаджээ. Сайн хийвэл үзэгчдийг кино ертөнцөд соронздон татаж, багахан алдаа гаргахад л уйдаж, залхахад хүргэдэг бас нэгэн хүчин зүйл бол киноны хөгжим, дуу оруулалт, шуум. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа тул “Татар ажиллагаа” киноны багийнхан ч энэ тал дээр харьцангуй алдаа багатай ажиллаж үзэгчдэд элдэв чимээ авиа, хиймэл дуу оруулалтад сатааралгүй үзэх боломж олгосон байлаа.
30 гаруй жил тасарсан “Монгол кино” нэгтгэл, “Мосфильм”-ийн холбоог сэргээж, монголын кино урлагийг шат ахиулан, ОХУ, Буриадын ардын жүжигчнийг монгол үзэгчидтэй уулзуулсан гээд талархах зүйл олонтой боловч, чангахан хэлж хатуухан шүүмжлэх зүйл цөөнгүй байсны нэг нь агуулах санаа дутуу дулимаг байсан гэдгийг уран бүтээлчдэд сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр кино урлаг өнөө цагт бизнес чиглэлээр түлхүү хөгжиж, шоу бизнесийн ертөнцөд хамаарах болсон боловч олон нийтийн хүртээл болдог тул нийгмийн ач холбогдлоо хэдийд ч алдах ёсгүй. Холливудын уран бүтээлчид ч шашныг гутаан доромжилж, бага насны хүүхдүүдийг уруу татсан гэх мэт шалтгаанаар үзэгчид, судлаач шүүмжлэгчдээс зэмлэл хүртсээр буй нь кино урлаг нийгмийн ач холбогдлоо алдахгүй байгаагийн нэг тод илрэл мөн.

Ж.К.Роулин: Мөнгөний надад өгсөн хамгийн сайхан зүйл нь эрх чөлөө


Арав хүрэхгүй жилийн хугацаанд Лондоны нэгэн жижиг компанийн нарийн бичгээс тэрбумтан болтлоо дэвшсэн хүн бол Жоан Роулин. Дэлхийн сая сая уншигчдыг байлдан дагуулсан түүний “Харри Поттер” хэмээх долоон цуврал дэлхийн 200 гаруй оронд 69 хэлээр хэвлэгдэж, 400 сая гаруй хувь борлогдсон байдаг. “Харри Поттер ба Үхлийн тахил” хэмээх сүүлийн боть 2007 оны долдугаар сард худалдаанд гарсан нь бүх цаг үеийн ном товхимлоос богино хугацаанд хамгийн олон хувь зарагдсан номоор шалгарч, бас нэгэн дээд амжилтыг эвджээ. Эл бүтээл 24 цагийн дотор 8.3 сая хувь зарагдсан гэдэг.
Жоаны гаргасан амжилтыг үүгээр төгсгөл болсон гэвэл эндүүрэл. 2001 оноос түүний зохиосон шидтэний ертөнцийн түүх дэлгэцнээ амилж, кино сонирхогчдыг байлдан дагуулаад буй. Түүний шүтэн бишрэгчид жил бүр Харри Поттерийн адал явдлыг сонирхохоор кино театрт цугладаг гэхэд хилсдэхгүй. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Холливудын түүхэн дэх цуврал бүтээлүүдээс хамгийн их орлого олсон нь хатагтай Роулиний зохиолоор хийсэн кино бөгөөд нийтдээ 5.3 тэрбум долларын ашиг олсон хэмээн тооцоолсон удаатай.
Саяхны дуулиан гэвэл Флорида мужийн Орландо хот дахь “Universal” компанийн хүрээлэнд “Харри Поттер”-ийн парк байгуулагдсан явдал. Өнгөрөгч зун нээлтээ хийсэн “Харри Поттерийн шидтэний ертөнц” нэртэй тус паркад фэнүүд нь зочилж, Хогвартсын сургууль дээгүүр нисэж, луугийн дайралтыг нүдээр харж, шоколадан мэлхий цуглуулж болох гэнэ.
Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч зохиолд нь шимтэж, бүр төгсгөлийн үгийг нь унших хүртлээ улайрдаг тул Жоанаас илүү сайн зохиолч одоогоор алга гэвэл гайхаж, мэтгэх хүн гарахгүй биз. Тэрбээр алдарт цувралынхаа төгсгөлийг бичсэн Шотландын Эдинбург дэх гэртээ Опраг урьж, алдар хүнд, гэрлэлт, Харри Поттерийн цувралыг үргэлжлүүлэх эсэх тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.

Нүд салгахын аргагүй сонирхолтой зохион бичихсэн гэсэн хүсэл Жоаныг бүр бага байхаас л дагадаж байж. Гэвч тэр чухам ямар төрлийн зохиол бичихээ ч ололгүй олон жил төөрч будилж явсан байдаг. Шидтэн гэдгээ, шидтэний сургуульд сурах гэж буйгаа өөрөө ч мэдэлгүй явах жаалхүүд тохиолдсон адал явдлын тухай зохиол бичих санаа түүнийг Манчестерээс Лондон хүрэх галт тэргэнд явахад төрсөн гэдэг. Энэ үед Жоан 25 настай байж. Төд удалгүй Харри Поттер хэмээх адтай жаалын адал явдал, Хогвартсын сургуульд болох жигтэй үйл явдлын тухай бодол ар араасаа хөврөн гарсан гэдэг. Гэхдээ түүнд тодорхой зорилго төрөөгүй л байв. Энэ тухайгаа “Сэтгэл хөдлөм зохиол болох нь дээ гэх бодол надад огт төрж байгаагүй. Зүгээр л санаагаа зохиол болгон буулгах нь надад сайхан санагддаг учраас “Харри Поттер”-ийг бичсэн. Би хүүхдүүдэд зориулан ном бичье гэж ч төлөвлөөгүй. Тодорхой насныханд ч эл бүтээлээ зориулаагүй. Миний хийж байсан цорын ганц зүйл бол толгойд буусан санаагаа цаасанд буулгах” гэжээ. “Харри Поттер ба шидтэний чулуу” эхний ботиор уншигчид эгэл жилийн хүмүүсийн дунд аж төрөх эгэл бус хүүтэй танилцсан. Тэр шидтэнүүдийн ертөнцийн домог байсан аж.
Түүх “Нэг л өдөр хүүхэд бүр өөрийн жинхэнэ хувь заяагаа олох болно” хэмээн эхэлдэг. Үнэндээ дэлхий дээрх хүүхэд бүр хувь заяагаа олж чадах эсэхийг Жоан урьдчилан таамаглах боломжгүй. Гэхдээ л тэр ингэж бичсэн. Харин үүнийгээ “Тухайн үед би өөрөө бодож, шийдээд бичиж байгаа биш өөр хэн нэгэн чихэнд минь шивнэн хэлж байх шиг л санагдсан. Тиймээс зохиол бичих тийм ч хэцүү байгаагүй. Энэ номыг бүтээхэд хамгийн хэцүү хэсэг нь хэвлүүлэх л байсан. Хэвлэгдэж чадах юм бол амжилт олно гэдгийг нь би таамаглаж байлаа” хэмээн тайлбарласан. Анхны тэрбумтан зохиолч гэдгээрээ танигдахаас өмнө тэрбээр ердийн л өрх толгойлсон Жо байсан. Өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүсийг британичууд нэн ядууд тооцдог. Жо тэдний л нэг байж. Амьдрахын төлөө асар хүнд ачааг нуруундаа үүрэн зүтгэсээр л байж. Өнөөдөр бол тэр санхүүгийн ямар ч асуудалд санаа зовохоо больсон. Жоан “Мөнгөний надад өгсөн хамгийн сайхан зүйл нь эрх чөлөө. Юунд ч санаа зовохгүй тайван амьдрах эрх чөлөөг надад олгосон. Британийн ядуусын тоонд орсон л бол ямар нэгэн зүйлд сэтгэл зовохгүй байх жаргалыг та хэзээ ч амсахгүй. Бүр хэзээ ч шүү” гэлээ.
Гэнэтхэн л бэлжсэн нь Жог цочирдуулж, тэр өнөөг хэр шинэ байдалдаа дасан зохицож чадахгүй л байгаа аж. Хэдийгээр түүний амжилт өсөж, хөгжих боломж олгосон боловч нөгөөтэйгүүр эд хөрөнга, алдар нэр нь бие хамгаалагч хамгаалагч хөлслөхөөс аргагүй аюулыг дагуулж. Энэ тухайд тэр “Зохиолчдын хэн нь ч “Хэрэв би итгэмээргүй амжилт гаргавал папараццичид миний араас дагаж, далайн эрэг дээрх усны хувцастай дүрийг минь дурандаа буулгахаар улайрна. Энэ бол сая жилд нэг удаа тохиох боломж” гэж боддоггүй. Тиймээс сэтгэл санааны хувьд бэлтгэлгүй байсан би одоо ч энэ байдалдаа дасахгүй, сэтгэл түгшсээр л байна” гэсэн.
“Харри Поттер” шуугиан тарьж эхлэх үед Жод “Битлз”-ийн нэгэн гишүүн болчихсон мэт сэтгэгдэл төрснөө дурсаж “Тэд дөрвүүлээ байсан бол би цор ганцаар. Тэд олны анхаарлыг бие бие рүүгээ хандуулах гэх мэт арга заль хэрэглэж болно. Харин надад тийм боломж ч байхгүй. Энэ дарамт намайг галзууруулах шахдаг байлаа” гэжээ. Хэдийгээр тэр зохиолоо амжилт олж, хэвлэлийнхэн зөвхөн “Харри Поттер”-ийн талаар л нийтэлж эхэлнэ гэдгийг таамаглаж байсан боловч “Цохнууд” шиг дэлхий нийтийн анхаарлын төвд орж, номтойгоо хамт Америкийг тойрон аялна гэж бодоогүй аж. Номын ачаар л тэр барааг нь хараад л орилолдож, хашгирах фэнүүд, гарын үсгийг нь авахыг гэж зүтгэх хүмүүсийн дунд орох ямар байдгийг биеэр мэдэрч. Тэр бүр шинэ номоо худалдаанд гаргамагц өдөрт 2000 номонд гарын үсэг зурдаг байж. Гэхдээ гарын үсэг зураг ажил ингээд л дуусчихгүй. Тоо нь цөөрснөөс цаашгүй. Магадгүй түүнийг насан өөд болтол үргэлжлэх ажлын эх ч байж мэднэ.
Жо хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсны зэрэгцээ бас түүнээс дутахгүй олон шүүмжлэгчтэй ч болсон байна. Тэдний олонх нь “Харри Поттер” зохиол хүүхдүүдийг хар бараан зүйлд хэтэрхий уруу татаж байна гэж үздэг. Энэ нь сүсэг бишрэлтэй шууд холбоотой. Гэхдээ тэр шашны талаар огтхон ч бодолгүй зохиолоо бичсэнээ “Би зохиолоороо хэнийг ч юунд ч итгүүлэх гээгүй. Цөөнгүй христийн шашинтнууд зохиолд маань дүрслэгддэг шүү дээ” гэж сануулахаа ч мартсангүй.
Жо бусдын л адил хүүхэд байсан, бас хүүхэдтэй учир эцэг эхчүүдийн хүүхдийнхээ хүмүүжилд санаа зовж байгааг ойлгож байгаа гэсэн. Гэхдээ шидтэн, илбэ шидийн ертөнцөөс үүрд нууж чадахгүй гэдгийг нь анхааруулахаа ч мартсангүй. Түүний бодлоор хэдэн зууны дараа ч ил шидийн гайхам түүхийг өгүүлэх элдэв үлгэр домог яригдаж, зохиол бичигдсээр байх гэнэ. Шидийн ертөнц хүмүүсийн сонирхлыг татах увдистай учир. Тэр “Би илбэ шидийг байдаг гэж үнэн голоосоо итгэдэг хүн биш. Гэхдээ бидэнд өөрсдийн хувь заяа, дэлхий ертөнцийн өнгө төрхийг өөрчлөх хүч байгаа гэдэгт итгэдэг” гэв.
Жогийн тэр бүр нийтэд дэлгэдэггүй сэдэв бол түүний анхны гэрлэлт. Тэр дэлхийн хамгийн баян бүсгүйчүүдийн нэг болохоосоо өмнө орчин үеийн дундаж амьдартай залуусын адил байж. Лондоны нэгэн компанид нарийн бичгээр ажиллаж байсан тэрбээр ээжийгээ өөд болоход Португали руу нүүжээ. Тэндээ нөхөртэйгөө танилцаж гэрлэн, удалгүй том охин Жэссикагаа төрүүлжээ. Харамсалтай нь түүний амьдралын зам тийм ч дардан байсангүй. Нөхрөөсөө салсан Жо охиноо аван Шотланд руу нүүв. Өөрийнх нь тодорхойлсноор түүний анхны гэрлэлт богинохон атлаа аюултай байж. Өнгөрсөн бүхнээ эргээд дурсахдаа тэр “Зөн совин минь намайг хөтөлсөн. Явах цаг болсныг мэдэрмэгцээ л би түүнийг орхин одсон” хэмээн дурссан. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа тэр их зүйлийг эргэцүүлэн бодсон гэдэг. Өөрийнхөө тухай болон бүх зүйл яагаад буруу тийш эргэснийг долоон жил тунгаасны эцэст тэр тохирсон хүнтэйгэээ учирчээ.
Ирээдүйн ханьтайгаа танилцахаас ердөө л долоо хоногийн өмнө дотнын найз нь түүнээс “Эр хүнийг ямар байгаасай гэж боддог вэ” гэж асуусан байна. Харин тэр “Ухаалаг, шударга, цайлган, мэдрэмжтэй” хэмээн хариултал найз бүсгүй нь “Тэр чинь бүтэшгүй мөрөөдөл байна. Тийм төгс хүн хэзээ ч байдаггүй юм” хэмээн шоолонгуй хэлсэн гэнэ.
Гэхдээ түүний буруу байсныг батлах гэсэн мэт Жо хайж байсан хүнээ олж, 2001 онд Шотландад сэтгэл зүйч Нэйл Муррайтай гэрлэсэн юм. Тэд өдгөө гурван хүүхдийн хамт Эдинбургт амьдарч байгаа.
Жогийн ертөнцөөс үл хамааран ажлаа эрхэлсээр байгаа түүнийойр дотнынхны нэг бол аав нь. Аавынхаа тухай тэр бүр яриа дэлгэдэггүй тэрбээр энэ удаад их хүйтэн хөндий харьцаатай байдгаа нуугаагүй юм.

-Аавтайгаа эвлэрэх бодол бий юү?
-Үгүй ээ. Бидний дунд хүйтэн хөндий харилцаанаас илүү том орон зай үүсчихсэн. Тиймээс эвлэрэхийн тулд түүнтэй дүйцэхүйц ноцтой шалтгаан хэрэгтэй.
-Танд тийм шалтгаан байхгүй хэрэг үү?
-Надад түүнтэй эвлэрэх шалтаг бий.
-Тэгээд түүнийгээ ил гаргахыг хүсэхгүй байгаа юм уу?
-Би түүнд өнөөдрийг хүртэл сайхан хандаж ирсэн. Эвлэрнэ гэдэг нэг өдөр гүйж очоод л “Бид цаашдаа энэ хэвээр байж чадахгүй нь” гэж хэлээд бүх зүйл цэгцэрчихдэг юм биш шүү дээ. Хэдийгээр би түүнийг уучилсан боловч бидний харилцаа дотно болтол багагүй хугацааг үдэх байх.

Жогийн хамгийн их харамсдаг зүйл бол ээж нь “Харри Поттер”-ийн сонсож ч амжилгүй нүд аньсан явдал. Хэдийгээр тэр ээжийгээ өөд болохоос зургаан сарын өмнө зохиолоо бичиж эхэлсэн ч, энэ тухайгаа ээждээ огт хэлдэггүй байж. Харритай хамт гарсан аяллаа дуусгаж амжаагүй байхдаа ээжийгээ алдсан нь түүнийг үхлийг олон талаас нь харж, зохиолдоо оруулахад хүргэсэн тухайгаа ч тэр нуусангүй. Тэр “Гэхдээ ээж минь сэрүүн тунгалаг байсан бол “Харри Поттер төрөхгүй байсан гэж бардам хэлж чадахгүй” гэв.

“Тэр Поттерийн түүхийг үргэлжлүүлэх болов уу” гэсэн асуултын хариуг дэлхийн сая сая уншигчид хүссээр л байгаа тул Опра үүнийг асуулгүй өнгөрч зүрхэлсэнгүй.

-Дүрүүд нь одоо ч миний толгойд эргэлдсээр л байна. Би найм, ес, аравдугаар ботийг бичиж чадна. Энэ тийм ч хэцүү зүйл биш.
-Ямартай ч танд тийм боломж хангалттай байгаа юм байна. Харин та үргэлжлүүлэх үү?
-Үгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ бас бичнэ гэсэн бодол ч одоогоор төрөхгүй байна. Би зохиол бичих дуртай. Одоогоор би бичье гэсэн хүслээ биелүүлчихээд байна. Гэхдээ цаашдаа байдал хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.