Thursday, December 29, 2011

Шакил Онил: Зураглаачид аймшигтай санагдахаар тохохыг хүсдэг


NBA-ийн түүхэн дэх хамгийн хүнд биетэй тоглогчдын нэг Шакил Онил өнгөрөгч зургадугаар сард “Tout” цахим хуудсаар дамжуулан зодог тайлж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн. Тэрбээр тус сайтад байрлуулсан бичлэгтээ “Бид чадсан. 19 жил тоглосон байна. Маш их талархаж байгаа учраас энэ талаарх мэдээллийг та бүхэндээ түрүүлэн хүргэж байгаа юм. Та бүгдэдээ хайртай шүү. Удахгүй дахин уулзъя” гэсэн байж. 19 жил мэргэжлийн сагсан бөмбөг тоглохдоо 28,596 оноо багтаа авчирсан тэрбээр  Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ. 

-NBA-ийн домогт сагсан бөмбөгч Шакил Онил студид маань хүрэлцэн ирлээ. Түүний энэ жил тоглохгүй гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Зургадугаар сард зодог тайлснаасаа хойш огт өөр салбарт хүч сорихоор шулуудсан Шакил “Миний түүх” номоо тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа. 
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд та их олон хочтой болсон байна. Шак, Аварга Шактус, Дизель, Супермэн, Аварга Аристотел гээд л… Харин надад аварга Шактус нь илүү таалагдсан. Харин танд аль нь илүү таалагддаг вэ?
-Таны өгсөн шинэ нэр ч бас бий шүү дээ.
-Ямар? 
-Том Дюк. (инээв)
-Англид бол бүр Асар том Дюк гэх байх. 
-Тийм шүү.
-Дахин тоглохгүй гэхээр ямар санагдаж байна вэ? 
-Сайхан. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд би их зүйлийг хийж бүтээжээ. Мэдээж түүнээс ч их амжилт гаргамаар байгаа ч сагсан бөмбөгөөс өөр зүйл хийх цаг нь ирсэн байна.
-Танд үнэхээр зөв алхам хийж байна гэж бодогдож байсан уу? Таны зодог тайлж байгаагаа мэдэгдэж буй бичлэгийг харахад дотроо огт өөр бодолтой байх шиг санагдсан. 
-Зөв алхам хийж байгаа гэж бодогдсон. Магадгүй бэлдсэн бичвэр маань жаахан уцаартай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байх. Шөрмөсөө гэмтээснийг минь та мэдэх байх. Нөхөн сэргээх эмчилгээ жил гаруй үргэлжилсэн. Гэхдээ 40 нас шүргэж буй эр мэргэжлийн сагсан бөмбөгт их амжилт гаргах магадлал бараг л үгүй. Тиймээс л 19 жилийн эцэст би ийм шийдвэр гаргалаа.
-Танд гольф тоглоё гэсэн бодол төрөхгүй байна уу? 
-Үгүй дээ.
-Одоо бол танд хамгийн их тохирох спорт юм шиг санагдаж байна. 
-Үгүй дээ. Би гольфоор хичээллэдэг байсан л даа. Гэхдээ тоглолгүй их удсан байна.
-Та NBA-ийн ажил хаялтын тухай яриач. Учир нь манай нэвтрүүлгийг олон мянган гадаадын хүмүүс үздэг. Тэрбумтнууд өөр бүлэг тэрбумтнуудтай хэдэн сая долларын асуудалд санал зөрөлдөж байгаа нь Америкийн хүн амын 10 хувийг эзэлж буй ажилгүйчүүдийн хувьд хэтэрхий хувиа хичээсэн явцуу маргаан шиг санагдах байх. 
-Юуны өмнө таныг их буруу нэр томъёо хэрэглэж байна гэж хэлмээр байна. Ажил хаялт гэдэг бол ажилчдын хийдэг зүйл. Гэтэл бид гэмтэж бэртсэн тохиолдолд хангалттай сайн эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Гэрээний нөхцөл таалагдахгүй байгаа учраас бид тоглохоос татгалзсан. Тэгэхээр энэ хоёр бол огт өөр нөхцөл байдал. Гэхдээ аль аль нь чухал. Гэтэл Ерөнхийлөгч Обама саятнууд болон тэмбумтнуудын хоорондын гэрээнээс илүү ажилгүй болж буй иргэдийн асуудал чухал гэж үзсэн. Эцэст нь тэд арайхийн шийдвэр гаргасан. Дерек Фишер, Дэвид Стерн нар сайн ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан шүү. Энэ сагсан бөмбөгчдийн хувьд зул сарын баяраар хийж буй анхны тоглолт байх.
-Та Обамагийн тухай ямар бодолтой байдаг вэ? 
-Би цэргийн гэр бүлд өссөн. Тиймээс Ерөнхийлөгчийн хүндэлдэг. Түүний ажил их хэцүү шүү дээ. Би хэзээ ч тийм алба хашихыг хүсэхгүй ээ. Бас түүнийг Америкийн нэгдсэн улсыг удирдаж байгаагийнх нь хувьд хүндэтгэж байна.
-Анхны Африк гаралтай Ерөнхийлөгч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг намжаасан болов уу, эсвэл дэврээсэн үү? 
-Миний хувьд намжаасан л гэж хэлнэ. Мартин Лютер Кинг үүнийг л мөрөөдсөн. Түүний хүсэл ч биеллээ. Гэхдээ үүнийг биелүүлнэ гэдэг амаргүй шүү. Дэлхийн дээр хэдэн сая хүн бий. Тэр бүхний сэтгэлд нийцүүлж, таалагдана гэдэг боломжгүй зүйл. Хэдийгээр бага зэрэг үймээн самуун дэгдээд байгаа ч түүнийг их сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Эдийн засгийн хямрал болж байгаа л даа, гэхдээ тэр энэ асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Бас түүнийг дараагийн сонгуульд ялна гэж бодож байна.
-Тийм гэж үү? 
-Тийм ээ.
-Та сагсан бөмбөг тоглохоос гадна бизнест хүч сорьдог. Олон сая долларын ашиг олдог хүний хувьд Америкийн бизнесийн салбарыг хэрхэн дүгнэх вэ?
-Би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Америкт бизнес хоёр өөр хэв маягаар хөгжиж байна. Компаниа өөрөө махран зүтгэж, босгодог Стив Жобс шиг хүмүүс байна. Тэд бол жинхэнэ бизнесмэн. Хэрхэн бизнес эрхлэхийг Мэжик Жонсон надад зааж сургасан юм.
-Спортод гаргаж буй амжилтаа хэрхэн өргөжүүлж, өөр салбарт ашиглах вэ гээд л үү? 
-Тийм, тийм. Нэр хүндтэй, багийнхаа тэргүүлэх тоглогч байна гэдэг сайн л даа. Гэхдээ тун удахгүй чи өөрийн гэсэн ажил эхлүүлэхийг хүсэх болно гэж билээ. Сайн бизнес эрхлэгч болох замнал минийхээс тэс өөр л дөө. Учир нь би зүгээр л азтай хүн.
-Таны ном гайхалтай сайн болсон байна. Номыг тань уншаад хойд эцэг тань танд хүндлэх ёс, хатуужил сургасан юм байна гэж дүгнэлээ. Бас ээж тань танд их нөлөөлсөн байх гэж бодогдсон. Миний зөв үү? 
-Тийм ээ. Намайг их зоригжуулдаг байсан. Ээж минь л надад мөрөөдөхийг, мөрөөдөлдөө хэрхэн хүрч болохыг зааж сургасан. Харин аав маань цэргийн хүн болохоор их хатуу чанга өсгөсөн. Буруу зүйл хийсэн үед хатуухан шийтгэл хүртээнэ. Гэхдээ өнөөдөр миний ингээд сууж байгаа нь аав ээж хоёрын минь ач.
-Коби Брайнт та хоёр бол мөнхийн өрсөлдөгчид. Магадгүй энэ өрсөлдөөн танай багийг дийлдэшгүй болгодог байх тийм үү. Гэхдээ та хоёр бие биенээ үзэн ядсандаа бус, хэн хэн нь шилдэг тоглогч болохын төлөө “уралцаж” байгаа биз? 
-Үүнийг ойлгож байгаад тань их баяртай байна. Гэхдээ би “Hershey”-д байх цагаасаа зөвхөн өөрийн үүрэг даалгаварт л анхаарал хандуулдаг байсан. Таны хэлснээр бид их олон гайхалтай зүйл хийж бүтээж, багаа ялагдашгүй болгосон.
Би түүнийг хүндэлдэг. Тэр одоо “Laker”-ийн шилдэг тоглогч, гайхалтай ур чадвартай гэдгийг нь ч би мэднэ. Харин тоглож байх үед надад ногдсон үүрэг хариуцлага байсан. Би түүнийгээ ч биелүүлсэн. Дөрвөн удаагийн аварга болсон шүү дээ.
-Таны бодлоор хамгийн шилдэг тоглогч хэн бэ? 
-Би Майкл Жордан гэж хэлмээр байна. Гэхдээ зарим үед энэ асуултад хариулах их хэцүү санагддаг. Мэжик Жонсон ч бас агуу тоглогч шүү дээ. Тэгэхээр энэ асуултад тодорхой хариулт олдохгүй юм шиг санагддаг. Ларри Бёрд, Билл Рассел, Уилт Чамберлэйн нар ч сайн тоглогч.
-Цөөнгүй хүн таныг хамгийн түрэмгий тоглогч гэдэг юм билээ. Леброн бүр “Би түүн шиг түрэмгий хүнтэй тоглож байсангүй” гэсэн байдаг. 
-Аав ээж минь надад нэрийг чинь мартахгүй болтол дурсамж үлдээхээр онцгой бай гэж сургадаг байсан. Би ур чадвар сайтай гэдгийг та мэдэх байх. Хэдийгээр би шилдэг “мэргэн бууч” биш ч, хүмүүс намайг үргэлж дурсаж байгаасай гэж хүсдэг. Шийтний дор камер барин зогсож байгаа залууд аймшигтай санагдахаар довтолж, тохохыг хүсдэг.

50 цент: Би хэт өндөрт гарчихвал буухаа мэддэггүй хүн


Дуучин Куртис Жэймс Жэксон гэвэл хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу. Харин “50 цент” хэмээх уран бүтээлийнх нь нэрээр бол дэлхий дахин андахгүй. “Get Rich or Die Trying” гэх 2003 онд гаргасан цомог нь Америкийн дуу бичлэгийн холбооноос зургаан ч удаа шагнал хүртэж байсан тэрбээр өдгөө “G-Units” хэмээх дуу бичлэгийн студи байгуулан, рэппер, продюсер, жүжигчин, бизнес эрхлэгч гэх олон ажил эрхэлж байна. 


-Эдийн засгийн хямрал болж байгаа юм чинь та нэрээ 25 цент гэдэг ч юм уу ямар нэг байдлаар сольсон нь дээр биш үү? 
-Эдийн засгийн байдал ч улам л дордоод байгаа шүү. (инээв)
-Гэхдээ таны ашиг орлого улам нэмэгдэж байгаа юм чинь эсрэгээрээ нэг доллар болгосон  ч болох юм. 
-Миний ажил бүтэмжтэй байгаа шүү. Та ч мэдэж байгаа болов уу. Би шинэ төсөлд оролцохоор анхаарлаа хандуулаад байгаа.
-Та их хүнд нөхцөлд өсөж, хүмүүжсэн. Хүмүүс таны гайхалтай түүхийг “амин дэм” борлуулагчаас өнөөдрийн өндөрлөгт хүрснийг тань мэдэх байх. 
-Тийм ээ.
-Хэрэв таныг хүсвэл би “амин дэм” гээд нэрлэчихье. Та “амин дэм”-ийн худалдаанаас багагүй ашиг олдог байсан бол өдгөө огт өөр бизнес эрхэлж байна. Тэгэхдээ бүр тун амжилттай яваа Америкийн бизнес эрхлэгч болтлоо өсөж дэвжжээ. 
Таны өссөн орчин амжилтад тань нөлөөлсөн гэж та боддог уу. Ийм амжилтад хүрснээрээ бахархдаг уу? 
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол их том амжилт. Миний туулсан зам үеийнхэнд маань үлгэр жишээ болохуйц гэж би дүгнэдэг. Ялангуяа одоогийн хийж буй ажлаараа их бахархаж байгаа. Би одоо “Аврал” гэх нэг төсөлд ажиллаж байна. Манай төсөл  “Street King Energy”-ийн бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг НҮБ-ын Дэлхийн хүнсний  хөтөлбөрт хандивлаж байгаа.
-Их сайхан ажил санаачилсан байна. Би ч бас энэ төслийг тань дэмжих болно. Та бол олон талын авьяастай хүн шүү дээ. 
-Тийм ээ.
-Таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. 
-Би Өмнөд Ямайкад өссөн. Би найман настайгаа байхдаа ээжийгээ алдсан. Тэгээд би өвөө эмээгийндээ очихоос өөр аргагүй болсон.
-Учир нь танд аав байгаагүй. 
-Тийм ээ.
-Та аавтайгаа уулзаж байсан уу?
-Би түүнтэй уулзах нь байтугай хэн гэдгийг нь ч мэдэхгүй ээ.
-Уулзахыг хүсдэг үү? 
-Одоо бол хүсэхгүй байна. Хэрэв тэр жаахан байхад минь надтай уулзаж, зөвлөгөө өгдөг байсан бол би гэмт хэрэгт орооцолдохгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би өөрийн амсаагүй бүхнийг хүүдээ өгөхийг хичээдэг.
-Аав тань тантай холбоо барих гэж оролдож байсан уу гэж асуух гэсэн юм л даа. 
-Үгүй ээ.
-Таныг алдартай болчихоод байхад ч ирээгүй гэж үү? 
-Ирээгүй ээ. Харин би үүнд нь баярладаг шүү.
-Та түүнийг чухам ямар бол гэдгийг мэдэхийг хүсэддэггүй гэж үү? 
-Мэдээж би өөрийгөө тийм таатай нөхцөлд өссөн гэж хэлэхгүй аргагүй. Тиймээс ээж минь надад үлгэр жишээ болчихоор хүнтэй дотно харилцаатай байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ одоо нас биед хүрчихсэн хойноо гаргасан алдаануудаа дүгнэхэд өссөн орчин маань тийм ч их нөлөөлөөгүй юм уу даа гэсэн бодол төрдөг. Ажиглаад байхад хүү маань миний багадаа гаргаж байсан алдаа бүхнийг давтаад байгаа. Тэгэхээр учир нь өссөн орчинд биш, генд байдаг байж ч мэдэх юм.
-Гэхдээ хүү чинь их азтай. Тэр таны туулсан зовлонг амсалгүй өсөж байна шүү дээ. 
-Тэр ч тийм шүү. Хэцүү нөхцөлд өссөн гэж хэлэх ч багадах байх. Би найман настай байхдаа эцэг эхгүй өнчин хоцорч, 12 настайгаасаа гудамжинд хар тамхи зардаг болсон.
-Учир нь энэ бол таны аврагдах цорын ганц арга байсан. Би таны тухай бас нэг сонирхолтой зүйл уншиж байсан юм байна. Энэ асуултаараа таныг гомдоох гээгүй юм шүү. Та хар тамхи хэр их хэрэглэж байсан бэ? 
-Би хар тамхи хэрэглэж байгаагүй.
-Бүр нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэж үү? 
-Огт хэрэглэж үзээгүй. Энэ хийхэд их хялбар сонголт байсан л даа. Уг нь надад 10 эсвэл таван доллараар хар тамхи худалдаж аван, хэрэглэх боломж байсан. Гэхдээ тухайн үед би өөрөө хүсээгүй юм.
-Гэхдээ таны үеийнхэн бүгд л хар тамхи хэрэглэдэг байсан биз дээ. Гэтэл өсвөр насны хүү сонирхоод ч болтугай хэрэглээгүй нь хачирхалтай санагдаж байна. 
-Хар тамхи татаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ямар уршигтай болохыг ээжийн маань ах дүү нар надад биеэрээ харуулсан.
-Харин согтууруулах ундаа хэр их хэрэглэдэг вэ?
-Би энэ тал дээр бас л их өөр байр суурь баримталдаг. Согтууруулах ундаанаас аль болох татгалздаг.
-Тэгэхээр хар тамхи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй байх нь ээ? 
-Мэдээж архи уудаг байсан л даа.
-Гэхдээ их уудаггүй байж. 
-Тийм ээ.
-Цаашид ч архинаас хол байх уу?
-Надад нүдээр үзсэн туршлага бий шүү дээ. Тиймээс цаашид ч архинаас татгалзах болно.
-Тамхины тухайд?
-Татдаггүй. Гэхдээ өмнө нь татаж байсан.
-Тэгэхээр та миний уулзаж байсан хүмүүсээс хамгийн хүмүүжилтэй нь байх нь. 
-Миний хамгийн анх гаргасан амжилт бол тамхинаас гарсан явдал. Би тамхинаас гарч байхдаа “Хожим нь би энэ тухайгаа яриад сууж байх учраас ийм шийдвэр гаргаж байна” гэж хэлээд л гарч билээ. Энэ яриаг минь сонсоод “Тэр чадсан юм чинь би ч бас чадах ёстой” гээд хүмүүс тамхинаас гараасай гэсэндээ ийм шийдвэр гаргасан. Учир нь эргэн тойрны минь хүн бүр тамхинаас гарах гэж хичээдэг юм.
Би яагаад энэ бүх хорт зуршлуудаас хол байдаг гээч. Би их даврамтгай хүн. Би өндөрт гарвал бүр цаашлахыг хүснэ. Хэт өндөрт гарсан ч буухаа мэддэггүй хүн.
-Таны бүх өрсөлдөгч нар архи, тамхи, мансууруулах бодисоос зугтаж чадаагүй болохоор л би гайхаад байгаа хэрэг. 
-Бараг видео клип бүрт шилтэй архи, эсвэл үдэшлэг, шөнийн амьдралын дүр зургийг үзүүлдэг. Хөгжим гэдэг тайвшруулдаг зүйл. Тэр тайван орчныг бүрдүүлэгчдийн нөгөө хэсэг нь баар, согтууруулах ундаа юм.
-Гэтэл та тэр орчин ямар үр дагаварт хүргэж болохыг биеэр туулсан. 
-Тийм ээ.
-Тэр үед та юу мөрөөдддөг байв?
-Гудамжны үзүүрт зогсож байхдаа би бизнес хийх тухай л боддог байлаа. Гэтэл надад ямар ч боломж, өөр гарц байгаагүй учир би тэнд зогсож хар тамхи зардаг байсан юм. 12 настай жаалд ажил хийх боломж олдохгүй.
-“In the Club” бол таны анхны хит дуу. Клип нь гарсны дараа та ч олонд танигдаж эхэлсэн. Тэгээд юу болсон бэ? 
-Тэгээд л хэн нэгний төрсөн өдөр болох бүрт миний дууг явуулдаг болсон. Тэгээд давтагдаад л, удалгүй намайг дэмждэг хүмүүсийн тоо олширч, тэд бүр намайг явах аргагүй болтол бүчдэг болсон.
-Та энэ дуугаа бичүүлж байхдаа хит болно гэдгийг нь тааварлаж байв уу? 
-Эминем дууг минь зогсоохоос өмнө би “In the Club”-ыг бүрэн эхээр нь бусдад сонсгож үзээгүй байлаа. Гэтэл тэр “Зогс. Наад дуугаа эхнээс нь дахин тавь” гэж билээ. Тэгээд л бид уулзсан даа.
-Та 2000 онд есөн удаа буудуулсан. Та энэ явдлаас их зүйл сурсан уу? 
-Тэр явдал миний амьдралын их олон зүйлийг өөрчилсөн. Гэхдээ мэдээж хүүтэй болсон минь миний амьдралд гарсан хамгийн том өөрчлөллт. Хүү минь л намайг урлагт хөтөлж, дуу бичихэд хүргэсэн. Би 1997 оноос дуу бичиж эхэлсэн юм. Харин буудуулахад их өвдөж…
-Тийм гэж үү? 
-Аймшигтай өвддөг. Хөл хоёр ч хэсэгтээ хугарсан. Нүүр рүүгээ буудуулсан учир ярьж ч чадахгүй болсон байлаа. Амыг минь оёчихсон байсан. Гэхдээ энэ бүхний эцэст айдас үгүй болж, харин ч бүр жаахан тоомжиргүй болсон.
-Та энд сууж чадахгүй байсан ч байж мэднэ. Та өөрийгөө азтай хүн гэж боддог уу? 
-Би үнэхээр азтай хүн. Эмч нар сум амин газраас чинь хэдхэн мм-ийн зайтай өнгөрсөн байна гэж хэлж байсан.
-Сумны хэлтэрхий одоо ч биед тань байдаг гэсэн байх аа? 
-Хэлэнд минь бий.
-Дуулахад чинь нөлөөлдөггүй гэж үү? 
-Нөлөөлдөг. Сумны хэлтэрхийнээс болоод би жаахан бувтнаж ярьдаг болчихсон. Гэхдээ энэ нь цоо шинэ хэв маягаар дуулдаг болгосон.
-Хүүгийнхээ тухай яриач. Тэр хэдэн настай вэ? 
-15.
-Ааш зангаараа тантай адилхан уу? 
-Тэгэл яг л миний сайжруулсан хувилбар гэсэн үг. Тэр тун сайн өрсөлдөгч. Сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог юм. Би ч хааяа хүүтэйгээ хамт хөлбөмбөг тоглодог. Хүү минь надаас ч сайн тоглодог шүү.
-Та хүүдээ бага насныхаа тухай ярьдаг уу?
-Хүү минь тэр талаар мэднэ. Ээж нь тайлбарлаж өгсөн болохоор тэр миний аргагүй эрхэнд гэмт хэрэгт холбогдож байсныг тун сайн ойлгодог шүү. Намайг буудуулах үед хүү минь гэртээ байсан юм. Тэр буун дуу сонссон. Гэхдээ яг юу болоод байгааг хараахан ухаараагүй. Сүүлд нь намайг эмнэлэгт байхад ирсэн.
-Хүүд тань их хэцүү байсан байх. Тэр үед хүү тань хэдэн настай байсан бэ? 
-Зургаан настай байсан.  Хүмүүс намайг тэр хүнд байдлаас амарахн гарч чадсанд их гайхдаг юм. Харин хүүд минь тэр явдал их хүнд туссан. Тэр орой хар даран зүүдэлж, заримдаа уйлчихдаг. Тэр бүрт нь би дэргэд нь очин хүүгээ тэвэрч, сэрээдэг.

Wednesday, December 14, 2011

Мэжик Жонсон: Зодог тайлаагүй байсан бол Ларриг заавал цохих байлаа




“Би Хүний дархлал хомсдын вирусын халдвар авсан. Тиймээс “The Lakers”-ээс гарч, зодог тайлж байна. Сагсан бөмбөгөө их үгүйлнэ дээ.  Гэхдээ одооноос ДОХ өвчинтэй тэмцэх ажилд гар бие оролцоно” гэх мэдэгдэл олон хүнийг цочирдуулж байсан. Домогт сагсан бөмбөгч Мэжик Жонсоны зодог тайлах тухайгаа хийсэн хэвлэлийн бага хурлаас хойш 20 жил өнгөрчээ. Түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьж, биеийн байдал болон өвчнийх нь тухай ярилцсан байна. 

-Бас нэгэн амьд домог бидэнтэй ярилцахаар ирээд байна. Их спортыг орхих болсон тухайгаа болон ДОХ хэмээх аймшигт өвчин туссанаа 20 жилийн өмнө зарлаж, энэ өвчний талаарх огт өөр ойлголтыг бидэнд өгч байсан хүн бол Мэжик Жонсон. Уг хэвлэлийн бага хурлаас хойш тэрбээр ДОХ-ын халдвар тээгчдэд туслах компанит ажлын элч төлөөлөгч болон ажиллаж байгаа юм. Ирвин Мэжик Жонсон студид маань тавтай морил. 
-Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.
-Таны 20 жилийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурал онцгой болж чадсан. Дэлхийн даяар хэдэн мянган хүн уг хурлыг үзэн цочирдож байсныг би тод санаж байна. Тухайн үед ДОХ-ын талаарх ойлголт бүрхэг, ихэнх хүн үүнийг ичгүүртэй өвчин гэж үздэг байсан. Бас уг мэдэгдлийн дараа хүмүүс таныг хэдэн сар эсвэл хэдхэн жилийн настай гэж бодох болсон. Гэтэл 20 жил өнгөрсөн атал та энд эсэн мэнд сууж байна. Тэр ч байтугай тун эрүүл чийрэг харагдаж байна шүү. 
-Намайг бурхан ивээсэн юм. Эмчилгээ ч үр дүнгээ өгсөн. Мэдээж хөгжөөн дэмжигчид, эхнэр, хүүхдүүд маань өнгөрсөн хугацаанд надад их тусалсан. 20 жилийн өмнө хүмүүс намайг цаазаар авахуулсан ял сонссон юм шиг л хүлээж авч байлаа. Харин би 20 жилийн дараа ингээд сууж байхын тулд их зүйлийг хийсэн. Хамгийн гол нь вирусээр халдварласан гэдгээ эрт мэдсэн маань миний амьдралыг аварсан юм. Цаг үргэлж надтай хамт, миний төлөө байсан эмч нартаа баярлалаа.
Шинжилгээгээр вирусын халдвар авсан гэдгийг эрт тогтоосны дүнд эмчилгээ ч үр дүнгээ өгсөн. Тиймээс л би хүмүүсийг байнга шинжилгээ өг гэж уриалаад байгаа юм. 20 жилийн өмнө ДОХ-той өвчтөнүүдэд зориулсан нэг л эм байдаг байсан бол одоо тэдний насыг нь уртасгах 30 гаруй нэр төрлийн эм гараад байна.
-ДОХ-ын вирус тээгчдийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Эмээ зааврын дагуу уугаад л байвал амьдрах боломжтой гэсэн үг үү. Ийм олон жилийн турш аймшигт өвчинд ялагдахгүй явж байгаагийн нууц нь юу вэ? 
-Юуны өмнө эмээ өдөрт удаа уух ёстой байдаг юм. Түүний хажуугаар хөдөлгөөний идэвхтэй байдал дархлааг сайжруулдаг. Тиймээс би эм уухын зэрэгцээ аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Тухайн зүйлд чин сэтгэлээсээ итгэж чадаж байгаа эсэхээс үр дүн нь шалтгаалдаг гэдэгт би итгэдэг. Эмчилгээний тухайд энэ асуудал бүр ч илүү нөлөөтэй. Олонх хүн халдвар авсан л бол үхлийн ял сонссон мэт биеэ гаргуунд нь хаяж, эдгэнэ гэдэгт итгэхээс татгалздаг. Харин би эхний өдрөөс эхлэн эдгэнэ гэдэгтээ итгэх болсон.
Тэр ч байтугай би эмчдээ “Би халдвар авсан ч гэсэн урт удаан хугацаанд амьдрах болно” гэж хэлж билээ. Эмч маань надад эмээ сайн ууж, бүх зүйлийг ном ёсоор хийвэл эдгэх боломжтой гэж сануулсан болохоор тэр. Энэ л миний бодлыг үндсээр нь өөрчилж, эдгэнэ, бүхнийг өөрчилж чадна гэх итгэлтэй болгосон. Түүнийг тэгж хэлэхээс өмнө би өвчинтэйгөө тэмцэх биш, эвлэрээд байсан. Би амьдралд хайртай болохоор, олон жил нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар амьдрахын төлөө хичээсэн.
-Арванхоёрдугаар сарын нэгэн бол ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр. Та олон нийтэд хандан юуг анхааруулмаар байна вэ? 
-ДОХ-ын аюул бүрмөсөн алга болчихсон юм биш шүү гэдгийг л хүмүүст сануулмаар байна. Ялангуяа африк гаралтай америкчуудын дунд энэ өвчний тархалт их байна.
Би 20 жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст хандан яаралтай шинжилгээ өгөхийг уриалж байсан. Сүүлийн үед ХДХВ-ээс эмээх бүх нийтийн айдас намжиж, энэ өвчний эсрэг тэмцэх тэмцэл ч унтаа байдалд ороод байна. Гэхдээ ДОХ үхлийн аюултай өвчин хэвээр байгаа тул хүмүүсийг “сэрээх” хэрэгтэй.
Одоогоор вирус эсэргүүцэх чадвартай эм бэлдмэл гараагүй л байна. Тиймээс бид байнга шинжилгээ өгч, бас өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэлтэй нийтээр тэмцэх ёстой. Учир нь ДОХ-ын вирусээр халдварласан хүмүүсийг гадуурхах үзэл амь бөхтэй зууралдсаар л байна.
Хамгийн гол нь халдвар авсан хүмүүст дархлааг нь сайжруулах эмийг өгөх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай.
-Таны яриаг сонсож суухад эрч хүчээр дүүрэн байгаа тань мэдрэгдэж байна. Таныг зодог тайлснаас хойш сагсан бөмбөгийн спортод тасралтгүй 20 жил зүтгэсэн Шакил саяхан зодог тайллаа. Их спортыг орхихын зовлонг та сайн мэднэ. Та түүнийг үргэлжлүүлэн тоглоосой гэж бодож байна уу?
-Шакил бол гайхалтай сайн тамирчин. Тэр бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн сонирхолтой гол тоглогч гэж боддог. Тамирчдад хэзээ ч зодог тайлахгүй юм шиг бодож явах үе байдаг. Би ч тэдний л нэг байсан. Хэрэв би ийм өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг ухаарсан бол… Харамсалтай нь би боловсрол нимгэн болохоор ирээдүйн талаар бодолгүй явж.
Зодог тайлах шийдвэр гаргаснаа би зөв алхам гэж боддог. Түүний ачаар л би өнөөдөр эсэн мэнд эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байна. Түүний ачаар л энэ өвчний вирус миний дархлалын системийг гэмтээж чадахгүй байна. Хэрэв би тухайн үед төлөвлөсөн 82 тоглолтдоо оролцохоор шийдсэн бол вирус дархлааг минь үгүй хийх байсан гэж эмч нар хэлсэн.
-Тухайн үед та дэмжигчдээ багагүй цочирдуулсан. Харин бусад хүний зүгээс таныг гайхашруулсан үйлдэл гаргасан хүн бий юү? 
-Амьдралын минь сүүлчийн өдөр ирсэн юм шиг л санагдаж байсан учраас намайг шүүмжлэхээс илүүтэй бүгд л сэтгэлийн дэм өгч байсан. Харин NBA-д эргэн орох хүсэлт тавихад хэд хэдэн тоглогч эсэргүүцсэн нь намайг цочирдуулсан. Тэд надтай хамт тоглохыг хүсэхгүй байна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ түүнээс илүүтэй ойр тойрныхон гэлтгүй гудамжинд тааралдсан хүмүүс хүртэл намайг дэмжиж байсан нь намайг баярлуулж бас гайхашруулсан шүү.
-Ларри Бёрд таныг Оны шилдэг шинэ тоглогч болсны чинь төлөө цохиж байсан удаатай. Тэр үйлдэл нь таныг багагүй бухимдуулсан байх, тийм үү? 
-Би түүнд одоо ч уурладаг шүү. (инээв) Түүнд ялагдах бүртээ би галзууртлаа уурладаг байсныг та мэдэх байх. Бид мөнхийн өрсөлдөгчид байлаа. Тиймээс ч би түүнд хайртай байдаг юм. Хэрэв би өнөөдөр ч сагсан бөмбөгөө тоглож байсан бол түүнийг цохих байлаа.
-Шакил ч бас Кобитой мөнхийн өрсөлдөгчид гэдгээ ярьж байсан. Спортынхон үргэлж тэргүүлэгч байхыг хүсдэг юм аа даа. 
-Тэр ч үнэн шүү.
-Нэг багт тоглож байсан ч гэсэн багийнхаа шилдэг нь болохын тулд өрсөлддөг хэрэг үү? 
-Үгүй дээ. Майкл Жордан, Ларри Бёрд гээд өрсөлдөгчид маань намайг цохихыг хүсдэг учраас л би ч бас тэднийг цохиод авахсан гэж боддог байсан. Энэ л тоглоомыг илүү сонирхолтой болгодог.
-Бүх цагийн үеийн хамгийн шилдэг нь хэн юм бэ. Шакил бол Майкл Жорданыг шилдэг нь гэсэн. 
-Майкл шилдэг нь. Гэхдээ Билл Рассел бол байнга ялдаг, Шакил гэхэд л хүмүүсийн анхаарлыг татаж, тоглолтыг улам сонирхолтой болгодгоороо шилдэг нь.
-Нэг талбайд тоглохыг хүсдэг хүмүүсийн чинь жагсаалтад Шакил бий юү. Таныг бөмбөг шидэж байх үед Шакил хамгаалж байгаагаар төсөөлье л дөө. Спортын түүхэн дэх хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг байх болов уу. 
-Тийм шүү. Хамт тоглохыг хүсдэг хүмүүсийн минь нэг яах аргагүй Шакил Онил. Түүнийг зөвхөн аварга биетэй болохоор нь биш, тэр том биедээ түүртэлгүй хөнгөн шингэн шаламгай байдаг болохоор нь хүмүүс түүний эсрэг тоглохыг хүсдэггүй.  Магадгүй тэр хамгийн сайн дамжуулагч байх.
-Би үүнийг ажил хаялт гэж нэрлээд байгаа юм л даа. Харин Шакил үүнийг тэмцлийн нэг хэлбэр гэсэн. Хөгжөөн дэмжигч хүмүүс олон зуугаараа ажилгүй, гэр оронгүй болж байна. Магадгүй энэ баячууд болон дундаж амьдралтай хүмүүсийн хоорондын маргаан ч байж мэдэх юм. Харин та эдийн засгийн энэ хямралыг хэрхэн дүгнэж байна вэ? 
-Өнгөрсөн бүхнээ эргээд харахад тоглогчид болон эздийн аль аль нь энэ байдлыг намжааж, аль болох ажилт хаялтаас татгалзахыг хичээж ирсэн. Тиймээс ч хүн бүр Зул сарын баярын өдрөөс хэлэн сагсан бөмбөгийн тэмцээнүүд дахин үргэлжлэх болсонд баяртай байна. Тоглолтын үеэр уух зүйлс зарж, машины зогсоол дахин хөлд дарагдаж, попкорн ч дахин худалдах болсонд баяртай байна. Учир нь энэ ажил хаялтын үеэр олон арван жижиг бизнес эрхлэгчдийн ажил зогссон шүү дээ.
-Тиймээс би энэ ажил хаялтыг дэндүү хувиа хичээсэн хэрэг болсон гэж дүгнэсэн. 
-Магадгүй чи…
-Гэхдээ л би сагсан бөмбөгт дуртай. 
-Тийм ээ, чи дуртай. Энэ бүхэн ард хоцорч, тоглолтууд хэвийн үргэлжлэх болсонд би баярлаж байна.

Цэнгээнт нэвтрүүлгийн шинэ эрин


Мэдээллийн эринд бид сонин сэтгүүл, телевиз, радио, интернэт тэр ч байтугай гар утас зэрэг олон сувгаар мэдээллийг хүлээн авах болсон. Юмс хөгжихийн хэрээр эдгээр мэдээллийн сувгууд ч зөвхөн мэдээлэл түгээх гэсэн үндсэн үүргээсээ хальж, танин мэдүүлэх, зугаацуулах, сурталчлах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах боллоо. Яг л энэ хөгжлийн шинэ шатаар алхаж байх үед төрсөн цэнгээнт нэвтрүүлэг орчин цагт реалити шоу хэмээн нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад телевизийн бизнест гүн бат байр суурийг эзлэх болжээ.
Манай улс ч хөгжлийн энэ замаас хазайгаагүй. Цэнгээнт нэвтрүүлгүүд телевизийн сувгаар цацагдах болсоор олон жилийг ардаа үджээ. Харин өнөөх реалити шоу гэгч нь саяхнаас л хөлөө олж, үүргээ жинхэнэ ёсоор гүйцэтгэх боллоо.
Угтаа Монголын реалити шоуны түүх Оросын ТНТ сувгийн “Дом два” нэвтрүүлгээс сэдэвлэсэн “Миний гэр”-ээс эхэлсэн. Түүний араас төрөн гарсан олон арван нэвтрүүлэг өөрийн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн хэдий ч, өнөөх мэдээллийн сувагт тавигддаг зугаацуулах, эсвэл мэдээлэл түгээх, танин мэдүүлэх шаардлагыг төдийлэн хангаагүй. “Монголд реалити шоу зохиодог ч болоосой” гэсэн үзэгчдийн хүлээлт энэ шоуг амилуулсан гэхэд хилсдэхгүй. Хүн амын тоо, зах зээлийн хүрээ харилцан адилгүй учир Америк эсвэл Орос, Англи, Германд үзэгчдийн таашаалд нийцсэн нэвтрүүлгийг Монголын хөрсөнд буулгана гэдэг амаргүй. Тиймээс эр зориг гарган, эрсдлийг үл хайхран телевизийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээснийг нь үнэлэх хэрэгтэй. Түүний араас төрөн гарсан олон арван реалити шоунууд үнэндээ зугаацуулахаас илүүтэй үзэгчдийг залхааж орхисон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Нөгөө талаас нь харвал өрсөлдөөн дундаас л чанартай уран бүтээл төрдөг гэсэн зарчмаар борооны дараах мөөг шиг олон нэвтрүүлэг гарч байсны ачаар Монголын реалити шоу өнөөдрийг хүртэл оршин тогтнож, хөгжсөөр байгаа нь лавтай.
Саяхныг болтол гаднын орнуудад нэр хүнд олсон реалити шоуг болхидуухан хуулбарласан нэвтрүүлгүүд ашгийн араас хөөцөлдөхдөө өнөөх зугаацуулах үүргээ умартчихаад үзэгчдийг хөгжөөх биш, бүр уурлуулж орхидог байсан нь нууц биш. Тиймээс ч үзэгчид нэвтрүүлгийн гол санааг олж харахаас илүүтэй, эх нэвтрүүлгээсээ юугаар дутуу дулимаг болсныг шүүн хэлэлцдэг байсан биз. Тэр бухимдангуй шүүмжлэлийн дунд “Манайхан өөрсдөө юм сэтгээд хийчихэж чадахгүй” гэх үгс ч цухалзаж л байдаг. Харин энэ хатуухан шүүмжлэлд бид л ганцхан хуулбарладаг юм биш гээд цээж түрэн хариу барьчихъя.
“Саятан болохыг хүсэж байна уу?” нэвтрүүлэг гэхэд л Их Британид анх дэлгэцнээ гарч байсан бол өдгөө дэлхийн 100 гаруй оронд албан ёсны эрх бүхий хувилбар нэвтрүүлэгтэй болоод байна. “Авьяаслаг америкчууд”, “Америкийн дараагийн шилдэг загвар өмсөгч” гээд дэлхийн олон оронд “ихэрлэсэн” нэвтрүүлгүүдийн нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарах байх. Энэ баримтаас үзэхэд сайн хуулбарлана гэдэг бас л нэг төрлийн чадвар байгаа биз. Харин бидэнд тэр чадвар жаахан дутсан нь үнэн. Өдгөө гарын арван хуруунаас хэтрээд буй телевизийн сувгууд барууны нэр хүндтэй бараг бүх реалити нэвтрүүлгийг хуулбарлаад амжсан. Тэднээс үзэгчдийн сэтгэлд хүрч, мэлмийг баясгасан нь хэд бол.
Гэхдээ цэнгээнт нэвтрүүлгийн түүх дандаа бараан байсан юм биш. “Тулах цэг” тэргүүтэй цөөнгүй нэвтрүүлэг үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байсныг дурдах нь зүйтэй. Тэдний залгамж халаа болсон, реалити нэвтрүүлгийн хөгжлийг шат ахиулсан нэвтрүүлгүүд саяхнаас төрөн гарах болжээ.
Энэ шинэ үеийг “Авьяаслаг монголчууд” шоу эхлүүлсэн гэвэл мэтгэх хүн гарч мэдэх л юм. Гэхдээ бусад хуулбаруудтай харьцуулахад тус шоуны уран бүтээлчид үндэстнийхээ авьяастнуудыг тодруулдаг гүрэн дамнан “тэнэсэн” шоуг Монголд зохион байгуулах эрхийг албан ёсоор авснаараа анхдагчид болж чадсан юм. Хэдэн арван саяар тоологдох хүн амтай улсад зохион байгуулдаг нэвтрүүлэгтэй дүйцэхүйц бүтээл хийнэ гэдэг амаргүй. Зах зээл томтой хөгжингүй оронд хийж байгааг нь ч харгалзан үзэх учиртай. Энэ мэт хүндэтгэн үзэх шалтгааныг бодолцон тэдний зарим нэг алдааг үзэгчид уучлах биз ээ.
“Боловсрол” сувгаар цацагдаж буй “50 саяын уналт”, “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгүүд өнөөх л хуулбарлах зарчмаар бүтээгдсэн хэдий ч хэд хэдэн ололттой талтай.
Танин мэдэхүйн ач холбогдолтойгоороо эдгээр нэвтрүүлэг бусад реалити шоунаас ялгарч чадсан. Тиймдээ ч бараг эзгүйрсэн цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлгийн орон зайг дүүргэснээрээ үзэгчдийн анхааралд илүүтэй өртөж буй биз. Түүний зэрэгцээ энэ төрлийн нэвтрүүлгийг үзэгчдийн байлдан дагуулахуйц сонирхолтойгоор хийнэ гэдэг амаргүй. “Миний гэр”, “Чи шүү” зэрэг шоунд оролцогчид нь өөрсдөө үзэгчдийн анхаарлыг татчихдаг бол, жингийн илүүдэлтэй хүмүүсийг турааж, эсвэл соёлт нийгмээс хол, онгон байгальд оролцогчдын авхаалж самбааг сорих нэвтрүүлгийн сэдэв нь л сонирхолтой учир үзэгчид түүнд хөтлөгдөх нь бий.
Нэвтрүүлгийн ур хийцийн хувьд ч чамбай, өнөөх өө эрдэг үзэгчдэд гологдохооргүй болжээ. Эх нэвтрүүлгийн детал бүрийг ач холбогдолтой гэж үзэн нарийвчлан судлаад, нэвтрүүлэгтээ шигтгэсэн нь илэрхий. Тиймдээ ч танин мэдэхүйн уйтгартай хэсгүүдийг шигтгэн чимж, үзэгчдийг чилээхээргүй болгосон биз.
Түүнчлэн өнөөх нэвтрүүлгийн дундуур завсар зайгүй бөмбөгдчихдөг сурталчилгаа, пиарын элементүүдийг үндсээр нь халсан нь олзуурхууштай. Үзэгчид үглэж барахаа болиод, яваандаа дөжирч, эцэст нь эвлэрээд байсан далд сурталчилгаа цэнгээнт нэвтрүүлэг гэлтгүй кино, нийтлэл  гээд мэдээллийн бүхий л сувагт халдаад байлаа. Харин цэнгээнт нэвтрүүлгийн хөгжлийг шат ахиулсан шоунууд энэ байдлыг халах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Tuesday, December 6, 2011

“Тасарчихсан” сэдвийг тасдаж борлуулах ухаан


Хүний бүлээн амьсгал байгаа газарт сэдэв хэзээд байдаг. Бүр ганц нэгээрээ биш, газраар нэг хөглөрч байдаг. Гэхдээ тэднээс борлогдчихоор, дэлхийн бөмбөрцөг дээр аж төрж буй хүн бүхний биш юмаа гэхэд талынх нь анхаарлыг татаж, тэр тал хэсгийн хагас хувийнх нь, бүр хагасын хагасынх нь хүртээл болохоор сэдэв тэр бүр байдаггүй бололтой. Бололтой хэмээн эргэлзэхийн учир нь шоу бизнесийн төв хэмээгддэг Холливудад манлайлж буй кинонууд ихэвчлэн цуврал, олон ангит болон хувирч, тэр ч байтугай сүүлийн үед нэг ангийг хоёр тасдах моод дэлгэрээд байна.
Нэг талаас энэ нь ашиг орлогоо нэмэгдүүлэх бизнесийн нарийн ухаан байж болох ч, нөгөө талаас нь ажвал өнөөх хүн төрөлхтний олонхийн анхаарлыг соронзон мэт татах “тасарчихсан” сэдэв хомсдсоных.
Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноноос эхлээд, супер баатруудын түүхийн өгүүлсэн “Хүн аалз”, “Бэтмэн”, “Төмөр хүн”, үлгэрийн ертөнцийг дэлгэцнээ амилуулсан “Бөгжний эзэн”, “Харри Поттер”, “Бүрэнхий”, тэр ч байтугай “Хөрөө”, “Эцсийн зогсоол” гээд аймшгийн кинонууд ч зарчим болтлоо хөгжсөн энэ аргаас хэвийсэнгүй. Ж.К.Роулинг, Стефани Майер, Ж.Р.Толкиен нарыг угаас цуврал зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд байдаг ч, “Шарталт”, “Дэн буудал” гэх “дүүтэй” кинонуудыг ямар шалтгаар хаацайлах вэ.
Нэг ёсондоо эхний ангиараа хэрэглэгчдийн дунд ямар сэдэв эрэлттэй байгааг тандаж, дараагийн ангиудыг толгой өвтгөж, сэтгэл зовоолгүй хийх моод Холливудад дэлгэрээд байна гэчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу. Бүр эртнээс сууриа тавьж, өнөө цагт ноёрхлоо тогтоогоод байгаа уран бүтээлчдийн эл арга бүр нарийсах биш “бүдүүрч” сүүлийн үед нэг бүлгийг хоёр анги дамнуулан сунжруулах бас нэгэн зальжин арга сэдэх болжээ. Цайрсан кино багийнхан бүтээлч, эрэл хайгуулч байдлыг мартчихаад ашиг орлогоороо толгой цохисон “Харри Поттер”, “Бүрэнхий” цувралуудын сүүлийн ангийг хоёр таслан үзэгчдийг залхааж, үнэ хөлсөө ч тэр л зарчмаар хоёр хуваан авч байна.
Хоёр хэсэгт хуваан хоёр анги хийхэд гарах өртөг, зардал нь ч тэр хэрээр нэмэгдэнэ шүү дээ гэж та дотроо өмөөрөх гэж байна уу. Угтаа киноны хийц, бүтээх арга нь технологийн хөгжилтэй зэрэгцэж буй Холливудад дэлгэцийн бүтээлийн хийц бол гэдэг чухал асуудал байхаа болиод удаж байна. Тиймээс тэд зөвхөн өнөөх “тасарчихсан” сэдвээ борлуулж л мөнгө олж байна гэсэн үг. “Бүрэнхий”-н сүүлийн бүлэг болох “Уналт” киноны нэгдүгээр хэсэг гэхэд л нээлтээ хийсэн эхний өдрөө л зардлаа олчихсон байгаа юм. “Саммит” энтертайнментийнхан уг ангийг бүтээхдээ 110 сая ам доллар зарцуулсан бөгөөд нээлтээ хийсэн долоо хоногт зөвхөн Америкт гэхэд л 140 сая ам долларын ашиг олжээ.
Эрх чөлөөний хөшөөгөө нурааж, эх орноо алан хядагчдад “барьцаалаад” л, хүн шиг сэтгэдэг төмөр хүн бүтээж,  түүгээрээ хүн төрөлхтнийг хядуулсан гээд л Холливудынхан хийсвэрлэн сэтгэхдээ тун сайн. Тэр ч байтугай орчлонгийн огт өөр гариг дээрх амьдралыг ч нүдэнд харагдаж, гарт баригдам бодитой дүрсэлж чадвараа гайхуулсан. Гэхдээ тэд оросууд шиг жинхэнэ урлагийн бүтээл хийж, амьдралын эгэл бороос эрдэнийг нь шүүж чаддаггүй харалган болчихож. Нөгөө онцгойгоос онцгойг бүтээж, үзэгчдийн нүдийг хужирлах хүсэл, зорилго нь ийн “сохолж” орхисон хэрэг. Тиймдээ ч Холливудын ертөнцөд толгой цохиж буй драмын кинонууд бараг бүгд бодит явдлаас сэдэвлэсэн байдаг. Тэгээд л энэ төрлийн кинонууд хоёр, гурав дахь анги, эсвэл дөрөв дэх ангийн нэг, хоёрдугаар хэсэггүй байгаа юм.
Уншихад ч түвэгтэй уртаас урт бүлэг, анги, хэсгүүдийг тодорхойлсон тоонуудын дунд учрыг олохгүй төөрөлдөж, будилах энүүхэнд. Тэр ч байтугай олдохгүй чухал сэдвийг барьж авсан бол орлогоо хязгааргүй нэмэх гэсэн кино студийнхний шинэ арга олон ангит кино, цуврал кино гэсэн тусдаа ухагдахуун бий болгон, кино урлагт “хувьсгал” хийгээд амжлаа. Урт нэртэй хууль гэдэг шиг урт тодотголтой цуврал кинонуудад хуулийн зүйл заалт шиг хоёрын тавын долоо гэсэн “чимэг” зүүх цаг ирэх гээд байна уу даа.
Тандаж, түүний араас цувруулах моод Монголд ч дэлгэрэх шинжтэй. “Ийм нэгэн дурлал”-ын нэг, хоёрдугаар анги, үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны үргэлжлэл гээд л үүний жишээ мэр сэр төрөх боллоо.
Угтаа үзэгч бид хуучин сэдвийг нуршуулан, үндсэн чигийг барьж, цаг хугацаа, үйл явдлыг үл ялиг өөрчилсөн бүтээлүүдээс илүү амьдралд ойр шинэ санаа, сэдэв бүхий жинхэнэ кино үзэхийг хүсдэг. Магадгүй шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин юмыг хэлнэ гэх үгийг кино бүтээгчид санах цаг болсон байх. Эс бөгөөс энэ салбарт шинэ кино биш шинэ бүлэг, хэсгүүд л төрдөг болох нь. Эцэст нь хүний бүлээн амьсгал байгаа газарт сэдэв хэзээд байдаг гэдгийг дахин сануулъя.

БЕН СТИЛЛЕР: БИ ДЭЛГЭЦЭЭР ГАРДАГ ШИГЭЭ АЛИА БИШ


“Музейн хамгаалагч” Бен Стиллер Холливудын хамгийн их орлоготой хүмүүсийн нэг. Түүний тоглосон, найруулсан кинонууд нь Америкт л 2.1 тэрбум долларын ашиг олоод байгаа аж. Кино урлагт хөл тавиад удаагүй байхдаа найруулагч хийж эхэлсэн тэрбээр өдгөө жүжигчин, найруулагч, зохиолч, продюссерийн ажлыг хавсран хийх болжээ. Тэрбээр Америкт өнгөрөгч сарын 4-нд нээлтээ хийсэн “Аугаа дээрэм” кинонд тоглосон тухайгаа болон хувийн амьдрал, мэргэжлийнхээ онцлогийг сонирхуулахаар Пирс Моргантай ярилцжээ.
-Үзэгчдийн хамгийн сайн мэдэх Холливудын жүжигчин, шоу бизнесийн ертөнцөөс хамгийн их ашиг орлого ологчдын нэг болох Бен Стиллер студид маань ирээд байна. Уран бүтээлүүдээс нь бид түүнийг тун хөгжилтэй гэдгийг нь мэднэ. Харин бодит амьдралд тэр хөгжилтэй байж чаддаг болов уу? Бен биеэ барих хэрэггүй шүү. Өөрийнхөөрөө байгаарай.
-Тэгье ээ.
-За ярилцлагаа эхэлье. Хөгжилтэй байгаарай.
-Баярлалаа.
-Энэ мэтчилэн хүмүүс танаас дандаа хөгжилтэй байхыг шаарддаг нь таныг залхаадаг уу?
-Үгүй дээ. Би үүнд огтхон ч дургүйцдэггүй. Та ч бас надад таалагддаг.
-Яагаад тэр вэ. Бид хоёр бие биенээ бараг л мэдэхгүй шүү дээ.
-Таны үзэл бодол надад таалагддаг юм. (инээв) Зурагтаар харж суухад таны байгаа байдал ч, ярьж байгаа нь ч таалагддаг.
-Би ямар үзэл бодолтой гэж?
-Магадгүй зурагтаар та яг өөрийнхөө үзэл бодол, үнэн төрхийг гаргадаггүй байх л даа. Та ер нь яг ямархуу хүн бэ?
-Харин та юу гэж бодож байна вэ?
-Та хэдийнээс хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийж эхэлсэн юм бэ?
-Надад энэ нь таалагддаг юм.
-Тийм гэж үү?
-Хүмүүстэй ярилцаж, үзэл бодлыг нь сонсох нь надад таалагддаг юм. Тиймээс ч би энд суугаад тантай ярилцаж байна. Өөртөө дэндүү итгэлтэй аажимдаа тэр нь биеэ тоох өвчин болсон хүмүүс л хөгжилтэй байж чаддаг гэж би боддог.
-Мммм.
-Та нэг удаа “Жүжигчдийн олонх нь биеэ тоосон бас итгэл даадаггүй. Би ч өөрийгөө тэдний гэж боддог. Бид энэ дэлхий дээрх хүн бүрээр хүндлүүлэхийг хүсдэг. Өөрсдийгөө хүндлэл хүлээх гавьяатай гэдгээ бид ажлаараа харуулдаг” гэж хэлсэн.
-Хөөх.
-Яриагаа энэ сэдвээр үргэлжлүүлэх бодолтой байна.
-Би ингэж хэлэх үедээ согтуу байсан байх аа. (инээв) Гэхдээ миний хэлсэн зүйлд үнэний хувь бий. Би ингэж хэлэх гэсэн юм л даа. Хүн бүр адилгүй. Хийж байгаа ажлаа тэд бүгд өөр өөр шалтгаанаар хийдэг. Тэднийг хөдөлгөх хүч нь харилцан адилгүй байдаг гэсэн үг.
-Таныг хөгжилтэй байхыг шаардах нь танд хэцүү санагддаг уу?
-Тийм шүү. Тийм байдалд хэн дурлах вэ дээ.
-Таныг гудамжинд явж байгаагаар төсөөлж ч чадахгүй юм. Хүмүүс танд хэрхэн ханддаг вэ?
-Би өөрийгөө тийм алиа марзан хүн гэж боддоггүй. Та бас ярилцлагын эхэнд хошигнох гэж оролдсон. Харин би огт хошигнож, марзаганаагүйг та анзаарсан байх. Би дэлгэцээр гардаг шигээ дандаа хошигнож явдаг хүн биш.
-Таны тоглосон кинонуудаас хамгийн их ашиг олсон бүтээл аль нь вэ гэдгийг та мэдэх үү?
-Хамгийн их ашиг олсон нь “Музейд өнгөрүүлсэн шөнө”- ийн аль нэг анги нь байх.
-“Фокерсийнхонтой танил”
-Тийм гэж үү?
-Таны Роберт Дениротой хамтран тоглосон кино 280 сая долларын ашиг олсон байна билээ.
-Кино маань надад их таалагдсан шүү. Учир нь би энэ кинонд тоглосноор их зүйл сурсан. Бас Дениротой хамт ажиллахсан гэсэн хүслээ биелүүлсэн.
-Та шоу бизнесийн ертөнцөд хүч соригчдын дунд өсөж, хүмүүжсэн.
-Тийм ээ.
-Энэ нь танд давуу тал болж чадсан уу?
-Мэдээж багаасаа шоу бизнесийн талаар мэдлэгтэй болно гэдэг давуу тал болдог. Шоу бизнесийн зарчмууд, тэнд бизнес хэрхэн өрнөдгийг би багаасаа харж өссөн болохоор надад энэ нь ажлаа хийхэд их дөхөм болдог.
-Аав, хоёр тань насаараа энэ салбарт зүтгэсэн болохоор танд заавар зөвлөгөө өгдөг байсан байх. Нөгөөтэйгүүр та энд бага насаа үдсэн болохоор танд ямар ч сонголт байгаагүй биз. Яг л нялх балчирт сүй тавьдаг шиг…
-Тийм шүү. Бага, өсвөр нас гээд л миний амьдрал тэр чигтээ шоу бизнесийн ертөнц өд үргэлжилсэн болохоор надад ямар ч сонголт байгааг үй. Учир нь би өөр ертөнцийн талаар юу ч мэдэхгүй юм чинь. Гэхдээ эгч бид хоёрт энэ байдал таалагддаг байсан. Бид заавал 21.00 цагт орондоо орох албагүй. Орой хэд хүртэл ч байж болно. Аав, ээж хоёрын маань ажил ихэвчлэн оройн цагаар өрнөдөг болохоор тэр. Тэд Калифорни явж, эсвэл телевизийн нэвтрүүлэгт оролцоно. Үгүй бол шөнийн цэнгээний газруудад ажиллана. Харин бид энэ ажилд нь их дуртай. Бүр сургуульд явахаас илүү сонирхолтой санагддаг байж билээ.
-Тэд хамтдаа 57 жил хамт амьдарч байгаа юу?
-Тийм ээ.
-Шоу бизнесийн ертөнц өд ажилладаг атлаа ийм удаан хамт амьдарна гэдэг гайхалтай юм. Тэднээс өөр ингэж удаан амьдарсан хос байхгүй байх.
-Тэд үнэн сэтгэлээсээ бие биенээ хайрладаг. Нууц нь тэр л байх. Мэдэхгүй юм даа. Одоо тэд яг л нэг хүн шиг болсон. Хамт ажиллаж, амарсан ч хамтдаа. Тэд өдөржин хамт байдаг болохоор ингэж удаан хугацааны туршид хамт байгаа байж ч мэднэ.
-Харин та гэрлээд 11 жил болж байна уу?
-Тийм ээ.
-Та хүүхдүүддээ өөрийн тоглосон киног үзүүлдэггүй гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй дээ. Худлаа.
-Эсвэл ганц нэг үзүүлдэггүй кино байдаг юм уу?
-Үнэндээ тэдэнд миний тоглосон киног үзэх нь сонирхолгүй санагддаг юм. (инээв) Хэдийгээр би тоглосон кинонуудаа үзүүлэхгүй гэж хорьдоггүй ч, бас үзээсэй гэж хүсдэггүй. Ялангуяа “Мэригийн тухай” гэх мэт кино үзүүлэх дургүй. Учир нь том маань ердөө л есөн настай, бага нь зургаатай. Харин “Музейд өнгөрүүлсэн шөнө” гэх мэт тэдний насанд тохирсон киног чөлөөтэй үзүүлдэг.
-Тэдэнд инээдмийн дүр бүтээх авьяас байх шиг байна уу?
-Тэд ч урлагт их авьяастай хүүхдүүд шүү. Ялангуяа театрын урлагт.
-Аав болох танд ямар санагддаг вэ?
-Хүүхэдтэй болсон минь амьдралын хамгийн сайхан зүйл. Бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдөн, амьдрал илүү утга учиртай болдог. Ямар ч эцэг хүн танд энэ талаар хэлэх байх л даа.
-Эцэг хүний үүргээ гүйцэтгэхдээ ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Ямар ч ажил эрхэлдэг байлаа гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Хэдийгээр одоогоор би өөр хотод киноны зураг авахуулж байгаа ч амралтын өдрүүдээр заавал гэртээ харьдаг. Зуны улиралд аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Хамт аялж, зугаална.
-Би цөөнгүй удаа инээдмийн жүжигчинтэй ярилцаж байсан. Тэдний ихэнх нь дутагдал ихтэй хүмүүс байсан. Харин таны талаар судалж байхад толбо болчихоор түүх огт байгаагүй.
-Би чөтгөрүүдийг хайгаад олохгүй байгаа юм аа. Чөтгөрийн сүнсгүйдээ би их харамсаж байна. (инээв) Бидэнд бүгдэд нь дутагдал бий. Би орой бүр тухайн өдрийнхөө үйл явдлыг төдийгүй туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэдэг.
-Та согтууруулах ундаа, мансууруулах бодисны асуудалд холбогдож байгаагүй.
-Сайн нууж чадсан байгаа биз.
-Хүүхнүүдтэй ч орооцолддоггүй.
-Хатуу хяналтанд байдаг болохоор тэр.
-Зүгээр л сайхан хөгжилтэй залуу юм.
-Тийм ээ.
-Танд сэтгэлээсээ аваад хаячихмаар эсвэл гэмшиж явдаг зүйл бий юү?
-Бриан Грейзер бид хоёр олон жил хамтран ажиллаж байна. Би түүний үсэнд хайртай. Өглөө бүр түүний үсэнд хацраа наадаг. (инээв) Үгүй дээ. Одоогоор бүх зүйл сайхан л байна.
-Хоёулаа таны киноны сурталчилгааг үзсэнийхээ дараа шинэ уран бүтээлийн талаар тань ярилцъя.
(Бичлэг)
-Бен Стиллерийн хамгийн сүүлд тоглосон кино болох “Аугаа дээрэм”. Та яагаад инээгээд байгаа юм бэ?
-Та дандаа л оролцогчдодоо өөрийнх нь тухай бичлэг үзүүлж байх юм.
-Тийм ээ. Та энэ кинонд их хөгжилтэй дүр бүтээсэн байх гэж найдаж байна. Энэ кинонд тоглох урилга хүлээн аваад гайхсан уу?
-Тийм шүү. Энэ урилга намайг их гайхашруулсан. Би өмнө нь хэзээ ч ийм адал явдалт кинонд тоглож байгаагүй юм. Тэр тусмаа дээрэм тонуул хийсэн кинонд. Тиймээс ч урилгыг дурай хүлээн авсан.
-“Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн өрнөж эхлэх үеэр дэлгэцнээ гарч байгаа болохоор цаг үеэ олоогүй сэдэв, бүтээл болсон юм шиг санагдахгүй байна уу?
-Угаасаа л эдийн засгийн асуудалд иргэд анхаарал хандуулаад эхэлчихсэн үед энэ киног хийх шийдвэр гаргасан. Энэ талаар хүмүүс нэгийг бодоосой гэсэндээ хийж байгаа юм.

Thursday, December 1, 2011

Микки Рурк: Харли унаж, Марлборо зуусан эрийн дүрд тоглохоос залхсан



“Би хэний ч эрх ашгийг хөндөлгүйгээр ажлаа сайн гүйцэтгэхийг хичээдэг хүн. Гэхдээ тэгж чадаагүй. Тиймээс л би бүхнийг орхисон”. “Алтан бөмбөрцөг” наадмын шагналтан жүж игчин Мики Рурк кино урлагаас бокс руу урвах болсон шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрбээр хувийн амьдрал болон олныг гайхашруулсан шийдвэрийнхээ тухай ярихаар Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ. 

-Эрчүүдийн зүүдэндээ л мөрөөддөг бүхнийг амсаж, туулсан жүжигчин Мики Рурк гурван жилийн өмнө амралтаа авсан хэдий ч студид маань зочлоод байна. Мэргэжлийн боксчин болоод амжсан тэрбээр олон талын авьаястай хүн. Мики сайн уу?
-Таван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэхдээ би тун сайн байгаа шүү.
-Цахиур хагалж мэдэх насандаа кино ертөнцийг орхих шийдвэр гаргасан чинь намайг их гайхашруулдаг юм. Та яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Кино урлаг сайхан л даа. Гэхдээ би хэзээ ч “Кинонд тоглоно гэдэг гайхалтай сайхан энэ бол надад яг тохирсон ажил” гэж боддож байгаагүй . Тухайн үед надад их олон шалтгаан гарч ирсэн л дээ. Улс төр, нийгэм гээд бүх зүйл доройтож байгаа мэт санагдаж, амьдрал бүхэлдээ бүдэг саарлаар харагдах болсон. Тэгээд л ийм амьдрал хүсэхгүй байгаагаа ойлгосон.
-Та бүр багаасаа бокст дуртай байсан уу?
-Тийм ээ. Би бүр кинонд тоглохоосоо өмнө боксоор хичээллэдэг байлаа. Гэмтэл авснаас болж кино урлагт хөл тавьсан юм. Гэхдээ “Сахуисан тэнгэрийн зүрх” кинонд тоглосны дараа л өөрийгөө жинхэнэ ёсоор кинонд тоглолоо гэж бодох болсон. Жүжиглэхэд тун хүнд байсан боловч сайн найруулагч, жүжигчидтэй хамтран тоглосны ачаар ажлаа давгүй гүйцэтгэсэн. Тэгээд л чөлөөнд гарахаасаа нэг билүү, хоёр жилийн өмнөөс хүссэн ажлаа хийж байгаа эсэхтээ эргэлзэх болсон. Том байшин худалдан авч, сайхан машин унаж, олон хүнээр хүрээлүүлсэн хэрнээ нэг зүйл үгүйлэгддэг байлаа.
Бас өглөө бүр туслах маань “Та ажилдаа явах ёстой шүү дээ” хашгична. Гэтэл би Харли унаж, Марльборо зуусан эрийн дүрд тоглохоос залхаад байлаа. Бүр хором мөч бүр нь миний дургүйг хүргэдэг байсан. Уг нь тэр дүрд Дон Жонсон яг тохирох хүн. Тэр гайхалтай сайн жүжигчин. Чи мэдэх байлгүй дээ даанч найруулагч нь гэж бүтэлгүй амьтан байсан юм. (инээв)
Тэгээд л би нэг өдөр “Би дахиж ийм дүрд тоглож чадахгүй ” гэсэн. Нэгдүгээрт би мэргэжлийн жүжигчин биш. Тэдэн шиг биеэ авч явж ч чаддаггүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, том толгойтой нөхөр байсан. Үр дагаврыг нь үл хайхран ямар ч дүрэм журамд захирагдалгүй ажлаа хийдэг байлаа. Тэгээд л бүхнийг нураахаасаа өмнө өөртөө жаахан чөлөө олгох хэрэгтэй гэж бодсон юм. Гэтэл би хэдийнэ бүгдийг баллачихсан байсан.
-Боксоор хичээллээд хэр амжилттай байна вэ? 
-Муугүй шүү. Таван жилийн хугацаанд хэд хэдэн удаа дэвжээн дээр гарсан. Есөн удаа ялахдаа зургаан удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаасан.
-Та сайн өрсөлдөгч байж чадаж байна уу? 
-Чадаж байгаа гэж хэзээ ч хэлж чадахгүй байх. Харин сайн өрсөлдөгч болохын тулд мэрийж байна. Зорьсон л бол түүнийгээ биелүүлэх гэж зүтгэдэг хүн гэдгийг минь чи мэдэх байлгүй дээ. Миний насны хүмүүс ихэвчлэн нэг зорьсон газартаа хүрч байж санаа амардаг зантай болчихсон байдаг. Би тэдний л нэг.
-Дэвжээн дээр гарсан үед танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Нөгөө дутагдаад байсан зүйлийг тань боксын спорт нөхөж чадаж байна уу? 
-Спорт гэдэг хатуу чанд сахилга баттай байж амжилтанд хүрдэг салбар. Амьдралд минь тийм л хатуу чанга дэглэм хэрэгтэй байсан юм. Гэтэл кино урлаг гэдэг хүнээс тийм хатуу дэглэм шаарддаггүй. Өглөөд юу хийхээ ч мэдэхгүй сэрнэ. Мотоцикль унан олон жил давхилаа. Тэгж давхихад дэглэм баримтлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс мотоциклио зогсоолд тавихаас өөр аргагүй болсон.
-Бокс таны нүүрэнд мартагдахын аргагүй ул мөрөө үлдээсэн байх. Одоо толинд харахад юу бодогддог вэ? 
-Тэр нөхөр ч хамрыг минь сайн цохисон шүү. Би одоо ч хамраараа амьсгалж чадахгүй байгаа. Эмч нар хамарт минь мөгөөрс нэмж суулган, арьс ч нөхсөн. Зургаан удаа хамартаа мэс засал хийлгэсний дараа ийм болоод байгаа юм. Олон дахин мэдээ алдуулсан болохоор би одоо хамраа мэдэрдэггүй юм. Хамарнаас гадна гар жаахан салгалдаг.
-Тулаанаас олсон бэртэл үү? 
-Гар маань дандаа боолттой явдаг байсныг чи мэдэх байлгүй. Байнга цуурчихдаг байснаас тэр.
-Зөрүүд, дураараа зангаасаа болоод та Холливудад дахин ажиллах боломжгүй болсон гэсэн үг үү? 
-Тийм ээ.
-Холливудад байх ямар вэ? 
-Чи ямар гэдгийг нь төсөөлж байна уу?
-Таны ярианаас дүгнэхэд аймшигтай, тамд байгаа юм шиг л байж. Миний зөв үү? 
-Гэрийнхээ гадаа “Астон Мартин” сойчихоод ажил руугаа явган алхана гэдэг ямар байдаг билээ? Холливудад ажиллах миний хувьд тийм ичгүүртэй санагддаг байлаа. Шоу бизнесийн ертөнцөд хөл тавж байгаагүй нэгэнд тийм санагдахгүй байх л даа. Би уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа.
-Дэлхийн шилдэг кино жүжигчин болохын тулд уу? 
-Санасан хэмжээндээ хүрсэн сайн жүжигчин болохын тулд хөдөлмөрлөж байсан. Өглөө босоод өөртөө өчигдрийнхөөс илүү сайжирсан байна гэсэн дүгнэлт өгөхийн тулд хичээдэг байлаа. Тиймээс их олон жил уйгагүй зүтгэсэн. Харамсалтай нь тэр үед зорилгоо огт ойгодоггүй байж.
-Та гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүгдэж байсан. 
-Тийм ээ. Ээж, аав хоёрын минь салалт надад их хүнд цохилт болж, намайг сул дорой болгосон. Тэгээд л би өөрөө өөрийгөө зоригжуулах гэж боксоор хичээллэдэг байлаа. Харин энэ маань өвчин болж өөрийгөө бусдаас тусгаарлах болсныг эмч хэлсэн. Удалгүй энэ байдал миний ааш араншинд ч нөлөөлөх болсон. Түүнчлэн би тэр үед буруу газар очиж, буруу хүмүүстэй нөхөрлөж байсан хэрэг. Удалгүй хийсэн үйлдлээ ч ухамсарлах чадваргүй болсон байсан.
-Уг явдлаас болоод  таны нэр хүнд унаж, та их олон жил хүнд байдалтай байсан. Энэ үед гадуур явж, дэлгүүрт ороход хэцүү байсан уу? 
-Бүр аймшигтай байсан. Тамхи, чихэр гээд л мухлаг орох хэрэг зөндөө л гарна. Тэр үед хүмүүс ам амандаа юм яриад л, хэдэн арван хүн дэргэд ирээд юм асууж байх шиг л санагддаг байж билээ. Та нөгөө хүн мөн үү? Та үнэхээр эхнэрээ зодсон юм уу гээд л шуугилдана.
-Танд үнэхээр тэгж хэлсэн гэж үү? 
-Тийм ээ. Та хүмүүсийн тэгж ярьж байхыг сонсоогүй юм уу. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр явдал надтай хамт мартагдаж зарим нь бүр “Өө би таныг таних юм байна Та чинь нөгөө хэн байна шүү дээ” гээд л шал өөр нэр хэлдэг болсон.
-Хэнтэй андуурдаг байсан бэ? Тэднээс хамгийн таагүй нэр нь хэнийх байв?
-Тэр хэлээд хэрэггүй биз дээ. Хэдэн жилийн өмнө байсан бол хэлэх л байлаа.
-Хэцүү цагт хэн танаас нүүр буруулаагүй вэ? 
-Сталон надад их тусалсан. Бас Шон надаас огт нүүр буруулаагүй.
-Шон Пенн үү?
-Шон Пенн мөн. Гэхдээ бид холбоо барилгүй 10 жил болсон байна. Гунигтай юм.
-Тэр ч аргагүй л дээ. Та хоёр хоёул их омголон шүү дээ. 
-Тийм шүү. Намайг тоож кинонд тоглуулах хүнгүй болсон үед Шон Жэк Николсонтой хамтран хийж буй кинондоо туслах дүрд тоглохыг санал болгосон. Олон жилийн дараа дэлгэцээр гарсан тэр 12 хором их сайхан байсан шүү.
-Эхнэрийн тань тухай хэдэн асуулт асууж болох уу? 
-Бололгүй яах вэ. Юу хүссэнээ л асуу.
-Та одоо ч түүнд хайртай, тийм үү? 
-Юу гэхээр…
-Хамт кинонд тоглохыг хүсэж байгаа биз дээ?
-Бид хоёр их олон жилийн өмнө л хамт кинонд тоглож байлаа. Гэхдээ хүмүүс “9 долоо хоног” хамт тоглосон гэж боддог юм. Түүнээс өмнө бас нэг кинонд хамт тоглосон юм шүү дээ. Продюсер Марк Кентоны кино байсан юм. Тэр нэг өдөр над руу яриад Ким Бесинжертэй хамт кинонд тоглох санал тавьсан. “Нигерийн дельта” гэдэг нэртэй кино байсан юм. Зургийг нь ердөө хоёр өдөр л авсан юм. Ким ч бас хоёр өдөр л зураг авахуулсан байх.
-Түүнээс хойш түүнтэй дахин уулзсан уу? 
-Нэг л удаа таарсан.
-Түүнтэй тааралдахад ямар сэтгэгдэл төрсөн бэ? 
-Бухимдаж байсан. Тэр үед би их омголон байж дээ.
-Харин тэр ямар харагдаж байсан бэ? 
-Анх уулзаж байсан шигээ л сайхан харагдаж байна билээ.
-Таныг саяхан сүй тавьсан гэлцэх юм. Энэ үнэн үү? 
-Үгүй дээ би сүй тавиагүй.
-Дахиад хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох бодол бий юү? 
-Энэ чиний хэрэг биш ээ, Пирс.
-Тийм л дээ. Гэсэн ч энэ асуултыг асуух хэрэгтэй гэж бодсон юм. 
-Өөрийнхөө асуудалд л анхаар даа залуу минь.
-Би асууж, та хариулах нь л нэвтрүүлгийн маань зорилго шүү дээ. 
-Тав дахь хүнтэйгээ учирна аа.
-Та аз жаргалтай байж чадаж байна уу? 
-Юу гээч. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн хөгширдөг. “Та нас ахих тусам та улам сайхан харагдах болжээ” гэдэг үгийг би цөөнгүй сонссон. Тэр чинь та сайхан өтөлж байна гэсэн үг үү? Үгүй дээ. Тэр чинь угтаа та үхэж байна гэдгийг минь сануулж байгаа юм.
Бүх зүйл эхэндээ идэвхтэй, хурдан, хүчтэй байдаг бол цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч, удаан, зөөлөн болдог биз дээ. Хэзээ ч хэн нэгний амнаас “Хонгор минь зөөлөн, удаан” гэдэг үг сонсож байсангүй. Тэд үргэлж л “Хүчтэй, хурдан” гэсэн шаардлага тавьдаг байх аа. Тэгэхээр хөгшрөх сайхан байна гэж үү. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Толинд хараад миний хувьд бүх зүйл дуусаж дээ гэж хэлэхийг хүсэхгүй байна.
-Өөрийнхөө тухай ярь л даа, Микки.
-Чи ч бас хэзээ нэгэн цагт ийм юм яриад л сууж байна даа.
-Би саяхныг хүртэл таныг ямар ухаалаг юм ярьж байна аа гэж бодож байлаа. Таны ажилд амжилт хүсье. Тун удахгүй манай студид Уэльсийн тухай хийж буй шинэ киноныхоо тухай ярихаар ирнэ гэж найдаж байна. 
-“Бөх”-өөс илүү сайн бүтээл болно.
-Би ч бас тэгж найдаж байна. Баярлалаа. 

Мадонна: Миний анхны хайр бол бүжиг



Дуучин, жүжигчин Мадонна тэр бүр шууд нэвтрүүлэгт оролцон, ярилцлага өгдөггүй. Харин тэр энэ удаад нөхөр Гай Ричигийн хамт бүтээсэн киноныхоо талаар танилцуулахаар Ларри Кингийн нэвтрүүлэгт зочилжээ. 

-Найруулагч Гай Ричи та хоёрын “Swept Away” киног дахин бүтээснийг би мэдэх юм. Ямар учраас уг киног шинэчлэн хийсэн юм бэ?
-Бидэнд хуучны киног шинэчлэн хийе гэсэн бодол огт байгаагүй юм. Ричигийн дээхнэ үед өгсөн ярилцлагандаа “Би хэзээ ч хуучны киног дахин бүтээхгүй” гэж байсныг зарим хүн санаж байж магадгүй. Харин бид “Swept Away”-г үзсэнийхээ дараа энэ шийдвэрээсээ татгалзахад хүрсэн. Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгээд ч Ричи…
-Хийж үзээгүй зүйлдээ хүч сорихыг хүссэн байх. Тийм үү? 
-Яг зөв. Тэр энэ сайхан киног орчин үеийн хэв маягт оруулан шинэчилж, илүү хөгжилтэй болгохыг зорьсон.
-Тэгээд танд ааш муутай хүний дүрд тоглох  таалагдав уу? 
-Тийм ширүүн, хурц зантай байна гэж үү?
-Тийм ээ. Хурц, ширүүн зантай, бас хорон санаатай. 
-Нэг талаас харвал тэгж ойлгож болох л юм.
-Хорон санаатны дүр бүтээх хөгжилтэй байв уу? 
-Хөгжилтэй байсан шүү.
-Амьдралд тань гарсан өөрчлөлтийн талаар сонирхуулаач. Та хүү, охин хоёр төрүүлсэн. Охид хөвгүүдээс ялгаатай биз? 
-Тэд чинь тэс өөр ертөнц гэсэн үг.
-Хамгийн том ялгаа нь юу вэ? 
-Хөвгүүд бодол санаагаа илэрхийлэх нь түргэн. Тэд бүгд машин, техникт дуртай байдаг.
-Тоглоом уу? 
-Тоглоом, дугуй, механик зүйлс. Эд зүйлс хэрхэн ажилладгийг сонирхоно.
-Харин охид яадаг вэ? 
-Та мэдэх байлгүй дээ. Охид хүүхэлдэй, даашинз, будаг шунх, өндөр өсгийт гээд л сонирхол нь тэс өөр.
-Харин эцэг эхийн хувьд бас л ялгаатай ханддаг уу. Зарим аав, ээж хөвгүүдийг өсгөх амаргүй гэлцдэг. 
-Хөвгүүдийг бага насанд нь асарч, хүмүүжүүлэх амаргүй ч өсөж, томрох тусам илүү бие даасан болдог юм шиг. Харин охидын хувьд эсрэгээрээ. Балчир охидыг өсгөх амархан ч, томрох тусам толгой өвтгөж эхэлдэг. Охид амархан хөлд, хэлд ордог. Гэхдээ томрох тусам илүү халамж, анхаарал шаарддаг.
-Та бол дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч, маркетингийн мэргэжилтэн, ээж, эхнэр. Энэ бүх ажлаа хэрхэн амжуулдаг юм бэ? 
-Амьдралын минь хором мөч бүр нарийн цагийн хуваарьтай байдаг. Надад сул зогсох цаг ч байдаггүй. Миний ажлын ихэнхийг чадварлаг туслах маань нугалчихдаг юм.
-Мэдээж энэ бүхнээс хамгийн чухал нь хүүхдүүд тань байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхэн минь. Гэвч бид яаж ийгээд л ажилдаа илүү цаг зарцуулчихаад байх юм. Бүр унтах цагаасаа ч хумсалдаг гээч.
-Гэхдээ зарим хүмүүс хэний туслалцаагүйгээр ажил амьдралаа зохицуулаад явж байна шүү дээ. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ? 
-Хүүхэд асрагч нарыг амарсан үед намайг та юу хийдэг гэж бодож байна. Тэгээд ч хүмүүс зөвхөн ажилдаа бүх амьдралаа зориулж, эсвэл өөр юу ч хийлгүйгээр хүүхдээ л асраад байддаггүй шүү дээ. Гэхдээ би бүхнийг өөрөө амжуулдаг эзэгтэй нарыг хүндэлдэг.
-Та хүүхэд гаргасандаа хэзээ нэгэн цагт харамсаж байв уу. Жаахан хүлээсэн бол би үүнээс ч илүү амжилтад хүрэх байлаа гэж бодогддог уу? 
-Огтхон ч тийм бодол төрдөггүй.
-Үргэлж шинийг эрэлхийлдэг хүмүүс байдаг. Та тэдний нэг мөн үү? 
-Мөн.
-Үргэлж тийм байсан уу? 
-Тийм ээ. Үргэлж л тийм байсаар ирсэн.
-Таны хийж байгаа зүйлсийг хараад байхад шинэ салбар, шинэ ажилд тэмүүлдэг хүн шиг санагддаг. 
-Тийм шүү. Би үргэлж л шинэ санаа, шинэ онгод, шинэ бодрол, шинэ авьяас хайж явдаг. Тиймээс л би сэтгэл санаа нь байнга өлсгөлөн байдаг хүмүүст дуртай.
-Еврей од зүүсэн харагдана. Та Иүдаизм шүтлэгтэй юм уу?
-Тийм ээ, энэ Кабаллагийн од. Гэхдээ би иүдаизмийг шүтдэггүй, зөвхөн зан үйлийг нь дагадаг. Шүтлэггүй хэрнээ зан үйл, гүн ухааны онолыг нь мөрдлөг болгогчид цөөнгүй шүү дээ. Би тэдний л нэг.
-Юу таныг иүдаизмд хөтөлсөн юм бэ? 
-Анхандаа би зөвхөн иогоор хичээллэдэг байлаа. Улмаар маш олон асуултад хариу эрж, иүдаизмын гүн ухааныг сонирхох болсон. Би эртнээс л амьдралын тухай олон арван асуултад хариулт эрсээр ирсэн юм. “Би яагаад энэ дэлхий дээр төрсөн юм бэ? Миний туйлын зорилго юу вэ?” гээд л… Мөнгө хөрөнгө, амжилт алдар нэр, гэр бүлээс ч чухал зорилго амьдралд бий. Тэр нь чухам юу вэ, бидний аялал хаа хүрэх бол гэдгийг сонирхсон хэрэг. Энэ бүхний учир шалтгааныг еврейчүүдэд сургадаг гэдгийг сонссон. Тэгээд л сонирхон судлах болсон.
-Овгоо хэрэглэдэггүй тань ямар учиртай юм бэ. Зүгээр л маркетингийн бодлого уу? 
-Үгүй дээ. Анхны бичлэгийн гэрээгээ хийхдээ би Мадонна Сиккон гэж бичүүлж байсан. Нэг мэдэхэд л зүгээр л Мадонна болчихсон. Богиносгосон нь тэр байх.
-Таныг яагаад Мадонна гэж нэрлэснийг мэдэх үү? 
-Ээжийг минь Мадонна гэдэг байсан юм. Тэгээд л ээжийн минь өнгөрсний дараа тэгж нэрлэх болсон.
-Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ? 
-Жаахан байхад ээж минь өнгөрсөн болохоор сэтгэл их л шаналдаг байсан санагддаг юм.
-Тэгээд аав тань өсгөсөн үү? 
-Аав өсгөж байгаад дахин гэрлэсэн. Тэгээд хойд ээж маань асардаг болсон.
-Дагавар хүүхдийн асуудал тийм ч амар шийдэгддэггүй. Танд хүнд байсан уу? 
-Үнэнийг хэлэхэд би хойд ээжийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Одоо эргээд дурсахад надад биш түүнд л хэцүү байсан болов уу.
-Гэхдээ л тэр сайн ээж болох гэж хичээдэг байсан уу? 
-Тийм ээ.
-Тэгэхээр Та ээжтэйгээ дотно байсан байх нь ээ? 
-Аавтайгаа бүр ч илүү дотно байсан. Би ердөө л өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй байх.
-Та багаасаа л шоубизнест дурлаж байв уу? 
-Хүн бүр л намайг урлагт дуртай охин байсан гэж ярьдаг юм.
-Хэдийнээс дуулж эхэлсэн бэ? 
-Таван настайдаа л тоглолт оролцож, дуулдаг болсон гэлцдэг. Гэвч би түүнийгээ бүдэг бадаг л санадаг. Харин жаахан томроод бүжигчин болохыг хүсдэг болсон. Нью-Йоркод очиж, бүжигчин болох нь миний мөрөдөл байлаа. Миний анхны хайрт бол бүжиг. Би эхлээд бүжигт, дараа нь дуу хөгжим, тэгээд жүжиглэх урлагт дурласан.
-Яагаад хөгжмийн ертөнц рүү урвачихсан юм бэ? 
-Би хэдэн жил Манхэттэнд бүжиглэсэн. Гэвч амьдрал тийм ч сайн байгаагүй. Тэгээд л би хөгжимт жүжгийн театрт ажиллах болсон. Дуулж, бүжиглэж байхыг минь хэн нэгэн харчихсан юм билээ.
-Тэгээд л шоубизнест хөл тавьсан байх нь ээ? 
-Үгүй дээ. Тэд ирээд “Хонгор минь, бид чамайг од болгоё” гээд Франц руу авч явсан. Тэнд намайг яг л робот шиг ажиллуулж, тийм байдалд бэлэн биш байсан болохоор би шантарч, Нью-Йоркод эргээд ирсэн.
-Хэрхэн олонд танигдаж эхэлсэн бэ? 
-Дуу минь радиогоор явж эхлэх үед л хүмүүс анзаарсан байх. Гэтэл төд удалгүй би хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолд оролцон, тайзнаа чанга чанга хөхөрч, үзэгчдийг гайхашруулсан.
-Яагаад тэгсэн юм бэ? 
-Би угаасаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байсан.
-Одоо ч тэр хэвээрээ байгаа юу? 
-Сэтгэл хөдлөл багатай байхын хичээж байна. Хэлж ярьж, хийхээсээ өмнө боддог болсон.
-Ам халсан үед ч тэр зарчмаа баримталдаг уу? 
-Би ирээдүйд санаа зоволгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Тэр ч байтугай амьтны совиндоо найдах үе ч цөөнгүй бий.

ОПРА УИНФРИ: Нэвтрүүлэг минь өндөр албан тушаалын зөөлөн суудлаас ч үнэтэй


Опра Уинфри бол яах аргагүй хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг. Түүний бичсэн ном бүр борлуулалтаараа тэргүүлж, хэн ч анхаардаггүй асуудлыг тэр улс үндэстэн, тэр ч бүү хэл дэлхий нийтийн анхаарлын төвд авчирч чаддаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг болон  өөр юу хийж чадахыг нь сонирхохоор Ларри Кинг түүнийг зочноороо урьжээ. 

-Сургууль байгуулснаар их зүйл өөрчлөгдөв үү? 
-Миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг нь сургуулийн минь нээлтийн өдөр байсан. Гэрлэлт гэдэг гэгээлэг, сайхан зүйл. Ялануяа сүйт бүсгүйн хувьд. Харин манай сургуулийн нээлт 20 сүйт бүсгүйн баяр жаргалыг нийлүүлсэн шиг сэтгэгдэл үлдээсэн. Зөвхөн нээлт ч биш, сургуулиа байгуулах гэж зүтгэж байсан он жилүүд ч сайхан байлаа. Сургууль байгуулагдсанаас хойш сурагч охидын амьдралд л хамгийн том өөрчлөлт гарсан. Би үүнд баяртай байгаа.
-Таныг маш олон салбарт хүч сорьдог гэдгийг би мэднэ. Гэхдээ чухам юу хийхийг хүсдгийг тань сонирхмоор байна. 
-Чин сэтгэлээсээ хүсэж хийдэг зүйлс надад цөөн бий. Би радио, телевизийн нэвтрүүлгээ бэлтгэх дуртай. Миний хөрөнгө, хүсэл мөрөөдөл болохоор тэр. Энэ салбарт хөл тавиад зургаа, долоон жил өнгөрчээ. Нэвтрүүлгээр минь дамжуулж энэ хорвоогийн элдэв зүйлстэй танилцан, өсөж хүмүүждэг олон хүн бий. Тийм болохоор би ажилдаа дуртай. Танд ч бас тийм үнэнэч үзэгч хэдэн мянгаараа бий шүү дээ. Би гэхэд л таныг нэвтрүүлгийг дөрвөн настай байхаасаа л үзсэн.
-Аймшигтай юм. 
-Тийм шүү. Хэн нэгнээс ийм үг сонсох надад ч аймшигтай, ичмээр санагддаг. Гэвч би хуулийг, хүүхдүүдэд араатан шиг ханддаг улс гүрнүүдийн бодлогыг өөрчилмөөр байна. Энэ бол минийх хийхийг хүсдэг зүйлсийн нэг. Тиймээс би энэ бүхнийг өөрчлөгдтөл тэмцсээр байх болно.
Америкчууд бид эрх чөлөөний улсын иргэд гэж цээжээ дэлддэг атлаа үргэлж л цагаачдыг нүд үзүүрлэж, дарамт шахалт үзүүлдэг. Гэтэл өдөр бүр хэдэн зуун хүүхэд хүний наймааны золиос болж, бидний ирээдүй болсон бяцхан иргэд гэртээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, амь үрэгдэх явдал ч өдөр бүр гарч байна. Энэ чинь төсөөлж ч боломгүй аймшигтай зүйл. Гэтэл хүмүүс ийм балмад гэмт этгээдэд цагаачдыг жигшдэг шигээ хандахгүй, ердөө л “Хууль бүхнийг шийдэх ёстой. Хүүхэд алсан гэмт этгээдийг шоронд хорьвол таарна” гээд л өнгөрдөг. Хуулийг гэмт хэрэг болсон хойно шийтгэхийн тулд биш болохоос урьдчилан сэргийлэх гэж баталдаг.
-Тэгэхээр та хууль тогтоох байгууллагад орохын тулд л энэ бүхнийг хийж байгаа байх нь ээ? 
-Тийм ээ. Хуулийг шинэчлэх нь миний дараагийн алхам. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа хийж чадахгүй. Ард түмний туслалцаа надад хэрэгтэй.
-Азаар та сайн илтгэгч. 
-Бусдад нөлөөлж чадахгүй бол та нийгэм, улс төрийн салбар руу өнгийх ч хэрэггүй. Гэхдээ хөндөж буй сэдэв нь чухал болохоор намайг үзэн яддаг хүн ч энэ санааг минь дэмжих байх.
-Та улсын төрийн алба хаших бодолтой байгаа юм уу? 
-Тийм зүйл хэзээ ч болохгүй гэдг ийг та мэднэ шүү дээ.
-Яагаад?
-Миний хувьд нэвтрүүлгийн минь ажил ямар ч өндөр албан тушаалын зөөлөн суудлаас ч үнэ цэнэтэй. Учир нь нэвтрүүлэг минь намайг зөвхөн Америкчууд бус дэлхийн сая сая үзэгчидтэй “уулзуулж”, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцах боломж олгодог.
Яг л таны нэвтрүүлэг шиг. Нэвтрүүлэг гэдэг гайхалтай шидтэй зүйл. Би Өмнөд Африкт байхдаа ч таны нэвтрүүлгийг үзэлгүй унтаж чаддаггүй. Бидний нэвтрүүлэг дэлхийн 200 гаруй орны иргэдэд хүрдэг. Тийм болохоор таныг хаа ч явсан хамт байж чадна гэсэн үг.
-Танд сургууль нээх санаа хэрхэн төрсөн юм бэ? 
-Би нэг удаа өөрийн шүтээн Нэлсон Манделатай уулзсан юм. Зул сарын баярын өмнөхөн би тэднийд уригдлаа. Хүмүүстэй уулзаж, ярилцахдаа би огт сандардаггүй. Харин түүнтэй уулзахдаа багагүй тэвдэж байлаа. Тиймээс ч тэднийд арав хонолоо. Тэр хугацаанд 29 удаа хамт хооллосон. Тэгсэн хэрнээ л ярилцаж зүрхлэхгүй байлаа. Юун тухай ярилцахаа мэдэхгүй тээнэгэлзэж байхыг минь анзаараад Стидмэн надад “Чи ярилцлагаа чиглүүлэх шаардлагагүй ээ. Тэр чинь Нэлсон Мандела шүү дээ. Зүгээр сонсоод л ууж бай” гэж зөвлөсөн юм. Тэгээд л би сонссон. Эцэст нь би Өмнөд Африкт дурласан.
-Тэгээд л Өмнөд Африкт сургууль нээхээр шийдсэн хэрэг үү? 
-Тийм ээ. Нэг өдөр бид хоёр тэдний зочны өрөөнд нь ярилцсан. Эцэст нь би Өмнөд Африкийн тусалж, тэдэнд зориулсан сургууль барих хүсэлтэй байгаагаа түүнд хэлсэн. Учир нь би дэлхийг боловсрол аварна гэдэгт итгэдэг юм.
Энэ ертөнцөд би үлдээсэн зүйлтэй байхын тулд л хөгжиж буй орнуудад тусалдаг. Дэлхий дээр 100 сая охид бага сургуульд ч суралцаж үзээгүй байдаг юм билээ. Тиймээс би үхэхээсээ өмнө энэ байдлыг өөрчлөхийг хүссэн юм.
-Тэгэхээр та өөр олон сургууль байгуулах нь ээ? 
-Тийм ээ. Би өөр олон арван сургууль байгуулна. Гэхдээ үлгэр болсон охидын сургууль. Сургуулийн минь сурагч охид тосгоноосоо гараад явсан ч танихгүй хүмүүст өөрийн үзэл бодлоо ойлгуулж чаддаг, сургуульд сурахын тулд юу хэрэгтэй байгаагаа хэнээс ч ичиж, эмээлгүй илэрхийлдэг болох нь бидний туйлын зорилго.
Урсгал ус, цахилгаангүй тосгонд бид сургуулиа босгосон. Сургуулийн барилгын дор бохир усны хоолой байрлуулж, цэвэр усны байгууламж ч тавьж өгсөн. Уг байгууламж борооны усыг хүрааж, цэвэрлэх маягаар ажилладаг юм. Тиймээс сурагчид одоо суултуурт бие засаж байгаа.
-Та яагаад Алабама гэх мэт мужид сургууль нээгээгүй юм бэ? Хүмүүс үүнд чинь нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. 
-Тэр мужийн иргэд чинь нэг байтугай нэлээн хэдэн сургууль барьж, байгуулах чадалтай засгийн газартай шүү дээ. Тиймээс би тэр ажлыг өмнөөс нь хийгээд яах вэ дээ. Би дэлхийн хамгийн шилдэг гүрэнд амьдарч байна. Хүссэн хүн нь сурч боловсрох бололцоотой улсад бид амьдарч байна. Харин энэ боломжийг дэлхийн хүүхэд бүрийн өмнө нээх гэсэн юм.
-Та их сайн ээж болох байх даа. 
-Би одоо ч өөрийгөө эх хүн гэж боддог шүү дээ. Би 151 охинтой. Тэгэхээр би чинь 151 хүүхдийн ээж гэсэн үг.
-Танай сургуулийг их хатуу дэглэмтэй, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ уулзах боломж олгодоггүй гэж сонссон. Энэ үнэн үү? 
-Би хүмүүсийн тэр худал яриаг тоодоггүй юм. Үнэндээ энэ хугацаанд эцэг эхчүүдийн зүгээс хоёр л удаа гомдол гарч байсан. Гэхдээ би сургуулийн байранд эрх чөлөөтэй явж болохгүй байна гэсэн хоёр хүний гомдлоос болж сургуулийнхаа дүрмигй өөрчлөх бодолгүй байна. Угаасаа хүн бүр л дүрэм журманд захирагдах дургүй байдаг шүү дээ. Энэ хоёр хүн хүүхдэд нь эрүүл хоол хүнс өгсөнд дургүйцсэн. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, сургуулийн байранд гаднаас оруулж буй зүйлсийг нь шалгахад дургүйцсэн. Охид нь сургуульдаа гар утас хэрэглэж болохгүй, жилд 10 мянгаас дээш орлого олдог гэр бүлийн охидын сургахгүй гэсэн дүрмийг эсэргүүцсэн. Сурагч бүр гар утастай байхыг хүсдэг. Гэтэл тэдний хэдэд нь гар утастай болох боломж байгаа билээ. Ялангуяа манай сурагчдын хувьд. Тиймээс л би ийм дүрэм тогтоосон.
-Үзэл бодол огт нийлэхгүй эсвэл тааламжгүй хүнтэй ярилцлага хийх хэцүү юу? Надад бол чөс өдөр тохиосон юм шиг л санагддаг. 
-Миний хувьд бол тооцоогоо гаргасан өдөр л хамгийн хэцүү санагддаг.
-Та тооцоогоо өөрөө хийдэг юм уу? 
-Тийм ээ.
-Таарамжгүй оролцогч танд ямар санагддаг вэ? 
-Ямар хүн байх нь чухал биш ээ. Би төвийг сахигч хүн гэдгийг та мэднэ шүү дээ. Би зөвхөн дэргэд нь суухаас ч жийрхмээр сөрөг энергитэй хүмүүст л дургүй. Тиймээс надад таалагддаггүй хүн тун цөөн. Харин юу хэцүү гээч. Оролцогч тань худал яриад байх үед л хамгийн хэцүү байдаг юм.
-Энэ үед бидний хийж чадах зүйл нь зөвхөн үнэнийг яриулах гэж оролдох л байдаг. 
-Тийм шүү.
-Танд ярилцлага хийхсэн гэж боддог хүн бий юү? 
-Алдартнуудтай ярилцах хөгжилтэй байдаг ч энгийн иргэдтэй ярилцах нь илүү сайхан. Хэдэн жилийн өмнө би нэг бүсгүйтэй ярилцсан юм. Түүнийг жолоо барьж явтал согтуу жолооч мөргөж, машинд нь гал авалцан шатсан байсан. Нүүр нь бүхэлдээ түлэгдэж, сорвитой болсон ч дотроосоо гэрэлтэж, тэр үзэгчдэд их зүйлийг ойлгуулсан. Дотоод гоо сайхны тухай хүн бүр ярьдаг. Би ч сэтгүүлдээ бичиж, нэвтрүүлгээрээ энэ тухай ярьж байсан. Гэсэн ч хүмүүс амьдралдаа хэрэгжүүлсэн нь ховор. Дотоод гоо сайхны жинхэнэ илрэл түүнд байсан юм. Чих хүртлээ түлэгдэж, нүд халтирам болсон түүнээс “тэр үед үхчихгүй яав даа гэж бодогдож байсан уу?” гэж асуухад “Үгүй ээ. Харин ч би олон арван жил амьдрахсан гэж хүсдэг” гэж билээ.
-Ийм хүмүүстэй ярилцах сайхан байдаг уу?
-Тийм ээ. Би хүмүүст аз жаргал бэлэглэх гэж л нэвтрүүлэг хийдэг.

Снүп Дог: Миний чаддаггүй цөөн зүйлсийн нэг нь дуурийн дуу дуулах


Цомог нь хэдэн сая хувь борлогдож, хип хоп урлагийн томоохон төлөөлөл болсон рэппер бол Снүп Дог. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан “Хорслоос илүү”, энэ долоо хоногт нээлтээ хийх “Малиса гайхамшгийн оронд” киноныхоо тухай сонирхуулахаар Ларри Кингийн нэвтрүүлэгт зочилжээ. 

-“Хорсол бол өвчин”-д юун тухай өгүүлдэг юм бэ? 
-Миний тав дахь соло цомог ийм нэртэй. Би энэ дуугаа зүгээр л өөрийнхөө сонирхол таашаалд нийцүүлэн бичүүлсэн юм. Хөгжим бол зугаа цэнгээний урлаг. Сайхан дуу хөгжим сонсоод хүмүүс тайвширч, алжаалаа тайлдаг шүү дээ. Би ч бас яг л ийм зорилгоор энэ дуугаа бичүүлсэн.
-Гэхдээ “Хорсол” гэдэг үг тийм ч сайхан утгагтай биш шүү дээ. Имй зүйл сонсоод хүн таашаал авч чадна гэж үү?
-Үнэхээр “Хорсол” гэхээр хүн бүрт л муу муухай зүйлс төсөөлөгддөг. Энэ дууг бичүүлэхийн өмнөхөн зүрх сэтгэл минь уур хилэн, хорсолд автсан байсан. Тухайн үед намайг ихээр хавчиж, гадуурхдаг байлаа. Дуугаа бичүүлсний дараа би сэтгэлдээ амар амгаланг олж, жинхэнэ гайхамшгийн орныг өөртөө бүтээсэн. Эцэст нь би хорсол заналаа аз жаргал болгон хувиргасан тул цомгоо “Гайхамшгийн орон дахь хорсол” хэмээн нэрлэсэн юм.
-Тэгэхээр энэ дуугаа бичүүлснээр таны хувьд бүх зүйл өөрчлөгдсөн байх нь ээ? 
-Яг л хуучны сайхан цаг шиг хүмүүс миний дуунуудыг сонсохыг хүссэн хэвээр байгаа гэсэн төсөөлөлтэй байсан юм. Тиймээс ч бодит байдал надад их хатуу цохилт болсон. Азаар хүмүүс дуу хөгжимд дуртай хэвээр байгаа нь, мөн гэр бүлийнхэн минь надад урам хайрлаж байсан нь надад энэ бүхний эергээр өөрчлөх тэнхэл хайрласан.
-Рэп хөгжим үүсэх үед олонх хүн таагүй ханддаг байсан. Харин одоо олны энэ хандлага өөрчлөгдсөн үү? 
-Өнөө цагт хөгжмийн ертөнцийн хамгийн чухал хэсэг нь рэп гэдэгт би итгэдэг. Учир нь шинэ зуунынхны сонголт өөрчлөгдсөн байна. Та сайн ажиглавал спорт, шоубизнесийн ертөнц гээд таны уулзсан хүн бүр рэп хөгжимтэй ямар нэгэн шижмээр холбоо хамааралтай байгаа. Орчин үед хөгжмийн хамгийн дээд хэлбэр нь рэп болсон болохоор тэр.
-Гэхдээ рэпийг хөгжим гэж тодорхойлж болно гэж үү? Жишээлбэл та рэпийг аялж чадах уу? 
-Чадна. Рэп ч бас аялгуу, хэмнэлтэй шүү дээ.
-Таныг “We Are the World 25” дууг бусад алдартнуудтай хамтран дуулсандаа тун их баяртай байгаа гэж сонссон. 
-Гайхалтай байсан, Ларри. Тийм гайхалтай дуучидтай нэгэн өрөөнд зогсон, хамт дуулуулахаар над руу залгасанд нь би тун их баяртай байгаа. Хүүхэд байхаасаа л би Майкл Жэксон, Лионел Ричи, Рэй Чарьлз гэх мэт гайхалтай дуучдын хамтран дуулсан эл дууг сонссоор ирсэн. Энэ гайхалтай дуу сонсогдын хүртээл болсны 25 жилийн ойгоор дахин дуулсан минь надад тун сайхан санагдаж байгаа.
-Та машинд дуртай байх аа?
-Би бүхий л насаараа машин сонирхдог байсан. Ялангуяа хуучны буюу 1930-1970-аад оны машинуудад нүдээ унагадаг.
-Хуучны машинууд илүү чанартай байдаг гэж үү? 
-Хавьгүй илүү.
-Танд ийм машин олон бий юү?
-Би 25 машинтай.
-Тэднийгээ хаана хадгалдаг юм бэ? 
-“Bat Cave” нэртэй жижигхэн газар бий. Яг л Бэтмэний газар дорх агуулах шиг. Бэтмэний туслалцаа хэрэг болсон үед тэр гялалзсан хар машинаа унаад л хонгилоос сүн сүн гээд гараад явдаг даа. Яг л түүн шиг. Та миний яриаг ойлгож байна уу?
-Хагас хугасыг нь л ойлгож байна. Ийм шинэ хэлийг та зохиосон юм уу? 
-Үгүй дээ. Ийм яриа бүр 1970-аад онд үүссэн гэдэг юм.
-Та хаана өссөн бэ? 
-Лонг Бичийн өмнөд хэсэгт.
-Хэцүү газар шүү. 
-Гэхдээ бас хөгжилтэй шүү. Энэ газар өссөнөөрөө би ихийг мэдэж авсан. Тэнд олон сайхан хүмүүс амьдардаг. Буруу гарын нөхдүүдээс гадна агуу хүмүүс ч олон бий. Энэ нь л надад сайхан туршлага болдог юм.
-“Малиса гайхамшгийн оронд” кинонд юун тухай өгүүлдэг вэ? 
-Снүп Догийн хөгжмийн ертөнцөд өнгөрүүлсэн амьдралын туршлагаас үндэслэсэн кино юм. Би өөрөө Малиас нэртэй супер баатрын дүрд тоглосон. Тэр баатар маань гайхамшгийн орон хэмээх нийгмийг цэвэрлэхээр тэмцэж байгаа тухай гардаг.
-Та “Аав” нэртэй шоугаа яагаад орхисон юм бэ? 
-Үйл явдал нь хэтэрхий сайхан, гэгээлэг болохоор нь дуусгахаар шийдсэн. Хүмүүс надаас төгс аав байхыг шаардаж байсан. Яг л уянгын кино шиг. Гэтэл би бол Снүп Дог. Миний гэрт хэзээ ч тийм нөхцөл байдал бүрддэж байгаагүй. Тиймээс би хиймэл, жүжигт тоглохыг хүсээгүй юм. Эхнэр минь ажлаа хийхийн зэрэгцээ гэр орныхоо асуудлыг хариуцаж, харин хүүхдүүд минь харьцангуй бие даасан байдалтай байдаг. Миний хувьд ийм амьдрал хамгийн сайхан нь.
-Та хоёр ажлаа хэрхэн зохицуулдаг вэ? 
-Өө бид тун гайхалтай зохицдог шүү. Яг л зөв галт тэргэндээ суун хурдалж яваа юм шиг. Бид зөвхөн ирээдүйдээ анхаарлаа хандуулан урагш зүтгэдэг. Хэзээ ч өнгөрснөө сөхөж байгаагүй.
-Та гэр бүлийнхэнтэйгээ уулзалгүй хэр удаж байна вэ? 
-Зургаан сар орчим болж байна.
-Хэцүү байна уу? 
-Маш хүнд байна. Гэхдээ би сонголтыг өөрөө л хийсэн. Энэ цагт, энэ газар байх хэрэгтэй байгаа учраас гэрийнхнээсээ хол байгаа. Тиймээс харамсахаасаа илүү чухал гэсэн бүхнээ хурдан, чанартай гүйцэтгэхийг хичээж байна.
-Гэхдээ таны тухай бичлэгүүд, хэвлэлд гарсан нийтлэлүүдээс харахад Та яг л тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг. 
-Тийм ээ. Тэр чинь л би шүү дээ. Хэн нэгний дүрд тоглож байвал Снүп гэсэн үг. Гэхдээ би хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу, Ларри?
-Холливуд болон хөгжмийн ертөнцөд булхай, луйвар гэдэг зүйлс хүчээ авч байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү? 
-Мэдээж нийлнэ. Холливудад хүрэх маш олон арга зам байдаг болсныг хүмүүс анзаарсан ч байж мадагүй.
-Таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ? 
-Кордозар Салвин Броадус.
-Тэгээд яагаад Снүп Дог гэгдэх болсон юм бэ? 
-Эхэндээ ээж минь намайг тэгж дууддаг байсан. Би багадаа “Чарли Броун” гэдэг хүүхэлдэйн киног их үздэг байсан юм. Тэр хүүхэлдэйн кинонд Снүпи гэдэг нохой гардаг.
-Хип хопчдын хувьд хувцаслалт тун чухал уу? 
-Тийм ээ. Яг одоо би “Adidas”-ийн хослол өмссөн байна. Хувцсаараа би өөрийгөө илэрхийлдэг гэсэн үг. Гурван зураас бүхий бэлгэ тэмдэгтэй хувцсаараа би хэр хурдан “гүйдэг” гэдгээ харуулах гэсэн хэрэг.
-Яагаад ногоон, цэнхэр, шар зэрэг тод өнгө сонгосон юм бэ? 
-Гайхалтай сайхан харагддаг болохоор нь тэр. Энэ өнгөнүүд надад Боб Марлиг санагдуулдаг юм. Яг л ямайкачууд шиг.
-Та марихуаныг бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Одоо ч хэрэглэсэн хэвээрээ байгаа юу?
-Цэнхэр сар гарах бүрт татдаг.
-Сард хэдэн удаа цэнхэр сар гардаг юм бэ? 
-Үдэш бүр.
-Сюзан Бойлын талаар Та ямар бодолтой байдаг вэ? 
-Тэр сайн дуучин. Тиймээс ч би түүнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа.
-Хамт дуулах дуугаа сонгочихсон уу? 
-Үгүй дээ. Одоохондоо зөвхөн төсөөлж, төлөвлөж байна.
-Харин дуурийг хэрхэн дүгнэдэг вэ? 
-Би тэр талаар боддоггүй.
-Та Мариачи шиг дуулж чадах болов уу? 
-Миний хийж чадахгүй цөөн зүйлсийн нэг нь тэр.
-Та хэзээ нэгэн цагт “Америкийн шүтээн”-д оролцож байсан уу? 
-Хэзээ ч оролцож байгаагүй.
-Хүсэж байсан уу? 
-“American Idol” нэвтрүүлэг надад таалагддаг. Би гайхалтай хөтөлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Харин сайн шүүгч болж чадах юм биш үү? 
-Тийм ээ. Учир нь би хөгжмийг сайн ойлгодог. Хөгжминйн ертөнцийг хөдөлгөх гол хүч нь юу байдгийг, од болохын өмнө дуучид ямар зүйлс хийх шаардлагатай гээд бүгдийг нь мэднэ. Тиймээс муугүй шүүгч болж чадах байх шүү.
-Тэгвэл энэ шоуны амжилтад хүрсэн нууц юунд байдаг вэ? 
-Хүн бүрт од олны танил болох гэсэн хүсэл бий. Түүгээр нь тоглосноороо энэ шоу амжилт олсон. Хүмүүсийн мөрөөдлийг борлуулснаараа жинхэнэ реалити шоу болж байгаа юм.
-Та энэ нэвтрүүлгийг үздэг үү? 
-Заримдаа л хардаг. Оролцогчдын авьяасаа хэрхэн гаргаж байгааг нь харах сонирхолтой байдаг юм. Шинэ авьяастнууд төрөх нь бидний хувьд хамгийн сайхан зүйл. Нэвтрүүлгийн ялагчид одоо бүгд л амжилтад хүрч, алдар нэрээ цуурайтуулж явна.

ЖЭЙМС КАРТЕР: ИРЭЭДҮЙД БУШИЙН НЭР ХҮНД УЛАМ ӨСНӨ


АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жэймс Картер Ларри Кингийн шууд нэвтрүүлгийн зочноор уригджээ. Тэд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тухай хуучиллаа. 

-Ерөнхийлөгч Обамаг та хэрхэн дүгнэж байна вэ? Бид түүнийг хэтэрхий өндөр үнэлж, итгэл найдвар хүлээлгээд байгаа юм биш биз? 
-Би таван ч Ерөнхийлөгчийн нүүр үзсэн хүн. Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөх ёслолын үеэр би Обаматай уулзаж байсан. Тэр үед Обама Ерөнхийлөгч болчихлоо гэж баярлахаасаа илүүтэй амлалтаа хэрхэн биелүүлэх вэ, Дундад Азийн тогтворгүй байдлыг яаж намжаах гэдэгт илүүтэй анхаарал хандуулж байсныг би тод санаж байна. Бүр албандаа томилогдоогүй байхдаа хуучин өрөөнөөсөө утас цохиж, ажлаа эхэлчихсэн байсан. Тиймээс түүнийг улс орныхоо тэргүүлэгч байж, конгрессийг зөв зүгт залах чадвартай гэж би үнэлж, түүнд бүрэн итгэж байна.
Итгэл найдварын тухайд гэвэл цөхөрч сууснаас горьдох нь хавьгүй илүү шүү дээ. Гэхдээ хүн бүр өөрчлөлт гэдэг хоромхон зуурт болж, үр дүнгээ харуулдаггүйг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн байдал маш удаан хугацаанд тогтворжиж, магадгүй бид түүнийг үл анзаарах болно. Гол нь бид улсынхаа тэргүүнд итгэл хүлээлгэх хэрэгтэй.
-Түүний кабинетийн бүрэлдэхүүний тухайд ямар бодолтой байна вэ?
-Сайн сонголт хийсэн гэж бодож байна. Би тэдний олонхийг танина. Тиймээс Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр уулзаж ярилцах боломж олдсон. Ялангуяа ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой санал бодлоо солилцсон.
-Хиллари Клинтон Дундад Азийн талаар зөв бодлого явуулж байна уу? 
-Миний бодлоор тэр энэ тухайд сайн ажиллаж байна. Мэдээж цагаан ордны гол хүн л энэ талаарх бодлогыг чиглүүлж байгаа болов уу. Ерөнхий нарийн бичиг, Ерөнхийлөгчтэй нэгэн санаа бодолтой байх шаардлагатай байдаг юм. Хэрэв жаахан зөрчилддөг бол Ерөнхийлөгчийн хүсэл, сонирхлыг өөрийнхөөс дээгүүрт тавих ёстой. Гэхдээ би тэдний дунд зүү орох зай байхгүй гэж бодож байна.
Ерөнхийлөгч Обама Дундад Азийн талаарх хоёр намын байр суурийг мэддэг, туршлагатай нэгэн тул энэ талаарх асуудалд илүү бодитой хандаж байна.
-Та өөдрөг үзэлтэн мөн үү? 
-Мөн. Гэхдээ сүүлийн 16 жилд энэ үзэл маань улам лавшрах болсон.
-Тийм гэж үү?
-Бид улам л хөгжиж, дэвшиж байна гэдэгт би итгэдэг. Энэ тухайд огт эргэлздэггүй шүү.
-Ерөнхийлөгч нар хоорондоо хэр дотно харилцаатай байдаг вэ. Тэдний нөхөрлөл хэр дотно вэ? 
-Би маш дотно гэж дүгнэдэг. Ялангуяа таван хүнийхийг би тун нөхөрсөг гэж баттай хэлэх байна. Миний хувьд Би Жорж Буш болон Жим Бэйкэр нартай тун дотно харилцаатай.
Мөн Билл Клинтонтой ч сайхан нөхөрлөдөг. Клинтоныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед түүний зөвшөөрлөөр би Солонгос руу явж, Ким Сунтай хэлэлцээр хийж байсан юм.
-Хэдэн жилийн өмнө Таныг Гайтид айлчлал хийх үед нэг ч хүн дайраагүй гэж Колин Поуэлл хэлж байсан. Энэ ч итгэмээргүй түүх шүү. Би лав Таны оронд байсан бол тийшээ зүглэхгүй байсан. Тэнд байдал ямар байсан бэ?
-Тун аюултай байсан.
-Та Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой ямар харилцаатай байдаг вэ? 
-Бид сайхан харилцаатай байдаг. Түүний ажлаа хүлээн авахаас өмнө бид гэр бүлээрээ уулзаж, ярилцаж байсан. Тэр намайг Ерөнхийлөгч болохоос өмнө тусалж байсан юм. Би мөн л түүнийг Ерөнхийлөгч болохоос нь өмнө тус хүргэж байлаа. Түүнээс гадна бидэнд хамтдаа хийж, бүтээсэн зүйл цөөнгүй бий. Тиймээс одоо ч бид уулзаж, Хилларигийн ажлын талаар ярилцдаг.
Харин Жорж Буш бол хэн нэгний туслалцаагүйгээр, цахилгаан шатаар энэ өндөрлөгт гарсан хүн. Тиймээс бид хожим дотно танилцсан. Гэхдээ одоо ч найрсаг харилцаатай байдаг.
-Ажлаа хүлээлгэж өгөх үед Жорж Бушийн нэр хүнд тийм ч сайнгүй байсан. Харин одоо өөрчлөгдөөд байх шиг. Харин таныг ажлаа хүлээлгэж өгөх үед ард түмний 34 нь дэмжсэн хэвээр байсан гэх судалгаа байдаг. Харин CNN-ээс явуулсан судалгаагаар энэ тоо 60 хувьд хүрсэн. Та Жорж Бушт зөвлөгөө өгч байсан уу? 
-Би юун түрүүнд Америкийн ард түмэнд зөвхөн үнэнийг хэлж бай, тэгээд хэзээд ч суудлаа буцаан өгөх чадвартай бай гэж захиж байлаа. Мөн өмнөх Ерөнхийлөгч нарын нөлөөг ашиглаж, өөрийнхөө байр суурийн бэхжүүлж бай гэж хэлсэн.
Миний бодлоор тэр үүргээ онцсайн гүйцэтгэсэн. Тэр Африкт үзүүлэх тусламжийг нэмсэн. Магадгүй түүнээс өөр хэн ч энэ ажлыг ийм сайхан хийхгүй байсан. Энэ талаараа тэр бусдаас давуу юм болов уу.
Ирээдүйд түүний нэр хүнд улам өмнө гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед охин Эми тань есөн настай байсан. Охидынхоо хамт цагаан ордонд амьдарч байгаа Ерөнхийлөгч Обамад хэлэх зөвлөгөө байна уу? 
-Бид энэ талаар маш удаан ярилцсан. Роза ч хатагтай Мишель Обаматай цаг гаруй яриа өрнүүлж, зөвлөгөө өгсөн. Тэд охидоо цагаан ордонд байгаа хэрнээ Америкийн энгийн охид шиг байгаасай гэж хүсдэг. Эми цагаан ордонд ирэхдээ тэдний том охин шиг л байсан. Харин Роза бид хоёр хувийн амьдралаа бузгай сайн нууж байсан шиг байгаа юм.
Бид цагаан ордон дахь амьдрал хэрхэн өрнөдгийг урьд нь хэзээ ч, хэнд ч ярьж байгаагүй. Тэр тухай яриаг сонссон анхны хүмүүс нь Обамагийнхан. Цагаан ордон төдийгүй, Дэвидийн зусланд ч амьдрах гайхалтай сайхан шүү.
Эми цагаан ордонд байхдаа ангийнхнаа авчирч, хамт кино үздэг байлаа. Миний бодлоор хүүхдэд хамгийн ээлтэй нөхцөлтэй газар бол цагаан ордог. Тэндэхийн кинотеатрт охид хүссэн киногоо үзэх эрхтэй. Хамгийн сүүлд гарсан эсвэл хуучны ховор киног ч үзэх боломжтой. Эми ангийнхаа охидыг баасан гаригийн орой дагуулан ирж, бүхэл шөнийн турш кино үзэн, попкорн идэж, кола уун өнгөрөөдөг байсан.
Цагаан ордонд Ерөнхийлөгч асан Форд усан сан, Харри Трюмэн боулингийн талбай байгуулсныг та мэдэх байх. Одоо бол ордныг тойроод маш олон зүйл байгуулагдсан. Тиймээс Обамагийн охид тэнд жаргалтай байгаа болов уу.
-Эми одоо хэдэн настай вэ? 
-Эми 1967 онд төрсөн юм. Тэгэхээр хэд хүрч байгаа гэсэн үг вэ?
-43.
-Тийм байна. 43 хүрч байгаа юм байна шүү дээ.
-Израйлд сургууль, сүм шатсан гэж Та ярьж байсан. Харин Израйлчууд үүнийг пуужин харвасан зүг рүү бид эсэргүүцэгч тавьсан нь тэр гэж тайлбарласан байдаг. Үнэндээ тэнд яг юу болсон юм бэ?
-Би тэр талаар сайн мэдэхгүй ээ. Би тухайн үед тэнд байгаагүй юм. Зөвхөн Америкийн сургууль шатаж, тэнд байсан гуч гаруй хүүхэд үрэгдсэн гэдгийг мэдэж байна. Харин Америкчууд тэнд террористууд байгаагүй гэж баталдаг юм.
Гэхдээ одоо эргээд бодоход “Террористууд хотыг бүхэлд нь дэлбэлэх гэж төлөвлөсөн боловч 22 мянга гаруй байшинг нэг дор устгаж чадахгүй тул сургууль, сүмээс эхэлсэн. Тэр үед нь манайхан зогсоосон байх” гэж санагддаг.
-Та “Хамас” хэмээх бүлэглэл байдаг гэдэгт итгэдэг үү? 
-“Хамас”-ынхан өөрсдийн хүссэнээ хийдэг гэдэгт би итгэдэг. Гэвч би тэдэнтэй хоёр ч удаа уулзахдаа шаардлага нь тун энгийн, газын зурвасыг нээж, иргэддээ хоол хүнс чөлөөтэй авчрах боломж олгохыг л хүсдэг юм билээ.
Газын зурваст 1.5 сая хүн бий. Тэд бүгд “Хамас”-ыг дэмждэггүй гэдгийг ч би анзаарсан. Хэрэв газын зурвасын зүүн хэсгээр явбал тэдний олонх нь “Хамас”-ынхныг хүлээн зөвшөөрдөггүй болохыг түвэггүй мэдэж болно. Харин баруун хэсгийнхэн “Фата”-г эсэргүүцдэг.
Палестинуудын хувьд ч ялгаа байхгүй. Тэндэхийн хүн бүр энхтайвныг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна.
”Хамас” бүлгийнхэн ч 200 гаруй жил дайтсан Палестин Израйлийг энхийн хэлэлцээр байгуулж, найрамдахад хүрвэл эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэж байна билээ.
-Ерөнхийлөгч өө, Таны эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ? 
-Муугүй байна. Улам ч сайжрах байх гэж бодож байна. Саяхан шинэ номоо хэвлүүлсэн болохоор би ирэх дөрвөн өдөр 51 ярилцлага өгнө. Энэ дөрвөн өдрийг ажралгүй давчихвал өөрийгөө тун сайн байгаа юм байна гэж дүгнэнэ дээ.

А.Тоёода: Би жилд 200 машин сольдог


“Toyota Motor” компанийн буруугаас Америкийн нэгэн гэр бүлийн дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал саяхан гарсан. Доголдолтой машин борлуулсныхаа төлөө уучлал гуйж, тайлбар хийхээр тус компанийн захирал Акио Тоёода АНУ-д очжээ. Түүнийг конгрессийн гишүүдтэй уулсаных нь дараа Ларри Кинг нэвтрүүлгийнхээ зочноор урьсан аж. 

-Таныг англи хэлээр илтгэл тавьж байхыг чинь харсан. Өнөөдөр яагаад орчуулагчтай ирсэн юм бэ?
-Учир нь энэ бол хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олж авах хамгийн сайхан боломж. Тиймээс би энэ удаад ямар нэгэн алдаа гаргамааргүй байна. Тиймээс л би яриагаа хэлмэрчлүүлэхийг хүссэн юм.
-Бас эх хэлээ хүндэлж байгаагийн нэг шинж байх, тийм үү. Өнөөдөр таны хувьд хүнд өдөр байв уу? 
-Үнэнийг хэлэхэд тун хүнд өдөр байлаа. Конгрессийн гишүүдтэй уулзахаар багагүй бэлтгэл хийсэн боловч, өөртөө төдийлэн итгэлгүй байлаа. Харин манай түнш байгууллагууд, худалдан авагч, хувьцаа эзэмшигч, ажилчид гээд бүхий л хүн намайг дэмжсэн. Тэр нь надад багагүй түлхэц боллоо.
-Конгрессын гишүүд Танд шударга бус хандсан юм шиг санагдаж байна уу? 
-Шударга байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би анх удаа л ийм зүйлтэй нүүр тулж байна. Ямартай ч би хүмүүсийн мэдэхийг хүссэн бүх асуултад хариу өгсөн. Цаашдаа ч хүмүүс биднийг ойлготол энэ яриа, илтгэлээ үргэлжлүүлсээр байх болно.
-Энэ явдлыг өвөө тань юу гэж дүгнэх байсан бол? 
-Өвөө минь надад “Худалдан авагчдынхаа итгэлийг дахин олохыг хичээ. Хэрэв чи байгууллагаа сайн удирдаж, шаргуу ажиллавал бид хэрэглэгчдээ эргүүлж чадна” хэмээн зөвлөх байсан байх даа. Түүнийг бидэнд урам зориг хайрлах байсан гэдэгт би итгэлтэй байна.
-Та компанийнхаа нэрийн өмнөөс бүхий л автомашины жолооч нараас уучлал гуйсан. Харин Таныг үнэн сэтгэлээсээ харамсахгүй байна хэмээн конгрессын хэд хэдэн гишүүн үзэж байна. Үнэндээ Та болж өнгөрсөн бүхнийг хэрхэн  хүлээн авч байна вэ? 
-Миний нэрээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд сэтгэл дундуур байна гэдэг надад үл итгэж байгаагаас өөрцгүй. Үүнийг үгээр тайлбарлах амаргүй л дээ. Тиймээс л хүмүүс намайг дүр эсгэж байна гэж бодоод байх шиг байна. Харамсалтай нь би сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар муутай хүн юм.
-Машиных нь хурдны системийн удирдлага алдагдсанаас гэр бүлийнхээ дөрвөн гишүүнийг алдсан Сэйлорын гэр бүлийнхнээс онцолж уучлал гуйсныг тань мэднэ. Тэд биднийг зурагтаар үзэж байгаа. Хамгийн дотно хүмүүсээ алдсан тэдэнд хандаж нэмж хэлэх зүйл бий юү?
-“Toyota”-гийн бүтээгдэхүүнээс болж гэр бүлийнхээ гишүүдийг алдсан тэдэнд хандаж, чи сэтгэлийн угаас эмгэнэж байгаагаа дахин илэрхийлье. Би тэдний төлөө өдөр бүр залбирах болно.
-Яг үнэндээ энэ бүхэнд хэн буруутай юм бэ. Инженерүүд үү? 
-Бид илүү сайн машин, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгодог. Та яг хэн, хаана, хэрхэн алдаа гаргасныг мэдэхийг хүсээд байх шиг байна. Манай үйлдвэрүүд энд тэндгүй бий. Бид хэрэглэгчдэд зориулан 70 жилийн турш чанартай тээврийн хэрэгсэл бүтээсэн.
Бизнесийн хөгжил хурдасч, өргөжихийн хэрээр манай салбарт боловсон хүчний хомсдол бий болж байна. Энэ бол алдаа гарахад нөлөөлсөн эхний хүчин зүйл.
Хоёрт гэвэл “Toyota” бол үйлдвэр. Харамсалтай нь зарим хүн биднийг мөнгө үйлдвэрлэгч хэмээн дүгнэдэг юм. Манай байгууллагат энэ осол гаргахад хүргэсэн хүчин зүйл, эсвэл хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй.
Би өнгөрсөн жилийн долдугаар сард ажлаа хүлээн авсныхаа дараа ажилчдадаа “Бид хэрэглэгчид таашаахуйц, илүү сайн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх ёстой” хэмээн уриалсан.
Үүнийгээ ч бид биелүүлсэн. Бид яг хаана алдсанаа мэдэхийг үнэхээр их хүсэж байна.
-Танай компани найм гаруй сая машинаа эргүүлэн татсан. Харин аль хэдийнэ борлогдчихсон машинаа хэрхэх вэ?
-Юуны өмнө хэрэглэгчдэдээ “Toyota”-ийн бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг сануулмаар байна. Ослын шалтгаан нь цахилгаан хуваарилагчийн доголдол байсныг манай инженерүүд тогтоосон. Тэд энэ асуудлыг шийдэхээр шаргуу ажиллаж байгаа гэдгийг америкчуудад дуулгамаар байна. Бид алдаагаа засахаар амрах ч завгүй зүтгэж байгаа.
Машины эвдрэл хэрэглэгчийн хэрхэн машин жолооддог онцлогоос хамаардаг болохыг бид тогтоосон. Тиймээс хойшид хэрэглэгдээсээ санал авч, загваруудаа сайжруулж байхаар болсон. Үүнд л анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна.
-Маргааш машин худалдан авах гэж байгаа хэрэглэгчдэд Та “Toyota”-ийн бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэдгийг  итгэлтэйгээр хэлж чадах уу? 
-Чадна. Би дээр энэ тухай ярьсан. Бид хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд борлуулагч болон хэрэглэгчидтэй илүү нягт холбоотой ажиллахыг зорьж байна.
-Эргүүлэн татаагүй машин худалдаалагдаж байвал аюулгүй гэж ойлгож болох уу? 
-Доголдолтой үйлдвэрлэгдсэн байж болзошгүй бүхий л тээврийн хэрэгслийн тоормосны төхөөрөмжийг шинээр суурилуулсан. Би инженер биш л дээ. Гэхдээ инженерүүддээ хэрэглэгчдийн тав тух, аулгүй байдлын хангасан шинэ төхөөрөмж суулгахыг сануулсан.
-Та инженерүүдээ хэрхэн шийтгэсэн бэ? 
-Би хэнийг ч шийтгээгүй. Би чинь удирдах зөвлөлийн дарга хүн. Тиймээс хариуцлагыг өөрөө үүрэх ёстой.
-“Toyota” компани хохирогчдын эмнэлгийн болон оршуулгын зардал гэх мэтийг гаргах уу? 
-Бид хуулийн дагуу шийдвэр гарсны дараа энэ асуудлыг шийдэхээр төлөвлөж байна.
-Япончууд “Таныг болсон явдалд дүгнэлт хийхгүйгээр үл барам дараагийн алхмуудаа хийхдээ хэт хойрго хандаж байна” гэж шүүмжилж байгаа. Үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ? 
-Би одоо ч өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийсээр сууна. Бид үүнээс илүү шуурхай ажиллах ёстой гэдгээ мэдэж байгаа. Харамсалтай нь тэгэх боломж хомс байна. Намайг энэ компанийг удирдах болсноос хойш дэлхий даяар олон арван салбар нээгдсэн. Тиймээс тэр бүх салбарт очиж, орон нутгийн иргэд, худалдан авагчдаас биечлэн уучлал гуйна гэдэг тун амаргүй байна. Энэ нь зарим хэрэглэгчдэд хүндэтгэлтэй хандаагүй мэт санагдаж, бухимдуулж байгаа болов уу. Үүнийхээ төлөө хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.
-Энэ явдлын дараа “Toyota” компани дахин хөл дээрээ босох болов уу? 
-Чадна. Одоо бол манай ажилчид нэгэн зорилгоор баг болон хамтран ажиллаж байгаа. Бид хэрэглэгчдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, байгууллагаа дахин хүчирхэг болгохын төлөө мэрийж байна.
Бидний гол зорилго бол хэрэглэгчдийн таашаалд нийцсэн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Цаашдаа бид хэрэглэгчидтэйгээ хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг тэдэнтэй зөвлөн, ярилцсаны үндсэн дээр сайжруулах тул худалдан авагчид манай машиныг сонгох байх. Эцэст нь хэлэхэд бид маш шургуу ажиллаж байгаагаа онцолмоор байна.
-Таны бодлоор энэ явдалд Япончуудын онцлог нөлөөлсөн үү? 
-Япончуудын онцлог оо? Үгүй дээ. Бид энэ явдлаас их зүйлийг суралцлаа. Бидэнд өнгөрснөө эргэн харж, өөрсдийгөө дүгнэх боломж олгосон. Бид хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүхэнд япон хүний онцлог ямар ч хамаагүй гэж бодож байна.
-Таныг тун бүрэг хүн гэдгийг олонх хүн мэднэ. Манай нэвтрүүлэгт оролцох амаргүй байв уу? 
-Үнэнийг хэлэхэд Ларри, “Toyota”-г төлөөлж үг хэлэх ёстой хүн болохоор танай нэвтрүүлэгт оролцлоо. Би тээврийн хэрэгсэл, машин бүрийг өөрийн гэсэн онцлог, шинжтэй гэж үздэг. Тиймээс би цаашдаа аль ч улс гүрний хэрэглэгчдийн зөвлөгөөг сонсож, түүнийг ажил хэрэг болгодог зарчмыг баримтлах бодолтой байна.
-Та ямар загварын машин унадаг вэ? 
-Тэр гэж тодорхой хэлэх аргагүй. Би дунджаар жилд 200 загварын машин сольдог. Тиймээс энэ асуултад тодорхой хариулах боломжгүй байна. Би машины хорхойтон байгаа юм.