Sunday, March 27, 2011

Мэтт Дэймон: Уруудаж доройтох зам их олон


Холливудын жүжигчдээс хамгийн нууцлаг нь Мэтт Дэймон. Та түүний ярилцлагыг нэр хүндтэй сэтгүүлүүдээс ч олж харахгүй л болов уу. “Оскар”-ын шагнал хүртэж, “People” сэтгүүлийнхний гаргасан санал асуулгаар хамгийн дур булаам эрчүүдийн нэгт тооцогдож байсан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ.
-Холливудын хамгийн нууцлаг хүн бол Мэтт Дэмон. Гэхдээ тэр өнөөдөр илэн далангуй ярилцана гэдгээ амласан. Таныг улс төрийн тухай ярилцах дуртай гэж сонссон. Тиймээс энэ сэдвээр яриагаа эхэлье гэж бодлоо. Ерөнхийлөгч орон нутгийн байдалтай танилцаж байгаа нь танд ямар санагдаж байна вэ. Та түүнийг дэмждэг үү? -Үгүй ээ.
-Үгүй гэнэ ээ? -Тэр өөрийн бүрэн эрхийн тухай ташаа ойлголттой явдаг юм шиг санагддаг. Тэр маш олон зүйлийн хөгжлийг хойш нь татсан шүү дээ. Зөвхөн боловсролын салбарт гаргасан шийдвэрийг нь харахад л энэ бүхэн ойлгомжтой. Боловсролын тогтолцооны гажигаас болоод бид хүүхдүүдийг туршилтын туулай болгож, бодох, төсөөлөх чадварыг нь механикаар суулгаж байна. Тэгэхээр бид тэдэнд аливааг зааж сурган хүмүүжүүлэх биш, сургуультай амьтан шиг болгож бэлтгээд байна гэсэн үг.
-Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралд хамги йн их өртсөн хүмүүс нь америкчууд. Хэдийнэ хямралын ард гарчихсан ч банкнийхан биднийг хүнд байдлаас өндийлгөхийг хүсэхгүй байна. Учир нь энэ бүхний үр дагавар нь тэдэнд ашигтай байх шиг. -Яг үнэн.
-Та Америк ирээдүйд сайхан болно гэдэгт итгэлгүй байх шиг. -Угтаа би их өөдрөг хүн. Харин оросууд “Урт насалж чадаагүй гутранги үзэлтэн дараа төрөлдөө өөдрөг нэгэн болж төрдөг” гэдэг юм билээ. Тийм ээ, миний урам бага зэрэг хугарч л байна. Уг нь эх орныхоо ирээдүйн тухай би их сайхан төсөөлөлтэй байсан.
-Та нэгэнтээ сенаторын дүрд тоглож байсан. Хойшдоо улс төрд хүч сорих бодол бий юү? -Үгүй дээ. Тэр тухай огт бодож байсангүй.
-Яагаад? -Би улс төр сонирхлыг минь үнэхээр их татдаг. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай байх ёстой гэж үзэгчдийн нэг нь би. Тиймээс бүх хүний, тэр дундаа надаас санал зөрж байгаа хүмүүсийн үзэл бодол миний анхаарлыг эрхгүй татдаг. Бусадтай үзэл бодлынхоо тухай яриа өрнүүлэхэд их зүйлийг сурч авдаг юм. Хэдийгээр би сав л хийвэл улс төрийн тухай ярианы сэдвээ хазайлгачихдаг ч улс төрч болохыг хүсэгчдийн нэг биш. Учир нь би өөрийн ажилдаа хамгаас илүү дуртай.
-“Хянах хороо” хэмээх таны шинэ бүтээлд гардаг шиг охидынхоо хувийн асуудалд хөндлөнгөөс оролцож болдог байсан бол та түүнийгээ ашиглах уу? -Энэ хорвоо дээр хайр сэтгэлийн асуудлыг хянаж, хөндлөнгөөс шийдвэр гаргаж болдоггүй юм. Дөрвөн охинтой байна гэдэг сайхан, бас хөгжилтэй шүү. Тэднийхээ энэ ертөнцтэй хэрхэн танилцаж буйг нь харах сайхан байдаг юм.
-Таныг кино ертөнцөд хөл тавиад удаагүй байхад Жорж Клуни зөвлөгөө өгч байсан гэсэн. Харин түүнд амжилтад хүрэхэд тус болох эл нууцыг Пол Ньюмэн хэлсэн гэдэг. -Тийм ээ.
-Тэр чухам юу гэж хэлсэн юм бэ? -Түүнтэй танилцсан өдөр л надад бүхнийг дотроо нуух хэрэггүй гэж зөвлөж байсан.Тэр нь маш үнэтэй зөвлөгөө байсан шүү.
-Кино урлагт хүч сорих болсноос хойш өнөөг хүртэл явсан замаа харахад “Би үүний төлөө л амьдарсан юм байна” гэж хэлмээр санагдах үе гардаг уу? -Ажлын тухайд уу? Тийм шүү. Би энэ салбарт л зүтгэх ёстой байсан гэсэн бодол надаас огт салдаггүй. “Good Will Hunting” кинонд тоглохын өмнөхөн хэн нэгэн надад “Чи амжилтад хүрнэ ээ. Алдартай нэгэн болно гэдгийг чинь би сайн мэдэж байна” гэж билээ. Гэхдээ би кино урлагт хайртай учир л өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэж боддог. Би хэдхэн сарын өмнө 40 нас хүрсэн. Төрсөн өдрийн баяраа тэмдэглэн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө оройн хоол идэж байхдаа “Дэлхий дээрх хамгийн азтай хүн нь би байх” гэж хэлсэн.
-Та яагаад тэгж боддог юм бэ? -Би гайхалтай сайн эхнэртэй, бас сайхан гэр бүлтэй, хамгийн хөөрхөн хүүхдүүдтэй. Бас дуртай ажлаа хийж байна. Хамт ажилладаг хүмүүс минь ч надад урам, сэтгэлийн дэм өгдөг. Тиймээс одоо зөвхөн өөрийн эрүүл мэнддээ анхаарч, энэ сайхан жаргалыг илүү урт удаан амтлахыг хүсэж байна.
-Жүжигчин Чарли Шиний тухай сонсоод цочирдов уу? -Тэгэлгүй яах вэ. Ямар ч үед бусдын төлөө цаг зав гаргах хэрэгтэй гэж би боддог. Хүнд зовох цаг ямар ч үед гарч болно шүү дээ. Амжилтад хүрэх, сайн сайханд хүрэх хэцүү байдаг бол уруудаж, доройтох зам маш олон. Тэдний нэг нь ч сайн сайхнаар төгсдөггүй нь бүр ч харамсалтай.
-Охидын чинь нэг нь жүжигчин болохыг хүсвэл та дэмжих үү? -Үгүй дээ. Аав, ээж хоёр минь намайг урлагийн хүн болно гэж зүтгэхэд дэмжээгүй. Гэхдээ бас хориогүй. Харин 16 насандаа бие дааж амьдрал зохионо гэхэд л дургүйцсэн. Гэсэн ч би өөрийнхөөрөө зүтгэсээр Нью-Йорк хотноо ирж, жижиг театруудад ажилладаг байлаа.
Гэхдээ тэр үеэ эргээд бодохоор жижигхэн биедээ баймгүй их зориг гаргаж, өсвөр насны хүүхэд атал том хүний амьдралаар амьдарч байж дээ гэж бодогддог. Би 16 настай харин Бен Аффлек 14 настай байсан юм. Бид хоёр Нью-Йорк руу явах автобусанд сууж, орон нутгаар аялан тоглох бүрэлдэхүүнд орж, туслахаас жүжигчин хүртэл ажилладаг байлаа.
Тиймээс охидодоо “Шийдвэр гаргах гэж яарсаны хэрэггүй. Өсвөр нас гэдэг найз нөхөдтэйгө уулзаж, хөгжилдөх үе юм. Мэргэжилт гэдэг тороор өөрийгөө хорих хэрэггүй” гэж зөвлөнө дөө.
-Таныг супер оддоос хамгийн энгийн нь гэж хүмүүс ярьдаг. -Супер од оо? Намайг тэгж хэлсэн тань их инээдтэй сонсогдож байна.
-Утгагүй санагдаж байна гэж үү? -Миний хувьд бол утгагүй сонсогдож байна.
-Учир нь та бол Мэтт Дэймон. Бусдын л адил жирийн хүн гэж үү? -Тийм ээ.
-Та яаж ийм энгийн байдаг юм бэ? -Энэ асуултад Жорж Клуни их сайхан хариулт өгч байсныг санаж байна. Бид “Oceans” киноны тухай ярилцлага өгч байсан юм л даа. Харин тэр сэтгүүлчийн “Та хэрхэн энгийн байдаг юм бэ?” гэсэн асулутад “Би бусад хүмүүсийн хийдгийг л хийдэг” гэж хариулж б юм.
-Холливудынхны гэрлэлт тийм ч амжилттай байдаггүй. Харин та хэрхэн гэр бүлээ ийм сайхан авч явж байна аа? -Бид Холливудад амьдардаггүй шүү дээ. Бид Нью-Йоркт байдаг. (инээв) Энэ хэтэрхий хувийнэ чанартай асуулт байх шиг байна. Тэгээд ч хүмүүс гэртээ сайхан амарч байхад нь би гэр бүлийн зөвлөгөө өгч тухыг нь алдагдуулмааргүй байна. Би бүхнийг эхнэрийнхээ төлөө л зориулдаг. Нууц нь ердөө л тэр.
-Та хэр сайн хамтран амьдрагч вэ? -Би өөрийгөө сайн хань гэж бодохгүй байна шүү. Би тун яхир хүн.
-Тэгэхээр та их олон дүрэм журам баримтлагч уу? -Тийм ээ.
-Тэгсэн атал та эхнэрээсээ холддоггүй, өөр хотод зураг авахуулж байхдаа хамт явдаг гэсэн. -Тийм ээ. Бид удаан хугацаагаар тусдаа байж үзээгүй. Хамгийн ихдээ хагас сар болж байсан байх. Би хүүхдүүдээсээ хол байхыг хүсдэггүй.

Эрсдлээс эмээдэггүй уран бүтээлчид

Хязгаарлагдмал ертөнцийн “Хязгааргүй” сэтгэл

Тайзнаас томоос том толгой дүнсийнэ. Тархины нугалаа бүр нь тов тодхон харагдаж, шанааны яс нь төвийн, нүдний ухархай нь хонхойх үнсэн саарал өнгөтэй өвөрмөц хачин толгой. Бас болоогүй түүнийг шувууны үүр мэт торонд хорьчихож. Ер бусын энэ ертөнцийг УДЭТ-ын тайзнаа “Гэгээн Муза” наадмын Хөгжимт драмын төрөлд нэр дэвшсэн “Хязгааргүй” жүжгийн хамт олон бүтээжээ.
Тайз засал, өгүүлэх санаа, агуулга үйл явдлын хувьд төдийгүй үзэгчдийн хүртээл болж байгаагүй гэдгээрээ Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт жүжгийн театрынхны бүтээсэн “Хязгааргүй” жүжиг наадамд нэр дэвшсэн бүхий л жүжгээс онцлог.
“Учиртай гурван толгой”, “Жаахан шарга”, “Цагаан гарьдын цадиг” гээд хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдөж буй бүтээлүүд ихэвчлэн үндэсний хэв шинжтэйн дээр, үзэгчдийн сайн мэдэх домог, зохиолоос сэдэвлэсэн бол “Хязгааргүй” жүжиг хэний ч мэдэхгүй хийсвэр ертөнцөд, ямар үндэстний дунд, хэзээ болоод байгаа нь тодорхойгүй үйл явдлыг харуулжээ.
Найруулагч Ч.Ганхуяг зохиолыг нь бичиж, хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр хөгжмийг нь бичсэн эл бүтээл дуулалт жүжиг, тэр дундаа моно мюзикл хэлбэрээр тавигдаж буйгаараа Монголдоо анхдагч. Жүжгийн зохиол ердөө хоёр дүртэйн зэрэгцээ дуунууд нь хоёр октав болон түүнэсэ дээш терц бүхий өргөн үелзэлтэй тул жүжигчдээс хоолойн цараа шаарддаг, мэргэжлийн дуучдын ур чадварыг сорихуйц гэдгээрээ ч наадам нэр дэвшиж буй бусад хөгжмийн жүжгүүдээс ялгаатай.
Харин үйл явдал нь үзэшгүй муухай царайтайгаасаа болоод адлагдаж, гадуурхагдсан харанхуйн эзний дотоод ертөнцийн гэрэл гэгээг багаас ээнэгшин дассан бүсгүй нь олж харж буйгаар өрнөдөг. Нэг талаараа эл жүжиг хийсвэр ертөнцийн баатруудын хайр дурлалыг өгүүлэх мэт боловч угтаа өнгө, мөнгөөр хүнийг хэмжиж, дотоод ертөнцийг гоо сайхныг үл хайхрах болсон өнөө цагийн хүмүүсийн дүр төрхийг шүүмжилж, хүний дотоод сэтгэл гадаад үзэмжээс үл хамааран хязгаар үгүй уудам, гэрэл гэгээтэй өнгөлөг болохыг харуулжээ. Харин найруулагч Ч.Ганхуяг уран бүтээлийнхээ онцлогийг хэрхэн тайлбарласныг сонирхуулъя.

-Мюзикл мэргэжлийн түвшинд ямар байх ёстойг энэ бүтээлээрээ харуулахыг зорьсон. Манайхан хэдэн эвлүүлж дуулчихаад түүнийгээ мюзикл гэх гээд байх юм. Гэтэл энэ чинь бүхэл бүтэн хөгжмийн төрөлд багтдаг, нэг ёсондоо бие даасан хөгжмийн бүтээл юм. Нөгөөтэйгүүр дуучдын ур чадварыг сорихуйц жүжиг гэж хэлж болно. Учир нь хоёр октав терц бүхий өргөн үелзэлтэй дуунуудыг дуулж, дуулахын зэрэгцээ тайзнаас буулгүйгээр цаг гучин минутын турш тоглодог. Тиймээс уран бүтээлчээс багагүй ур чадвар, хоолойн цараа шаардана.
-Орон нутгийн уран бүтээлчид бүгд үндэсний хэв шинжтэй уран бүтээл сонгосон байх юм. Танайх яагаад сэтгэхүйн жүжгээр оролцсон юм бэ?
-Нэг талаар тухайн театрын жүжиг уран бүтээлчдийнхээ онцлог, хүсэл тэмүүллийн илэрхийлэл байдаг. Гэтэл би эрсдэлд дуртай хүн шиг байгаа юм. Үзэгчдэд өмнө нь үзэж байгаагүй шинэ төрлийн уран бүтээл хүргэхийг илүүд үздэг. Мэдээж үндэсний хэв шинж бүхий жүжгүүд байх нь зүйтэй л дээ. Гэхдээ бүгд л нэгэн хэв маягтай жүжиг тавиад байвал уйтгартай биз дээ. Хүн өдөр болгон ногоотой шөл идээд байвал залхана. Түүнтэй л ижил. Би бусдаас арай өөр байхыг хүссэн юм.
-Жүжгээ яагаад “Хязгааргүй” гэж нэрлэсэн юм бэ?
-Жүжиг маань хайр сэтгэлийн сэдэвтэй. Тэр дундаа сэтгэлийн хязгааргүй өгүүлдэг. Тиймээс л “Хязгааргүй” хэмээн нэрлэсэн.

Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг зураач гээд бүхий л төрөлд нэр дэвшиж буй уг жүжиг, өчигдөр эцсийн хувилбараар бэлэн болж, анхны үзэгч нь “Гэгээн Муза” наадмын шүүгчид болсон. Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт жүжгийн театрын хамт олон шинэхэн уран бүтээлээ ирэх тавдугаар сард нийслэлийн үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ. Жүжгийн зураачаар Д.Ариунболд ажиллаж, гол дүрд тус театрын жүжигчин П.Бат-Ундрах, Д.Отгонжаргал нар тогложээ.


“Драмын наадамд нэр дэвшсэн анхны дуучин”


СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн атал драмын оны шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж буй анхны уран бүтээлч нь П.Бат-Ундрах. Тэрбээр “Хязгааргүй” мюзиклийн гол дүрд тогложээ.

-“Хязгааргүй” жүжигт ямар дүрд тоглосон бэ?
-Харанхуйн эзэн гэх үзэшгүй муухай царайтай, түүнээс болоод нийгмээс гадуурхагдсан, ганцаардсан нэгний дүрд тоглосон. Хүмүүс түүнийг зөвхөн гадаад байдлаар нь үнэлж, “муу хүн” гэсэн дүгнэлт гаргачихсан байдаг. Гэтэл үнэндээ тэр харанхуйн эзний зүрх сэтгэлд ямар сайн сайхан нуугдаж байгааг багаас нөхөрлөсөн бүсгүй нь олж хардаг.
-Дуучин хүн драмын жүжигт тоглоход хэр хэцүү байв?
-Мэдээж амар байгаагүй. Дуулахын зэрэгцээ жүжиглэж, зарим үзэгдэлд бүжиглэдэг болохоор надаас маш их хүч хөдөлмөр шаардсан. Дүрийнхээ мөн чанарыг бүрэн гүйцэт гаргахын тулд жил гаруй судалж, эрэл хайгуул хийсэн. Зохиолч маань миний дүрээр нийгэмд гадуурхагдсан тэр хэсгийг харуулах гэж зорьсон болов уу. Тиймээс дуугаа сурахын зэрэгцээ гудамжинд явахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүмүүс хэрхэн хандаж байна, эсвэл тэнэмэл хүмүүсийн хажуугаар зөрөхдөө ямар хандлага гаргаж байгааг нь ажигладаг байлаа. Дуучны мэргэжлээр суралцсан тул жүжиглэлтийн тухай мэдлэг хомс. Тиймээс сурч судлах зүйл их байсан. Эцэст нь “Гэгээн Муза” наадамд дуучин хүн атал нэр дэвшиж байгаадаа их баяртай байна.

Багачууд сонголт “Миний чин зоригт бяцхан найз”

Ойд маргаан дэгдэж, олон амьтад цуглажээ. Тайга хөвчийнхөн талцаж, таагүй үгс “шидэлцэв”. Зохиолч Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз” жүжиг “Гэгээн Муза” наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшиж буй. Драмын оны шилдэг бүтээлүүдийг тодруулдаг наадамд оролцож буй жүжгүүдээс бага насныханд зориулсан цорын ганц жүжиг нь “Монгол туургатан” театрынх. Социализмын үед бяцхан үзэгчдийн хүртээл болсон ч үзэл суртлын шалгуурт нийцээгүйгээс нэгэн үе хориотой байсан уг жүжгийг Архангай аймгийн уран бүтээлчид ч тоглож байсан удаатай аж. Харин өнгөрсөн оноос орчин үеийн хэв шинжид нийцүүлэн шинэчлэн найруулсан жүжиг Төв аймагт нээлтээ хийж, энэ сарын 17-ноос Нийслэлийн хүүхэд, залуучуудын ордонд тавигджээ. Найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг ажиллаж, Төв аймгийн хөгжим жүжгийн театрын залуу уран бүтээлчид тоглосон жүжиг зургаан төрөлд нэр дэвшиж байгаа. Тус жүжгийн тухай найруулагч Ч.Ганхуягаас тодрууллаа.

-“Миний чин зоригт бяцхан найз” жүжгийг шинэчлэн найруулж тавихдаа юуг өөрчилсөн бэ?
-Ялагдлаа хүлээж чадна гэдэг гайхамшигтай чанар. Ялагдлаа ухаарч эв найрамдалтайгаар амьдарна гэдэг чухал зүйл юм гэдгийг илүү тод харуулахыг хичээсэн. Үүгээрээ өмнө тавьж байсан жүжгээс ялгаатай болов уу.
-Үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Сүүлийн үед манайд цэцэрлэгийн насныханд зориулсан тайз дэлгэцийн уран бүтээл ховордсон. Тиймээс ч энэ жүжгийг сонгож найруулан тавьсан юм. Хүүхэд багачуудад ийм жүжиг үгүйлэгдэж байсан нь илт харагдсан. Бяцхан үзэгчид үзэхээсээ илүүтэй жүжигчидтэй хамт тоглочихдог. Дүрүүдтэй хамт инээж, уурлахад нь хамт уурлаад л сэтгэл хангалуун хүлээж авах шиг болсон.
-Бага насныханд зориулсан жүжгийн дүрүүд нь ихэвчлэн ойн амьтад байх юм.
-Тийм ээ. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйн онцлогтой шууд холбоотой. Хүүхэд зураг зурахдаа хүртэл амьтан зурах дуртай байдаг. Хэзээ ч харж байгаа сармагчин, чоно тэдэнд соньхон санагддаг учир тэр. Тиймээс анхаарлыг нь татаж, дүрүүдээрээ дамжуулан утга санаагаа ойлгуулахын тулд зохиолчид жүжгийнхээ дүрээр ихэвчлэн амьтад сонгож авдаг.

Thursday, March 24, 2011

Тоорой Бандийн хүлэг “Жаахан шарга”

Соёл урлагийн ариун сүм хэмээн үе үеийн жүжигчдийн нэрийддэг УДЭТ-ын үүдийг татвал хөл хөдөлгөөн ихтэй. Хоёр, гуравдугаар давхрын өрөөний үүд байн байн нээгдэж, тайз дэлгэцээр дамжуулан бидэнтэй хэдийнэ танил болсон жүжигчид орж, гарна. Тайз ч бас зав чөлөөгүй. Үзвэрийн улирлын нээлтийг хийж байсан “Атга нөж”, “Тамгагүй төр” зэрэг түүхэн жүжгүүд тавьсанаас хойш үндэсний хувцастай баатрууд ховорхон гарсан тайзан дээр дарьганга ястны дээл хувцастай хүмүүс нааш цааш хөвөрнө. Энэ сарын 27-нд болох “Гэгээн муза” наадамд Сүхбаатар аймгийн уран бүтээлчид анх удаа оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа нь энэ аж.

Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа
Жаахан түүний аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа да
Хонгорын ширээ дамжлаа да
Хоноголсонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай … Ардын амрагийн уянгат уртын дуу болох “Жаахан шарга”-аар нэрийдсэн Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрынхан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нийслэл хотноо хүрэлцэн иржээ. Тэд эхний шалгаруулалтад домгоос сэдэвлэсэн “Жаахан шарга” хөгжимт жүжгээ найман төрөлд сойж, эцсийн шалгаруулалтад шилдэг хөгжимт жүжиг, шилдэг эрэгтэй болон эмэгтэй гол дүр, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч гэсэн зургаан төрөлд тунаж үлдээд байгаа гэнэ.
Домогт багаас ижилдэн дассан амраг сэтгэлт бүсгүй нь хошуу ноёнд богтлогдоход умзад лам болон хийдэд шавилан сууж байсан Инжноров хайр сэтгэлдээ хөтлөгдөн, амьдралаа зохиож буй түүхийг өгүүлдэг. Зохиолч Ж.Доржгочоо ч домгийн эл үндсэн санааг баримтлан бичсэний дээр судлаачдийн таамаглаж буйгаар жаахан шарга Тоорой Бандийн эдэлж байсан морь болохыг тод томруун тусгаснаараа онцлог.
“Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж буй “Жаахан шарга” жүжгийн тухай ярилцахаар тус аймгийн хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч Л.Гомбосүрэнтэй уулзлаа.

-Яагаад заавал “Жаахан шарга” жүжгээр оролцохоор шийдсэн юм бэ?
-Уг жүжиг Сүхбаатар аймгийн байгалийн тогтоц төдийгүй дарьганга ястны зан араншин, ёс заншил, эдэлж хэрэглэдэг зүйлс гээд манай аймгийн бүхий л онцлогийг цогцоор нь харуулдаг. Түүнчлэн дарьгангачуудыг дуу хуураараа алдартай хэмээдэг. Академич Х.Цэрэнсодном гуай ч энэ талаар өгүүлсэн байдаг шүү дээ. Тиймээс “Жаахан шарга” хөгжимт жүжгийг сонгосон.
-Жүжиг домог болон уртын дууны агуулгатай адилхан уу?
-Ерөнхийдөө адилхан. “Жаахан шарга”-ын домог бодит түүхээс үүдэлтэй. Түүнчлэн судлаачдын үзэж буйгаар гол дүрийн Инжноров сэтгэлт бүсгүйгээ оргуулахаар ганц морьтой явж байгаад Тоорой Бандитай таарсан байдаг. Тэд Бударын чулуу гэх газар уулзахад Тоорой Банди “Ийм чухал хэргийг ганц морьтой амжуулж чадахгүй. Би чамд биеэр тус хүргэе гэвч өвчтэй ээж минь намайг хүлээж буй. Тиймээс жаахан шарга морио өгье. Муу хүнээс илүү хань болох вий” гээд морио өгчихөөд, эмээлээ үүрэн манх руу алхаад явчихсан гэдэг. Энэ үйл явдлыг жүжигтээ тодорхой өгүүлсэн байгаа. Гэхдээ нэрийг нь Хэцийн Гомбо гэж өөрчилсөн.
-“Жаахан шарга” жүжгийн хөгжим ямар онцлогтой вэ?
-Манай жүжгийн дууны хөгжмийн зохиолыг гавьяат жүжигчин Б.Доржсүрэн бичсэн. Жүжигчдийн үйл хөдлөл, үгээр илэрхийлж боломгүй санааг аялгуугаар илэрхийлсэн тул жүжгийн хөгжмийг их сайн болсон гэж би боддог. Тиймээс ч “Гэгээн Муза” наадмын хөгжмийн зохиолч төрөлд нэр дэвшсэн болов уу.

Wednesday, March 23, 2011

Поператай нас чацуу “Нюанс”

Одоогоос яг арван жилийн өмнө буюу 2001 оны наймдугаар сарын 9-нд Лондон хотын Хипподром театрт “Милан” нэртэй охидын хамтлаг сонгодог урлагийн орчин үеийн хөгжимтэй хослуулсан шинэлэг бөгөөд тоглолт толилуулж, түүнийг нь тус театрын менежер Скотт Полл Йон “попера” хэмээн тайлбарласан нь хамгийн оновчтой нэршил болсон хэмээн урлагийн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг. Энэ бол попера гэх үгийг хамгийн анх хэрэглэсэн тохиолдол. Харин үүнээс хэдэн сарын дараа Монголын ДБЭТ-ын дөрвөн залуу сонгодог урлагийг нийтэд дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор хамтлаг байгуулсан нь попераг Монголд дэлгэрүүлсэн “Нюанс”. Тэдний араас “Классик жем”, “Voice” гэх хамтлагууд төрөн гарч, өнөөдөр монголын сонсогчид хамгийн залуу хөгжмийн урсгал хэмээгддэг попера, рок операгийн тухай хангалттай мэдлэгтэй болоод буй.
Жил бүрийн гуравдугаар сард тоглолт хийдэг уламжлалтай “Нюанс” хамтлагийнхан энэ удаад ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Олон улсын театрын баярт бэлэг барих гэж байгаа. Энэ сарын 23, 24-нд “Мелоди” тоглолтоо хийж, ирэх арваннэгдүгээр сард 10 жилийн ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэх гэж буй тус хамтлагийн дуучин М.Амарсанаа, М.Боргилчулуун нартай ярилцлаа.

-Арван жилийн өмнөх попера урсгалын хөгжил болон түүнд хандах үзэгч, сонсогчдын хандлага одоо багагүй өөрчлөгдсөн байх.
М.Боргилчулуун: Үнэндээ попера хамгийн залуу хөгжмийн урсгалуудын нэг. “Aмерикийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгч Саймон Коуэл попера урсгалыг хүчээ авч, дэлхий нийтийн сонсох дуртай хөгжмийн урсгалуудын нэг болоход багагүй нөлөөлсөн. Түүний продюссерээр нь ажиллаж байсан “Ил Диво” хамтлаг попера урсгалыг үндэслэсэн хэмээн олонх судлаачид дүгнэдэг. Тэр нь ердөө л арав гаруй жилийн өмнө болсон явдал. Тиймээс бид дөрөв ч эхэндээ попера урсгалын тухай төдийлэн мэддэггүй байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүмүүс ахуйн хэрэглээндээ илүү анхаарч, урлаг тэр дундаа сонгодог урлаг орхигдох болсон учир нийтэд сонгодог урлагийг дэлгэрүүлэх гэсэндээ орчин үеийн хөгжимтэй хослуулах санаа төрж, хамтлаг байгуулсан хэрэг. Хэдийгээр бид тухайн үед попера урсгалын талаар төдийлэн мэддэггүй байсан ч угтаа зорилго нь адилхан байсан хэрэг.
Тэр үетэй харьцуулахад одоо бол сонсогчид аль ч төрлийн урлагийг сонсдог, сонирхдог болсон байна. Зөвхөн сонсоод зогсохгүй мэдээлэл нээлттэй, хүлээж авах суваг нь олширсон өнөө цагт урлагийн тухай мэдлэг нь ч өргөжиж. Саяхныг хүртэл сонсогчид томоохон урлаг судлаачдын үгээр л үнэлэлт дүгнэлт өгдөг байсан бол одоо ямар ч сонсогч аль нь чадвартай, сайн уран бүтээл хийж, аль нь хүний нүд хуурч байгааг ялгаж салгаж чаддаг болсон байна. Энэ бол их том өөрчлөлт.
-Танай хамтлаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэдэн цомог гаргаж, тоглолт хийсэн бэ?
М.Боргилчулуун: Хамгийн анхны тоглолтоо гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр болон Л.Чаминчулуун багштайгаа хамтран “Голомт хурайлсан тэнгэрлэг аялгуу” нэртэйгээр хийж байсан. Түүнээс хойш дөрвөн удаа бие даасан тоглолт хийсэн. Энэ сарын 23, 24-нд хоёр дахь хамтарсан тоглолтоо тавих гэж байна. Цомгийн хувьд дөрвөн цомог гаргаснаас хоёр нь монгол, хоёр нь гадаад дууных.
М.Амарсанаа: Арван жил уран бүтээл туурвисан хамтлагуудтай харьцуулахад манайх харьцангуй цөөн тоглолт хийж, хэдхэн цомог гаргасан байх. Гэхдээ бид ганц хит уран бүтээлээ туурвичихаад тоглолт тавьж ашиг олохыг урьтал болгоогүй. Хамтлаг байгуулагдсанаас хойш таван жилийн дараа бид анхны бие даасан тоглолтоо хийж байсан.
-Арван жилийн өмнөхтэй харьцуулахад “Нюанс”-ынхан зорьж байсан зорилгодоо хүрсэн байх. Цаашдаа ямар зорилт тавьж байна вэ?
М.Амарсанаа: Урлагийн хийж бүтээсэндээ ханадаггүй. Ер нь урлагт хүч хөдөлмөрөө зориулж буй ямар ч хүн насан туршдаа суралцсаар байгаад таардаг. Бид ч бас суралцсаар л байна. Тиймээс зорилгодоо бүрэн хүрчихсэн гэж хэлж болохгүй. Хүний насаар бол бид одоо л хөлд ороод, тэнтэр тунтар алхаж буй хүүхэд гэсэн үг. Насан туршдаа тоглолт тавьж, үзэгчдийн мэлмийг, сонсогчдын сонорыг мялаана. Энэ л бидний зорилт.
-10 жилийн ойн арга хэмжээний эхлэл нь “Мелоди” тоглолт гэсэн. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
М.Амарсанаа: Арваннэгдүгээр сард тоглолтоо хийнэ. Түүнээс өмнө ЕБС-уудад сонгодог урлаг, попера урсгалын тухай уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгодог урлагийг шинэ үеийнхэнд таниулах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
-“Нюанс”-ын уран бүтээлийг хэд орчин насныхан түлхүү сонсож байна вэ?
М.Амарсанаа: Сүүлийн үед залуус сонсох болсон нь илт ажиглагдаж байна. Гудамжинд явж байхад бидний үеийн, биднээс ч дүү залуус баяр хүргэн, амжилт хүсэж байх жишээтэй.
-Гаднын орнуудад попера тоглолт тавьж байв уу. Үзэгчид нь хэрхэн хүлээж авч байна вэ?
М.Амарсанаа: Хэд хэдэн оронд тоглож байсан. Сонгодог урлагийн өлгий нутаг болох баруун Европт ч тоглож байлаа. Мэдээж өлгий нутаг нь учир тэдний хүлээж авах байдал нь тэс өөр. Зарим нь бүр нүдээ анин мэдэрч байх жишээтэй. Хэдэн зууны турш тэнд сонгодог урлаг хөгжчихсөн учир үзэгчдийн соёл, хүлээж авах хандлага ч төлөвшчихсөн байдаг. Тиймээс бидний тоглолтыг мэдээж сайхан хүлээж авсан.
М.Боргилчулуун: Ганцхан жишээ хэлэхэд л найман настай жаалхүү “Браво” гэж хэлж байсан.
-Азийн бусад орнуудад попера урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг байдаг уу?
М.Амарсанаа: Солонгост хэд хэдэн уран бүтээлч, хамтлаг байдаг юм билээ. Мэдээж 70 сая хүн амтай улсаас олон арван хамтлаг, уран бүтээлч төрж, тэднээсээ шилэгдэж цөөн хэд нь гарч ирж байгаа. Миний мэдэхээр Солонгосын арваад уран бүтээлч бий. Харин Хятадын попера хамтлаг, дуучин гэж огт сонсож байгаагүй юм байна.
-Попера дуулахад дуучнаас багагүй хүч хөдөлмөр шаарддаг байх, тийм үү?
М.Амарсанаа: Дуурийн дуу хоёр цаг дуулахад уурхайд найман цаг ажилласантай адилхан хүч зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ үүгээрээ поп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучдыг муулж, попераг сайн гэж дөвийлгөх гэж байгаа юм биш шүү. Аль ч оронд нийтийн дуучид, түүнийг сонсдог хүрээнийхэн байж л байдаг. Бас орчин үеийн урсгалаар дуулдаг хамтлаг, дуучид болон тэдний сонсогчид байж л байдаг. Угаасаа энэ бол нийгэмд байх ёстой л зүйл. Солонгос хүртэл нийтийн дуучид байдаг шүү дээ. Дууг нь том цэнгэлдэх хүрээлэнд цугласан үзэгчид бүгд дагаж дуулдаг байх жишээтэй. Харин попера болон дуурийн дуучид рок попынхон шиг “За дагаад дуулаарай” гээд л микрофоноо үзэгчид рүү барьдаггүй. Түүгээрээ ялгаатай.
-Гэхдээ дагаж дуулах үзэгчид гардаг уу?
М.Амарсанаа: Дотроо дуулж суудаг хүмүүс байдаг байж магадгүй. Гэхдээ дуурийн урлаг бол сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсдог урлаг.

Monday, March 21, 2011

Аз жаргалын нууцыг тайлна


Хэн ч харсан тэд аз жаргалтай сайхан гэр бүл. Гэхдээ тэр сайхны цаана түмэн өнгийн зовлон нуугдана. Өдөр бүр нэгэн хэмээр үргэлжлэх уйтгарт амьдрал, шинэ содон, сонирхолтой юу ч үгүй энгийн гэхэд дэндүү энгийн энэ байдал нь тэднийг залхаах авч, үр хүүхэд нь, басхүү өөртөө үл итгэх байдал нь зоригтойгоор шийдвэр гаргахад тээг болно. Энэ бүхнийг өөрчлөх л хэрэгтэй. Гэхдээ чухам яаж? Дэлхийн олон мянган гэр бүл, бүр тодруулбал гэрлэлтээ батлуулсан хосуудын 2/3 нь эл асуултыг өөртөө тавин аргаа барж суудаг болохыг судалгаагаар баталсан байдаг аж. Эл судалгаанд үндэслэн зохиолч В.С.Красногоров жүжгийн зохиол бичсэн нь 2010 оны дөрөвдүгээр сард Монголын үзэгчдийн хүртээл болж байсан.
Амьдралын утга учир, аз жаргалтай байхын үндэс гэр бүл. Харин аз жаргалтай гэр бүлийн үндэс нь юу вэ? 1980-ээд оны үед уншигч, үзэгчдийг байлдан дагуулж байсан В.С.Красногоровын уянгын драм, сэтгэхүйн жүжгүүдийн нэг болох “Би ч гэсэн жаргамаар байна” бүтээл драмын урлагийн оны шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмын оны шилдэг драмын жүжиг, оны шилдэг жүжгийн найруулагч, оны шилдэг эрэгтэй болон эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй болон эмэгтэй туслах дүр гэсэн зургаан төрөлд өрсөлдөж байна.
Энэ онд тохиож буй УДЭТ-ын 80 жилийн ойг угтаж тус театрын хамт олон “Красногоров 7” төсөл хэрэгжүүлж, нэрт зохиолчийн долоон жүжгийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тавьж, үзэгчдийн хүртээл болгосон. Тэднээс хамгийн олон үзэгчтэй нь “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг болохыг төслийн үр дүнд харуулж байгаа.
Гэр бүл салалт, дахин амьдрал зохиох нь хэр аз жаргалтай төгсдөг болохыг судалсан эрдэмтдийн судалгаанаас санаа авч зохиолч жүжгээ бичсэний дээр, хүмүүсийн тэр бүр ил гаргаад байдаггүй гэр бүлийн асуудал, дотоод зөрчлийг дөрвөн өөр дүрээр дамжуулан тайзнаа харуулснаараа бусдаас онцлог. Түүнчлэн гэр бүл салалт ихэссэн Монголын өнөөгийн нийгэмд сэдэв, өгүүлж буй санааны хувьд тохирч байгаа нь “Би ч гэсэн жаргамаар байна”-ын ололттой тал. Жүжгийг Н.Наранбаатар найруулан, дүрүүдэд гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин С.Болд-Эрэдэн, Т.Хулан, Б.Тамир нар тоглож, зураачаар Ж.Болортүвшин ажиллажээ.

С.Болд-Эрдэнэ: Хамтын амьдрал гэдэг бол урлаг. Үүнийг л бид харуулахыг хичээсэн

-“Красногоров 7” төслийн жүжгүүдээс гурав нь “Гэгээн Муза”-д нэр дэвшиж байна. “Би ч гэсэн жаргамаар байна” бусдаасаа юугаараа онцлог вэ?
-Гэр бүлийн дотоод асуудал, зөрчлийн талаар хүмүүс тэр бүр яриад байдаггүй. Энэ тэр бүр яриад байдаггүй атал бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг бэрхшээлийг сонирхолтой, оновчтойгоор гаргаснаараа “Би ч гэсэн жаргамаар байна” бусад зургаан жүжгээсээ онцлог. Ер нь Красногоровын жүжгийн зохиолууд тун сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй. Тиймээс ч манай байгууллага албан ёсоор эрхийг нь аван, уран бүтээлчийнхээ дунд цагаан өрсөлдөөнийг бий болгон, ур чадварыг ахиулж, дадлага туршлага олгох зорилгоор энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ хавар зохиолч В.С.Красногоров Монголд ирэх ёстой байсан боловч ажил гарсны улмаас амжаагүй гэсэн.
Жүжгийн хувьд “Хамтын амьдрал гэдэг бол урлаг. Үүнийг өдөр бүр шинэчилж байх ёстой гэдгийг хүмүүс мартчихдаг” гэх Рабиндранат Таагүрийн хэлсэн үгийг илэрхийлсэн. Энэ амьдралаа байнга усалж, арчилж тордож байж л аз жаргалтай сайн сайхан амьдарна гэдгийг харуулахыг зорьсон.
-Таны дүр ямар онцлогтой вэ?
-Жүжигт хоёр гэр бүлийн амьдралыг харуулдаг. Эхнэр, нөхөр хоёр болон тэдний найз гэр бүлээ цуцлуулсан залуу, бүсгүй хоёр. Уг нь зохиолд үе тэнгийн дөрвөн хүний амьдрал гардаг. Харин найруулагч маань 40 орчим насны хосоос гадна тэдний хуурай дүү болох залуу, бүсгүй хоёроор залуу үеийнхнийг төлөөлүүлэн гаргая гэсэн санал тавьсан. Тэр нь үзэгчдийн сэтгэл илүү нийцсэн шиг санагдсан. Миний хувьд 40 орчим гэр бүлийн хоёрын нөхрийнх нь дүрд тоглож байгаа. Зан араншингийн хувьд шийдэмгий бус, амьдралын арчаа муутай. Эхнэртэйгээ хамт амьдрахаас татгалзаж байгаа хэдий ч шийдэмгий бус, хулчгар, амьдралын ухаан муутай байдлаасаа болоод шийдвэр гаргаж чадахгүй яваа эр.

Б.Тамир: Гэр бүл бол данх. Тэр зөвхөн хөрж л чадна, халж чадахгүй

-Тамирын драмын жүжигт бүтээж буй хэд дэх дүр вэ?
-Томоохон дүрүүдээс анхных нь. Найруулагч Н.Наранбаатар ах намайг тоглуулахаар шийдсэнд, бас У.Уранчимэг эгч, С.Болд-Эрдэнэ ахтайгаа хамтарч ажилласандаа их баяртай байна.
-Гэр бүл салалт ихэссэн өнөөгийн нийгэмд энэ талаарх асуудлыг хөндсөнөөрөө “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг их чухал ач холбогдолтой юм. Та ч бас дүрээрээ дамжуулан энэ санааг илэрхийлэхийг зорьсон уу?
-Тийм ээ. Өнөөгийн нийгэмд залуус гэр бүлийн асуудалд хөнгөн хийсвэр хандах болсон. Тэдний толь болсон хоёр залуугийн дүрд жүжигчин Т.Хулан бид хоёр тоглолоо. Манай жүжгийн гол санааг миний дүрийн текстэд товч бөгөөд тодорхой багтаасан байдаг. “Гэр бүл гэдэг бол данх юм. Тэр зөвхөн хөрж л чадна, халж чадахгүй”.
-Тамирын дүр ямар онцлогтой вэ?
-Хөнгөмсөг, хурц араншинтай залуугийн дүр. Харин С.Болд-Эрдэнэ ахын тоглосон дүр шийдэмгий бус, өөртөө итгэл муутай гэх мэтээр энэ жүжгийн дөрвөн дүр дөрвүүлээ өөр араншинтай. Тэдний энэ зан араншингийн зөрчлөөр гэр бүлд тулгардаг бэрхшээлийг сонирхолтой шийдлээр гаргаж чадсан нь үзэгчдийг татсан. Харин жүжгийн онцлогийн хувьд Красногоровын бусад бүтээлүүдээс хамгийн олон үзэгчтэй, уран бүтээлчид нь сайн ажилласнаараа бас ялгарах болов уу.

Жорж Бушийн дотоод ертөнц


Тэр Цагаан ордныг орхиод бараг хоёр жил болчихож. АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчаар найман жил ажилласан Жорж Бушийг Эндрьюсийн агаарыг хамгаалах хүчний нисдэг тэргээр гэрт нь хүргэж өгч байсан цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Есдүгээр сарын 11-ний аймшигт халддлагын үеэр оновчтой арга хэмжээ авч чадаагүй гэж түүнийг буруутгах иргэд цөөнгүй байдаг. Тиймээс түүний дотоод ертөнцийн нууцыг тайлж, Ерөнхийлөгч байхдаа гаргасан шийдвэрүүдээ одоо хэрхэн дүгнэж буйг нь сонирхохоор Опра нэвтрүүлэгтээ урьжээ.
“Цагаан ордныг орхин үед нисдэг тэрэгт хайртай аав минь, бас хамгаас илүү хайрлаж, хүндэлдэг хүн болох миний ээж, миний хувьд хамгийн гайхалтай тэргүүн хатагтай хэмээн үнэлдэг гэргий маань цуг явсан. Би тун тайван хүн. Тиймээс нисдэг тэрэгт суух үед гэртээ харих цаг болсон гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байсан” хэмээн тэрбээр хоёр жилийн өмнө Цагаан ордноос нүүсэн тухайгаа өгүүллээ.
Тэр өдрөөс хойш Ерөнхийлөгч асан олны анхаарлын төвөөс аль болох хол байхыг эрмэлзэх болж. Тэр Техас дахь гэртээ ажлаа амжуулахыг зэрэгцээ дурсамж номоо бичин тун завгүй байж. Найман жилийн турш Ерөнхийлөгчийн хүнд албаны жаргал зовлонг амссан тул Жорж Буш өнгөрсөн хугацаанд Барак Обамагийн шийдвэрийн тухай, ер нь улс төрд гарч буй аливаа асуудлын талаар байр сууриа огт илэрхийлээгүй нь ч учиртай. Үүнийгээ тэр “Алдар нэрийг шүүмжлэл заавал дагадаг юм. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй гэдэгтэй би санал нэгддэг. Улиг болсон шүүмжлэл тус болохоосоо илүүтэй ус болох нь ч бий. Би одоогийн Ерөнхийлөгчийг амжилт гаргаасай гэж хүсэж байна. Тиймээс л түүний ажилд ямар ч дүгнэлт өгөхгүй байгаа юм” хэмээн тайлбарлалаа.
Аавыгаа Ерөнхийлөгчийн алба хашиж байхыг үеийг хараад тэрбээр хамгийн хүнд ажил гэж боддог байж. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах үед ч бүр ч амаргүй даваа хүлээж байсныг тэр мэдээгүй ч өөрийгөө хүнд үед алба хашсан гэж боддоггүйгээ “Аавыг сонгуульд өрсөлдөж байхад нь, бас ялалт байгуулсных нь дараа хүмүүс элдвээр шүүмжлэхийг нь сонсох их хүнд байсан. Тэр үед л Ерөнхийлөгчийн ажил ямар хэцүү юм бэ гэж боддог байлаа. Харин өөрөө Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэр бүх шүүмжлэл, хүмүүсийн гүтгэлэг төсөөлж байсан шиг хэцүү санагдаагүй” хэмээсэн.
Хүмүүс түүнийг шүүмжилж эхлэх үед энэ байдал өөрт нь биш гэргий Лаура Буш, ихэр охидод нь илүү хүнд туссан гэдэг. Энэ тухайд тэр “Бусдын шүүмжлэлд надаас илүү эхнэр, охид минь эмзэглэсэн гэдэгт би итгэлтэй байна. Учир нь би өөрийнхөө юу хийж байгааг маш сайн мэдэж байсан. Тиймээс ч шийдвэрүүддээ огтхон ч эргэлзэхгүй байв. Цаг хугацааны явцад намайг буруутгаж байгаа хүмүүсийн бодол өөрчлөгдөнө гэдгийг би мэдэж байсан юм. Хэрэв би тэр бүх шүүмжлэл, зөвлөгөөг сонсож гаргаж буй шийдвэртээ өчүүхэн л эргэлзсэн бол бусдын хочилдог шиг арчаагүй амьтан болж хувирах байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа би үүргээ нэр төртэй биелүүлж чадсан” гэв.
Цагаан ордонд амьдрах найман жилийн хугацаандаа юу хийж бүтээснээ, мөн тэр үед ажил хэргийг нь шүүмжилж байсан хүмүүст хариу бариихаар “Шийдвэрлэх мөч” нэртэй дурсамж номоо бичжээ.
Юуны өмнө тэр номондоо яагаад сархданд дурлах болсон тухайгаа дурдсан байна. Буруу зам руу хальтирснаа 40 хүрмэгцээ ухаарсан тэрбээр төрсөн өдрийнхөө маргаашнаас л согтууруулах ундаанаас татгалзах болсон гэнэ. “Архинд дурлачихсанаа би төрсөн өдрөөрөө л ухаарсан. Энэ хайр нэг л мэдэхэд эхнэр хүүхдүүдээ хайрлах хайраас минь ч хүчтэй болсон байсныг тэгэхэд ойлгосон юм” хэмээн тэр архинаас хэрхэн гарснаа Опрад хуучиллаа. Тэрбээр цааш нь “Бодлогогүйгээр бусдыг гомдоож, эвгүй байдалд оруулах үг хэлчихдгээрээ би ээжтэйгээ адилхан. Ялангуяа архи уусан үедээ үг хэлээ хянаж чадахаа больчихдог байв. Нэг удаа Мэйн мужид оройн зоог барьж байхдаа би дэргэд сууж байсан 50 гаруй насны хатагтайгаас “50 гарсан хойноо загас наадуулахад ямар санагддаг вэ” гээд асуучихсан. Тэр үед би нэлээд согтчихсон байсан юм” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.
-Хэрэв та архи уугаагүй байсан бол ийм асуулт тавихгүй байсан биз дээ?
-Хэзээ ч асуухгүй байсан. Хамгийн гол нь бүдүүлэг авир гаргасан учир аав, ээж, эхнэр гурвын минь урам их хугарсан. Архи намайг далайн ёроолд живүүлчихсэн байсан гэдгийг ойлгуулах гэж би энэ түүхийг яриад байгаа юм л даа.
Ерөнхийлөгч болсноосоо хойш хамгийн анхны томоохон шийдвэрээ тэрбээр 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө гаргасан. Дөрвөн онгоц барьцаалагдах хүртэл Америк халдлагад өртөх гэж байна гэдгийг хэн ч гадарлаагүй. Харин энэ үед Жорж Буш Флорида муж дахь Сарасота дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хоёрдугаар ангийнхны хичээл хэрхэн явж буйг сонирхохоор зочлоод байж. Эмгэлэнт үйл явдлын тухай тэрбээр дурсамж номдоо “Аюул нүүрлэснийг би зөнгөөрөө мэдэрсэн. Тэр даруй хамгаалалтын албаны дарга Энди дэргэд минь ирээд юу болсныг чихэнд минь шивнэн хэлсэн. Тэр үед өөрийн эрхгүй уур хүрч “Тэд яаж бидэн рүү довтолж зүрхэлж байна вэ” хэмээн өөртөө хэлээд, эргэн харвал хүүхдүүд над руу цоо ширтэж харагдсан. Эдгээр гэмгүй бяцхан хүүхдүүдийн амь нас гэмтнүүдийн гарт өртөж мэдэх аюул нүүрлээд байна гэсэн бодол төрж билээ. Тэр үед ойлгосон хамгийн чухал зүйл бол хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалдаг нэр хүндтэй, чухал ажил хийж байгаагаа ойлгосон явдал” хэмээн бичжээ.
Сарасота дунд сургуулиас гармагц Ерөнхийлөгч Буш шууд л Вашингтон дахь Агаарын хүчний төв рүү хөдлөх үед гурав дахь онгоц Пентагоныг мөргөсөн тухай мэдээлэл ирсэн байна. Харин энэ үед юу бодож явсан тухайгаа тэр “Эхнийхийг нь олонх хүн осол гэж байлаа. Удалгүй хоёр дахь онгоц ихэр цамхагийн нэгийг мөргөхөд халдлага болох нь гарцаагүй гэдгийг мэдсэн. Харин гурав дахиа довтолсон тухай мэдээ сонсмогц дайн эхлэх нь гэсэн бодол эрхгүй төрсөн. Тиймээс Зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч учир би Вашингтон хотод байх ёстой гэж бодож явсан” гэж ярив.
Гэхдээ тэр зүгээр л бодоод суусан юм биш. Зам зуур НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кондолиза Райст Цагаан ордноос аль болох байхыг зөвлөжээ. Пентагон руу довтолсон учир дараагийн бай нь Цагаан ордон ч байж мэдэх учраас тэр.
Есдүгээр сар 12-нд тэр бүхэлдээ өөрчлөгдөж, огт өөр нөхцөл байдалд орсон улсад сэрлээ. Түүний хамгийн түрүүнд бодсон бодол нь “Миний үүрэг бол ард түмнээ хамгаалах”. Тэрбээр халдах магадлалтай орон, гэмт бүлэглэлүүдийн жагсаалтыг гаргах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна.
Аюулын харанга дэлдсэн өдрүүдэд тэр өөрийнхөө аюулгүй байдлын талаар огт бодоогүй гэдэг. Энэ тухайгаа “Хувь тавиланд итгэж байсан юм. Тиймээс үхлээс огт айгаагүй. Цаг нь болсон бол тэр л биз гэж бодож байлаа. Харин эх орныхоо хувь заяанд л хамгаас илүү санаа зовж байв” гэлээ.

Monday, March 14, 2011

Хью Хефнер: Нас бол ердөө л тоо


“Playboy”-г үндэслэгчийн сүй тавьсан тухай мэдээлэл зуу зуун хэвлэл, цахим хуудаснаа нийтлэгдаж, телевиз, радиогийн мэдээллийн хөтөлбөрөөр ч дурсагдаад амжсан. Өдгөө 85 настай Хью Хефнерийг дахин хэн нэгэнтэй гэрлэхгүй хэмээн таамаглаж байсан олон мянган хүнийг гайхашруулсан эл мэдээллийнхээ дараахан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт сүйт бүсгүй Кристал Харристайгаа хамт зочилсон юм.
-Ердөө л ганцхан өдөр Хью Хефнер шиг амьдрахсан гэж мөрөөддөггүй эр хүн энэ хорвоо дээр үгүй биз. -Олонх хүмүүс Хью Хефнерийн тухай бүхнийг мэднэ гэж боддог. Үнэндээ тэр нь дэндүү өрөөсгөл бодол байдаг юм.
-Тэр өдгөө 85 нас хүрч байгаа ч “Playboy”-ийн зугаа цэнгэл хөөсөн залуу хэвээр л байна. -Нас бол ердөө л тоо юм.
-Хью Хефнерийн энэ амьдралаасаа хэзээ ч залхахгүй байх. Гэхдээ л тэр зугаа цэнгэл биш, гэр бүлийн амьдралд гурав дахь удаагаа анхаарал хандуулахаар шийджээ. Түүний сүйт бүсгүй Кристал Харрис 24 настай. -Амьдрах ямар сайхан гээч.
-Манай өнөөдрийн онцгой зочин бол Рью Хефнер. Хью би таныг хэрхэн дуудах вэ. Хью гэх үү, эсвэл Хеф гэсэн нь дээр үү? -Хеф.
-“Playboy” дэлхийн өнцөг булан бүрт худалдаалагдаж байгаа юу? -Тийм ээ.
-Хятадад ч бас уу? -БНХАУ дахь хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг нь “Playboy”. Одоохондоо сэтгүүл гаргах эрх олгоогүй байгаа. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувцасны хамгийн нэр хүндтэй брэнд нь манайх. Тус улсад 200 гаруй манай нэрийн дэлгүүр бий.
-Саяхан Шанхайд очиход залуус нь их чөлөөтэй сэтгэлгээтэй болсон нь ажиглагдсан. Тэд цахим сүлжээ ашиглан танай сэтгүүлийн тухай мэдээлэл авдаг юм билээ. “Playboy” сэтгүүл худалдах зөвшөөрөл өгөхгүй байгаа нь ардчилсан нийгэмд шилжээгүйтэй нь холбоотой болов уу. Таны бодлоор “Playboy” сэтгүүл борлуулах эрх авахад хамгийн бэрхшээлтэй улс аль нь вэ? -Мэдэхгүй юм даа. Гэхдээ миний таамаглаж буйгаар лалын шашинт зарим орнуудад л хамгийн сүүлд сэтгүүлээ борлуулах эрхийг надад олгох байх. Гэхдээ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт холбоо харилцаа нээлттэй болсон байна. Тиймээс хүссэн мэдээллээ олж авах эрх чөлөөг хааж боодог цаг тун удахгүй түүх болон үлдэх болно.
-Манай студид Хью Хефнерийн сүйт бүсгүй Кристал Харрис хүрэлцэн ирлээ. Юуны түрүүнд би түүнээс яагаад Хефтэй гэрлэхийг хүссэн юм бэ гэж асуумаар байна. Хеф харин та өөрийгөө Кристалтай гэрлэх боломжтой гэж бодож байна уу? Хефнер: Боломжтой. Би хамгийн сайхан бүхнээ хамгийн сүүлд харуулах гээд хадгалчихсан байгаа. (инээв)
-Та бараг бүх үндэстний бүсгүйчүүдтэй хамт амьдарч үзсэн байх. Яагаад заавал Кристалыг сонгосон юм бэ? Хефнер: Энэ бол хувь төөрөг. Би энэ бүхнийг урьдаас төлөвлөөгүй. Вуди Аллен нэгэн кинондоо “Гэрлэлт бол итгэл найдварын мөхөл юм” хэмээсэн байдаг. Би өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан. Гэхдээ алинд нь ч аз таараагүй. Харин энэ удаагийн хайр сэтгэлийн харилцаа маань намайг багагүй өөрчилснийг та сайн мэдэх байх. Би Кристалтай хоёр жил гаруй хамт амьдарч байна. Түүнээс өөр хүнтэй байхдаа би ийм амар амгаланг амсаж байсангүй. Үүнээс илүү сайхан зүйл хорвоод бий гэж үү.
-Та хуримын өдрөө товлосон уу? Харрис: Би түүнд хэлж болох уу?
Хефнер: Тэгэлгүй яах вэ.
Харрис: Бид ирэх зургадугаар сарын 18-нд гэрлэхээр товлосон.
-Хуримын ёслол танай харшид болох уу? Хефнер: Тийм ээ. Playboy харшид болно. Гэхдээ ойр дотнын цөөн хүмүүсээ л хуримын ёслолдлл урихаар төлөвлөж байна.
Харрис: Их хөгжилтэй байх болно гэж бодож байгаа шүү. Хеф өмнө нь харшийн өмнөх талбайд хуримаа хийж байсан юм. Тиймээс бид байшингийнхаа арын талбайд хийхээр шийдсэн.
-Та гэрлэх саналаа хэрхэн тавьсан бэ, Хеф? Хефнер: Би зул сарын баярын үдэш түүнд гэрлэх санал тавьсан. Гацуурын дор тавьсан хайрцагтай бэлгэн дунд би сүйн бөгжтэй жижигхэн хайрцгаа нуучихсан юм. Кристал лусын дагина Ариелд их хайртай. Тиймээс хайрцгаа түүнийг зурагтай цаасаар боочихсон байсан.
Харрис: Тийм ээ. Гэхдээ хайрцгаа Хеф өөрөө надад өгсөн. Дотор нь хөгжимт хайрцаг байгааг урьдаас тааварлаж байлаа. Гэхдээ дотор нь бөгж нуусан байсныг огт гадарлаагүй. Хөгжимт хайрцагнаас бөгж гарч ирмэгц Хеф “Таарна байх гэж найдаж байна” гэхээс өөр юу ч хэлээгүй. Харамсалтай нь бөгж томдсон л доо. (инээв)
-Харваас илт байна. Хефнер: Намайг тэгж хэлмэгц Кристал нулимс асгаруулж эхэлсэн.
-Энэ сайхан яриаг тань тасалдуулж байгааг минь уучлаарай. Хатагтай Харрис та яагаад 80 хол давсан хүнтэй гэрлэхийг хүсээд байгаа юм бэ? Харрис: Би Хефт хайртай. Тэр миний амьдралдаа учирч байсан эрчүүдээс хамгийн найрсаг, эелдэг нь. Бид хамтдаа байхдаа тун хөгжилтай байдаг. Энэ л хамгийн чухал нь.
Хефнер: Магадгүй чи залуу болохоор миний хэлсэн үгний учрыг сайн ойлгохгүй байгаа байх л даа. Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Нас бол ердөө л тоо.
-Залуухан бүсгүйчүүдтэй хамт амьдрах нь таныг залуужуулдаг юм уу? Хефнер: Би л хувьдаа тэгж боддог. Амьд байгаагаа ийм үед л илүүтэй мэдэрдэг шүү дээ.
-Хеф та түүнд үнэнч байж чадна гэж бодож байна уу? Хефнер: Би үнэнч хүн шүү дээ. Хэдийгээр сүүлийн гэрлэлт маань бүтэлгүйтсэн ч би эхнэрээ огт хуураагүй юм шүү.
-Тэгээд танай харшийн бусад бүсгүйчүүд яах вэ? Хефнер: Тэд амралтын өдрүүдэд зочилж ирсээр байх болно.
-Гэхдээ урьдынх шигээ тэдэнд бүх зүйл нээлттэй биш байна биз дээ? Харрис: Мэдээж тэд унтлагын өрөөнд орохгүй. (инээв)
-Үнэн үү, Хеф? Хефнер: Зөвхөн Кристалыг урьсан тохиолдолд л зөвшөөрнө.
-Харин Кристал та түүнийг өөрөөс тань өөр хүнтэй загас наадуулахгүй гэдэгт итгэлтэй байна уу? Харрис: Би юу гэж хариулахаа ч мэдэхгүй байна.
-Үүнийг чинь л би хэлээд байгаа юм шүү дээ. Харрис: Гэхдээ бид хуучинсаг үзэлтэй хүмүүс биш.
Хефнер: Би хэзээ ч түүнийг араар нь тавихгүй.
-Та учирч байсан хүүхнүүдээ тоолдог уу? Хефнер: Их олон жилийн өмнөөс тоолохоор больсон.
-Яг хэд хүрээд тоолохоор больсон бэ? Хефнер: Би сайн санахгүй байна. Гэхдээ тухайн үед тооноос илүү харилцаа чухал гэдгийг ухаарсан. Тэгээд л тоолохоо больсон.
-Таны амьдралд сексээс илүү чухал зүйл бий юү? Хефнер: Мэдээж байгаа.
-Жишээлбэл… Хефнер: Хайр, нөхөрлөл.
-Гэхдээ би таныг огт өөр зүйлийн тухай ярьж байсныг тань санаж байна. Хефнер: Мэдээж бас мөнгө чухал. Ялангуяа ямар ч мөнгөгүй болсон үед түүн шиг чухал зүйл үгүй. Харин таашаал авч чадаагүй үед би хамгийн чухал зүйлсийн жагсаалтын нэгдүгээрт сексийг дурдах болно.
-Бүсгүйчүүд Хефнерийг бүх цаг үеийн хамгийн гайхалтай амраг гэж боддог. Харин та түүнтэй хамт амьдарч байгаагийн хувьд хэрхэн тодорхойлох вэ? Харрис: Бидний юу хийж байгаагаас үл хамааран хамтдаа байх хором мөч бүртээ аз жаргалтай байж чаддаг.
-Хеф та Мэрилин Монрог таньдаг байсан уу? Хефнер: Тэр дүүтэй минь хамт жүжгийн дугуйланд явдаг байсан. Гэхдээ би түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Нэг удаа л утсаар ярьсан. Харамсалтай нь тэр намайг нэрд гарахаас өмнө өнгөрчихсөн.
-Хефнерийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Гэрлэсний дараа өдрийн хуваарь тань өөрчлөгдөх болов уу? Хефнер: Өдрийн хуваариа их нарийн гаргадаг. Та мэдэх байх, би үд болох үед босож, сэтгүүлээ редакторладаг.
Харрис: Тэр ажлын өдрүүдэд оффистоо байдаг.
Хефнер: Тэгээд өдөр нь ярилцлага өгнө.
-“Playboy”-оор овоглосон брэнд цөөнгүй. Та бүгдийг нь өөрөө үндэслэсэн үү? Хефнер: Үгүй дээ. Гэхдээ л бусадтай харьцуулахад “хувийн” гэж хэлж болохуйц шүү. Би ийм ертөнц байгуулахыг бүр хүүхэд байхаасаа л мөрөөдсөн.

Saturday, March 12, 2011

Ч.Ганбаатар: Монголын бүсгүйчүүд өдөр бүр боди арт бүтээдэг


Шивээс ч боди артын нэгэн төрөлд хамаарагдах тул эл урлагийг судлаачид хэдэн мянганы тэртээгээс улбаатай гэж үздэг. Харин манай улсад зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эрчээ авсан бөгөөд цэвэр урлагийн хэлбэрээр 2000-аад оноос хөгжсөн аж. Боди арт урлагийн хамгийн том шоу одоогоос зургаан жилийн өмнө “Silence”-m болж, 80 гаруй загвар өмсөгч нүцгэн бие дээрх урлагийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулж байж. Эл шоуны ерөнхий зураачаар ажилласан Ч.Ганбаатартай боди арт урлагийн онцлогийн тухай ярилцлаа.
-Барууны орнуудад боди артын арга хэмжээ олноор зохиогдож, уралдаан тэмцээн ч өргөн цар хүрээтэй болдог гэдэг. Харин манай улсад энэ төрлийн урлаг харьцангуй хаалттай байх шиг. -Америк болон европын орнуудад боди арт дээд шатандаа хүртэл хөгжчихсөн. Иргэдийнх нь сэтгэлгээ ч харьцангуй чөлөөтэй учир энэ төрлийн арга хэмжээ их түгээмэл болдог. Боди арт бол бие дээрх урлаг. Тэр дундаа нүцгэн бие дээрх урлаг учир эротик гэсэн ангилалд багтана. Манай улсад боди артын шоу тэр бүр зохиогддоггүй байхад Европт эроктик шоу ид хүчээ авч байна. Саяхан Английн Лондон хотноо олон улсын эротик шоу болж өндөрлөлөө. Тус шоунд би эх орноо төлөөлөн оролцоод ирсэн. Олон улсын чанартай учир маш өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон. Зөвхөн боди артаар гэхэд л бүтэн сектор гаргачихсан байх жишээтэй.
Манайд боди арт төдийлэн хөгжиж чадахгүй л байна. Мэр сэр боди арт зураач байгаа сураг дуулддаг л юм. Үндэстний сэтгэлгээний онцлогоос шалтгаалан энэ урлаг далд хэлбэртэй байна. Угтаа маш нарийн зохион байгуулалттайгаар үүнийг ил хөгжүүлэх хэрэгтэй юм. Боди арт бол садар самуун хэрэг биш, гоо сайхныг илэрхийлэн гаргаж байгаа нэг хэлбэр юм. Америкт бол шөнийн цэнгээний газар нь ч боди арт зураад, түүнийгээ ирсэн зочдод сонирхуулж байдаг. Урлаг гээд хүн бүр нүцгэлээд байж болохгүй л дээ. Урлаг тул мэдээж тодорхой хэмжүүр байх ёстой. Үүний тулд нарийн зохион байгуулалт, дэг журамтай байх шаардлагатай.
-Хүний бие дээр зураг зурна гэдэг цаас эсвэл зотон даавуун дээр зурахтай адилгүй байх. Зураачаас ямар чадвар шаарддаг вэ?
-Мэдээж цаас эсвэл зотон дээр зурахаас тэс өөр. Жигд хавтгай гадаргуу биш тул түүнд нь өнгө будгаа тохируулна. Тиймээс боди артын зураач нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Түүнчлэн хүний бие дээр зурж байгаа тул хурдтай, тэвчээртэй байхаас аргагүй. Тухайн хүн хоол унд идэж, унтаж амрах хэрэгтэй. Нэг байрлалаар удаан байхад бие нь чилнэ. Тиймээс нэг дор л бүтээлээ хийж дуусгахын тулд манекан, зураач хоёрын хэн хэн нь тэсвэртэй байх нь чухал.
-Уран зураг зурахын тулд зураачид эхлээд санаа олж, эсвэл санаа төрүүлэхийн тулд цаасан дээр цэг ч хамаагүй хатгах гэх мэтээр өөр өөрийн арга барилтай. Харин боди арт зураач бүтээлээ ямар дэс дараалалтайгаар урладаг вэ? -Мэдээж амьд организмтай харьцаж байгаа тул аль болох зовоохгүй байхыг хичээдэг. Тиймээс шоу болохоос өмнө урьдчилж бэлтгэл хийнэ, загвар гаргана.
-Санаагаа гаргачихаад байтал манеканы биеийн онцлогоос шалтгаалан бүтэлгүйтэх тохиолдол гарах уу? -Үгүй ээ. Эхлээд манеканыхаа биеийн онцлогийг харж байж загвараа гаргана. Хэдэн арван манекан зэрэгцэж зогсож байгаад нэг бүтээл болох нь ч бий. Тиймээс шоуны бэлтгэл ажил загвар өмсөгчдийнхөө биеийн онцлогийг харж, ангилахаас эхэлнэ.
-Манеканд бас тодорхой шалгуур тавьдаг уу? -Олон улсын арга хэмжээнд бол манеканд шалгуур тавьдаг. Манай улсад бол тэгж шалгуур тавих аргагүй л дээ. Гэхдээ миний 2005 онд хийсэн шоунд дандаа мэргэжлийн загвар өмсөгчид оролцсон. Мэргэжлийнхэн гэдэг өөр л дөө. Бие дээрх зургаа яаж зогсвол илүү сайхан харагдуулах вэ, аль хэсгийг нь тодотгож үзэгчдэд үзүүлэх вэ гэдгээ мэднэ. Түүнчлэн өдөржин хувцасгүй шахам зогсохдоо ичиж нэрэлхэхгүй. Түүнээс биш энгийн хүн авчраад “За хувцсаа тайл. Бие дээр чинь зураг зурна” гэвэл монгол бүсгүйчүүдийн дунд шууд хувцсаа тайлах хүн бараг олдохгүй. Манайхан чинь их хамжааргатай хүмүүс. Сүүлийн үед л европжуу болоод байна. Түүнээс биш жаахан задгай энгэртэй хувцас өмсөхөд л хүмүүс гайхан шогширдог байсан. Одоо бол хотын гудмаар охид богино банзалтай явдаг болсон байна. Гэхдээ монголчууд азийн бусад орныхныг бодвол мэдрэмжтэй. Ямар хувцас яаж өмсөхөө, юуг ил гаргаж, юуг болохгүй гэдгээ сайн мэднэ. Азийн бусад орны бүсгүйүчүүдтэй харьцуулахад монгол бүсгүйчүүдийн биеийн галбир их сайхан болсон. Нуруу өндөр, биеийн харьцаа ч зөв. Гэтэл хятад эмэгтэйчүүд бол хавтгай цээжтэй. Энэ нь боди арт зурахад багагүй нөлөөлдөг. Тиймээс би монгол бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг магтан дуулмаар санагддаг. Мөн арьсны уян хатан байдал, зөөлөн эсэх ч их хамаардаг. Хар арьст эмэгтэйчүүдийн арьс их ширүүн, ази бүсгүйчүүдийнх зөөлөн байдаг.
-Азийн бусад орнуудад боди арт хэр хөгжсөн байдаг вэ?
-Их өндөр түвшинд хөгжсөн. Ялангуяа Япон, Солонгост. Японд гэхэд л хэдэн мянганы түүхтэй шүү дээ. Якуза нарын бие дээрх шивээсийг мэдэх үү. Бүхэлдээ урлагийн бүтээл байдаг. Түүнчлэн дууч хүүхнүүд шанаа хүртлээ цагаан энгэсэг тавьж, хөмсгөө хусан, уруулаа ув улаанаар будсан байдаг. Энэ ч бас нэг төрлийн боди арт. Бас Америк, Австарлийн уугуул иргэдийн бие дээрх элдэв зураг бол гайхалтай боди арт юм. Манай бүсгүйчүүд ч өдөр бүр л боди арт бүтээдэг шүү дээ.
-Нүүрээ будаад уу?
-Тийм ээ. Боди арт бол биеийн гоо сайхныг тодотгох зорилготой урлаг. Тэгэхээр нүүр будах нь бас нэг төрлийн урлаг болж байгаа биз. Боди арт бүтээл төрүүлдгээрээ л тэдгээрээс ялгарч байгаа юм.
-Азийн орнуудаас олон улсын арга хэмжээнд оролцох тохиолдол их үү? -Сая Лондонд болсон шоунд надаас өөр азиас оролцож байгаа уран бүтээлч байгаагүй.
-Манай уран бүтээлчид боди артын чиглэлээр олон улсын уралдаан тэмцээнд огт оролцдоггүй. Олон улсын чанартай уралдаанууд тухайн улсын оролцогчдоос боди артын холбооны гишүүн байхыг шаарддаг юм уу? -Үгүй дээ. Яагаад оролцдоггүйг нь би сайн мэдэхгүй байна. Боди артын уралдаан болон шоу арга хэмжээ дэлхий дахинд их олон болдог шүү дээ. Цахим хуудсуудад зарлалаа тавьчихсан байдаг юм билээ. Тэр дагуу хүсэлтээ илгээн, бүтээлүүдийнхээ зургийг илгээхэд зохион байгуулагчдаас нь хариу илгээдэг. Тиймээс хэн ч оролцох боломжтой байх.
-Зураач бүхэн боди арт бүтээж чадах уу? -Чадна. Гол нь тэвчээртэй, мэдрэмжтэй байхад л болно.

Wednesday, March 9, 2011

А.ОРХОНТУУЛ: Энэ бол цаашдаа ихийг хийж бүтээх үүрэг оноосон шагнал

Монголын кино ертөнцөд шинэ үе хүч түрэн орж ирж буйн тод жишээ нь энэ сарын 3-нд УДЭТ-т болж өндөрлөсөн дөрөв дэх удаагийн “Улаанбаатар” кино наадам. Тус наадмын онцлох үйлд явдлаар Г.Отгонцэцэг, Ч.Ундрал нарын өрсөлдсөн “Шилдэг эмэгтэй дүр” төрөлд 15 настай охин түрүүлж, “Хангарьд” цом өвөртлөн гэртээ харьсан явдал.
Жүжигчдээс багагүй ур чадвар шаарддаг сэтгэл зүйн драмын бүтээл болох “Орхидос” хэмээх хоёр ангит киноны гол дүрд тоглож, үзэгчдийн сэтгэлд хойд эхдээ ад үзэгдэн, амьдралын хүнд хэцүүг амсаж байгаа Золжаргал гэх охины дүрийг бүтээж чадсан А.Орхонтуулыг “Залуус” буландаа урилаа.
Уулзах цаг товлохоор утас цохих бүрт хичээл, дугуйлан гээд цаг зав багатай байгаагаа дуулгах түүний үдийн цайны цагаас хумслан ярилцлагаа хичээлийн танхимд нь авахаар тохирлоо. А.Орхонтуул “Олонлог” сургуулийн аравдугаар ангид сурдаг бөгөөд сургуулийнх нь хаалгыг татмагц “Нийслэлийн 2009 оны, улсын 2010 оны тэргүүний сурагч А.Орхонтуулдаа “Academy awards” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэнд нь баяр хүргэе” гэх томоос том самбар өөрийн эрхгүй нүдэнд тусах эж.



-Юуны өмнө “Academy awards” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Нэрийг тань дуудах үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-“Academy awards”-т нэр дэвшсэнийг найруулагч Б.Ганболд ах утасдаж дуулгаж, шагнал гардуулах ёслолд ээжтэйгээ очсон юм. Мундаг жүжигчидтэй өрсөлдөж байгаа, тэгээд ч нас бага болохоор ээж бид хоёрын хэн нь ч түрүүлнэ гэж огт бодолгүй очсон. ““Орхидос” киноны гол дүрд тоглосон Орхонтуул” хэмээн нэр дуудахад нь чихэндээ ч итгээгүй. Тухайн үед шоконд орчихсон. Тайзан дээр гартал ардын жүжигчин Г.Мягмарнаран ах тэвэрч угтахад нь өөрийн эрхгүй нулимс асгаруулсан. Тийм том тайзан дээр, мундаг жүжигчнээс тэр том шагналыг авна гэдэг үнэхээр сайхан юм билээ.
-Шагнал гэдэг асар өндөр хариуцлагыг араасаа дагуулдаг. Одоо мэдээж олон арван зорилго өөртөө тавьчихсан байгаа байх, тийм үү?
-Мэдээж энэ бол цаашдаа ихийг хийж бүтээх үүрэг оноосон шагнал. Наадмын хүлээн авалтын үеэр шүүгчид ч “Чамайг цаашдаа Монголын кино урлагт их зүйл хийгээрэй гэж л энэ шагналыг өгсөн. Хичээлдээ ч шамдаж, кинондоо ч тоглон аль алиныг нь амжуулаарай” гэж хэлсэн. Надад ийм их итгэл хүлээлгэсэн ах эгч нарынхаа хэлсэн зөвлөгөөг дагаж, хойшдоо зөвхөн Монголын кино урлагт биш, дэлхийн хэмжээнд өрсөлдөх жүжигчин болохыг хүсдэг.
-Шагнал авахаасаа өмнө мэргэжлээ сонгочихсон байсан уу?
-Тийм ээ. Би Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаад долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван ч кинонд тоглож жүжигчний мэргэжлийн жаргал, зовлонг жоохон ч гэсэн амслаа. Тэр бүхэн надад их сайхан санагдсан учир мэргэжлээ шагнал авахаасаа ч өмнө сонгочихсон байсан.
-Үүнээс өмнө дэлгэцийн бүтээлд тоглож байсан байх нь ээ?
-“Зүүдэн бошоо” хэмээх хүүхдийн кинонд туслах дүрд, “Нар ойрхон жаргадаг” киноны гол дүрд тоглож байсан.
-Хэрхэн “Орхидос” кинонд тоглохоор болсон юм бэ?
-Би хичээлийнхээ хажуугаар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг юм. Найруулагчид голчлон манай дугуйлангийнхнаас сурталчилгаа, клип, кинонд тоглуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулж авдаг. Тэгээд л “Хамба фильм” студийн найруулагч Б.Ганболд ах намайг шалгаж авсан.
Зохиолыг нь уншихад “Тоглоход их хэцүү кино байна даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Сэтгэл зүйн драмын төрлийн кино учир жүжигчнээс багагүй ур чадвар шаардахаас гадна агуулга, утга санааны хувьд ч их гүн гүнзгий. Түүнчлэн миний дүр яриа багатай, зөвхөн нүүрний хувирал, жүжиглэлтээр бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг нь илэрхийлэх байсан учир эхэндээ тоглож чадах болов уу гэж эмээж байсан.
-Яагаад заавал драмын дугуйланг сонгосон бэ?
-Драмын дугуйланд орсон түүх минь их сонин юм билээ. Шагнал авсны дараахан л ээж маань ярьж өгсөн. Манай ээж ОХУ-д мэргэжил эзэмшсэн юм. Тухайн үедээ сургуулийнхаа урлагийн зөвлөлийн дарга байж л дээ. Урлагийн зөвлөлийн дарга учир нэгэн арга хэмжээний үеэр үг хэлүүлэхээр сонгосон байж. Гэтэл ээж индэрийн ард гармагцаа ичээд олигтой ярьж чадаагүй гэсэн. Тэр өөрт нь их хүндээр туссан юм болов уу. Намайг өөрийгөө зөв илэрхийлж, хүнтэй зөв харилцаж сураасай гэсэндээ драмын дугуйланд анх оруулсан гэдэг. Жүжигчин болно, шагнал авна гэж огт бодоогүй гэдэг.
-“Нар ойрхон жаргадаг” кинонд ямар охины дүрд тоглосон бэ?
- Энэ кинонд бас л хөдөө хаягдсан өнчин атлаа их сэргэлэн цовоо эгчтэй охины дүрд тоглосон.
-“Орхидос”-т тоглосны дараа хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
-Гудамжинд явж байхад “Өө энэ нөгөө “Орхидос” явж байна” гэж чанга ярьсаар зөрж өнгөрөх хүмүүс байхад “Гар чинь зүгээр үү”, “Чи сэтгэл судлаачид хандсан нь дээр юм биш үү” гэж хэлэх хүн ч таарч байсан. Хүмүүсийн хандлага бага зэрэг өөрчлөгдсөнөөс биш, миний амьдралд өөрчлөлт гараагүй. Орхонтуул хичээл, дугуйландаа явдгаараа яваад л байж байна.
-Бүтээсэн дүр чинь үзэгчдийн сэтгэлд хүрсэн болохоор л хүмүүс тэгж ярьж байгаа байх. Золжаргалын дүрд тоглоход бэрхшээлтэй зүйл хэр их байв?
-Хүмүүс ихэвчлэн “Хүнд загнуулж, зодуулж байгаа хэсэгт тоглоход их хэцүү байсан уу” гэж асуудаг юм. Надад бол Золжаргал гэдэг охины дүрийг гаргах нь хамгийн хүнд санагдсан.
Мөн хоёрдугаар ангид би 14 настай атлаа 18 настай эмэгтэйн дүрд тоглоход их хэцүү байсан. Уг нь хоёрдугаар ангид өөр хүн тоглуулахаар төлөвлөж байсан юм билээ. Нас бие гүйцэж байгаа эмэгтэйн дүрд тоглохын тулд гадаад төрх төдийгүй хоолойн өнгө өөрчлөгдөж, харцаа хүртэл тогтвортой болгох гээд бүх зүйлээ анхаарах хэрэгтэй болсон. Тэр тал дээр найруулагч маань нэлээн зөвлөж, тусалсан.
“Орхидос”-ын нэгдүгээр ангийн зургийг 2009 оны өвөл, харин хоёрдугаар ангийнхийг нь тэр зун нь авсан юм. Хэдийгээр бусад кинонуудтай харьцуулахад зураг авах хугацаа богинохон байсан боловч тэр үед үнэхээр л Золжаргалтай адилхан хүнд хэцүү амьдралтай, өнчин охин болчихсон юм шиг санагддаг байлаа.
Тоглосон дүр маань үзэгчдэд хүрсэн нь зөвхөн миний гавьяа биш. С.Болд-Эрдэнэ ах, Г.Отгонцэцэг эгч хоёр тэгж сайн жүжиглээгүй бол би ч бас хиймэл, хуурмаг л тоглох байсан. Хүн аливаад хариу үйлдэл үзүүлдэг гэдэг. Би ч бас Отгонцэцэг эгч намайг ч итгэтэл сайн жүжиглэсэн учир нь би хариуд нь тэгж гомдож, өсөрхсөн охины дүрд тоглож чадсан байх.
Бас найруулагчийн зөвлөгөө ч их тус болсон. Ганболд ах намайг зураг авахуулаагүй явж байх үед ч инээхийг хориглодог байсан.
-Яагаад?
-Золжаргалын амьдралаар хэсэг ч гэсэн амьдруулж, дүрдээ улам гүнзгийн ороосой гэсэндээ тэр. Намайг инээх бүрт уурлаж, “Битгий инээ. Чи одоо Орхонтуул биш Золжаргал. Энэ хугацаанд Золжаргалын амьдралаар амьдар” гэдэг байж билээ. Тийм болохоор зураг авалтын үеэр сэтгэл зүйн хувьд дарамттай хэцүү байсан.
-Хоёр ангийн зураг авалт хэр удаан үргэлжилсэн юм бэ?
-Нэгдүгээр ангийн зургийг Түнхэл тосгонд 16 хоног, хоёрдугаар ангийн зургийг 12 хоног Улаанбаатар хотод авахуулсан.
-Золжаргал Орхонтуул хоёр зан араншингийн хувьд хэр ялгаатай вэ?
-Кино гарсны дараа үзэгчид намайг Золжаргал шиг дуу цөөтэй, бодлогоширсон охин гэж боддог болсон юм шиг байна билээ. Үнэндээ бид хоёр тэс өөр хүмүүс. Орхонтуулын дотроо Золжаргал гэх ээж аавдаа зодуулдаг, хойт эхдээ гадуурхагдсан атал хэнд ч хар муу санаж, өсөрхдөггүй, ээж, аавтайгаа хамт элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдрахсан гэсэн хүсэл мөрөөдөл тээж яваа нэг охиныг бий болгосон юм. Бидний хоорондын ялгаа гэвэл Золжаргал их тэвчээртэй, тэсвэр хатуужилтай охин. Золжаргалын дүрд тоглож байхад “Би л түүний оронд байсан бол аавдаа, үгүй бол өөр хэн нэгэнд хэрхэн зовж зүдэрч байгаагаа хэлэх байсан” гэх бодол цөөнгүй төрдөг байлаа. Харин тэр хэнд ч энэ тухайгаа хэлэлгүй, зовлон шаналлаа зөвхөн дотроо тээж явсан.
-Утсаар ярих бүрт хичээлтэй эсвэл дугуйландаа байна гэж байсан. Сурагч Орхонтуул ачаалал ихтэй байдаг юм аа даа?
-Тийм ээ. Үдээс өмнө хичээлдээ сууж, үдээс хойш драм, морин хуурын дугуйландаа явдаг. Бас манай сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болохоор даваа, пүрэв гаригт математикийн хичээлийн давтлагатай байдаг гээд ачаалал ихтэй. Гэхдээ ачаалал их байх тусам их зүйлийг амжуулж, ажлаа зохицуулж сурдаг. Завтай байвал хүн дээшээ хараад зүгээр суугаад л байдаг. Харин ажил ихтэй байх тусам өдрийн хуваариа зөв гаргаж, ажлаа амжуулж сурдаг юм билээ. Одоо бол ийм ачаалалтай байдалдаа дасчихсан.
Үеийнхнийгээ ч бас өөрсдийн сонирхсон чиглэлээ хөгжүүлж, цаг заваа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлж байгаасай гэж хүсдэг. Зөвхөн урлаг ч биш, математик, гадаад хэл, спорт гээд өөрийн аль дуртай чиглэлээрээ гүнзгий суралцаж болно шүү дээ.
-Морин хуур, драмын дугуйланд зэрэг суралцдгаас чинь харвал цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө юунд авьяас чадвартайг мэдэхийг хүсдэг хүн шиг санагдлаа.
-Би угаасаа ардын хөгжимд их дуртай. Түүнээс биш юм юм руу үсчин, алийг нь ч гүйцэт суралгүй орхихыг хүсдэггүй. Морин хуурыг 2010 оноос сурч эхэлсэн. Одоо Хүүхдийн ордны Энхтуяа багштай “Аялгуу” хамтлагт хуур тоглодог. “Аялгуу” хамтлагт байх хугацаандаа цөөнгүй олон улсын урлагийн наадамд оролцсон шүү. Анх Тяньжинд болсон олон улсын хүүхдийн наадамд оролцсон. Түүний дараа ОХУ-ын Екатеринбург хотноо болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадмаас гран при шагнал хүртсэн. Саяхан бас хамтлагийнхантайгаа хамт Япон улсад тоглоод ирсэн.

Sunday, March 6, 2011

Энтони Хопкинс: Би гаж донтны дүрд дахин тоглохгүй


Холливудын акулуудын нэг Энтони Хопкинсын тоглосон бас нэгэн аймшгийн кино нээлтээ хийсэн. “Хурга майлахаа болино”-ын Ханнибалын дүрээр Кино академийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байснаас ч тэр үү, Энтони Хопкинсыг буг чөтгөр хэмээн төсөөлөгчид цөөнгүй. Харин тэр дэлгэцнээ төдийгүй бодит амьдралд ч буг чөтгөр бидний дунд эрх чөлөөтэй алхалсаар байгааг сануулахаар Пирс Морганы нэвтрүүлэгт оролцсоныг “Өнөөдөр” орчуулан хүргэе. Мөн энэ сарын 17-нд Опра Уинфритэй хийсэн ярилцлагаар нэвтрүүлгийнхээ нээлтийг хийж, “Ярилцлагын хаан”-ы залгамжлагчаар тодорсон Британийн сэтгүүлч Пирс Морганыг танилцуулъя.
Ярилцлагын хааны залгамжлагч

“Daily Mirror” тэргүүтэй хэд хэдэн нэр хүндтэй сонинд ажиллаж байсан ч түүний амжилтын гараа хэдхэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тэрбээр 2003 онд BBC телевизийн “Алдартай байхын ач холбогдол” баримтат кинонд ажилласнаар үзэгчдэд танигдаж эхэлсэн байдаг. Удалгүй “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн шүүгчээр сонгогдсон нь нэр хүндийг нь бүр ч өсгөсөн гэдэг. Ингээд л Их Британи болон Америкийн телевизийн нэр хүндтэй нэвтрүүлгүүдэд уригдах болж, удалгүй өөрийн нэрийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэж эхэлсэн нь “Piers Morgan On...”. Дубай, Монте Карло, Холливудаар аялсан тэмдэглэлээ үзэгчидтэй хуваалцах болсон түүнийг Их Британийн нэрт сэтгүүлч Алан Уикерийн залгамжлагч хэмээн сайшааж, нэвтрүүлгийг нь цацаж байсан ITV1 телевизийн нэр хүнд ч багагүй өсөв. Эл амжилтдаа урамшсан Пирс 2010 онд Шанхай, Лас Вегасаар аялсан боловч энэ удаагийнх төдийлэн амжилт олсонгүй. Цахим хуудсууд түүнийг шүүмжилсэн сэтгэгдлүүдээр дүүрч, харин тэр 2009 онд эхлүүлсэн “Пирс Морганы амьдралын түүх” нэвтрүүлэгтээ илүү анхаарал хандуулах болов.
Харин өнгөрөгч оны есдүгээр сарын 8-нд СNN телевиз Морганд “Ярилцлагын хаан”-ыг орлох тухай зарласнаар дэлхийн мянга мянган үзэгчдийн анхаарал түүний зүг хандсан юм.

Овог, нэр: Пирс Стефан Омира
Төрсөн он, сар, өдөр: 1965.03.30
Төрсөн газар: Англи, Сюррей гүнлэг, Гуйлдфорд хот
Ажлын туршлага: “South London News” сонинд 1985–1988 онд, “The Sun” сонинд 1989–1994 онд , “News of the World” сонинд 1994–1995 онд, “Daily Mirror” 1995–2004 онд, хүүхдэд зориулсан үндэсний өдөр тутмын анхны сонин “First News”-ийн эрхлэгчээр мөн “Britain's Got Talent”, “America's Got Talent”, “Piers Morgan's Life Stories” зэрэг телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байжээ.
Хувийн цахим хуудас: http://www.officialpiersmorgan.com


-Сайн уу, Пирс? Би чамтай уулзахыг тэсэж ядан хүлээж байлаа.
-Тони. Уучлаарай, таныг Тони гэж дуудах их эвгүй юм. Би таныг Ноён Энтони гэж дуудаж болох уу?
-Зүгээр Тони гэхэд л болно. Би ноён Энтони гэж дуудуулах дургүй.
-Тийм гэж үү?
-Америкчууд төдийлэн сайн мэдэхгүй болохоор дадсанаараа намайг овгоор минь “Сээр Хопкинс” гэж дуудаад байдаг юм. Тэр бүрт нь би “Хэрэггүй дээ, хэрэв танд хэцүү биш бол намайг зүгээр л Тони гэж дуудаарай” гэж хэлдэг.
-“Тайлга” бүтээлд буг чөтгөрийн ертөнцийн бүхий л муу муухайг харуулсан байх шиг санагдсан.
-Би өөрөө үзээд айсан шүү.
-“Тайлга”-д тоглох ямар санагдав. Таныг зарим үед киноныхоо зохиолыг уншиж үзмэгц л урам зориг ордог гэж ярьсан байхыг тань уншсан. Харин энэ удаа ямар санагдав?
-Зохиол уншиж эхэлмэгц л дахиад л нэг гаж донтны дүр бүтээмээргүй санагдсан. Өөртөө эргэлзэж байсан учраас тэр. Гэсэн ч туслах маань зохиолоо уншиж дуусгахыг зөвлөсөн.
-Гэхдээ л та тэр өвөмрөц ертөнцийг маш гайхалтай бүтээдэг шүү дээ.
-Магадгүй ээ. Би хоёр ч тийм дүр бүтээсэн.
Зохиолоо уншиж дуусмагц туслах маань найруулагч Майкл Хафсторм надтай уулзах хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм. Бид Беверли Хиллс дэх нэгэн зочид буудалд уулзаж, өглөөний цай уунгаа ярилцлаа. Хэдийгээр тэр миний огт мэдэхгүй гэмээр орных (найруулагч Майкл Хафсторм швед хүн) боловч цог золбоотой байдал нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэн бичиж, ашиг орлого олохын тулд чих дэлдийж, нүд бүлтийлгэм зүйл нэмээгүй гэдгээ онцолсон юм.
-Таны хамгийн дуртай аймшгийн кино юу вэ?
-“Гялбаа”.
-“Тайлга”-д аймшигтай аллага, цус урсгасан үйлдлүүд гардаггүй. Гэсэн ч үзэгчдийн сэтгэлд хүчтэй нөлөөлж байгаа харагдсан.
-Энэ бол сэтгэл зүйн аймшгийн киноны онцлог. Зэрвэсхэн харахад юу ч анзаарагдахгүй. Колин Одонохигийн тоглосон хэсгүүдээс та дэлхий дээрх там гэж юу байдгийг, амьдралын аймшгийг мэдрэх болно. Хүн бүхэн л ийм орчинд амьдардаг. Энэ киног үзсэнээр таны нүд нээгдэж, буг чөтгөрийн тухай ойлголттой болох болов уу.
-Та буг чөтгөрт итгэдэг үү?
-Буг чөтгөрийн бодит жишээ нь “Тайлга” киноны гол баатар санваартан Гари Томас шүү дээ.
-Гэхдээ тэр танд тусалж байсан биз дээ?
-Тийм шүү. Түүний ачаар би латин хэл хэр сайн сурсан бэ гэдгээ шалгаад амжсан. Тэр намайг “Муугүй” гэж дүгнэсэн шүү. Харин та хэрхэн дүгнэх вэ?
-Их сэтгэл хөдөлгөсөн кино болсон шиг санагдсан. Харин одоо бол нарийн зүйлсийг нь мартчихсан байна.
-Тийм ээ. Би ч бас мартчихсан байна билээ. Гэхдээ би энэ кинонд тоглохын тулд итали хэл сурсан.
-Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг. Би шүтлэггүй хүн биш. Бүх зүйл бурханлиг шинжтэй гэдэгт, бас дэлхийн эхлэл нь хумхын тоос байсан гэдэгт итгэдэг. Би уншиж чадах бүхнээ л уншихыг хичээдэг нэгэн. Саяхан Чарльз Дарвины номыг уншсан.
-Танд муу зуршил бий юү?
-Муу зуршил аа?
-Тийм ээ. Байнга давтдаг үйлдэл ч юм уу?
-Би номын хорхойтон. Би донтон гэж хэлсэн ч болох байх. Бас хоолны дэглэм барьдаггүй нь миний нэг дутагдал байх.
-Та “Тайлга”-ыг бидний дунд оршин тогтносоор байгаа буг чөтгөрийн тухай өгүүлдэг гэж хэлсэн. Харин эрчүүдэд заавал нэг тийм чөтгөрийн гэмээр муу зуршил байдаг шүү дээ. Та архи ууж, мансууруулах бодис хэрэглэдэггүй. Тэгвэл тамхи татдаг уу?
-Үгүй. Би өөрийнхөө бүх үйлдлийг зүй зохистой байлгахыг хичээдэг. Гэхдээ дотоод ертөнцдөө бол сайн муу сүлэлдэж байдаг жирийн л хүмүүсийн адил. Би өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй. Сүүлийн хоёр жилд би улам ч яхир, хатуу болж байна.
-Тийм гэж үү?
-Би шал хэрэггүй асуудлаар хүмүүстэй уулзахгүй байхыг хүсдэг болсон. Түүнийгээ ч шулуухан хэлчихдэг. Заримдаа бүр “Та намайг хэтэрхий шулуухан зантай хүн байна гэж бодож байна уу. Би тийм л хүн. Баяртай” гэж хэлдэг. Тэднийг “Би нэг зүйл хэлж болох уу” гэхэд нь “Болохгүй ээ. Хурдхан шиг явж үз” гэнэ. Би тун цөөн найзтай. Гэхдээ найзуудын минь нэг миний хүсээгүй шүүмжлэлээр “бэлэг барьвал” би хариуд нь шууд л баяртай гэнэ.
-Уг нь таны насны хүн тун тайван орчинд амьдрах ёстой биз дээ?
-Би тэгж байгаа. Би төгөлдөр хуур тоглон, зураг зурж амардаг болсон. Нас ахих тусам аливаа зүйлийн ач холбогдол буурдаг юм шиг байна. Би одоо 73 настай. Тиймээс залуухан жүжигчин Колинтой ажиллаж байхдаа “Ажлаасаа сайн сайхныг мэдэр. Энэ бол амьдралын чамд өгч буй бэлэг” гэж зөвлөдөг байлаа.
-Та дөрвөн ч удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан. Үзэгч, судлаач, шүүмжлэгчдийн анхаарлын төвд байсан үе тань үгүйлэгдэх юм уу?
-Үгүй дээ. Горьдлого найдвар их байх тусам хүн амар тайван байж чаддаггүй. Би тэр бүхнийг хэдийнэ хүрчтихсэн. Харин одоо бол зөвхөн өөрийнхөөрөө үе ирээд байна. Мэдээж хийж бүтээсэн зүйл минь амжилт олох сайхан л даа. Гэхдээ би хүсэж байснаасаа ч ихийг авсан. Тиймээс одоо гомдоллох ганц ч шалтгаан байхгүй гэж бодож байна.
-Хэрэв танд ганцхан удаа цаг хугацааг ухраах боломж олговол аль үедээ очих вэ?
-Энэ их ярвигтай асуулт л даа. “Оскар”-ын шагнал гардаж байсан үе хамгийн сайхан нь. Тиймээс би тэр цаг үед л эргэн очих байх.
-“Оскар” шагнал хүртэхээсээ өмнө та хэдэн удаа нэр дэвшсэн бэ?
-Анх удаа нэр дэвшээд л шагнал авч байлаа.
-Тайзнаа дугтуй задалж байх үед тэрбум хүн зурагтаар тэр дугтуйн дотор хэний нэр байгаа бол хэмээн амьсгаа даран үзэж суусан. Харин яг тэр мөчид танд юу бодогдож байв?
-Би шагнал авна гэж ер бодоогүй. Кэти Бэйтс тайзнаа гарах үед л өөрийгөө шагнал авсныг ойлгосон.
-Алдар хүндтэй байх танд таалагдаж байна уу?
-Муугүй шүү. Жүжигчний мэргэжил надад олон арван сайн сайхан зүйл хайрласан. Гэхдээ би хаанаас энд хүрснээ огт мартахгүй байхыг хичээдэг. Би тэр тухайгаа чамд товчхон ярьж өгөх үү?
-Тэг л дээ.
-Би үндэсний театрт ажилладаг байлаа. Одоогоос 40 жилийн өмнө Шекспирийн нэгэн жүжигт Лауренс Оливертэй хамт тоглож, түүнийг ээж, аав маань ирж үзэж билээ. Гэтэл аав минь наргиа болгож “Чи театрт Шекспирийн жүжигт тоглох биш, Бартон шиг мөнгө хүүдийлэгч болох байсан юм” гэсэн. Харин ээж “Тун сайн тоглолоо” гээд л магтсан.
-Та эмэгтэй жүжигчдээс хэнийг нь үнэлдэг вэ?
-Ямар ч эргэлзээгүйгээр Жуди Фостер.
-Түүнтэй нүүр тулан уулзаж ярилцаж байв уу?
-Үнэндээ миний найзууд дунд нэг ч жүжигчин хүн байхгүй л дээ. Би түүнтэй далайн эрэг дээр нэг удаа таарч байсан. Тэр хүүхэдтэйгээ тоглоод л, харин би далайн эргээр зугаалж байсан юм. Тэгэхэд л түүнийг харж байснаас цаашгүй.
-Таныг айлгадаг ганцхан хүн нь Стелла (Хопкинсийн эхнэр) гэсэн байх аа?
-Би зүгээр л түүний үгнээс зөрдөггүй юм. Эхнэр минь гайхалтай эмэгтэй. Тэр үргэлж л намайг тайвшруулдаг. Ямар ч бэрхшээл тулгарсан байсан ч тэр намайг тайвшруулж чаддаг. Тэр минь намайг 35 настай залуу шиг л эрч хүчтэй байлгаж чаддаг цорын ганц хүн.
-Та өөрийгөө хамт амьдрахад түвэггүй хүн гэж дүгнэдэг үү?
-Би тун сайн хамтрагч шүү. Үүнийгээ чи манай эхнэрээс асуу л даа.
-Та одоо “Оскар” шагнал гардуулах ёслолд очиж байгаа юу?
-Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө очсон. Тэнд очих надад тийм ч таатай санагддаггүй. Би чинь зугаа цэнгэлд дуртай, эсвэл хүний амьтны анхаарлыг татах гэсэн амьтан биш шүү дээ.

Линдсей Лоханы жингүйдэл



Сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт заларч, олны хүндэтгэлийг хүлээсэн Холливудын хатагтай нар торны цаана хоригдохоороо хэрхэн өөрчлөгддөг бол? Ийм түүх шоубизнесийн ертөнцөд цөөнгүй бий. Торон доторх шувуухайн жагсаалт домогт Жейн Фондоос эхлээд Линдсей Лоханаар дуусах болов уу. Хулгайн хэргээр шүүхэд дуудагдаад буй түүний тухай “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.


Хар тамхины хэрэг, согтуугаар машин жолоодсон, хулгайд сэжиглэгдэж буй гээд л түүний тухай таагүй мэдээллүүд ар араасаа цуварсаар л… Бэрхшээл, саад тотгор гэх үг үгийн санд нь байхгүй мэт амьдрах азтай охины тухай “Зөвхөн миний аз” кино нь түүнд нэр хүнд авчирсан боловч аз бус эз дуудсан гэхэд хилсдэхгүй. Линдсейгийн хит уран бүтээлүүдийн нэг болох эл кино 2006 онд үзэгчдийн хүртээл болж, ашиг орлогоороо тэргүүлж байсан боловч үүнээс ердөө л нэг жилийн дараа түүний аз харьж, хар тамхины асуудлаар шүүхэд дуудагдан, гурван сарын хорих ял сонсож байсан удаатай.
Цэнгээний газруудаас салахаа больж, папараццичдыг баярлуулах болсон хатагтай Лохан сар гаруй торны цаана суусныхаа дараа багагүй томоожсон. “Хорих ял сонссон даруйд газар хөмөрчих шиг л санагдсан” хэмээн зөвхөн түүнд л байх сөөнгө хэрнээ тачаангуй өнгөөр өгүүлж байсныг нь тод санаж байна.

Шүүхээс ял сонсохоос нь хэдхэн хоногийн өмнө тэднийд зочлоход бариу фудболк, жийнсэн богино өмдтэй өмсөж, сөөхий жийн, гартаа “SCRAM” буюу цусан дахь алькоголийн хэмжээ тогтоогч төхөөрөмж зүүсэн Линдсей намайг угтсан. Дэргэд нь суухад тамхины үнэр чамин сүрчигтэй холилдон үнэртэж, харин тэр ядрангуй, бас айж түгшсэн байдлаар “Одоо бусдын юу гэж хэлэх нь надад сонин биш. Би сайн жүжигчин гэдгээ мэднэ. Энэ ажилдаа би бүр жаахан байхаасаа л дурласан. Зарим хүн замын дундаас шантардаг бол би дуртай зүйлдээ 100 хувь өөрийгөө дайчлагсдын нэг. Та миний ямар орчинд өссөнийг сайн мэднэ. Насандаа баймгүй өндөр хариуцлага хүлээдэг байлаа. Гэсэн ч хүн л юм болохоор алдана. Гэхдээ тэр бүртээ алдаанаасаа суралцдаг байсан. Би дахиж хүүхэд шиг аашилж, гэнэдэхгүй” хэмээн нүдэнд нь оч гэрэлтэн өгүүлж билээ.
Түүний машинаас хар тамхи илрүүлж, шар сонинуудаар Линдсейгийн тухай томоос том гарчигтай нийтлэл гарч, түүнийг “Ла Вида Лохан” буюу “Галзуурсан мэт амьдралтай Лохан” хэмээн хочилж байсан удаатай.
Харин тэр бүрийд Линдсей хэвлэлийнхэнд ярилцлага өгч, буруугаа хүлээн, алдаагаа ухаарч, өөр хүн болохоор шийдсэнээ зарладаг байв. Би ч эхэндээ тэр сайхан үгст нь итгэж, уярдаг байлаа.
Тэр 2008 онд өгсөн ярилцлагадаа “Би одоо огт өөр хүн болсон” гэж онцолж байсан байсан бол 2010 оны хоёрдугаар сард бас нэгэн хэвлэлд “Би уучилж боломгүй алдаа хийснээ мэдэж байна. Түүнээсээ суралцсан. Оюутан ахуй цагтаа бүгд л наргиж цэнгэдэг шүү дээ. Харин миний үйлдэл бүр олны нүдэнд ил харагддагаараа бусдаас ялгаатай байгаа юм. Гэхдээ би энгийн хүмүүсийн коллежид сурахдаа амжуулдаг ажлаас 10 дахин илүү ажил амжуулж байна. Мэдээж үүгээрээ шалтаглаж зугаацаж байгаа юм биш” гэсэн ярилцлага өгч байсан.
Одоо л засрах нь дээ гэж бодсон хүмүүсийн итгэлийг алдаж, ярилцлага нийтлэгдсэнээс сар хүрэхгүй хугацаа өнгөрсний дараа түүний шөнийн цэнгээний газраас халамцуу гарч яваа зураг шар сонинуудад нийтлэгдэж байв.
Харин энэ удаа би өөрчлөгдсөн гэсэн үгс биш, удирдлагагүй болсон түүний амьдралыг замаасаа гарахад юу нөлөөлөв гэдгийг мэдэхийг хүслээ. “Хэрэв тусалж, дэмжих ойр дотнын хүн байсан бол үлгэр жишээ амьдрах боломж байсан уу” гэсэн миний асуултад тэр “Тэгэлгүй яах вэ. Одоо ч надад зааж зөвлөж, туслах хүн алга. Ганцаардмал энэ байдал минь намайг хэнд ч итгэдэггүй, баригдмал нэгэн болгон өөрчилсөн. Бас үлгэр жишээ амьдарч буй хүмүүсээс өөрийн эрхгүй зай барьж, эмээдэг зуршилтай болгочихсон. Одоо бол амьдрал минь ямар ч зохион байгуулалтгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй эх захгүй зүйл болж хувираад байна. Лос-Анжелес руу нүүхээс өмнө надад өөрийн гэсэн бодол, зорилго, ажил амьдралын төлөвлөгөө байсан бол өнөөдөр юу ч үгүй болсон. Энэ бүх замбараагүй байдлын шалтгаан нь юу байв гэдгийг би байнга л боддог. Магадгүй кино урлагт хөл тавьсан цагаас энэ бүхэн эхэлсэн байх. Би ажиллаад л, тоглосон кино минь ашиг орлого олох бүрт миний нэр хүнд өснө. 18 насандаа би хөрөнгөөр гачигдахааргүй болчихсон атал зөв, буруугийн ялгааг таниулах хүн огт байгаагүй. Үр дүн нь энэ. Намайг хар л даа, ямар хүн болчихоод байгааг. Надад энэ бүхэн таалагдахгүй байна” гэж хариулсан. Үнэхээр ч тэр нэг кинонд тоглосныхоо хөлсөнд 7.5 сая доллар халаасалдаг. Тиймээс түүнийг үеийнхэн дундаа хамгийн үнэтэй жүжигчин гэж хэлж болно.
2004 он гэхэд Линдсей Лоханы нэрийг мэдэхгүй хүн үгүй болсон байв. Гудамж талбай, сонин сэтгүүл гээд хаа сайгүй Линдсейгийн зураг. “Ford” брэндийн хамгийн бяцхан нүүр царай болсон түүнийг “Calvin Klein”, “Ralph Lauren” зэрэг нэр хүндтэй брэндүүд ч бүтээгдэхүүнээ сурталчлуулахаар урьж байсан гэдэг. Харин кино ертөнцөд тэр 10 настай байхдаа хөл тавьсан байна. “Өөр ертөнц” киноны гол дүрд тоглосноос нэг жилийн дараа “Эцэг эхээ хашраасан нь” кинонд тоглосон нь түүний амжилтын анхны алхам болжээ. Эл кинонд ихэр охины дүр бүтээхийн тулд тэр 4000 гаруй охидтой өрсөлдсөн аж.
Үүнээс хойш “Disney”-гийн хэд хэдэн бүтээлд тоглож, кино ертөнцөд өөрийн байр сууриа бэхжүүлээд амжсан Линдсей жүжигчин Хилари Даффтай найз хөвгүүнээ булаацалдан муудалцсан гэх мэдээлэл хэвлэлд нийлэгдсэн нь түүний тарьсан анхны дуулиант үйл явдал байв. Азаар 2003 онд “Азгүй баасан гариг” гэх кинонд жүжигчин Жэми Ли Куртистэй хамтран тоглосон нь ашиг орлогоороо тэргүүлж, 152 сая долларын орлого олон, шуугиан тарьсан нь түүний тухай таагүй мэдээллийг мартагнахад тусалжээ. Дараа жил нь тэр “MTV Movie Awards”-ыг хөтөлж, тус наадмын хамгийн залуу хөтлөгчөөр шалгарсан байдаг. Амжилтын цуваа үүгээр дуусахгүй. Тэр жилээ “Муу охид” кинонд тоглосон нь бас л тэсрэлт болжээ. Уг киноны зохиолыг бичсэн Тина Фи “Би жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдэд Линдсейгийн киног үзэж, түүнээс суралц гэж зөвлөмөөр байна” гэсэн нь Линдсейгийн нэр хүндийг бүр ч өсгөв. Энэ амжилтдаа урамшсан тэрбээр хөгжмийн ертөнцөд хүч сорьж, “Speak” цомог гаргасан нь Биллбордын шилдэг цомгийн жагсаалтад дөрөвт орсон гээд 2004 он түүний хувьд од нь гийсэн жил болсон.
Тэр жилээ Линдсей Лос-Анжелес руу нүүж, анхны хайр Уилмер Волдераматайгаа учрав. Нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр танилцсан хос Линдсейгийн 18 насны төрсөн өдөр хүртэл дотно харилцаагаа нууцалсан байдаг. Гэхдээ түүний анхны хайр бүтсэнгүй. Жилийн дараа л тэд хоёр тийш болж, Волдерама түүний нууцыг хэвлэлд дэлгэж орхисон юм. Энэ үед Линдсей хэдийнэ “дэггүй” хочтой болчихсон байв.
17 настай байхдаа л зугаа цэнгэлд автах болсон тэрбээр хэвлэлийнхний амыг “Би чинь ердөө л 17 настай. Хүмүүс намайг галзуурч байна гэх юм. Үнэндээ жаахан хөгжилтэй байх гэснээс хэтрээгүй шүү дээ” гэж таглаж байсан удаатай.
Хэдийгээр тэр зугаа цэнгэлд дуртай хүн ч энэ маягаар олны анхаарлыг өөртөө татах боломжтой гэдгийг ч анддаггүй нэгэн. Тиймээс түүний энэ зам руу халтирсныг хоёр талтай гэж дүгнэж болно.
Шоу бизнесийн ертөнцийн “Муу охид” хэмээгддэг Парис Хилтон, Ким Кардашиан нарын араас Линдсейгийн нэр ч дурсагдах болов. Тэр хэрээр нэр хүнд нь ч унаж, удалгүй “Линдсей бол Холливудын А зэрэглэлээс D рүү буурсан цөөхөн жүжигчдийн нэг” гэх яриа ч гарсан байдаг.
Энэ бүхэнд түүний гэр бүлийн байдал ч нөлөөлсөн байх магадлалтай. 2005 онд эцэг эх нь гэр бүлээ цуцлуулсан нь түүнд сэтгэл санааны дарамт болж, тэр хэсэгтээ л толгой гудайлган явсан. Аав, ээж хоёрынх нь салалт түүний нэр хүндэд ч ноцтой нөлөөлөв. Аав нь гэр бүлийнхнээ дарамталж зовоодог байснаар барахгүй хадам ахынхаа биед гэмтэл учруулсны улмаас шүүхэд дуудагдаж байжээ. Нэг л өдөр энэ бүх хэрэг нийтэд ил болж, хэрэгт дуртай шар сониныхон ч үүнийг дуулиан болгон нийтэлсэн нь Линдсейг бүр ч хүнд байдалд оруулсан байна.
Дахин хит уран бүтээл гаргаж, энэ бүх цуу яриаг намжаах гэсэн Линдсейгийн оролдлого тийм ч амжилттай болсонгүй. 2007 оныг түүний амьдралын хамгийн таагүй үе байсан. Тэрбээр “Намайг хэн алсныг би мэднэ” кинонд тоглосон боловч хамгийн муу уран бүтээлд олгодог “Алтан бөөрөлзгөнө” наадмаас найман шагнал хүртсэнээс өөрөөр үзэгчдийн анхаарал татсангүй. Үүнээс хойш түүнд аз тохиосон удаа цөөн. Гэсэн ч тэр шантраагүй. “Өөртөө өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй” хэмээн тэр тун итгэлтэйгээр яриагаа дуусгалаа.

Tuesday, March 1, 2011

Д.Түвшинсайхан: Зургаан мэдрэхүй цогц ажиллах газар бол театр

Нэгэн үеэ бодвол академик урлагийг ойлгодог сонсогчдын хүрээ тэлж, энэ төрлийн урлаг манай улсад хөгжиж байна. Үүний тод жишээ нь концертын танхим дүүрч, тасалбар нь долоо хоногийн өмнө дуусчихдаг филармони, морин хуурын чуулгын тоглолтууд. Энэ сарын 19-нд болох Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы тоглолтын тасалбар ч хэдийнэ дуусчихаж. Гэхдээ тэрбээр эл арга хэмжээг тоглолт бус уран бүтээлийн үдэшлэг хэмээн онцолж байсан.
“Би бол морин хуурын чуулгын эд эс. Тиймээс ч байгууллагынхаа дан хөгжмийн бүтээлийг сонсож сургах гэсэн зорилгыг баримтлан уран бүтээлийнхээ үдэшлэгээ хийж байна. Түүнчлэн нийгмийн энэ хүнд хэцүү цагт сонсогчдод жаахан ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрүүлэх гэсэн юм” гэж ярих түүний урлагийн ертөнцийн тухай эргэцүүллийг уншигчдадаа хүргэе.

-Уран бүтээлийн үдэшлэгээ яагаад “Эргэцүүлэл” гэж нэрлэхээр шийдсэн юм бэ?
-Би аливааг эргэцүүлэн бодох дуртэй. Нийгэмд тулгамдсан асуудал үй түмээрээ байгаа өнөө цагт эргэцүүлэх асуудал бүр ч их болох юм. Тиймээс л уран бүтээлийн үдэшлэгээ ийн нэрлэхээр шийдсэн. Би урлагийг агуу шинжлэх ухаан гэж боддог. Тиймээс ч уран бүтээлдээ шинжлэх ухаанчаар хандаж, хөгжмийн зохиолоороо академик хэлбэрийг харуулахыг зорьдог. Эргэцүүлэл гэдэг их энгийн нэр. Хуур хөглөсөн үдэш гэдэг ч юм уу, гоё чамин нэр өгч болох байсан л даа. Эргэцүүллийн шийдэл нь миний бүтээлүүд. Тиймээс түүнийгээ сонсогчидтойгоо хуваалцах гэсэн учир нэр нь ч энгийн байгаасай гэж бодсон.
-Тоглолт ямар онцлогтой вэ?
-Тоглолт дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт нь ардын жүжигчин А.Долгор, Чимэдцэеэ, дуучин Цогтдэлгэр, А.Ширмэнтуяа зэрэг дуучид оролцох юм. Дараагийн хэсэгт хөгжим бүжгийн коллежийн ёочин, ятга, шанз, хуучрыг төгөлдөр хууртай хоршиж хөгжимдөнө. Ерөнхийдөө жижиг хэмжээний хөгжмийн бүтээлүүдийг эгшиглэнэ гэж ойлгож болно. Гуравдугаар хэсэгт “Шуранхай”, А.Ширмэнтуяа нар оролцож, орчин үеийн хэв шинж рүү хэлбийсэн уран бүтээлүүд болон нийтийн дуунуудыг сонордуулах юм. Төгсгөлд нь “Voice” хамтлагийнхан мэргэжлийн чиг хандлага бүтээлийг дуулна. Тоглолтыг 100 хувь гэж үзвэл, 60 орчим хувь нь дан хөгжмийн бүтээл хөгжимдөнө. Үүгээрээ “Сонсогчдыг дан хөгжмийн бүтээл сонсож сургах” гэсэн байгууллагынхаа зорилгыг биелүүлэхээр өөрийн хувь нэмрийг оруулж байгаа хэрэг.
Тоглолтын хэмнэл маань удаан байх болно. Үзэгчид нүдээ анин хөгжмийн аялгуу сонсож суухдаа өдрийн ажлын ачааллаа тайлж, тайвшралыг олоосой гэж хүсэж байна. Энэ бол тоглолтын минь бас нэгэн үндсэн зорилго.
-Дан хөгжмийн зохиол эгшиглэнэ гэж байна. Тэгэхээр үзэгчдийн соёлыг төлөвшүүлэх гэж байгаа хэрэг үү?
-Бодоод байхад зах зээлийн нийгэмд шилжих үеэр уран бүтээлчид бид л сонсогчдоо сэтгэлгээний хувьд ядуу болгочихсон шиг байгаа юм. Сонсогчдодоо зөвхөн дуу л сонсгоод байж. Тэр ч байтугай тоглолтод нь ирвэл тийм ч бэлэг, ийм ч сюрприз өгнө гэж амлаад л… Дууны шүлгээ хүртэл ямар ч логикгүй бичих жишээтэй.
Одоо гэхдээ залуучууд морин хуурыг сонирхдог болсон байна. Мэргэжлийн урлагийг үнэлдэг сонсогчдын хүрээ ч бий болж. Би чуулгынхаа эд эс учир тоглолт хийх нэрийдлээр байгууллагынхаа уран сайхны бодлогыг дэмжиж, голдиролоосоо хазайсан урлагийг зөв зүгт чиглүүлэх гэж чимээгүйхэн тэмцээд байгаа хэрэг.
Нөгөөтэйгүүр би өөрийгөө зөв явж байна уу буруу явж байна уу гэдгээ шалгуулах сорих гэсэн юм. Тиймээс ч Н.Жанцанноров багшдаа “Би шалгалтаа өгч байгаа юм. Та заавал ирээрэй” гэсэн.
-Та “Урлаг бол агуу шинжлэх ухаан” гэсэн. Түүнийгээ тодорхой тайлбарлаач.
-Урлаг судлал гээд салбар шинжлэх ухаан бий шүү дээ. Эл шинжлэх ухаан өнөөх хөгжмийн онолыг судалгааныхаа үр дүнд гаргаж байгаа юм. Морин хуур тоглон, хөөмийлж байгаа хүнийг л мэргэжлийн хөгжимчин гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл үнэндээ хөгжимчин гэдэг нарийн мэргэжил. Тиймгүйсэн бол их дээд сургуульд сургах хэрэггүй байхгүй шүү дээ. Ноотыг хөгжим болгон эгшиглүүлнэ гэдэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажил.
Амьдрахын эрхээр хуур татаж байгаа хүн бүр л хөөмий сурч байна. Мэдээж тэдний дунд сайн хөөмийлж, хуур татаж байгаа хүмүүс бий л дээ. Тэднийг үгүйсгэх аргагүй. Гэтэл энэ байдал хүмүүсийн ойлголтыг буруу тийш хандуулаад байгаа юм. Театрт хэзээ ч олшруулсан бичлэг тавьж, үзэгчдийн хуурдаггүй. Үзэгчид нь ч сэтгэл зүйгээ, хувцсаа бэлдээд, тэр сонгодог орчинд нь бүтээлүүдийг үзэж, сонсож, зургаан мэдрэхүйгээ цогцоор нь ажиллуулдаг. Түүний адил мэргэжлийн уран бүтээлчид тодорхой шалгуур бий.
-Моцартын бүтээлүүдийг хүүхдийн сэтгэхүйд эергээр нөлөөлдөг гэдэг. Манай уран бүтээлчдийн зохиолуудад ч бас тийм эерэг тал бий юү?
-Манайхны уран бүтээл гайхалтай шүү дээ. Өнгөрөгч жил бид киноны хөгжмүүдээр тоглолт хийсэн. Хүмүүс киног нь мэддэг болохоор тэдгээр хөгжмийн бүтээлүүдийг их сайхан хүлээж авсан. Энэ чинь нөгөө дуртай киноных нь хөгжмийг тоглон хөгжимд дуртай, сонирхолтой болгох гэсэн бас нэг арга. Цаашлаад том хэмжээний хөгжмийн зохиол сонсож сургах гэсэн бодлого байгаа юм.
Спорттой зүйрлэвэл Морин хуурын чуулга гэдэг багийн спорт. Энд хэн нэг нь нөгөөхөөсөө илүү гарч, өрсөлдөх гэсэн асуудал байхгүй. Тиймээс ч манай чуулга ийм эрчтэйгээр ар араас нь тоглолт, уран бүтээл хийж байгаа юм. Ирэх онд манай байгууллагын 20 жилийн ой болно. Ойгоо угтаж манай тав зургаан уран бүтээлч энэ онд тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байна.
-Удирдаач гэдэг мэргэжлийн онцлог нь юу вэ?
-Тухайн найрал хөгжмийн удирдагч нь гэж хэлж болно. Нэг хөгжмийн зохиолыг өөр өөр найрал тоглоход удирдаачийн онцлогоос шалтгаалан хэмнэлийн хувьд ч юм уу өөр өөр тоглогддог. Тухайн хөгжмийн дотоод агуулгыг өөрийнхөөр мэдэрч, хөгжимчдөө бэлтгэн, чиглүүлж тоглуулдаг. Түүнээс нь тухайн удирдаачийг сайн эсвэл муу хэмээн үнэлдэг.
-Тухайн хүнээс ямар чадвар шаарддаг вэ?
-Бүхий л чадварыг шаардана. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, ур чадвар, сонсгол сайтай зэрэг урлагийн чадваруудаас гадна хүнийг ойлгож, мэдэрдэг, харцнаас нь хараад л дотоод ертөнцийг нь таньдаг байхыг шаарддаг.
-Тэгэхээр заримдаа сэтгэл зүйч болдог байх нь ээ?
-Ер нь тийм л гэсэн үг шүү дээ. Хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байж, тухайн хөгжимчний ур чадварыг гаргах түлхүүрийг сайн мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн гурван морин хуурч тоглох болоход хэн нь гоцлох вэ гэдгийг удирдаач л сонгодог учир хөгжимчдийнхөө ур чадварыг зөв таньж, үнэлэх чадвартай байх хэрэгтэй. Найрлын аль хэсгийг ямар хөгжимчинд даатгаж болох вэ гэдгийг мэддэг байх ёстой гээд дурдаад байвал олон зүйл бий.
-Жүжгээр бол найруулагч нь гэсэн үг үү?
-Үндсэндээ бол тийм шүү дээ. Жүжгээр бол найруулагч нь. Ноот их задаргаатай. Тэр бүрт хөгжимчнийг чиглүүлэх үүргийг удирдаач үүрдэг. Оркестрын жолоодогч нь.
Сүүлийн үед удирдаачийн мэргэжил уур уцаар барсан ажил болж хувираад байна. Ямар нэгэн арга хэмжээнд оролцох үед зохион байгуулагч нь тэгж тогло гээд л заавар өгчихдөг. Урлагийн ямар ч мэдлэггүй атал, мэргэжлийн урлагийг өөрийн таалалд нийцүүлэн өөрчилж байна гэсэн үг. Чуулга, найрал хөгжимчид, мэргэжлийн уран бүтээлчдийг хүндэлдэг газар ч гэж алга болж. Гэхдээ бид хүндлүүлэх гээд байгаа юм биш л дээ. Ер нь төсвийн байгууллагат урлагийн төлөө чин сэтгэлтэй уран бүтээлчид нь л үлдэж хоцордог. Бидэнд ямар тоглолт, уран бүтээлийн шагнал гэж өгөх биш. Бидэнд уг нь чөлөөт уран бүтээлчид шиг энд тэндэхийн байгууллагуудаар явж, мөнгөний ажил хийвэл авдаг хэд нь ахиу байна. Одоо ингээд урин дулаан цаг болмогц л морин хуур барьсан хүмүүс хаврын яргуй шиг л энд тэндээс гараад ирдэг. Бүгд л машин хөлөглөсөн атал, урлагийн түүхээ ч мэдэхгүй, тайзны алхаа ч мэдэхгүй, тайзан дээр гарахаараа бөх шиг алхаад л явдаг хүмүүс бий. Ямар ч нийгэмд ийм бүлэг байдаг л даа. Харин бидний яваад байгаа хөгжил огт өөр зүйл. Өнөөх академик гэдэг ялгаа энд гарч байгаа юм.
Тиймээс бид жил бүр хөгжим бүжгийн коллежийн оюутнуудаас авч хөгжимчдөө бэлддэг. Хөгжимдөнө гэдэг хэцүү л дээ. Насаараа суралцдаг ажил.
Монголд харин ажиллаж амьдрах нөхцлийг нь сайжруулчихвал дэлхийн тавцанд өрсөлдөх чадварлаг хөгжимчид бий. Морин хийл тоглодог Амарсайхан гээд залуу Италид сурч байгаад одоо Америкт урилгаар тоглож байна. Дөрвөн жил үзэх хичээлийн программыг нэг жилд багтаагаад үзчихээд уригдаж байгаа залуу. Австрийн найралд манай нэг хийлч бий. Испанид төгөлдөр хуурч ажиллаж байна. Бүгд л бор зүрхээрээ явж байгаа. Гэхдээ эцсийн эцэст тэднийг эх орноо гэх сэтгэл нь татаад эргээд л ирдэг.
-Монголчууд үндэсний урлагаа түлхүү хөгжүүлсэн нь дээр үү, эсвэл сонгодог урлагийг голчлон хөгжүүлбэл зүйтэй юү?
-“Дэлхийн ололтыг эзэмшиж чадвал үндэсний хэв шинж товойно. Дэлхийн ололтыг дуурайвал үндэсний хэв шинж баларна” гэж Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Тэгэхээр бид хуураа барьчихаад нэг бааранд ороод сэгсэгнээд байвал хэн ч түүнийг тоохгүй. Хүүхэлдэй л гэж шоолно. Мэдээж ардын урлагийг хөгжүүлэх үүднээс орчин үеийн урлагтай холбож болно. Ингэхдээ үндэсний хэв шинжээ алдаж болохгүй. Монгол урлаг гэхээр яалт ч үгүй морин хуур, уртын дуу төсөөлөгддөг. Хэрэв үзэгчид анзаарсан бол манайхны хөгжимчид их даруухан байдгийн учир нь тэр. Гадаадын хөгжимчид инээгээд л хөгжимдөөд байдаг. Гэтэл уртын дуу дуулж байхад хажууд нь байдгаараа инээчихсэн морин хуурч сууж байвал яах вэ. Доромжилж байгаа юм шиг санагдана биз дээ. Үүнд л нөгөө үндэсний хэв шинж гэж яриад байгаа зүйлийн учир нь байгаа юм.